Монгол Улсын гадаад бодлоготой холбоотой асуудлаар хэвлэл, мэдээллийнхэн хэт задгай бичээд байна уу гэх бодол төрөх юм. ГХЯ руу хандуулж тавьж буй асуулт нь учир шалтгааныг олох гэхээсээ илүү сенсаац хөөсөн, заримдаа өдөөн хатгасан, бүр хэтрүүлбэл гадаад харилцаагаа хорлох гээд ч байгаа юм шиг. Энэ бүхэнд эмзэглэж явдаг хүний үгс дор буулаа хэмээн тооцоход болно.
Монгол бол газар зүйн байршил нь төдийлэн таагүй, далайд гарцгүй, байгаль цаг агаарын хүнд нөхцөл, эмзэг жижиг эдийн засаг бүхий хүн ам цөөн, том нутаг дэвсгэртэй орон билээ. Бид ийм хүнд нөхцөлтэй, эдийн засгийн бэрхшээлтэй байсан, байгаа гээд ардчилал, зах зээлийн чөлөөт харилцааг баримжаалсан хос шилжилтийг улс төр, эдийн засагтаа нэгэн зэрэг хийж, шилжилтийн хохирол эрсдэлийг сааруулах замаар урагшилж яваа улс.
Манай улс бол дэлхийн эдийн засгийн системээс хол тасархай зожиг явсан улс биш. Өмнөх нийгмийн байгууллын үед ЭЗХТЗ-ийн идэвхтэй гишүүн нь байж, тэр үеийн СССР болон Дорнод Европын орнуудтай нэгэнт интеграцчилагдсан байсан. 1990-ээд оны эхээр дэлхий дахинд гарсан түүхэн өөрчлөлтүүд бидэнд халтай туссан, гэвч бид тийм өөрчлөлтийг тусган авч, гадаад харилцаа, гадаад эдийн засгийн харилцаагаа оновчтой чиглэлээр шинэчлэн төлөвшүүлж, тэр замаасаа хазайхгүй урагшилж яваа.
Ер нь аливаа улс гүрний гадаад бодлого, гадаад харилцаа үргэлж хувьсаж өөрчлөгдөж, тэлж, дэвжиж байдаг үйл явц. Яагаад гэвэл аливаа улсын гадаад бодлого, тэр тусмаа Монгол шиг жижиг улсын гадаад бодлого орчинтойгоо их холбоотой, түүндээ зохицсон байх шаардалагтай. Орчин гэдэг ойлголтод юу ордог вэ гэвэл нэгдүгээрт, гадаад орчинг бүхэлд нь авч үздэг.
Энэ гадаад орчинд бид олон улсын харилцааны хөгжлийн үндсэн хандлагыг авч үзэх ёстой. Энэ чиг хандлага бидний оршин буй Ази, Номхон далайн бүс нутагт нөлөөлнө, энэ нь цаашдаа манай хөрш хоёр оронд нөлөөлнө, тэр нь Монголд нөлөөлнө гэх мэт. Тэр нөлөөлөл Монголд шууд ба шууд бусаар тусч байдаг. Хоёрдугаар орчин гэдэгт бид дотоод байдлаа бүхэлд нь ойлгож болно. Үүнд эдийн засгийн, нийгэм-улс төрийн, сэтгэхүйн, соёл ба ирэншлийн гэх мэт олон асуудал орж болно.
Эдгээр бүх асуудлыг бид 1994 онд батлагдсан, 2011 онд шинэчлэгдсэн Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал, Үндсэний аюулгүй байдлын үзэл баримтлал хэмээх хоёр чухал баримт бичигтээ тусгасан ба 1996 оноос хойших бүхий л Засгийн газруудын үйл ажиллагааны хөтөлбөрийн гадаад бодлогын хэсэгт тодотгож, зорилтоо тодорхойлсон байдаг. Иймд гадаад бодлогын талаар задгай бичдэг сэтгүүлчид дээрх баримт бичгүүдтэй танилцаж, ажил хэргийн шугамаар дэргэдээ байлгаж, хэрэгцээ гарвал сөхөж үзэж байхыг зөвлөе.
