Хөгжлийн бэрхшээлтэй иргэд /ХБИ/-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нөлөөллийн семинар” есдүгээр сарын 28-нд боллоо. ЖАЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, ЖАЙКА-гийн сургалт төгсөгчдийн холбоо, ЖАЙКА-гийн “Монгол Улс дахь ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх /DPUB2/ төсөл”, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл, “Тэгш байдал чадамж” ТББ-ын хамтарсан энэхүү сургалтаар Чингэлтэй дүүргийн сургууль, цэцэрлэг болон төрийн бусад байгууллага, хувийн хэвшлийнхний төлөөлөл болсон 90 орчим хүн хамрагдлаа.
“Тэгш байдал чадамж” ТББ-ын тэргүүн Х.Батчимэг ЖАЙКА-гийн хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Нагоя хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжих чиглэлээр гурван долоо хоногийн сургалтад хамрагдаад иржээ. Япон улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх асуудлын бүрэн шийдсэн орны нэг бөгөөд одоо хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэрхэн хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, бусдаас хараат биш амьдрах орчныг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэгт анхаарал хандуулж эхэлжээ.
“Монгол Улс дахь ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх /DPUB2/ төсөл”-ийн хүрээнд бэлтгэгдсэн ААН-үүдэд нөлөөлөх нөлөөллийн багийн гишүүн Х.Батчимэг, Х.Мөнхтуул нар Нагоя хотод суусан сургалтаас мэдсэн сурснаа албан байгууллагуудад танилцуулах, хөгжлийн бэрхшээлийн талаар олон нийтийн дунд тогтсон зөрүүтэй ойлголтыг залруулах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулсан юм.
Х.Батчимэг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг орчуулагч мэргэжлээр, дараа нь СЭЗИС-ийг төгссөн. Эрүүл саруул гүйж явсан бүсгүйд хэлж ирдэггүй гай зовлон тохиож 2000 онд авто машины осолд орж тэргэнцэрт суужээ. Ослоос улбаатай өвчин зовлон, үлдсэн амьдралаа тэргэнцэр дээр өнгөрүүлэхээс аргагүй болсноо хүлээн зөвшөөрөх хүртэл он жилүүд залуу бүсгүйн хувьд амар биш.
Монголын нийгэм тэргэнцэртэй, бидний хэлж заншсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие даан амьдрах, хүссэн газартаа ганцаараа яваад хүрэх боломжтой бил үү? Хэрэв тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй иргэд хэн нэгний тусламжгүйгээр зорьсон газартаа очиж, хөдөлмөр эрхлэх боломжтой бол үүнийг хөгжлийн бэрхшээл гэж үздэггүй аж. Х.Батчимэг багш Нагоя хотод сургалтад суухын зэрэгцээ ганцаараа метрогоор зорчин дэлгүүр орж, үзэж харах гэсэн зүйлсээ гүйцэлдүүлж чадаж байжээ.
Тэгэхээр хөгжлийн бэрхшээлийг үүсгэдэг зүйл нь хүмүүсийн буруу ойлголт төдийгүй, дэд бүтцийн хүртээмжгүй байдал аж. Хамгийн хүнд төрлийн хөгжлийн бэрхшээл бол сэтгэл санааны хувьд өөрийгөө удирдах боломжгүй оюун санааны бэрхшээлийг хэлдэг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж, амьдрах таатай орчин бүрдүүлэхэд төрийн бодлого, төрийн байгууллагуудын манлайлал чухал болох нь Япон орны туршлагаас харагджээ. Тиймээс энэ удаагийн сургалтдаа төрийн байгууллагуудыг төлөөллийг түлхүү оруулснаа тэрбээр онцолсон юм.
“БИ УГ НЬ ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН, ГЭВЧ НАМАЙГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙГ ХАРААД АЖИЛД АВСАНГҮЙ”
Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 115115 хүн бүртгэлтэй байгаагаас 8208 буюу 7-8 хувь нь албан ёсоор хөдөлмөр эрхэлдэг. 9588 хүн хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 4621 нь гэрийн ажилдаа туслах зэргээр хөдөлмөрлөж гэртээ байдаг гэж 2020 оны ХБИ-ийн ахуй амьдралын судалгаанд хариулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 144.2-т: Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулна гэж заасан.
Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 115115 хүн бүртгэлтэй байгаагаас 8208 буюу 7-8 хувь нь албан ёсоор хөдөлмөр эрхэлдэг.
Хэрэв ажиллуулаагүй бол ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд нөхөн төлбөр төлөх хуулийн зохицуулалттай. Энэ санд цугларсан төсвийг ХБИ-ийг тогтвортой ажиллуулж буй байгууллагуудыг урамшуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ХБИ-ийг сургах, дадлагажуулах, ажлын байранд зуучлахад зарцуулдаг байна.
2023 оны II улирлын байдлаар улсын хэмжээнд 89425 ААН бүртгэлтэй байгаагаас 5902 нь 25-аас дээш тооны ажилтантай. Үүнээс 259 ААН л тус санд нөхөн төлбөр төлдөг буюу хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байгааг энэ үеэр дурдаж байв.
Харин Япон улсад төрийн байгууллагууд нь нийт ажилтныхаа 2.6 хувьд нь ХБИ ажиллуулах квоттой. Хувийн компаниуд 2.3 хувийн квоттой. Тэгш боломжоор хангахын тулд төр нь илүү үүрэг хариуцлага хүлээдэг байна.
Монголд ААН-үүд яагаад ХБИ-ийг ажилд авдаггүй вэ? гэхээр тэдний хийж чадах ажил манай компанид байхгүй гэж үздэг. Зарим нь ХБИ ажилд авахад тохирох хэрэглэгдэхүүнээр хангана, түүнд нь төсөв мөнгө шаардлагатай, налуу зам тавих ёстой гэх мэтээр хүндрүүлж боддог байна. “Би уг нь шалгалтад тэнцсэн, гэвч намайг хөгжлийн бэрхшээлтэйг хараад ажилд авсангүй” хэлэх хүн олон байдаг гэнэ.
-Албан байгууллагууд ХБИ хийж чадах ажил манайд байхгүй гэж үздэг шалтгаан юу вэ?
Х.Батчимэг, Хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголтгүй учир тохирох ажлыг нь өгч чадахгүй байх магадлалтай. Үүнийг хэрхэн шийдэх вэ гэвэл нэг салбарт ажиллаж буй ХБИ-тэй уулзалт яриа хийх, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтоо сайжруулах хэрэгтэй. Заавал тохирох хэрэгслээр хангасны дараа хүн ажилд авах ёстой гэж боддог тал бий. Үүнийг шийдэх арга зам юу вэ? гэхээр яг одоо танай байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэн хийж болох ажлын байр юу байгааг тодорхойлох хэрэгтэй.
Богино цагаар ажиллахыг дэмжих, зайнаас ажиллахыг дэмжих зэргээр ажлын байрны олон янзын хэлбэрийг бий болгох замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж болно. Компаниуд нялх хүүхэдтэй ээжийг гэрээсээ ажиллах боломжоор хангах, ажлын тодорхой цагт зайнаас ажиллах гэх мэтээр зохицуулдаг. Үүн шиг зохицуулалтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд хийж болно.
ЧИБА ХИСАО: МОНГОЛД ХАРААНЫ БОЛОН ОЮУНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ БОЛОМЖ ХОМС БАЙНА
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төслийн /DBUB2/ ахлах зөвлөх Чиба Хисао, Би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр олон улсад 20-иод жил ажилласан. Анх Бангкок хот дахь ESCAP гэж НҮБ-ын байгууллагад Хөгжлийн бэрхшээл ба хөгжлийн хэлтэст ажиллаж байсан. НҮБ-д дадлагажигчаар ажиллахдаа хөгжлийн бэрхшээл ба нийгмийн загвар гэх ойлголтыг мэдэж авсан.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад нийгмийн загвар нь маш чухал бөгөөд энэ талаар үргэлжлүүлэн ажиллах ёстой юм байна гэдэг ажлын зорилго, чиглэлээ олж авсан. Дараа нь Тайландад ЖАЙКА-гийн техникийн хамтын ажиллагааны төсөлд ажилласан. Үргэлжлүүлэн 2016-2020 онд Монгол Улсад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөлд, 2021 оноос Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл болж хоёрдугаар шат нь хэрэгжихэд ахлах зөвлөхөөр ажиллаж байна.
-Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ. Үүнийг хэрхэн ойлгох нь зөв бэ?
-Хөгжлийн бэрхшээл гэдгийг хүмүүс хоёр янзаар ойлгодог. Нэг нь тухайн хувь хүн хөгжлийн бэрхшээлтэйн улмаас нийгмийн харилцаанд оролцож чадахгүйд хүрдэг. Энэ асуудал нь тухайн хувь хүндээ байгаа мэт ойлголт бий. Гэтэл дэлхий нийтийн чиг хандлага бол хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хүлээж авах нөхцөлгүй нийгэм. Нийгэм нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй байна. Нийгэмд ч асуудал байна гэдэг талаас нь харах болсон.
Нийгэмд ямар саад бэрхшээл байгааг хэдэн төрөлд хувааж үзэж болно. Нэгдүгээрт, дэд бүтцийн саад бэрхшээл. Жишээлбэл, налуу замгүй гэх мэт. Хоёрдугаарт, мэдээллийн саад бэрхшээл буюу дохионы хэлтэй холбоотой мэдээллийн хүртээмжгүй байдал. Гуравдугаарт, Нийгмийн ойлголт хандлагын саад бэрхшээл. Хүмүүс хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт муутай байгааг багасгах, зөв тийш нь чиглүүлэх замаар нийгэмд байгаа хөгжлийн бэрхшээлийг арилгах боломжтой.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгарч байгаа гол асуудал, алдаа нь юу байна вэ?
-Ажил олгогчдын ойлголт, хандлага хамгийн чухал. Ажил олгогчид ихэнх тохиолдолд ажил хийж чадахгүй, юм мэдэхгүй, ойлгохгүй гэх мэт чадваргүй, сул дорой байдлаар хүлээн авдаг. Энэ хандлага нь тухайн хүн хөдөлмөр эрхлэхэд маш том саад болсоор ирсэн.
Гэтэл дэлхийн чиг хандлага, ялангуяа хөгжингүй орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрөл бүрийн чадвартай, эсрэгээрээ энгийн хүнээс ч илүү чадвар эзэмшсэн байдгийг ойлгосон. Тэдний давуу чанаруудыг олж харж, хөдөлмөрийн зах зээлд ашиглаж байна. Тэгэхээр бид өнөөдрийн сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжтой жишээнүүдийг таниулж, мэдээлэл өгнө. Ажил олгогчид энэ жишээнд тулгуурлан өөрийн үйл ажиллагаанд хэрэгжүүлээсэй гэж хүсэж байгаа юм.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан сайн жишээнүүдээс сонирхуулбал?
-Олон сайн жишээ бий. Монголд харааны бэрхшээлтэй хүнийг массаж хийдэг гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл одоо харааны бэрхшээлтэй иргэд хүний нөөц, мэдээллийн технологи, математикийн салбарт ажиллах болсон. Тэдний компьютерийг энгийн хүмүүсээс илүү чадамгай эзэмшсэн нь программист, программ хөгжүүлэгчийн ажлуудыг Япон болон бусад хөгжсөн орнуудад түлхүү хийдэг. Харааны бэрхшээлтэй хүмүүст тохирсон компьютер, дэлгэц уншигч тоног төхөөрөмжийн тусламжтайгаар энэ төрлийн ажлыг маш сайн хийдэг.
Японд харааны бэрхшээлтэй иргэд хүний нөөц, мэдээллийн технологи, математикийн салбарт ажиллах болсон.
-Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ямар ажил хөдөлмөр эрхэлж болохоор байна вэ?
-Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт хангалтгүй байгаа боловч сонсголын бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэх нь түлхүү байна. Харааны болон оюуны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломж хомс байна.
Бие эрхтэний, оюуны, харааны, сэтгэцийн гэх мэт бүх хэлбэрийн бэрхшээлтэй хүн онцлогтоо тохирсон хөдөлмөр эрхлэх боломжтой. Гэхдээ мэдээж хөдөлмөрийн насны хүн л хөдөлмөр эрхэлнэ. Үүнийг ялангуяа ажил олгогчид төдийгүй нийгэм тэр чигтээ ойлгох нь чухал юм. Нийгмийн ойлголт сайжирснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байгаа ажлын байр бол бүх хүн тогтвортой ажиллах таатай ажлын байр байдаг.
Жишээлбэл, хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд дэд бүтцийн асуудлыг шийдэх. Сонсголын болон харааны бэрхшээлтэй хүнд мэдээллийн хүртээмжийг хангах. Оюуны болон сэтгэцийн бэрхшээлтэй иргэдэд харилцаа үүсгэх, хамт олны дэмжлэгийг бий болгох гэх мэт зохицуулалт хийвэл тогтвортой ажиллах бүрэн боломжтой юм.
ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Ц.Гантулга, ЖАЙКА-гийн сургалт төгсөгчдийн холбоог 2000 онд сургалт төгсөж ирсэн хүмүүсийн санаачилгаар байгуулсан. Япон улсад урт, богино хугацааны сургалтад жилд 400 орчим хүн хамрагддаг. Хүн бүр Японд суралцах боломжгүй учир төгсөгчид сургалтаар олж мэдсэн зүйлсээ олон нийтэд түгээн дэлгэрүүлье, нийгэмд тустай сайн үйлсийн ажил хийе гэсэн санаачилгыг ЖАЙКА-гаас санхүүгийн болон бусад талаар дэмжлэг үзүүлдэг гэв.
ЖАЙКА-гийн сургалт төгсөгчдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батжаргал, ЖАЙКА-гийн сургалт төгсөгчдийн холбоо 2000 гаруй гишүүнтэй. Манай холбоо ЖАЙКА-гийн шугамаар Японд улсад урт, богино хугацааны сургалтад хамрагдаад ирсэн хүмүүс манай холбооны гишүүнээр элсдэг. Төгсөгчид маань мэдсэн сурснаа тухай салбартаа түгээн дэлгэрүүлэх, нийгэмд тустай үйл ажиллагаа явуулах зорилгоор энэ холбоог байгуулсан.
Бид ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтарч ажилладаг. Япон улсад сургалтад хамрагдаад ирсэн гишүүд маань олж авсан мэдлэг мэдээлэл, туршлагаа үйл ажиллагаанд нэвтрүүлэхээс гадна бусдадаа мэдээлэл хүргэж, хамтран ажилладаг. Энэ удаагийн сургалт төрийн байгууллагын төлөөллүүдийг олноор хамруулж, маш үр дүнтэй болж байна
Сургалтад хамрагдсан хүмүүс Япон улсын сайн туршлагаас үйл ажиллагаандаа тусган ажиллана гэж найдаж байна. 2023 онд Японд сургалтад хамрагдсан зургаан хүний сургалт зохион байгуулахаар төлөвлөснөөс эхнийх нь энэ болж байна.
Манай холбооны гишүүд үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, хоорондоо танилцах, хүрээлэн буй орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” аяныг дэмжиж жил бүр мод тарьдаг. Өнгөрсөн зургаадугаар сард Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудалд мод тарьсан гэв.
Н.БАТСҮМБЭРЭЛ: ДҮҮРГИЙНХЭЭ 1-2 СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ БРАЙЛЬ ҮСГЭЭР СУРГАЛТ ЯВУУЛНА
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Монгол Улс сүүлийн жилүүдэд тусгай хэрэгцээт хүмүүсийнхээ хэрэгцээг хангах, ердийн хүмүүсийн адил ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд анхаарал хандуулж байна. Энэ асуудалд Чингэлтэй дүүргээс анхаарал тавьж ажиллана. Өмнө нь энэ чиглэлд төдийлэн анхаарч чадаагүйгээ бид хүлээн зөвшөөрөх ёстой.
Чингэлтэй дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 4400 гаруй иргэн байгаагийн 1000 гаруй нь хүүхэд. Үүнээс 500 орчим нь оюун санааны хөгжлийн бэрхшээлтэй. Оюун санааны бэрхшээл л хамгийн хүнд гэдэг. Тулгуур эрхтэний болон бусад бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудлыг шийдэх боломжтой гэж үздэг байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх боломжоор хангах ажлыг боловсролын байгууллагаас эхлэх нь зөв юм. Тиймээс дүүргийн сургуулийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нар анхаарах ёстой. Сурах үйл хэрэгт хүүхдүүд хоорондоо ялгамжтай байж болохгүй. Дүүргийн ЗДТГ-аас ирэх онд энэ асуудалд багагүй санхүүжилт төсөвлөнө. Тодорхой сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ердийн хэмжээнд сургах боломжийг бүрдүүлнэ. Нэгээс хоёр сургууль, цэцэрлэгийг брайль үсэгт шилжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг суралцах боломжоор хангана гэлээ.
Сургагч багш Х.Батчимэг, Х.Мөнхтуул нар хөгжлийн бэрхшээл гэж юу болох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд албан байгууллагууд ямар арга хэмжээ авч, манлайлал үзүүлж, гэртээ суугаа олон зуун иргэдийг нийгмийн идэвхтэй амьдралд оруулах боломжтой талаар мэдлэг, мэдээлэл олголоо.
Энэхүү мэдээллийн дараа сургалтад оролцогчдоос хөгжлийн бэрхшээл гэж юуг хэлдэг талаар ойлголтыг нь сонсоход:
- Бие, эрхтэний саад бэрхшээлээс үл шалтгаалан жирийн хүнтэй адил тэгш эрхтэйгээр нийгмийн амьдралд оролцож чадахгүй байгааг хөгжлийн бэрхшээл гэж үзэж байна.
- Оюун ухаан, бие эрхтэн, сэтгэц, нийгэмшихүйн чадварт тулгарч буй бэрхшээл нь гадны ямар нэг нөлөөллөөс шалтгаалан жирийн хүмүүсийн адил нийгмийн харилцаанд оролцож чадахгүй байхыг л хөгжлийн бэрхшээл гэдэг юм байна.
- Хөгжлийн бэрхшээл гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг үл ойлгох, ялгаварлах байдлыг л хэлнэ. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэгш боломж олгох ёстойг ойлгосон.
- Ижил тэгш боломж олгохгүй байгаа нийгмийг, тэр хүмүүсийг нийгмийн харилцаанд ороход саадтай орчны нөлөөллөөс л бэрхшээл үүсдэг. Нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцож чадахгүй байгааг хөгжлийн бэрхшээд хэмээн тодорхойллоо.
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцэд “Бие эрхтэний бэрхшээлтэй хүнд хандах хандлага, хүрээлэн буй орчны саад бэрхшээлээс шалтгаалан бие эрхтэний бэрхшээлтэй хүн нь бусад хүнтэй тэгш эрхтэйгээр нийгэмд бүрэн дүүрэн, үр ашигтай оролцож чадахгүй байхыг хөгжлийн бэрхшээл гэнэ хэмээн тодорхойлжээ.