gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.05
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.05
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.05
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Эрдэнэбаатар: Хүннү гүрэн оршиж байсны нотолгоо Ноён уулнаас анх олдсон

2016-02-02
0
Twitter logo
0
Twitter logo
2016-02-02

Дэлхийн соёл урлагийн академийн гишүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт дуун хөрвүүлэгч Г.Аким хэмээх эрхэм хүн “Өнөөдөр” сонины уншигч-сурвалжлагчаар ажиллаж, Монголын түүх, соёлын төлөө энэ амьдралаа зориулж яваа судлаач, багш, археологич, доктор, профессор Д.Эрдэнэбаатартай хөөрөлдлөө.

Зочин, “зараал” хоёр маань нэгнийгээ андахгүй, ажил хэргийн холбоотой эртний анд, бас ахан дүүс болсон хүмүүс юм.

Монголын археологийн шинжлэх ухаан, эртний монголчуудын түүх, сурвалжуудын тухай амттай, мөлжүүртэй, мэдүүштэй сайхан хөөрөлдөөнийг нь болгооно уу. Ялангуяа төр, засгийн толгойд байгаа эрхмүүд уншаасай гэж хүснэм.

-Бид өдөр болгон шахуу уулздаг улс, тиймээс элдвийг нуршилгүй, шууд л ярилцлагаа эхэлье. Тэгэхээр “Гол мод-2” судалгааныхаа ажлыг үргэлжлүүлнэ гэж байсан. Одоо юу болж, ямар шатандаа явна вэ?
-Бас л нөгөө төсөв, мөнгөний асуудалтай тулчихаад байна. Бид энэ жил дахин төсөл бичээд, хавраас Өвөрмонголын нэг их сургуультай хамтран эхлүүлэх санаатай.

Тэр төсөл маань бүтвэл умард Хүннүгийн язгууртны булшны судалгаа буюу “Гол мод” хэмээн нэрлэсэн ажлаа үргэлжлүүлэх боломж гарна гэж найдаад, хүлээгээд л байна. Гэхдээ шийдвэр нь хараахан гараагүй.

-“Гол мод-2” бол манай эртний өвөг хүннүчүүдтэй холбоотой чухал олдвор. Би “Геологичид эрдэнийн чулууг нь археологичид газар дорх үнэт эдлэлийг нь нэвт хардаг улс” гэж та нарын тухай бичиж байлаа. Тэгэхээр чиний багцаагаар цаашдаа Хүннүгийн соёлтой холбоотой хэр их зүйл олдох төлөвтэй байгаа вэ, мөн хэчнээн булш малтагдаагүй үлдэв. Өмнө нь чиний малтсан шиг тийм том олдвор хэчнээн байна вэ?
-Хүннүгийн хаад, язгууртны булшны тоог нарийвчлан бүрэн гаргаж чадаагүй байгаа. Бидний илрүүлсэн “Гол мод-2”-ын талбайд нийт 200 гаруй булш бий. Тэдгээрээс хамгийн томыг нь бид 2011 онд малтаж дууссан.

Бусад нь хэмжээний хувьд нэгдүгээр булшаа гүйцэхгүй ч ерөнхийдөө нэлээд том шүү. Ер нь, Монголын нутаг дэвсгэр дээр Хүннүгийн 7000 орчим булш бүртгэгдэн, тэмдэглэгдсэн гэсэн манай археологичдын нэг судалгаа гарсан. Тэдгээрийн 90 хувь нь одоогийн манай улсын нутагт, үлдсэн нь Орос, Хятадад бүртгэлтэй гэж байгаа.

Зарим хүн археологичдыг алт, мөнгө, эрдэнэс хайдаг гэсэн ташаа ойлголттой байдаг. Уг нь бид далд байгаа түүхийг ил гаргах санаатай зүтгэдэг юм. Манай нүүдлийн төрт улсын түүх, бичгийн сурвалжууд тэр болгон үлдээгүй. Хөрш орнуудын, ялангуяа Хятадын түүхэнд Хүннүгийн талаар үлдсэн байдаг.

Дэлхийн түүхэнд Хүннү гэж гүрэн бодитоор оршиж байсныг баталж, нотолж өгсөн эх сурвалж Ноён уулнаас анх олдсон юм. Энэ утгаараа тэр уул дэлхийд алдартай.

Бид тэрийг нь ашигладаг. Ер нь өөрсдийн уугуул түүхээ нэхэн сэргээхэд археологийн олдвор маш чухал үүрэгтэй. Тэгэхээр манай археологичид тийм л сэтгэлээр түүхийн эх сурвалжийг бэлтгэн, ажилладаг.

-Өөрөө түрүүн Хүннүгийн бичиг үсгийн дурсгалын тухай цухас дурдлаа. Ер нь бичиг үсгийн дурсгал нь эртний булшнаас хараахан олдоогүй байгаа, тийм үү?
-Үнэн. Гэхдээ Хүннүгийн бичээстэй холбоотой археологийн олдвор мэр сэр бий шүү. Жишээ нь, бид Булган аймгийн Хутаг өндөр сумын нутгаас хар бэхтэй хоёр янтай олж байсан. Тэр бэхийг 1990-ээд оны эхээр Франц руу шинжилгээнд явуулахад “Үнэхээр бэх мөн болохыг тогтоолоо” гэсэн хариу гарсан.

Харамсалтай нь, бид бийрийг нь олоогүй. Гэхдээ янтай байна гэдэг нь бийр байсныг гэрчилнэ. Нөгөө талаар, Хятадын түүхийн сурвалжид хүннүчүүд модон дээр хэрчиж тэмдэглэдэг байсан талаар тэмдэглэсэн байдаг.

Румынд уулзсан малчин өвгөн модон дээр сийлж, тэмдэглэсэн байсныг Та санаж байна уу. Явж явж тэр нь Хүннүгийн үеэс улбаатай. Гэхдээ тэр нь бичиг үсэг биш, малын тоо толгойгоо бүртгэсэн тэмдэглэгээ юм.

-Тэгвэл манай нутаг дэвсгэрээс нүүсэн Атилла хаан бичиг үсэгтэй байсан гэсэн түүхчдийн дүгнэлт бий. Жишээ нь, Унгарын эрдэмтэд роваш (латин үсгээр rovas) бичгийг эртний Хүннүгийнх гэсэн байдаг. Тэр ч бүү хэл, тэрнийгээ сэргээн хэрэглэх тухай ярьж байсан. Тэгэхээр чиний бодлоор тэр роваш бичиг хүннүгийнх үү, эсвэл манайхны ярьдгаар эртний түрэг бичиг үү?
-Хүннү бичиг гэдэгтэй нь би санал нийлдэг. Өөрсдийгөө Хүннүгийн удам гэдэг, Румын, Унгарт амьдардаг хэсэг хүн тэр бичгийг “Бидний бичиг” гэж ярьж байсныг Та мэднэ. Хамгийн хачирхалтай нь, Европын нутагт, Австри-Унгар болон Османы эзэнт улсын бүрэлдэхүүнд хэдэнтээ байсан тийм улс бичиг үсгээ яаж 2000 гаруй жил хадгалав.

Румыний нэг судлаачаас би “Та манай Монголд байдаг Түрэгийн рунибичгийн талаар мэднэ. Түүнтэй энэ роваш бичиг адилхан санагдахгүй байна уу” гэж тодруулж асуусан юм. Тэгэхэд “Түрэг бичиг гийгүүлэгч үсэгтэй, манай хүннү бичиг эгшигтэй” гэж хариулсан нь надад маш их өндөр сэтгэгдэл үлдээсэн.

Тэгэхээр манай нүүдэлчдийн хэл ярианы онцлогт таарсан бичиг мөн байх магадлалтай.

-Тэр роваш бичгийг рунитэй харьцуулж үзэхэд зарим дүрс нь таарахгүй байгаа юм. Тэр таарахгүй байгааг нь эгшиг гэж тааварлавал яах вэ?
-Та санаж байна уу, Ховдын Дарвийн руни бичээсийг гурван судлаач өөр өөрийнхөөрөө буюу гурван янзаар уншиж, тайлбарласан. За яах вэ, ганц нэг үгийн зөрүүг орхиё гэж бодоход агуулга нь зөрөх учиргүй шүү дээ.

Тэгэхээр, миний бодлоор бол үүнтэй адил роваш бичээсийг Түрэгийнх гэж өөрсдийнхөөрөө хүчлэн уншиж, батлахыг оролдоод байж болох л юм.

-Бид хар Хүннүгийн талаар судалж, хамтдаа Европт очиж, өөрсдийгөө Атиллагийн хойч үе гэдэг хүмүүстэй уулзаж байсан шүү дээ. Европ руу нүүдэллэсэн хааны удмынханд өдгөө ямар ёс заншил, соёлын өв үлдсэнийг судлахаар явсан шиг цагаан хүннүгийн хойноос бас явж, судлах ёстой гэж боддог. Ямар ч байсан бид Монголынхоо түүхийг тодруулахыг хүсвэл энэ хоёр чиглэлээр судалж, өдгөө байгаа тэр хүмүүстэй уулзах л ёстой.
-Хүннүчүүд хоёр салж нүүсэн шиг байгаа юм. Умард Хүннүгийнхэн баруун зүг явсан бол Цагаан хэрэм дагуу нутаглаж байсан өмнөд Хүннүгийн зарим хэсэг Дундад Азиар дамжиж, урагшаа явсан.

Тэднийг цагаан хүннүчүүд гэж нэрлээд байх шиг. Ефталитын хүннүчүүд ч гэдэг. Тэгэхээр Хүннүтэй л холбоотой учир хоёуланг нь судлах ёстой болов уу.

-Хадны зураг асар их түүх өгүүлдэг. Хүннүгээс өмнө оршиж байсан нэгэн гүрний талаар чи ярьдаг. Тэрийг батлах хадны зураг байдаг уу?
-Би археологийн баримтуудад тулгуурлаад Хүннүгээс өмнө төрт улс байсан гэдэгт бүрэн итгэдэг. Шинжлэх ухааны томъёоллоор бол нэг нутаг дэвсгэртэй, нэг соёлтой, цэрэг арми, шүүх засаглалтай гэхчлэн үндсэн хэдэн шинж тэмдэгтэй бол төрт улс гэдэг.

Манайд Хүннүгээс өмнө байсан Буган чулуун хөшөөт хиригсүүрийн, Дөрвөлжин булшны, Тэвшийн болон Мөнххайрханы соёл гээд бүгд нэг нутаг дэвсгэртэй, нэг ёс заншилтай, цэрэг армитай байсан улс өөрсдийн булш, тайлга, тахилгын соёлыг, мөн өөрийн өвөрмөц соёлыг илтгэх хадны сүг дүрсүүд үлдээсэн байна.

Тэгэхээр энэ бүхэн Хүннүгийн өмнөх төрт улсынх яах аргагүй мөн.

-Би саяхан “Open door” сонинд ооль зэвсгийн талаар бичсэн юм. Чемурчек болон Пазарикийн соёлоос нааш уламжлаад ооль зэвсгийг дүрсэлсэн хадны зургууд Монголын нутгаас олддог. Мөн мөгрүү буюу урагшаа эвэртэй үхэр шүтдэг улс байж. Энэ хоёроос улбаалан дүгнэхэд Хүннүгийн өмнөх төрт улс байсныг батлахад бага ч гэсэн нэмэр болов уу. Гэхдээ хоёрхон зүйлээр дүгнэх нь өрөөсгөл гэдгийг мэдэж байна л даа.
-Би таны тэр нийтлэлийг уншсан. Та их зөв ажигласан байна билээ. Миний хэлээд байгаа соёл гэдэг нь ийм тодорхой хэв шинжийг үлдээсэн байдаг юм.

Тэгэхээр тийм өргөн уудам нутаг дэвсгэрийг эзэмшсэн, соёлт ард түмэн зүгээр л тэнэмэлүүд байгаагүй. Зохион байгуулалттай, соёлын ул мөртэй улс гүрэн байсан байж таарна.

-Манай Ноён уул бол Хүннүгийн асар их соёл дурсгалыг хадгалж үлдсэн газар. Түүхийн үнэт өв болсон тийм сайхан газрыг алт хайгчид, уурхайнхан ухаж төнхөх болоод байна. Тэрнийг нь УИХ, Засгийн газар дэмжээд буй талаар хэвлэлд мэдээлж байна. Мэргэжлийн хүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Судлаач хүний хувьд энэ талаар саналаа боломжийнхоо хэрээр хэлж, ярьсан. Харамсалтай нь, төр, засгийнхан хүлээж авахгүй нь бололтой.

Саяхан УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд “Ноён уулын дурсгал тухайн уурхайгаас 14 км хол байдаг” гэж илэрхий худлаа мэдээлсэн. Ер нь Ноён уул юугаараа онцлог, ач холбогдолтой юм бэ гэдгийг мэдэх учиртай.

Дэлхийн түүхэнд Хүннү гэж гүрэн бодитоор оршиж байсныг баталж, нотолж өгсөн эх сурвалж Ноён уулнаас анх олдсон юм. Энэ утгаараа тэр уул дэлхийд алдартай. Түүнээс өмнө Хүннүг үлгэр домог мэт ойлгож ирсэн.

Оршин байсныг нь нотлох бодит баримт байгаагүй учраас тэр. Нэг гайхалтай, бахархмаар хүний тухай түүхийн хуудсанд тэмдэглэсэн байдаг. 1910-аад оны эхээр Богд хаант засгийн үед Орос, Герман, Монголын хамтарсан “Монгол-Ор” гэдэг компанийн алтны уурхай Ноён ууланд олборлолт хийхээр үйл ажиллагаагаа эхэлжээ.

Тэр уурхайд ажиллаж байсан техникч Баллод гэдэг хүн уг уулыг хамаагүй хөндөж, ухаж болохгүй, түүхийн өлгий юм байна гэдгийг манай засагт сануулж, хэлж, Оросын ШУА-д мэдээлсний ачаар аюулыг холдуулсан байдаг.

Өөрөө ашиг хайж байсан хүн хүртэл тийм сэтгэлээр хандсан эл түүхийг мартсан уу, мэдэхгүй байна уу, ямартай ч “Сентерра гоулд” компанийн эрх ашгийн төлөө л яваад байгаа нь харамсалтай.

Өнөөдөр монголчууд “Өлсөж байна, хоолгүй байна” гэж жагсахгүй байгаа. Харин төр, засаг буруу ажиллаж, буруу зохион байгуулж буйг шүүмжилж, эсэргүүцэж байгаа шүү дээ. Би судлаачийнхаа хувьд Ноён уулаа аварч, авч үлдээсэй л гэж хүсэж байна. Үнэхээр гайхалтай газар даа.

-Ерөнхий сайд “Ноён уулын дурсгал уурхайгаас 14 км зайтай” гэжээ. Тэгвэл бодит байдал дээр ямар байдаг юм бэ. Үүнээс хол уу, ойр уу?
-УИХ-ын дөрвөн гишүүн З.Баянсэлэнгэ, Ц.Оюунгэрэл, Б.Уянга, Г.Болор болон хэвлэл мэдээллийнхэнтэй хамт мэргэжлийн хүмүүс газар дээр нь очиж танилцуулсан шүү дээ. Үнэндээ бол түүхийн дурсгалтай талбай зарим газраараа уурхайтай зах нийлж байгаа.

Бүр дурсгал нь орчихсон хэсэг ч бий. Гэтэл бодит байдлыг нүдээр харчихаад, барим тавим баримттай зүйлийг УИХ-д танилцуулахгүй явааг гайхаад л байгаа. Уг нь Оюутолгойгоосоо 800 тонн алт олборлоно гэж байгаа улс Ноён уулын 40 тн алтгүйгээр болмоор л санагдах юм.

Алтных нь хэмжээг бодсон ч, Монголын олон хуультай зөрчилдөж байгааг нь харгалзсан ч, бас түүхэн эх сурвалжаа хамгаалах үүднээсээ ч ер нь Ноён уулыг заавал хөндөх шаардлага байхгүй.

