-С.Удвалын мэндэлсний 100 жилийн ойд-
ХХ зууны манлай эмэгтэй удирдагч, төр нийгэм, утга зохиол, урлаг соёлын гарамгай зүтгэлтэн, Монгол Улсын Төрийн шагналт зохиолч Сономын Удвалын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. С.Удвал 1921 оны хоёрдугаар сарын 23-нд Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Өрхтэй хэмээх газарт мэндэлжээ.
Монголын улс төр, утга зохиолын салбарынхан дунд ахайтан хэмээн хүндлэгдсэн энэ гайхамшигт эмэгтэйн мэндэлсэн тэгш ойн хүрээнд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос уран сайхны кино бүтээх, мөн ном гаргах зэрэг хэд хэдэн ажил төлөвлөсөн нь ёсоор бүтэж байна. Ном бүтээх ажлыг Соёлын яам, Монголын зохиолчдын эвлэлээс санаачилсан бөгөөд “Чингис хаан” музейн Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн дарга, Түүхийн ухааны доктор На.Батболд хариуцан эмхтгэжээ.
“Төрийн шагналт зохиолч Сономын Удвал-100 жил” хэмээх архивын шинэ баримт бүхий гэрэл зургийн цомогт Монгол Улсын Үндэсний архив, Үндэсний төв архивын Нам олон нийтийн байгууллагын баримтын төв, Кино гэрэл зургийн архив, Гадаад явдлын яамны архив, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив, С.Удвалын хувийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримт, гэрэл зургуудаас түүвэрлэн оруулсан байна.
-Энэхүү цомгийг гаргахын тулд олон архивт сууж, баримт материалуудтай танилцжээ. С.Удвал гуайн талаар баримт материал архивуудад хэр элбэг байх юм?
-Баримт материал хангалттай их олдож байна. Тэндээс алийг нь сонгох вэ? гэдэгт цензуртэй хандсан. Аль болох судалгааны эргэлтэд ороогүй, шинэ баримтуудыг нь гаргаж ирэхийг хичээлээ. Архивын материалуудыг гаргаж ирж байж судалгааны эргэлтэд орно, үнэ цэнэтэй болно. Гэрэл зургуудыг ч мөн шүүж үзээд, өмнө нь гарч байгаагүй гэрэл зургуудыг сонгохыг хичээсэн.
-С.Удвал гуай долоо наснаасаа бичээчээр ажиллаж байсан гэдэг?
-Тийм ээ. Анх таван настайдаа Балжинням гэж эмэгтэй хүнээр монгол бичиг заалгаж, долоон насандаа Булган аймгийн Халиун, Чинбүрэн суманд бичээч хийж байхад ээж Цэдэн нь Өмнөговь аймгийн харьяат Сономтой гэр бүл болсноор ээжийгээ дагаад 1930 онд Өмнөговь аймаг руу шилжсэн байна. “Өмнөговь аймгийн яамны Цэргийн хэлтэст бичээчийн албыг 1937 он хүртэл хааж, тэндээс яамны тушаалаар Улаанбаатар хотноо Уран сайхны сургуульд татагдсан ирсэн. Мөн сургуульд таван сар болж, Уран сайхны хүрээлэнгийн даргын тушаалаар тус хүрээлэнд бичээчийн албыг 2 сараас 4 сарын 30-ныг хүртэл хааж агаад халагдаж, одоо хотын Гал командын хороонд нярвын ажлаар сууж буй болой” гэж Удвал гуай Дотоод явдлын яаманд бичээчээр орохдоо өөрөө бичсэн товч намтар өдгөө Тагнуулын ерөнхий газрын тусгай архивт хадгалагдаж байгааг энэ цомогт оруулсан юм.
-Дотоод явдлын яаманд бичээч хийж байсан тухай мэдээ баримтыг хүмүүс төдийлэн мэдэхгүй байх аа?
-Энэ хүний намтрыг янз бүрээр бичсэн байдаг юм билээ. Дийлэнхдээ Зохиолчдын хорооны дарга байсан, мөн АИХ-ын депутат байх үеийг, эсвэл хувь хүн талаас нь тодотгосон байдаг юм билээ. Энэ номдоо С.Удвал гуайн ДЯЯ-нд ажилд орохдоо бичсэн гурван үеийн намтар, мөн намын архивт хадгалагдаж буй намтруудыг нь харьцуулж, түүхэн баримттайгаар намтрыг нь шинээр сэргээж бичсэн. С.Удвал гуай 1938 онд 18 настайдаа ДЯЯ-ны бичээчээр орсон тухай намтруудад нь огт дурьдагдаагүй байсан. Маршал Х.Чойбалсан “Энэхүү Удвалд Сержант цол олгосугай” гэж цохолт хийж, гарын үсэг зурсан баримтыг сонин болгож номдоо оруулсан.
Өмнөговь аймгаас Уран сайхны сургуульд сурахаар нийслэлд ирсэн. Өөрөө бичгийн боловсрол сайн эзэмшсэн байсан учир тус сургуульдаа бичээч хийж байгаад ДЯЯ-нд шилжин ирж, албан ёсны ажилтан болжээ. ДЯЯ-нд ажиллаж байхад нь Уран сайхны хүрээлэнгээс “С.Удвал Уран сайхны хүрээлэнгийн харьяа Уран сайхны сургуульд сурагчаар ирж, нэг жил байсан идэвхтэй сурагчийн нэг мөн бөгөөд сурах хугацаа нь дуусмагц аймаг орны хэмжээнд уран сайхны ажлыг удирдан зохиох хариуцлага бүхий хүн юм. Гэтэл Удвал Гал командад албан ажил авсан байна. Сургууль 9-р сарын 1-нд нээхээр бэлэн болж, сурагчид хүрэлцэн ирсээр тул тэрхүү Удвалыг уг албанаас халж, Удвалын биеийг даруйхан ирүүлж, сургуулилахад саадгүй болгохыг мэдэгдье” гэсэн захидлыг илгээсэн. ДЯЯ-наас “Удвал манай жинхэнэ ажилтан болсон учир явуулах боломжгүй” гэсэн хариу өгсөн байдаг.
ДЯЯ-нд маш идэвхтэй, өргөн цар хүрээтэй ажилласан. Яамны харьяа байгууллагууд болох цагдаа, цэрэг, шүүх, гал команд, засан хүмүүжүүлэх гэх мэт бүх хүчний байгууллагуудын дунд явуулсан спортын уралдаан зарлахад урт бууны төрлөөр II байр эзэлсэн гэх баримт ТЕГ-ын архивт бичигдэж үлдсэн байна. Тэгэхээр цэргийн эрдэмд гарамгай мэргэн буучин хүн байж. Тус яаманд гурван жил ажиллахдаа яамны Эмэгтэйчүүдийн зохион байгуулагч хийж байсан гэсэн цохолт, архивын баримт нь гарч ирсэн.
-Хэзээ нь намд элссэн байна вэ?
-Дотоод явдлын яаманд ажиллаж байхдаа намын гишүүн болж, 1941 онд Шинэ хүчний дээд сургууль буюу намын сургуульд элссэн. Намд элсэхдээ бичсэн гурван үеийн намтартаа “Миний төрсөн эцэг: Хуучин Түшээт вангийн хошууны алдартай бичээч мухар хуруу Чоймбол гэгч байсан бөгөөд язгуур угсаагүй харц ядуу ард ба хошууны тамгын газарт хөлсний бичээч зэрэг ажил хийж байсан ба манай эхтэй хөрөнгө мал тусгай байгаад намайг 4 настай байхад миний эхээс салж одсон ба эдүгээ үхсэн биз. Миний төрсөн эх: Ядуу эмэгтэй Сүрэнгийн охин болон төрснөөс хойш ямагт гэр малын ажлаар маллаж, сүүг өгдөг ажилтай хүн байсан. Чоймболоос салсны дараа Соном гэгчтэй суусан.
Миний түүхт байдал: Анх 1921 онд эмэгтэй Цэдэний охин болж Лүн хэмээх газар төрсөн уулын ядуу хоосон, бор гэртээ хүмүүжиж бойжиж, эх Цэдэний гар дээр цөөхөн хэдэн үнээний шимээр өдөр тутмын амьдралыг гүйцээж байсан билээ. Би анх 5 насандаа Балжинням гэгч эмэгтэй хүнээр Монгол бичгийн цагаан толгой заалгаж бичиг сайн мэддэг болов. Чингээд эхийг дагаж Халиугчин Боролзойн хошуунд ирж, 7 насандаа бичээч хийв. 1930 онд Өмнөговь аймагт очиж, Аймгийн намын хороо, аймгийн яам, шүүх, цэргийн хэлтэс зэрэг газар үргэлжлэн бичээч хийв. Намын жинхэнэ гишүүнээр 30 оны 3 сарын 28-ны өдөр элсэв” гэсэн байдаг.
-Монголын эмэгтэйчүүдийн холбооны даргаар ажиллаж байсан гэдэг?
-Тухайн үеийн нэршлээр Эмэгтэйчүүдийн төв зөвлөлийн анхны даргаар жанжин Д.Сүхбаатарын гэргий С.Янжмаа гуай, хоёр дахь даргаар С.Удвал гуай ажилласан байдаг. Эмэгтэйчүүдийн төв зөвлөл идэвхтэй ажиллаж байсан бөгөөд тус зөвлөлийн тэргүүлэгч Удвал нарын санаачилгаар 1947 оны 9-р сарын 10-ны өдрийн тус зөвлөлийн хурлын тогтоолоор “Аргагүй хүнд байдалд учирсан эмэгтэйчүүд, хөгшин, нялхаст даруй эхний тусламж үзүүлэх зорилгоор Төв зөвлөлийн дарга нөхөр Янжмаагийн нэр дээр мөнгөн фонд буй болгох нь зүйтэй” хэмээн тогтоол гаргаж, 20 мянган төгрөгийн тусгай фонд байгуулах тухай Төв зөвлөлийн тэргүүлэгчдээс гаргасан саналыг МАХН-ын Төв хороонд уламжилж байжээ.
Эмэгтэйчүүдийн төв зөвлөлийн дарга болон Зохиолчдын эвлэлийг тэргүүлж байхдаа гадаад харилцааг маш сайн хөгжүүлсэн нь архивын баримтуудаас харагдаж байна. С.Удвал гуай бол нийгэм, улс төрийн том зүтгэлтэн. Зохиолчдын хорооны дарга байхад нь Гадаад явдлын яамнаас үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөгөө боловсруулахдаа С.Удвал гуай руу явуулж, санал асуудаг байсан. Удвал гуай энэ жил тэр улсын алдартай зохиолчийн ой болно. Тэр ойн арга хэмжээнд тэгж оролцъё гэх мэтээр санал зөвлөмжүүд өгч байсан тухай баримт Үндэсний төв архивт хадгалагдаж байдаг.
1959 онд Швейцарьт болсон олон улсын эмэгтэйчүүдийн ассамблейд Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөгчөөр томилогдон НҮБ-ын индрээс мэндчилгээ дэвшүүлсэн.
-Монголын зохиолчдын эвлэлтэй анх холбогдсон нь хэдэн он байв?
-Монголын зохиолчдын эвлэлийн гишүүний үнэмлэхээ 1947 оны 9-р сарын 30-ны өдөр авсан байна. Харин Зохиолчдын хорооны I нарийн бичгийн даргаар 1961 оны 6-р сарын 10-ны өдөр батлав гэсэн МАХН-ын төв хорооны Улс төрийн товчооны хурлын тогтоолыг мөн номдоо хавсаргалаа. МЗХ-ны даргаар 1973 он хүртэл 12 жил ажилласан байдаг.
Нэг баримт сонирхуулахад, Монголын зохиолчдын хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөн 1962 оны 6-р сарын 5-ны өдөр болжээ. Энэ зөвлөгөөнөөр Зохиолчдын эвлэлийн гишүүнээс хураах элсэлтийн татварыг 20 төгрөгөөр, гишүүний татварыг жилд 60 төгрөгөөр тогтоосугай” гэсэн тогтоол гаргаж, гишүүнчлэлийн татварыг шинэчилж байжээ. Тогтоолд Зохиолчдын хорооны дарга нь С.Удвал, Нарийн бичгийн дарга нар нь: Л.Ванган, Ц.Дамдинсүрэн, С.Дашдэндэв, Э.Оюун, Д.Тараа, Л.Түдэв, Ч.Чимид, С.Эрдэнэ нар гарын үсэг зурсан сонирхолтой баримт байна.
“Төрийн шагналт зохиолч Сономын Удвал-100 жил” хэмээх энэхүү баримт, гэрэл зургийн цомогт хэн нэгний дурсамж, их хүмүүнийг эрхэмлэх магтах гэхдээ илүү чухал ач холбогдлыг нь бүдгэрүүлдэг өнөө цагт нийтлэг болсон уран үгийн цуглуулга үгүй. Архивын баримтуудад тулгуурлан, ажил, амьдрал, үйл ажиллагааг нь товч бөгөөд тодорхой өгүүлж, ховор нандин гэрэл зургуудаар баяжуулсан нь энгийн агаад илүү сонирхолтой болгожээ.
Номд оруулсан гэрэл зургуудаас: