Хөвсгөл нуурт 1985 онд живсэн Бор-500 загварын “Сүхбаатар” хөлөг онгоцыг 36 жилийн дараа татан гаргаж, эрэгт байрлуулав. Энэ хуучин онгоц хэнд хэрэг болсон, цаашид хаана, хэрхэн ашиглах нь тодорхойгүй ч Монгол Улсын Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбар, Онцгой байдлын алба, Хөвсгөлийн усан замынхан түүхэн гэж хэлж болох том ажлын ард хоёр сар зүтгэсний эцэст гарав.
400 ЛИТР ТЕХНИКИЙН ТОС АСГАРАЛГҮЙ 36 ЖИЛ ХАДГАЛАГДАВ
Хөвсгөл нуурын 12-16 метрийн гүнд 36 жил зэвэрч, хуучирсан ч “Сүхбаатар” гэх бичиг арилаагүй, доторх 400 литр техникийн тос асгараагүй байх нь сонин. Үүнээс Хөвсгөл нуурт живэхээс өмнө энэ онгоц түүхэн гавьяа байгуулж, эх орны усан замын тээврийн хөгжил цэцэглэлтэд нөр ихээр хүчин зүтгэж явсан нь харагдана.
Онгоцны түүхийг хөөвөл уурын хөдөлгүүрт 400 морины хүчин чадалтай, 60 тоннын даацтай, 40 хүний суудалтай хөлгийг 1956 онд ЗХУ-тай байгуулсан худалдааны хэлэлцээрийн дагуу Култук өртөөгөөр дамжуулан Ханхад авчирч хээрийн нөхцөлд угсарч ашиглалтад оруулжээ.
Цагтаа Монгол Улсын усан тээврийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, баруун гурван аймгийг хүнс, шатахуун зэрэг хэрэгцээт бүхнээр хангаж явсан уг онгоцны анхны дарга, ахмадаар Балжиннямын Чадраабал ажиллаж байв.
Харин түүний хүү Ч.Бат аавтайгаа хамт усан онгоцонд галчаар ажилласаар Новосибирскийн Усан замын инженерийн дээд сургуульд эчнээгээр зургаан жил сураад инженер жолоодогч мэргэжил эзэмшиж, Монголын усан замын тээврийн диплом өвөртөлсөн анхны монгол хүн болжээ.
Хүүгээ 1967 онд сургуулиа төгсөөд ирэхэд Сүхбаатар хөлөг онгоцны анхны капитан Б.Чадраабал таалал төгсөж, Ч.Бат аавынхаа ажлыг үргэлжлүүлэх болов. Энэ тухай ахмад Ч.Бат хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Босч чадахгүй бие нь муу байхдаа намайг дуудаж, хөлөг онгоцныхоо түлхүүрийг өгч байсан юм. Тэгээд болоогүй ээ, бие нь муу мөртлөө намайг онгоцоо яаж барьж гарахыг толинд тусган харж байсан даа, аав минь" хэмээн дурсжээ.
Далайн тээвэрт нийтдээ 32 жил ажиллаж тэтгэвэртээ гарсан ахмад Ч.Бат энэ оны нэгдүгээр сард таалал төгссөн. Сүхбаатар хөлөг онгоцыг далайн ёроолоос татан гаргах ахмадын мөрөөдөл байсан гэдгийг хүү Б.Нэргүй нь ярилаа.
Тэрбээр мөн л энэ хөлөг онгоцны түүхийг хуучлах гурав дахь үеийн төлөөлөл, Хөвсгөл далайтай амьдралаа холбосон нэгэн. Өдгөө ЗТХЯ-ны Далайн захиргаа, дотоодын усан замын тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж буй.
Б.Нэргүй онгоц живсэн 1985 онд аравдугаар ангийн сурагч байжээ. Тэр 36 жилийн өмнөх арванхоёрдугаар сарын өвлийг ийнхүү зураглалаа.
ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БИЕЛҮҮЛСЭН ОНГОЦЫГ ХӨДӨЛГӨЖ ДАХИН НЭГ ТЭЭВЭРТ ЯВУУЛАХ ТУШААЛ ӨГСӨН
"Сүхбаатар онгоцыг 1956 онд Москвад захиалж Монголд угсарсан юм. Энэ онгоц анх ашиглалтад ороход миний өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Б.Чадраабал гэдэг хүн хүлээн авч хуучнаар ЗХУ-аас хуурай болон шингэн бараа, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж гээд бүх төрлийн ачаа зөөвөрлөж байсан.
Онгоц хоёр хөдөлгүүртэй. Нэг хөдөлгүүр нь 200, нийлээд 400 морины хүчин чадалтай. "Долгион", "Ургац, "Хөвсгөл" гээд гурван чиргүүлтэй. Жил бүрийн зургадугаар сараас арваннэгдүгээр сарыг дуустал ачаа тээвэрлэдэг байсан. Ийнхүү Монгол Улсын усан замын түүх, бүтээн байгуулалтын төлөө зүтгэж байгаад 1985 онд Хатгалд, хуучнаар Нефть бааз орчмын цагаан худгийн хажууд живсэн.
Тухайн үед дээрээс өгсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд онгоц, капитан хоёр нуур гэсэхээс хөлдөх хүртэл тээвэрт явдаг байв. 1985 оны арванхоёрдугаар сард тухайн жилийн төлөвлөгөө биелсэн, онгоцыг өвлийн зогсоолд нь байрлуулаад байсан. Тухайн үед Хөвсгөл аймгийн Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаа гэж байлаа. Энэ захиргааны даргаар Т.Заяат гэж хүн ажиллаж байсан. Сүхбаатар онгоц Ханхад очоод өвлийн зогсоолдоо байрласан байхад нь Заяат дарга “Дахин нэг тээвэрт яаралтай явах хэрэгтэй” гэж үүрэг өгсөн байдаг.
Дээрээс өгсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд онгоц, капитан хоёр нуур гэсэхээс хөлдөх хүртэл тээвэрт явдаг байв
Энэ үүргийн дагуу арванхоёрдугаар сарын 10 хавьцаа онгоцоор ачаа тээвэрлэж Хатгалд Нефтийн бааз дахь зогсоолд ирэхэд мөс маш зузаан болсон, онгоц мөсийг зүсэн орж чадахааргүй байв.
Ингээд зориулалтын зогсоолдоо орж чадахгүй байтал Нефтийн бааз нь тухайн үед Монгол Улсын чухал объект байсан учраас уурын хөдөлгүүрт онгоц хажууд нь зогсоож болохгүй, холдуул гэсэн. Тиймээс Нефтийн баазаас цагаан худаг хүртэл 500 метр газрыг 13 цаг туулж, мөс зүсэн байж хүрсэн. Таван зуухан метр газрыг 13 цаг туулсан гэхээр мөсний зузаан ямар түвшинд байсан нь ойлгомжтой биз.
Аймгийн Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны дарга Т.Заяат “Дахин нэг тээвэрт яаралтай явах хэрэгтэй” гэж үүрэг өгсөн.
Энэ хугацаанд онгоцны их биед гэмтэл, цууралт гарсан байхыг үгүйсгэхгүй. Улмаар онгоц живэх шалтгаан болсон байж болзошгүй. Гэхдээ үүнийг тогтоогоогүй.
Ажилчид өвлийн зогсолтын үйлчилгээг хийгээд явсан, маргааш нь онгоц живсэн. Тухайн үед хариуцлага хүлээсэн хүн байхгүй. Усан замын газрын дарга нь Цэнгэлчулуун гэж хүн байсан. Гэхдээ Усан замын газрынханд буруу үгүй. Цаанаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу л ажил гүйцэтгэсэн шүү дээ.
Миний хувьд энэ онгоцыг татан гаргасан явдалд сэтгэл маш өндөр байна. Учир нь манай өвөө онгоцыг анх хүлээн авсан. Дараа нь аав маань 1967-1992 оныг хүртэл онгоцны капитанаар, Усан замын даргын албыг хашиж байгаад тэтгэвэртээ гарсан. Энэ онгоцыг гаргах аавын минь олон жилийн мөрөөдөл байлаа. Өнөөдөр аавын минь мөрөөдөл биелж байгаад үнэхээр баяртай байна” гэж ярилаа.
Монгол Улсын усан замын тээврийн хөгжилд 15 дахь жилдээ хүчин зүтгэж буй Б.Нэргүй Сүхбаатар хөлөг онгоцны живсэн шалтгаан байж болзошгүй хоёр үндэслэлийг нэрлэв.
ОНГОЦ ОДОО ХЭНД ХЭРЭГТЭЙ ВЭ?
"Сүхбаатар" онгоц нь 2-3 чиргүүл онгоц чирч, цагт 18-20 км/цагийн хурдтай Ханхаас Хатгал, Хатгалаас Ханх тийш зорино.
1955 онд ашиглалтад орсон энэ хөлөг онгоц 1985 онд ашиглалтаас хасагдах хүртлээ буюу Хөвсгөл нуурт живэхийн өмнөх 30 жилийн хугацаанд 49,7 сая төгрөгийн орлоготой ажиллаж анхныхаа үнийг 17 дахин нөхөн олжээ. Сонирхуулахад нэг удаа хөвөхдөө 60-70 куб метр мод, жилд 3861 куб метр мод түлдэг байсан аж.
Харин одоо бол шаварт “баригдсан”, элэгдэж эвдэрсэн энэ онгоцыг юунд ашиглах, 309 тоннын жинтэй "аварга" эдийг далайн гүнээс татан гаргахад хэн, хэрхэн ажилласан талаар дараагийн сурвалжилгаар хүргэнэ.
Үргэлжлэл бий...