Хиргисүүр ухсан хүнийг хараал дагадаг гэдэг. Энэ үнэн. Сүүлийн үед "Сүүлгүй чононууд" эцэг өвгөдийнхөө ясыг өндөлзүүлж, булш бунханд нь гар дүрэгчид олширчээ. Хээрийн салхинд илбүүлж, зуун зуныг гатлан эдүгээ үеийг хүртэл тайван нойрсч ирсэн өвгөдийн минь онгон шүтээнд яахаараа хулгайч нар гар дүрдэг билээ. Түүх, дурсгалын зүйл бол улс гүрний тусгаар тогтнолын баталгаа, түүхийн гэрч. Өвөөгийнхөө шарилыг ач нь ухаж байгаатай агаар нэгэн зүйл. Үхсэн хүний авснаас олсон зүйлээ мөнгө болгох гэж яваа хүний ажил үйл лав бүтэхгүй.
Ийм нэгэн явдал болжээ. Ажил амьдрал нь тэгширсэн нэгэн эр малдаа явж байгаад газраас гялгар юм цухуйхаар нь таттал бөөрөн дээрээ хүний нүд зурсан алтан гүц байж. Цааш нь ухсан чинь алтан бурхан ч гарч. Бүгдийг нь хуу хамаад, бие давхар эхнэртээ ч хэлэлгүй нуучихаж. Тулгар биетэй эхнэрээ сумын амрах байранд хүргэж өгөөд, нуусан олзоо далдхан хийгээд авч. Залуугийн эхнэр гурав хоног өвдөж, үхдгийн даваан дээр хоёр яс салжээ. Харин гарсан хүүхдийг хараад эмнэлгийнхэн цочиж гэнэ. Духан дээрээ ганц нүдтэй үр заяажээ, тэдэнд. Эцэг нь духан дээрээ ганц нүдтэй, гахайны сүүл шиг хамартай үрээ үзээд зог тусахгүй яахав. Үрээ хаялтай биш, хүн амьтнаас нуун байж гэртээ иржээ. Энэ талаар эхнэр нь нэгэн бөөд үзүүлтэл "Нөхрийг чинь үхэх хувь тавилан хүлээж байна. Нэг болохгүй зүйл хийж. Түүнийгээ байсан газар нь тавь. Тэгэхгүй бол хэцүүднэ" гэжээ. Эхнэр нь гэртээ ирээд нөхрөөсөө "Чи юу авсан юм бэ, гаргаад ир" гэж. Шуналтай нөхөр нь хэлсэнгүй. Түүнээс хойш аргаа барж цөхөрсөн эхнэр нь төрхөмдөө буцаж, нөхөр өнөөх хачин хүүхэдтэйгээ үлдэж гэнэ. Хүү том болж, эцгээ барьж идсэнээр тэр айлын голомт баларчээ. Эхнэр нь нөхөр, хүү хоёроо хөдөөлүүлээд гэртээ ирж авдраа уудалтал дүүрэн алт, мөнгө гарсныг хуучин газар нь аваачиж тавьснаар арай гэж гай дарагдсан гэдэг.
Сүүлийн үед Дорноговь аймгийн Хатанбулаг, Даланжаргалан, Хөвсгөл суманд түүх, дурсгалын онцгой ач холбогдолтой хиргисүүр, булшинд хулгайч нар гар дүрсэн байна. Тэрч байтугай заримыг нь цагдаагийнхан шалгаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Дэлгэрэхийн Хавцалын хөндий, Сайхандулааны Оюут-Улаан, Эрдэнэ сумын Дулааны говь зэрэг газраас чулуун зэвсгийн дурсгал, палеолитийн олдвор болох чулуун зэвсэг, үр тариа цайруулах тээрэм, нухуур нүдүүр зэргийг археологич, эрдэмтэн Д.Цэвээндорж, Б.Цогтбаатар нар олж, судалсан юм. Зарим олдвор аймгийн түүхийн музейд хадгалагдаж байна.
Мөн тус аймгийн нутагт булш, хиргисүүр, бунхан суварга 40 гаруй, бугын дүрст хөшөө дөрөв, хүн дүрст хөшөө, зэл чулуу долоо, түүхийн дурсгалт бичээс, гэрэлт хөшөө найм, эртний хотын балгас 10, сүм хийдийн туурь 51, XIX-XX зууны үед босгосон хөшөө дурсгал зургаа байдаг аж. Хамгийн сонирхолтой нь Юань гүрнийн сүүлчийн их эзэн Тогоонтөмөр хааны балгас, Дэлгэрэх сумын газар доорх байшин,
Хатанбулагийн цэргийн цайз, Хэцийн агуй зэрэг газар юм. Бидний үед ч түүх, соёлын зүйлийг устгасаар л байна. Тухайлбал, Дорноговь аймгийн анхны хөх тоосгон байшинг Л.Шагдарсүрэн даргын үед нураасан юм. Би анх итгээгүй, "Шаагаа дарга тийм юм хийх хүн биш" гэж маргадаг.
Гэтэл археологийн нэрт эрдэмтэн Х.Лхагвасүрэнгийн бичсэн "Монголын археологи" номын тэргүүн дэвтрийн 408 дугаар хуудсанд нэрт эрдэмтэн О.Намнандорж гуайн тогтоосон "Сайншанд хотын хойд хэсэгт байх Дорноговь аймгийн анхны хөх тоосгон байшин" гэж бичсэнийг үзээд үнэнд гүйцэгдсэн билээ. Монголын түүх дурсгалын баримт бичигт бүртгэгдсэн Иххэт сумын төвөөс баруун урагш байдаг түшлэгтэй сандалд суун зүүн гартаа хундага барьсан хүн чулуун хөшөө, мөн хүн дүрст хөшөө гурав бий. Хатанбулагт Чингисийн унаганы зэл зэрэг ховор түүхийн дурсгалт зүйл байдаг юм.
Сүүлийн үед Өмнөговь аймгийн хэсэг иргэд булш ухахыг зааж өгснөөс хойш нутгийн хүмүүс булш ухаж эхэллээ. Тэд металл хайгч багаж хэрэглэн булш, туурь ухаж байна. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Их нартын тусгай хамгаалалттай газар, Хатанбулаг сумын Далан харын уул, Толь булаг, Агаруутын хийдийн туурь, Иххэт сумын зарим газарт байгаа булш, хирэгсүүрийг ухсан байна. Дээрх газрыг хамгаалахын тулд аймгийн музейн Сургалт, сурталчилгааны төв идэвхтэн хамгаалагч нарт үнэмлэх олгоод байна.
Хулгайч нар булш ухахдаа нутгийн иргэдэд хөлс өгдөг байсан бол сүүлдээ нөгөөдүүл нь шуналдаа хөтлөгдөн бие даан ухаж сурсан нь гайхалтай. Эх түүх рүүгээ шороо цацагчид сүүлийн үед мэргэшин, ямар булш нь жирийн иргэдийнх, ямар нь язгууртных болохыг мэддэг болжээ. Бүр сонгож ухдаг болсон байна. "Сүмийн туурин дээр хүмүүс металл хайгчаар газар ухаж байна" гэсэн мэдээллийн мөрөөр очиход аль хэдийнэ алга болж, энд тэнд ширмэн тогооны хэлтэрхий ухаад хаясан байдаг.
Өнөөдрийн байдлаар булш, бунхан ухсан 10 гаруй иргэн хууль хяналтын байгууллагад шалгуулж байна. Тэдний дундаас хэн нэг нь "Насны хоол болох цул алтан эдлэл оллоо" гэх яриа гадуур тэнэж л явна. Ямар сайндаа л хуулийнхан булш ухсан нутгийн хүмүүст "Энд та нарын өвөг дээдэс нойрсож байгаа ч юм билүү" гэж хэлжээ. Булш ухсан хүмүүсийг шалгахад ёс суртахууны чанараас гадна хуульзүйн орчин бүрдээгүй нь нөлөөлж байна. Монгол Улсын эрүүгийн хуулийн 129 дүгээр зүйлийн 1-д "Булш сүйтгэсэн буюу түүнд байсан эд зүйлийг авсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-ээс 350 цаг хүртэл албадан ажил хийлгэх, эсвэл 3-6 cap хүртэл хугацаагаар баривчилж шийтгэнэ" гэжээ.
Мөн уг хуулийн 229-ийн 2-т "Энэ хэргийг давтан, бүлэглэж, тохуурхан даажигнаж, онц жигшүүртэй авирлаж үйлдсэн бол 351-500 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх буюу 2-5 жил хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэсэн хоёрхон заалтаар буруутай этгээдийг ялладаг аж.
Харин дээрх хуульд булшнаас гадна хирэгсүүр, бунхан, суварга, туурь гэсэн заалт байхгүй тул ерөнхийд нь дээрх хоёрхон заалтыг хэрэглэж байна. Сүүлийн үед археологийн судалгааны ном гарсан нь сайшаалтайн зэрэгцээ шинжлэх ухааны ач холбогдолтой ч тэрхүү бүтээл булш ухагч нарт гарын авлага болохоор бүртгэл, түүх дурсгалт зүйлийн координат буюу солбицолыг бичсэн нь хулгайч нарт газарчилж байх шиг санагдана. Одоо үед сансарын луужин GPS-тэй хэн ч олдог болсныг бодолцох нь зүйтэй. Мөн түүх, соёлын зүйлийн хяналтыг бие даалгах нь зүйтэй. Өнөөдрийн байдлаар энэ хяналтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Боловсрол, шинжлэх ухааны улсын байцаагчид хавсруулж байгаа нь буруу.
Боловсрол, соёл шинжлэх ухааны улсын байцаагч нь олон асуудал хариуцдаг, ачаалал ихтэй учраас түүх, дурсгалын асуудал хариуцсан улсын байцаагч байх нь зүйтэй.
Монгол ёс жудгаа алдан булш, бунхан ухаж гараа бузарлаж яваа хүмүүст ногдуулах ялын бодлогыг чангатгах хууль, эрх зүйн орчинг сайжруулах цаг нь болжээ. Юутай ч гэсэн булш, бунхан ухсан хүнээс бурхан хариугаа заавал авдаг нь үнэн гэдэг юм шүү.
Б.Төмөрпүрэв