СССР гэж гүрэн 1991 онд татан буугдахад суурин дээр нь Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл (ТУХН гэж товчилно) үүссэн. Тэр эвсэл одоо юу болов.
Илэн далангүй ярих аваас энэхүү ТУХН нь 10 гаруй жилийн тэртээгээс үйл ажиллагаагаа зогсоосон буюу ажиллах боломжгүй болсон юм. “ТУХН- ийг булшиллаа” гэж дүгнэхээр нэгэн хурлыг эргэж сануулъя. 2006 онд Тажикистаны нийслэлд хуралдсан уг байгууллагын Засгийн газрын тэргүүн нарын бага хурал эхлэнгүүт тун таагүй байдалд оржээ. Журам ёсоор уг хуралд гишүүн орнуудын Ерөнхий сайд нар оролцох ёстой. Гэтэл ихэнх нь Ерөнхий сайдын орлогчоо оролцуулснаар Засгийн газрын тэргүүн нарын бага хурал “хагас дэс” буурч, хурлын гүйцэтгэгч дарга Тажикистаны Ерөнхий сайдын орлогч Акил Акилов хэвлэлийн бага хурал оромдон хийсний дараа хагас өдрийн энэ хурал өндөрлөснийг зарлажээ.
ТУХН ажиллахгүй болсон шалтгаан нь гишүүн орнууд нь эдийн засгийн бэрхшээлтэй, шилжилтийн үедээ хэт удаан явж байгаагаас илүүтэй гишүүн орнуудыг нь нөмөрсөн, нөмрөхөд бэлэн «Өнгөт хувьсгал»-уудаас үүдэлтэй байв. Шууд хэлэхэд тийм хувьсгалууд эрх чөлөө, ардчилал руу тэмүүлэх гэхээсээ Оросын их гүрний геополитикийг сөрсөн, “Русский мир” гэх соёл–хэл–иргэншлийн эсрэг чиглэснээрээ онцлог байв. «Өнгөт хувьсгал» нь ёс мэт хуучин коммунист удирдагчдаа хөөж буулган, сөрөг хүчнийг гаргаж ирж байснаараа бүр ч онцлог.
2003 он-Гүржид «Сарнай цэцгийн хувьсгал», 2004 он- Украинд «Жүржийн хувьсгал», 2005 он-Кыргызэд «Тюльпан цэцгийн хувьсгал». Энэ гурав л ТУХН-ийн хүчийг үлэмж сулруулсан буюу задраасан юм. Хуучин СССР-ийн бусад БНУ-д ч хувьсгалын дохио сануулга мундахгүй, хөрс нь одоо ч бэлэн байна. 2006 онд Беларусьт «Василькийн хувьсгал» дэгдэх яг шахав. 2008 онд Арменийг «Өнгөт хувьсгал» бүчин аваад түр дарагдав. 2009 онд Молдав улсад «Өнгөт хувьсгал» дэгдээд намжив. 2011 онд Беларусьт нийгмийн сүлжээгээр хувьсгалд уриалаад босгон алдав. 2011 онд Өмнөд Осетэд «Цасны хувьсгал» дэгдэж байв. 2011-2013 онд Орост эсэргүүцлийн элдэв хөдөлгөөн өрнөв гээд жирийлгээд байх нь тэр.
2006 оны тэр Душанбейн хурал ТУХН-ийнхөн тусгаарлах нь ихсэж, нөхөрлөх нь багасаж байгаа таагүй байдлын нотолгоо болсныг анх удаа албан ёсоор хүлээн зөвшөөрснөөрөө онцлог. Хурал өндөрлөсний дараахан, уг хуралд оролцсон Гүржийн Ерөнхий сайдын орлогч Георги Барамизе хэвлэлийнхэнд хандан “Гүрж улс ТУХН-д цаашид байх ач холбогдол бараг алга” гэж мэдэгдээд, “ТУХН-өөс гарах асуудлыг авч үзэхийг Гүржийн Ерөнхийлөгч нь Засгийн газартаа даалгасан” гэж хээв нэг зарлаж, Оросыг балмагдуулан, бусдыгаа буруу үйлсэд уриалан дуудаж байв.
Душанбейн хурлаас ердөө хоёрхон өдрийн өмнө ТУХН- ийн зарим гишүүн орон салах санаархлаа мэдрүүлж, Ющенко, Саакашвили, Алиев, Воронин нар «ГУАМ» (Гүрж, Украин, Азербайжан, Молдова) хэмээх нээлттэй, бүс нутгийн олон улсын эвсэл байгуулснаа зарлан, ардчилал, тогтвортой байдал, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх зорилготой гэж мэдэгджээ.
Ийнхүү 2006 оноос эдүгээг хүртэл ТУХН-д салж бутрах оролдлого нүүрлээд уджээ. Гэнэтийн зүйл огтоос биш хэмээн нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа нь бүр ч эмгэнэлтэй. Улс төр, эдийн засгийн олон хүчин зүйлээс энэ хэрэг мэдээж шалтгаалан буй.
Эн тэргүүнд өрнийнхний ардчиллын үнэт зүйлс ТУХН-ийн бүс нутагт байнга нэвтрэн орсны шууд нөлөө, Европын холбоог хүсэмжлэх ил, нууц тэмүүлэл эхний шалтгаан нь байх. Ийм илрэлийг Москвад ямагт тааламжгүй хүлээн авч, Оросын тал баримтлах төр-засгийг дотроос нь гаргаж ирэхийн тулд Орос хөндлөнгөөс оролцож цаадуулынхаа дургүйг хүргэнэ. Сонгодог жишээ нь Украин байна. Украин, Гүрж хоёр Оросын эсрэг эргэлтгүй зогсож байх шиг.
Нөгөө талаас ТУХН-ийн гишүүд нь эдийн засгийн талаар Оросгүйгээр бие даан хөгжих чадалтай болсны нотолгоог бид олж харна. Үүнийг Азербайжан, Туркменистан хоёр ягштал харуулчихсан. ТУХН байгуулагдсаны дараах эхний үед гишүүн орнууд нь хуучин СССР-ийн үеэс уламжлагдсан эдийн засгийн дарамтанд үлэмж байсан ба эдийн засгаар хүчирхэг, байгалийн нөөц баялгаар хахсан ОХУ нь бусад орондоо эдийн засгийн тусламж үзүүлэх, адаглаад зах зээлийн шилжилтийн хямралыг гэтлэн давах халхавч нь болж байлаа. Оросын эдийн засагт ТУХН-ийн гишүүн бусад оронд ийн түшиглэж, тэр нь ТУХН гэгчийг нэгтгэн зангидах гол баталгаа нь байв. Гэтэл сүүл рүүгээ бусад орных нь эдийн засаг аажмаар сэргэж, зах зээлийн эдийн засагт шилжсэн. Тэгснээрээ Оросын эдийн засгийг түших нь багасаж, ТУХН цаад гол ач холбогдлоо алдаж эхэлжээ.
«ГУАМ» (Гүрж, Украин, Азербайжан, Молдова) хэмээх шинэ эвслийн тухайд, уг нь «ГУУАМ» буюу Узбекистан оролцсон таван улсын холбоо маягтай яригдаад 2005 онд Узбекистанд өрнөсөн ардчиллын хөдөлгөөн, түүнийг цус урсган дарсан хэрэг явдлын дараа энэ улсын олон улсын нэр хүнд унаж, Орос руу хандахаас аргагүй байдалд хүрч, ГУАМ болж, салж гарсан түүхтэй.
«ГУАМ» нь ТУХН-ийг шууд сөрсөн, газар зүйг улс төртэй холбосон геополитикийн тэнхлэг маягаар (Прибалтика - Украин - Молдова – Гүрж) сууриа тавьсан санж. Өөрөөр хэлбэл Европ руу чиглэсэн Оросын эрчим хүчний бодлого, түүний дамжин өнгөрөх хонгилыг бүсэлсэн шинжийг агуулжээ. Оросын нефть, хийн хоолойг боймилбол Оросыг Европын улс гэж нэрлэхэд нэн түвэгтэй болно. 2014 оноос хойш Орос-Украины зөрчил ч үүнийг хэлээд өгсөн. “Оросын нефть, хийн тээвэрлэлтийг (нийлүүлэлт) орлох альтернатив асуудлыг шийдчихвэл ГУАМ-ын зорилго биеллээ гэсэн үг” хэмээн арваад жилийн тэртээ Молдовын Ерөнхийлөгч В.Воронин айлдаж, оросуудын зүрхийг үхүүлж байсан баримт буй.
Оросоос хамаарахгүй байя гэдгийг Азербайжан аль хэдийнэ санаачлаад Каспийн тэнгисээс нефть хийн хангалт хийх боломжит бүх сувгийг эрэлхийлсээр нэг мэдэхнээ Кавказын энэ улсад “Оросын” гэх нэг ч юмгүй болчихжээ. Баку- Жейханы хоолойг Оросгүй бүтээж байна. Энэ төсөл Туркээс болж бага зэрэг гацсан, гацаж ч мэднэ. ГУАМ-ийг тэтгэгч нь Иран байх тухай анхлан яригдсан ч АНУ гацаасан.
Ингэхэд ГУАМ-ын эдийн засгийн интеграц ямраар төсөөлөгдөж байна вэ. Энэ тухай бишгүй бичиж ярьсан боловч Оросгүй интеграц бас л үлгэр болох тавилантай байж мэднэ. Орос нь сөргүүлээд «Евразийн эдийн засгийн орон зай» (ЕЭП) гэгчийг тэр үед альтернатив хувилбар болгон гаргаж ирсэн. Энэ маань Евразийн Эдийн засгийн холбоо болоод одоо төлөвшиж байгаа. Үүндээ Украин, Гүрж хоёрыг яалт ч үгүй Орос, Казахстан, Беларусьтай хамтран ажиллуулахад хүргэх нэг ёсны тулгалт хэмээн оросууд үзэж тооцсон боловч тэр нь хэрэгжсэнгүй.
Украины хувьд энэ бол нээлттэй, удтал хөндөгдөх сэдэв байсаар 2014 оны хувьсгалтай нь залгаад одоо бол бүр замхраад байна. Харин Гүржийн хувьд 2008 онд хоёр субъектыг нь Орос салгаж, дараа нь Орос, Гүрж хоёр дипломат харилцаагаа таслаад бүр замхарсан.
Гүржийн алсын стратегийн санаархал бол Украин, Азербайжан хоёртойгоо нягт хоршвол Оросгүй байж болох тэр бодлого юм.
ГУАМ-ыг «Ардчилал, хөгжлийн төлөө байгууллага» (АХТБ) хэмээн нэрлэе гэсэн санал нэлээд яригдсан ба одоо ч нээлттэй сэдэв хэвээр байна. Энэ нь ГУАМ-ын Оросын эсрэг мөн чанарыг улам мэдрүүлье гэсэн Украин, Гүржийн санал юм. Тэдэнд Оросын нефть, байгалийн хий нэгдүгээрт чухлаар тавигдаж байсан үе, ардчилал бол хойгуур яригдах учиртай хэмээн зарим нь тэр үед сөргөж байв. Оросууд байгалийн хийн үнэ тарифаа буулгачихвал ГУАМ-ын оршин байх утга саармагжина хэмээн Москвад тооцож байсан. Одоо ч тэгж үздэг байж болох.
Молдова, Азербайжаны дотоодын хуваагдмал байдал, Нагорно-Карабах, “Днестрийн БНУ” тойрсон геополитик нь Орост ямагт ач холбогдолтой байж, түүнийг хөзөр болгон Москвад амжилттай тоглож ирсэн, ГУАМ- ын энхийг сахиулах чиглэлийг тодорхойлох гэж цаадуул нь элдэв арга саам хайж байхад оросууд үнэндээ тавлаж суусансан.
Ингээд цаасан дээр «АХТБ – ГУАМ» гэх нэг том эвсэл СССР- ийн нутаг дэвсгэрт зурагдлаа гэж бодъё. Гишүүнээр нь нэр бүхий дөрвөн улсаас гадна Европын холбооны зарим гишүүн, тухайлбал Болгар, Румын байх ёстой, тэр нь нөгөөх “эрчим хүчний хонгил” гэдгээр тайлбарлагдана хэмээн ярьсан бичсэн, мэдэгдсэн нь зөндөө буй.
ТУХН-ийг булшлах нэгэн лут алхмыг 2005 оны сүүлчээр хэсэг улс хийсэн нь хуучраагүй түүх юм. «Сообщество демократического выбора» (СДВ) буюу «Ардчилсан сонголтын хамтын нийгэмлэг» («АСХН») гэх эвсэл гэнэт зарлагджээ. Бас л Оросгүй, Оросын ертөнцөөс алсрах зорилготой. ТУХН-ийн гурван гишүүн – Гүрж, Молдова, Украин орж, тэдэнтэй Польш, Латви, Литва, Эстони, Македони, Румын, Словени эвсэж, сүйд болцгоожээ.
Энэ алхамдаа эрэмшсэн гурав нь ГУАМ-ыг гаргаж ирсэн түүхт улсууд. «ГУАМ» цаанаасаа дэмжлэгтэй нь тэгэхэд харагдсан. «АСХН-ГУАМ»-ыг сөргүүлэх институци ТУХН-д юу байна гэж ирээд л оросууд сандарцгаасан. Евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэг («ЕврАзЭс»), гишүүн нь Орос, Беларусь, Казахстан, Кыргыз, Тажикистан, Узбекистан гэх зургаан улсын эвсэл гэнэт зарлагдав. Армен, Молдова, Украиныг ажиглагч статустай гэж тал засав. Тэгснээ Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ОДКБ) буюу Орос, Беларусь, Армен, Казахстан, Кыргыз, Тажикистан, Узбекистан багтдаг цэрэг-улс төрийн НАТО- ийн эвсэлэрхүү бас нэг зэвсгээ оросууд сурталчилж гарлаа.
ТУХН хэдэн хэсэгт тарж бутраад байгааг илтгэх энэ хэдхэн жишээ 10 жилийн тэртээх юм шүү. Түүнээс хойш дээрдсэн юм байна уу? ТУХН гэгч манай их хөрш маань геополитикийн тоглоомын ая даасангүй дээ хэмээн судлаачийн хувьд би дүгнэж байна.
Оросыг сөрсөн ямар нэг эвслийн тухай ийнхүү мөрөөдөж суутал оросууд шал өөр, эсрэг хувилбар гаргаж ирээд амжилттай тоглож байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
«Содружество непризнанных государствь» буюу «СНГ-2» (Хүлээн зөвшөөрөгдөөгүй орнуудын хамтын нөхөрлөл - “ХЗУХН”) гэдгийг хуучин Зөвлөлтийн орон зайд гаргаж ирээд түүндээ БНАбхазУ, Нагорно-Карабахын БНУ, Приднестровын Молдавын БНУ, Өмнөд Осетыг багтаажээ. 2000 онд Молдавын Тирасполь хотод энэхүү шинэ хамтын нөхөрлөл буй болсныг илтгэх Гэрээ байгуулж, зохицуулах байнгын байгууллага–Гадаад хэргийн сайд нарын зөвлөлгөөн, цаашлаад мэргэжилтний түвшний зөвлөлдөх зөвлөл гэдгийг байгуулжээ. ОХУ-ын өөрийнх нь нутагт бус, СССР-ээс салж гараад тусгаар тогтноод даян дэлхийд зөвшөөрөгдчихсөн Гүрж, Азербайжан, Молдова улсын нутгаас салгаж авсан, сепаратист хэсэг улс энэ эвслийг бүрдүүлжээ.
СССР задарсны дараахнаас салан тусгаарлах үйл явц СССР- ийн гишүүн асан 10 гаруй улсад бараг нэгэн зэрэг өрнөж, Югославт ч энэ нь халдварласан. «СНГ-2»- ын түүх 1992 оноос бичигдэнэ. Молдова дахь Приднестровья, Гүржийн Абхаз, Өмнөд Осет, Азербайжаны Нагорно-Карабах, мөн Югославын Босни дахь Сербийн БНУ, Хорват дахь Сербийн Краина нийлж нэгдэн шинэ эвслийг бүрдүүлэхээр байв. Хорватад Сербийн Краина гэдгийг 1995 онд зэвсгийн хүчээр дарж аван хөөж тараав. 1995 оны Дейтоны хэлэлцээрээр Сербийн БНУ Босни ба Херцеговиндаа үлдэв. Гэхдээ л «СНГ-2»-т данстай үлдэв. 1990-ээд онд дуншиж дуншиж, 2000 онд «СНГ-2» болон албажаад, эдүгээ Украинаас Донбассын хоёр БНУ- ыг элсүүлэх гэж буй. ТУХН тарлаа гэхэд ОХУ-ын хувьд “ХЗУХН” гэж геополитикийн хөзөр ийнхүү бэлэн зэхээтэй байна.
ТУХН тарахад бэлэн байна, анхны тохиролцоо будаа боллоо, хоёр гишүүн нь (Украин, Туркмен) ТУХН-ийн Дүрмийг батлаагүй, бүр гарын үсгээ ч зураагүй гэх шүүмжийг оросууд мэдэхийн цаагуур мэднэ.
Хэдийгээр цаадуул нь бүгд л «тусгаар тогтносон» гэх статустай бүрэн эрхт байдал нь хамгаалагдсан байх учиртай ч тэднийхээ эсрэг дотроос нь цэнэглэн турхирч, салан тусгаарлуулахдаа Орос гаршсан, Гүрж, Азербайжан, Украин, Молдова дөрвөн улс үүнийг ханатлаа амссан байдалтай байна. Азербайжаны Ерөнхийлөгч асан Абульфаз Гадиргули оглы Эльчибей гэгчийн тодорхойлж хэлсэн нь: “ТУХН нь Оросын хуучин эзэнт гүрний зэвсэг маягтай, тэр зэвсэгтээ зориулж, олон янзын механизмыг Орос өөрөө сэдэж олдог, армен- азербайжаны мөргөлдөөнийг шийдвэрлэх талаар ТУХН-ийн лидерүүд хэн нь ч юу сэдэж хийж чадахгүй, тэгэх хүсэлгүй, тэр утгаараа ТУХН бол ямар ч эрхгүй нэг томхон хамтрал гэсэн үг. Тийм хамтрал нурж унах тавилантай, бараг ч тарж нурчихаад байна” гэжээ.
Олхонуд Баярхүү профессор