За, бүр аргаа бараад ухахдаа тулбал Монгол Улсын Соёлын өвийн тухай хуульд заасны дагуу тухайн талбайд байгаа түүхийн соёлын дурсгалыг “Сентерра гоулд” компани авран, хамгаалах үүрэгтэй. Энэ дагуу Ноён ууланд байгаа 200 гаруй булшийг тус компаниар авран хамгаалалт хийлгэчихвэл асуудалгүй.

Түүх соёлгүй эдийн засаг гэж байдаггүй. Соёл ба эдийн засаг гэдэг чинь нэг зоосны хоёр тал юм. Монгол Улсын түүхийн архив ууландаа байгаа.

-Тэгвэл бид Ноён уулаа яаж хамгаалах ёстой вэ. Хамгаалж чадахгүй алт хайгчдын олз болгочихвол ямар хохирол учрах вэ?
-Ноён уулыг аялал жуулчлалын чиглэлээр ашиглавал алтыг нь ухсанаас хэдэн зуу, мянга дахин илүү ашигтай байна гэж их л ярьж, бичих юм. Тэгсэн хэрнээ ажил хэрэг болгохгүй байна. Ноён уулын булшийг нээсний 80 жилийн ойг 2004 онд тэмдэглэж, Хүннү судлаачдыг урьж, цуглуулан, олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Сэлэнгэ аймгийн ЗДТГ ивээн тэтгэснээр хийсэн юм.

Тэр үед Ноён ууланд хөл тавьж үзсэн судлаач, эрдэмтэд хэлэх үгээ олж ядан гайхан биширч байсан. Өөрийн нүдээр харах нь зүгээр сураг сонсохоос тэс өөр мэдрэмж, илүү мэдлэг, мэдээлэл болдгийн жишээ бол энэ. Тэгэхээр хүмүүст ч гэсэн Ноён уулаа үзүүлэх хэрэгтэй.

Тэгж танилцуулахын тулд байгалийн цогцолбор газар байгуулж, боломжийг нь бүрдүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд болохгүй зүйлгүй. Жишээ нь, нэг булшийг загвар болгоод, доош орж үздэг, тэндээс гарсан эд өлгийн зүйлүүдийг нь үзмэр болгон дэлгэж болно. Ноён уул авто замаас 80 орчим км зайтай.

Тэгэхээр зам тээврийн асуудлыг шийдэх бүрэн боломжтой. Энэ мэтээр шат дараалалтайгаар, хэсэгчлэн төлөвлөөд, жуулчдыг татах боломж байгаа. Гагцхүү сэтгэл, санаачилга хоёр дутаж байна гэж боддог.

Хэрэв Ноён уулыг хамгаалж чадахгүйд хүрвэл хожим учрах хохирлыг тоогоор илэрхийлэх боломжгүй. Яагаад ч нөхөж баршгүй алдаа, алдагдал юм. Ноён ууланд, уурхай руу нинжа нар орсон талаар хэвлэлээр байнга л мэдээлж байна.

Үүнийг би “Сентерра гоулд”-ын хамгаалалт муугаас болсон гэж хэлэхгүй. Учир нь, миний сонссоноор Тагнуулын ерөнхий газрын дарга байсан хүн тэндхийн хамгаалалтын албыг хариуцдаг гэсэн.

Тийм хүн хамгаалалтын алдаа гаргана гэж байх уу. Тэгэхээр нинжа нарыг тийш нь санаатай оруулж байх магадлалтай.

Д.ЭРДЭНЭБААТАР: Дураараа авирласан төрд ямар ч хамгаалалт саад болохгүй л байх даа

Ноён уулын олдвор дэлхийн хэмжээнд гайхагддаг өөр нэг чухал онцлог байдаг юм. Юу гэхээр, мөнх цэвдэгтэй учраас тухайн цаг үеийн эд зүйлс хөлдөөгчид байсан юм шиг бүрэн бүтнээрээ сайхан хадгалагдсан.

2008 онд оросуудтай хамтран хийсэн малтлагаар мөнх цэвдэг нь гэсчихсэн байсан учраас эд өлгийн зүйлс нь шавар шавхаатай холилдсоныг Оросын тал цэвэрлэж, сэргээсэн.

Ил байгаа уурхайг ухаад байхаар хөрсний мөнх цэвдэг үгүй болж буй хэрэг. Энэ мэтээр давхар хохирол гарч ирээд л байна. Тэр бүхнийг зоосоор хэмжих аргагүй.

-Газрын доорх хөрсний судалгаа хийсэн гэж мэдээлээд байсан худлаа юм уу?
-Мөнх цэвдгийн судалгааг лав хийгээгүй гэж Газар зүйн хүрээлэнгийнхэн нотолж, мэдээлсэн. Цэвдгийн бүс гэдэг чинь маш үнэтэй зүйл байхгүй юу. Хуурайшил болж байгаагийн цаад шалтгаан нь цэвдэгшил нь гэсэж буйн үр дагавар. Ил уурхайг ухчихаад далд уурхай руу орно. Тэгэхээр тэсэлгээ хийж таарна.

 Нэг хөгийн тайлбар хийж байсан. Ямар ч доргиогүй тэсэлгээ хийнэ гэж. Уучлаарай, шинжлэх ухаан яаж ч хөгжөөд тэсрэлтийн хүч, долгионыг багасгадаг бодис бий болно гэдэгт би лав итгэхгүй. Нобель гэдэг эрдэмтэн тэсрэх бодисыг өөрөө нээсэн, хийсэн.

Өөрийн хийсэн гэм, аюулыг ухаараад нүглээ наминчилж, олсон орлогоо шинжлэх ухааны сайн сайхны төлөө зарцуулна гээд гэрээслээд одоо дэлхий дахины том шагнал болчихоод байна.

-Ноён уулыг ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлэх талаар нэг хэсэг ярьж байсан санагдана.
-Тэр талаар яаманд ажлын хэсэг байгуулсан гэсэн. Ямар шатанд явж байгаа, яагаад чимээгүй болсон талаар би сайн мэдэхгүй байна.

-Хэрэв дэлхийн дансанд оруулчихвал ухна төнхөнө гэж дайрахгүй, баттай хамгаалах боломжтой биз дээ?
-За даа, дураараа авирласан төрд бол ямар ч хамгаалалт саад болохгүй л байх даа. Харин монгол хүмүүсийн хүсэл, зорилго зөв байгаад, санаачилгатай бол хамгаалах арга нь олдох учиртай.

-Бид ер нь алт, эрдэнэс гэхээр ухаад л шууд мөнгө олчих юм шиг боддог. Хэрэв төр, засагт байгаа хүмүүс маань жаахан ухаантай бол түүхийн гайхамшигт олдворуудаараа музей байгуулчихвал маш их ашиг олохыг мэдэх учиртай. Лувр зэрэг дэлхийн том музейг бид мэднэ шүү дээ.
-Эрмитаж гэхэд л манай Ноён уулын эд өлгийн зүйлүүдийг дэлгээд л, үзүүлээд л амьдарч байна шүү дээ. 1924-1925 онд хийсэн малтлагаар гарсан олон нандин олдвор тэнд бий. Гэтэл бид өөрсдөө Ноён уулаа ухна, устгана гэж байна.

-Энэ асуудал зөвхөн Ноён уулаар тогтохгүй л болов уу. Хэрэв ухаж төнхөхдөө тулбал цаашлаад нөгөө “Гол мод”-ыг чинь авна гэж мэдэх юм, гар бариад бугуй барина гэдэг шиг.

-Монголчуудын түүх соёлд дэндүү элэггүй хандаж буйг хүмүүс муу ёр гэж хардаж байна. Хардах сэрдэх үндэстэй л дээ. Учир нь аливаа улсыг эдийн засаг, улс төрөөр нь шууд эзлээд авах боломжгүй.

Харин түүх, соёлыг нь устгаад байвал нэг, хоёр үеийн дараа түвэггүйхэн эзэлж чадна. Ялангуяа, манай Азийн хөрш Казахстан, Кыргыз, Турк зэрэг бидэнтэй түүх соёлын огт хамаагүй улс “Хүннүгээс бидний түүх эхэлсэн” гэж булаацалдаад байгаа нь их осолтой л юм, угтаа бол.

-Жишээ нь, хасагууд Чингисийг манай хаан гэх болсон.
-Түүхэнд Евразийн нутагт хасаг хүн байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ Хүннүгийн төрийн захиргаанд байсан овог, аймгуудын бүрэлдэхүүнд л байсан болохоос бие даасан улс байгаагүй гэдгийг түүхийн олон баримт нотолдог.

Харамсалтай нь, манай төр, засаг өөрийн үүх түүхдээ анхааралгүй хандаад байх юм. Ерөнхий сайд байхдаа Н.Алтанхуяг “Уугуул нутагтаа тавтай морил” гэж Туркийн Ерөнхий сайдад хэлснийг би түүхч хүний хувьд үнэхээр харамсмаар ноцтой явдал гэнэ.

Нэгэн цагт “Танай Ерөнхий сайд хүртэл Монголыг манай уугуул нутаг гэж хүлээн зөвшөөрсөн” гэвэл яана.

-Ер нь тийм оролдлого гарч байгаа шүү. Жишээ нь, Хан богдын Жавхлант хайрхны орой дээр “Бүгд найрамдах дундад ард улс” гээд сийлээд биччихсэн байсан, ердөө хоёр, гурван л жилийн өмнө шүү дээ. Бас Хүрдэтийн агуйд бичсэн зүйлийг санаж байна уу. Хэдэн үе, хэсэг хугацааны дараа тийм зүйлс хадны бичээс болохгүй гэх баталгаа алга. 100 жилийн дараа магадгүй “Бид эндхийнх. Энэ дээр тэгж сийлсэн байгааг хар” гэвэл яах вэ?
-Ерөөс манайхан түүх дурсгалын зүйлдээ хайхрамжгүй хандаж байгаагийн наад захын жишээ энэ. Баян-Өлгийн дурсгалууд дээр казах хүмүүс нэрээ бичиж, сийлээд бүр баллаад хаясан нь мөн л саяхан.

Таны хэлдгээр хэсэг хугацааны дараа тэр зүйлүүдээр түүхийг гуйвуулахгүй гэх баталгаагүй.

-Археологийн салбарт ахиухан мөнгө шийдэхгүй бол манай түүхийн сурвалж, эд өлгийн баримт буюу биет өв маань гадаад руу алдагдах магадлалтай гэж хардах хүн олон. Тэр талаар тодорхой жишээ байна уу?

-Судлаач хүний хувьд хамгийн их санаа зовдог зүйлийн нэг нь гарцаагүй энэ асуудал. Хулгайгаар малтлага хийгээд, сэглээд хаячихсан булш, хиригсүүр маш олон байгаа. Манайд археологийн зөв бодлого алга.

Ингэж ярихаар мэргэжил нэгт зарим хүн надад дургүйцдэг л юм. Судалгаа хийдэг ШУА, Түүх, Археологийн хүрээлэн байдаг. Гэхдээ бодлого нь байхгүй учраас буруу яваад, бидний судалгааны ажил үр дүнд хүрэхгүй байгаа юм.

Уг нь бидэнд бололцоо байна. Уул уурхайн сэргэлтийн үед авран хамгаалах судалгаа гэдгийг уг нь хангалттай хийлгэсэн юм. Улсын төсвөөс гадна мөнгө шүү дээ. Тэр мөнгийг шинжлэх ухааны зориулалтаар нь авран хамгаалах ажилдаа ашигласан бол маш олон эх сурвалж, олдворыг баттай бий болгох боломжтой байсан.

Нөгөө талаар, өнөөдөр Монголын археологийн судалгаа хийх хэмжээний төсвийг бодлогоор хуваарилж өгөхгүй байна. Судлаачдын цалин төдий зүйл өгч байгаа. Ийм нөхцөлд судалгаа хийхэд түвэгтэй.

Санхүүгийн эрх чөлөө гэдэг зүйл манай судалгаанд байхгүй учраас бид арга ядаад л хамтарсан баг ажиллуулдаг. Гэхдээ ийм зовлон манай шинжлэх ухааны бүх салбарт байдаг. Миний бодлоор улсын төсөв шинжлэх ухаандаа зарцуулах мөнгөгүй гэж харагдахгүй л байгаа.

-Хамтарч ажиллаж байгаад зарим нь аваад явчихдаг, эсвэл зувчуулаад сураггүй болгочихдог тал байдаг. Тэнд энд судлуулахаар, эсвэл лабораторийн цэвэрлэгээ хийлгэхээр явууллаа гэдэг ч сүүлдээ сураг тасарч, яг хаана байгааг нь мэдэх боломжгүй, буцаж ирдэггүй, тийм үү. Жишээ нь, 100.000-гаад жилийн тэртээх Хуучин чулуун зэвсгийн үеийн хүний олдвор буцаж ирээгүй.
-1970-аад онд олдсон Шаамарын хүний эрүүний ясыг хэлж байна уу. Тэрийг Орос руу явуулсан гэдэг. Төрийн бодлого дутаж байгаагийн бас нэг илрэл. Жишээлбэл, Монголын нутаг дэвсгэр дээр нэг жилд дунджаар гадаадынхантай хамтарсан археологийн 20 гаруй баг ажилладаг. Хамтарч болно, үгүйсгэхгүй.

Тэгэхдээ гадаадын судлаачдын мөнгийг бид өөрсдийн эрх ашигт нийцүүлэн зарцуулах ёстой. Тухайлбал, манайд илүү чухал, гарцаагүй хэрэгтэй байгаа Түрэг, Сяньби, Жужаны судалгаа руугаа татаж оролцуулах хэрэгтэй.

Тэгэхгүй мөнгөтэй хүний амыг хараад л тэдний хүссэн сэдвээр судалгаа хийлгээд байх нь туйлын буруу.

-Үүнийг ямар байгууллага хянаж, зохицуулах үүрэгтэй юм бэ?
-БСШУЯ-ны ажил. ШУА бол шинжлэх ухааны бодлогоо барих ёстой. Ялангуяа гадаадын судлаачидтай хамтран ажиллахад хамгийн гол чиг, үүргийг академи хариуцах ёстой. Би нэг зүйлийг байнга хэлдэг.

Юу гэхээр, аливаа олдвор, эд өлгийн зүйл, өөрөөр хэлбэл, судалгаагаа олон түмэнд байнга нээлттэй үзүүлж, мэдээлэл түгээдэг байх ёстой. Тэгж байж юу, хаанаас олдсоныг баталгаажуулна. Дархлаажуулж байгаагаас ялгаагүй шүү дээ.

Тэгснээр иргэд үүх түүхийнхээ талаар цаг тухайд нь мэдээлэл авах боломжтой. Бас алга болгож, эсвэл зувчуулахгүй байх баталгаа юм. Тэгэхгүй хав дараад, далд байлгаад байвал хүмүүс хардах үндэстэй.

Ер нь судлаач хүн юу олж, нээснээ олон түмэнд мэдээлж, үзүүлэхгүй юм бол түүхэн дурсгалыг малтах хэрэг юу байна. Бид энэ бүхнийг өөрсдөдөө зориулж хийдэггүй юм. Хүмүүст, хойч үеийнхэндээ далд байгаа түүхийг нь ил гаргаж, мэдүүлэхийн төлөө явж байна.

Яагаад бид өнөөдөр иргэдийнхээ түүхийн боловсролд анхаарахгүй байгаа юм бэ. Аливаа танигдаж, мэдэгдсэн зүйлээ олон түмэндээ хүртээх нь угаас шинжлэх ухааны цаад зорилго шүү дээ.

Үүнээс гадна өмнөх үеийнхээ бүтээсэн түүх соёлын өвийг тайлбарлан таниулдаггүй учраас бид айхтар бүдүүлэг харанхуй байж байгаад ХХ зууны эхэнд Ардын хувьсгалтай золгосноор л гэнэт гэгээрч, шинжлэх ухааныг танин мэдсэн мэт бичиж, ойлгоод байдаг.

Гэтэл монголчууд аль эрт үеэс шинжлэх ухааныг танин мэдсэн, үндсийг нь тавьчихсан, өндөр мэдлэгтэй байсан. Хоорондоо нийлэх боломжгүй өөр төрлийн бодисыг нийлүүлэх ухааныг нано технологи гэж мэргэжлийнхэн нь энгийн үгээр тайлбарладаг. Гэтэл хаа байсан Хүннүгийн үед, эртний нүүдэлчид нано технологийг мэддэг байж.

Үүнийг батлах олдвор бол хүрэл ба төмөр гэсэн хоёр металлыг нийлүүлээд гагнаад, үнэт чулуу шигтгэчихсэн сав суулга юм. Гэх мэтээр хэдэн мянган жилийн тэртээгээс нүүдлийн аж ахуйдаа хэрэгтэй бүхнээ зүй зохистойгоор ашиглаад, хэрэглээд ирсний жишээ нь уул, усны нэрээс тодорхой шүү дээ.

Яагаад тэнд байгаа баялгаар нь Оюу толгой, Эрдэнэт, Төмөрт, Цайрт гэхчлэн нэрлэсэн байх вэ. Таагаагүй нь мэдээж.

Дундад зуунд Монголд ирсэн өрнөдийнхний тэмдэглэлүүд байдаг. Жишээ нь, Рубрик “Монгол цэргүүд өлсөхөөрөө мориныхоо үсийг зулгааж иддэг” гэсэн байдаг. Морьтойгоо шогшуулах зууртаа богцноосоо борц гаргаад идэж байгааг л тэгж сонин байдлаар харж, тусгасан байх жишээтэй.

Энэ нь европчуудад хачин төсөөлөгдөж, хүрсэн. Бас монголчууд газарт дэвсэж суудаг арьс, ширээ эргүүлээд л хоолоо болгож иддэг гэсэн байдаг. Богцондоо борц нүддэг илгэн дэвсгэр шиг зүйл авч явдаг байсан.

Өдгөө ч борцоо тийм зүйл дээр нүддэг газар бий. Үүнтэй адил бид ч Өрнөдийн соёлыг ойлгохгүй, гайхаж байсан жишээ гэвэл XIII зуунд монгол цэргүүд эзэлж авсан цайздаа ороод шавар шавхай, баас шээстэйгээ холилдсон өмхий газар гэсэн байдаг. Талын монгол хүнд төвлөрсөн амьдрал тийм л хачин харагдсан хэрэг.

-П.Карпини “Усанд ордоггүй монголчууд Европыг өмхий үнэрээрээ дийлсэн” гэж бичсэн. Гэтэл өөрсдөө усанд ордоггүй байсан баримт байна. Би Берлинээс 40-өөд км зайтай эртний нэгэн вангийн өргөөнд очсон юм. Вангийн охины өрөөнд бөөн шүүгээ, шкаф байна.

Түүнийгээ “Эрт үед манайхан усанд ордоггүй байсан учраас элдэв үнэр ханхалдаг. Тиймээс өдөртөө 2-3 удаа хувцсаа сольдог байжээ” гэж тайлбарласан. ХVII зуунд вангийн өргөөнийхөн нь усанд ордоггүй байсан хэрнээ монголчуудыг өмхий гэж бичсэн. За энэ яах вэ.

Манай эрдэмтэн судлаачид нээлт, эрдмийн ажил, судалгааныхаа талаар жирийн сайхан монгол хэлээрээ бичих ёстой. Бүр роман шиг амттай бичих учиртай. Тэгж байж олон нийтэд ойлгуулна.

Ринчен багшийн хэлдгээр модон хэлээр биччихээд “Би эрдэмтдэд зориулж бичсэн” гэдэг үе дэлхийн жишигт хэдийнэ өнгөрсөн. Гэтэл манайхан өмнөх нийгмийн үеийн сэтгэлгээгээрээ яваад байна.

Манай нэг том түүхч хүртэл “Гумелев бол эрдэмтэн биш, нийтлэлч” гэж хэлсэн. Гэтэл В.Путин Гумелевийн угсаатны нийлэгжилтийн онолыг хэчнээн өндөр үнэлсэн билээ.

-Баабарын “Нүүдэл суудал”-ыг хүмүүс яагаад шимтэн шууран уншив. Бичлэгийн маш зөв арга сонгож сайхан бичиж чадсан учраас л тэр. Энэ мэтээр бичээд байвал хүмүүст хүрээд л байна.

-Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутгаас олдсон “Гол мод-2” булшнаас гарсан шиг Ромын шилэн аяга зэрэг дэлхийн чихийг сортойлгох нэн ховор олдвор сүүлийн үед олдсон уу?
-Хүннү бол тухайн цагийн Евразийн хүчирхэг гүрэн байсан учраас өөрсдийнх нь хийж, бүтээснээс гадна хөрш зэргэлдээ орнуудынх нь соёл түүхийг харуулах, жишээ нь, перс хивс, эртний Ромын шилэн аяга, Грекийн баримал, мөнгөн хөөмөл гэх мэт олон зүйл булш бунхнаас нь гардаг. Тэр бүхэн нь Хүннү агуу гүрэн байсны нотолгоо.

Өдгөө эд өлгийн зүйлсээс гадна хүннүчүүдийн угсаа гарлыг тогтоох генийн болон хүн амын бүтцийн судалгааг өөрсдөө хийдэг лабораторитой болмоор байгаа юм.

Монголд байгаа биологи, генетикийн судалгаа хийдэг хүрээлэндээ түшиглээд нэг тийм газартай болчихвол манай эрдэмтэд хамтраад судалгаа, шинжилгээгээ хийгээд явах бүрэн боломжтой.

