ХОНХНЫ БАЯР ХОНЖОО ХАЙГЧДЫН ОЛЗ БОЛЖЭЭ
ИЗИС-ийн төгсөх ангийн оюутан Г төгсөлтийн баяртаа оролцохоор үс зүсээ гоёж, дэгжин дээлээ өмсөөд сургуульдаа очтол улаан хивс угтсангүй. Уур уцаар буцалсан ангийн нөхөд нь тосов.
Төгсөлтийн баярыг нь зохион байгуулахаар тохирсон “Gamma” студийнхэн газрын гаваар орсон мэт ор сураггүй болсон тухай сонсоод тэрбээр уйлах ч биш, дуулах ч биш болжээ. Тэднээс гадна гурван ангийн 100 гаруй оюутан гэгэлзсэн сэтгэлээ гомдлоор солих нь тэр.
Оюутнууд тэднээр хонхны баяр, ресторан болон амралтын үйл ажиллагааг зохион байгуулах, хамтлаг дуучид урьж оролцуулах, дүрс бичлэг, зургийн цомог бэлтгэх, автобус хөлслөх зэрэг ажлыг хийлгэхээр хүүхэд бүр 250 мянган төгрөг төлөхөөр болж, урьдчилгаа төлбөрт 50 хувиа өгсөн ч алга болсон нь тэр байжээ.
“Өмнөх өдөр нь маргаашийнхаа тухай болон өөрийнхөө хэрхэн харагдахыг төсөөлж, өглөө болохыг хүлээн, нойр ч хүрэхгүй, ямар их догдолж хоносон билээ дээ. Дараа нь судлаад үзтэл, “Gamma” студи гэсэн бүртгэлтэй газар хаана ч байхгүй байв. Оюутан насны минь амьдралын хамгийн гунигт өдөр тэр байсан” гэж өнгөрсөн жил сургуулиа төгссөн Г өгүүлсэн юм.
ЭМШУИС, МУИС, ШУТИС, “Идэр” дээд сургуулийн төгсөгчид ч ийм луйварчидтай таарчээ. Энэ жилийн төгсөгчдөд ч гэсэн ийм харамсалтай явдал тохиохгүй гэх баталгаа үгүй. ИЗИС, БХИС-иар эхлэлээ тавьсан энэ хаврын төгсөлтийн баяр үргэлжилсээр байна. Охид дээлээ захиалж, овсгоотой бизнесмэнүүд төгсөлтийн баярын багцаа сурталчилж явна. “Хөгжлийн хараацай” ХХК, “Соно”, “Seven”, “Жааз” энтертайнмент, “Green box”, “Аз” продакшн зэрэг байгууллагынхан их, дээд сургуулиудаар орж, баярын багцаа танилцуулж, ухуулга хийж байгаа сурагтай.
Ресторан, амралтын үйлчилгээ, зургийн цомог, хонх гээд багцад багтахгүй зүйл бараг үгүй. Багц болгон өөр өөр. 150-300 мянган төгрөгийн үнэтэй. “Төгсөлтийн баярыг чинь төгс зохион байгуулж өгье” гээд төлбөрийнхөө хагасыг нь оюутнуудаас аваад алга болдог хүмүүс хонхны баяр дөхөхөөр л гарч ирдэг аж.
Улсын сургуулиудын хувьд төгсөлтийн баярын үйл ажиллагааг оюутнууд өөрсдөө хариуцдаг болохоор сайн судалсны үндсэн дээр зохион байгуулагчаа сонгохгүй бол “шатах” магадлал өндөр. Харин хувийн сургуулиудын хувьд захирлын зөвлөлийн хурал хийж, уг баярын зохион байгуулалтад ихэд анхаардаг нь ашгийн төлөө гэж хардах оюутнууд цөөнгүй.
Зохион байгуулагчид бүгд, оюутнуудыг ингэж хулхидахгүй ч гэсэн ямар нэгэн байдлаар хийх ёстой зүйлээсээ заавал дутуу дулимаг хийдэг нь оюутнуудын ярианаас илт байлаа. Зарим нь монтажаа хийж өгөхгүй, зарим нь автобусандаа суулгаж явснаа гэнэт эвдэрлээ гэж зогсоод хөдөлж өгөхгүй гүрийнэ, хөөрхий оюутнууд өндөр өсгийтөө тайлаад хөл нүцгэн гүйж хөгөө чирдэг гэнэ.
“Амралтанд хүргэж өгөх автобус хотоос дөнгөж гараад эвдэрчихлээ гээд зогсчихсон. Арга ядаад гэрээсээ хүн дуудаж, машинд хуваагдаж суугаад хүрэх газраа очсон. Хүн нээрэн үнэхээр муухай болсон юм байна лээ” гэж ЭМШУИС-ийн эм зүйн ангийг төгссөн залуу ярьсан.
Хавар болохоор хонхны баярыг далимдуулсан энэ мэт луйврын талаар өргөдөл ЦЕГ-т ирдэг гэж уг газрын Олон нийттэй харилцах ажилтан мэдээлэв. Ийм байдлаар хонхны баяр хонжоо хайгчдад сайхан боломж болдог ажээ.
ГОЁСОН ГАЦУУР АДИЛ ГАНГАН ЗАЛУУС
Дээдсийн хүрээний хүүхнүүд өмсөж зүүснээрээ өрсөлддөг шиг оюутан охид хонхны баярын өдрөө үсний засалт, өмссөн дээл, гутал, барьсан цүнх, зүүсэн ээмэг бөгжөөрөө битүүхэндээ уралддаг нь нууц биш.
Тэр өдрийн гоёлыг тооцоод үзвэл, дунджаар 300-500 мянган төгрөг зарцуулдаг. Загварын тэмцээнд оролцохын дайтай юм болж, нэг өдөр Үнсгэлжинд хувирдаг охид олон.
Бас болоогүй ээ, багш нар болон сургуульдаа дурсгах бэлэг гээд татаас мөнгө мундахгүй. Төгсөлтийн баяртаа нэг оюутан дунджаар 500.000- 2.000.000 төгрөг зарцуулдаг аж. Өдөр бүр машины өнгө, загвараа сольж хичээлдээ ирдэг баян оюутнуудын хувьд энэ нь нэг өдөр наргих мөнгөнөөс бага санагддаг бол зарим нь хүний хувцас гуйж өмсөөд баяртаа оролцдог.
Ийм байдлаар хонхны баяр бол гангараа, бас шаналгаа. Учир нь дундаж амьдралтай нэгэн нь хүү, охиныхоо хонхны баярын товыг сонссон даруйдаа л мөнгөний эрэлд хатаж, санаагаа чилээнэ. Мөнгө олох гэж үгээ хэлж, үйлээ үзэвч, нөхдийнхөө дунд хүүхдээ барайн зогсохыг нь харахгүй гэсэндээ ээж, аавууд байдгаараа мэрийнэ.
Их сургууль төгсөж буй хүүгээ яаж ийгээд баярлуулахыг хүссэн эцэг, эхэд буруу байхгүй ч ингэж эрхлэх эрхтэй оюутан хэд төгсөж байгаа бол.
Оюунтнуудад өмссөн зүүснээрээ өрсөлдөж, ууж идэхээрээ гайхуулах нь утгагүй гэдгийг ойлгох ухаан дутав уу.
БАЯРЛАЖ Л БАЙВАЛ БАРАВ
Баярын утгыг алдагдуулсан бас нэг зүйл бий. Оюутнууд дипломоо хамгаалж, эрдмийн зэрэг хүртсэнийхээ дараа хонхны баяраа тэмдэглэдэг байтал зарим сургуулийн оюутнууд ромбо, дипломгүйгээр хонхны баяраа хийдэг болжээ. МУБИС тэргүүтэй сургуулийн оюутнууд хонхны баяраасаа сар гаруйн дараа диплом өвөртөлж, ромбоо зүүдэг. Үүнийгээ шалгалт шүүлэгтэй холбон тайлбарлах нь бий.
