2021.05.10
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нэгэнтээ:
...Халхын голын дайны сүүдэрт
Хавтгай цагаан Улз хиртэхэд
Бүтэн амьдралаа өмөөрөн босож
Бүсгүйчүүд дайнд мордсым... хэмээн шүлэглэжээ. “Дайнд мордсон бүсгүйчүүд” шүлгийн гол баатруудын нэг бол Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, шүлэгт өгүүлэх Улз голын охин, дайны үеийн сувилагч, Ахмад дайчин Цэрэнгийн Чимидцэрэн юм. Ардын хувьсгалын ялалтын гурав дахь онд мэндэлж, 15-хан насандаа 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсоноос эхлээд, энх тайван цаг ирэхэд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд бүтээлч хөдөлмөрөө зориулсан түүний нэгэн зууны амьдралын буурал түүхийг бахдан бахдан сонсов. Залуу насны хөдөлмөр бүтээл, дурсамж дурдатгалаа өчигдөрхөн болсон мэт тодоор он сартай нь хүүрнэх саруул ухаант сайхан буурлын үлгэр мэт атлаа үнэн түүхийг хүргэж байна. Таалан болгооно уу.
-Сайхан хаваржиж байна уу? Та хэдэн оны хүн бэ?
-Сайхаан. Би 1924 оны өвөл Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Балж голын ойр төрсөн. Иргэний үнэмлэх дээр 1924 оны 1-р сарын 1-ний өдөр төрсөн гэж бичигдсэн байдаг. Намайг зургаан настай байхад ээж минь өөд болж, ээжийн дүү нагац эгч Доржийн Эрдэнэ биднийг асарч байв. Удалгүй нагац ах Эрдэнэбат Дорнод аймгийн Баяндун сумаас ирээд биднийг нүүлгэж аваачсанаар хүүхэд нас минь Баяндун суманд өнгөрсөн дөө.
-Та 1939 онд Халх голын дайнд явж, чадах бүхнээрээ тусалъя гэсэн санаачилга гаргаж, үе тэнгийнхээ охидыг уриалж байсан гэдэг. Дайнд явах санаа Танд яагаад төрсөн бэ?
-Намайг 15-тай байхад 1939 онд сумын төвд нэг жилийн хугацаатай Охидын сургууль байгуулагдаж, би тэр сургуульд элслээ. Сургуульд 45 хүүхэд бүртгүүлсэн. Хичээл орж байтал сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн дарга Ч.Аюуш ирээд “Хичээлээ түр завсарлана уу. Сумын намын үүрийн дарга Ж.Дондог сургуульд яриа таниулга хий гэж хэлэхээр нь ирлээ. Баянцагаан, Халхын гол Хайлааст манханаар Япон гэнэтийн дайралт хийлээ. Цаг үеийн байдал маш аюултай боллоо. Энд тэнд юу нь үл мэдэгдэх лааз, савтай зүйл, янз бүрийн хортой бодис байж магадгүй. Хүүхдүүд та нар болгоомжлоорой” гэж байна.
Ч.Аюуш дарга яриагаа хийж байхад “Бидэнд туслах мөнгө төгрөг байх биш дээ. Дайн болж байгаа тэр газарт нь очиж тусалбал зүгээр юм даа” гэсэн бодол орлоо л доо. Тэгээд яриагаа дууссаных нь дараа “Дарга аа, надад нэг санал байна. Хэлж болох уу, үгүй юү?” гэлээ. “Бололгүй яах вэ, юу юм? хэл” гэж байна. Би “Дайн болж байгаа газарт би өөрийн биеэр очиж тусалья аа. Юу хий гэснийг нь хийнэ ээ, чадна. Манай сумын залуу эрэгтэй хүмүүс бүгд дайнд мордсон. Голдуу л настай өвгөд, хөгшид, хүүхдүүд үлдсэн шүү дээ. Ийм үед бид нар энд сургуульд сурч байх хэрэггүй юм биш үү. Бүгдээрээ явъя” гэж ангийнхнаа уриаллаа. Тэгсэн хүүхдүүд ерөөсөө босдоггүй. Айсан ч юм уу, яасан юм. Нэлээн удаан суусны дараа гурван хүүхэд бослоо. Тэрнээс хойш бас л чимээгүй сууцгаагаад байна. Тэгэхэд нь би хоёр дахиа босож, уриаллаа. Тэгсэн долоон хүүхэд бослоо. Нэлээн удсаны дараа гурав дахиа босож, нөхдөө уриаллаа. Тэгсэн явах хүүхдийн тоо 22 боллоо. 14-18 насны 22 хүүхэд явах болов.
“Бидэнд туслах мөнгө төгрөг байх биш дээ. Дайн болж байгаа тэр газарт нь очиж тусалбал зүгээр юм даа” гэсэн бодол орлоо л доо.
-Таны санаачилгыг Ч.Аюуш дарга юу гэж байх юм?
