УЛААНБААТАР, 2023-07-10. Өнөөдөр Монголын Эдийн Засгийн Форумын үеэр Байгаль орчин аялал жуулчлалын яам, Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллага болон бусад холбогдох талууд хамтран Байгаль хамгааллын итгэлцлийн санг байгуулах гэж буй талаар зарлаж, хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд байгаль хамгааллын салбарын тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, түүнийг удирдан зохицуулах, байгаль хамгааллын урт хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор “Байгаль хамгааллын итгэлцлийн сан”-г олон улсын байгууллагуудтай хамтран үүсгэн байгуулж байна.
“Байгаль хамгааллын итгэлцлийн сан нь биологийн олон янз байдлыг хамгаалах, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтод тусгагдсаны дагуу 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 22.7 хувиар бууруулах зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох чиглэлд авч буй арга хэмжээ, хүчин чармайлтыг хурдасгаж, байгаль хамгааллын салбарт тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгоход томоохон түлхэц болох юм. Энэхүү сан нь “Тогтвортой хөгжлийн зорилт – 2030”, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангахад бодитой хувь нэмэр үзүүлнэ гэж үзэж байна” хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ онцолсон юм.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хийсэн судалгаанаас харахад байгаль хамгаалах нийт зардлын 44,4% нь улсын төсвөөс, үлдсэн 55,6%-г олон улсын хандив, тусламжаас бүрдэж байна. Тухайлбал, улсын тусгай хамгаалалттай газруудын санхүүжилтийн дийлэнх буюу 80% орчмыг нь цалин болон бусад урсгал зардал эзэлж байгаа бөгөөд байгаль хамгааллын менежментийн арга хэмжээнд зардал хүрэлцдэггүй хэвээр байгаа юм. Иймд хоёр болон олон талт хандивлагчид, хувийн сангууд, хувийн компаниудын хандив, улсын төсөв, хөрөнгө оруулалтын орлого, санхүүжилтийн механизмын орлого гэх мэт олон төрлийн санхүүжилтийн эх үүсвэрүүдээс санхүүжилт босгон түүнийг зохистой удирдан зарцуулах хэрэгцээ шаардлагын хүрээнд Байгаль хамгааллын итгэлцлийн санг байгуулах болсон юм.
“Байгаль хамгааллын итгэлцлийн сан нь хараат бус статусаар зохих хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, байгаль хамгаалах хэтийн зорилгод хүрэхэд шаардагдах санхүүжилтийг бий болгох тогтолцоо юм. TNC байгууллага нь холбогдох доноруудтайгаа хамтран Байгаль хамгааллын байнгын санхүүжилт санаачилгын хүрээнд 71 сая ам.долларыг тус санд бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Байгаль хамгаалах итгэлцлийн сан нь сүүлийн 20 гаруй жилийн турш олон улсад маш эрчимтэй хөгжиж байна. Олон улсад нийт 108 итгэлцлийн сан байгуулагдсанаас 60 гаруй сангийн үйл ажиллагаа нь харьцангуй тогтворжсон бөгөөд нийт 2 тэрбум орчим ам.долларын хөрөнгийг удирдан зохицуулдаг юм” хэмээн ТNC байгууллагын Далай, газар, ус хамгааллыг глобал түвшинд хариуцсан захирал Жеффри Парриш хэлсэн юм.
Монгол Улсын байгаль хамгааллын итгэлцлийн сан нь олон улсын сайн туршлагын дагуу ил тод, хүртээмжтэй байдлаар байгаль хамгааллын төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, шинжлэх ухаанд суурилсан хяналт мониторинг хийх, техникийн болон аудитын санхүүгийн тайлан боловсруулах, мөн байгаль хамгааллын санхүүжилтийг нэмэгдүүлэх санхүүгийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх зэрэг боломжуудыг олгосон нарийн тодорхой бодлого, журам баримтлан ажиллана. Монгол Улсын төрийн бодлого, олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бүрэн санхүүжүүлэх зорилгоор тус бие даасан, хараат бус, байнгын санг байгуулах юм.
Байгаль хамгааллын итгэлцлийн сан нь Монгол Улсын засгийн газар болоод ТNC байгууллагын хамтран хэрэгжүүлэх Өнө Мөнхийн Монгол буюу Байгаль хамгааллын байнгын санхүүжилт санаачилгын гол бүрэлдэхүүн юм. Мөн энэхүү санг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Байгаль, Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS), Биологийн олон янз байдлын сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга (БИОФИН) төсөл, байгаль хамгааллын бусад төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эдийн засаг, хөгжлийн яам Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төрийн байгууллагууд хамтран ажиллаж байна.
Бие даасан, хараат бус Байгаль хамгааллын итгэлцлийн сангийн албан ёсны нээлт олон талын оролцоотойгоор ирэх сард зохион байгуулагдана.