ХОНХ-ЛОНХ
Цэцэг, чихмэл тоглоом, чихрийн цуглуулга, оргилуун дарс, энгэрт зүүлттэй хонх, эрвээхий шиг чамин охид, эрдэм өвөртөлсөн хүүгээ үнсэх ижий, аав. Энэ бол хонхны баярын өглөөний дүр зураг. Оюутнууд сургууль дээрээ бужигналдаж байгаад Сүхийн талбайг хогийн сав болгож, тагтаа хооллонгоо сүүдрээ татуулчихаад, Зайсан толгой өөд өгсөнө.
Цаашлаад үнэтэй ресторанд орсны дараа амралтын газар руу явна. Тэнд очоод сүү уухгүй нь мэдээж. Амралтад яваад ядаргаанд ороод ирдэг гэсэн.
Манай улсад жилд 30 мянга гаруй оюутан их, дээд сургууль төгсдөг. Тэд бүгдээрээ эрдмийн баяраа энэ янзаар тэмдэглэж, уусан архи, дарсандаа шартсаар амьдралд хөл тавьдаг. Өмнөх өглөөг энгэртээ хонх зүүгээд угтсан бол, маргааш өглөө нь харин лонх тэврээд сэрдэг нь үнэн.
Баяр болгоноор балгах ёстой юм шиг архидаж заншсан манайхны хувьд төгсөлтийн баяраараа хатуу дарсыг шил шилээр нь мулталж өгнө. Хэн хэдэн шил хоосолсон гэдгийг тооцох боломжгүй ч хонхны баярын жишиг ийм гэдгийг мэдэхгүй хүн ховор биз. Оюутны он жилүүдэд багш нарынхаа хэлсэн, ярьсныг дагаж эрдмийн эрэлд гарсан хүүхдүүд энэ өдөр багш нарыгаа дагуулж яваад найр хийдэг.
Оюутнуудын дунд явуулсан судалгаагаар, архи, согтууруулах ундааг нэг дор их хэмжээгээр уудаг гэж 15-24 насны хүүхэд, залуучуудын 52 хувь нь санал нийлж байна гэжээ.
Манайд баяр ёслол болоход, тэтгэвэр тэтгэмж буух үед архидалт огцом ихсэж, эрүүлжүүлэх байрууд сог туучуудаар дүүрдэг гэдгийг мэргэжилтнүүд байнга хэлдэг.
Судалгаанд оролцогчдоос ямар тохиолдолд архи, согтууруулах ундааг их хэмжээгээр уудгийг тодруулахад давхардсан тоогоор дийлэнх нь буюу 91.3 хувь нь тэмдэглэлт өдрөөр, 86.8 хувь нь найзууд болон гэр бүлийн хүрээнд нийлж уух, 61.6 хувь нь цалин бууж мөнгөтэй болсны дараа гэх зэрэг нөхцлийг дурдаж байв.
“Ер нь хавар болж сургуулиудын төгсөлтийн баяр ар араасаа цуврах үед архидалт ихэсдэг. Баярыг хавтгайрсан архидалт болгодгоо болих хэрэгтэй” гэж олон нийт ярьж байгаа ч, биеллээ олох болоогүй байгааг энэ хаврын эхний баяраас харж болно.
“Их сургуулийн байтугай арван жилийн хонхны баяраараа архи хэтрүүлэн хэрэглэснээс гэмт хэрэгтэн болсон харамсалтай хэрэг хаа сайгүй байна. Оюутнуудыг баярын өдрөө бага ууж, ухамсартай оюунтан гэдгээ баталж, утга учиртай баярлахыг хүсэж байна” гэж ЦЕГ-аас анхааруулсан.
Манай улсад оюутан байтугай цэцэрлэгийн жаалууд төгсөлтийн зураг авахуулж, амттан, бялуу идэж, ангиараа тэмдэглэдэг болоод удаж байна. Цаашилбал, тав, ес, арван нэгдүгээр ангийнхан төгсөлтийн баяраа нүсэр тэмдэглэдэг болоод байгаа.
Энэ бол туйлшрах сэтгэлгээ туйлдаа хүрсний илрэл гэж шүүмжлэх хүн цөөнгүй. Баяр болгоноор ууж идэх нь хэрээс хэтрээд удаж байгааг олон нийт халаглан ярих ч архийг шүтсэн баярууд ар араасаа цуварсаар.
Төгсөлтийн баярын түмэн асуудал хөвөрсөөр.
М.Урантуяа