Олон улсын нийтийн номын сангийн хэрэглэгч төвтэй үйлчилгээ, жишиг хөтөлбөрийг орон нутгийн номын санд нэвтрүүлэхээр зорьж буй “Хил хязгааргүй номын сан” төслийн зохицуулагч М.Даваасүрэнтэй ярилцлаа.
Тэрбээр Австралийн Засгийн газрын тэтгэлгээр Өмнөд Австралийн их сургуульд номын сан, мэдээллийн менежментээр магистрын зэрэг хамгаалсан юм. 2019 онд Монголын номын сангийн холбоог хамтран үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
-Та Австралийн Засгийн газрын тэтгэлгээр суралцсан туршлагаасаа хуваалцаач?
-Австралийн тэтгэлэг Australia Awards бол тус улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг, урт хугацааны хөгжлийн тэтгэлэг. Жил бүр нээлттэй зарлаж, тэтгэлгийн шалгуурын дагуу өргөдөл гаргагчдаас сонгон шалгаруулдаг. Австралид ахисан түвшинд сурахад шаардагдах бүх зардлыг санхүүжүүлдэг юм.
Монгол залууст тэтгэлэг олгож эхэлсний 30 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хугацаанд янз бүрийн салбарт 700 гаруй мэргэжилтэн бэлтгэснээс би номын сангийн салбарт ажиллаж байна. Арван жилийн өмнө Үндэсний номын санд ажиллаж байхдаа энэ тэтгэлэгт тэнцэж, Өмнөд Австралийн их сургуульд сурсан.
Магистрын хөтөлбөрт сурч байхдаа бүх төрлийн номын сан, мэдээллийн байгууллагатай танилцах, дадлага хийх боломж гарсан юм. Номын сан хувь хүн, нийгмийн хөгжилд ямар чухал үүрэгтэй, насан туршдаа суралцах, бүтээлчээр сэтгэх эрх чөлөөнд жинтэй хувь нэмэр оруулдгийг бодитоор харсан. Улс орны хөгжил номын сангаас нь шууд харагддаг гэж болно.
АВСТРАЛИЙН НОМЫН САН БҮХ ХҮНД МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ, ХАМТРАН ХӨГЖИХӨӨС ЭХЛЭЭД АМРАХ, ТАЙТГАРАХ ОРЧНЫГ БИЙ БОЛГОСОН
-Австралийн номын сангийн хөгжлийн талаар тодруулбал?
-Австралийн номын сангууд дэлхийд жишиг загвар болохуйц үйлчилгээ үзүүлдэг. “Хил хязгааргүй номын сан” төсөлтэйгөө уялдуулан нийтийн номын сангийн хөгжлийн талаар товч хуваалцъя. Энгийнээр хэлбэл дөнгөж төрсөн нярай хүүхдээс эхлээд бүх насны хүнд жигд хүрч чаддаг. Нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүст зориулсан, зуу зуун хөтөлбөр үйлчилгээтэй. Хүүхэд залуус, насанд хүрэгчид, сонирхлын бүлэг өөр хоорондоо харилцах, мэдээлэл солилцох, хамтран хөгжихөөс эхлээд амрах, тайтгарах орчин нөхцөлийг бий болгосон байдаг. Жишээ нь манай дүү гэр бүлээрээ Сиднейд амьдардаг.
Ой гарантай хүү нь дүүргийн нийтийн номын сангийн байнгын үйлчлүүлэгч. Багачуудын танин мэдэхүй, сэтгэн бодох, бичиг үсгийн чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн баялаг хөтөлбөртэй. Тухайн хөтөлбөр эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдийнхээ хөгжлийг дэмжихэд давхар сургаж, залж чиглүүлдэг. Энэ нь ирээдүйд бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, бие даасан, чадварлаг хүн болох суурь болдог.
Австралид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн соёл сэтгэлгээгээрээ ялгаатай, янз бүрийн төвшний хүмүүсийг хөлөө олоход нь тусалж дэмждэг. Номын сангийн хэрэглэгчид юу хүсэж, юунд зорьж байна, тэдэнд ямар асуудал тулгарч байна, тэр эрэлтэд тулгуурлаж бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлдэг. Тэгш хүртээмж, олон янз байдал, оролцоог хангах гэсэн номын сангийн тулгуур үнэт зүйлсийг утгаар нь хэрэгжүүлдэг. Улсын төсвөөс гадна олон төрлийн эх үүсвэрээс санхүүжилт татаж, иргэд, мэргэжлийн байгууллага, сайн дурын ажилтнууд, номын сангийн дэмжигчидтэй хамтран хөтөлбөр, үйлчилгээгээ хэрэгжүүлдэг.
-Та “Хил хязгааргүй номын сан” төслөө танилцуулна уу?
-Орон нутгийн нийтийн номын сангийн хөгжилд чиглэсэн энэ төслийг Австралийн Элчин сайдын яамны санхүүжилтээр Үндэсний номын сан, Монголын Номын Сангийн Холбоо хамтран 2022-2023 онд жилийн хугацаанд хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд 21 аймгийн нийтийн төв номын санд очиж, орон нутгийн номын санчдад хэрэглэгч төвтэй үйлчилгээ, Австралийн номын сангийн шилдэг туршлагаар чадавхжуулах сургалт явуулж байна.
Мөн хүүхдийн номын фондыг төсөв санхүүгийн дутмаг байдлаас шалтгаалан орон нутгийн хүүхдүүдэд тэр бүр хүрдэггүй шилдэг бүтээлээр баяжуулж, номын сангийн суурь судалгаа хийж байна. Алслагдсан номын сангууд технологийн дэвшлийг ашиглан хамтран ажиллах, харилцан туршлага солилцох боломжийг дэмжиж, 21 аймгийн төв номын сангийн мэдээллийн нэгдсэн сайтыг хөгжүүлж, ирэх тавдугаар сард ашиглалтад оруулна.
Үүнээс гадна олон улсын жишиг номын сангийн менежментийн системийг англиас монгол хэл рүү хөрвүүлж, номын санчид эх хэлээрээ ашиглах боломж бүрдүүлэхийг зорьж байна. Үндэсний номын сан мэргэжлийн туслалцаа үзүүлж, номын санч, программист, зохиолч, сэтгүүлч, мэдээллийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажиллаж байна. Бид одоогоор орон нутгийн, нийслэлийн алслагдсан дүүргийн арван номын санд очиж, 300 гаруй номын санчид сургалт явууллаа.
НОМЫН ХАНДИВ ГЭХЭЭР ХҮМҮҮС ӨӨРТ ХЭРЭГГҮЙ ГЭЖ ҮЗСЭН, ХУУЧИН НОМОО ӨГӨХ НЬ ЭЛБЭГ
-Хүүхдийн номын фондыг ямар бүтээлээр баяжуулж байгаа вэ?
-Номын хандив гэхээр хүмүүс өөрт хэрэггүй гэж үзсэн, хуучин номоо өгөх нь түгээмэл. Үнэн хэрэгтээ номын сангийн сан хөмрөгийг мэргэжлийн бодлогоор бүрдүүлж, үнэ цэнтэй, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээлээр баяжуулах ёстой. Дэлхийн номын сангууд сан хөмрөгийн бодлогод заасан шалгуур үзүүлэлтүүдээр үнэлж, хандиваар ирсэн ихэнх бүтээлийг буцаадаг.
Манайд энэ байдал эсрэгээрээ. Бид шинжлэх ухаан, танин мэдэхүй, утга зохиол, түүх соёл, хувь хүний хөгжлийн шилдэг бүтээлүүдийг сонгон худалдан авч, 21 аймгийн төв номын сан, нийслэлийн есөн дүүргийн алслагдсан номын санд хандивлаж байна. Мэргэжлийн редакц, зохиолч, орчуулагчидтай хамтран ажиллаж, хүүхдийн оюуны хэрэгцээг хангах шилдэг бүтээлүүдийг хүргэж, номын хандивт шинэ жишиг тогтоохыг зорьж байна.
Номын сангийн сан хөмрөг үнэ цэнтэй, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн байх ёстой.
-Энэ төслийн санаа хаанаас төрсөн бэ?
-Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын номын сангийн туршлагаас эх орондоо нэвтрүүлэхийг зорьж, өмнө нь Австралид төгсөгчидтэйгөө хамтран “Beyond books” тэргүүтэй хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байсан. Мөн Үндэсний номын санд олон жил ажиллаж, орон нутгийн номын сангуудтай ойр харилцаж ирсэн туршлагаас харахад, энэ салбарт орчин үеийн номын сангийн чиглэлээр номын санчдыг давтан сургах шаардлага харагддаг.
Манай орны хувьд орон зайн алслал, төсөв санхүүгийн хязгаарлагдмал байдлаас хамаараад аймгийн номын сангууд харилцан туршлага судлах боломж тэр бүр гардаггүй. Өнгөрсөн оны эхээр Австралийн Элчин сайдын яамны Төгсөгчдийг дэмжих хөтөлбөрийн санхүүжилтээр Дундговь, Баян-Өлгий, Сэлэнгэ, Архангай аймгийн нийтийн төв номын санд ажиллаж, чадавхжуулах сургалт явуулан, хүүхдийн номын фондыг баяжуулсан.
Орон нутгийн номын сангууд маш таатай хүлээн авч, бусад аймгаас ч хүсэлт их ирсэн. Үүнээс энэ төслийг 21 аймагт үргэлжлүүлэх шаардлагатай нь харагдаж, Австралийн элчин сайдын яамнаас дэмжиж, “Хил хязгааргүй номын сан” цогц төсөл болгон хэрэгжүүлж байна.
-Манай улсын нийтийн номын сангуудад тулгамдаж буй гол асуудлууд юу байна. Та сая зах зухаас нь дурдлаа?
-КОВИД-19 боловсролын салбар тэр дундаа номын сангийн системд эрс шинэчлэл хийх шаардлагатайг харуулсан. Миний хувьд 2020 оноос эхлэн Монголын номын сангийн салбарын хөгжлийн бодлого, стратегийг шинээр тодорхойлох хэд хэдэн ажлын хэсэгт гишүүнээр ажилласан.
Олон улсын номын сангийн хөгжлийн чиг хандлагыг өөрийн орныхтой харьцуулан судлах явцад хэд хэдэн зүйл ажиглагдсан юм. Юуны өмнө манай улсад дижитал номын сангийн цогц бодлого гаргаж, хэрэглэгчдэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран мэдээллийн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх ёстой.
Дэлхийн номын сангуудын жишгээр хэрэглэгч төвтэй үйлчилгээний хэлбэрүүдийг нэвтрүүлж, тэдний эрэлт хэрэгцээг нарийвчлан судалж, үйлчилгээ хөтөлбөрөө загварчлах нэн чухал. Үүнд нийцүүлэн уламжлалт номын сангийн бүтцээ шинэчилж, шинэ орон тоо, ажлын байрууд бий болгох, хүний нөөцийг бэлтгэх шаардлага тулгарч байна.
Уламжлалт номын сангийн бүтцээ шинэчилж, ажлын байрууд бий болгох, хүний нөөцийг бэлтгэх шаардлага тулгарч байна.
Манай улсын аймаг, сумдад нэг л нийтийн номын сан бий. Харин гаднын оронд дүүрэг, хороо болгон нийтийн номын сантай. Гэрээсээ холгүйхэн номын сангаар гэр бүлийн гишүүн бүр үйлчлүүлж болдог. Манайд ийм боломж алга. Хүн ам олноор төвлөрсөн хэсэгт номын сан барих, хүртээмжийг нэмэх зайлшгүй шаардлагатай.
-Төслийн урт хугацааны үр дүнг юу гэж харж байна вэ?
-Нийтийн номын сан боловсрол, боломжийн тэгш хүртээмжийг хангахад маш чухал хувь нэмэр оруулдаг. Номын сан, эрдэм мэдлэгт хөрөнгө оруулах шиг утга учиртай, үнэ цэнтэй үйл ховор. Манай төсөл нийгэмд номын сангийн үнэ цэнийг тодотгож, дэмжигч, хандивлагчдын хүрээг тэлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
Цаашид номын санчид хоорондоо хил хязгааргүй хамтран ажиллаж, туршлагаа солилцож, тулгарч буй асуудлаа зөвлөлдөж, хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн хөтөлбөр, ажлууд бий болгох нэг чухал хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байна. “Хил хязгааргүй номын сан” төслийг санхүүжүүлж буй Австралийн Элчин сайдын яам, мэргэжлийн дэмжлэг үзүүлж буй Үндэсний номын сан, халуун дотноор хүлээн авч хамтран ажиллаж буй орон нутгийн номын сан, номын санчид, гар нийлж ажиллаж буй төслийн багийнхан, сайн дураараа дэмжин оролцож буй бүх хүнд талархал илэрхийлье!
Ярилцсанд баярлалаа, Танд ажлын амжилт хүсье.