-“Би ганцаараа мэдэж шийдэх биш дээ, та нарын санаачилгыг дарга нартаа дуулгая. Аймгийн Эвлэлийн хороонд уламжилъя, Цэргийн хэлтэст уламжилъя” гэлээ. Гурав хоногийн дараа сумын Эвлэлийн үүрийн дарга, Партизан Ц.Жамц гуай намайг дуудууллаа. Битүүхэн айдастай хаалгыг нь тогшоод “Орж болох уу? дарга аа” гэсэн “Ор ор” гээд урилгахан дуугарч байна. “Та нарын саналыг Аймгийн намын хороо, Цэргийн хэлтэс зөвшөөрсөн. Гурав хоногийн дараа явна” гэлээ.
-22-уулаа явахаар болов уу?
-22-оос 16 нь явахаар болжээ. Зургаа нь яагаад хасагдах болов? гэтэл “Аан, хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийг явуулж болохгүй” гэж байна. Биднийг сумын дарга, Цэргийн хэлтсийн дарга нар Баяндунгаас урагш Яргайн даваа хүртэл үдэж гаргалаа. “Баяндун баян шүү дээ. Та нар 16 эмээлт морьтой явна. Цаашаа говь руу тэмээн тэрэг, үхэр тэргээр л явах байх даа. Говьд хэцүү, тогтоол ус нь өмхийрсөн байдаг. Болгоомжтой ууж идээрэй. Болж өгвөл нэг хоёр хлем
/буриад талх/ аваад яваарайгты /яваарай/ ” гэж Намын дарга захиж байна. Цаашаа үхэр тэргэнд суугаад аймгийн төвд очлоо. Аймгийн төвд Аймгийн Эвлэлийн хороо туг далбаа барин биднийг угтаж авсан. Эвлэлийн хорооноос биднийг “Цэргийн эмнэлэгт хүргэж өгнө” гэж байна. Цэргийн эмнэлэгт очтол энгэрээрээ дүүрэн одонтой Оросын сургагч биднийг хүлээж аваад, “Та нарыг гурав хоног амраая даа. Дараа нь ажилд хуваарилна” гэсэн. Намайг Цэргийн эмнэлэгт, бусдыг маань цагаан хэрэглэл угаагч, индүүчин, тогооч гэх мэтийн ажилд хуваариллаа.
МИНИЙ АЖИЛ ХЭЦҮҮ ГЭХЭЭС ИЛҮҮ ШАРХАДСАН ЦЭРГҮҮД МААНЬ МАШ ХҮНД БАЙСАН ДАА
-Эмнэлэгт ажиллахад хэцүү байв уу?
-Миний ажил хэцүү гэхээс илүү шархадсан өвчтөнүүд маань маш хүнд гэе дээ. Дайн тавдугаар сард эхэлсэн, жигтэйхэн халууныг хэлэх үү. Хөл, гар, гэдсээрээ буудуулсан, ухаан алдсан цэргүүд эмнэлэгт ирнэ. Зуны халуун, шархны халуун нийлээд шархадсан өөрийн ухаангүй цэргүүд босож гүйнэ. Биднийг өөрийг нь харж хамгаалж, эмчилж байна гэж мэдэхгүй л дээ, “Муусайн самурайнууд яах гээд байгаа юм” гээд цохиод авна. Бөмбөгний шархтай хүн бол амьдрахгүй л дээ. Авгай хүүхдээ ч дууддаг юм уу, аав ижийгээ ч дууддаг юм уу? 2-3 өдөр орилж байгаад “явчихна”. Их өрөвдмөөр, хүнд хэцүү цаг үе байсан даа. Бууны шарх бол яах вэ, угааж арчиж, идээ бээрийг нь шахаж байгаад гайгүй болгоно. Манай цэргүүд тэгж шархадчихаад бас их зоригтой “Түргэн эдгэрч самурай нартай байлдана. Цэргийн ангидаа очих юмсан” гэж ярьдаг. Гайгүй шархадсан нь эдгэрээд буцаад явж байсан л даа.
Таня Петровна гэж орос их эмчтэй. Тэр үед Монголоос их эмч гэж байгаагүй. Бага эмч Шарав, Сахъяа, сувилагч өндөр Дулмаа, бүдүүн Дулмаа, Цэвэлмаа гэж хүмүүс байсан. Цэргийн эмнэлэг Баянтүмэн сумын нутагт, дайны талбараас нэлээд зайтай. Бид Халх гол руу очиж, нуувчнаас шархадсан цэргүүдийг олж авчирдаг. Харанхуй шөнөөр юмуу, үүр цүүрээр л явж авна. Япон цэргүүдэд харагдвал буудчихна, олзлогдож ч магадгүй, хэцүү ажил л даа.
-Та айдаг байв уу? Яах гэж дайнд явъя гэсэн санаа гаргав аа гэж шантрах үе байсан болов уу?
