Боловсрол гэдэг гэр бүлийн амин чухал асуудал мөн ажээ. Редакцийн хаягаар маш олон
асуулт ирлээ. “Ийм тогтолцоонд хэт яарч орж байгаа юм биш үү”, “Их, дээд
сургуулийн чанар муу байна”, “Үдийн цай хөтөлбөр захирлуудын бизнес боллоо”,
“Сургуулиуд мөнгө татаад байх юм аа, үүнийг болиулаач ээ”, “Сурах бичиг тойрсон
маргаан замбараагаа алдлаа. Нэгдсэн сурах бичигтэй байж болохгүй юу”, “Цагаан
толгойг бараг бүтэн жил үздэг боллоо. Энэ чинь Монголын боловсролын салбарын
дэвшил үү, ухралт уу”… Утас хангинах бүрт асуулт овоорно. Уншигчдаа хүндэтгэн
асуулт болгоныг шинэ сайдын сонорт хүргэхийг “Өнөөдөр” хичээлээ. Олонх асуултад
Н.Болормаа сайд голлон хариу өглөө. Тэр төрийн яам толгойлсон сайд хэдий ч
зарим зүйлд ээж, эмээ, багш, хүүхдийн байгууллагад ажиллаж байсан удирдагчийн
ажигч нүд, сэтгэлээр ханддаг нь анзаарагдаж байв.
-2004-2005 онд ерөнхий боловсролын сургуулийг 11 жилийн тогтолцоонд
шилжүүлсэн. Хүүхдүүд нэг нэг анги үсэрсэн. Ерөөсөө гурав хүрэхгүй жилийн дараа дараагийн
шинэчлэлтийг хийх боллоо. Хүүхдүүд минь дахин анги үсрэх нь гэж олон аав, ээж
эмзэглэж байна?
-Боловсрол бол хүний амьдрах хамгийн гол эх үүсвэр. Манай улсын боловсрол тоон
үзүүлэлтээр дэлхийд дээгүүрт ордог. Харамсалтай нь чанарын үзүүлэлт нь төдийлөн
сайн биш. Боловсролыг бусад улсын жишигт дүйцүүлэхийн тулд, бүрэн дунд боловсрол
эзэмшсэн хүүхдүүдээ гадаадын их, дээд сургуульд элсүүлэхийн тулд ийм
шинэчлэлт хийхээс аргагүй болсон. Энэ бол Монголын боловсролын тогтолцоо
дэлхийн жишигт ойртох алхам. Гарцаагүй хийх шаардлагатай шинэчлэлт. 2008 оны
есдүгээр сарын 1-нд нэгдүгээр ангид 67 мянга 738 хүүхэд элсэн суралцана
гэсэн тооцоо гарсан. Анги дүүргэлтийг 30-35 хүүхэдтэй байхаар тооцсон.
-Эдний хэд нь зургаан настнууд байх вэ?
-40 мянга 705. Долоон настнууд нь 27 мянга 33 байна гэсэн статистик
гаргасан. Зургаан настай хүүхдийн бүлэг 1163, долоон настнуудынх 772 орчим
байна гэж тооцсон. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр ангид зургаа, долоон настнууд гэсэн
хоёр бүлэг байна гэсэн үг.
УИХ улс орны эдийн засгийн чадавх дээшилж байгаа нөхцөл байдлыг тооцож үзээд, 12
жилийн тогтолцоонд их сунжруулалгүйгээр шилжих шийдвэр гаргасан. Ийм шийдвэр
гарсны дараа би энэ ажилд томилогдож ирсэн. Сургуулийн байр савны багтаамж,
багш бэлтгэх, сургалтын агуулга хөтөлбөрөө гаргах, анги ангид нь таарсан сурах
бичиг бэлтгэх гээд урт хугацаанд шилжих ёстой өөрчлөлт. Бусад орны жишгийг харж
байхад боловсролын шинэчлэл бусад салбарынхаас асар удаан явагддаг. Манай улсын
хувьд харьцангуй түргэвчилсэн шийдвэр болжээ. Миний хувьд УИХ, хууль тогтоох байгууллагын
гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхдээ бид аль болох
бага эрсдэл гаргах, хүүхдийг хохироохгүй байх бодлого барьж байгаа.
11 ба 12 жилийн тогтолцоонд шилжих шилжилт зэрэгцэж явна. Нэгдүгээр ангид
зургаан настнуудыг авч эхэлсэн энэ цаг үеэс 12 жилийн 12 анги тус бүрийн
хичээлийн агуулга, түүнд нийцсэн сургалтын хөтөлбөр, стандартыг гаргах, сурах
бичиг бэлтгэх зэрэг ажил эхэлсэн. Бид энэ ажлаа олон нийтийн оролцоонд
тулгуурлаж хийе гэсэн юм. Монголын үндэсний олон нийтийн телевизээр тун удахгүй
“Зургаан настай сурагч” гэсэн нэвтрүүлэг цацагдаж эхэлнэ.
Туршилт хийж байгаа 68 дугаар сургууль дээр би очлоо. Зургаан настнуудад маань өнөөдөр
сурах идэвх, чадвар, хүсэл эрмэлзэл байна. Би өөрөө ээж хүн, бас эмээ. Тиймээс
жижиг гэлтгүй бүх асуудлыг анхааралдаа авч байна. Тухайлбал, зургаан настай
хүүхэд хичээлд явж эхэлснээс хойш биеийн жин нэмэгдэж байна уу, буурч байна уу.
Оюуны ачаалал өсөлт хөгжилтөд нь нөлөөлөхгүй байгаа гэдгийг судлаарай гэж багш
нарт үүрэг өгсөн. Хүүхэд сургууль руу явна, гэртээ харина, их хөдөлгөөнд орно.
Миний очсон тэр сургууль дээр хүүхдүүд дунджаар хагас килограмм орчим турсан
гэж байна лээ.
-Зургаан настай хүүхдүүдийг авч сурган туршиж байгаа сургуулийн нэг үү?
-Тийм ээ. 16 сургуулийн нэг нь. Хийх ажил маш их байна аа. Бусад орны жишгээс харахад
зургаан настнуудын сурах орчинд нь тоглоом давамгайлдаг. Хүүхэд амрах, тоглож
наадах газартай. Тэдний гар угаах, бие засах ариун цэврийн хэрэгсэл цөм
биед нь тохирсон байдаг. Хүүхдүүд минь 40 минутаар хичээллэж, дөрвөн төрлийн
хичээл үзэж байна. Бид туршилтын сургалтынхаа үйл ажиллагаанд үндэслээд, энэ
жаахан хүүхдүүдийг заавал 40 минут хичээллүүлэх үү, үгүй юү. Өдөрт хэдэн
цагаар, ямар хичээл үзэх вэ гэдгийг тодорхойлон гаргаж ирж байгаа юм.
