Аравхан жилийн дотор малын тоо толгойгоо 10 дахин өсгөж чаджээ Хаврын хавсарга тавьж, шороогоор шуурсан зэврүүн өдөр манай сонины сурвалжлах баг Хэнтий аймгийг зорилоо. Малчны хотонд зочилж, мал төллөлтийн байдалтай газар дээр нь танилцах нь бидний зорилго. Тус аймаг 3.5 сая толгой малтай. Энэ жил 1.627 сая мал төллөхөөс 298.8 мянган төл хүлээн авчээ. Аймгийн хэмжээнд мал төллөлт 28.4 хувьтай байгаа юм.
Энэ жил улсын хэмжээнд 18-20 сая төл мал хүлээн авах тооцоо байна
Социализмын үед мал төллөлтийн ажилд улсаараа зүтгэдэг байж. Оюутнуудыг илгээлтийн эздээр явуулна, тухайн орон нутгаас тэдэнд анхан шатны хичээл заана. Мөл төллөлтийн бэлтгэл хэр байгааг урьдчилан шалгаж, мэдээллийг долоо хоног тутам авна. Тэгээд нөхцөл байдал хүндэрсэн газарт нэмэлт хүч очдог байсан тухай ахмадууд хуучилдаг.
“Тэр үед мал төллүүлэх бааз хүртэл байлаа. Тэнд өвс тэжээл, ус хужир, эм тариа нь төвлөрдөг. Улсаас ингэж ач холбогдол өгдөг байсны ачаар төлийн эндэгдэл харьцангуй бага гардаг байж. Харин одоо бол урсгалаараа л явдаг юм шиг байна лээ. Уг нь социализмын үед авах юм их байсан шүү” хэмээн Монголын малзүйч, үржүүлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Д.Самданжамц ярилаа.
Хуучин нийгмийн үеийг энд дурдсан нь өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулах гэснийх. Тухайн үед олон малтай өрх цөөн байсан. Тэдэн дээр оюутан залуус ирж хүч нэмэхээс гадна дулаан нэмнээ илгээх зэргээр тусламж илгээдэг байв. Үүний ачаар мал төллөх хүнд үеийг амжилттай даван туулна. Харин одоо мянгат малчин өрхийн тоо их болсон. Тэр байтугай хоёр, гурван мянган малтай айл ч олон. Эдгээр өрх мал төллөлтийн хүнд үеийг хэрхэн даван туулж байна вэ? Тэдэнд хүн хүч хүрэлцдэг болов уу?
Бидний очсон айл бол Хэнтий аймгийн Дархан сумын хоёрдугаар багийн малчин Дарханжаргалын Хэнчбишийнх. Сумын төвөөс урагш 30 орчим км зайд Замын шанд хэмээх газарт нутаглана. Өнгөрсөн зун бороо бараг ороогүй тул энэ нутаг бүхэлдээ гандуу байв. Харин өвөл цас их орсны ачаар өвс нэлээд ургажээ. Гэхдээ бэлчээр нь элсэрхэг хөрстэй юм. “Зургадугаар сар гарахаас өмнө бороо орчихвол өвс ногоо хатахгүй, мал зулгаах юмтай болно. Ноднин ч хамар хатгах өвсгүй хэцүүхэн л байлаа” хэмээн нутгийнхан өгүүлж байв.
Хэнчбишийн хотонд очиход шинэхэн төлийн дуу цангинаж, хурга, ишигнүүд хөл доогуур гүйлдэнэ. Хашаа, хороо нь эмх цэгцтэй, цэвэрхэн гэж жигтэйхэн. Тэднийх өнгөрсөн жил 960 гаруй толгой мал тоолуулжээ. Хонь, ямаа дийлэнх хувийг эзлэх ба цөөн тооны адуу, үхэртэй юм байна.
Энэ жил 240 гаруй хонь хургалж, 100 гаруй ямаа ишиглэжээ. Мал төллөлт бараг 90 хувьтай гэдгийг гэрийн эзэн Хэнчбиш хэлсэн юм. Нас 40 дөхөж яваа болов уу гэмээр намхан бор энэ залуу эхнэрийнхээ хамт хэдэн малаа маллан амьдарч байна. Тэднийх дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд нь сургуулийн мөр хөөн төв суурин газар бараадсан тул хоёул үлдсэн гэнэ. Харин энэ жил эхнэрийн дүү нь хамт өвөлжсөн тул хүн хүч сайтай байгаа аж.
“Ноднин өвсний гарц муу байлаа. Харин энэ жил их сайхан хавар болж байна. Манайх энэ жил малын хорогдол бараг байхгүйтэй адил. Ганц хоёр төл эцэж, ядарч үхсэн. Малаа сайхан таргалуулсан цагт байгалийн бэрхшээлийг ажрахгүй дээ. Цаг сайхан бол энэ хавиараа зусчхаад наадам өнгөрөөд урагшаа говь руу гараад явчихдаг юм.
Малдаа таана хөмүүл идүүлж байгаад аравдугаар сар гаргаад ирэхэд сайхан тарга тэвээрэг авна. Тэгээд өвс, тэжээлийг нь бэлдсэн байхад мал өлдөж, ядраад байдаггүй” хэмээн тэрбээр өгүүлэв. Тэднийх сумынхаа хадлангаас өвс, тэжээлээ худалдаад авчихдаг юм байна. Өнгөрсөн жилийн тухайд 2500 төгрөгийн боодол өвс 400-г авсан гэнэ. Ийм тооны өвсөөр өвөл, хаврыг давчихна.
Хэнчбиш 2005 онд эцэг, эхээс тусдаа гарахдаа 100 гаруй малтай байсан гэнэ. Харин аравхан жилийн дотор малын тоо толгойгоо мянга гаруй болгож чаджээ. Залхууралгүй ажиллаж, хайрлан хамгаалж чадвал мал гэдэг амьтан тун ч хурдан өсдгийн жишээг эндээс харж болно.
Биднийг замд явж байхад бэлчээртээ үхсэн мал цөөнгүй тааралдсан. Тэр ч байтугай дөнгөж төрсөн үнээ тугалынхаа хамт үхсэн харамсалтай дүр зураг ч харагдаж байв. Энэ бол малдаа хойрго хандсан малчны л буруу. Харин Хэнчбишийнх төллөх дөхсөн малаа тусад нь хашчихдаг байна. Энэ нь бэлчээр дээр мал төллөж, гэртээ харьж чадалгүй үхэж үрэгддэг байдлаас сэргийлсэн арга юм.
Оройн сэрүү унаж, нар хүүшлэх цагаар бэлчээртээ явсан үхэрнүүд хотондоо ирлээ. Үнээ ирэх бараанаар бяцхан ишигнүүд гүйлдэн очиж, хөхөж эхлэх нь хөөрхөн. Долоо, найман ишиг тал бүрээс нь дайрах ч үнээ тоосон шинжгүй хөхүүлж зогсоо харагдана. Гэрийн эзэгтэй гүйн хүрч, үнээгээ цааш авч явлаа. “Ишигнүүд үнээ хөхөөд, тугалыг нь идэх хоолгүй болгочих гээд байх юм” хэмээн тэр тайлбарлав. Ишиг гэдэг адтай амьтан. Хаа хамаагүй ямааг очоод хөхчихнө. Харин хонь бол зөвхөн өөрийн хургыг хөхүүлж, өрөөлийн хургыг хөөгөөд явуулчихдаг аж.
“Ажилтай айлын хотноос зуд зугтдаг” хэмээн монголчууд ярьдаг. Найр наадам хэсэж, өвөлжилтийн бэлтгэлээ хангаагүй хэсэг нь зуд турхны өмнө сөхөрч, хамаг малаа тавиад туучихдаг бол арчаатай малчид байгалийн иймэрхүү бэрхшээлийг ажрахгүй даваад гардаг. Ийм нэг үлгэр жишээ айл малаа эсэн мэнд өсгөн үржүүлсээр байна.
“ТЭНГЭРИЙН БАЙДЛЫГ САЙН АЖИГЛАЖ, БАЙНГА НҮҮДЭЛЛЭЖ БАЙ”
Гэрийн эзэн Д.Хэнчбиштэй мал төллөлт болон бусад зүйлийн талаар товч ярилцлаа.
-Мал төллөх цагаар малчид хамгийн завгүй болдог байх. Шөнөдөө нойргүй хонох үе олон биз?
-Манай мал гуравдугаар сарын 16-наас төллөж эхэлсэн. Ерөнхийдөө сарын хугацаанд төллөж дуусна даа. Энэ жил эхнэрийн дүү нар ирж туслалцаж, малаа төллүүлж байна. Хүн хүч сайтай болохоор гайгүй дээ. Ер нь мал төллөх дөхөхөөр догдлоод хүлээчихдэг юм. Төлийн дуу цангинаж, хурга ишиг хөл доогуур гүйлдээд ирэх мөч малчин хүний хамгийн том жаргал шүү дээ. Хамгийн анхны төлөө сайхан хүлээж авбал цаашаа шуудраад явчихдаг юм.
-Та эцэг, эхээсээ мал маллах ухааныг сурсан уу?
-Тэгэлгүй яахав. Хөлд орсон цагаасаа л малын захад өслөө. Аав, ээж минь бидэнд “Тэнгэрийн байдлыг сайн ажигла. Оторт их явж, байнга нүүдэллэж бай” гэж захидаг юм. Манай эндхийн өвс нарийн ургаатай. Жаахан урагшаа явахаар таана бий. Зундаа энд махан тарга авахуулна. Харин намар говь руу явж, өөхөн тарга авахуулна. Ингээд тарга тэвээрэг авсан мал өвөл, хаврын цагт алзахгүй ээ. Ер нь малчин хүний арчилгаа л хамгийн чухал шүү дээ.
-Усны асуудлаа хэрхэн шийдэж байна вэ?
-Хэдэн айлын дунд гүний худаг гаргаж өгсөн. Тэндээс малаа усалчихна. Маргааш нөгөөдрөөс тэнгэр гайгүй бол сувай малаа туугаад тийш дөхөх санаатай. Манай эндээс 40, 50 км газарт хужир бий. Ноднин хоёр машинаар хужир авчирсан. Одоо л дуусах дөхөж байна. Тэгж байгаад нэг явна даа.
-Хүүхдүүдээ малчин болгох уу?
-Сургууль соёлыг нь хөөлгөлгүй яах вэ. Төгсөөд мэргэжлээрээ ажиллаж чадвал сайн л байна. Чадахгүй бол малаа маллаад амьдарна биз. Бид мал дагасны хүчинд л өдий зэрэгтэй явж байна даа.
-Жирийн малчин иргэдэд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?
-Түүхий эдийн үнэ өсөхөө байчихлаа. Өнөөдөр гэхэд хонины арьс 200 төгрөгийн үнэтэй байна. Ямааны арьс бол бүр авахгүй. Өнгөрсөн жилээс малын үнэ маш их уналаа. Энэ нь малчин бидэнд хүндхэн л тусаж байна. Ноолуур харин 58 мянган төгрөгөөр авч байгаа. Энэ жил 100 орчим кг ноолуур самналаа.
ФЕРМИЙН АЖ АХУЙН СОНГОДОГ ЖИШЭЭ
Бидний очсон дараагийн айл бол Батноров сумын хоёрдугаар багийн малчин Н.Батсайханых. 60 гарч яваа энэ эр эхнэр Л.Оюунцэцэгийн хамт сумын төвөөс холгүйхэн төвхнөжээ. Тэд тэтгэвэрт гарсны дараа Дадал сумаас сүүний чиглэлийн 20 үнээ авч, жижиг фермийн ажлаа эхэлсэн гэнэ. Биднийг очиход арваад үнээ тугаллаад байв. Энэ жил нийт 30 гаруй үнээ тугаллана гэдгийг гэргий Л.Оюунцэцэг хэллээ.
Эдний сүү, цагаан идээ нутгийн нэр гаргасан том брэнд болсныг орон нутгийн удирдлагууд хэлж байв. Сард 3-4 тонн сүүгээр цагаан идээ боловсруулдаг гэнэ. Тэгсэн хэрнээ дорхноо зарагдаад дуусна. Тэднийхээс ааруул, цөцгий авахыг хүсвэл арваад хоногийн өмнөөс захиалга өгөх шаардлагатай болдог аж.
Үлгэр жишээ болсон энэ өрхийг сумын удирдлагууд дэмжиж, дунд сургуулийг сүү, цагаан идээгээр хангах гэрээ байгуулжээ. Хоёр хөгшин ачааллаа дийлдэггүй тул энэ зун хүүхдүүд нь хотоос ирж, туслах юм байна. Энэ мэтээр сум, орон нутагт сайхан амьдарч буй малчин өрх олон байна.
- Сард 3-4 тонн сүүгээр цагаан идээ боловсруулдаг ч дорхноо зарагдаад дуусдаг.
- “Ишигнүүд үнээ хөхөөд, тугалыг нь идэх хоолгүй болгочих гээд байх юм”.
- Өнөөдөр хонины арьс 200 төгрөгийн үнэтэй байна. Ямааны арьс бол бүр авахгүй.
Батноров сумын тухайд фермийн аж ахуйг хөгжүүлэх талаар багагүй ажил санаачлан хэрэгжүүлжээ. Үүний нэг нь стейкний мах бэлтгэх ферм. Хотод үйл ажиллагаа явуулдаг дээд зэрэглэлийн 63 ресторан стейкний махаа Австралиас захиалан авчруулдаг гэнэ. Нэг кг махны үнэ 25 орчим ам.доллар. Хэдийгээр өндөр үнэтэй ч эрэлт ихтэй хэвээр.
Тэгвэл Батноров сумынхан стейкний мах гаргаж авахын тулд үхрээ хэрхэн тэжээхийг мэдэж, энэ чиглэлийн ферм ажиллуулахаар болсон байна. Газрын асуудал шийдэгдэж, байраа бариад эхэлчихэж. Нутгийн иргэд хоршоо хэлбэрээр энэхүү аж ахуйг ажиллуулах аж. Ирэх сараас ажил эхлэх бөгөөд ингэснээр орон нутагт 80 гаруй ажлын байр шинээр болж, орон нутагт төвлөрөх татварын орлого нэмэгдэнэ гээд тун ч өөдрөг төсөөлөл харагдана. Фермийн аж ахуй хөгжүүлэх сонгодог жишээ энэ болов уу.
Энэ жил улсын хэмжээнд 23.8 сая хээлтэй мал тоологдсон бөгөөд одоогоор 2.8 сая эх мал төллөжээ. Төллөсөн малын бойжилт 96 хувьтай байгаа талаар ХХААЯ-наас мэдээлсэн. Олон жилийн дунджаас авч үзвэл энэ жил 18-20 сая төл мал хүлээн авах тооцоо байгаа юм. Харин оны эхний улирлын байдлаар 830 мянган мал зүй бусаар хорогдсон дүн байна.
Тухайн орон нутагт хаваржилт, мал төллөлт ямар байх нь цаг агаарын байдал, цасны зузаан, өвсний ургац гээд олон хүчин зүйлээс шалтгаалах нь мэдээж. Гэхдээ бэлтгэлээ сайтар базааж чадвал байгалийн хүндрэлийг зовлон багатай даван туулж чаддагийг уулзсан малчин бүр хэлж байлаа.
Г.Баярсайхан