-Аймаар байсан боловч шантарч байгаагүй ээ. Бид нар бага эмчтэйгээ л дайны талбар руу явна. Оросын сургагч, хэлмэрчтэй, Юва гэж орос тогоочтой. Бид нар унтана ч гэж байхгүй дээ. Бүхэл шөнөжин ажилладаг. Шархтануудын ам хатна, нойтон марьлаар амыг нь чийглэнэ, шингэн юм уулгана. Ийм байдлаар Япон бууж өгтөл гурван сар орчим хугацаанд ажилласан. 1939 оны наймдугаар сард дайн дуусаж, би эмнэлэгтээ үндсэн ажилчнаар үлдлээ. Гэтэл манай аавын бие муудлаа гэж дуудлага ирлээ. Ажлаасаа чөлөө авч, морин өртөөгөөр Баяндун орсон. Сумандаа очоод 3-4 хонож байтал сумын тахар ирээд “Таныг сахиж байгаад аваад ир гэж дарга нар явууллаа” гэж байна. “Надаар яах гэсэн юм бол” гээд сумын эмнэлэгт очлоо. Эмнэлэгт очсон тэр өдрөөсөө эхлэн жижүүрт гарч, тэрнээс хойш Баяндун сумын эмнэлэгт ажиллаж эхэлсэн.
ЦЭРГИЙН ДАРГАТАЙ ГЭР БҮЛ БОЛЖ, НУТГААСАА ГАРСАН ЗАЛУУ НАС
-Та гэр бүлийн хүнтэйгээ хэзээ танилцсан бэ?
-Сумын эмнэлэгт ажиллаж байхдаа танилцсан. Баяндунгийн уугуул Базарын Барс гэдэг хүн ээлжийн амралтаараа ирсэн. Манай бага эмч Жамбалын Нацагдорж тэр хоёр найз юм байна л даа. Бага эмчээс л намайг мэдсэн бололтой “Тантай танилцаж болох уу? Би цэргийн хүн, олон хоногийн хугацаа байхгүй, 14 хоногийн амралтаараа явж байна даа” гэж байна. “Өө мэдэхгүй, би ийш тийш явах тухай бодохгүй л байна” гэлээ. Тэр хүн Тамсагбулагийн 27-р отрядын нягтлан бодогч, офицер юм байна.
"Хүн танихгүй газарт аваачаад чи намайг хаячих юм биш биз дээ! Гурван жил амьдраад болохооргүй бол чи намайг яг энд авчирна биз” гэлээ. Нэг мэдсэн гурван жил болчихож, өвгөн “Өө, Чимидцэрээн, нөгөө гурван жил чинь болоод өнгөрчихсөн байна шүү дээ” гэж намайг шоолж билээ.
Нэг өдөр Нацагдорж эмч нэг бичиг бичээд “Сумын дарга Жамц гуайд хүргэж өг” гэж намайг явууллаа. Тэр нь ямар бичиг байсныг мэдэхгүй, шууд аваачаад өглөө. Аймгийн төлөөлөгч нар, бүх багийн дарга нар хуралдаж байлаа. Жамц гуай нөгөө бичгийг уншаад “Юу ярьж байгаа юм, ямар дураараа улсууд вэ? Авгай аваад явна гэсэн байна. Цэргийн хүн байх нь ямар хамаатай юм. Чамайг явуулахгүй ээ. Би ч ганцаараа мэдэхгүй, аймгийн Эрүүл мэндийн хэлтсийн дарга Базарын Бавуу дарга мэднэ гээд сумын дарга уурлав. Хуралдаж байсан хүмүүс ч бүгд мэдчихлээ. Намайг муу хэлэх юм байна даа гэж бодоод, Жамц даргын өрөөний хаалгыг ширүүхэн хаагаад явчихлаа. Буцаж очоод Нацагдорж эмчид “Та ямар муухай юм бичдэг юм?” гэж уурлаж билээ. Ээлжийнхээ амралтыг авдаг ч юм уу, ер нь яадаг юм билээ? гэж бодлоо.
-Та бол явчихмаар байсан уу?
-Явах санаа байхгүй. “Хаанахын ч юм нэг цэргийн дарга ирээд голоод явсан юм байх аа” гэж амьтан муу хэлнэ гэж санаа зовж байв. Тэгж байтал Барс маань ч хүрээд ирлээ. “За, их муухай юм болж байна аа. Чи ч яахав яваад өгнө. Хүн танихгүй газар руу би явна гэж хаашаа юм байх вэ. Тэгээд чи хүн танихгүй газарт аваачаад намайг хаячих юм биш биз дээ!” гэсэн “Яалаа гэж дээ” гэж байна. “Найдваргүй шүү, гурван жил болоод болохооргүй бол чи намайг яг энд авчирна биз” /инээв/ гэлээ. Нэг мэдсэн гурван жил болчихож, “Өө, Чимидцэрээн, нөгөө гурван жил чинь болоод өнгөрчихсөн байна шүү дээ” гэж намайг шоолдог байж билээ.
Залуу насны хайр сэтгэл гэгээн түүхээ дурсахдаа эгээ л 17-18 насандаа оччихсон мэт нүд нь гялалзаж, нүүр нь гэрэлтэн тас тас инээнэ. “Хэрэв болохгүй бол чи намайг яг энд авчраарай” хэмээн долоовор хуруугаа газар руу дохин байж сануулаад өөрөөсөө 12 насаар ах цэргийн даргын гэргий болж 17-тойдоо нутгаасаа гарчээ.
-Сайн хань нөхөр байв уу?
-Сайн хүн байсаан. Манай нөхөр Хэнтийн Дадалын бага сургуульд таван жил сурч төгссөн. Төгсөөд байхад нь “Увсын Улаангомд анхны сургууль байгуулна, чи явж ажилла” гээд 15-тай хүүхдэд 25000 төгрөг богцонд хийж ганзагалуулаад баруун хязгаар руу морин өртөөгөөр явуулсан гэдэг. Увсад очоод сургуулиа ч байгуулаад байтал нь Дондогийн Цэвэгмид, Додийн Базар, Балжинням гэж гурван багшийг араас нь туслуулахаар явуулсан. Тэр үед хүүхдээ сургуульд өгдөг хүн гэж байхгүй. Айл айлаар явж ухуулж байж хэдэн сурагчтай болоод, ажил сайхан жигдэрч байтал өвөл Улаангомын захиргаанаас сургуулийг нь хаагаад, “Эсэргүү нарыг илрүүл, олж ир!” гэж багш нарыг бүгдийг явуулчихаж. Багш нарынх нь эзгүйд сургууль, багш нарын байрыг бүгдийг шатаасан.
Ирэхэд нь сургууль ч, байр ч байхгүй. Сурагчдыг жагсаагаад “Та нар багш нарынхаа гэр, сургууль чинь шатаж байгааг харж байна уу?” гэхэд нь хүүхдүүд бүгд уйлсан байсан гэдэг. 1930-аад оны дунд үе шүү дээ. Ингээд Дондогийн Цэвэгмид, Додийн Базар, Балжинням гурвыг “Нутаг руугаа яв” гээд, сургуулийн захирал байсан манай хүнийг үлдээчихэж. “Чамайг явуулахгүй, чамд ажил ч өгөхгүй” гэсэн. Тэгээд манай хүн ажилгүй, айлаар хонож өнжөөд явж байтал нэг авгай дуудсан гэнэ. Өвөл нэгдүгээр сард тэгж явахдаа хөлөө хөлдчихсөн. “Би эндэхийн Худалдаа бэлтгэлийн газрын дарга байгаа юм. Миний нэр Соль. Чамайг би ажилд авъя” гэжээ. Тэнд ажиллаж байгаад манай хүн цэрэгт татагдсан. Цэргийн албанаас Орос руу Цэргийн ерөнхий сургуульд сурахаар явсан. Сургуулиа төгсөөд Тамсагбулагийн 27-р отрядад дэслэгч цолтой, ахлах нябогоор хуваарилагдаж ирсэн. Бид хоёр 1944 оны долоодугаар сард 17-тойдоо гэр бүл болсон.
Нөхөр Тамсагбулагийн отряд руугаа явах боллоо. Сумын дарга Жамц гуай намайг “Явуулахгүй шүү, ажилдаа ороорой!” гээд ширүүн байна. Маргааш нь хоёулаа хэнд ч хэлэлгүй аймгийн шууданд суугаад нутгаасаа гарч билээ.
-Сумын дарга Таныг явуулахгүй гэж байгаад зөвшөөрсөн үү?
-Хоёулаа “Хүнд хэлэхгүй оргоё” гэсэн. Баяндун суманд байсан ахынхаас нь явъя гэж байтал Жамц дарга хойноос давхиж ирээд “Явуулахгүй шүү, чи амралтаа дуусгаад ажилдаа ороорой!” гээд ширүүн байна. “Чи бас хэрэгт орно” гэж нөхөртөө хэллээ. Тэгсэн “Маргааш аймгийн шуудан ирнэ, шууданд суугаад явахаас өөр арга байхгүй” гэж билээ. Аймгийн шуудангаар нутгаасаа гарч, Тамсагбулагийн 27-р отрядад очсон доо. Отрядын дарга нь Чойндон гэж хүн байсан. Тэгэхэд Тамсаг нарийн төмөр замтай болсон байсан.
-Тэгээд Тамсагийн хүн болчихсон уу? Ямар байв?
-Тэгсэн. Говь газар болохоор жаахан халуун л даа. Тэр үед дарга нар болгонд гурван тугалтай үнээ өгсөн. Би тугалдаа тэмээний ноосоор ногт хийж, бойлтрогоо улаан даавуугаар бүрээд оёчихсон, тугалаа гоёж байгаа нь тэр. Дарга нар саравч дор сургууль хийгээд л сууна. Би залуу ч байж, сургууль хийж байгаа дарга нарын дээгүүр нь зориуд тугалаа хөөдөг. Тэгэхэд “Барс даргын дүрсгүй шар хэдэн тугалаа хөөж, биднийг тоосоор дарж байна” гэж хоорондоо ярьж инээлддэг байсан гэнэ лээ. /инээв/ Бас дуу зохиосон байгаа юм.
“Барсын хүчийг биедээ агуулсан
Байлдах зэвсгээ гартаа барьсан
Байгуулсан гавьяагаа энгэртээ зүүсэн“ гэж дуулж байсан байгаа юм.
ТОЛГОЙ ДЭЭГҮҮР ИХ БУУНЫ СУМ ШУНГИНАЖ БАЙСАН ҮЕ ОДОО ХҮРТЭЛ ТОД САНАГДДАГ
-1945 оны чөлөөлөх дайны үед Та Тамсагбулагт байсан уу?
-Тийм ээ, Тамсагбулагт очсоноос хойш зургаан жилийн дараа 1945 оны дайн боллоо. Дарга нарын гэр бүлийнхэн гэж 20 гаруй эмэгтэйчүүд байсан. Би Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга сэтэртэй. Нэг өдөр отрядын дарга дуудаад “Одоо дахин сувилагчаа хийлгүй болохгүй боллоо. Орос эмч Бадёнов, бага эмч Лувсанцэрэн, Мягмар, сувилагч Цэнгэл та нар ажилдаа бэлтгэ, одоо дайн боллоо. Арын албанд ажилла” гэж үүрэг өгсөн. Хэрэв япон дайрвал бүгд бэлэн байх ёстой гэсэн. Дайн ч эхэллээ. Бид гэр орноо нууцалж, шөнийн цагаар ямар ч гэрэл гэгээ гаргахгүй. Таван ханатай гэрүүдээ окоп ухаж хийгээд дээгүүр нь сүрлээр далдалсан. Газар дээр юу ч үлдээлгүй бүгдийг нүх рүү зөөсөн. Цэргийн дарга нар, цэргүүд бүгд хил рүү явчихсан. Дан эмэгтэйчүүд л үлдсэн байлаа. Дайн эхлээд удаагүй байхад Оросын цэргийн хүч ирсэн. Явган нүцгэн, жигтэйхэн их хүч ирсэн шүү дээ. Бид ч их баярласан гэж. 1939 онд тийм хүч ирээгүй л дээ. Г.К.Жуков ирж командалсан юм. Удахгүй япончууд бууж өгч, хамаг юмаа хаяад явсан шүү дээ. Шарх сорви ч гаргаж чадаагүй. Бид ч эмнэлгийн тусламж үзүүлэхэд бэлэн л байсан.
-Та хоёр дайнд цэргийн арын албанд ажиллажээ. 1939 оны дайн хүнд байсан уу?
-1939 оны дайны үеэр суман дундуур гүйж байлаа. Баянтүмэнд Японы 12 онгоц гурван газар бөмбөг хаясан. Хэрлэнгийн гүүрэнд, Бунхантолгойд хаясан. Бас мал эмнэлгийн хашаанд хаясан нь нэг малын эмч нас барж, хоёр нохой үхсэн. Бунхантолгойд хаяхад нэг бензиний цистерн шатсан. Пулемётаар буудсан гэдэг замгүй. Аймгийнхан амьд гарахын тулд бүгд дүрвээд алга болсон. Аймгийн дарга дайны дараа өөрөө явж, иргэдээ цуглуулсан.
-Энэ цаг үеийнхэн бид дайны хүнд хэцүүг мэдэхгүй амар амгалан сайхан амьдарч байна шүү дээ. Тэгвэл хоёр дайн үзсэн Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Дайн гэдэг хамгийн хүнд хэцүү, аюултай шүү дээ. Толгой дээгүүр их бууны сум шунгинаж байсан үе одоо хүртэл тод санагддаг. Дайны үед түгшүүрийн дохио байнга дуугарна. Дохио дуугарвал буу зэвсэг, бүх юмаа окопонд оруулна. Үнээ мал сааж байсан бол шууд хаяад л нуувч руу гүйнэ. Бид нар цэргийн хүн биш ч цэргийн диктатурыг сайн мэднэ. Нэг суманд өртөөд үхэхэд бэлэн цаг үе байлаа. Хүүхэд бага наснаасаа л дайн үзсэн бид эх оронд маань хэзээ энх амгалан цаг ирэх болох бол гэж боддог сон.
1947 онд манай нөхөр Энгэр шандын 31 дүгээр отрядад мөн л ахлах нябогоор ажиллах болсон. Би мөн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажиллав. Монгол Улсын баатар П.Чогдон отрядын дарга байсан. Дараа нь Ц.Сэргэлэн генерал 31-р отрядын даргаар удаан ажилласан, одоо УИХ-ын гишүүн болсон шүү дээ. 31-р отрядынхан бидэнтэй одоо хүртэл холбоотой байдаг. Ц.Сэргэлэн генерал баяраар надад дээлийн торго, бэлэг сэлт явуулдаг юм. Тайван сайхан цаг ирлээ гэж 1950 оноос отрядууд татан буугдахад бид хоёр Энгэр шандаас Улаанбаатарт ирлээ. Манай нөхөр Одон тэмдгийн тусгай хорооны ахлах нябогоор томилогдлоо. Би “Алтай” зочид буудалд заалны зохион байгуулагчаар ажилласан. Улаанбаатарт ганцхан зочид буудал байсан нь тэр. “Алтай” зочид буудалд ажиллаж байтал Эрүүлийг хамгаалах яамнаас “Эмнэлэгтээ ажилла” гэж дуудсан.
Намайг Туул рестораны ахлах тогоочоор томиллоо. Туул ресторан Улаанбаатарын анхны ресторан байв. Юун ресторан байх вэ дээ, “согтуугийн гуанз” хочтой.
Сэлбийн гүүрийн хажууд 50 ортой Хүүхдийн больниц нээнэ, тэнд нярав хий гэж байна. Би Эрүүлийг хамгаалахын яамны боловсон хүчин Чаадайтай уулзаж, маргааш өргөдлөө бичиж өгөхөөр болсон юм. Тэндээс гараад “Ер нь би заавал эмнэлэгт ажиллах шаардлага юу байх вэ, больё” гэж бодсон, маргааш нь очоогүй. Тэр үед Эрүүлийг хамгаалахын сайд Туваан гуай “Чиний шалгалтыг өгүүлэхгүй бага эмчийн үнэмлэхийг чинь өгье” гэж байсан юм.
-Анхны зочид буудалд Та удаан ажиллав уу?
-Худалдааны техникумд нэг жилийн хугацаатай тогоочийн курс хичээллэж, анхны монгол тогооч нар бэлтгэгдэж гарлаа. Бид нэг ангид эрэгтэй, эмэгтэй 35-уулаа байлаа. Тухайн үед Улаанбаатар хот дан хятад тогоочтой байсан юм. Намайг Туул рестораны ахлах тогоочоор томилж, “согтуугийн гуанз”-ыг ресторан болтол ажилла гэсэн. Туул ресторан Улаанбаатарын анхны ресторан байв. Юун ресторан байх вэ дээ, “согтуугийн гуанз” хочтой. Согтуугийн гуанзыг ресторан болгох нь хэцүү байна даа гэсэн шүү юм бодож байлаа. Таван хятад тогоочтой, нэг ч монгол тогоочгүй. Би анхны монгол тогооч нь байв. Миний араас олон монгол тогооч төгсөж ирсэн дээ. Тэр таван тогоочийн гурвыг нь халсан. Хятад тогооч нар монгол тогооч нар юу ч хийж чадахгүй гэх янзтай, бас. Намын төв хорооноос Шарав гэж дарга манай рестораны даргаар ирлээ.
Бид нэг жил гаруй ажиллаад нээрээ л ресторан болсон доо. Монголчууд тэр үед ногоо идэж сураагүй, мах л иддэг байсан. Бид нар ногоотой шөл, гуляш, котлет хийнэ. Шанаган тогооны хоол тухайн үеийн хамгийн гоё хоол байв. Бууз, хуушуур бол бидний багад ч байсан эртний хоол. Туул ресторанд ажиллаж байтал “босоо хоолны” /зогсоогоор хооллодог/ 14-р гуанзны ахлах тогоочоор оч гэсэн. Тэнд ажиллаж байтал МУИС-ийн ахлах тогоочоор явууллаа. МУИС-иас “Худалдааны техникумын хоолны чанар муу байна, тэнд оч” гэлээ. Тэндээс “Холбооны техникумын хоол унд муу байна, ажилчин халж байна. Тийшээ яв” гэлээ. Дараа нь эргээд оюутны гуанзандаа ирлээ. Нэг өдөр намайг манай боловсон хүчин Доржсүрэн дуудаад “Таныг хоёр өрөө байраар шагнасан байна” гэлээ.
УЛСААС ӨГСӨН ОРОН СУУЦНААС ТАТГАЛЗАВ
-Бөөн баяр болов уу? Танайх тэр үед хаана амьдарч байсан бэ?
-Манайх одоогийнхоор Хятадын ЭСЯ-ны тэнд гэрт амьдардаг байлаа. Би өвгөндөө хэлэх гэж яарсаар гэртээ очлоо. Гэтэл “Манай хүүхдүүд бага байна. Тэр байраа өөр хүнд өг, надад Их сургууль байна өгнө биз дээ гэж хэл” гэдэг юм байна.
-Дайнаас хойш танай нөхөр Их сургуульд ажилласан хэрэг үү?
-Манай нөхөр цэргийн албанд 25 жил ажиллаж, цэргийн албанд ажилласан хугацаа болсон. Би ер нь Их сургуульд сурна гэлээ. Хөгшин болсон хойноо Их сургуулиар яах гэсэн юм, ичихгүй байна уу? чи гэлээ. Эрдэм ном сурахад юунаас нь ичих билээ” гэнэ ээ. Тэгээд 1957 онд 40 гарсан хойноо Их сургуулийн Утга зохиолын ангийг төгссөн. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд хуваариллаа. Тэнд Цэндийн Дамдинсүрэн Нарийн бичгийн даргатай Монгол-Орос хэлний толь бичиг зохиох багт орж ажилласан. Мөн Я.Цэвэл гуайтай хамт “Монгол хэлний товч тайлбар толь” гаргахад их ажил хийсэн дээ. ШУА Офицеруудын ордонд байдаг өнөөгийн байр руу нүүхэд “Гэрээс хол боллоо” гээд, Их сургуульд Монгол хэл, утга зохиолын багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан даа.
-Танд өгсөн байрнаас татгалзаад хэзээ өөрийн байртай болов?
-Боловсон хүчин Доржсүрэн “Байр өгөөч гэж хүмүүс хотын захиргаагаар гутлынхаа улыг элэгдтэл явж байхад өгсөн байрнаас татгалздаг танай нөхөр ямар хачин хүн бэ” гэж уурлаж билээ. Тэр байр нь “Мэргэжилтний 20”-ийн хажуугийн шинэ байр байсан. Нөхөр татгалзаж байхад би юу хэлэх вэ. Түүнээс хойш бидний амьдарч байгаа “МУИС-ийн 20” гэдэг энэ байрыг 1975 онд Их сургуулиас өгсөн. МУИС-ийн 20 багшийнх орж байлаа. Тэр үед манай дөрвөн хүүхдийн бага охин арван настай байсан.
-Тэгэхээр 1975 он хүртэл танайх гэртээ амьдарсаар байсан хэрэг үү?
-Дунд нь Цэндийн Дамдинсүрэн гуай Москвад ажиллахаар хэдэн жилээр явахад Их сургуулийн баруун талын байранд нь зургаан жил таван сар суусан. Тэр байр одоо Даминсүрэн гуайн Гэр музей болсон. Бид хэд очиж үзсэн. Тавилга нь яг хэвээрээ, гоё л харагдаж байна лээ. Манай дөрвөн хүүхэд ч монгол гэртээ өсөцгөөсөн. Би ресторан, хоолны газруудын хоол сайжруулах үүрэг авч олон газар ажиллаад хамгийн сүүлд Дугуй рестораны ахлах тогоочоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Яагаав? Сталины номын сангийн хажуугийн сүүлд “Бамбарууш кафе” болсон ресторан шүү дээ.
-Одоо ноолуурын дэлгүүр болсон байна лээ.
-Тийм ээ, тэр чинь миний ресторан.
-Та удахгүй 100 нас хүрэх нь ээ. Дайнаас эхлээд туулсан амьдралаа эргэн бодоход Таны амьдралын аль үе хамгийн их бодогддог вэ?
-Залуу сайхан цагаа л боддог юм даа. Дайны түгшүүртэй цаг үеийг яаж мартах билээ. Эх орон гэдэг ямар үнэ цэнэтэй дайны үед мэдэрсэн, тэр мэдрэмж өнөө хэр нь арилаагүй. Өдий наслахдаа их зүйл үзэж байна даа. Согтуугийн гуанзанд ажиллаж байсан үе ч бас л дурсгалтай. Яагаад тэгж нэрлэсэн гэхээр үүдээр нь энд тэндгүй согтоод унасан хүмүүс хэвтэж байдаг. Анх ороод нэг согтууд нь зодуулчих вий дээ гэж айдаг л байсан. Анх дан байшин байсан. Намын Төв хорооноос хөх Шарав дарга ирээд барилгыг нь өргөтгөж, хоёр давхар болгуулсан юм.
-Та өөрийгөө цэргийн хүн гэж бодож явдаг уу? Тогоочоор ажилласнаараа дуудуулах дуртай юу?
-Би өөрийгөө Ахмад дайчин цэргийн хүн гэж хэлнэ. Миний төрсөн ах, Дандар баатрын цэрэг, Ахмад дайчин Базарын Цэдэндамба, миний нөхөр Ахмад дайчин Базарын Барс нар байна. Манай гэр бүлээс дайнд оролцсон гурван хүн, Ахмад дайчин төрсөн дөө. Цэргийн хүн бол үргэлж бэлэн, тушаал өгвөл гүйцэтгэх үүрэгтэй байдаг. Цэргийн нууц гэж задруулж болохгүй нууц бий. Хойч үе, хүүхэд залуучууддаа улс эх орноо л хайрлаж яваарай. Дайн дажингүй энх тайван цаг үед амьдарна гэдэг хамгийн том аз завшаан шүү дээ.
-Тантай дайнд явж байсан хүмүүсээс амьд сэрүүн хүн байгаа болов уу?
-Дайны үеийн байтугай тогооч хийж байсан үеийнхэн маань ч бурхандаа явцгаасан даа. Ганцаараа үлдсэн.
-Таны бие гайгүй юу, ямар нэг өвчин зовуурь байдаг уу?
-Даралт гэхээс өөр хэлэх өвчин байхгүй ээ. Хараа муухан, чих хатуу болсон. Их дэлгүүрийн хойно 40 гаруй жил амьдарсан болохоор энэ хавийн хаана нь юу байдгийг андахгүй. Гэртээ сууж байхаар мах, сүүндээ явна, Урт цагаан ороод дээл хувцсаа захиалаад оёулчихна. Энэ өвчин халдвар /коронавирус/ гарснаас хойш айгаад гэрээсээ гарах аргагүй болоод байна даа.
Залуу насны хүсэл тэмүүлэл дүүрэн, дэврүүн үеэ дурсахдаа нүд нь гэрэлтэж дуу нь ч чангарна. Харин дарийн утаа үнэртсэн дайны бараан сүүдэр он цагийн уртад ч сэтгэл зүрхнээс арилаагүй ажээ. Уртаар санаа алдаж, аргаж хуурайшсан нүдэнд нь нулимс гүйлгэнэж, дуу нь аядуу зөөлнөөс бүр чимээ тасран бодолхийлнэ.
-Та 15 настайдаа охидын сургуульд орох хүртлээ сургууль соёлын бараа хараагүй гэсэн үг үү?
-Сургуульд авах гэж ирэхэд нь аав намайг тэргэн дороо нууж хонины арьсаар хучаад “Манай охин байхгүй” гээд явуулаагүй. Гэсэн ч би багадаа хуучин монгол үсэг үзсэн. Миний жаахан байхад Ж.Дондог гэж хүн айлуудаар яваад хүүхдүүдэд латин хэл заадаг байлаа. Тэрийг сурсан. Манай тэнд местний оросууд олон байлаа. Оросуудын хүүхдүүдтэй тоглосоор байгаа багахан орос хэлтэй болсон. Хожим дайны үед орос эмчтэйгээ дажгүй сайхан ойлголцоод ажилладаг байлаа.
Бидний аав, ээжээс есөн хүүхэд төрсөн ч тав нь хүн болоогүй. Хэрэв сургуульд орвол үхнэ гэж бодсон юм биз дээ. Үлдсэн дөрвөн хүүхдийн нэг манай ахыг хоёр настай байхад Хэнтийн Баян-Адаргын нэг лам ирээд “Энэ хүүхэд танайд хүн болохгүй юм байна. Надад өгчих” гээд ахыг маань аваад явчихсан. Сураг дуулахад ах маань 18 нас хүртлээ байсан, түүнээс цааш юу болсныг мэдэж чадаагүй. Гэртээ үлдсэн нь 91 настайдаа өөд болсон миний эгч, Ахмад дайчин төрсөн ах бид гурав. Тэр есөн хүүхдийн хамгийн бага нь би.
-Би өвөл нэгдүгээр сарын 1-нд төрсөн. Хүүхэд тогтдоггүй болохоор нь домнож хар ямааны арьсанд намайг өлгийдөөд, энэ хүүхэд ч удахгүй явах л байлгүй гэж байжээ. Тэр үед манайд нэг танихгүй лам ирсэн гэнэ. Ижий тавагтай идээ тавьж л дээ. Тэр лам “Таваг тариа хэрэггүй ээ, би их яаралтай явна. Чи энэ хүүхдийг задлаад надад үзүүл” гэсэн.
“Хонины арьс гаргаад ир гээд намайг өөрөө өлгийдөөд, намайг ирсэн, лам гэж хүнд ярьж болохгүй шүү. Тэгвэл намайг баривчилна. Одоо би танайхаар дахин ирж чадахгүй. Энэ хүүхэд сүхээр цохисон ч үхэхгүй. Айх хэрэггүй, дулаан сайхан өлгийдөөд хоол ундыг нь тааруулж өгөөрэй” гэсэн гэдэг. Хүүхэд тогтдоггүй айл гэж дуулаад сайн санаж ирсэн юм билээ. Тэр хүн гарахдаа “Миний нэрийг Балданжамц гэдэг, дурсаж яваарай” гэсэн гэдэг. Их л эрдэм чадалтай лам байж л дээ. Ижий минь миний зургаан настайд 41-тэйдээ нас барсан даа.
Зуун жилийн тэртээх хуучин Монголын түүх өгүүлэх Ц.Чимидцэрэн гуай санаачилгатай, ажилч хичээнгүй чанараараа нэр төртэй сайхан амьдарчээ. Хэдийгээр дээд боловсрол эзэмшээгүй ч дайны сувилагчаас эхлээд нийтийн хоолны салбарт орж, эрхэлсэн ажлуудаа хариуцлагатайгаар гүйцэтгэж, цаг үедээ үнэлүүлж явсан нь түүний амьдралыг утга учиртай, үнэ цэнэтэй болгожээ. Өдгөө дөрвөн хүүхдийнхээ бага охин Б.Бүүвэйн хамт Их сургуулиас өгсөн байрандаа 46 дахь жилдээ амар жимэр аж төрж байна.
“Танд гүйцээж амжаагүй хүсэл байдаг уу?” гэхэд “Юу байх билээ. Ахмад дайчин гээд сар бүрийн 15-нд 200 мянга, тэтгэвэртэйгээ нийлээд 500 мянга гаруй төгрөгийн орлоготой. Хүүхдүүд өндөр настан асарсны 88 мянган төгрөг авч байгаа. Тэрүүгээрээ болж байна аа” хэмээн хөөрч, хуучирч гундсан байр, борогхон ахуйдаа эгэл даруухан, сэтгэл тэнүүхэн оршино. Улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн АХМАД ДАЙЧИН ийм өөдрөг байдаг юм байна. Та урт наслаарай.
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс