"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Спорт цогцолбор, "Хангарьд" спорт клубын орлогч захирал, Монголын үндэсний сурын "Есүнхэй-335" холбооны тэргүүн В.Сумъяасүхтэй ярилцлаа.
-"Есүнхэй-335" холбоо байгуулж үндэсний сурын цуваа харвааны шинэ хэлбэрийг санаачилсан нь сонин байна. Хэд хэдэн тэмцээн ч зохион байгуулсан. "Есүнхэй" нэрийн учир, энэ харвааг буй болгох шалтгаан юу вэ?
-Чингис хаан 1225 онд Сартуул улсыг дайлаар мордож ялаад цэрэг, морьдоо амрааж их наадам хийсэн байдаг. Энэ үеэр Есүнхэй мэргэн 335 алд газар харвасан юм гэдэг. Чингис хаан Есүнхэйн энэ амжилтад бахархаж 1226 онд Өргөн мөрний хөндийд гэрэлт хөшөө босгосон. Өөрөөр хэлбэл, нум сум харваачдад зориулж босгосон дэлхийн анхны хөшөө юм. Энэ хөшөө ОХУ-ын Санктпетербургийн музейд байгаа. Энэ харвааг сонгох болсон шалтгаан нь үндэсний сурын харвааны өнөөгийн хөгжлийн түвшинтэй холбоотой. Ер нь үндэсний сурын харваа хэнд ч ойлгомжгүй, зогсонги, эрийн гурван наадмын нэг гэдэг утгаараа ёс төдий. Монголчууд Их Монгол улсаа төвхнүүлэхдээ ч, дэлхийн талыг эзлэхдээ ч энэ л " тахир мод"-ныхоо хүчээр хийсэн. Гэтэл энэ гайхамшигтай зэвсгийн тухай, энэ тэмцээний тухай бүх түвшинд бага ойлголттой бараг мартагдах шатандаа орсон үе бий. Учир нь бидний мөрдөж ирсэн тэмцээний хэлбэр нь өөрөө хоцрогдсон учир ойлгомжгүй бас сонирхолгүй болсон. Тэгээд л шинэ хэлбэрийг эрэлхийлсэн юм.
-Өнөөг хүртэл мөрдөж ирсэн хана, хасаа харвааны төрлийг хоцрогдсон гэж үзэж байгаа юм уу?
-Хана,хасаа харвааны төрлийг нь биш тэмцээн явуулдаг хэлбэр нь хоцрогдсон байна.
-Тухайлбал?
-Өнөөдөр үндэсний сурын ямар ч тэмцээн хананд 20, хасаанд 20, нийт 40 сум харваж дүнг гаргадаг. Өглөө эхэлсэн тэмцээн орой нар шингэхийн алдад дуусна, дуусахгүй бол маргааш нь үргэлжилнэ. Тэмцээний явцад ямар нэг өрсөлдөөн, сонирхолтой зүйл байхгүй, ээлж ээлжээр босоод нэгэн хэвээр харвадаг. Зорилго нь харваач бүр 40 сумнаасаа аль болох олон онохыг хичээнэ, хамгийн олон оносон харваач эхний байр эзэлнэ. Ингээд л боллоо. Тэмцээний явцад ямар нэг тайлбар, өрсөлдөөн, тэмцэлдээн, үзэгчдийн сонирхох, шимтэх, таашаал авах зүйл байхгүй. Нөгөө талаас хэт удаан хугацаанд олон зурхай дээр зэрэг харвадаг учир самбарын шүүгчдийг "найрж" оноо нэмүүлэх магадлал өндөр, бие биедээ хяналт тавих нөхцөл хязгаарлагдмал, үзэгчдэд нээлттэй биш, ойлгомжгүй, сонирхолгүй учир хүмүүс, залуу үе сурын харваагаар шимтэж хичээллэдэггүй, зөвхөн удам дамжсан харваачдын хүрээнд хязгаарлагддаг.
-Тэгвэл таны санаачилсан шинэ харвааны онцлог юу вэ?
-"Есүнхэй-335" харвааны онцлог нь үзэгчдэд ойлгомжтой, нээлттэй, тэмцээн богино хугацаанд өрсөлдөөнтэй, маргаан, хуйвалдаангүй явдагддагт байгаа юм. Тодруулж хэлбэл, үндэсний бөхийн барилдааны хэлбэрээр эхний үе оноолтоор, дараагийн үеүдэд улсын мэргэн цолтонгууд, мастерууд эрэмбээрээ ам авах байдлаар зохион байгуулагдана.
-Заавал үндэсний бөхийн барилдааны хэлбэрээр бөхчилж, ам авч, өрсөлддөгийн учир?
-Эрийн гурван наадам бөх, морь, сур гурвын үүсэл хөгжил олон зуун жилийн түүхтэй. Монгол хүний сэтгэл зүйд хамгийн их тохирсон, илүү ойлгомжтой, сонирхол татдаг, шимтэн хардаг таашаал авдаг, хүсэмжилдэг, эр бяраа гайхуулж ил тод өрсөлддөг. Тэгээд ч эрийн гурван наадмын бөх, сурыг ижил түвшинд аваачих нь хамгийн дөт зам. Бид бөхийн даваа бүхнийг сонирхдог биз дээ.
-Хана, хасаа харваанд гардаг шударга бус зүйл гарахгүй гэх баталгаа байна уу?
-Байлгүй яахав. Тухайн харваачаа оноолтоор таарсан, эсвэл амлаж авсан харваачаа дагуулж гарч ирээд зэрэгцэж зогсож байгаад олны нүдэн дээр хоёр шатлалтайгаар 10 сум харваж хэн олон оносон нь дараагийн үед шалгарч, ялагдсан нь тэмцээнээс хасагдана. Оноо тэнцвэл газар дээрээ товх харваж асуудлаа шийднэ. Бай нь гэвэл 30 ширхэг хасаа сурыг 10 домбо, зургаан хүзүүгээр орж харвана. Энэ байг оносон бол оноогоо авна, алдсан бол тэглэнэ. Зурхайн өвөр шугамыг багасгаж ганга хэлбэрээр хийж ханыг нь ременээр доторлосон. Энэ тохиолдолд дутуу орсон сум шууд буцаад шидэгддэг учир маргаан гардаггүй. Үзэгчдийн нүдэн дээр бие биедээ хяналт тавиад харваж байгаа учир шүүгчийн зүгээс "но" орно гэж байхгүй.
-Мэргэн харваачийн цолны талаарх таны бодол?
-Үндэсний их баяр наадмын тухай МУ-ын хууль, Ерөнхийлөгчийн зарлигаар мэргэн, хошой, гоц, гарамгай, даяар дуурсах, дархан мэргэн гэсэн зургаан шатлалтай цол олгодог. Харамсалтай нь 1921 оноос хойш төрийн наадамд тав түрүүлсэн эрэгтэй эрэгтэй харваач гараагүй. Харин дөрөв түрүүлсэн харваач дөрөв байдаг юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс өнөөдөр дархан мэргэн цолтой эрэгтэй харваачгүй гэсэн үг. Гэхдээ Ч.Мөнхцэцэг төрийн наадамд зургаа түрүүлж дархан мэргэн цол хүртэж, үндэсний сурын ууган гавьяат мастер болсон.
-Ингэхэд Ш.Даваахүү мэргэний тухай?
-Ш.Даваахүү төрийн наадамд дөрөв, Монголын нууц товчооны 750 жилд түрүүлж даяар дуурсах мэргэн цол, Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор гавьяат , тамирчин болсон. Өнөөдөр үндэсний сурын босоог манлайлж байна. Эндээс харахад үндэсний сур гэдэг хатуухан "боорцог" болох нь танд харагдаж байгаа. Гэтэл хуульд зургаа түрүүлж дархан мэргэн цол авна гээд заасан байдаг юм.
-Таны бодлоор бол?
-"Есүнхэй-335" харвааг төрийн наадмын харваа болгож түрүүлсэн, үзүүрлэсэн, их шөвөгт үлдсэн харваачдад тус тусад нь цол олгодог болох нь зүйтэй гэж үздэг. Би МҮСХ-ны дэд тэргүүнээр ажиллаж их чуулганыг хоёр ч удаа чуулуулж олон асуудал шийдүүлсэн. Үүний үр дүнд сурын харваанд багагүй дэвшил гарч байна. Баяр наадмын тухай Монгол Улсын хуульд өөрчлөлт орох л үлдсэн.
-Миний бодлоор цолтой харваачдын нэр хүнд нэлээд дээшлэх юм байна даа?
-Тэгэлгүй яахав. Одоо чинь улсын мэргэн цолтой хүн зөвхөн босоо ахалж босно, өөр ямар нэг давуу эрх байхгүй. Тэгвэл "Есүнхэй-335" харваанд бол улсын мэргэн цолтой харваач алдар цолоо дуудуулна, ам авна, цолгүй харваачдын дунд жаяг сахиулна гээд сүр хүчийг үзүүлдэг. Мөн сондгойрсон үед гоц мөргөнө, хамгийн гол нь үзэгч олонд танил болж нэр хүнд нь өснө.
-Олны дунд танил болно гэснээс үндэсний сурын харваа тайлбаргүй явагдах юм?
-Тийм. Энэ чинь өнөөгийн сурын харвааны нэг дутагдал. Манай шинэ харваа нь мэргэшсэн тайлбарлагч, цоллооч, тусгай шүүгчидтэй болсон. Тийм учраас хүмүүст ойлгомжтой, сэтгэл хөдөлгөсөн, хүсэн хүлээсэн тэмцэлдээн болдгоороо онцлогтой.
-"Есүнхэй-335" харваанд эмэгтэй харваачдыг харвуулахгүй дүрэмтэй гэсэн. Хүүхнүүд маань яаж хүлээж авч байна?
-Одоогоор ямар нэг эсэргүүцсэн, шүүмжилсэн юм гараагүй байна. Ер нь хүүхнүүдийг нум сум харвуулахгүй гэсэн үг биш. Хана, хасаа харвааныхаа төрөлд харвадгаараа харвана. Цол, зэргээ биелүүлсэн бол улсын комиссын шийдвэрээр авна. Буриад, урианхай, халх, хүүхдийн гээд харваанууд явагддаг. Энэ бүхэнд эрчүүдийн адил эмэгтэйчүүд ч харвадгаараа харвана. Харин төрийн наадмын албан ёсны зөвшөөрөгдсөн харваанд эмэгтэйчүүдийг харвуулахгүй. Үүнийг манай ухаалаг бүсгүйчүүд зөвөөр ойлгоно гэдэгт итгэж байна. Тухайлбал, самбо, жүдо, чөлөөт бөх барилддаг олон хүүхнүүд байна. Тэд хүний эрх, жендерийн тэгш бус байдал гээд зодог шуудаг өмсөөд улсын наадамд барилдана гээд дэвж шаваад байдаггүй биз дээ. Үүнтэй л агаар нэг юм. Ер нь Монгол Улсын түүхэнд 1960-аад оноос өмнө бүсгүйчүүд харваж цол авч байсан баримт байдаггүй юм. Тэгээд ч 10 м дутуу газраас зөөлөн нум, хөнгөн сумаар харвачхаад эрчүүдтэй адил цол авна гэдэг шударга бус.
-Таны энэ санаачилсан харвааг Монголын үндэсний сурын холбоо хэр дэмжиж байна вэ?
-Холбоо биш харваачид дэмждэг. Ер нь сурын харвааг хөгжүүлэх, шинэчлэх асуудал бол бидний нийтлэг зорилго. Гэтэл МҮСХ санаачилга муутай ажиллаж байна гэсэн шүүмжлэл байдаг, олны үг ортой болов уу.
-Төр, засгийн удирдлага эрийн гурван наадмын нэг төрөл сурын харвааг хөгжүүлэхэд хэр санаа тавьдаг вэ?
-Санаа тавьдаг. 2002 онд МУ-ын Ерөнхийлөгч Н.Багабанди "Сурын харвааг хөгжүүлэх тухай" зарлиг гаргасан. Харин энэ зарлигийг хэрэгжүүлдэг гүйцэтгэх засаглалын байгууллагуудын эрх мэдэлтэй хүмүүсийн санаачилга дутаж байж магадгүй. Ер нь тэд биш бид санаачилгатай ажиллах ёстой юм.
-Улсын их баяр наадмын үеэр манай төрийн өндөрлөгүүд нум сум харваж байгаа харагддаг даа?
-Тийм. Төрт ёсоо хүндэтгэх, ард түмний цэнгэл наадмыг хөхүүлэн дэмжих, тухайн жилийнхээ хийморь лундааг үзэх гэж сур харвадаг уламжлалттай. Манай түрүү үеийн удирдлагууд Д. Сүхбаатар, X. Чойбалсан, н.Бумцэнд, Ю.Цэдэнбал нар сайн харваачид байсан. Харин сүүлийн үеийн дарга нараас нэлээд дөртэй нь УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж. Энэ жилийн баяр наадмаар сум тавьж байгаад оносонд монголчууд бэлэгшээж байсан.
-"Есүнхэй-335"-аас өөр харвааны төрөл санаачлах бодол байна уу?
-Шинэчлэлд төгсгөл гэж байхгүй. Гэхдээ шинэчилж байна гээд бусниулж болохгүй. Хэрэв харвааны энэ төрөл олны дэмжлэг аваад албан ёсны болбол гадаадын жуулчин, зочин гийчдэд зориулсан "саранпай" гэх үзүүлэх харвааг хөгжүүлэх бодолтой байна. Эртний уламжлалтай энэ харваа нь хонины нэхий, ямааны адсагийг модонд тэлж татаад морины давхиан дунд харваж онодог тэмцээн юм. Дээр үед "ширэн бай" гэсэн нэртэй байсан нь сүүлдээ "саранпай" болсон. Манай орны нийгмийн бүх салбараас зууны манлайг тодруулсан. Гэтэл харваачдаас нэг ч хүн тодроогүй. Даяар дуурсах мэргэн Ш. Даваахүү төрийн их баяр наадамд тав түрүүлж, зургаа үзүүрлэсэн. Түүний энэ амжилтыг эвдсэн хүн өнгөрсөн XX зуунд гарах бүү хэл ойртсон хүн ч гараагүй. Тиймээс энэ хүнийг "Зууны манлай харваач"-аар өргөмжлүүлэх ажлыг хөөцөлдөж "Зууны манлай" харваачаар тодруулж өргөмжлөлийг нь авч өглөө. Цаашид сурын мэрэгчүүдээс" хөдөлмөрийн баатар" төрүүлэх ажлыг эрчимтэй хөөцөлдөнө. Үндэсний нум сумыг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлж, баталгаажуулах гээд олон ажил хийхээр төлөвлөж байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Б.Баатарсүрэн