Өвс ургамал ургахгүй сийрэгжиж, малын хамар хатгах өвсгүй болж цөлжилт говиосоо хангай руугаа жилээс жилд түрэх болсон гэж хүн бүр хэлдэг. Тэгж ч ажиглагдаж байна. Үүнийг дэлхийн дулаарлын нөлөө л гэж ярихаас хүний буруу үйл ажиллагааны нөлөө гэж үзэхээ бараг мартжээ. Бүгд л "уур амьсгалын өөрчлөлт", "дэлхийн дулаарлын нөлөө" гэсэн дийлдэшгүй хүчний нөлөөгөөр түрээ барих болсон. Энгийн ардаасаа төрийн түшээ хүртлээ дээрх шидэт үгсийг шүүрэн авч хэрэглэдэг нь хариуцлагаас мултрах монгол арга ухааны нэг сод илэрхийлэл юм. Дэлхийн бөмбөрцөг хэт үйлдвэржилт, агаар мандал дахь хүлэмжийн хийн гайгаар ерөнхийдөө дулаарч буй нь үнэн ч өнөөхөндөө тэр нөлөөллийг нь хамгийн гайхамшигтай мэдэрсэн улс чухамдаа биднээс өөр алга байна. Уур амьсгал дулаарлаа ч түүний хүчинд орох биш сөрж, дасан зохицож, уламжлалт аж ахуйгаа хэрхэн тохируулж авч явах нь чухлыг огт бодохгүй, бодохыг ч хүсэхгүй байгаа нь хамгийн аюултай, сэтгэл эмзэглүүлэм юм. Элсний нүүдэл, цөлжилт сүүлийн үед огт санаанд оромгүй байдлаар ажиглагдах болсон нь гайхшрал төрүүлж эхэллээ. Говиосоо хангай руугаа элс нүүж, цөлжилт явагдаад байна гэсэн бидний бодлыг энэ нь огт өөр зүгт хандуулж байна. Юу гэвэл Монгол орны маань хамгийн хойд талын ногоон бүрхүүлт Хөвсгөл аймгийн зарим сумдад ургамлын гарц муудаж, элсжиж, цөлжилтийн шинж тэмдгүүд улайран толборч эхэлсэн мэдээ өөрийн эрхгүй анхаарал татах юм. Тэгэхээр ургамал ургахаа байж, дараа нь тэр газрын хөрс эвдэрч, элс шороогоор эргэхийг цөлжилт гэж ойлгохоос өмнийн говийн элсэн манхан нэг шөнийн салхиар хойшоо шуурч нөмөрчихөөд байдаг хэрэг биш гэдгийг харуулж байна. Ганц Хөвсгөл ч биш хангайн бусад аймгийн нутаг алаг цоог цөлжөөд эхэлчихэж. Ямаанаас жилдээ ганцхан хүртдэг хишиг нь хавартаа нэг авдаг ноолуур. Энэ түүхий эдийн үнийг өмнөд хөршөөс хөөрөгдөж ямааны тоо толгой өсөхөд үлэмж хувь нэмэр оруулж байгаа нь бүхний нүдэн дээр ил боллоо. Тэмээний чинь тавхай хэрэгтэй гэвэл тэмээгээ, бугын чинь чив хэрэгтэй гэвэл бугаа, тарваганы чинь арьс хэрэгтэй гэвэл тарвагаа барж дуусдаг хөөрхийлөлт хувь тавилантайгаа бид эвлэрч дуусчээ. Одоо тэгвэл ямаа гэж ганц амьтнаар газар нутгаа цөлжүүлж чимээгүй аян дайнд морджээ. Арав, хорь, тавь, зуун жилийн дараа л бид энэ чимээгүй аюулын бодит биеллийг үзэж, итгэх ёстой юм шиг хандаж болохгүй. Ноолуур манай улсын эдийн засагт багагүй ашиг авчирдаг ч газар нутаг, өвс ургамлынхаа үнэ цэнэтэй харьцуулахад юухан нь мэдээж. Дэлхийд ямааны мөр үлдээсэн улс гэж нэрлэгддэг Марокко, Тунис, Алжир зэрэг орон байдаг. Тэд бүгд л ямаанаасаа болж тоосоо гүвүүлсэн улс юмсанж. Ямааныхаа тоо толгойг цөөлөхөд гол анхаарлаа хандуулж ажиллах шаардлага төр засаг, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхааран ярьж шийдэх асуудал болсон нь нэгэнт тодорхой болоод байна. Ямааны хөлийн татварыг өндөрсгөх, хонь үхрийнхийг эрс бууруулах, ноолуурын экспортыг хязгаарлах зэргээр тоо толгойн зохистой хэмжээнд хүргэх наад захын гарц шийдлүүд байна. Ямаа олширсон сумдад газар нутаг улаан халцгай шахам болж байгаа нь ургамлын ургалтад энэ амьтны үзүүлэх нөлөө ямар хор, аюултайг бэлхнээ харуулна. Сумын төвийн цаг уурын хашаанд өвс гайхам сайхан ургасныг хараад малчид нутаг усных нь ургамлын гарц сайжирч өгөхгүй байгаад алмайран гайхширч байна. Тэд ч ямааны аюулыг мэдэж байна. Гагцхүү төрийн бодлого, нэгдсэн зохицуулалт байхгүй учир ганц нэгхэн хот айл, малчдын хэрээс нь хэтэрчээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол улсын эдийн засаг, экологийн эмзэг байдал ба хүний аюулгүй байдал” товхимолд бэлчээрийн доройтолд сүргийн бүтцийн асуудал онцгой нөлөөлж байгааг онцлон дурьдсан нь анхаарал татна. Олон улс гадаадын байгууллага Монгол улсын энэ эмзэг байдлыг олоод харчихсан бидэнд цагаан дээр хараар бичэн хэлж байна. Бид л түүнийг үл тоомсорлож нохой хуцсан чинээтэй санахгүй байгааг нуух юмгүй. Тэгээд цаашид яах вэ. Бусад улс орнуудын гашуун туршлага, түүхий ноолуураас олж буй өнөө маргаашийн явцуу ашиг, урьд түүхэнд тохиолдож байгаагүй байгалийн өөрийнх нь нөхөн сэргээх даацаас хэтэрсэн малын хөлийн ачаалал бий болсныг орон нутгийн удирдлага, мал аж ахуй эрхлэгчдэд мэдүүлэх шаардлагатай болжээ. Ургамлын нөмрөгийн доройтол нь сүргийн бүтэц, тоо толгойтой нягт холбоотойн учир шалтгааныг ямаан сүргийн хүчин зүйлээр тайлбарлаж шийдвэр гаргагч нарт зөв үндэслэлтэй мэдээлэл, дүгнэлт гаргаж өгөх хэрэгцээ шаардлага гарч байна. Ямаа "хүйтэн хошуутай" мал гэдгийн уг , агуулгыг өргөнөөр нээж монгол нутагт үе дамжин аж төрж ирсэн мал маллагааны уламжлал, бэлчээрт байх ёстой малын тоо хэмжээний асуудлыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тавьж холбогдох шийдвэрийг гаргуулах цаг болжээ. Мянган малтай болсон малчин "Тэргүүний" байдаг буруу жишгийг халж бэлчээр усыг зөв зохицуулсан, төрлийн зөв, бүтэцтэй, байгальд халгүй сүргийг бий болгосон малчин ардыг хөхүүлдэг уламжлалыг хэвшүүлэх хэрэгцээ гарч байна. Бэлчээрийн доройтолд хандсан ул суурьтай эрдэмтдийн судалгаа өнөөдөр үгүйлэгдэж эхэллээ. Монголын онгон дагшин байгаль, өвс ургамал, уламжлалт ахуй соёл гээд бид хэдэн зууны турш бүтээж ирсэн бүх үнэт зүйлсээ ганц "ямаа" гэж амьтантай тэнцүүлж энэ цаг үед үгүй хийх дээрээ тулжээ "Дэлхийн дулаарлын нөлөө", "Уур амьсгалын өөрчлөлт” гэсэн шидэт үгсээр халхавч хийж хаа хаанаа хэн хэнийгээ хуурч мэхэлсээр удлаа. Сүрэг сүрэг ямааны мөр харин эх Монголд минь элсэн цөлийн эмгэнэлт хувь тавиланг дуудаж байна.
Л.Моломжамц