ДНХ болон ясанд хийдэг судалгааг бид гадаадад өндөр үнэтэй лабораториудад хийлгэдэг. Антропологийн хувьд нүүрний гавлын ясны хэмжилт судалгааг манайд хийдэг болсон. Тэр чиглэлээр мэргэжилтэн бэлтгэчихсэн байгаа.

Хүннүгийн үед, эртний нүүдэлчид нано технологийг мэддэг байж. Үүнийг батлах олдвор бол хүрэл ба төмөр гэсэн хоёр металлыг нийлүүлээд гагнаад, үнэт чулуу шигтгэчихсэн сав суулга юм.

-Гадаадынхантай хамтарсан судалгаа, эсвэл аль нэг орны лаборатори руу явуулсан шинжилгээний үр дүнгийн тал дээр анхаарах зүйл байх шиг. Би юу хэлэх гээд байна гэхээр тухайн газрынхан дүгнэлтийг өөрсдийн талд ашигтайгаар гаргадаг тохиолдол байдаг шүү?

-Молекул, генийн түвшний судалгааг бид гадаадынхнаар хийлгэхдээ заримдаа гуйж гувших тохиолдол байдаг. Үр дүнд эргэлзэх тохиолдол ч гардаг. Учир нь би тухайн олдворын төрх байдлыг ерөнхийдөө мэдэх судлаач хүн шүү дээ.

Тиймээс хардах эрхтэй. Жишээ нь, гавлын ясны байдлыг яаж ч харсан ази төрхтэй байхад генийн судалгаагаар “Европ гарал угсаатайг нь тогтоолоо” гэхээр яах юм бэ. Өөрсдөө хийгээгүй болохоор яалтай билээ.

“Тийм л юм байх” гээд л гайхаад өнгөрнө. Энэ бол зүгээр л жишээ шүү. 1970-1980-аад онд оросуудтай хамтарч байх үед антропологийн судалгаа нэлээд хийсэн. Оросын эрдэмтдийн хийсэн шинжилгээний дүнгийн ихэнх нь европ төрхтөн гэж гарсан.

Үүндээ түшиглээд “Хүннү, хиригсүүрийн дурсгалд европ төрхтөн зонхилж байсан” гээд дэлхий дахинаа олон удаа бичээд зарласан. Тэр онол өдгөө ч маш хүчтэй явсаар байгаа.

-Эрдэмтэн Түмэн Америктай хамтран Монголын нутгаас нүүдэллэсэн гэх индианчуудын талаар судалжээ. Гэтэл монгол төрхтөн биш, кельтүүд байсан гэсэн дүгнэлт гаргасан. Тэгэхээр их осолтой байгаа биз дээ?
-Олон улсын хурлаар бид энэ мэт асуудлаа хөндөж, судалгааныхаа зөрүү, онол, арга барил зэргээ ярилцаж, зарим зүйлээ зүгшрүүлж авдаг.

-Манайд Соёлын өвийн төвийн Сэргээн засварлах тасаг бий. Тэнд хөөрхий бүгдийг гараар цэвэрлэж янзалдаг шүү дээ. Тэгэхээр нэг сайхан лаборатори үнэхээр хэрэгтэй шүү, тийм ээ?
-Би Соёлын өвийн төвийн Энхбат даргын удирдлагад байдаг хэдэн залуучуудыг “Гол мод-2”-ын малтлагад оролцуулсан учир нь юуг нь сэргээж, юуг нь хадгалж, боож авч явах вэ гэхчлэн нарийн мэргэшлийн зүйлээ мэдээд авахад тустай.

Нөгөөтэйгүүр бид өөрсдийн хүчийг гололгүй бага ч гэсэн ашиглаад хийгээд байхад болдгийг харуулсан. Тэд олдворуудын дийлэнхийг цэвэрлэж, янзалж, өнгөлж, бэхжүүлсэн. Энхбат даргатай тус төвийнхөнд дахин дахин баярлалаа гэх нь зүйтэй.

“Ерөнхий сайд маань “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж гарч ирсэн.

Одоо хар, хаана байна тэр эдийн засаг. Түүх соёлгүй эдийн засаг гэж байдаггүй. Соёл ба эдийн засаг гэдэг чинь нэг зоосны хоёр тал юм. Монгол Улсын түүхийн архив ууландаа байгаа. Тийм байтал нэгийг нь хаяад, нөгөөг нь хөгжүүлнэ гэсэн ойлголт байхгүй.

Тэгэхээр уншигч түмэн олон маань дуугаа нийлүүлэн өв соёл, уул усаа хамгаалах тал дээр бодох цаг болж дээ. Аль ч төр улс соёлын боловсролдоо ямар ч үед мөнгө гаргадаг. Тухайлбал, өлсгөлөн нүүрлэсэн 1917 онд М.Горькийн санаачилгаар “Гайхамшигт хүмүүсийн амьдрал” цувралыг гаргаж эхэлсэн түүхтэй.

Агуу хүмүүсийн жишээгээр бид ажиллаж, хүмүүсийнхээ оюуны сүвийг нээнэ гэж итгэсэн учраас тэр. Өдгөө ч тэр цуврал үргэлжлэн гарсаар байгаа. Төр, засаг түмэн олныхоо төлөө, соёлынхоо төлөө ингэж зүтгэдэг юм.

Үүнийг л манайх орхигдуулаад байгаа санагдах юм даа” хэмээн уншигч-сурвалжлагч маань ярилцлагаа өндөрлөлөө.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан