Өчигдөрхөн тэнгэр хуйсагнаж саяхан нимгэлсэн хувцас жиндээж байгаагүй юм шиг ирж байгаа хаврын нэгэн намуун өглөө.
-Сайхан даа хавар гэж өвгөд гаанс тамхиа солилцон хүүрнэнэ. Зэл дүүрэн ботго, хот дүүрэн хурга, ишгийг хараад тэд бүр өегшинө. Цастай хайруу цагийн жам хүмүүсийн сэтгэлээс нэгэнт холдон бүдгэрчээ. Хойд уулын энгэрт ногооны туяа ялгарч урд хэцэд хул зэрэглээ урсах ус шиг уралданам.
Зэлний тэндэх олон тэмээд хэвтрээсээ аль хэдийнэ босч наагуур нь олон ботго тавран тэшин тоглоно. Цаахь нь Лувсандорж ахын солбио хүрэн буур “Би үүргээ биелүүлсэн дээ” гэх шиг маадайн зогсож харагдах. Тийм ээ. Хавар надад төрөлх говь нутгийн маань өнгө төрхийг яг тийм байгаагаар нь зүүдлүүлж бас бодогдуулж ирдэг юм.
Их Ухаагийн ар хөндий малтай юутайгаа налайж баруун хойшоо нэхэн харвал нутаг усныхан маань шүтэн биширч сааль сүү, цайныхаа дээжийг өргөж байдаг Дэрэнгийн дүнхгэр овоо хол мөртлөө дэргэд юм шиг үзэгдэнэ. Салхин шанхтай тэр овоон дээр гарахад С.Дашдооров их найрагчийн хэлснээр дэлхий бишээ гэхэд Дундговийн нутаг бараг бүхлээрээ харагддаг гэдэг. Лав л Их газрын чулуу, Дэлгэрхангай уултай энэ Дэрэн гурван биеэ харж байдаг гэсэн домогтой юм шүү дээ.
Өглөө, оройгүй мал худаг руу цувах болж. Төвөөс ирсэн ямаа самнагчид өглөө эрт ажилдаа гарчээ. Манай хөх халзан ямаа өчигдөр хойд хярын ард ишиглэчихээд өөрийгөө дуурайсан ихэр ишиг дагуулаад ирэхэд манай хот айлынхан бүгд л баярласан даа. Гашуун харын хар нуурын ус гүйцэд гэсээгүй ч толион дээрээ нарны туяа наадуулан байх нь нэг содон. Үүлэн сүүдэр газар бууж толгод хэгжин бараална. Нарийн гүвээний ард олон адуу багшрах нь Дөхөм, Түрүүгийн айлуудынх бололтой. Ийм төгөлдөр нэгэн хаврын өдөр өнөө мөдгүй зун айлчлан ирж яваа дэлгэр цагийн дохио юмсан уу. Ай ааш олонтой ч аялагадуухан хавар аа гэж...
Д.Цэрэннадмид