Үүрийн гэгээ манхайн цайхтай уралдан гэрийн эзэгтэй аргал зэргэлэн галаа асаана. Энэ хооронд өрхийн тэргүүн хувцсаа өмсөөд хоттой хониндоо шинэ төлөө бүртгээд гэртээ орж ирнэ. Төдөлгүй ханын толгойд нар тусч радиогоор “Таван эрдэнэ” нэвтрүүлэг эгшиглэх нь малчны тэр өдрийн их ажил эхэлж буйг илтгэнэ. Хөдөөгийн малчны хаврын нэг өдөр яг л ингэж эхэлдэг.
Энгэрийн яргуй цасан дор зүүдлэхэд
Эхний төл наран наашилж цангиналаа
Эзэн малчны магнай тэнийн баясаад
Эх орны сүрэг нэмэгдлээ
Таван төлийн минь дуу
Таван уяхан эгшиг
Тэгш таван хүслийн
Амьд таван эрдэнэ...
Энэ л дууны хөг эгшигтэй хамт эрдэнэт сүргээ өсгөх гэж нар солонгорон мандах өглөөнөөс одод түгэх үдэш хүртэл амсхийх ч завгүй ажилладаг эгэл малчны нэг өдрийг сурвалжиллаа. Нийслэлээс 50 гаруй километрт Салхитын шанд хэмээх газар малчин Д.Вандангийнх хаваржиж байна. Биднийг нар жаргах алдад очиход оройн ажил ид буцалж байлаа. Өдөржин бэлчээрлэсэн хонь, ямаа шуугилдан хотондоо цувж ирснээр хашаанд тоглож байсан хурга, ишиг эхийнхээ дуугаар тал, тал тийш гүйн майлалдах нь нэгэн найрал хөгжим мэтээ.
Том охин В.Баярсайхан нь үнээнүүдээ сааж хүү С.Цогтбаатар нь тугал ивэлгэж байна. Харин төлийн гэрт Д.Вандан гуайн дунд охин В.Байгальмаа нь тэднийд тусалж байгаа залуугийн хамтаар эхээс гараад хэд хонож байгаа хурга, ишигнүүдийг үхрийн бүлээн сүүгээр угжиж байлаа. Төлийн гэрт халуу дүүгтэл гал түлжээ. Төлүүдийг хөрвө, дунд, нялх гэж ялган тусгайлан бэлдсэн байранд хашсан харагдана. Гэрийн зүүн талаар эхийгээ хөхөөд орж ирсэн тугалнууд хөлөө жийн тааваараа хэвтэх нь уураг сүүндээ бялуураа юу гэлтэй.
Гэрт байгаа тугалнуудыг бүгдийг нь хөвөнтэй нэмнээгээр нэмнэсэн харагдана. В.Байгальмаа эгчийг хурга угжих зуур ярилцлаа. “Цас ихтэй, өвс муутай байгаа болохоор зарим хонь, ямаа жилбэгүй төллөж байна. Тиймээс үхрийнхээ сүүг бүлээтгээд түүхийгээр нь төлөө угждаг юм. Хурга ишигнүүдийг эхлээд угжихад соосгоо зажилж зөрүүдлээд амаргүй. Эхийг нь хурга ишгээ цатгачих дайны сүүтэй болтол нь өглөө оройд тогтмол угждаг” гэлээ.
Асаагуурын гэрэлд ишиг хурга нийлсэн 40 гаруй төлийг угжиж байна. Нэг төлд өглөө орой нийлээд 500 грамм сүү, жижиг биетэй нэгэнд нь нэмэгдэл өгдөг гэлээ. Зарим нэг сэргэлэн нь хананы нүдэнд хавчуулсан өвснөөс зуучихсан харагдана. Ингэж байтал гадаа хүмүүс ирсэн бололтой нохой боргох сонсогдов. Хүү С.Цогтбаатар ирсэн хүмүүст нохой хориод “өдрийн хүмүүс байна” гэсээр орж ирлээ. Онцгой байдал, мал эмнэлгийн ажилтнууд хамгаалалтын бүсэд байгаа айлуудын малыг вакцинжуулж яваа гэнэ. Өдөр бог малыг бэлчээрээс нь авчруулж вакцинжуулжээ. Айлуудын үхэр голдуу орой ирдэг болохоор үхэрт нь вакцин хийхээр эргэж ирсэн нь энэ.
Анх 100 хүрэхгүй толгой малтай хотод ирж байлаа. Одоо бол амины 400-гаад бог, 20-иод үхэр, уналганы хэдэн сайхан морьтой болсон. Энэ жил хонь ямаа нийлсэн 200 гаруй мал төллөхөөс 80-аад нь төллөлөө.
Залуучууд үхрүүдээ эвэрнээс нь барьж авчираад тариулаад байх юм. “Маханд нь хийдэг тарилга болохоор ганц шахаад л болно. Малаа дутуу тариулах юм бол өөрсдийн чинь буруу. Нэг малд хоёр удаа вакцин хийлгэвэл хүндрэл өгч татдаг тул таньдаг хүн нь малаа сайн хараарай” гэж мал эмнэлгийн ажилтан хэллээ. Нэг малд ямар хэмжээтэй вакцин хийж байгааг асуухад “Бог малд 0.5 милограмм, үхэрт нэг милограмм вакцин хийх нормтой. Хэрвээ малд чинь ямар нэг шинж тэмдэг илэрвэл холбогдоорой “ гэсээр явцгаалаа. Гаднах ажлаа цэгцлээд гэрт ороход В.Баярсайхан эгч Д.Вандан гуайд сүүтэй цай аягалан барьж байна. Ингээд хоол бэлэн болох зуур Д.Вандан гуайтай хөөрөлдлөө.
Одоо нас сүүдэр 75 хүрч яваа энэ буурал ач нараа тойруулан жаргаж сууна гэсээр яриагаа эхлэв. Эднийх найман сайхан хүүхэдтэй. Бүгд л ажил амьдралаа хөөгөөд явцгаажээ. Ихэнх нь хотод байдаг гэнэ. Гэртээ Д.Вандан гуай охин В.Баярсайхан, В.Байгальмаа, В.Баярсайхан эгчийн хүү С.Цогтбаатар нартайгаа амьдардаг юм байна. В.Байгальмаагийн хоёр хүүхэд Туул тосгоны дунд сургуульд сурдаг тул хагас бүтэн сайн өдрөөр ирдэг гэнэ. Эднийх уг нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын айл бөгөөд одоогоос 12 жилийн өмнө хүүхдүүдээ дагаад хотод орж иржээ. Гэрийн хойморт Д.Вандан гуайн залуудаа авч байсан Аймгийн хөдөлмөрийн аварга, 5,6,7,8 дугаар таван жилийн гавшгайч, Монгол Улсын малчны тэмдгүүдийг туузанд хадаж залжээ.
Д.Вандан гуай “Нутагтаа байхдаа нийтийн аж ахуйн галч, слесерь гурилан боовны үйлдвэрт талхчин гээд голж шилэлгүй олон ажил хийж явлаа. 1990 онд тэтгэвэрт гарснаар зүгээр сууж чадахгүй ганц нэг төлөг борлон цуглуулсаар малжиж малчин болсон. Мал дагавал ам тосдоно гэж үнэн үг. Анх 100 хүрэхгүй толгой малтай хотод ирж байлаа. Одоо бол амины 400-гаад бог, 20-иод үхэр, уналганы хэдэн сайхан морьтой болсон. Энэ жил хонь ямаа нийлсэн 200 гаруй мал төллөхөөс 80-аад нь төллөлөө. Дөрөвдүгээр сарын дундуур үлдсэн хэд нь төллөчихнө. Энэ жил өнтэй өвөл боллоо. Ирж яваа цаг болохоор дулаахан ч нялх төлийг гэрт оруулахгүй бол горьгүй. Зарим хурга ишгэнд угжны сүү таарахгүй баас алдаж, осгох гээд хорогдох л юм.
Өмнөх жилүүдэд хэдэн малаа унаатай, унаагүй дагаад байдаг байсан энэ жил бие жаахан чилээрхээд гадна дотны ажилд оролцохоо больсон. Хүүхдүүд эмч таныг даарч болохгүй гэсэн гээд гаргахгүй юм. Гэрт өдөржин байхаар хийх ч юм олдохгүй дэмий л ном сонин гарчиглах юм” гээд орныхоо урд талын ширээн дээр байсан хоёр номыг авч өглөө.
Малчин түмэндээ хүргэх илгээлт, зарим өвчний эмийн зааврын тухай номуудыг сүүлийн хэдэн өдөр уншиж байгаа гэнэ. Мөн зүүн аймгуудад гарсан шүлхий болон боом, галзуу өвчний талаар шүлхий өвчин салхиар дамждаг хэмээн байн байн ярих нь сэтгэл зовнингуй байгаа нь илт байлаа. “Малчдад ноосны зөрүү өгч байна. Мөн залуу малчдыг ажлын байртай болгоно, нөгөө хямдхан орон сууцанд бас малчид орж болно гэсэн биздээ. Төр засгаас малчдыг уг нь сайн л дэмжиж байна. Гэхдээ мал маллах залуучууд жаахан цөөрөөд байх шиг санагдаад байх юм. Өдөр нартай байвал оройд зурагтаар л мэдээлэл авдаг юм.
Аккумлятороо нараар цэнэглэдэг учраас үдшийн мэдээгээ үзэхийн тулд зарим бүрхэг өдөр хүүхдүүдээс зурагтаа харамлана” гээд инээмсэглэлээ. Биднийг ийнхүү ярилцах зуур гаднаас цэрэг хувцастай хоёр залуу орж ирсэн нь Орбитын 05 дугаар цэргийн ангийн алба хаагчид гэнэ. Цэргүүдийг П.Соронзонболд, Г.Ган-Эрдэнэ гэдэг аж. Хоёр цэрэг Д.Вандан гуайнд ирээд сар гаруй болж байгаа бөгөөд цэргийн ангийнхаа малыг хариулдаг гэнэ. Тэдний үхрүүд арваннэгдүгээр сараас эхлэн тугалласан болохоор тараг бүрээд уджээ. Бид унтахаасаа өмнө сахаргүй элгэн тараг уунгаа төрөл бүрийн сэдвээр яриа өрнүүлсээр 10.30 цагт унтахаар хэвтэцгээв.
Олон сувгийн антеннд гэмтэл гарсан болохоор ойрд зурагт гарахгүй байгаа гэж В.Байгальмаа хэллээ. Нэг хэсэг олноороо төллөж байсан хонь, ямаа тасалдангуй болсон гэнэ. Ид есийн хүйтнээр хэдэн цагаар ээлжлэн хотоо эргэдэг бол сүүлийн өдрүүдэд тэнгэр гүлгэрээд сайхан байгаа учир шөнөдөө ганц хоёр удаа л малаа тойрдог болж. Гэсэн ч энэ шөнө хоёр үнээ нь тугаллах дөхсөн, бас хонь ямаа төллөж магадгүй хотоо эргэнэ гэсээр орондоо орцгоолоо.
00:10 минутад шинэ төл мэндэллээ
“Хүйтэн хонох шинжтэй байна нүүрсээ хийж унтаарай” гэж Д.Вандан гуайг хэлэхэд гаднаас нүүрс оруулж ирэхээр гарсан В.Баярсайхан эгч хонь хургалсан бололтой нялх хурга майлаад байна гэсээр орж ирлээ. Бид гэрээс хурганы нэмнээ аваад жижиг гар чийдэн барьсаар гарав. Хотонд дөхөж очиход нялх хурганы дуу цуурайтаж байна. Хашаанд хонь шигүү учир нэлээн хайсны эцэст улаан толгойтой хурга босох гээд тэнцэж ядан байгааг оллоо. Дөнгөж гарсан нялх хурга эхийнхээ доогуур мөөмөө хайн шургаж ойчино. Надаар эхийг нь хүзүүдүүлээд В.Баярсайхан эгч хургыг нь амлууллаа.
Хургаа хөхөх зуур эх нь хургаа долоов. Эхээр нь сайн долоолгож хамт байлгахгүй бол хургаа голох гэмтэй гэнэ. Шинэ төлийг амлах зуур В.Баярсайхан эгч “Хургаа гаргачихаад долоолгүй явах эсвэл олон хурган дунд холилдоод өөр үнэртэй болсон тохиолдолд хургаа голдог. Ямаа ишгээ голсон ч хөхүүлээд байхаар аяндаа дасаад авчихдаг юм. Харин хонь тэр дундаа зусаг хонинууд хурга мөддөө авахгүй.
Дөнгөж гарсан хургыг эхийнх нь үнэрийг шингээж байгаад юмуу, хурга нь үхсэн бол хурганых нь арьсыг өөр хурганд нөмөргөөд хөхүүлэхээр хургандаа сайн болдог” гэлээ. Хургыг эхэд нь сайн хөхүүлээд нэмнэж үлдээлээ. Гадаа дулаахан байгаа учир эхээс нь төөрүүлчихгүйн тулд хотны мухарт дулаахан газар орхисон юм. Мөн төллөх дөхсөн хоёр үнээгээ ч эргэлээ. Хөлөө жийн тааваараа хэвтэж байна. В.Байгальмаа эгч үүрийн 04:00 цагт босч хот эргэхэд төллөсөн мал байсангүй гээд унтсан байлаа.
Нар мандахыг уулан дээрээс харлаа
Өглөө битүү хяруу унажээ. Хүмүүсийн явсан мөр зурайн харагдана. Хөдөөгийн сайхан уулан дээрээс өглөөний нарыг харах азтай хувь тохиов. Д.Вандан гуайн хот уулын орой дээрээс алган дээр байгаа юм шиг харагдана. Хойноо машины гараж, түлшний амбаартай, малын хот нь үнэхээр эмхтэй сайхан. Д.Вандан гуайн аж төрдөг цагаан байшингаас аргалийн цэнхэр утаа суунаглана. Гэрийн ойролцоо гар худагнаас ач хүү С.Цогтбаатар ховоогоор ус татаж байна.
Иймэрхүү дүр зурагтай өглөөг угтаж, малчны хотонд нэгэн шөнийг өнгөрүүлж, эхийгээ олохгүй хөл дээрээ тэнцэж ядан зогсох нялх төлийн цангинасан дуунд сэтгэлийн амар амгаланг олох шиг л боллоо. Хаврын улирал гэдэг малчин хүний тэсвэр хатуужлыг шалгадаг басхүү баяр бүхнийг хослуулдаг цаг үе юм. Хүйтний эрч суларч, урин дулаан цаг наашилсан ч “хаврын тэнгэр хартай” гэдгийг малчин хүн андахгүй. “Өглөө нар ээн цаг агаар тогтуухан байвч бага үдийн хэрд гэнэт тэнгэр харанхуйлан цасаар шуурах бол энгийн зүйл аж.
Д.Вандан гуай орон дээрээ өндийн сууж цай оочих зуураа “Зарим өглөө малаа бэлчээрт гаргах аргагүй болтол цасаар шуурч байснаа өдөр тэнгэр гийж, юу ч болоогүй мэт нар ээх нь бий. Хатуухан өвлийг давж, тарга тэвээргээ алдсан мал хаврын улиралд хамгийн ихээр арчилгаа шаардана. Харин хахир, хайлган хаврын улирлыг, хатуужил үзсэн малч хүний сэтгэлийг бяцхан төлийн дуу л зөөллөдөг. Малчин хүн жилийн дөрвөн улирлын турш 24 цагийн ажилтай байдаг” гэлээ.
Малчид бүх нийтийн амралтын өдөр, төрсөн өдөр, март, цэргийн баярын өдөр тохиовч, буянт мал сүргээ эзэнгүй орхих учиргүй. Унтахдаа хүртэл сонор сэрэмжтэй байж, малынхаа төлөө санаа зовнино. Гэсэн ч малчин хэмээх монгол “мэргэжлээ”, нүүдэлч хэмээх түүх соёлоо хадгалж буйгаараа бахархдаг юм байна. Мартын баяр дөхөж байгаа учраас гурван залуу эмэгтэйчүүддээ өглөөд ээлжлэн босож өгч байгаа гэнэ. Энэ өглөө тохирсноороо П.Соронзонболд 06:00 цаг өнгөрөөгөөд босчээ. Биднийг цай уух хооронд залуус үхрийнхээ хөлдүүсийг зөөж хойд орой дээр байсан түлшний байшинд асгажээ. 07:00 цаг өнгөрч байхад бид гарч төлний гэрт тэжээл зуурч үхэрнүүдийн тэжээлийн саванд хийлээ.
Хонь, ямаа, үхэрт төллөсөн цагаас нь эхлэн хавар цас ханзарч, ногоо гарах хүртэл нэг бүрчлэн тэжээл өгнө. Энэ жил охин В.Байгальмаа нь портер машинаараа хотоос гурван тонн тэжээл, таван машин өвс авчирсан гэнэ. Усны шар савыг хавтгайгаар нь хуваасан болон төмөр сав нийлсэн 19 саванд ижил хэмжээтэй тэжээл зуурч хийгээд гаргахад үхэрнүүд гүйлдэж ирэв. Өмнө нь тавьсан тэжээлийг эр, эм, тугал бяруугүй амтархан идээд саалгадаг үнээнүүд өөрсдөө үхрийн хашаа руу очлоо. Үнээнүүд өглөө бүр тэжээл идсэнийхээ дараа байрандаа очиж саалгаж сурсан бололтой. Тугалнуудыг гаднаас хоёр хоёроор нь оруулж эхийг эврээр нь нарийн даавуугаар шонтой уяад ивэлгэж саах юм.
В.Байгальмаа эгч С.Цогтбаатараар тугалаа татуулангаа “Одоо ч яахав найман үхэр л сааж байна. Удахгүй дөрвөн үнээ тугаллахаар гар цуцах байх даа. Цагаан нүүртэй хар үнээ өмнөх жил алаг тугал гаргасан. Энэ жил улаан тугалтай байгаа юм. Өөртэйгээ адилхан хөөрхөн тугал гаргахгүй бол зарна” хэмээн хошигнон инээв. Саасан сүүг хажуудаа тавьсан хувинд юүлж төлийн гэрлүү хурга, ишигний угжаа бэлдэхээр авч явлаа.
Эхээсээ салахгүй гэсэндээ хурга ишиг хэрэндээ л тэмцэнэ
Өглөөний нартай уралдан “илүү” гэртээ хашсан ишгээ эхэд нь олгохоор яаравчиллаа. Ишиг хүйтнийг тэсвэрлэхдээ муу, өсч том болтлоо арчилгаа их шаарддаг тул хонь, ямаа төллөх үеэс эхлэн малчид нялх төлөндөө зориулсан тусгай байрыг бэлтгэдэг. Түүндээ ишгээ дааруулалгүй дулаан хонуулаад өглөөд ийнхүү эхэд нь хөхүүлэхээр яарсан нь энэ. Эх ишгийг нь хооронд нь ялгахын тулд ишигнийхээ хүзүүнд, ямааныхаа эвэрт ижилхэн өнгийн даавуу уяжээ.
Борлон бололтой давжаа биетэй ямааг өөрийг нь дууриалгаад зурчихсан мэт цагаан хошуутай ишиг цадахгүй байгаа бололтой ховдоглон нударч хөхөж байгаа харагдана. Харин хурга бол төрсөн цагаасаа эхлэн, эхийн нөмөр нөөлөгт бойждог болохоороо эзнээрээ төдийлөн арчлуулалгүй төвөггүй өсч, торнидог. Хурга ишгээ хөхүүлсний дараа угжиж дуусаад малаа бэлчээх боллоо. Одоо хурга, ишгээ эхээс ялгаж авч үлдэх ажил эхэлнэ. Эхээсээ салахгүй гэсэндээ хурга, ишигнүүд хэрэндээ л тэмцэж байна. Ишиг, хурга бүрийг нэг бүрчлэн барина гэвэл сүүлдээ эцэх шинжтэй.
Ер нь малчид хурга ишгийг 20-иос дээш хономогц өвс идүүлж сургана. Өглөө 10:00 цагийн үед малаа бэлчээрт гаргаад орой 16:00 цагт хотлуулдаг гэнэ. Д.Вандан гуай өглөө болгон хотон дотроо алхаж өвдсөн, муудсан мал байгаа эсэхийг ажигладаг зангаараа хонин дундуур ууцаа үүрээд алхлаа. Амандаа хөндлөн ганц нэгхэн өвс зуусан хургыг хараад Д.Вандан гуай “Тун удахгүй өвсөнд орох нь ээ. Тэр улаан хурга манай ууган хурга байгаа юм. Шинийн нэгэнд хүзүүндээ чихэр зүүлгэж, хошуундаа шар тос түрхүүлсэн. Энэ жил айлаас улаан хуц авчирч тавьсан чинь улаан, хар, алаг хурганууд их гарлаа. Хөх хурга цөөхөн гарсан. Энэнээс хойш л гарна.
Тэнгэр хангай дулаахан, ногоо эрт гарах юм бол энэ сарын сүүлээр ямаагаа самнана. Энэ жил ноолуур 67 мянган төгрөгтэй гарна гэж зурагтын мэдээгээр гарч байсан. Жилд манайх 180 гаруй ямаа самнадаг юм. Манай зарим бүдүүн ямаанаас килограмм ноолуур гарна. Уг нь ноолуурын чиглэлийн улаан ямаа өсгөж байгаа санаатай. Нутагтаа байхын л илүү нугаламтай хонь өсгөе гэж бодсоор одоо 150 гаруй илүү нугаламтай хоньтой боллоо.
Жилдээ малаас гарах 2-3 сая төгрөгийн орлогоо унаа тэрэг, морь мал авахдаа л зарцуулж байна. Бас малын хашаагаа сайжруулна, ганц нэг амбаар сав барина гээд бодож төлөвлөсөн зүйл их байна. Зун ааруул зөөхий элбэгшихээр Шувуунфабрик руу аваачиж тараг, сүүгээ борлуулна. Малын буянаар сайхан амьдарч байна. Цагаан сар, зуны амралтаар ач нар ирээд бужигнаж өгнө. Хотод ирсний дараахан нутгаа санаад ойр ойрхон л нутаг руугаа явдаг байлаа. Сүүлдээ нас ахиад ирэхээр тамир тэнхээ хүрэхгүй юм. Бас сүүлийн үеийн залуучуудыг танихгүй болохоор нутаг руу явахаа больсон ” гэлээ.
Нялх төлийн дуу цангинасан малчны гэр бүлд зүгээр суух хүн нэг ч үгүй. Том охин В.Баярсайхан, дунд охин В.Байгальмаа нь ажлаа хуваарилан хийнэ. Энэ өдрийн хонины ээлжтэй С.Цогтбаатар морио эмээллээд хониндоо явах бэлтгэл базааж хурганы уут, шилбүүр зэргээ зэхэж харагдана. Гэрийн тэндээс В.Баярсайхан эгч “хонины хүн орж ирж цайгаа уугаарай” гэх дуулдав. Харин П.Соронзонболд халиун моринд өвс тавьж өгчихөөд үхэрнүүдээ гар худагнаас услахаар туугаад явлаа. Хээр хонь, ямаа хэд хэдээрээ төллөх юм бол гэрт байгаа хүн лүү утасдаад очиж авахуулдаг гэнэ.
Эдний нутгаар боохой тайван ч малаа эзэнгүй явуулах юм бол айлуудын золбин нохой мал барьдаг байна. Гэхдээ Д.Вандан гуайнх малаа эзэнгүй явуулна гэж үгүй. Гурван залуу малдаа хоёр хоногоор ээлжлэн явна. Үхэр бэлчээрт гарсны дараа туглаа гаргаж бэлчээх, хурга ишгэндээ өвс тавьж өгөх гээд ажил ундарсаар нар гэрийн хойморт буухад гадуур ажилтай байсан хүүхдүүд гэртээ орж ирнэ. Малчин айлын нэг өдрийн амьдрал ийнхүү үргэлжилсээр дахиад л хонь ямаа шуугилдан оройны ажил эхлэнэ.
Их зохиолч С.Эрдэнийн хэлсэнчлэн “Малын хөлийн тоос” татсан их хөдөөгийн амьдралын амар амгалан хийгээд өтөг бууц, аргалын утааны үнэрт сэтгэл ариусах шиг боллоо. Гэртээ орох завгүй ажиллах малчдын уйгагүй сэтгэлийн үрээр эсэн мэнд бойжиж буй төлийн дуу цангинасаар. Цэнхэр яргуй нүдлэх хаврын сараа үдээд эднийх зусландаа нүүж цэцэг зулсан зүлгэн дээр буух цаг айсуй.
С.Уянга