Эмээ, өвөө нартай бас уулзлаа. Зарим ач зээ нар ядраад “Эмээ, та миний
хичээлийг гүйцээгээд биччих” гэж хэлсэн байна. Бид гэрийн даалгаврыг ямар хэлбэрээр
өгөх ёстой юм. Сургалт хүүхдэд дарамт болох ёсгүй гэдэг талаас нь бодох зүйл
олон байна аа. Ямар ч байсан энэ том ажлыг бид есдүгээр сарын 1-нд
эхлүүлнэ. Хүүхдүүдийг бүгдийг нь сургууль дээр хичээллүүлэх хүчин
чадал бол өөр өөр байгаа. Цэцэрлэгт явж байх ёстой хүүхдүүд сургуульд
орохоор цэцэрлэгийн ачаалал багасна. Цэцэрлэг ч, сургууль ч тэр нэг хүүхдэд
оногдох хувьсах зардлаар санхүүждэг. Тэгэхээр цэцэрлэгт авах хүүхдийнхээ насыг
доошлуулж, хоёр, магадгүй 1.8 наснаас авах уу, зарим газарт цэцэрлэгт суурилсан
зургаан настай анги байх уу гэж ярьж байна.
Хүүхэд болоод эцэг, эхчүүдэд энэ шинэчлэлд хамрагдахад хүндрэл гаргахгүй байхыг
бид эрмэлзэж байна. Бүх эрсдэлийг тооцож үзнэ, бүгдээрээ хамтран шийдэх ёстой.
Боловсролын чанар, боловсролын байгууллагын үйл ажиллагааны үр дүн гэдэг бол
тэнд сурч байгаа хүүхэд, тэдний ард байгаа эцэг, эхийн хамтын ажиллагаанд
тулгуурлах учиртай. Тодорхой бэрхшээл гарах нь ойлгомжтой. Гэхдээ үүнийг
богино хугацааанд, хүүхдэд эрсдэлгүйгээр хэрхэн шийдэх вэ гэдэг дээр бид
анхаарч байна. Товчхондоо бол 12 жилийн тогтолцооны анги ангийн сургалтын
хөтөлбөрийг боловсруулах ажил эхлээд байгаа. Их том ажил юм байна аа. Зургаан
настай хүүхдүүдийн суух ширээ, сандал, тэдэнд зориулсан ариун цэврийн өрөөний
угаалтуур, суултуур ч гэдэг юм уу, эдгээрийн хангамжийг үе шаттайгаар шийднэ.
Тодорхой хэсгийг нь улсын төсвөөр хийнэ, зарим хэсэг нь Азийн хөгжлийн банкны
дэмжлэгтэй хэрэгжиж буй Боловсролын хөгжил хөтөлбөрийн хүрээнд хийгдэнэ. Заримд
нь орон нутгийн байгууллагын дэмжлэгийг авна аа. Бэрхшээл бол бидэнд байгаа.
-Хөдөө орон нутгийнхан их сонирхож байна аа. Яг үнэндээ бол зарим “зургаатнууд”
ээжийнхээ өврөөс гараагүй байдаг. Ийм амьтнаа дотуур байранд амьдраад сураарай
гээд явуулчих зоригтой аав, ээж хэр олон байх бол. Малчдын хүүхдүүдийн сурах,
амьдрах орчныг яаж бэлтгэх вэ?
-Цагаан сарын дараахнаас бид хөдөө орон нутгаар явах гэж байна. Зургаан настай хүүхдүүд
бол яах аргагүй ээж, аавынхаа өврөөс гараагүй, магадгүй зарим нь нэлээд эрх
танхи байгаа. Бид цэцэрлэг дээр 24 цагийн ажиллагаатай 24-ийн цэцэрлэг шиг анги
хичээллүүлэх үү, дотуур байранд нь авах уу гэдгийг уян хатан шийдэх бодолтой
байна. Английн Хүүхдийг ивээх сангийнхантай саяхан уулзсан. Зарим тохиолдолд
сургуулиа, заримд нь цэцэрлэгээ түшиглэж анги нээх нь байна. Зарим малчны
хүүхэд гэртээ байгаад тэдэнд зориулсан явуулын, нүүдлийн, багийн сургуулийн
сургалт байж болох уу гэдэг асуудлаар энэ сангийнхантай ярилцаж хамтран ажиллахаар
болсон. Дотуур байрыг мэднэ ээ, тэнд ямар орчинтой, багш нь ямар дадлага
туршлагатай хүн байх билээ. Ингэхээр зарим газарт цэцэрлэгт хүүхдүүдээ
байрлуулах хувилбарыг судалж байна.
В.Алзахгүй (Сайдын зөвлөх): -Би сая УИХ-ын даргатай Өвөрхангай аймагт
гурав хоног ажиллаад ирлээ. Зургаан настай хүүхдийг сургуульд оруулах асуудалд
хөдөөгийнхөн маань нэг их эмзэглэхгүй байна. Аль болох хурдан шийдэх ёстой
гэцгээж байна.
Р.Бат-Эрдэнэ (БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газрын дарга): -12 жилийн
сургалтад шилжих нь зөвхөн агуулгын шинэчлэл биш юм. Бид бие хүн төлөвшүүлэх
гэж байгаа. 15 настайдаа дээд сургууль төгсөж болж байна гээд хүмүүс ярьдаг.
Тийм байж болно. Гэхдээ энэ хүүхэд төлөвшөөгүй л байдаг байхгүй юу. Мэдээллээр
баахан бөмбөгдүүлсэн хүмүүс л гардаг.
-Зургаан настай хүүхдүүдээс гадна анги үсэрч байгаа хүүхдүүдийн гэж том асуудал
байна. Өмнө нэг үсэрсэн, одоо дахин үсрэх нь?
-11-12 жилийн тогтолцоонд шилжих график жилийн өмнө гарсан. Үүний дагуу бол нэг
л анги үсэрнэ. Үсрэх ч гэж дээ, энэ бол хуучин нэр томъёо. Сургалтын агуулга нь
хүүхдэд хүндрэл болохгүй, оюуны дарамт, ачаалал учруулахгүйгээр
шилжилтийн үеийг зохицуулахаар тооцно. Ард түмэн, эцэг эхчүүд бол үсрэлт гэдэг,
бид ингэж нэрлэхгүй байгаа.
-11 жилийн тогтолцоонд шилжихэд хамрагдсан хүүхдүүд 12 жилийн шилжилтэд
хамрагдахгүй гэсэн тийм үү?
-Ингэж ойлгож болно оо.
-Бага ангид сурах жилийн тоо нэмэгдэж буй нь л хүмүүсийг эмзэглүүлээд байх шиг
байна. Тухайлбал, цагаан толгой, үржүүлэхийн хүрдийг хагас жил, бараг гурван
улирал үзэж байна. Өмнө нь бол 45 хоногт л уншаад, бичээд сурчихдаг байжээ.
Цэцэрлэгт нь заасан зурж, бичдэг дасгалыг нэгдүгээр ангидаа дахин хийх юм. Бага
ангийн багш нар зургадугаар ангийн хүүхдэд хичээл зааж чадах юм уу гэсэн
асуултыг эцэг эхчүүд олон тавих юм?
-Манай боловсролын хуучин тогтолцоо бол Оросын сургалтын стандартад тулгуурласан
академик тогтолцоо. Онол их үздэг, хатуу, хичээлийн хөтөлбөр хүнд. Цэцэрлэгийн
хүүхдүүд үсэг нүдэлчихсэн, тоо тоолж чаддаг байлаа. БСШУЯ энэ агуулга,
стандартын өөрчлөлтийг 2004 оноос хойш шинэчлээд цэгцтэй явж байгаа гэж би
ойлгодог. Бид бага, дунд боловсролоор хүүхдэд дөрвөн янзын чадамж л төлөвшүүлэх
гээд байгаа юм. Хүүхэд өнөөдөр суралцаж сурах ёстой, бүтээж сурах ёстой,
тодорхой зорилго дэвшүүлээд түүндээ хүрч сурах ёстой, хүүхэд нийгэмшиж,
иргэншиж сурах ёстой гэсэн дөрвөн цогц чадамжийн төлөө яваа юм. Зургаан настай хүүхдүүд
сургуульд орж, 12 жилийн тогтолцоонд шилжихтэй уялдуулаад бид Сургуулийн өмнөх
боловсролын тухай хуулийг УИХ-д оруулахаар бэлтгэчихээд байна. Цэцэрлэгт үсэг
нүдэлж, тоо тоолж сурах нь гол биш.
Иргэн хүний хамгийн наад захын чухал шинжүүдийг төлөвшүүлж өгөхөд л цэцэрлэг гол
үүрэгтэй. Хүнтэй мэндэлж сурдаг, ямар нэг зүйлийг булаалдахгүй хуваалцаж сурдаг
ч юм уу, энэ шинжүүдийг төлөвшүүлэхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллага
анхаарах ёстой гэсэн үзэл баримтлал барьж байна. Манай эцэг, эхчүүд хуучнаараа
хандаад байгаа юм. Шинэ жилийн өмнө цагаан толгойн баяраа хийчихдэг, хурдан
сургадаг байсан, одоо удаад байна гэж. Энэ шүүмжлэлийг манай Боловсролын
хүрээлэн, сургалтын агуулгыг боловсруулж байгаа судлаачид маань тооцож байгаа.
Боловсрол гэдэг бол айл бүхний амьдралд холбоотой сэдэв тул энэ хүмүүс саналаа хэлж
шүүмжилж буй нь бидэнд дутуу, хийж чадахгүй байгаа зүйлээ олж харахад тустай.
-Хувийн хэвшлийн бага сургуулиудад тав, зургаан настнууд орж уншиж, бичиж
сурч байна. Тэд түүртэлгүйгээр урагш алхаж байна. Гэтэл бас ийм насны атлаа үзэг
барьж үзээгүй хүүхэд ч бий л дээ. Гэхдээ таны яриад буй энэ зүйл хэтэрхий
хурдтай өсөж хөгжиж буй хүүхдүүдийн сэтгэхүйгээс хоцрогдсон шиг санагдах юм.
-Хүүхдийн хөгжлийн орчин өөр өөр. Гэр бүлийн орчин, хотын, хөдөөний хүүхэд, тэр
хүүхдийн мэдээлэл хүлээж авах боломж, чадвар зэргээс шалтгаалж байгаа. Ерөнхий
боловсролын сургуульд тухайн насанд нь хүүхдэд эзэмшүүлэх дадал чадвар,
мэдлэгийн ерөнхий үлгэрчилсэн түвшинг л тогтоож өгч байгаа. Бидний энэ агуулга,
стандартаас давсан, гүнзгийрүүлсэн нэмэлт хэлбэрийн сургалтыг хуулиар зөвшөөрчихсөн
байгаа. Хүүхдүүд хөгжөөд байна, хүүхдээс хоцорсон агуулгаар тэднийг сургах гээд
байна гэсэн шүүмжлэл гардаг. Ангиудын хичээлийн агуулга, стандартыг гаргахад л
үүнийг тооцож үзэх учиртай. Тоон үзүүлэлтээр сайн, чанарын үзүүлэлтээр муу гэж
хэлсэн минь үүнтэй холбоотой юм. Боловсролын агуулга, стандартаас хоцорсон, хэт
уйтгартай сургалт болчихвол хүүхэд уйдна, мэддэг зүйлийг нь заагаад байвал
хүүхэд сургуулиас залхана. Тиймээс энэ бүхнийг харгалзан үзэж, сонгон суралцах хувилбарыг
түлхүү оруулна гэсэн байр суурьтай байгаа.
-Яг үнэндээ нэгдүгээр ангид орсон хүүхдүүд залхах маягтай болчихоод байна аа.
Тэд үсгээ нүдлээд, ойр зуур бодоод сурчихсан байдаг. Гэтэл сургуульд нь бэлтгэл
ангид нь заасан хичээлийг давтаад л…
-Цэцэрлэгээс сургуульд орсон, цэцэрлэгт хамрагдаагүй хүүхэд хоёрын дунд ийм
ялгаа бий. Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 50 хүрэхгүй хувь нь л “албанд”
явж байна шүү дээ. Хөдөөд энэ тоо бүр бага. Ийм хүүхдүүдийн хөгжлийн түвшин
өөр. Тиймээс багшаас олон чадвар шаардана. Энэ хэмжээний мэдлэгтэй хүүхдүүдтэй
ингэж ажиллаж, арай хоцроод байгаатай нь бас нэг өөрөөр ажиллаж мэдлэг олгох
гэхчлэн анги зохион байгуулах, хичээл заах арга нь өөрчлөгдөх ёстой. Цаашдаа
манай яамны барих бодлого бол долоо, найм, есөн настай хүүхдүүд бие, бялдар,
сэтгэхүйнхээ хувьд олон улсын жишигт нийцсэн ямар агуулга, стандартаар явах
ёстой юм бэ гэдгийг тогтоож өгнө. Энэ стандарт нь хүүхдийн чадавхид хөнгөдөөд байвал
гүнзгийрүүлж сургах тэр хэлбэрийг нь нээлттэй болгоё гэсэн хувилбар хамгийн
оновчтой байх гэж бодож байна.
-Хувийн хэвшлийн сургуулиуд боловсролын салбарт олон. Анзаараад байхад бага, дунд
боловсролын сургуулиуд гайгүй хөгжөөд их, дээд сургуулиуд нь цэгцэрч чадахгүй
байх шиг санагдах юм. Ийм уулзалт хийх болгонд зах зээлийн жамаар шалгараад
үлдэх нь үлдэнэ ээ л гэдэг. Одоо ийм хариу сонсмооргүй байна. Цэгцрэхээр
хугацаа өнгөрлөө шүү дээ.
-Хувь хүний болоод боловсролын салбарын хүний хувьд хүнд боловсрол илүүдэхгүй
гэж боддог. Би хуулийн сургууль төгссөн ч хуульчаар ажиллахгүй байж болно.
Гадаад хэл, эдийн засгийн дээд боловсрол эзэмшсэн ч болно. Эдгээрийн аль нэгээр
нь л ажиллана. Гэхдээ аль аль нь надад, миний ажилд хэрэгтэй. Энэ талаас нь
аваад үзвэл дээд боловсрол эзэмшье гэсэн сайхан уламжлал, боловсролыг шүтдэг
энэ зан зах зээлд битгий алдагдаасай гэж багш хүний хувьд боддог.
Хэдэн малынхаа буянаар хүүхдээ боловсролтой болгох гэсэн малчны хүүхдийн сурч
буй сургуулийн сургалт чанаргүй, сургуулиа төгссөн хүүхдэд нь ажил олдохгүй,
дээд боловсролтой ажилгүйчүүдийн эгнээнд орж байна гэдэг бол эмзэг зүйл. Ийм
учраас манай улсад ямар салбар түлхүү хөгжиж, ямар мэргэжлийн хүн хэрэгцээтэй,
хувийн хэвшлийн болон төрийн салбарт ажиллах вэ гэдэг хөдөлмөрийн зах зээлийн
судалгаа, эрэлт хэрэгцээнд нийцсэн их, дээд сургуулийн элсэлт явж байх учиртай.
Ний нуугүй хэлэхэд энэ асуудалд бодлого алдсан тал байгаа. Гэхдээ
хүн хуульч, гадаад хэлний мэдлэгтэй болчихсон нь тэр хүнд илүү зүйл биш.
Боловсрол хэзээ ч хүнд илүүддэггүй юм.
-Гол нь сургуулиудын чанарт л байна даа?
-Хувийн хэвшлийн сургуулийг яам татан буулгаад, хувийн өмчид халдаад байх боломжгүй.
Шалгуур үзүүлэлт, сургалтын орчин, стандарт зэрэг босгыг өндөржүүлээд байх нь
яамны бодлого. Зарим нэг их, дээд сургууль чиглэлээ өөрчлөх санал тавьж
байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг дэмжээд, төр зардлыг нь олгоод,
суралцагчдад сард 45 мянган төгрөгийн тэтгэлэг олгоод эхлэхээр зарим сургууль
чиглэлээ мэргэжилтэй ажилчин бэлтгэх болгон өөрчилье гэж байна. Ганц нэг
сургууль оюутнуудаа төрийн өмчийн сургуульд шилжүүлээд, сургуулиа татан буулгая
ч гэж байна. Төрийн өмчийнх сайн, хувийн сургуулийн сургалтын чанар муу байгаа
гэдэг бол буруу ойлголт. Ингэж ялгаварладгийг болино. Хэн стандарт хангаж
чадна, тэдэнд төр дэмжлэг үзүүлье гэсэн байр суурьтай байгаа. Оюутны тоо олон
байж гэмээнэ тухайн сургуулийн эдийн засгийн чадамж сайн байна. Тиймээс зах
зээлийн хуулиар тэд хоорондоо нэгдэх сонирхол бий болсон. Манай яам цаашдаа
магадлан итгэлжлэлийг илүү хөгжүүлнэ. Энэ итгэмжлэлийг сургуулийн өмнөх
боловсролын байгууллагад ч, ерөнхий боловсролын сургуульд ч хэрэгжүүлнэ.
Р.Бат-Эрдэнэ: -Мэргэжлийн боловсрол зогсонги байдалд орсон нь өөрийн
шалтгаантай. Эрэлт нь өдий хүртэл тогтоогүй байсан. Мэргэжлийн сургалт
үйлдвэрлэлийн төвөөс ажилчин авья гэсэн захиалга нэг ширхэг ч байдаггүй байсан.
Тэр хэцүү үед энэ сургуулиуд хаалгаа бүр барьчихаагүй нь сайшаамаар. Харин одоо
л эрэлт бий болж байна. Үндэсний үйлдвэрүүд хөгжиж байгаатай энэ нь салшгүй
холбоотой юм аа.
-Олон улсын жишигт хүрсэн сургалтын төвшин бий болгох, их дээд сургуулиудын элсэлтийг
хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулан зохицуулах, магадлан итгэмжлэх тогтолцоог
шинэчлэх, монгол хүүхдийг боловсрол, бие бялдрын хүмүүжлийн хувьд бусад орны
жишигт хүргэх гээд олон асуудлыг энд хөндөж ярьлаа. Зургаан сард энэ бүхнийг
хийж амжих уу? Эсвэл бодлогыг нь боловсруулж, суурийг нь тавиад орхих уу?
-Цаг хугацааны хүчин зүйлийг бодолцсон. Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд
бид юу хийх вэ гэдгээ маш тодорхой төлөвлөсөн байгаа. Сургуулийн өмнөх боловсролын
тухай хуулийг Засгийн газарт өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлнэ.
12 жилийн сургалтын тогтолцоонд шилжих ажлыг гардан эхлүүлнэ. Энэ бол удаан
хугацаанд хэрэгжүүлэх ажил. Тиймээс бид суурийг нь зөв тавих учиртай. Магадлан
итгэмжлэлийн асуудалд төрийн ажлын уламжлалийг үргэлжлүүлэх, илүү боловсронгуй
болгох зарчмаар шинэ тогтолцоо бий болгоно. Мөн Соёл урлагийн асуудал эрхэлсэн
хороо байгуулна. Үүнийг энэ бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэнэ. Боловсрол,
соёл урлагийн салбарт тулгамдсан, шинэчлэл шаардсан олон асуудал байгаа. Ямрыг
нь ажил хэрэг болгон эхлүүлж, ямрынх нь суурийг тавих вэ гэдгээ бүгдийг тооцож,
маш нарийн төлөвлөсөн. Бидний зайлшгүй эхлүүлэх, гардан хийх ажил бол зургаан
настай хүүхдийг сургуульд авах явдал.
-Эцэг эхчүүдийн сэтгэлийг нэг зүйл зовоож байна л даа. Өмнө нь бага боловсролыг
гурван жилийн хугацаанд эзэмшдэг байсан. Гэтэл 12 жилийн сургалтын тогтолцоонд
шилжиж байгаатай холбогдуулан зургадугаар анги хүртлээ бага боловсролыг эзэмших
болчихоод байгаа. Сургалтын агуулгад өөрчлөлт орсон, эсэх нь тодорхойгүй байна
л даа. Өмнө нь гурван жилд сурдаг байсан хөтөлбөрийг зургаан жилийнх болгоод
“сунгаад татчихсан” юм биш байгаа гэж ээж аав нар айж байна.
-6+3+3 гэсэн тогтолцоог бид сонгочихоод байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд
зургадугаар анги хүртлээ бага боловсрол эзэмшиж, дараагийн гурван жилийг бүрэн
бус дунд боловсролд зориулж, сүүлийн гурван жил ахлах анги төгсөх юм. 5+4+3 гэсэн
хувилбарыг сонгож болоогүй юм уу гэж зарим нь асуудаг. Үзэл бодлын олон өөр
өнцөг илэрч байгаа л даа. Уг нь 2010, 2012 оноос 12 жилийн сургалтын тогтоцоонд
шилжих нь зөв гэсэн саналыг Боловсролын яамнаас мэргэжлийн судалгаа хийсний үр
дүнд дэвшүүлсэн юм билээ. УИХ үүнийг 2008 он болгож нааш нь татсан. Ингэснээр
мэргэжлийн байгууллагуудад илүү ачаалал ирж байгаа. Гэхдээ, гурван жил үздэг хичээлийг
зургаан жилийн сургалтын хөтөлбөр болгон “сунгаж татчихаад” байгаа юм шиг
ойлгож болохгүй. Тийм юм байхгүй. БСШУЯ, Боловсролын хүрээлэн зэрэг мэргэжлийн
болон бодлого боловсруулах төвшний байгууллагууд олон жилийн турш судалж, олон
улсын төвшинд энэ чиглэлээр хамтран ажиллаж, туршлага хуримтлуулж байж 12
жилийн сургалтын тогтолцоонд шилжих асуудлыг боловсруулсан. Өмнө нь бид Оросын
сургалтын системээр, илүү ачаалалтай, онол түлхүү үзсээр ирсэн. Харин одоо
сургалтын систем прагматик тал руугаа чиглэж байна.
Боловсролын тогтолцооны хувьд Монгол Улс холимог стандартыг сонгосон гэж би
хэлнэ. Америк, Герман, Англи гээд олон орны боловсролын системийг судалж, өөрт
тохирох хувилбарыг бий болгохыг зорьж байна.
Мэргэжлийн баг энэ бүхнийг судалж, тооцсоны үндсэн дээр шилжилтийн явцыг
эхлүүлэх гэж байгаа талаар би дээр ярьсан. Сургуулиудыг компьютержүүлэх гээд
үүнтэй уялдаатай том ажил бий. Одоогоор хөдөө орон нутагт 500, хотод 290 хүүхдийн
дунд нэг компьютер оногдож байгаа.
-Анги танхим, ширээ сандал урьдын адил хүрэлцээгүй хэвээр байгаа.
Хотын захын сургуулиудын нэг ангид 50-60 хүүхэд сурч, нэг ширээн дээр 3-4-үүлээ
чихцэлдэн сууж байна. Байдал энэ хэвээрээ л байгаад байх юм уу?
-Улсын хөрөнгө оруулалтаар сургуулиуд барьж байна. Жил бүр тодорхой хэмжээгээр
ашиглалтад оруулж байна. Японы Засгийн газрын тусламжаар Улаанбаатар, Дархан,
Эрдэнэтэд сургуулийн өргөтгөл барьж, ашиглалтад оруулсаар байна. Гэхдээ, жил
жилээр өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг гүйцэхгүй байгаа нь үнэн. Шинээр сургууль
барих, өргөтгөх ажлыг хүн ам олноор төвлөрсөн хот руу чиглүүлэх бодлого
баримталж байгаа. Боловсролын салбарын төсөв нэлээн хэмжээгээр нэмэгдсэнийг та бүхэн
мэдэж байгаа. 2008 онд 341.8 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан. 38.7 тэрбум
төрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөгдсөн. Энэ нь өмнөх оныхоос 45.6 хувиар өссөн
тоо юм. Тийм боловч өсөн нэмэгдэж байгаа нийгмийн хэрэгцээг гүйцэж хараахан
чадахгүй байна.
-Сурах бичиг тойрсон маргаан жил болгон гардаг. Нэг үеийн хүүхдүүд өөр өөр сурах
бичиг үзэж байна. Ингэснээр сурах бичгийн залгамж чанар алдагдлаа. Ганц сурах
бичиг хэрэглэх нь зөв гэсэн байр суурийг таны өмнөх сайд баримталж байсан.
Харин танай Засгийн газар ямар бодлого барих юм бол?
-Өнгөрсөн онд болсон багш нарын зөвлөлгөөний үеэр олон хувилбарт сурах бичиг
хэрэглэж байгаагийн эерэг болон сөрөг талыг тодорхой ярилцсан байдаг. Хүүхэд
өөр сургуульд шилжлээ гэхэд дүрэмт хувцас, сурах бичиг нь өөрчлөгдчихдөг. Гэр
бүлийн төсөв, хүүхдийн сургалтын чанар зэрэгт эерэгээр нөлөөлөхгүй нь мэдээж.
Энэ бүхнээс дүгнэлт хийгээд тухайн ангидаа үндсэн сурах бичигтэй байх ёстой.
Гэхдээ хүүхдийн оюуны чадамж, хөгжил зэргээс шалтгаалаад нэмэлт сурах бичиг
хэрэглэхийг зөвшөөрөх нь зүйтэй юм гэдэг дээр санал нэгдсэн. Сайдын хувьд би
ажлаа авснаасаа хойш Сурах бичиг зохиогчдын холбоо, Хэвлэн үйлдвэрлэгчдийн
холбооны төлөөлөгчидтэй уулзсан. Энэ талын маргаан тасралтгүй үргэлжилж байгаа
нь үнэн.
Гурвалсан гэрээ хийж хамтран ажиллах нь илүү үр дүнтэй байж болох юм. Ойрын
хугацаанд бид 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжиж байгаатай уялдуулан үндсэн
сурах бичгийн асуудлыг шийдэж, нэгэнт үйлдвэрлэгдчихээд агуулахад хэвтэж байгаа
сурах бичгүүдийг яах вэ гэдгээ ярина. Жил болгон сурах бичгийн тендер зарладаг
явдлыг зогсооно. Жил бүр сурах бичгийн журам өөрчлөгддөг явдлыг мөн үгүй
болгоно. Сурах бичиг тойрсон маргааныг цэгцлэхийн төлөө ажиллана, хийхээр
төлөвлөсөн зүйл ч байна. Миний хувийн дүгнэлт бол сурах бичгийг либералчилсан
нь бусад орны хувьд байдаг л хувилбар. Гэтэл манайд гажуудал гараад байна. Сурагчийн
дүрэмт хувцасны хувьд тухайн сургуулийн Удирдах зөвлөл шийдэх ёстой. Бүх
сургуулийн сурагч, орон даяар адилхан дүрэмт хувцастай байх ёстой гэж
хэлмээргүй байна. Бага, дунд, ахлах ангиараа ялгаатай хувцас өмсч харин болох
юм. Боловсролын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахын тулд яамнаас
тодорхой ажлыг хийхээр төлөвлөсөн.
-Ерөнхий боловсролын сургуулиудын төлбөрийн асуудал олон эцэг эхийн
сэтгэлийг зовоодог. Энэ талаар манай сонинд цөөнгүй асуулт, мэдээлэл ирсэн. Жишээлбэл,
33 дугаар сургуулийн биеийн тамирын хичээлийн дүрэмт хувцсыг жигдлэх нэрээр
жилд хоёр удаа өөрчилж байгаа талаар манай нэг уншигч бичсэн байна. Мөн хувийн
биш, улсын сургууль хэрнээ сонгон суралцах ангиуд төлбөр авч байна. Үүнийг
болиулж болдоггүй юм уу?
-Бүрэн дунд боловсролын тухай хуульд заачихсан асуудал л даа. Ерөнхий
боловсролын сургалтын агуулга, стандартаас давсан нэмэлт сургалт явуулж байгаа
тохиолдолд тодорхой төлбөр авна. Бага, дунд ахлах ангид ямар төлбөр авахыг тухайн
сургуулийн Удирдах зөвлөл шийднэ. Яамнаас боловсруулсан журмаар тухайн
төлбөрийн хэдэн хувь нь сургуулийн санд орж, хэд нь багшийн цалин хөлсөнд
зориулагдахыг зохицуулсан байдаг. Гүнзгийрүүлсэн сургалт маань үнэхээр чанартай
байна уу, үнэхээр гүнзгийрч чадаж байна уу гэдгийг хянах нь чухал. Энэ хяналтын
асуудал хаа хаанаа суларсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Манай яаманд л гэхэд
найман хүнтэй Мониторинг хяналт, шинжилгээний газар гэж байдаг.
Боловсролыг үнэгүй болгоё гэдгийг би хувьдаа зөвшөөрөх дургүй. Үнэгүй юм чанаргүй
байдаг. ЕБС-ийн сургалтын төлбөрийг төр төлж байгаа. Төр төлж байна гэдэг чинь
татварын мөнгөөр, та бидний мөнгөөр төлж байна гэсэн үг. Жил бүр сургуулийн
засварт мөнгө татлаа гээд л асуудал, хэл ам дэгддэг.
Сургууль, боловсролын асуудалд эцэг эхчүүд, аж ахуйн газар, компаниуд дэмжлэг үзүүлэх
эрхтэй. Бас үүрэгтэй. Нэг айл цагаан сар, шинэ жилээр архинд нийт хэдэн төгрөг
зардаг билээ. Гэтэл яагаад хүүхдийнхээ боловсролд мөнгө зориулж болдоггүй юм бэ
гэж асуумаар санагддаг.
Улс орны эдийн засаг сайжирч, салбарын хэмжээнд төсөвлөдөг мөнгө нэмэгдээд байдаг.
Гэтэл яг сургууль дээр нь очихоор энэ нь мэдрэгддэггүй. Боловсролын сайхан
хуультай, Төрийн албаны түүнээс дутахгүй сайхан хуультай. Тэгсэн хэрнээ хуульд
зааснаар багш нарынхаа орон сууц, нийгмийн асуудал, гачигдлыг шийдэх гэхээр
мөнгө байдаггүй. Хууль хэрэгждэггүй. Тэгэхээр боловсролын салбарыг дэмжье л
дээ. Боловсрол дахь олон нийтийн оролцоог дэмжье, идэвхжүүлье. Архинд, тамхинд,
зугаа цэнгэлд үрдэг мөнгөө хүүхдийнхээ боловсролд, суух анги танхимд нь дэмжлэг
болгож зориулъя.
Шар өвчин гарлаа л гэж байна. Үнэн хэрэгтээ цэцэрлэгийн хүүхдийн ор хөнжлийн
даавуу, гудсыг шинэчлэхэд бид хэдэн төгрөг төсөвлөсөн юм бэ? Хэдэн онд авсан,
хэдэн жил хэрэглэсэн гудас хүүхдүүд маань хэрэглэж байгаа билээ? Сургуулийн
төсөвт саван, угаалгын нунтагны үнийг суулгаж өгсөн үү? Энэ бүхнийг шийдэхийн
тулд боловсрол дахь иргэдийн оролцоог дэмжих нь зөв юм. Гэхдээ, үүнийг багшийн
хувийн бизнес болгон хувиргаж болохгүй. Үүнд дахиад л хяналт хэрэгтэй.
-Мэргэжлийн хяналтын газрууд төвлөрснөөс хяналтын тогтолцоо алдагдаж байгаа
гэж Та хэллээ. Үүний нэг жишээ бол “Үдийн цай” хөтөлбөрт тавих хяналт юм. Үдийн
цайнаас болж шар өвчин гарсан тухай хэвлэлд мэдээлсэн. Мөн энэ хөтөлбөр сургуулийн
захирал, эрхлэгч нарын бизнес болчихсон байгаа. Үүнд яам хяналт тавьдаг уу?
Үдийн цайг болиулъя гэсэн саналтай хүн ч байх юм.
-Үдийн цай хүүхдэд маш хэрэгтэй. Хоосон ходоодтой хүүхэд ном сурна гэхэд хэцүү шүү
дээ. “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэнд би багш хүний хувьд, хүүхдийн
байгууллагын ажилтан байсан хүний хувьд маш их баяртай байгаа. Өнгөрсөн жил 1-4
дүгээр ангийнхан хамрагдсан. Энэ жилээс тавдугаар ангийн сурагчдыг хамруулж
байна. Цаашдаа хамрагдах анги нэмэгдэх байх аа.
Сургуулиудын 60 орчим хувь нь үдийн цайг өөрсдөө бэлдэж байна. 40 гаруй хувь нь
тодорхой аж ахуйн нэгжтэй гэрээ хийгээд бэлтгэдэг. Гэхдээ хүүхдэд юу өгөх вэ
гэдэг асуудлын хамгийн гол нь юм. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн,
Хоол судлалын төвийнхөнд тодорхой асуулт тавих гээд байгаа. Үдийн цайнаас болж
шар өвчин гарлаа гэсэн мэдээлэл сонинд гарсны дараа Эрүүл мэндийн сайд
Б.Батсэрээдэнэ бид хамтарсан ажлын хэсэг гаргаад энэ талаар судалгаа хийлгэж
байна. 10 гаруй сургууль дээр ажилласан.
Байнга нэг ижил зүйл өгөөд байх уу, хаанаас бэлтгэх вэ гээд олон асуудал бий.
Сургууль болгонд гуанз бий. Голдуу хувь хүмүүс түрээслээд авчихсан. Тэгвэл
эдгээр гуанзтайгаа гэрээ хийгээд ажиллаж болно. Сургууль бүр нийгмийн
ажилтантай. Тэд хүүхдүүдийн үдийн цай ямар байгаа, чанарын шаардлага хангаж байгаа
эсэхэд хяналт тавибал яасан юм гээд бодох хэрэгжүүлэх олон зүйл бий. Гэхдээ
буруу менежмент хийгээд, асуудлыг зөвхөн нэг өнцгөөс хараад энэ чухал ажлыг
унагаж болохгүй.
В.Алзахгүй: -Өвөрхангайн сургуулиуд үдийн цайны асуудлыг хялбар аргаар
шийджээ. Гурилан боовоо сургуулийнхаа гал тогоонд хийчихдэг юм байна. Энэ хөтөлбөр
хэрэгжсэнээр нэг сургуульд хоёр хүний ажлын байр нэмэгддэг гэнэ. Хэрэгтэй
байгаа биз дээ.
-Сурах бичиг, үдийн цай гээд төрөөс хэрэгжүүлж байгаа чухал ажлууд доод шатандаа
очоод бизнес болоод хувирчихаж байна. Үүнийг яаж зогсоох вэ? Хяналтын ямар арга
зам байна вэ? Үүнээс болоод эцэг эхчүүд ямар ч итгэл найдвар байхгүй болчихоод
байна. Үдийн цайнд нь юу өгч байгаа бол, хугацаа нь дуусчихсан, муудчихсан хүнс
өгчихгүй байгаа гэх мэтээр байнга санаа зовж явна шүү дээ.
-Эдийн засгийн гол ачааг үүрч яваа хувийн хэвшлийнхнээ бид ад үзэж
болохгүй, харин ч дэмжих ёстой. Тиймээс үдийн цайг сургууль нь бэлдэх биш, тодорхой
аж ахуйн нэгжтэй гэрээ хийх замаар хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй юм болов уу гэж
боддог. Гэхдээ үдийн цайнд хяналт тавьдаг баг байх хэрэгтэй. Сургуулийн эмч,
нийгмийн ажилтан, эцэг, эхийн төлөөлөл оролцсон байвал сайн. Багийнхан үдийн
цайны чанарыг сар сард нь дүгнээд, шаардлага хангахгүй аж ахуйн нэгжтэй
байгуулсан гэрээгээ цуцалдаг болох хэрэгтэй. Багш нарын баярын дараа тушаал
гаргаж, энэ асуудлыг орон даяар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж бодож байгаа.
Боловсролын салбар дахь олон нийтийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх нь үнэхээр чухал.
Тэгэхгүй бол төсвөөс өгч байгаа мөнгөний үр дүн гарахгүй байна шүү дээ.
-Хавар болохоор л дунд сургуулийн гэрчилгээ авна гэсэн зарлал гарч эхэлдэг.
Авна гэж зарлуулахыг бодоход зардаг хүмүүс байж таарна аа даа. Үүнтэй яам ямар тэмцэл
өрнүүлдэг вэ?
-Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах талаар ойрмогхон Засгийн
газрын хуралдаанаар хэлэлцсэн. Багануурын эмгэнэлт явдалтай холбогдуулан архи,
тамхины ил болон далд сурталчилгааг хориглох асуудлыг ярьсан. Үүний хүрээнд боловсролын
үнэмлэх, баримт бичиг худалдах гэсэн зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн
хэрэгслээр явуулахыг хориглох санал оруулсан байгаа. Үүнээс гадна диплом,
гэрчилгээг хариуцдаг, үйлдвэрлэлд хяналт тавьдаг ажилтан, албан тушаалтнуудад
тавих хяналтаа сайжруулах ёстой. Энэ асуудалд онцгой анхаарал хандуулна аа.
В.Алзахгүй: -Дунд сургуулийн гэрчилгээг үйлдвэрт илүү тоогоор хийнэ гэж
байхгүй. Сургуулийн захирал илүү захиалаад авчихдаг ч юм биш. Харин хуурамчаар хийгээд
байдаг. Техник өндөр хөгжсөн болохоор сайтар шалгахгүй бол ялгахын аргагүй
адилхан хийчихдэг юм. Тиймээс иргэд хуурамч гэрчилгээ худалдаж авахаас
болгоомжлох ёстой.
Р.Бат-Эрдэнэ: -Дээд боловсролын байгууллагуудын диплом олгох журмыг 2006
онд шинэчилсэн. Энэ журмаар диплом олгохыг нэлээд чөлөөтэй болгосон. Диплом барьцаа
байхаа больсон. Диплом эзэмшигч хүсвэл хэдийг ч хэвлэж өгч болно. Харин
дипломыг үндэслэж шийдвэр гаргах гэж байгаа тохиолдолд хавсралт нь гол үндэслэл
болно. Тэр хавсралтын магадлагааг олгосон газраас нь авч байхаар болсон.
-МУИС улсын сургууль. Гэхдээ улсаас татаас авдаггүй. Тиймээс төсвийн ажилтнуудын
цалингийн нэмэгдэлд хамрагддаггүй. Багш нар нь заримдаа төсвийн байгууллагын
цэвэрлэгчээс дор цалин авч байна гэнэ. Тэдний цалинг нэмэгдүүлэх талаар ямар
нэг арга хэмжээ авч байгаа юу? Уг нь хөгжилтэй орнуудад хамгийн их цалинтай
хүмүүс бол багш нар л байдаг шүү дээ.
-Төсвөөс санхүүжилт авдаггүй байгууллага, хувийн хэвшлийнхэнд ийм хүндрэл гарч
байгаа нь үнэн. Их сургууль энэ жилээс тогтмол зардал авдаг болсон. Боловсролын
хуульд төрийн өмчит их, дээд сургуулийн тогтмол зардлыг төр хариуцна гэсэн
заалт бий. Үүнийг олон жил өгч чадахгүй байсан. Одоо л өгч эхэлж байна. Намар
сургалтын төлбөрөө аваад бүх зардлаа тооцчихсон сургуулиудын хувьд цалин нэмэх асуудал
маш хэцүү болчихоод байгаа юм билээ. Тиймээс сургалтын төлбөрийг тодорхой
хэмжээгээр нэмэх саналыг яаманд тавьсан. Бид шинжээчдийн баг томилж
ажиллуулахаар шийдээд байгаа.
Ер нь бол багш нарын цалин өндөр байх ёстой гэдэгтэй би санал нийлдэг. Цалин багаас
болоод сайн, чадалтай багш нараа бид алдаж байгаа шүү дээ. Цалин өндөртэй
хувийн сургууль руу шилжих ч юм уу, өөр ажил хийгээд явчих нь цөөнгүй. Гэхдээ
цаашид цалин нэмэхдээ олон нийтэд зарлаад бараг шоу болгодог байдлаа болих
хэрэгтэй гэж Засгийн газрын саяхны хуралдаан дээр ярилцсан. Ерөнхий сайд өөрөө
үүнээс татгалзана гэдгээ хэлсэн. Ингэснээс болоод маргааш нь юмны үнэ дагаад
өсчихөөд байгаа шүү дээ.
-”Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Гэвч энэ хөтөлбөр
яваандаа албан тушаалтнуудын бизнес болох вий, арын хаалгаар тараагдах вий
гэсэн болгоомжлол хүмүүсийн дунд байна. Бас үүнийг хэрэгжүүлэх хөрөнгө нь төсөвт
тусгагдсан уу гэсэн асуудал олны анхаарлыг татаж байна.
-Ерөнхийлөгч Н.Энхбаярыг АНУ-д айлчлах үеэр буурай хөгжилтэй орнуудад тусалдаг
“Нэг хүүхэд-Нэг компьютер” хөтөлбөрийнхөн уулзаад тодорхой санал тавьсан юм билээ.
Тэгээд 1-5 дугаар ангийн хүүхдийн хэрэгцээнд тохирсон 10000 компьютерийг
АНУ-аас бэлэглэхээр болсон. Бид өөрсдөө 10000 компьютер худалдаж авах юм.
Эхний мянга нь ирсэн. Бид 51, дөрөвдүгээр сургуулийг сонгож, хоёр, гурав,
дөрөвдүгээр ангийн бүх хүүхдийг компьютерээр хангах гэж байна. Бас багш нарыг
нь компьютертэй болгоно, сүлжээгээр холбоно. Энэ хоёр сургууль дээр туршиж
үзсэнийхээ дараа хүрээг нь тэлж хэрэгжүүлэх юм. Үүнд арын хаалга орохгүй ээ.
Алслагдсан аймгийн сургуулиудыг сонгож авч, улмаар интернэтийн сүлжээнд холбохоор
төлөвлөж байгаа. Аль аймгийн ямар сургуулийг сонгож авах талаар яам одоохондоо
сонголт хийгээгүй. Цахилгааны байнгын эх үүсвэр, интернэтийн шугам бий эсэх
гээд шалгуур үзүүлэлтүүдийг сонголт хийхдээ харгалзаж таарна. Дээр дурдсан
10000 компьютер худалдаж авах, сүлжээ, өргөтгөл хийх, ажиллах мэргэжилтнүүдийн
цалин зэрэгт нийтдээ 3.5 тэрбум төгрөг шаардлагатай. Цаашдаа ийм хөтөлбөрийг
үргэлжлүүлэх, өргөжүүлэх бодлого барих болно.
-Шинжлэх ухааны байгууллагууд, их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиудад
тэтгэвэртээ суучихсан хүмүүс олноор ажиллах юм. Тэтгэврээ авна, дээр нь цалин
авна. Гэтэл ийм байгууллагад ажиллах гэсэн олон залуус ажилгүй явж байна. Энэ
талаар яам ямар бодлого баримталдаг вэ?
-Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага өөрийн өвөрмөц онцлогтой юм
аа. Эрдэмтэн судлаачид, доктор профессоруудыг тэтгэвэрт нь шууд хөөгөөд
гаргачихаж болдоггүй. Дэлхий нийтийн хандлага ч тийм.
Ер нь бол багш хүний хөдөлмөр хүнд шүү дээ. Оюуны асар их ачаалалтай ажилладаг,
эрт хөгширдөг, эрүүл мэнд нь эрс мууддаг гээд олон шалтгаан бий. Олонх нь
тэтгэвэрт гараад тийм ч олон жил амьдарч чаддаггүй. Гэхдээ би тэтгэвэрт гарсан
хэчнээн хүн боловсролын салбарт ажиллаж байгаа талаар судалгаа хийлгэе гэж
бодож байна.
Р.Бат-Эрдэнэ: -Тэтгэврээ тогтоолгосон атлаа их, дээд сургуульд ажиллаж
байгаа хүмүүс нэлээд бий. Хөнгөвчилсөн цагаар, гэрээт маягаар цалинжуулж
тэднийг ажиллуулж байгаа. Гадаадын орнуудад бол эрдэмтэн, профессоруудад тэтгэврийн
нас гэж байдаггүй. Тэр хүн өөрөө больё гэвэл л чөлөөлдөг. Залуучууд нь
тэднийгээ ад үзээд байдаггүй. Харин ч туршлагаас нь суралцдаг. Эрдмийн ажил
гэдэг тэр хүний хуримтлуулсан туршлага, бас баялаг. Манайд бол арай өөр үзэл
хандлага байна. Энэ нь их сургууль маань бүрэн эрдэм шинжилгээний байгууллага
болж чадаагүйтэй холбоотой. Заах цагаа булаацалдах зэргээс болоод ийм асуудал
үүсээд байх шиг байдаг юм.
-Хөвсгөл аймгаас хэрэг болгож бидэн рүү утасдсан юм аа. Хөвсгөл аймгийн
Чандмань-Өндөр сумын дунд сургуулийг манай улсын уул уурхайн анхны докторуудын
нэг Ишмэндийн нэрэмжит болгох саналтай байгаа юм байна. Энэ асуудлыг яаж хөөцөлдөх
ёстой вэ, яам яаж дэмжлэг үзүүлдэг вэ гэж танаас асуусан юм.
-Эхлээд манай яаманд хүсэлтээ бичгээр ирүүлнэ. Гэхдээ тухайн аймгийн Засаг дарга,
Иргэдийн хурлын гишүүд нь энэ саналыг дэмжсэн байх ёстой. Аливаа байгууллагыг
хэн нэгний нэрэмжит болгох асуудлыг Засгийн газарт жилд хоёр удаа оруулж
хэлэлцүүлж байсан практиктай юм билээ.
-Төгсгөлд нь танаас нэг зүйл лавлая. Олон уншигч энэ асуудлаар бидэнд
хандсан юм. Тантай уулзах гэж олон удаа очоод уулзаж чадахгүй байна гэсэн
гомдол л доо. Ингэхэд та иргэдийг ямар гаригт, хэдэн цагаас хүлээж авдаг юм бэ?
-Асуудлыг төвлөрүүлдэг, заавал сайд нь шийддэг гэсэн үзэл хандлагаасаа бид юуны
түрүүн салах ёстой. Олон асуудлыг сургуулийн удирдлага, Боловсрол, соёлын
газрын дарга нар шийдэж чадна. Долоо хоногийн мягмар гаригийн үдээс хойш
иргэдтэй уулзах багахан ч болов цаг гаргаж буй. Манай Засгийн газар маш шахуу
ажиллаж байна. Долоо хоногт хоёр удаа хуралдаж байна. 08.00 цагаас 23 цаг
хүртэл ажиллаж байна.
Тодорхой, тулгамдсан чухал асуудлаар иргэдийн саналыг сонсох зав гаргалгүй
яахав. Гэтэл иргэд маань гадаадад хүүхдээ сургах гэсэн юм, тэтгэмжээ авмаар
байна гэсэн хувийн асуудал ярьж уулзах гэх нь олон. Бас яам шийдэж чадахгүй,
тухайлбал, мөнгө төгрөг хүссэн, гадаадад эмчилгээнд явуулж өгөөч гэсэн хүсэлт
их ирдэг. Ийм асуудлуудыг шийдвэрлэх албан тушаалтнууд бас байгаа шүү дээ.
Гэхдээ бид иргэдийнхээ үгийг сонсох ёстой. Сайд болсноосоо хойш би 100 гаруй
багшийн өргөдөл, хүсэлтийг хүлээн авсан. Бид яамныхаа вэб хуудсыг байнга
шинэчилж, бас англи хэлээр гаргахаар ажиллаж байна. Энэ ажил хоёрдугаар сарын
1-нээс хэрэгжиж эхэлнэ. Яамнаас ямар шийдвэр гарч, ямар ямар ажил хийж байгаа мэдээллийг
цаг тухайд нь аваад байж болно. Мөн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг
байгуулсан. Баасан гариг бүрийг яамны нээлттэй өдөр болгож байгаа. Энэ бүх
сувгаар дамжуулаад иргэд маань мэдээлэл авч, асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой.
А.Баасандорж, Ц.Энхмаа, Р.Эмүжин