-Дэлхийн Хэвлэлийн Эрх чөлөөний өдөрт зориулав-
Тээр жил Африкийн орнуудын хэдэн сонины эрхлэгч, сэтгүүлчид Намибийн нийслэл Виндхук хотноо цуглаж суугаад зовлон зүдгүүрээ тоочиж, цаашид алийн болгон ингэж явах вэ? Одоо болно. Бидэнд ийм ийм эрх дутагдаж байна гэх мэтээр хэлэлцээд чөлөөт хэвлэлийн зарчмуудаа тунхагласан байдаг. Тэднийг ингэж “өдөөсөн” хүмүүс нь мөнөөх л Европчууд. Өдөөсөн ч юу байх вэ дээ, Берлиний хана нурсан нь бүх юмны эхлэл болжээ.
1989 оны 11 дүгээр сард Берлиний хана нурснаар нийгмийн хөгжлийн хоёр өөр системд амьдарч байсан сэтгүүлчид нүүр тулж, хамтдаа нэгэн дээвэр дор амьдрах болов. Ингээд 167,8 километр урт, хатуу хяналттай хилийн зурвасын наана цаанаас ажиллаж байсан нөхдүүд хэдхэн сарын дараа буюу 1990 оны эхээр олуулаа цуглаад, манайхаар бол дугуй ширээний уулзалт хийсэн байгаа юм.
Гэтэл энэхүү дугуй ширээний уулзалтад ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын хэд хэдэн төлөөлөгч ажиглагчаар сууж л дээ. Тэдний дунд Африкийн зарим дипломатууд бас байсан байгаа юм. Тэгээд л мөнөөх гайхлууд санаа аваад өөрийнхөө тивд иймэрхүү ижил төстэй бага хурлыг зохион байгуулж өгөөч гэж ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлаас хүссэнээр Виндхук хотод энэ өгүүллийн эхэнд дурдсан Африкийн сонины эрхлэгч нарын бага хурлыг зохион байгуулсан хэрэг.
За ингээд 1991 оны тавугаар сарын 3-нд чөлөөт, хараат бус, олон ургальч хэвлэлийг хөгжүүлэх Виндхукийн тунхаглал гарч, тэр өдрийг ЮНЕСКО Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон хожим зарласан. Гэхдээ энэхүү баримт бичиг дэлхий дахинд гаргасан цуврал тунхаглалуудын эхнийх нь юм. Хожим нь дэлхийн бусад хэсэгт ижил төстэй хэд хэдэн баримт бичгийг тунхагласан. Ихэвчлэн хөгжиж буй бүс нутгуудад буюу Төв Азийн Алма-Ата, Ойрхи Дорнодын Сана, Латин Америк ба Карибын тэнгисийн Сантьягогийн тунхаглалыг баталснаар Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэх болсон.
Энэ жилийн хувьд "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг "Эх дэлхийнхээ төлөөх хэвлэл мэдээлэл: Байгаль орчны доройтолтой нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдвийн дор тэмдэглэж байна. Энэ өдөр байгаль орчны доройтлоос үүдсэн нийтийн эрүүл мэндээс улбаалан хүн төрөлхтний өмнө тулгараад буй эрсдэл нь цахим талбаруудад үй олноор үйлдвэрлэн түгээж буй хуурамч, хуудуутай мэдээлэл хэмээн ЮНЕСКО онцолж байна. Тиймээс найдвартай мэдээллийн эх үүсвэртэй байх, баримтыг нягталж шалгаснаар нотолгоонд суурилсан сэтгүүл зүйн ажлыг ёс зүйн хэм хэмжээнд суурилж бүтээх сорилтой бид юу юунаас илүү тулгарч байна.
Эх дэлхийн гурвалсан хямралын агуулгаар ташаа мэдээлэл түгээх кампанит ажил бараг бүх улс орны сэтгүүлчдийн мэдлэг, шинжлэх ухаанч судалгаа, нотолгоог бүрдүүлэх, ялангуяа эрэн сурвалжлах арга зүйд улам илүү сорилт тулгаж байна.
Манай улсын тухайд сэтгүүлчдийн аюулгүй байдал улам ноцтой эрсдэлтэй тулж, сэтгүүл зүйн ажлыг зүй бусаар хязгаарлах хууль эрх зүйн зохицуулалт хүрээгээ тэлсээр, мэдээллийн ил тод бус байдал бодитой оршсоор байгаа нь анхааралт татсаар байна.
Эрэн сурвалжлах сэтгүүлчид баримтын араас мөшгөх, олж авсан мэдээллээ нягтлан шалгаж түгээхийн өмнө хадгалж хамгаалах нь томоохон эрсдэл дагуулах боллоо.
Тиймээс хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллагууд сэтгүүлчдийн аюулгүй байдал, хүчирхийлэл, цензурт тулгардаг хүчин зүйл болоод хэвлэл мэдээллийн эрх чөлөөний байдлыг бодитоор хэмжиж үнэлэх нэн шаардлагатай байгаа. Тэгж байж салбарынхан цаашид хэрхэхээ тунгаах биз.
Нөгөө талдаа Хэвлэлийн эрх чөлөөний төлөө олон улсын баримт бичгүүдэд тусгасан амлалтаа бататган хэрэгжүүлэхэд нь Засгийн газарт шахалт үзүүлэх хэрэгтэй хэмээн ЮНЕСКО зөвлөж байгаа. Мөн сэтгүүлчид боловсрох, гэгээрэх, мэргэжлийн ур чадвараа жинхэнэ ёсоор гартаа оруулж түүнийгээ сэтгүүл зүйн үйл ажиллагаандаа үргэлж шингээж баймаар байна. Эцэст нь хэвлэл мэдээллийнхэн ёс зүйн дүрмийнхээ хүрээнд ажиллах нь аливаа эрсдэлээс сэргийлэх найдвартай хамгаалалт болно.
Ц.Чимэддондог