gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Салхины дуун I

Соёл урлаг
2016-02-10
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2016-02-10
Салхины дуун I

Хөөмий бол биегүй зэмсэг. Оргүй хоосноос хөг аялгуу үүсгэдэг нь яг л хөгжмийн зэмсэг мэт. Гэхдээ ганц биш хоёр аялгууг нэг хүн дуурьсгадагт л монгол хөөмийн хосгүй гайхамшиг оршдог гэдгийг ЮНЕСКО 2010 онд Биет бус соёлын өвөөрөө бүртгэхдээ онцолсон. Эрт ч тэр, эдүгээ ч тэр өнөөгийн туурга тусгаар улсын хил заагаас өргөн уудам тархсан хөөмийн урлаг өнө эртний түүхтэй боловч үйлдвэржсэн, хотожсон сүүлийн хагас зуун жилд Ховд аймгийн Чандмань сум буюу зөвхөн нэг л уулын бэлд гойд дэлгэрмэл буй нь тайлагдашгүй оньсого мэт нууцлаг хэвээр байна. Нэгэн хальсны түүх санаанд оромгүй нууцын гүнд хөтлөх болно.

ХАЛЬСНЫ ЭРЭЛД
Үндэсний телевизийн гуравдугаар давхрын бөглүү мухар дахь үүдэндээ “Киноны сан хөмрөг” гэсэн даруухан хаягтай, эгээ л элж мартагдсан гэмээр харанхуй өрөөг эрхлэгч бүсгүй түлхүүрдэн онгойлголоо. Давчуухан өрөө юмсанж. Эгнэсэн нүсэр тавиурууд дээр төмөр хайрцагтай дугуй хальснуудыг давхарлан өржээ.

Эрхлэгч “Эд бол 16, 32 мм-ийн хальсан дээрх уран сайхны болоод баримтат кинонууд. Хальсны эрин нэгэнт үеэ өнгөрөөсөн тул хуучин хальснуудыг энд хадгалж буй хэрэг” хэмээн цэгцтэй ярих зуураа төмөр тавиураас өлгөсөн чийгшил хэмжигчийг гярхай ажаад “Хэт хуурай агаар бол хальснуудын дайсан. Тэдний хувьд 40-55%-ийн чийгшил л хамгийн тааламжтай” гэв. Мөнөөх багажны зүү энэ удаад 37 руу унажээ. Уг нь доошилсон чийгшлийг түмпэн савтай усаар тогтоон барьж болдог байна. Гэвч өвгөн хальснуудын үүр ноохойгоор орж гарах хүн бараг л үгүй.

“Хальс бүрийн өөр нэг хувь Алтан сан хөмрөгт буй. Мөн хуучны кинонуудыг орчин үеийн DVCAM хальс руу шилжүүлчихсэн” хэмээн эрхлэгч хэлээд дууны хуурцгархуу зүйл надад харуулав. “Ийм хальсыг өнөө оройны шууд эфирт ч ашиглаж болно” гэлээ.

Цаг хугацаа өнгөрсөнд хоцорсон мэт, цонхгүй, цоожтой энэ өрөөг зорин онгойлгосны учир шалтгаан тоос хулдсан нэгэн хальстай холбогдоно. Тэр нь 126 гэсэн дэс дугаартай, таган дээр нь “Монгол хөөмэй” хэмээн бичгийн машинаар бүдэгхэн дармалдсан, 1982 оны баримтат кино юм л даа. (Хөөмий биш хөөмэй гэж бичжээ.) Хэрэв тагийг нь онгойлговол 216 метр урттай хоёр ч хальс бий. “Доод талынх нь 16 мм-ийнх. Кадр бүр нь гэрэл зураг шүү” хэмээн эрхлэгч сонирхуулав. Харин нөгөөх нь соронзон хальс бөгөөд тэр үед 16 мм-ийн хальсан дээрх баримтат киноны дуу, дүрсийг тусад нь бичдэг байж. Ороосон хальснуудыг уртааш нь өнхрүүлбэл Үндэсний телевизийн өндөр цамхгаас ч урт болох ажээ.

Алс Ховдын хязгаарт агаарын хөлгөөр хүрч, хөөмийн урлагийг анхлан сурвалжилснаараа энэ баримтат кино гойд онцгой хэмээгдэнэ. Ийнхүү гучаад жилийн хойно, киноны хальсыг эрэн харанхуй өрөөнд ороход олон ч зүйл өөрчлөгдсөн байлаа.

Киноны гол баатруудын нэг нэрт хөөмийч Сундуй тэнгэрт хальсан бол кино зохиолыг бичсэн ардын билэг зүйч, нэрт дуун хөрвүүлэгч Ж.Бадраа хөөмийн тухай бэсрэгхэн хэсэгтэй “Монгол ардын хөгжим” хэмээх сүүлчийн бүтээлээ дуусгаж чадалгүй өөд болжээ.

Энэ бүхний хажууд хальс яг л пянз шиг үзмэрийн эд болсон нь ер харамсахааргүй, шалихгүй зүйл мэт санагдав.

Өдгөө хальс тоглуулахад хүртэл бэрхшээлтэй болжээ. Хэрэв тийм хэрэг гарлаа гэж бодоход жин, хэмжээгээрээ зузаавтар судартай эгнэх төмөр хайрцагтай хальсыг эндээс сугавчилж гараад, нэгдүгээр давхрын хальс тоглуулагч дээр тоглуулна. Тэгээд жижигхэн дэлгэцийг ширтэнэ дээ. Кино 20 минут үргэлжлэх бөгөөд хуучин хальсны толботсон дүрс болоод “Энэ кинонд Ховд аймгийн Чандмань сумын ардын авьяастан билэгтнүүд оролцлоо” гэсэн киноны эхэн дэх үгс хамгийн түрүүнд анхаарал татах болно. Нээрээ ч, “Хөөмий сурахад амаргүй шүү...” гэх хүрэн дээлтэй нэгдлийн жолооч Цэрэндаваа ч, бөхийн барилдааны урьдаар бүхий л наадамчдад хөөмийлөх Сундуй гуай ч, бас голын хөвөөнд исгэрэн хөөмийлөх хоёр хүү ч, бүгд л Чандманийх. Ийнхүү дэлгэц доторх цаг мөчөөс хойш гучаад жил өнгөрсөн боловч энэ нутгаас гаралтай нэрт хөөмийчдийн улбаа өдгөө ч тасраагүй байна.

Уг нь цаг хугацаа бүгдийг өөрчилдөг л дөө. Гэхдээ өндөр Алтайн эгц цавчим уулсын хаяан дахь Чандмань нутагт салхи мэт аялгуу одоо ч эгшиглэсээр буй бөгөөд гучаад жилийн хойно, хөөмийн нутгийг сурвалжилсан энэхүү нийтлэлд маань ч гэсэн “Ховд аймгийн Чандмань сумын ардын авьяастан билэгтнүүд оролцсон” нь бас л соньхон.

ХӨӨМИЙН НУТАГ
Засмал ч биш, цардмал ч биш, харин нутгийн жолооч нарын ярьдгаар бол, тосон зам гал шиг дүрэлзэх гурван их хайрханы өвөр дундуур зурайсаар Ховд хот хүрдэг. Туулж гардаг тэгш тал нь Алтантээлийн хөндий бол гурван их уул гэдэг нь их Алтайн салбар нурууд юм л даа. Энэ дундаа Баатар хайрханы нуруу бусдаасаа арай сүрлэг. Үргэлжилсэн урт уул л гэсэн үг. Харин Жаргалант хайрхан, Бумбат хайрхныг нутгийнхан ихэр уулс хэмээн сүсэглэдэг байна.

Ер нь Алтайн уулсыг нүдээр үзээгүй хүнд бол “Алтай” хэмээх үг “тууль, домог” гэдэг шиг хийсвэр бөгөөд ид шидлэг, “сар, ангараг” гэдэг шиг харь бөгөөд хол санагдах нь бий. Үнэндээ Алтай гэдэг нь их уулс юм билээ. Нүв нүцгэн уулс. Яг л биесээ дэрлэн үүрд нойрссон, үлэмж биет үлэг гүрвэлүүдийн сээр нуруу мэт. Магадгүй хормойноос нь уул өөд ширтвэл хөрөөний ир шиг шовх оройнуудынх нь цаана нүд алдам тал хөндий нуугдан буй мэт зураглагдах вий. Гэтэл тийм биш. Цаана нь цавчим уулс, алсад ахиад л уулс зэрэглээтнэ. Алтай гэдэг ийм л баян. Энэ л уулсгүйгээр салхи хөг эгшиг үүсгэдэг гэдгийг төсөөлөх боломжгүй юм шүү дээ. Хөөмийн тухай бүр ч ярилтгүй билээ.

Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Чандмань сумын хойморт Жаргалант хайрхан дүнхийнэ.

Хотоос ч тэр, Ховдоос ч тэр Чандманийн төв орохын тулд мөнөөх тосон замаар заавал давхих учиртай. Дараа нь шороон замаар сажилж, ихэр уулсын дундуур хэжин явсаар сая нэг юм Жаргалант хайрханы өвөрт хүрвэл гурван мянгаадхан хүн амтай Чандмань сумын төв таримал улиаснуудын дунд тодрон үзэгдэнэ. Хотоос 1500-аад, Ховдоос 156 км алслагдсан энэ сууринд хүрэх хамгийн дөт харгуй бол хар замаас нааш 80 км үргэлжлэх сайхи шороон зам юм л даа.

Ихэр уулсын зааг холбоос гэгдэх Хөтөл-Ус гэдэг газраар бид зугуухан урагшлав. Урьд шөнө энд цас хялмаалсан байлаа. Бүүдгэр л бол будан оройг нь ороочихдог ихэр хоёр уул цасан дуулгаа өмсчээ. Есдүгээр сарын хуучдаарх намар эртийн цаг шүү дээ. Өвөл ч айсуй бололтой. Гэхдээ зам дагуух гуу жалга, бул чулуудын сүүдэрт амь хоргодсон нялх цас нарны бүлээн элчинд буй биеэ элээх нь налгар намар цаашлаагүйн дохио ч юм шиг.

Сумын төвийг Жаргалант хайрханы бэлд байгуулжээ. Бөв бөөрөнхий эд бол бэл уруудан өнхөрч мэдэх налуу өндөрлөг гэсэн үг л дээ. Заримдаа иймэрхүү тогтоц хэрэг болох нь бий. Тухайлбал, уул булаг шанд ихтэй учраас нарийн шуудуугаар булгийн хүйтэн ус урсган Улсын баатар Тэгшээгийн улаан хүрэн хөшөөтэй, сумын төвдөө цорын ганц гэгдэх, төмөр хайсаар хүрээлэгдсэн цэцэрлэгт хүрээлэнг усалдаг байна. Шуудуу дагаж өвс ургачихдаг болохоор зундаа бол ногоон, намарт бол шаргал хөвөө бүхий булгийн ус сууринг нэвт дайрдаг гэсэн үг. Би л хүрээлэн гээд байгаа болохоос биш, эндхийнхэн “Тэгшээгийн саад” л гэнэ.

Ховд аймаг олон ястны өлгий нутаг боловч Чандмань суманд халх ястнууд амьдран суудаг. Ер нь сумын төвийнхөн туйлын амь нэгтэй. Цэцэрлэг, сургууль, эмнэлэг, цагдаа, захиргаа, банк, дэлгүүр, бас халуун усны газар, хөгшчүүдийн өвөлжих орон гэр энд л төвлөрдөг учраас сумын төв гэдэг бол улсын нийслэлээс ч чухаг, аймгийн төвөөс ч дотно газар билээ. Суурьшигчид нь цөөхүүл тул хөршөө таньдаггүй хотынхны авир сумын төвд бол дэндүү харь хөндий ойлголт хэмээгдэнэ. Хэрэв аль нэгэн айлыг сумынхнаас сураглавал шууд л эхний оролдлогоороо эрэл эзнээ олох нь бий.

Сурагласан айлаа сумын төвийн хэнээс ч асуусан хэлээд л өгнө. Жишээлбэл, төмөр хүлэгтэй энэ эр төвөгшөөж цааргалалгүй биднийг замчилсан юм.

Бас сумынхны нэршил хүртэл нийтийнх. Тухайлбал, , “Ижил-Алтай” гэсэн нэртэй дэлгүүрийг аваад үзье л даа. Эвхдэг ор, хамрын тамхи, шатахууны хоолой, ноосон хөнжил, чарганы сэлбэг, мотоцикльны эд анги, ханын цаг, хөдөлгүүрийн масло, нүүрний чийгшүүлэгч, алх хадаас, бас эндхийн брэнд гэгддэг хөлдүү мөхөөлдөс гээд юу эсийг наймаалах, бараг л аварга супермаркетархуу гэмээр энэ мухлагийг сумынхан Я.Нямдаваа хэмээх эзнийх нь нэрээр зүгээр л “Я-гийн дэлгүүр” хэмээнэ. Тэгэхээр үүдэндээ ямар хаягтай байх нь тийм ч чухал биш.

“Мөнхөөгийн худаг”-ны түүх бас л ийм. Худгийг түүний нэрээр дууддаг бол харин өөрийг нь “Чадна Мөнхөө” гэж хочилно. “Бараг л сумынхаа инженер хүн дээ, би. Засах л зүйл гарвал заавал намайг дууддаг” хэмээх тавиад насны эзэн эр хөгшинтэйгөө хоёулхнаа худгаа ажиллуулдаг байна. Уг нь гурван хүүхэдтэй боловч гурвуул хот барааджээ.

1 л ус энд 4 төгрөг. Сумандаа л ганц гэгдэх хоёр давхар орон сууц нь халаалтгүй, ханандаа цоргогүй учраас айл өрх бүр усаа зөөнө. “Цооног л засгийнх. Бусдаар бол бүгд хувийнх бөгөөд бид хоёрт амрах ч эрх байдаггүй юм даа” хэмээн эзэн хэлэв. Аргагүй л дээ, суманд ердөө хоёр л худаг байдгийн нэг нь тэднийх юм чинь.

Тэртээ доор Хар-Ус нуурын үзүүр, Хар болон Дөргөн нуур харагдав. Уул, усны дундах энэ нутаг бүхэлдээ Чандмань сумынх. Өнөөх хөөмийн нутаг шүү дээ. Харин нэг ч засмал замгүй, хоёр давхар байшин нь хамгийн өндөртөө тооцогдох энэ л сууринг хөөмийн төв хэмээн нэрлэж болох билээ.

БУУРИА САХИСАН ХӨӨМИЙЧ
“Энэ бол хөөмийлдөг уул” хэмээн Жаргалант хайрханы бэл өөд өгсөнгөө өвгөн хөөмийч өгүүлэв. Сумын төвийн умар сэжүүрт ганцаар, буйд орших баригдаад удаагүй асан буддын сүмийн яг дэргэдүүр бид өнгөрлөө. Нас сүүдэр жар гарч яваа Даваажав гуай нуруу нам, бие хөнгөн боловч хэнхдэг цээжнээс нь эгшиглэх хөөмийн аялгуу хөндий талыг ч дүүргэхээр ажээ.

Нэрт хөөмийч Даваажав Жаргалант хайрханы бэлд

Голоороо нүхтэй, гойд сонин тогтоцтой хад асга хүчтэй салхитай өдөр хүнгэнэн дуугардгийг хөөмийч сонирхуулав. Бараг л хархираархуу аялгуу сонсогддог байна. Үүнээс гадна тойрсон том нууруудын чимээн, гол горхины боргио шуугиан, ирвэс, янгир, аргаль зэрэг зэрлэг амьтдын дуу авиа хөөмийн аялгуутай хачин ихээр зохицдог аж. “Хавар цөн түрэх, хойлог шувуу исгэрэхийг сонссон бол ч...” хэмээн хөөмийч бахдангуй өгүүлээд хөндий талыг ширтэн хөөмийллөө.

Нэрт хөөмийч Даваажав гуай сумын төвөөс хоёр км зайтай байх Цагаан-Олом гэдэг газар төржээ. Балчир нас нь бусад хөвгүүдийн л адил малын зэл дээр өнгөрч. Харин хөөмийн аялгууг анх долоо настайдаа сонссон байна. Тавиад оны сүүлчээрх явдал л даа. Цэрэгт татагдсан нутгийн харчуул илүү гэрт бөөгнөрөн наргихдаа зарим нь аяга барьж, зарим нь гараараа янз бүрийн аялгуу оруулан хөөмийлжээ. Одоогийнхоор бол үдэлтийн үдэшлэг маягийн л уулзалт байж. Ийнхүү төдхөн цэрэгт мордох гэж буй тэдний дунд түүний төрсөн ах Намжил болон хожмын нэрт хөөмийч Сундуй нар байсан гэдэг. “Тэд маань тэгээд цэрэгт явчихлаа. Би чинь жаахан хүү байлаа шүү дээ. Ингээд хонь хариулж байхдаа ах нарын дуугарч байсныг санан салхинд хөөмийлж үздэг боллоо. Тэрнээс биш тэгж, ингэж хөөмийлдөг гэдгийг тэд нар маань надад ер хэлээгүй. Зүгээр л хэдэн удаа сонссон төдий” хэмээн тэрээр хуучлав.

Умард үзүүр дэх ганцаардмал сүм.

Уйгагүй оролдсоны хүчинд “Говийн өндөр” дууг хөөмийлж сураад Ховдын театрын тайзнаа 14 настайдаа гарсан нь хоньчин хүүгийн хувьд дөнгөж эхлэл байлаа. Цэрэгт байхдаа хөөмийгөө улам гаршуулж, 1973 онд нутагтаа ирсний дараа Бүх ард түмний урлагийн үзлэгт түрүүлжээ. Тэр үед хотын тайзнаа хоёр ч дуу хөөмийлсний нэг нь “Цомбон туурайтай хүрэн” хэмээх уртын дуу байв. “Анх удаагаа уртын дууг хөөмийлсөн хүн бол Сундуй гавьяат, харин би удаахь нь болсон” хэмээв.

Ийнхүү Ховдоос хот хүртэл мандсан хөдөөний хархүү хоёр жилийн дараа холын Германд хөөмийлжээ. Тэгэхэд тэр дөнгөж хорин гуравтай байв. “Германы соёлын өдрүүдийн хүрээнд манайхаас 32 хүний бүрэлдэхүүнтэй дан урлагийн томчууд явлаа. Гэтэл би мэргэжлийнх биш, хөдөөний сайн дурын уран сайханч байлаа шүү дээ.Ингээд хоёр сарын хугацаанд Герман, Польш, Чех, Москвад тоглов. Би Уртнасан гуайн хувцсыг зөөдөг ажилтай. Ардын жүжигчин юм чинь их ч өндөр давхарт байрлана. Өнөөх чемодануудыг нь чирээд л явна даа. Тэгсэн Германд болсон оройн хүлээн авалтын үеэр соёлын сайд “Ховдын нөхөр хаа байна” хэмээн дуудав.

Сайд их гуншаадуу ярьдаг хүн байлаа л даа. Хундага юмтай хүрээд ир л гэж байна. Жаахан виски барьчихсан яваад очлоо. Өндөр шар нөхөр хажууд нь зогсож байна. Сайд “За хөөмийл” гэв. Наашаа цаашаа явж бэлдэнэ гэж байх биш, бэлэн юм чинь шууд л хөөмийллөө. Тэгсэн хундага тулгаад “Уу...” л гэлээ. Би ч уучихав. Өнөөх хоёр хоорондоо юм яриад л байв. Тэгтэл сайд далан дээр цохиод тун ч бахдаж байгаагаа илэрхийлэв. “Хоолойнд чинь юм байна гэж зориуд уулгасан юм. За одоо дахиад хөөмийл” гэж хэллээ. Тэрнээс хойш Ховдын муу хөдөөний Даваагийн нэр өндөрт гарлаа шүү. Үүндээ ч их урамшиж, бас хөөмий чухаг зүйл болохыг ойлгосон” хэмээн өнгөрснөө дурсав.

Өдгөө хөөмийн аялгуу урьд хожид ч байгаагүй, уудам цар хүрээтэйгээр дэлхий дахинаа дуурьсагдаж буй ч Даваажав гуай төрөлх сууриндаа үнэнч хэвээр үлдсэн юм. Цэргээс халагдаад гэртээ харьсан шигээ Ховдын хязгаартаа холын Германаас эргэн иржээ.

Алтайн уулсынхаа энгэрт тэр ахин нэг хөөмийллөө. Хүүхэд байхдаа хөөмийлж асан тэр л аялгуугаа хөөмийлж дуусаад “Алтайнхаа хишгийг ч их хүртлээ дээ. Одоо би эндээс явахгүй ээ” хэмээн түүнийг өгүүлэхэд сүм, суурин, уул дүнсийх шиг болов.

Хөөмийч Даваажав гэртээ

Даваажав гуайн гэргий бас л энэ нутгийнх. Тэд дөчөөд жилийн урьдаар ханилан суужээ. Сумын төвийн гол гудамжны булангийн хашаан дахь жижигхэн эсгий гэрт борцтой шөл буцлах зуур “Араас нь дагасаар байгаад авч суусан гэдгээ хэлэхгүй юм уу” хэмээн Даваажав гуай орныхоо ирмэг дээр яг л сурагч охин шиг томоотой суух гэргийгээ үгээр цаашлуулав. Хэдэн жилийн өмнөөс бие нь хүндээр чилээрхсэний улмаас босож алхахаа байсан Бямбажав гуайн харцанд болдогсон бол хэдийн босоод, холын гийчдэд хоол унд бэлтгэх сэн гэсэн бодол эрмэлзэл бадран дүрэлзэж байлаа.

Гэхдээ тэрээр хөөмийн тухай ярианд идэвхтэй оролцож, он цагийг залруулахаас гадна “Сундуй гавьяат хүдэр том биетэй байсан болоод ч тэр үү хөөмий бол хүч тамирын урлаг гэж хэлдэг байсан нь үнэний ортой шүү” хэмээх нөхрийнхөө үгэнд “Сундуй гуайн хөөмийлөх нь яг л төмөр жингэнэж буй юм шиг” хэмээн хүч нэмэх жишээтэй.

Даваажав гуай хөөмийн анхны аялгуугаа хөдөө хээр хөөмийлж сурсан ч нарийн арга барилыг төрсөн ах Намжил болон нэрт хөөмийч Сундуй нараас сурчээ. 1982 оны “Монгол хөөмэй” хэмээх өнөөх баримтат кинонд Сундуй хөөмийч гардаг төдийгүй Даваажав гуай ч киноны төгсгөлд хөөмийлдөг. “Одоо тэр киног ахиад нэг үзэх юм сан” хэмээн түүнийг ярих зуур гар утас дуугарлаа. Утасны дуу нь хүртэл хөөмийн аялгуу байв.

Хөөмийн хамгийн сайхан нь хаана ч, хэзээд ч хөгжмийн зэмсэггүйгээр “хөгжимдөж” чаддагт л оршдог байна. “Хэл бараг л чавхдасын үүргийг гүйцэтгэдэг” гэдгийг тэр онцлов. “Заримдаа тоглоом шоглоом болгож хоол минь хоолойндоо байна хэмээн үеийнхэндээ хэлдэг л юм” гэж хэлээд учиргүй инээлээ.

ҮҮСЭЛ
Хөөмийн үүсэл гарал гэдэг үзүүр үгүй, хөвөрсөн урт утастай адил зүйл аж. Урагш хөөвөл үзүүрт нь домог яриа л бий. Тухайлбал, “Ийвэн голын хүрхрээний сонин сайхан чимээг дууриан хөөмий үүссэн” гэх домгийг Ж.Бадраа гуай “Монгол ардын хөгжим” хэмээх бичиж дуусгаагүй номдоо дурдаад “Ийвэн голыг зарим хүн Тагнын ууланд бий гэдэг, зарим нь Алтайн ууланд бий гэдэг. Ийвэн гэдэг гол хаана ч байж болох боловч хөөмийтэй холбогдолтой Ийвэн гол чухамхүү Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ренчинлхүмбэ сумын нутаг, Дэлгэр мөрөн, Хөгийн голын эх хавиар байж таармаар байна аа... Хөөмий ч энэ хавиас гаралтай байж болох нь Хөвсгөл аймгийн цаатан урианхайчуудын бараг эрэгтэй хүн бүр хөөмийлдөгөөр баттай байна. Тагнын урианхайчууд, якут нар ч хөөмий сайн мэддэг” хэмээн бичжээ.

Ийвэн буюу тагна урианхай хэлээр бугын гэсэн нэртэй, янз бүрийн хөг авиа үүсгэдэг боргиот гол горхи хөвч тайга л эцэсгүй үргэлжлэх Хөвсгөлийн умард нутагт буй нь хөөмий энэ хавиас үүссэн байж болох чухаг таамаглал болсон байна. Гэвч нүцгэн уулс л сүлэлдэх Алтайн уулсын хязгаарт, хад асга нь салхины аясаар эгшиглэсэн Жаргалант хайрханы өвөр биед хөөмийн урлаг эцгээс хүүд, багшаас шавьд уламжлагдан өнөө хүрсний нууц бас л тодорхойгүй.

Өнгөрсөн зууны эхэнд Ховдыг чөлөөлөх тулааны үеэр хязгаар нутгаас ирсэн тагна урианхайн цэргүүдээс Чандманийхан хөөмийлж сурсан гэсэн хууч яриаг Даваажав гуай үгүйсгэлээ. “Хөөмийн язгуур эх үүсвэр Чандманиас үүсэлтэй” гэв. Хэдий үүсэл гарал нь түүний битүү үг шиг бүдэг балархай боловч хөөмий тайзны урлаг болсон жараад жилийн тэртээх түүх өвгөдийн яриагаар уламжлагдан үлджээ.

“1949 онд л юм уу даа. Хар нуурын арал дээр хадланд гарсан залуусын дундаас хөөмий дэлгэрсэн гэж хууччуул ярьдаг. Тэр жил долоо хоног дараалан бороо орж л дээ. Ингээд уйдсан залуус хадландаа гаралгүй майхандаа бөөгнөрөхдөө зарим нь дэмбээдэж, зарим нь дуулж, зарим нь исгэрсэн байна. Гэтэл Чулуун гэдэг хүн исгэрээний хажуугаар хөөмийлж. Дараа нь Ховдын театрын жолооч, Чандманийн уугуул Цэдээ гэдэг хүн Лувсаншарав багшийн найруулснаар “Алтайн магтаал”-ыг аялгуулан хөөмийлсөн” гэсэн Даваажав гуайн яриа Ж.Бадраа агсаны өнөөх номон доторх хөөмийн тэмдэглэлтэй яв цав нийцэж байлаа.

Тэр номонд эл түүхийг үргэлжлүүлэн бичихдээ, “Тэр үед Улсын хөгжим-драмын театрт жүжигчин байсан Г.Чимэддорж тийнхүү Цэдээгийн хөөмийлэхийг ихэд сонирхож, өөрөө хөөмий сурахаар зориглон шийдэж оролд оролдсоор санасандаа хүрч хөөмийлдөг болохдоо ардын богино дууг шүлгийг нь тоочин уншихгүйгээр аялгуулан хөөмийлдөг болсноор хөөмийлэх урлагийг санамсаргүй шинэ шатанд дэвшүүлж орхисон билээ. Үүнд хөөмийлэх аялгуу уртассаны дээр ардын дууны аялгууг даган хэмнэл хөдөлгөөн нь баяжиж тайвуухан бөгөөд цэвэрхэн хөөмийлэх боломжийг ихэсгэсэн” гэжээ. Ийнхүү хөөмийлөх урлагт гарсан өвөрмөц шинэтгэл Чандмань сумаас эхэлсэн байна.

Хөөмийг хөг аялгуугаар нь янз бүрээр хуваадаг ажээ. Даваажав гуай “Хүмүүс янз бүрээр л ангилдаг. Зарим нь долоо ч гэх нь бий. Би үндсэндээ гурван үндсэн өнгөн дээр хөөмий хөглөдөг гэж үздэг хүн. Эхнийх нь цээжний хөндийнх. Дараа нь хоолойн буюу багалзуурынх. Тэгээд хамрын хөөмий” гэв. Энэ дундаа цээжний хөндийн хөөмий арга барилаараа хамгийн хэцүү нь гэгддэг байна. Амьсгаагаа маш гүн аваад цээжний хөндийгөөс эхлээд түгжсэн амьсгаагаа шахдаг гэсэн үг. Үүнийг исгэрээ, эсвэл шингэн хөөмий ч гэх нь бий. Хамрынх нь хамрын амьсгаагаа дотогш шахахыг хэлдэг. Харин хархираа гэдэг нь багалзуурынх буюу исгэрээгүй бүдүүн хөөмий юм.

Даваажав гуай жилд нэг удаа хөөмийн сургалт хичээллүүлдэг байна. “Байшин шиг цуурайгүй, бас дуу авиаг буй чигээр нь өөртөө шингээдэг учраас эсгий гэртээ л хичээлээ явуулчихдаг юм. Нэг сарын хугацаанд 12 орчим хүүхэд хамрагддаг даа” гэв. Хүүхдүүд багшийн заасныг бүтэн жилийн турш бие даан давтахдаа ихэвчлэн хонины бэлчээр юм уу хөдөө хээр, задгай салхитай газар хөөмийлдөг байна.

Хөөмийг эхлээд сурахад амьсгалаа зөв хуваарилж чадахгүй байдаг тул салхины дэмээр хөөмийлэхэд ихээхэн ахицтай байдгийг нэрт хөөмийч онцлов. “Салхитай өдөр хөөмийлөхөд сайхан дуугардаг шүү. Ялангуяа салхины эсрэг бүр ч гоё. Бас салхины дагуу хөөмийлөх нь ч тэс өөр сонсогддог” гэв. Шаазан аяга ч бас дэм болох нь бий. Аяга бариад хөөмийлөхөөр цуурайтдаг бөгөөд цуурай нь чихэнд цохиж, түүндээ урамшдаг байна.

Хөөмийлж сурах тийм ч амар биш. Анх сурч байхдаа байнга хөөмийлөх гэж оролдсоны үрээр шүлсээ залгиж, хэлээ хөдөлгөж чадахгүй болтлоо хоолой өвдөх ч тохиолдол бий гэнэ.

Энэ нутагт хөөмийч хүүхдүүд одоо ч олон. “Гэхдээ сонин шүү. Сумын төвөөс холдох тусам нэг л сайн хөөмийчид гарахгүй юм. Сонирхохгүй байна уу, хичээхгүй байна уу, ёстой хэлж мэдэхгүй байна” хэмээн тэрээр ярианыхаа төгсгөлд хэлэхэд хөөмийн нутгийн нууц одоо ч түгжээтэй хэвээр мэт санагдаж билээ.
 
Үргэлжлэл бий....

Э.Энхцолмон

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан