-Байна уу,
“Өнөөдөр” сонины редакц уу. Асуулт асууя.
-Тийм ээ. Та асуултаа чөлөөтэй тавьж болно.
“Өнөөдөр” сонины редакцийн уулзалт ийн өрнөв. Манай сонин редакцдаа нийслэлийн төвийн зургаан
дүүргийн Засаг дарга нарыг урьсан юм. Өргөн хүрээг хамарсан уулзалтад
нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга П.Цогтбаатар, Сүхбаатар дүүргийн Засаг
дарга А.Амарсайхан, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Ё.Сүхбаатар,
Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Б.Баярмагнай нар хүрэлцэн ирлээ.
Нийслэлийн иргэн таны асуухсан гэж бодож явсан, мэддэггүй олон асуултад тэд ийн
хариулт өгсөн юм.
-Та бүхэн бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө юу амжуулсан байх вэ? Хийсэн,
хийж байгаа томоохон ажлаасаа дурдаач.
А.Амарсайхан: Бүгдийг нь нэрлэнэ гэвэл хэцүү. Нийгмийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт гэр хорооллын худаг ус, цахилгаан гээд олныг ярьж болно. Дөрвөн жилийн дараа Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжсэн байдлаар дүгнэж
болох асуудал. Мөрийн хөтөлбөртөө хүүхэд, ахмадад ээлтэй дүүрэг болно гэсэн
зорилт дэвшүүлсэн. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр дэд хөтөлбөр
хэрэгжүүлдэг. Энэ бүхнийг дүгнэх үед тухайн албыг хашсан хугацаандаа ийм ажил
хийсэн гээд хэлэх боломжтой.
П.Цогтбаатар: Засаг даргын мөрийн хөтөлбөр 126 заалттай. 86 хувийг нь
хэрэгжүүлээд байна. 2009 он гэхэд дүүрэг маань
төрийн захиргааны мэргэшсэн байгууллага болно. Төрийн үйлчилгээг иргэдэд
шуурхай, чирэгдэлгүй хүргэх эрхэм зорилготой. Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь
зөвхөн дүүргийн Тамгын газрын ажил биш юм. Үүнд төрийн болон төрийн бус
байгууллагууд ч оролцох ёстой гэсэн байр суурьтай ажиллаж байна. Гэр хорооллыг
гэрэлтүүлэгтэй, өрхийн гурван эмнэлгийг
унаатай болгосноор эмч иргэддээ хүрч үйлчлэх
боломжтой болсон.
ТЭЦ-4-ийн ойр орчимд их хогтой. Хогийг цэвэрлэхэд 1.7 тэрбум төгрөг
шаардлагатай байгаа. Түүнийг зайлуулж газраа цэвэрлэхийн тулд тэр газрыг аж
ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж, цэвэрлүүлэх
менежмент хэрэглэж байна. Иргэдтэйгээ эргэх холбоотой
ажиллахыг эрмэлзэж байна. Хороо бүрээр явж, иргэдийнхээ санал бодлыг сонсдог. Ажилтнуудаа
мэргэшүүлэхэд анхаарч байна. Саяхан Тамгын газрын албан хаагч, хорооны Засаг
дарга, өрхийн эмнэлгийн ахлагч нарыг Удирдлагын академитай хамтран богино
хугацааны сургалтад хамрууллаа.
АНУ-аас багш урьж, ажилтнууддаа англи хэл
заалгаж байна. Тоглоом болгож хэлэхэд, зургаан сарын дараа манай ажилтнуудтай
орчуулагчаар дамжуулж харилцдаг болох байх шүү. Нийтдээ манай дүүрэгт дөрвөн
тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийгдээд байна.
Оны сүүлч гэхэд зургаан тэмбум төгрөгийн ажил хийсэн байх ёстой. Одоогийн
байдлаар Амарсанаа, Чингүнжавын гудамжийг тохижуулж дуусаагүй байна. Энэ нь
тендер шалгаруулалт хугацаандаа эхлээгүйтэй холбоотой.
Манай дүүргийн эмнэлэг ор цөөнтэй. Иргэдээс маш их гомдол ирдэг. Тиймээс 150
ортой, 500 хүнд үйлчлэх нэгдсэн эмнэлэг барихаар газар, зураг төсөл, хөрөнгө мөнгө
нь шийдэгдчихээд байна. Сая төсвийн тодотголоор 250 сая төгрөг төсөвлөсөн. Ирэх
онд манай дүүрэгт стандарт шаардлага хангасан, нэгдсэн эмнэлэгтэй болно. Мөн
иргэдтэй уулзах, залууст зориулсан арга хэмжээ зохион байгуулах байр олддоггүй. “Улаанбаатар палас”-т мөнгө төлж зохион байгуулдаг. 160 мянган хүн амтай дүүрэг ийм байж таарахгүй гээд биеийн
тамир спортын цогцолбор барихаар газрыг нь шийдвэрлүүлээд, ажлаа эхлэх гэж
байна.
-Нэгдсэн эмнэлгээ хаана барих юм бэ?
-Одоо байгаа эмнэлгийн дэргэд, 96 дугаар сургуулийн хажууд.
Б.Баярмагнай: Чингэлтэй дүүрэг төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай
хүргэх, нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэхэд анхаарч ирлээ. Хоёрдугаарт, манай дүүрэг хотын төвд оршдог хэрнээ 19
хорооны зургаа нь л төвийнх. 1960, 70-аад оны барилгатай.
Тиймээс дахин төлөвлөлт хийх шаардлагатай. Улаанбаатар хотын
хойморт байдаг тул утаа эмзэг сэдэв. Утаатай тэмцэх асуудлыг 2005 оноос дэвшүүлээд ажиллаж байна. Аж
ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч Баруун Сэлбийн гудамжийг байгууллаа. Хөрөнгө нь шийдэгдээгүй ч Эрх чөлөөний талбайг шинэчлэхээр
төлөвлөж байгаа. Ирэх оны 4-5 дугаар сар гэхэд зураг төсөл нь бэлэн болох байх.
Ер нь Засаг даргын ажлын хамгийн гол асуудал бол тохижилт, хог хаягдал, төрийн
үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх. Төвийн зургаан хорооны орон сууцанд хогны зориулалтын
бункер байдаггүй.
ЖАЙКА байгууллагатай хамтарч, 193 хогийн савыг нүүлгэн шилжүүлж дуудлагын
системд оруулсан. Хотын төвд хогийн том том сав ил задгай хүүхэд, хүмүүс түүнийг нь ухдаг байсныг үгүй болгосон. Орчныг нь
цэвэрлэхээр тэр хавьд цуглардаг архичид, золбин нохой гээд янз бүрийн зүйл үгүй
болсон. Жил гаруй ажиллаж байж ийм зүйлээс салгаж чадлаа. Мөн “Бөмбөгөр” орчмын 500 гаруй контейнерийг зайлуулсан.
Татвар, газрын албыг нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлсэн. Төрийн үйлчилгээг
иргэдэд ойртуулахын тулд улаан, шар картыг нэвтрүүллээ. Төрийн албан хаагчийн
үйлчилгээний үнэлэлт дүгнэлт маягаар иргэд талархсан хүндээ улаан, гомдсон бол шар карт өгнө. Ийм байдлаар төрийн үйлчилгээнд иргэдийн хяналтыг тогтоох юм.
Энэ нь нэг их өргөн нэвтрээгүй ч эхлэл нь тавигдлаа. Мөн мэссежээр иргэдийн
саналыг авдаг болсон.
-Мэссежээр ээ?
-Тийм. Сая дүүргийнхээ 15 жилийн ойн үеэр мэссежээр санал авч эхэлсэн. Мобикомын 589114204 дугаараар манайд санал, хүсэлтээ илгээхэд бид
эргээд утасны дугаараар нь хариу өгнө. Өнөөдрийн байдлаар 80 гаруй иргэн
мэссежээр санал, хүсэлтээ ирүүлж, хариу авсан. Мөн Тамгын газрынхаа нэгдүгээр давхарт
иргэдэд хэрэгтэй бүх мэдээллийг тавьсан. Газрын албан дээр очоод дугаарлан
зогсож зогсож нэг юм асуудаг, нэг баримт нь дутуу байгаад буцдаг.
Ингэхгүйн тулд манай нэгдүгээр давхарт байгаа танилцуулгаас шаардлагатай бүх
мэдээллээ авч, бичиг баримтаа бүрэн бүрдүүлээд очвол хэн хэндээ хэрэгтэй. Түүнчлэн гадуур ажилтай яваа албан хаагчийг хүлээж үүдийг нь
сахин цаг алдах шаардлагагүй болсон. Өргөдлөө рессепшнд өгөөд, үдээс хойш нь
мөн тэндээс хариугаа аваад явчихна. Манай зургаан хороонд өрхийн эмнэлэг, цагдаа,
хорооны байр гэсэн нэг цэгийн үйлчилгээтэй цогцолбор барьж байна.
Сүхбаатар дүүргийн V хорооны иргэн Нарантуяа: “Меркури”, “Далай
ээж” захын ойролцоох траншейнд амьдардаг хэсэг хүн байна. 54 дүгээр сургуулийн
ойр орчим маш их хогтой. Тэр хавийг цэгцэлж болдоггүй юм уу?
А.Амарсайхан: Хог бол мөнхийн асуудал гэж болохоор байгаа ш дээ. Ямар
цаг үед, тухайн удирдлага нь ямар арга хэмжээ авч байна вэ гэдгээс л шалтгаалж
байгаа болохоос огт хоггүй болчихно гэж байхгүй. Хогийг зайлуулах, тээвэрлэх талаар
тодорхой ажил хийсэн. Хогны ил задгай цэгийг цөөлж, орон сууцны хогийг өдөр бүр
зөөж байгаа. Хогийн 11 цэгийг устгасан. “Далай ээж”, “Меркури” зах бол хогоо
өөрсдөө хариуцдаг. Байгууллагын хашаан доторх хогийг өдөр бүр тээвэрлүүлэхээр
ярьж байгаа. Энэ талаар дахин шаардъя. Үнэндээ траншейг байнга хянаж чаддаггүй.
Манай дүүргийн таван байршлын 20-иод траншейнд хүн амьдардаг гэсэн судалгаа
бий. Үүнийг багасгах, Таны хэлсэн траншейг
анхааралдаа авъя.
-20 траншейд хүн амьдарч байна гэлээ. Хэзээний судалгаа вэ?
-Өнгөрсөн оны сүүлчээр гаргасан тоо.
-Хүн амьдардаг траншейг яаж цөөлж байгаа юм бэ. Таглаад цоожилчихдог юм уу?
-Ус сувгийн удирдах газартай хамтарч траншейг жил бүр тагладаг. Узель хэлбэрийн траншейны тухайд бид тийм шаардлага тавьж байгаа. Хүн түлэгдэж,
шалзарсан тохиолдол гардаг.
Чингэлтэй дүүргийн иргэн Р.Өлзий: Хотын гудамж, талбайн хаягийг цэгцэлмээр юм.
Хүнд газар зааж өгөх гэхээр тийм өнгийн байшингийн хажууд, тэр сургууль,
цэцэрлэгийн дэргэд
гэх маягаар хэлдэг. Бас цэвэрлэсэн газарт маргааш нь хог хаячихсан байх юм.
Хогтой тэмцэх шинэ арга олох хэрэгтэй юм биш үү?
-Хаягийг цэгцлэх тал дээр хотоос анхаарч байгаа. Хаясан хойно нь цэвэрлэж
зөөдөг практикаар хогтой тэмцэж ирлээ. Үүнийг өөрчлөхөд багагүй хугацаа, хөрөнгө
шаардлагатай. Хог цэвэрлэхэд зарцуулж буй хөрөнгийнхөө нэг хэсгээр цэвэр орчинд аж төрөхөд уриалсан, ухааруулах зорилготой реклам, зурагт
хуудас хийлгэж байна. Хичээл эхлэхэд бүх сургуульд энэ талаар нэг цагийн хичээл
заалгасан. Энэ мэтээр ухамсартай нь ажиллах талаар тодорхой ажил хийж байна.
-Хогтой тэмцэх өөр арга хэрэгтэй байна шүү дээ.
П.Цогтбаатар: Хог таригч нь хэн билээ гэдгийг бодох ёстой. Өмнө нь хог,
муур нохой тэжээсний мөнгө гээд бараг бүгдийг нь Тохижилт үйлчилгээний
компаниуд авдаг байсан. Үүнийг өөрчлөөд дүүргүүдийн Засаг дарга нарын дэргэд
Хог хаягдлын сан байгуулсан. Манай дүүргийн энэ
сангийн үйл ажиллагаа жигдэрсэн. Үүнийгээ хоггүй болохын эхлэл гэж ойлгож
байгаа. Хогийг цаашид худалдах ёстой.
-Дүүрэг бүрт том том компани байдаг. Тэдний хүчийг ашиглаад хогтой тэмцэх
шинэ менежмент хэрэгжүүлж болдоггүй юм уу? Урамшуулал хэрэглэсэн ч болохоор.
П.Цогтбаатар: Мэргэжлийн хяналтын байгууллага үүнд хариуцлага тооцох
ёстой, хугацаатай үүрэг өгөөд “Та гурав хоногийн дотор
хогоо цэвэрлэ. Биелүүлэхгүй, дахиж хог хаявал хуулийн дагуу ийм арга хэмжээ
авна” гээд гэдэг бол үр дүнд хүрэх байх. Манайхан чинь албадуулж байж юм хийдэг
улс шүү дээ. Баянгол дүүрэгт гэхэд хогтой
газарт очоод хаясан эздийг нь торгоё гэхэд ямар ч боломжгүй. Торгодог, арга
хэмжээ авах субьект нь дүүргийн Засаг дарга. Гэсэн ч байгууллага бүрт очиж
торгоод, арга хэмжээ аваад явна гэж байхгүй ш дээ.
-Тэгээд яах ёстой вэ?
-Гарц хаана байна вэ гэвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарыг
л тэнд ажиллуулах ёстой. Орон нутгийн Засаг дарга нарын дэргэд тийм эрхтэй
байцаагч ажиллуулах хэрэгтэй. Тэгж байж л энэ байгаль орчин, зам талбайн
асуудалтай тэмцэнэ.
-Дүүргийн эрх мэдэл хүрдэггүй асуудал олон уу?
-Ард Аюушийн өргөн чөлөөнд гэхэд л рекламны самбар босгох гээд, олон жил хөдөлмөрлөж
байж бий болгосон зүлэг, хашаа, замыг маань эвдчихсэн. Нөхөн төлбөр авч байж
явуулна гээд машиныг нь гурав хоног барьцаалж байж нэг сая орчим төгрөг
гаргууллаа. Японы хөрөнгө оруулалтаар тавьсан сайхан зам бий. Нарны замыг нэг товарищ эвдчихсэн. Үүнд хяналт тавьдаг, хариуцлага тооцдог механизм
орон нутагт байхгүй. Өмнө нь иймэрхүү асуудлыг шийдэж
болдог байсан юм.
А.Амарсайхан: Цогтбаатар даргын хэлсэн зүйл дээр нэг юм нэмье. Нэг цэгийн
үйлчилгээ бол авлига хээл хахуулийг багасгах, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх,
төрийн хүнд суртлыг багасгах зорилготой ч эцсийн дүндээ төвлөрлийг сааруулах,
орон нутгийн эрх мэдлийг дээшлүүлэх юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт
дүүргүүдийг хариуцсан чиглэл чиглэлийн байцаагч байгаа боловч тухайн субьектдээ
хүрч ажиллаж байна уу гэдэг асуудал бий. Тухайн нутаг
дэвсгэрт рекламны самбар босголоо гэхэд биднээс зөвшөөрөл авдаггүй. Нийслэлийн
Захирагчийн ажлын албанаас авдаг. Тэгээд бидэнд мэдэгдэлгүй, нэг өглөө зүлэг,
хашаа хайс эвдэж сүйтгээд шон зоочихсон байдаг юм. Энэ мэтээр ажлын уялдаа
алдагддаг. Дүүрэг эрх мэдлийг авч, зөвшөөрөл өгдөг болъё гээд байгаа юм биш. Төвлөрлийг
сааруулах нь зөв.
П.Цогтбаатар: Би дүүрэгтээ байгаа рекламны самбаруудыг буулгах
шаардлагыг эздэд нь тавих гэж байгаа. Манайх шиг хот нь рекламны самбараар дүүрсэн улс байдаггүй юм байна
лээ. Олон орноор явж үзсэн. Хотоос гадагш тавьсан байдаг. Манайд бол хүмүүс
тайван алхах, амрах газарт хүн, машин олонтой зам дагуу босгочихсон. Би энэ дүүргийн Засаг дарга хэрнээ үүнийг зохицуулж чаддаггүй байж
таарахгүй. Айлаар яривал хашаан дотор нь орж ирээд рекламны самбар босгочихож
болохгүй ш дээ. Энэ талаар би эргэлт гаргана.
Б.Баярмагнай: Хогтой тэмцэнэ гээд эзэнгүй, гаргаад тавьчихсан хогтой
тэмцээд байж болохгүй байх. Хогтой байна гээд иргэд бухимдаж байгаа нь аргагүй.
Иргэдийн оюун санааг өөрчлөх, орчныг нь цэгцлэх хэрэгтэй. Манай дүүрэг гэр хорооллын 13 хороотой. Тэндхийн 25
шахам мянган өрхийн 20 хувийнх нь хогны төлбөрийг авч байна. Тэгээд 100 хувь
ачих шаардлага тавьдаг. Хог хаягдал зөөвөрлөхөд аж ахуйн тооцоогоор явж байгаа.
Нэг ачилтыг 35 мянган төгрөгөөр тооцдог. Тэгэхээр Тохижилт үйлчилгээний компани
сард 1500 рейс буюу 6000 тн хогийг
Улаанчулуутад буулгадаг. Үнэндээ хотын төвийн хорооллын хогийг зөөж олсон
мөнгөө гэр хороололд зарцуулж алдагдлаа нөхөж байна.
-Хогны мөнгийг хурааж авч чадах эсэх нь Та нарын ажил биз дээ?
-Эрчим хүчний мөнгөө төлөөгүй айлын цахилгааныг тасалж болдог. Хогны мөнгөө өгөөгүй
айлын хогийг ачихгүй яваад өгч болно. Тэгэхээр шөнө дөлөөр хогоо гуу жалганд
асгадаг. Жалганд хаяулж байснаас мөнгөө өгөөгүй ч хогийг нь ачсан нь үр дүнтэй
болж байна.
П.Цогтбаатар: Тохижилт үйлчилгээний компаниуд гэрээний дагуу цагтаа
хогоо ачиж чадахгүй байгаагаас хогоо асгачихдаг. Үүнийг нуугаад байх юмгүй.
Манай дүүрэгт ийм асуудал бий. Тохижилт үйлчилгээний компаниудын техник нь
муудсан, хүрэлцэхгүй байгаа. Манай дүүрэг гэр хорооллын
гурван хороотой. Өөрсдөд нь машиныг нь
өгчихсөн. Хороо хариуцсан олон нийтийн байцаагч, хэсгийн дарга нар өөрсдөө
өрхүүдээс мөнгөө цуглуулдаг. Нийслэлээс Тохижилт үйлчилгээний компанид олгодог
нэг рейсийн 35 мянган төгрөг бол тогтоосон хатуу үнэлгээ биш.
Б.Баярмагнай: Баянгол дүүргийн гурван хороо нь л гэр хороолол. Чингэлтэй
дүүргийн 19 хорооны 13 нь гэр хороолол. Манайд ч гэсэн хэсгийн ахлагчаар дамжуулаад
хогны төлбөрийг авч байна л даа. Өгөхгүй байгаа айлуудад яаж хариуцлага тооцох
вэ. Орон сууцны айлуудын хогны төлбөрийг байрны мөнгөтэй нь авчихдаг. Ингэхээр
Баянгол дүүрэг гэр хороолол багатай учраас
алдагдал бараг хүлээхгүй. Хороонд машин өгөх нь шинэ юм
биш. Өмнө ч тэгдэг байсан.
-Одоо тэгээд яах вэ. Хогноос яаж салах вэ?
-Хогны мөнгийг авах хэлбэрийг өөрчилмөөр байна. Бусад орон шиг хогны мөнгө гэдэг
асуудал байхгүй болгох. Бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компани сав, баглаа, боодол
гээд хог гаргаж байна. Тэднээс татвар авахдаа хогны төлбөрийг шингээх хэрэгтэй.
Гадаадаас оруулж ирж буй бүх бараа бүтээгдэхүүний гаалийн татварт хогны мөнгийг
шингээж авбал боломжийн санагдаад байгаа. Ингэвэл их үр дүнтэй болно. Бид эрчим
хүчний мөнгөтэй нь хогны мөнгийг хамт авах гэж үзсэн. Эрчим хүчний салбарынхан
үүнийг хориотой гээд зөвшөөрөхгүй байна. Цахилгааны мөнгөө төлөөгүй айлын тогийг
тасалж болохоос хогны төлбөрөө төлөөгүй айлын тогийг таслаж болохгүй гээд. Хог
хаясан айлыг хорооны Засаг дарга 5000 төгрөгөөр л торгодог.
Иргэд өөрсдөө хогоо гудамжинд хаячихаад телевиз дуудчихдаг. Нөгөө хүн Тохижилт
үйлчилгээний компанийг хогоо авсангүй, гудамж цэвэрлэсэнгүй гээд ярилцлага
өгдөг. Судлаад үзэхэд нөгөө хүн хогны мөнгөө төлөөгүй хэдэн сар, жил болчихсон
байдаг. Гэр хорооллын айлуудын ядаж 50 хувиас хогны төлбөрийг авч чадахгүй бол
бид өрөнд орно шүү дээ. Энэ оноос эхлэн хог тээвэрлэгч байгууллагыг дүүргийн
Засаг даргын дэргэдэх Хогны сангаас санхүүжүүлж байна.
-Хогтой тэмцэх шинэ арга олооч гэж хүлээж байна шүү дээ. Жишээлбэл, Дарханд гялгар
уут, ундааны сав гудамжинд нь хөглөрдөггүй. Гялгар уутаар юм хийдэг үйлдвэртэй
болсноор хогны асуудлыг шийджээ. Хог мөнгө болно гэдгийг хүмүүс ойлгодог болж.
Яагаад нийслэлд ийм зүйл хийж болдоггүй юм бэ?
А.Амарсайхан: Хогийн сан гэдэг чинь
шинэ менежмент шүү дээ.
П.Цогтбаатар: Гялгар уут, ундааны саваар юм
хийдэг үйлдвэр нийслэлд бий. Байнга ажиллах, ашиг
олох талаар дутагдалтай байгаа нь үнэн. Улаанчулуутын хогийн цэгийн хажууд тийм
үйлдвэр бий. Хог авах цэг хэд хэдийг байгуулж, тогтмол ажиллуулаад, тийм газар
байдгийг хүмүүст мэдээлээд өгвөл үүнийг ажиллуулах боломжтой.
Ё.Сүхбаатар: Нүдэнд харагдаж байгаа хогийг цэвэрлээд аваад байж болно. Гэхдээ
хүмүүсийн ухамсарт соёлтой амьдрах талаар суулгаж өгөх нь чухал. Бас татварын
бодлогоор тэмцэх хэрэгтэй. Машиныхаа цонхоор тамхины иш шидчихдэг, хаа таарсан газраа хогоо асгачихдаг хүмүүсийн халаас руу гүнзгий орж өгье. Хог
хаях гэхээр нүдэнд нь торгуулийн мөнгө харагддаад байвал хаяхгүй.
Б.Баярмагнай: Хүн өөрөө хог таригч. Хүн байгаа цагт хоггүй байна гэж байхгүй. Тэгэхээр
татварын бодлогоор тэмцэх хамгийн оновчтой арга.
Төвлөрсөн мөнгөөр нь нийслэлээ “эрүүлжүүлж” бас болно.
А.Амарсайхан: Хогоо гаргаад асгачихдаг, орчноо бохирдуулдаг иргэд, аж ахуйн
нэгжид арга хэмжээ авах, тэр орчмыг нь цэвэрлүүлэх, ядахдаа үйл ажиллагааг нь
түр ч болсон түдгэлзүүлэх хууль эрх зүйн орчин хэрэгтэй.
-Хот доторх хог эзэнтэй, тодорхой байгууллагын хашаан дотор, барилгын хажууд
байна. Үүнийг байхгүй болгох боломж байна шүү дээ?
-Аж ахуйн нэгж байгууллагатай хариуцлага тооцдог ч үр дүн гарахгүй байна. Мэргэжлийн
хяналтынхан юу хийдгийг би сайн ойлгодоггүй юм. Манай байцаагч нарт баар,
ресторан шалгах сонирхол илүү байх шиг байна.Хогны асуудлыг хаяад байгаа,
үнэхээр. Галсанпунцаг даргатай хамтраад шалгалт хийж, арга хэмжээ авдаг. Тухайн
үед үр дүн гараад, эргээд нөгөөх байдалдаа орчихдог.
-”Өнөөдөр” сонин зургадугаар сараас эхлээд хогтой тэмцэх аян өрнүүлсэн.
“Нийслэлийн захирагчийн хаягаар” булан, “Нийслэл надаас эхэлнэ” гэсэн нүүр
гардгийг Та бүхэн мэдэж байгаа. UBS телевизийнхэн
“Хогондоо” шоу хийсэн. Хэвлэл мэдээллийнхэн хогтой тэмцэж байгаа?
А.Амарсайхан: Байнга хэвлэлээр гарч матарлуулаад байхгүй
юмсан гээд бид их л юм хийж байгаа. Үр дүн гарч байгаа. Учир дутагдал ч бий.
Олон хогийн савтай болсноор хогноос салах уу.
Баянгол дүүргийн иргэн Мандухай: Цогтбаатар дарга байгаа юу? III, IV
хорооллын өндөрлөг газрыг ашиглаад газар доор автомашины нэгдсэн гарааш
байгуулна гэсэн яасан бэ?
П.Цогтбаатар: Дүүргийнхээ тодорхой газрыг судлаад газар доогуур гарааш
байгуулъя гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт санал тавихад дэмжсэн.Харин
иргэд дэмжээгүй. Ойлгоогүй. Бид чинь иргэдээ хашраачихсан юм байна лээ. Гарааш
гээд өөр юм байгуулчихна гээд хаширласан. Үүнээс болоод зогсчихоод байгаа.
Гадны хөгжилтэй орнуудад газар доор нэгдсэн гарааштай байдаг. Бид ирээдүйгээ
харвал ийм гарааш байгуулах л хэрэгтэй байгаа юм. Тэр нь гараашаас гадна
зогсоолын талбай болдог.
-Иргэд та бүхэнд голдуу ямар асуудлаар ханддаг вэ?
А.Амарсайхан: Иргэдийн санал гомдлын дийлэнх нь газрын асуудал. Мэдээж
хуулийн хүрээнд зохих хэмжээгээр шийдэж өгнө. Ирсэн санал, гомдолд Газрын алба
тодорхой хариу өгдөг. Гэхдээ заримд нь “Боломжгүй” гэсэн хариу очдог. Тэгэхээр
л манайхан хүнд суртал гаргалаа. Шийдэж өгсөнгүй гэдэг. “Болно, зөвшөөрнө”
гэснийг л асуудлаа шийдүүллээ гэж ойлгоод, бусдыг нь тэгж хүлээж авдаггүй. Ингээд
янз бүрийн шат, шугамаар яваад л байдаг. Үерийн далан, өндөр хүчдэл, нийтийн
эзэмшлийн талбай дээр буучихаад газраа авах гээд дайрна.
Ё.Сүхбаатар /Баянзүрх дүүргийн орлогч дарга/: Иргэд эрхээ мэдээд, үүргээ
сайн ухамсарлахгүй байна уу даа гэж боддог юм.
-Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн М.Нарантуяа: Хүн бүр газар эзэмших эрхтэй
гэсэн атлаа газар олгохгүй гээд байх юм?
П.Цогтбаатар: Манай дүүргийн хувьд газар олгох боломжгүй. Нутаг дэвсгэр
багатай учраас тэр. Ямар нэгэн зориулалтаар газар эзэмших зөвшөөрөл нэгийг ч нэмж
олгохгүй гэдгээ ч зарласан. Иргэдийн хэрэгцээнд эзэмшүүлэх газрын тухайд
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргатай ярьж байгаад 61-ийн гарамны цаахна 30 га газар авсан.
А.Амарсайхан: Энэ хүний асуултыг би орон сууцанд амьдарч байгаа хүн
хэзээ газартай болох вэ гэж байна гэж ойлголоо. Орон
сууцанд амьдардаг иргэдийн хувьд зөвхөн Баянгол дүүрэгт хамаатай хамаатай асуудал биш. Хуулийн дагуу тодорхой судалгаа, графикаар энэ
асуудал шийдэгдэнэ. Иргэдийн сонирхол бол инженерийн шугам сүлжээтэй,
цахилгаан, ус гээд дэд бүтэц зохих хэмжээнд хийгдсэн газар авах. Гэтэл ийм
газар алга байна шүү дээ. Нөөц хязгаарлагдмал. Газрын кадастрын тоо бүртгэлийн ажил хийгдэж байна.
-Иргэн Г.Равдан: Золбин нохой цөөрөхгүй юм. Дүүрэг өөрсдөө нохой устгаж
болохгүй юү?
П.Цогтбаатар: Нийслэлд байгаа золбин нохойг “Нөөц” компани устгадаг.
Хуулиар ингэж зохицуулсан байдаг юм. Нохой устгаж байгаа нь энэ гээд алдаа
гаргавал яана. Иймээс ганц газар төвлөрдөг. Энэ нь ч зөв. Манай дүүрэгт хоёр удаа
устгал хийсэн. Үүний дараа танай сонинд өгсөн ярилцлагадаа би “Манай дүүрэг
нохойгүй болсон” гээд хэлчихсэн. Гэтэл буруудсан. Хэд хоногийн дараа явж байтал
дахиад л бөөн нохой. Ингэхээр ганц нэгээрээ золбин нохойтой тэмцээд нэмэргүй юм
байна аа гэдгийг ойлгосон. Бүх дүүрэг нэгэн зэрэг оролцох хэрэгтэй байх.
Б.Баярмагнай: Цогтбаатар даргатай санал нийлж байна. Чингэлтэй дүүрэгт
одоо ч устгаж байгаа. Даанч хүчрэгдэхгүй байна.
-Хотын дарга манай редакцид зочлохдоо “Нохой жилд хоёр удаа төрдөг болсон”
гэсэн. Үүнээс болоод байна уу?
П.Цогтбаатар: Төрөлттэй тодорхой хэмжээгээр холбоотой. Дан үүнд буруу
өгнө гэвэл бас болохгүй. Голомтыг нь таслах хэрэгтэй. “Нөөц” компанид санал
тавьсан. Бүгдээрээ санаа нийлээд нэгэн зэрэг устгах талаар. Зөвшөөрсөн байгаа.
Ё.Сүхбаатар: Манай дүүрэг золбин нохойг устгахаас гадна гэрийн тэжээвэр
нохдод үзлэг хийсэн. Францын тусламжаар туршилт явуулж, нэг удаагийн вакцин
хийсэн. Энэ вакцин зургаан төрлийн өвчний эсрэг үйлчилгээтэй. Үүний нэг нь үр тогтохгүй
байлгах. Бас эзэдтэй нь ярьж байгаад эр нохойнуудыг зассан.
А.Амарсайхан: Нохой устгах ажил тийм амар юм биш. Ажиллах хүн хүч, унаа
тэрэг гээд хүндрэлтэй. Устгасан нохойг ачих, алаад байх сонирхолтой хүн тэр бүр
олддоггүй. Дан буугаар буудна гэвэл бас л өрөөсгөл.
Ё.Сүхбаатар: Манай дүүрэг францчуудтай яриад ирэх жилээс буудаж устгахаа
болихоор шийдсэн. 2008 оны дөрөвдүгээр сар гэхэд
тэдний туршлагаар нохойноосоо сална.
П.Цогтбаатар: Тэр болтол замбараагүй өснө өө. Бидэнтэй нэгд.
Ё.Сүхбаатар: Энэ туршлагыг эхлээд дүүрэг дээрээ хэрэгжүүлээд, дараа нь
нийслэлийн хэмжээнд нэвтрүүлнэ ээ.
-П.Цогтбаатар даргын ярьснаас нэг зүйлийг тодруулж асуумаар байна. Үйл
ажиллагаа явуулахдаа удаа дараа зөрчил гаргаж, нийтийн эзэмшлийн зам талбайг
бусниулсан, хог хаягдлаа дуртай газраа асгадаг, тавьсан шаардлагыг биелүүлээгүй
хоёр иргэнийг шүүхэд дуудсан гэлээ. Үүнийгээ тодруулаач?
П.Цогтбаатар: Бид маш олон удаа шаардах бичиг хүргүүлээд биелүүлээгүй юм.
Хотын өнгө үзэмжинд, оршин суугчдын цэвэр орчинд амьдрах хүсэлд саад учруулж
байна шүү дээ. Удаа дараа шаардлага хангаагүй, үл хүндэтгэсэн болохоор шүүхэд
хандсан.
Б.Баярмагнай: Манай дүүрэгт ч ийм зүйл тохиолддог. Самбуугийн гудамжинд
явган хүний зам дүүргийн хөрөнгөөр тавихаар боллоо. Тэнд үйл ажиллагаа явуулдаг
бүх албан газраар орж ойрын хугацаанд шугам солих ажил хийхгүй биз гэж асуусан
юм. Бүгд л үгүй. Зөвшөөрч байна гэсэн гарын үсэг зурсан. Гэтэл хэдхэн сарын
дараа нөгөө тавьсан замыг хуулаад хаячихсан. Очоод уулзахаар баахан зөвшөөрөл
урдаас үзүүлчихнэ.
-Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд байгаа. Энэ тал дээр дүүргүүд
ямар ажил хийж байна вэ. Яаж үүнээс салах вэ. Ямар гарц байна?
А.Амарсайхан: Бид дээрээс өгсөн зөвлөмж, зааврын дагуу бүх боломжоо дайчилж
байгаа. Шахмал түлш, бүрэн шаталттай зуух, зардаг байгууллагуудыг дэмжээд, цэгийг
нь олшруулах гээд хийж байгаа зүйл чамгүй. Гэсэн ч хүссэн үр дүнд хүрэхгүй
байгаа.
Засгийн газрын хэмжээнд тодорхой хөрөнгө оруулалт хийж байж шийдэх асуудал. Түүнээс
биш нэг дүүргийн хэсэг айлд бүрэн шаталттай зуух өгснөөр утаанаас салахгүй. Түүхий
нүүрсийг орлуулах бүтээгдэхүүн зах зээлд алга. Тэгэхээр хүссэн хүсээгүй түүхий нүүрсээ
хэрэглээд байна.
П.Цогтбаатар: Утаанаас салах хамгийн боломжтой арга орон сууцжуулах.
Манай дүүргийн хувьд гурван гэр хороололтой. Судалгаа хийгээд зургадугаар бичил
хорооллын арын гэр хорооллыг орон сууцжуулж болох юм гэсэн тооцоо гаргасан. 277
өрхтэй зөвшилцөөд Солонгосын компанитай тохирч, зураг төслийг нь гаргаад бүх юм
“ок” болчихсон чинь дулаан, цэвэр усны гээд эх үүсвэрүүд хүрэлцэхгүй гэсэн. Ингээд
л гацаанд орчихдог. Түүнээс биш гэр хорооллын айлуудыг утаагүй түлш хэрэглэ,
бүгд энэ жилээс эхэл гэвэл бүтэхгүй л дээ.
А.Амарсайхан: Нүүрсний үнэ нэмэгдэх бүр ч аюултай. Түүхий нүүрсээ авч
хэрэглэж чадахгүй байгаа айлууд дугуй, хаймар гээд агаар бохирдуулдаг, хорт хий ялгаруулдаг зүйлийг түлшиндээ ашиглана. Манай
дүүргийн хувьд ямар айл ийм зүйл түлж байгааг судалсан тооцоо бий. Гэтэл энэ
тоо өсвөл яах вэ.
Б.Баярмагнай: Манай дүүргийн нам даралтын зуух
хэрэглэдэг бүх газар утаагүй түлш хэрэглэх, эсвэл цахилгааны эх үүсвэр
ашиглахаар болсон.
Шахмал түлшийг 2005 оноос хойш хэрэглэж эхлээд байгаа. Хэрэглэж сургахын тулд үнэгүй
хүртэл өгдөг. Чингэлтэй дүүрэг гэр хорооллын 13 хороотой. Тэгэхээр бүгдийг нь
утаагүй зуух, шахмал түлшээр хангана гэвэл бас л амьдралаас хол амлалт болно. Ядуу
айл олон. Тэдэнд Засгийн газраас өвөл түлшиндээ зарцуул гэж сард 50 мянган
төгрөг бэлнээр нь өгөх шийдвэртэй. Ингэхээр айлууд түлшиндээ хэрэглэхгүй. Зарим
нь архи ууна. Хоол хүнсээ авна. Харин түлш нь өнөөх л хог, дугуй, хорт хий
ялгаруулдаг зүйл хэвээрээ л байдаг.
А.Амарсайхан: Халамжийн хуульд тэгээд заачихсан болохоор өгөхөөс аргагүй.
Ё.Сүхбаатар: Манай дүүрэгт ч ялгаагүй. Нам даралтын зуух хэрэглэдэг бүх
байгууллага цахилгааны эх үүсвэртэй болсон. Хэд хэдэн хороонд утаагүй түлшний
зуух тараасан. Чадах чинээгээрээ боломжийн хэрээр тэмцэж л байна. Гэхдээ ингээд
утаанаас сална гэдэг юу л бол.
Б.Баярмагнай: Захирагчийн ажлын албанаас Г.Мөнхбаяр даргаар ахлуулсан ажлын
хэсэг маш том судалгаа хийсэн. Үүндээ 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт
хийвэл Улаанбаатар агаарын бохирдолгүй болох тооцоог гаргасан.
П.Цогтбаатар: Гэтэл энэ жил ердөө гурван тэрбум төгрөг зарахаар
төсөвлөсөн байгаа.
Б.Баярмагнай: Гарах гарц нь барилгажуулах. Орон сууцтай болбол соёлжиж эхэлнэ, хоггүй,
утаагүй болно. Чингэлтэй дүүрэг 80 мянган иргэнтэй байсан бол одоо 170 гаруй
мянган хүн амтай болсон. Хөдөөнөөс олноороо шилжиж ирж байна. Хөдөө дураараа
амьдарч, хаа дуртай газраа бие засчихдаг, хогоо асгадаг зангаасаа салаагүй. Яг
тэр байдлаараа ханддаг. Хотын соёлд дасахгүй байна. Соёл талаас нь бодлого
хэрэгтэй байна.
А.Амарсайхан: Хогны мөнгө төлнө, саванд хийнэ гэдэг тэдний хувьд санаанд нь
багтахгүй байх шиг. Яахаараа хог асгасны төлөө мөнгө төлөх ёстой юм гэх нь холгүй.
Инженерийн шугам сүлжээг өргөтгөх, дулаан, цахилгааны шинэ эх үүсвэрээр хангах,
орон сууцжуулахгүй л бол утааны асуудлыг шийдэхэд маш хүнд.
-Баянзүрх дүүргийн хувьд ямар байна вэ?
Ё.Сүхбаатар: Манай дүүрэг Японы Миеэ мужтай холбоотой ажиллаж байгаа. Тэнд
50 жилийн өмнө яг одоо Улаанбаатар шиг утаатай байсан юм билээ. Тэд олон аргаар
тэмцсэн. Нүүрсний яндангаа 400 метр хүртэл өндөр болгож хүртэл үзсэн. Утаагүй
түлш гээд бүгдийг нь туршиж. Аль нь ч дорвитой үр дүнд хүрээгүй. Тэрүүхэн үедээ
гал унтраах төдий л байж. Ингээд хамгийн гол арга бол орон сууцжуулах гэдэг
дээр санал нэгдсэн. Мөн аж ахуйн нэгж, иргэдтэйгээ нягт хамтран ажиллаж байж
салсан байна лээ.
П.Цогтбаатар: Тэдний гол онцлог нь дүүрэг, муж нь бие даасан статустай. Манайх
болохоор эсрэгээрээ. Бүх эрх мэдэл нийслэл дээр төвлөрчихсөн.
А.Амарсайхан: 50 сая төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт нийслэлд төвлөрнө.
Б.Баярмагнай: Үүнийг дүүрэг дээр төвлөрүүлчихвэл ажил гялалзаад өгнө дөө. Яагаад
гэвэл оролцоо нь, үүрэг хариуцлага нь нэмэгдэхээр аяндаа өөрчлөгддөгийг бид
амьдрал дээр үзэж байна.
П.Цогтбаатар: Дүүрэг гэдэг өөрийн хилтэй. Бие даасан газар шүү дээ.
Ё.Сүхбаатар: Японы Үндэсний хууль гэж бий. Энэ хуульд нэг дүүрэгт утааны
хор 100 мг байж болно гэж үздэг байж болно. Энд үйл ажиллагаа явуулдаг компани
өөр дүүрэгт үйлдвэрээ байгуулаад тэнд ажиллаж эхлэхдээ тэр мужийн дүрэм, журмыг
дагана. Тэнд утааны хорны хэмжээ 5 мг-аас илүү гарч болохгүй гэж заасан бол
тэрийг л дагах учиртай. Өөрөөр хэлбэл хэн ч байсан орон нутгийн, дүүргийн
дүрмийг тэр Үндэсний хуулийг дагах хэрэгтэй.
Дүүргийн дарга нараас асууж тодруулах зүйл уншигчдад маань олон бололтой. Утасны
хонх тасралтгүй хангинав. Ярилцлагын цаг хязгаартай тул хариу авч амжаагүй
асуултуудыг бид Засаг дарга нарт хаяглан илгээхээр тохирлоо.
Тэмдэглэсэн Х.Болормаа, Б.Ариунаа