Гадаадын шууд хөрөнгө оруулалтын асуудлаар Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатартай ярилцлаа.
-Гадаадын шууд хөрөнгө оруулалт найман улирал дараалан буураад байна. Үндсэн шалтгаан нь юу гэж Та үзэж байна вэ?
-Буурсан шалтгааныг ярихын тулд огцом өссөн шалтгааныг нь бас ярих хэрэгтэй болно. Гадаадын шууд хөрөнгө оруулалт үндсэндээ ганцхан жил өссөн юм. Тэр нь 2011 он. 2009 онд 800 сая ам.доллар байсан. 2010 онд нэг тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь “Оюутолгой” төслийн үйл ажиллагаа эхэлчихсэн байсан үе. Харин 2011 онд огцом таван тэрбум ам.долларт хүрсэн.
Зөвхөн “Оюутолгой” төслийн үр нөлөө биш. 2010, 2011 онд уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсний үнэ хамгийн дээд цэгтээ хүрч байлаа. Тэр үед манай 40-өөд төсөл олон улсын зах зээл, хөрөнгийн биржүүдээс мөнгө босгосон. Гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом өсөхөд тэдний нөлөө нэлээд байсан. Харин манай улсын хамгийн том төсөл болох 6.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай “Оюутолгой” төсөл үндсэн хөрөнгө оруулалтаа 2011, 2012 онд хийсэн.
Одоо уул уурхайн бүтээгдэхүүний үнэ хамгийн доод цэгтээ хүрсэн ийм үе тохиож байна. Нөгөө талаас яг тухайн үед манайх хуулиа өөрчилсөн. Зөвхөн нэг хууль биш, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай 2012 оны хууль, бас баахан лицензийн асуудал, “урт нэртэй хууль” гэх мэт.
Хөрөнгө оруулалт буурахад эд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Гэхдээ өнөөдрийн түвшнээс харвал бид хууль эрх зүйн орчноо сайжруулчихсан, ихэнх хуулийн алдааг залруулчихсан, лицензээ олгоод эхэлчихлээ. 2012 онд баталсан хуулийг хүчингүй болгоод хөрөнгө оруулалтын шинэ хууль мөрдөж байна. Одоо “урт нэртэй” хуулийг л хараахан засаагүй байна. Хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль өмнөхөөсөө сайжирсан гэдэг нь Дэлхийн банкнаас саяхан гаргасан “Doing business” судалгаанаас харагдлаа.
Өнгөрсөн жил бид энэ судалгаанд дэлхийд 76 дугаарт бичигдэж байсан бол өнөө жил 72 дугаар байр руу урагшилж, дөрвөн шат ахилаа. Тэр дотроо хөрөнгө оруулалтыг хамгаалах тогтолцоо шалгуураар Монгол Улс дэлхийн 190 эдийн засгаас 17 дугаарт жагсаж байна. Энэ бол хөрш орнуудтай зүйрлэхийн аргагүй өндөр үзүүлэлт. Тэгэхээр тогтолцоо нь байна гэж бид дүгнэж байгаа. Өөр асуудал байна гэдэг нь эндээс харагдаж байна.
Тухайлбал, хөрөнгө оруулагчдыг хамгаалах тогтолцоогоор ийм өндөр үзүүлэлттэй байгаа атлаа дэд бүтэц, гаалийн системийн үнэлэмжийг аваад үзвэл 120-130 дугаарт бичигдэж байх жишээтэй. Түүнээс гадна бид хөрөнгө оруулалтыг татах төслүүдээ тодорхойлохын тулд салбаруудын ойрын 10 жилд хэрэгжүүлэх төслүүдийг тодорхой болгож, алин дээр нь улсын төсөв, эсвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах вэ гэдгийг нарийвчлан тогтоож, тодорхой байдалд хүрэх шаардлага байна.
-Хөрөнгө оруулалт сэргэх шинж байна уу?
-2010 онд Монгол Улс нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан шүү дээ. 2014 оны эцэст нийлбэр дүнгээрээ энэ түвшинд хүрэх төлөв байна. Бид юун дээр алдав, яагаад хөрөнгө оруулалт буурав гээд үзэхээр энэ нь манай улс эдийн засгаа яаж тэлэх вэ гэдэг бодлоготой их уялдаатай байна, нэг талаас. Нөгөө талаас, мэдээж манай хөрөнгө оруулагчдыг татдаг гол салбар болох уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш олон улсын зах зээлд сэргэж байж манай улсын хөрөнгө оруулалт сайжирна.
Түүнээс гадна уул уурхайн бус салбаруудаа урагшлуулж байж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нэг гарц бий. Гэхдээ жижиг эдийн засагтай байхын давуу тал гэж бий. Хэдийгээр олон улсын зах зээл муу байгаа ч гэсэн Тавантолгойн цахилгаан станцын төслийг амжилттай эхлүүлчихвэл ирэх жилийн эхэнд манай хөрөнгө оруулалт дахиад сэргэчихнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс жижиг эдийн засагтай учраас тодорхой төслүүдээ урагшлуулаад, түүндээ хөрөнгө оруулагчдаа татаж, нөгөөтэйгүүр улс төр, хууль эрх зүйн орчноо тогтвортой байлгаж чадвал ирэх жил хөрөнгө оруулалт сэргэх боломж байна.
Яагаад гэвэл энэ жил зурсан эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүд, төмөр замын бүтээн байгуулалт эрчимжвэл бид олон улсын зах зээлээс хамаарахгүйгээр хөрөнгө оруулалтаа буцаад татах бололцоотой. Өнөөдөр нэг тэрбум ам.доллар хүрч байгаа, ирэх жил наад зах нь 2-3 тэрбум ам.долларт хүрэх тооцоо байгаа. Гэхдээ энэ нь сая миний хэлсэн хэд хэдэн хүчин зүйлээс хамаарна.
-Ер нь уул уурхайн бус салбарыг гадаадын хөрөнгө оруулагчид хэр сонирхдог вэ. Он гарснаас хойш гадаадын хэдэн аж ахуйн нэгж танайд хандав? Тэд ямар салбарыг түлхүү сонирхож байна вэ?
-Хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр энэ онд гадаад, дотоодод нийт 50 гаруй арга хэмжээ зохион байгууллаа. Тэнд 5000 гаруй хөрөнгө оруулагч оролцсон. Тэдний 700-800 орчим нь манайд хандаж, судалгаа, мэдээлэл аваад явж байна. Шинээр 250 орчим компани байгуулагдаж, бизнесээ бодитоор эхлүүлээд байгаа. Гэхдээ зөвхөн компанийн тоогоор үүнийг хязгаарлаж болохгүй. Хамтын ажиллагааны, хөрөнгө оруулалтын гэрээ маш их хийгддэг, манай улсын бүртгэл тоог нь гаргах түвшинд хараахан хүрээгүй байна.
Гэрээ хийгээд, компани байгуулахгүйгээр хөрөнгө оруулдаг зохицуулалт байдаг. 5000-6000 хүн гэдэг бол чамлахаар тоо биш. Маш өндөр тоо. Бас нэг эерэг дохио юу вэ гэхээр уул уурхайн бизнес унаад ирэхээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын аль аль нь өөр салбарыг сонирхож байна. Гэхдээ уул уурхайн салбар маш их хэмжээний хөрөнгө оруулалт татдаг салбар гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэдэн төсөл хэрэгжүүлээд л хөрөнгө оруулалт нь хэдэн тэрбумд хүрчихдэг, хоёр хүн хөрөнгө оруулсан ч маш том тоо гардаг.
Гэтэл мал аж ахуй, хөдөө аж ахуй болон зочид буудал зэрэг үйлчилгээний салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ нь бага байгаа. 20 хүн хөрөнгө орууллаа ч маш бага тоо гардаг. Үүнийг анхаарах хэрэгтэй
-Гадаадын хөрөнгө оруулалтад “Оюутолгой”-н үзүүлж байгаа нөлөөг Та хэрхэн дүгнэж байна вэ?
-Уул уурхайн салбар их мөнгө шингээдэг, том төслүүд байдаг гэж сая хэллээ. Гэхдээ энэ салбарт хөрөнгө оруулдаг хүмүүс цөөн атлаа маш том хөрөнгө оруулагчид, тэд холбоотой ажилладаг. Уул уурхайгаар дандаа дагначихсан байдаг учраас Чили, Австрали, Канад зэрэг улсад хөрөнгө оруулчихсан бизнесмен л Монголд үйл ажиллагаа явуулна. Тэгэхээр дараагийн төслүүдийг хэрэгжүүлэхэд, тэдгээрт хөрөнгө оруулалт татахад “Оюутолгой” яах аргагүй чухал.
Энэ төслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэхийг бусад хөрөнгө оруулагчид харна шүү дээ. Гэхдээ энд нэг зүйлийг тодотгоход, Засгийн газартай хийж байгаа хэлэлцээ үүнээс тусдаа, гэрээний зарчмын асуудал. Миний хэлэх гээд байгаа санаа бол уул уурхайн бизнест ийм том хөрөнгө оруулагчид холбогдоод ороод ирж байгаа учраас цаашдын хөрөнгө оруулалтад нөлөөлөх мессеж гагцхүү түүгээр дамжина. Хөрөнгө оруулагчдад очиж байгаа мессеж талдаа “Оюутолгой” төсөл, түүний явц нөлөөлнө гэсэн үг.
-Хөрөнгө оруулалтыг сайжруулахын тулд ямар алхам хийж байгаа вэ?
-Макро түвшинд дэлхийн хэмжээнд анх удаа Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогыг үнэлэх ажлыг НҮБ-тай хамтраад өнгөрсөн тавдугаар сард хийлээ. Ингэснээр НҮБ-ын гишүүн орнууд Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлоготой дэлгэрэнгүй танилцана гэсэн үг. Мөн худалдааны бодлого хөрөнгө оруулалттай холбоотой. Дэлхийн худалдааны байгууллага саяхан Монгол Улсын дэлхийн худалдааны бодлогын дүн шинжилгээг есөн жилийн дараа, хоёр дахь удаагаа хийлээ.
Микро түвшинд авч үзвэл Монголд хөрөнгө оруулалт татах чиглэлээр дэлхийн 30-аад орны бизнесменүүдтэй 50 гаруй арга хэмжээ зохион байгууллаа. Ингэхдээ Монголд хөрөнгө оруулах хамгийн өндөр магадлалтай 30-аад орныг сонгож, хууль эрх зүйн орчноо, хөрөнгө оруулах боломжтой төслүүдээ танилцуулсан. Нөгөө талд, бид дотоодын компаниудад сургалт хийж байна. Бодит амьдрал дээр хоёр нөхөр суугаад ярихаар манай бизнесменүүд нэг бол хөрөнгө оруулагчийнхаа асууснаас огт өөр зүйл ярьдаг, эсвэл бүр мэдээлэлгүй байгаад үргээчих тохиолдол гардаг. Тиймээс дотоодын аж ахуйн нэгжүүдээ боловсруулах шаардлага зайлшгүй тулгарч байгаа.
Манай газраас заавал хийх ёстой өөр нэг ажил бол нэгэнт Монголд ирчихсэн байгаа хөрөнгө оруулагчдад анхаарахгүй бол олон улсад буруу “долгион”-ыг тэд дамжуулдаг. Олон улсын судалгаагаар аливаа улсад тухайн жилд орж байгаа хөрөнгө оруулалтын 50-60 хувийг өмнө нь хөрөнгө оруулсан хүмүүс дахин хийсэн байдаг гэдэг. Тэгэхээр энэ маш чухал. Шинийг татахаас илүү хуучин байгаагаа дэмжвэл хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс хөрөнгө оруулагчдадаа тулгарч байгаа асуудлыг багцлах ажил эхлээд байгаа.
Түүнээс гадна өмнө нь хоёр сар болж байж компани байгуулдаг байсан бол одоо мөрдөгдөж буй хуулиар 5-10 хоногт байгуулдаг болсон. Түүнийг илүү ил тод болгож, хүний нөлөөг багасгаад, онлайнаар, эсвэл нэг дороос үйлчилгээ авдаг болгохоор ажиллаж байна. Энэ мэтчилэн хийх ажил их байна. Өөр нэг онцлохуйц ажил гэвэл бусад улстай хөрөнгө оруулалтын баталгааны тогтолцоог улам сайжруулахын тулд хоёр талын Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулдаг.
Манай улс эдүгээ 43 улстай байгуулсан байдаг. Харин Давхар татварын хэлэлцээрийг 30-аад улстай байгуулсан. Энэ гэрээ, хэлэлцээр нь томоохон хөрөнгө оруулагчдад маш чухал. Эрсдэл болон татварыг нь бууруулдаг юм л даа. Ихэнх нь 1990-ээд онд байгуулагдсан эдгээр гэрээ хэлэлцээрийг агуулгын хувьд өнөөгийн бодлоготой нийцүүлэх, дахиж нэмж байгуулах шаардлагатай байна.
Б.Цэцэгсүрэн