Гүний уурхайд говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн зохиосон Үлэмжийн чанар дууг дуулснаар “Салхины хээ” үзэсгэлэнг энэ сарын 9-нд нээв.
Энэ нь гүний уурхайд нээгдсэн анхны үзэсгэлэн. Уран зураг, гоёмсог шаазангуудыг заавал хотын төвийн үзэсгэлэнд, саруул танхимуудад толилуулах албагүй гэдгийг энэ үзэсгэлэн гэрчиллээ.
Хүмүүс хаана байна, тэнд урлаг байх нь зөв гэсэн зарчмаар үзэсгэлэнг 1256 метрийн гүнд, анхдагч бутлуур, уурхайн том техник хэрэгслүүдийн хүнгэнээн дунд нээлээ. Өргөгч цамхгаас дөнгөж буух ажилчдыг Ардын уран зураач, төрийн соёрхолт зураач Ш.Чимэддоржийн бүтээлүүд угтсан юм.
“Оюу толгой”-н гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн хэсгийн инженер Т.Энхсаруул “Уурхай руу ороод иртэл урлагийн бүтээлүүд угтахад их гайхсан. Гоё санагдаж байна. Би хоёр дахь жилдээ ажиллаж байна. Гүний уурхайд үзэсгэлэн нээснийг анх удаа харлаа. Хотод байхдаа Уран зургийн галерейгээр ордог. Ер нь үзэсгэлэн үзэх дуртай. Ажил дээрээ ийм үзэсгэлэн гарсныг харах сонин, сайхан байна. Гүний уурхайд халуун, бүгчим тул хүнд төрөлд ордог. Гэсэн ч үзэсгэлэн гаргаж болдог юм байна. Даанч хоёр хоногийн турш л энэ бүтээлүүдийг энд дэлгэнэ” гэв.
ҮЗЭСГЭЛЭН ГАРНА ГЭЖ ДУУЛААД МИНИЙ САНААНД БАГТААГҮЙ
Гүний уурхайн хөтөч Г.Содончимэг “Би тав дахь сардаа ажиллаж байна. Өмнө нь энд ийм үзэсгэлэн гарч байгаагүй юм билээ. Гэсэн ч бид аль болох үзэсгэлэнгийн стандартад нийцүүлэхийн тулд Аюулгүй байдлын болон Ложистикийн албаныхантайгаа хамтарч ажиллалаа. Эхлээд үзэсгэлэн гарна гэж дуулаад миний санаанд багтаагүй. Маш онцгой санагдаж байна” гэв.
Гүний уурхайн өглөөний ээлжийн ажилчид өглөө 07.00, оройн ээлжийнхэн 19.00 цагт ирдэг. Тэд өргүүрээс дөнгөж гарахад угтуулан алдарт зураачийн шаазан дээрх зургууд, вааруудыг байршуулжээ. Хэдий хоёр өдөр үргэлжлэх ч гүний уурхай руу буух хэдэн зуун хүн энэ үзэсгэлэнг үзэх боломжтой.
“Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүхээс “Оюу толгой” компани соёл урлагийг дэмжин, хөгжүүлэхэд ямар ажлууд хийсэн, яагаад Ш.Чимэддорж гуайн бүтээлүүдийг уурхайчдад танилцуулахаар сонгосон талаар асууж ярилцав.
МОНГОЛЧУУД БАЙГАЛИЙГ ЗАХИРЧ БИШ, АРГАДАЖ АМЬДАРСААР ИРСЭН
-Ш.Чимэддорж бол Монголыг шидэт бийрийнхээ гайхамшгаар дэлхийд таниулж буй, орчин цагийн Монголын Пикассо. Тэрээр уран бүтээлдээ монголын байгаль, монгол хүн, морь дүрслэх нь элбэг. Эх орондоо төдийгүй дэлхийд танигдсан хүн. Өнгөрсөн зун бид Ховд явсан юм. Би шувууны гэрэл зураг авахаар, Ш.Чимэддорж ах уран бүтээлээ хийхээр явсан.
Тэр үед надад гүний уурхайд уран зураг дэлгэх санаа төрж, энэ тухай хэлтэл “Болох юм уу” гээд их гайхсан. Тэгэхэд би Ш.Чимиддорж ахад Ханбогд хайрхны гүнжийн домгийг ярьсан юм. Бид жилийн дараа үзэсгэлэнгээ нээлээ.
Урлагийн бүтээлүүдийг хараад байгаль, Ханбогд хайрхан, Ханбогдын гүнж баясна. Хөгшчүүл “Юм бүхэн учиртай, сүм бүхэн гичиртэй” гэдэг дээ.
Уул уурхайн компани гэхээр л газар ухдаг, байгаль сүйтгэдэг гэсэн ойлголт бий. Үүнийг эерүүлэх зорилгоор энэ үзэсгэлэнг гаргасан. Бид эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар бүтээх алсын хараа, уриатай. Соёлын өв, уламжлал, орчин цагийн урлагийг бид яаж дамжих вэ гэдгээс энэ санаа төрсөн. Бид эх дэлхийгээс баялгийг нь авдаг тул аргадах ёстой юм.
Бидний өвөг дээдэс эх дэлхийтэй уялдаатай, зохицолдолгоотой байсаар ирсэн нь эдүгээ цагт уламжлагдах ёстой. Монголчууд байгалийг захирч биш, аргадаж амьдарсаар ирсэн. Байгаль бидэнд ус, түлээгээ өгч байх ёстой гэлгүй, байгальтай зөвшилцөн, зохицож амьдрах ёстой.
Бид зэсийн хүдрээс баяжмал үйлдвэрлэж байгаа ч байгальтай эвлэрэнгүй амьдрахын тулд хүн бүр “Ханбогд хайрхан минь, биднийг өршөөнө үү, харж үзээч” гэхээс илүүтэй урлагаар дамжуулан харилцдаг ёс бий. Гологдсон хурга, ботгыг бидний эхэд нь яаж амлуулдаг билээ? Урлагийг дэлхий даяар орчуулалгүй ойлгодог.
Бид энэ зарчим, философид тулгуурладаг. Энэ үзэсгэлэнг яагаад нээв гэхээр өдгөө ба ирээдүйн Оюутолгойчуудын үйл хэргийг даатган, адислууллаа. Урлагийн бүтээлүүдийг хараад байгаль, Ханбогд хайрхан, Ханбогдын гүнж баясна. Хөгшчүүл “Юм бүхэн учиртай, сүм бүхэн гичиртэй” гэдэг дээ. Бид өмнө нь 21 дарь эхийг гүний уурхайдаа залсан нь мөн ийм зорилготой байв.
Би энэ үзэсгэлэнд бэлдэх явцдаа гүүглээс хайхад гүний уурхайд үзэсгэлэн гаргасан тухай мэдээ олоогүй. Тэгэхээр анхдагч үйл явдал боллоо. Манай улсын сүүлийн 100 жилд ийм үзэсгэлэн гарч байгаагүй гэдгээрээ онцлог.
Гүний уурхайд нэрт шаазан урлаач Х.Хадхүүгийн урласан 21 дарь эхийг залсны сацуу Морин хуурын чуулга 2022 онд мөн гүний уурхайд тоглосон байна.
Зураач Ш.Чимэддорж “Би жилд 3-4 үзэсгэлэн гаргадаг. Олон үзэсгэлэн гаргасан болохоор нийт хэдэн үзэсгэлэн гаргаснаа мартжээ. Энэ удаагийн үзэсгэлэнд нийт 30 бүтээл багтсан. Дандаа шинэ бүтээлүүдээ авчирлаа. Бие даасан үзэсгэлэн дотроо том хэмжээнийхэд тооцогдоно. Улаанбаатараас энэ хүртэл зураг, баримлуудаа тээвэрлэх, байрлуулах, дэглэхээс өгсүүлээд их ажил боллоо.
Говь их салхитай. Салхи бүр өөрийн урсгалуудтай. Энэ дотор ч салхи бий. Гэнэт шуураад л тэгснээ нар гарч, салхи намддаг нь нэг хүнд, нэг хөнгөн гэх мэтээр яг л уран зураг зурж буй мэт. Хүний сэтгэл ч тийм учраас үзэсгэлэнгээ “Салхины хээ” гэж нэрлэв. Би өөрөө говийн хүн. Говийн салхи дэндүү уран” гэж нээлтийн үеэр ярив.
ДОМОГ АМИЛЛАА
“Салхины хээ” үзэсгэлэнгийн онцлох уран бүтээл нь Ханбогд хайрхны лусын дагиныг дүрсэлсэн бүтээл юм. Зураач энэ бүтээлээ хоёр долоо хоногт бүтээжээ. Тэмээ сүрлэг том эврээ буганд алддаг домгийг санаж, цагаан тэмээг эвэртэйгээр дүрсэлсэн байна. Харин домогт тэмээг эвэргүй дүрсэлдэг.
Домгийг сийрүүлбэл, говийн догшин хутагт Данзанравжаа 1830 оны намрын нэг өдөр Ханбогд хайрханд саатжээ. Түүний зүүдэнд цагаан тэмээ унасан, богцондоо аргалын хурга хийсэн, ногоон дээлтэй үзэсгэлэнт гүнж үзэгдэж, энэ нутагт хийд байгуулбал сайн сан гэжээ. Ханбогд хайрхан бол Галбын говийн амин шүтээн. Мөн энэ нутаг эрчим ихтэй хэмээн Данзанравжааа Дэмчогийн хийдийг байгуулсан түүхтэй аж.
Нутгийнхны дунд тархсан аман яриагаар Данзанравжаа хийд байгуулсан хадан дээр сууж байтал цагаан тэмээтэй эмэгтэй үзэгдсэн гэх нь ч бий. Ямартаа ч тавхан настайдаа тодорч “Үүл нь гараад бороо орох цагт үүдэн хоймрын ялгаа юун, Үйл нь ирээд үхэхийн цагт хөгшин залуугийн ялгаа юун” хэмээн шүлэглэсэн хутагтын дүрсэлж үлдээсэн гүнжийг уран зурагт буулгажээ. Үзэсгэлэнгийн нээлтэд оролцогчид “Домог амиллаа” хэмээн ихэд бэлэгшээсэн юм.
ГҮНЭЭС ОЛБОРЛОДОГ БАЯЛАГ МОНГОЛ ХҮНИЙ ОЮУН, АВЬЯАС БИЛГЭЭС УНДАРСАН БАЯЛАГТАЙ ЗОЛГОЛОО
Шог зураач С.Цогтбаяр:
-2018 онд би санаачлаад шаазан урлаач Х.Хадхүүгийн Өндөр гэгээний дэг сургуулиар хийсэн, 21 дарь эхийн шаазан бүтээлээр энд үзэсгэлэн гаргасан. Энэ уламжлал үргэлжилж байна. “Оюу толгой” компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд урлаг соёлыг дэмжих үйл ажиллагаа улам өргөжжээ. Газрын гүнд, 1256 метрийн доор үзэсгэлэн гаргасан нь Генниссийн номд орохоор үйл явдал. Газар доор байдаг давсны уурхайд давсаар хөшөө баримал хийж, хүмүүст үзүүлдэг гэж би дуулсан. Харин нэг км-ын доор уран зургийн үзэсгэлэн гарлаа гэж сонсоогүй.
Гүнээс олборлодог баялаг монгол хүний оюун, авьяас билгээс ундарсан баялагтай золголоо. Энэ тохиол сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Бид өглөө МИАТ-ын онгоцоор наашаа ирсэн. Бидний аялал эхлэхдээ л үлгэр домгийн, зүүдний мэт байна. Хоёр цагийн өмнө 10-аад мянган метрийн дээр нисэж явсан бол одоо газрын гүнд, 1256 метрийн доор үзэсгэлэн үзэж байгаа нь итгэмээргүй.
Газрын баялгаа ашиглаад эргүүлээд өв соёлдоо хувь нэмэр оруулж байгаа нь сайхан байна. Гүний уурхайд үзэсгэлэн нээх нь гайхалтай сэтгэлгээ, бүтээлч санаа гэж би хэлнэ. Бүхнийг мөнгөөр хэмжиж болохгүй. Урлаг, гоо сайхны хүнд үзүүлэх нөлөөг хэмжих боломжгүй юм. “Оюу толгой” энэ бодлогоо цаашид ч үргэлжлүүлээсэй. 1.2 км-ын доор, дуу чимээтэй орчинд ажилласан хүмүүс гарч ирэхэд нь уран зураг өлгөсөн байхыг хараад сайхан санагдана шүү дээ.
Ш.Чимиддорж зураачийг би их хүндэлдэг, миний дээд үеийн уран бүтээлч, цаг үетэйгээ хамт алхаж чаддаг, орчин үеийн монголын том төлөөлөгч, их хөдөлмөрч хүн. Олон оронд үзэсгэлэнгээ гаргасан зураачийн бүтээл Оюутолгойчуудын хүртээл болсонд баяртай байна.
БУРИАДЫН НЭРТ УРАН БАРИМАЛЧ ДАШИ НАМДАКОВ ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ
“Салхины хээ” үзэсгэлэнгийн хүндэт зочин Буриадын нэрт уран барималч Даши Намдаков байв. Тэрээр жилд 2-3 удаа Монголд ирж амардаг, найзуудтайгаа уулздаг аж. Энэ удаад гүний уурхайг үзэх, үзэсгэлэнгийн нээлтэд оролцохоор иржээ. Тэрээр “Ш.Чимиддорж гуайн бүтээлүүдийг би эртнээс мэднэ.
Бид нэг салбарынхан тулд би түүнийг сайн мэднэ. Биечлэн танилцах завшаан олдсонд их баяртай байна. Миний хувьд энэ хүн их алдартай уран бүтээлч. Түүний бүтээл бүр бидэнтэй “ярьдаг”. “Салхины хээ” үзэсгэлэнгийн утга үнэхээр супер. Бид байгалиас их зүйл авдаг. Уран бүтээлээрээ байгальд эргүүлээд талархлаа илэрхийлж байгаа санаа нь таалагдлаа. 1256 метрийн гүн дэх энэ уурхай, үзэсгэлэн гээд бүгд л надад их сонин, шинэ байна. Уул уурхайн, хувийн компани ийм ажил хийж байгаа нь их сайхан санагдлаа” гэсэн юм.
“Салхины хээ” үзэсгэлэнг гүний уурхайд хоёр өдөр дэлгээд, дараа нь энэ сарын 15-ныг хүртэл газрын гадарга дээр буюу уурхайчдын спорт танхимд дэлгэнэ. 1256 метрийн гүнд уран зургийн үзэсгэлэн гаргасан нь манай улсын дүрслэх урлаг төдийгүй уул уурхайн салбарын түүхэн дэх анхны бөгөөд өвөрмөц, содон үйл явдал юм.
“Оюу толгой” компани “Түүх соёлын өв” хөтөлбөрийн хүрээнд, гүний уурхайн үйл ажиллагаа эхэлсний нэг жилийн ойд зориулан үзэсгэлэнг дэлгэжээ.