Монголыг тойрсон учир битүүлэг цагариг үүсч байна
Нэгэнт гадаад харилцаа хөндөж байгаагийн хувьд Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчинг хэрхэн төсөөлж, тодорхойлохсон хэмээн уншигчид сонирхож магад. Шинэ XXI зуунд, мөн даяарших үйл явц эрчимтэй өрнөж буй үеийн Монгол Улсын гадаад бодлогын зорилт энгийнээр юу байх вэ гэж сонирхох нь зүй ёсны хэрэг болов уу.
Хариулт тун энгийн. Яг одоогийн байдлаар бол Монгол Улсын гадаад орчин харьцангуй тогтвортой, тайван байна гэж хэлж болно. Энэ бол өнөөдрийн байдлаар харж, хийж байгаа дүгнэлт. Харьцангуй гэснийг бас анхаараарай.
Олон улсын байдал асар түргэн хувьсан өөрчлөгдөж байгаа тул хэлж мэдэхгүй, таамаглашгүй ямар ч сорилт, эрсдэл тулгарах нөхцөл дэлхий дахинд бүрдсэн байгааг үгүйсгэх аргагүй. Хөгжлийн хурд гүйцэгдэхгүй боллоо. Тэглээ гээд дэлхийн эдийн засаг таагүй урагшилж байна. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ тогтворгүй, уруудах тийшээгээ явж байна.
Улс орондоо бүтээн байгуулалт хийх таатай гадаад орчин бүрдүүлэх нь гадаад бодлогын зорилт. Түүндээ олон арга замаар хүрнэ. Бизнесийн түншүүдээ алдчихгүй байх, улс орны гадаад нэр хүндээ бэхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах найдвартай хөрс суурь бүрдүүлэх, дан ганц байгалийн баялгийн олборлолт шүтээд суухгүй байх, баялгийн экспортоос олсон орлогоо хуримтлал болгон удаан жил хадгалах гээд салбар зорилтууд өдий төдий бий. Цааш нь салбарлавал эдийн засгийн коридор, АПЕК гээд жагсааж болно.
Хэдий таагүй ч гэлээ ОХУ-д УИХ-ын даргын айлчлалын үеэр ОХУ-ын Төрийн Думын Холбооны Зөвлөлийн дарга хатагтай В.Матвиенкогийн голд ортол хэлсэн үгнээс шууд эшлэе. Тэрбээр намаа сонгуульд ялуулж, УИХ-ын даргаар сонгогдсонд нь М.Энхболдод баяр хүргээд ОХУ, Монгол Улсын хамтын ажиллагаанд онцгой анхаарч, шинэ дэвшил гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Мөн "Ийм нүүр тулсан уулзалт, яриа хэлэлцээний үеэр тулгамдсан асуудлуудаа ний нуугүй ярилцах боломж олддог. Уламжлалт харилцаагаа цаашид амжилттай хөгжүүлэхийн тулд бодит үр дүн гаргах хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд бид монгол нөхөдтэйгээ олон удаа уулзаж, олон асуудал хөндөж ярилцсан. Цөөнгүй тохироо хийгдсэн. Харамсалтай нь үр дүн бага байна. Би танд нэг зүйлийг аминчлан хэлье. Манай Засгийн газар, яамд, бизнесийнхний түвшинд монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлагаа ойлгодоггүй гэсэн дүгнэлт зарим талаар байгаа шүү. Энэ байдлыг халах ёстой" гэжээ.
Өнөөдөр дэлхий нийтийг түгшээх хэмжээнд очоод байгаа хамгийн гол асуудал бол олон улсын терроризм болчихоод байна. Энэ нь хэдийгээр Монгол Улсын гадаад бодлогоос огт ангид саланги орших мэт санагдавч тийм биш юм. Бид хэдий дэлхий ертөнцийн бүх үйл явдлаас харьцангуй алслагдмал, хоёрхон том хөршөөр хүрээлэгдсэн ч олон улсын ба хил дамнасан терроризмаас тэгтлээ хол хөндий оршиж байгаа хэрэг биш. Энэ аюулт үзэгдэлд хил хязгаар гэж алга. Цахим терроризм хийхэд л аль ч улс саланги байж чадахгүй.
Олон улсын терроризмын тухайд манайд энэ талаар судлах, бодлогодоо тусгах тал дээр төдийлөн цэгцтэй анхаарч ирсэнгүй. Энэ бол бидний буруу биш юм. Уг үзэгдэл нь олон улсын харилцаанд бүр сүүлд 1980-аад онд гарч ирсэн бөгөөд тэр үед терроризмын тухай ойлголт маань өөрөө “Хүйтэн дайн”-ы төмөр хөшигний хоёр талаас хоёр янзаар, магадгүй олон янзаар ойлгогдож байсан байх. Жишээ нь, 1986 онд АНУ, Британийн агаарын хүчнийхэн Ливийг бөмбөгдөхөд бид Каддафийн талд зогсож байсан нь тэр үеийн түүхэн нөхцлөөр гадаад бодлогын алдаа байсан гэж үзэхгүй. Арабын терроризмын тухай авч үзэхдээ Израилийг ямагт буруутгахыг зорьж уг хямралын ухархай нь сионистуудын бодлогод байна гэж үздэг байсан. Гэтэл тийм биш юм байна гэдэг нь өнөөдөр хэнд ч ойлгомжтой болсон.
Терроризм хэмээх энэхүү үзэгдэл өнөөдөр даян дэлхийд хурдтай тархаж, төсөөлж төлөвлөж болохооргүй болсон ба манай улсын хил рүү улам наашилж байгааг бид эс хэрэгсэж өнгөрөөвөл хожим ирээдүй үедээ хараалгах нүгэл үйлдсэнтэй адил болно.
Арабын хувьсгалаар төрсөн “Лалын улс” бүлэг салбарлаад Төв Ази руу ороод ирсэн, умард хөрш ОХУ-д энд тэнд ганц нэгээрээ илэрсээр байна. “Лалын улс”-ын балаг хэзээ эцэс болохыг төсөөлөхөд нэн бэрх. Манай баруун талын лалын хөршүүд, тухайлбал, Тажикистанд явагдаж ирсэн угсаатан-шашны мөргөлдөөн, Киргиз дэх лалжилт тэгтлээ хол оршиж буй биш. Түүнтэй хөрш залгаа Афганистанд лалын терроризм хүчтэй үүрлэж лалын олон улсын терроризмын нэг төв болсоор, тэндээс салбарлан Пакистан, Энэтхэг, Хятадын Шинжаанд лалынхны томхон сүлжээ үүсч эдүгээ сэтгэл түгшүүлэх хэмжээнд хүрсэн байна. Энэ бүхэн Монголыг тойрсон учир битүүлэг цагариг үүсч байна уу гэлтэй. Энэ цагаригт лалынхны хэт даврах ажиллагаа, лалын шашны мухар сүсэг, магадгүй хэтдээ нарко- терроризмын хөрс бүрэлдэж байж болох юм. Энэ бүхнийг бид үндэсний аюулгүй байдлын бодлогодоо байнга анхаарч тусгаж байх шаардлагатай.
Ойрын хоёр, гурван жилд Баруун Европ, АНУ-ын хотууд руу олон улсын алан хядагчид халдлага хийлээ. Араб, лалын ертөнцийн дүрвэгсэд хэдэн саяараа Европ руу тэмүүллээ. Дэлхийгээр нэг тарах нь байна. Тэр бүхэн түгшүүрийн харанга дэлдээсээр. Олон улс орон, бүхэл бүтэн бүс нутаг өнөөдөр алан хядлага-экстремизм, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус арилжаа зөөврийн олон улсын төв, дамжлага болж хувирсныг бид өдөр тутам дэлхийн мэдээнээс харж байна.
Олон улсын харилцааны хурдтай хувьсал, гэнэтийн элдэв алхмууд Монгол Улсын маань хөгжил дэвшилд ямраар ч нөлөөлж болно. Тийм учраас цаг хором бүрийг бүтээн байгуулах, мөнгө хуримтлуулах, гадаад түншүүдээ эрэлхийлэх, аль болох гадаад олон хамтрагчтай байж, тэдний эдийн засгийн бодит сонирхлыг Монголдоо бий болгох нь чухал зорилт болно. Дайн мөргөлдөөний голомт Азид олноороо уйгиж, бугшиж байгаа, хуучин СССР-ийн орон зайд геополитикийн тогтворгүй байдал үүсэх магадлал хэвээрээ байгаа. АНУ-ын шинэ засаг захиргаа гадаад бодлогоо эргэж харсан нөхцөлд Монголын гадаад бодлого туйлын прагматик, уян хатан хэрэгжих, хөдлөх чадвартай байх нь чухал юм. Хөрвөх чадвартай гадаад бодлогыг бид тууштай төлөвшүүлье.
Олхонуд Д.Баярхүү Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин