Увс нуурыг тойруулан гадаадын компани газрын тосны хайгуул хийж эхэлсэн нь олны анхаарлыг татаж эхлээд байна. Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга М.Анхбаяртай ярилцлаа.
-Монголоор тогтохгүй дэлхийд данстай Увс нуурыг хэзээ, хэрхэн дархан цаазат болгож байсан талаар ярилцлагаа эхэлье?
-УИХ-ын 1993 оны арван нэгдүгээр сарын 12-ны өдрийн 83 дугаар тогтоолоор Увс нуур, эрэг орчмын Торхилогийн гол, Тэсийн голын адаг, Түргэн уул, Алтан элс, Цагаан шувуут уулын хэсэг газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн дархан цаазат газрын ангилалд оруулсан байдаг.
Увс нуур бол Төв Азийн гадагш урсгалгүй их нууруудын хотгорын хамгийн нам цэг. Дорно, Өмнө, Өмнөд Ази, Австрали руу нүүдэллэдэг усны шувуудын амьдрах орчны нэг хэсэг.
-Үүнээс өмнө ЮНЕСКО-д бүртгүүлсэн байх аа?
-НҮБ-ын Соёл, шинжлэх ухаан, боловсролын байгууллагын “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн хүрээнд хамрагддаг Дэлхийн шим мандлын нөөц газарт 1997 онд бүртгүүлж байсан бол 2003 онд Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн.
Мөн олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчныг хамгаалдаг РАМСАР-ын конвенцид 2004 онд хамруулсан. 2011 онд ОХУ, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хил дамнасан шим мандлын нөөц газар байгуулсан байдаг.
-Увс нуур Монгол орны гандуу бүсэд нуур, ус, намгархаг газар, цөлийн гандуу орчинтой зэрэгцэн оршдогоороо экологийн хувьд өвөрмөц гэдэг. Амьтан ургамлын аймаг нь ч онцлог болов уу?
-Увс нуурын дархан цаазат газар 424 298 га талбайг хамардаг. Энэ хэсэгт халбаган хошуут, цасч дэглий, хээрийн галуу, нугас, борцгор хотон, хар алаг өрөвтас зэрэг 359 гаруй зүйлийн шувуу бий. Увс нуур орчим зэгс шагшуургаар баялаг учраас усны шувуудын үүрлэж, өндөглөх болон зусдаг өвөрмөц амьдрах орчин болж өгдөг.
Зун, намрын цагт Төв Азийн усны шувуудын гол цугларалт болдог. Увс нуурын Тэс, Торхилогийн голын цутгал, адаг орчмоор алтайн сугас, эрээн жараа, сахалт жараахайтай. Зэгсний гахай, Төв Азийн минж, ойн солонго, усны булга, голын халиу, эрээн хүрнэ, өмхий хүрэн, заарт харх, сибирийн шивэр гүлмэр зэрэг ховор амьтад болон бор гөрөөс, үнэг, чоно, туулай, дорго, шилүүс, мануул зэрэг олон амьтадтай.
2015 онд Увс нуурын дархан цаазат газарт ургамалжилт ургамлын аймгийн иж бүрэн судалгаа хийж 48 овгийн 407 гуурст ургамал байгааг бүртгэж авсан. Увс нуур түүний цутгалан голуудын ай саваар шинэс, гацуур, бургас, хус, улиас, чацаргана, чихэр өвс зэгс гэх мэт ургамал ургадаг. Мөн чацаргана, долоогоно, хад, үхрийн нүд, улаалзгана, мойл зэрэг жимс жимсгэнэтэй.
Хамгаалалттай нутгууд нь олон улсын Гео-биосферийн судалгааны бүсэд багтдаг нь эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн Төв Азийн эталон нутаг болно. Дээрх онцлог байдлууд нь Увс нуурын ай савын дархан цаазат газар нь байгаль хамгааллын төдийгүй шинжлэх ухааны ихээхэн ач холбогдолтой эко системийн үнэ цэнэ ихтэй нутаг гэж болно.
-Увс нуур орчмыг дархан цаазат болгож, ЮНЕСКО-д бүртгэснээр ямар ач холбогдолтой вэ. Тэнд ямар үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч, хориглох вэ?
-Байгалийн бүх бүс бүслүүрийн онцлогийг илтгэсэн Увс нуурын ай сав газар биологийн олон янз байдлын төлөөллийг хадгалсан, дахин давтагдашгүй өвөрмөц онцлогтой, байгалийн үзэсгэлэнтэй бүс нутгийн хувьд дэлхийн хэмжээнд үнэ цэнэтэй.
Үүнийг нотолж хойч үедээ унаган төрхөөр нь өвлүүлэн үлдээх зорилгоор НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэсэн. Тиймээс Увс нуурын орчимд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн Орчны бүсийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулна.
-Монгол Улс Увс нуураар ОХУ-тай хиллэдэг. Тиймээс ОХУ-ын өмнө үүрэг хүлээх үү?
-Орос-Монголын хамтарсан Засгийн газрын хоорондын шийдвэрээр Хил дамнасан Тусгай хамгаалалттай Хил дамнасан шим мандлын нөөц газрыг байгуулсныг дээр хэлсэн. Үүний хүрээнд хамтарсан менежмент төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байна. Энэ утгаараа хоёр улс харилцан үүрэг хүлээнэ.
-Увс аймаг, тэр дундаа Увс нуурын бүсэд газрын тосны хайгуулын лиценз олгогдон, үйл ажиллагаа эхлээд байна. Хайгуулын үйл ажиллагаа нуурт нөлөөлөх эрсдэлтэй гэж мэргэжлийн хүмүүс үзэж байгаа. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Газрын тосны хайгуулын лицензийн талбай Увс нуурын дархан цаазат газрын хилийн гадна байгаа. “Монголиа Геадвилл Увс петролиум “ компани хууль журмын дагуу Уул уурхайн яамнаас тусгай зөвшөөрөл авч газрын тосны хайгуулын ажилд ус ашиглуулах дүгнэлтийг гаргуулсан.
Хариын орчны бүсийн хайгуулыг байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэж зөвшөөрөл авсан байх ёстой. Одоогоор орчны бүсэд хайгуул хийж эхлээгүй байна. Бодвол хууль журмын дагуу үнэлгээгээ хийлгэж байгаа байх. Тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсээс дотогш хайгуул хийх нь бүү хэл шонгийн нүх ч ухах үйлдэл байж болохгүй. Бид аялал жуулчлалын баазын зөвшөөрлийг орчны бүсээс дотогш өгдөггүй. Хөвсгөл нуур шиг болчихвол хэцүү.
-Газрын тосны хайгуулын талбай Увс нуураас яг ямар зайд байна вэ?
-“Увс-1” талбайн хамгийн ойр цэг нь Увс нуураас 1.1 км-т, солбицол нь 93,05,18: 50,11,32 оршиж байна. Энэ солбилцол манай хязгаарлалтын бүс орчны бүсийн зааг дээр байгаа юм. Энэ нь хамгийн эрсдэлтэй цэг тул бид онцгой анхаарна. Одоогоор өрөмдлөг хийсэн цэг нь Увс нуураас 25 км-т, орчны бүсийн гадна байна.
Хэрэв орчны бүсэд хайгуул хийгдвэл байгаль орчны нарийвчилсан байдлын үнэлгээ хийлгэж байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч, манай хамгаалалтын захиргааны санал дүгнэлт гарч байж шийдэгдэнэ. Үнэлгээгээр байгаль орчинд сөргөөр нөлөөлөхөөр бол хайгуул хийлгэхгүй.
-Тусгай хамгаалалттай газар нутгаар зогсохгүй Төв Азийн усны хагалбар, Дэлхийн өвд бүртгэгдсэн газар нутгийн орчимд газрын тосны хайгуул, олборлолт явуулах нь хэр зохимжтой вэ?
-Тусгай хамгаалалтын хилийн гадна бүсэд /орчны бүсэд\ Байгаль орчны экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр холбогдох хууль дүрмийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлт, төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн уул уурхайн үйл ажиллагаа явуулж болно.
Нарийвчилсан үнэлгээг батлахдаа хариуцан хамгаалж байгаа хамгаалалтын захиргааны санал дүгнэлтийг авсан байх шаардлагатай.
Б.Энхзаяа