Хоног бүрээр ойртож байгаа улсын их баяр наадам олон хүний сэтгэлийг хөдөлгөж байгаа нь лавтай.
Хүдэр залуус нь хүлэг юугаан зэхэж, үзэсгэлэнт бүсгүйчүүд нь гоёл зүүсгэлээ гайхуулахаар битүүхэндээ догдлон хүлээдэг уламжлалт баяр маань үзэж харах зүйл олон байдаг билээ. Тэгвэл дэнж хотойтол наадах улсынхаа их баяр наадмаар хэн хүнгүй л гоё, сайхан харагдахыг хүснэ.
Үндэсний томоохон баяр гэдэг утгаараа, сүүлийн үед охид залуус дээл, хослолоор гангарах сонирхолтой болсон нь ч нууц биш.
Тэр тусмаа охид бүсгүйчүүдийн баярын гоёлд үндэсний загвартай дэгжин хослол, дан дээл багтах болсон бөгөөд ихэвчлэн хувцас загварын салонд захиалга өгч, бие галбиртаа зохицсон гоёмсог өмсгөл хийлгэх нь олширч. Мэдээж хэрэг, зуны халуун өдрүүдэд элдэв оруулга, энэ тэрээр "хачирласан", хэтэрхий гэмээр этгээд загвартай дээл хувцас хэн ч өмсөхгүй шүү дээ.
Энэ ч утгаараа, охид бүсгүйчүүд баярынхаа өдрөөр өмсөх энгийн болон гоёлын загвартай дан дээл, хослол сонгохдоо аль болох биед эвтэйхэн, нимгэн материалтай эсэхийг нь харгалзаж үздэг нь тодорхой.
Загвар зохион бүтээгч, дизайнерууд ч олны эрэлт хэрэгцээнд тулгуурлан улсын баяр наадмаар өмсч болохуйц шинэлэг загваруудыг гаргаж эхэллээ. Эдгээр загваруудын дийлэнх нь богино хормойтой банзал, бэлхүүс барьсан бариу хүрэм бүхий торгон хослол дээр тулгуурлажээ.
Материалын хувьд янз бүр байж болох ч сүүлийн үед охид бүсгүйчүүд гоёлын атлас, нимгэн торго юм уу дурдан сонирхож байгаа бололтой. Монгол дээлийн нэг хэсэг болох босоо зах бус хоргойгоор эмжсэн хагас дугуй хэлбэрийн зах уг хослолын гол чимэг. Дугуй юм уу гурвалжин захын аль хэсэгт товч, шилбэ байх ёстойг тухайн үйлчлүүлэгч л мэдэх хэрэг.
Урт ханцуйнаас илүү цээживч маягийн мөр ил гаргасан загварыг түлхүү сонгож байгаа учраас баярын гоёл тань нэлээд чөлөөтэй харагдуулах биз ээ. Зарим бүсгүйчүүдийн хувьд, тохой шүргэм хэрийн хагас урт ханцуйтай хийлгэх сонирхолтой байдаг юм билээ. Харин бэлхүүс тодотгосон бариу загвараас татгалзах хүн бараг л олдохгүй гэх.
Энэ загварын хүрмийг богино хормойтой банзал илүү чимж өгдөг аж. Өвдөг шүргэх урттай уг банзлын урд хэсэг юм уу хажуу талд багахан хэмжээний оноо гаргаж өгвөл тун ч догь. Арын хэсэгт иймэрхүү оноо гаргавал ажил хэрэгч загварын хослолоос нэг их ялгарахааргүй харагдуулна гэдгийг санаарай. Дан дээлний хувьд нарийн эмжээр бүхий дугуй захтай энгийн хийцтэй дан дээл сонгох хэрэггүй.
Түүний оронд босоо зах, чамин товч шилбээр гоёсон өвөрмөц загварын дан дээл хийлгэж өмсвөл бусдаас дэгжин харагдах боломжтой аж. Хормойны хувьд, загасан хэлбэрийн загвар зонхилж байгаа юм байна. Ялангуяа ташааны хэсгээр бариу боловч төгсгөл хэсгээрээ олон нугалаас бүхий дэрвэгэр оруулгатай байвал илүү гоё харагдах нь. Яг л дэрвэгэр хормойтой даашинз шиг.
Наадмын гоёлд багтсан залуусын өмсгөл харин тэгтлээ өөрчлөгдөөгүй юм байх. Тод өнгөтэй гоёлын атлас юм уу нимгэн торгоор урласан үндэсний загвартай цамц сонгохыг дизайнерууд зөвлөж байна. Энэ төрлийн цамцыг ямар ч хувцастай хослуулж өмсөхөд тохиромжтой ажээ.
Үүний зэрэгцээ, товч шилбээр гоёсон үндэсний загвартай хантааз залуусын дунд эрэлт ихтэй байгаа талаар ч дурьдах нь зүйтэй. Хэрэв хантааз сонгосон тохиолдолд нимгэн, торгомсог материалтай өмдтэй хослуулах хэрэгтэй гэнэ шүү.