Уншигч та бүхэнд нүдний эмч мэргэжилтэй Б.Энхмандахтай ярилцсаныг хүргэж байна. Тэрбээр АНУ-д чансаагаараа нэгдүгээрт бичигддэг “Bascom Palmer Eye Institute”-д мэргэжил дээшлүүлэн суралцаж, Харвардын Анагаах ухааны сургуулийг төгссөн, Майамигийн шилдэг гоо сайхны мэс засалчийн удирдлага дор нэгдүгээр туслах эмчээр ажиллан туршлага хуримтлуулжээ.
Бид эх орондоо ирээд удаагүй байгаа түүнтэй нүдний эрүүл мэнд, гоо сайхны мэс заслын чиг хандлага, сүүлийн үеийн судалгаа, олон улсын хурлаас олж авсан мэдээллээс нь хуваалцлаа.
-Юуны түрүүнд мэргэжил дээшлүүлэхээр АНУ-ыг зорьсон талаараа бидэнтэй хуваалцаач. Энэ боломжийг хэрхэн атгаж байв?
-Би мэргэжил дээшлүүлж суралцахаар Энэтхэг, Тайвань зэрэг улсыг судалж байсан ч АНУ-д одоогийн байдлаар чансаагаараа нэгдүгээрт бичигдэж буй “Bascom Palmer Eye Institute”-д сурах боломж гарч ирсэн. Би мундагтаа өөртөө ийм боломж үүсгээгүй. Энд байхдаа өмнө нь гадны олон эмч таньдаг байсан. Мөн хөгжиж буй орны эмч гэдэг утгаараа холбоо тогтооход маш их тустай байв. Ингээд 2021 оны гуравдугаар сард АНУ-д очиж мэргэжил дээшлүүлэн суралцаад саяхан эх орондоо ирээд удаагүй байна. Нүдний нөхөн сэргээх болон нүдний зовхи, түүний гоо сайхны мэс заслын чиглэлээр нарийн мэргэшсэн.
-Монголчуудын нүдний эрүүл мэндэд хамгийн их тулгамддаг асуудал юу бол?
-Манай улс далайд гарцгүй, далайн түвшнээс дээш өндөрлөгт оршдог болохоор маш хуурай уур амьсгалтай. Үүнээс үүдэж нүдний хуурайшилтын зовиур ихэнх хүмүүст илэрдэг. Эмчид үзүүлж, зөвлөгөө аваад дусаалга бичүүлээд, түүнийгээ нэг дусаагаад зүгээр болчихдог асуудал биш. Тууштай, зөв арчлах хэрэгтэй. Нүдний хуурайшилтын дийлэнх нь зовхины эмгэг байна.
Ялангуяа эмэгтэйчүүд нүдний янз бүрийн будаг түрхдэг. Тиймээс нүдний хуурайшилтаас сэргийлж анхаарал хандуулах нь чухал. Нарны хэт ягаан туяанаас сэргийлж нарны шил зүүж байх хэрэгтэй.
Мөн нүдний ухархайн гэмтлүүд бий. Нүдийг хамгаалж байх ёстой маш нимгэн яснууд маш хурдан хугарч, гэмтдэг. Нүдний хавдрын өвчлөл манай улсад харьцангуй цөөхөн бүртгэгддэг.
-Та АНУ-ын нийт гоо сайхны мэс засалчдын Лас-Вегаст болсон хуралд оролцсон байсан. Уг хурлаас онцлох мэдээллээс хуваалцвал?
-Гоо сайхны мэс заслын хамрах хүрээ дан ганц эмч эсвэл гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг компаниудын бизнес байхаа больсон. Сошиал медиа маркетинг, зөвхөн косметик мэс засалчдад зориулсан банкны кредит дансны үйлчилгээ, гоо сайхны мэс заслын эмч нарын өмнөөс дуудлага хүлээн авах авиа компанийн төлөөлөл хүртэл энэ хурлын үеэр лекц уншсан.
Гоо сайхандаа өөрчлөлт хийхээр сонголт хийж буй бол эхлээд мөнгөнд биш чанарт анхаарлаа хандуулах нь зүйтэй. Үнэхээр чадварлаг сайн гоо сайхны мэс засалч хэзээ ч хагалгаагаа хямдаар үнэлэхгүй.
Өөрөөр хэлбэл асар их мөнгө эргэлддэг салбар учраас дагаад олон үйлчилгээнүүд нэвтэрч байгаа юм. Жишээлбэл би өөрийнхөө эгч, ээж, эмэгтэй найзуудынхаа өмнөөс төсөөлж бодвол гоо сайхны мэс заслын талаар баталгаат мэдээлэл олж авч чадахгүй, цахим орчин дахь худал үнэн нь үл мэдэгдэх мэдээлэл дунд төөрөхөөр байгаа юм.
Зөвхөн фэйсбүүкт нийтэлсэн мэдээлэлд түшиглэн сонголт хийх нь маш эрсдэлтэй. Цахим орчинд хүмүүс шүүлтүүргүйгээр хэн нэгэн эмнэлэг, эмчийг сайлж ба муулж болдог. Үүгээрээ хүмүүст буруу мэдээлэл өгч болохуйц юм.
Тиймээс та авахыг хүсэж буй эмчилгээ, үйлчилгээнийхээ талаар маш сайн судлах хэрэгтэй. Гаднын эх сурвалжуудаас мэдээлэл ав. Мөн нэг эмнэлгийг сонирхлоо гэхэд очоод эмчтэй нь биечлэн уулзаад үз. Ярилцаад үзэхэд тухайн эмч ёс зүйтэй, чадвартай санагдаж, итгэл төрүүлэхүйц байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй.
Би ямар нэг эмнэлгийг цохмооргүй байна. Гэхдээ зарим эмнэлэг хямдрал зарлаж үйлчлүүлэгч татахыг оролддог. Нүдний давхрааг маш хямд хийж байгаа эмч нар байна. Үнээс шалтгаалж сонголт хийдэг үйлчлүүлэгчид бий. Гэхдээ гоо сайхандаа өөрчлөлт хийхээр сонголт хийж буй бол эхлээд мөнгөнд биш чанарт анхаарлаа хандуулах нь зүйтэй. Үнэхээр чадварлаг сайн гоо сайхны мэс засалч хэзээ ч хагалгаагаа хямдаар үнэлэхгүй.
-Хурлын үеэр танилцуулсан судалгааны талаар мэдээлэл өгөөч. Та филлер тарилгын талаар асуудал хөндөж цахим хуудаснаа бичсэн байсан?
-2019 онд АНУ-ын “Plastic Reconstructive Surgery”-д хэвлэгдсэн тойм судалгаагаар 2010-2018 оны хугацаанд дэлхий даяар филлер тарилга болон fat injection хийлгэсний үр дүнд нийт 200 (хэдэн сая тохиолдол дунд) үйлчлүүлэгч ахин эдгэршгүйгээр хараагаа алдсан байна.
Эдгээр тохиолдлын ихэнх хувьд филлер болон fat injection-ийг дух , хөмсөгний гол дундах хэсэг (glabella), хамар болон уруулын дээд хэсэгт тарьснаас үүдэн дээрх хүндрэл гарсан байсан.
Эдгээр хэсгүүдээр нүдийг цусан хангамжаар баяжуулдаг гүрээний дотор артеритай холбогддог судаснууд байрладаг. Ботокс тарилгаас ялгаатай нь филлер болон хүний өөх нь артерийн судсанд нэвтэрвэл артерийн бөглөрөл үүсгэн нүдний эд эрхтэн цусан хангамжаар дутагдан үхжиж хараа алддаг. Хэдийгээр магадлал асар бага ч гэсэн эдгээр цэгүүдийг хамгийн эрсдэлтэй гэж үзэн гадаадад олон эмнэлэгт филлер тарихаа больсон. Хүндрэлээс сэргийлэхийн тулд тухайн хэсэгт артери хэр гүнзгий байгаагаас шалтгаалан өнгөц тарих, мөн хатгасны дараа шприцийг татаж үзэн судас дайрсан эсэхийг шалгах, эсвэл яаралтай (60 минутын дотор) үйлчлүүлэгчийг нүдний эмч рүү илгээж нүдний ретробулбар хэсэгт филлер задлах тариа хийлгэх зэрэг аргууд байгаа ч ийм хүндрэл дэлхий дээрх ямар ч сайн эмчид тохиолдож болно.
Дээр дурдсанчлан хараа алдах магадлал асар бага, олон хүн филлер болон өөрийн өөхийг нүүрэндээ тариулснаар хүссэн үр дүндээ хүрч байгаа ч үүнээс 100 хувь сэргийлэх цор ганц арга бол тухайн хэсгүүдэд огт филлер болон fat injection хийлгэхгүй байх юм. Филлерээс үүдсэн хараа алдах эрсдэлийн ихэнх нь солонгосчуудад тохиолдсон байсан. Азиуд ихэвчлэн хамраа өндөрлөх зорилгоор филлер шахуулдаг.
Хамгийн чухал зүйл бол эмчийг зөв сонгох. Филлер хэдийгээр удаан хугацаанд үйлчлэхгүй ч яг одоогийн байдлаар мэсийн бус хамгийн үр дүнтэй гоо сайхны ажилбар болоод байна.
-Гоо сайхны мэс заслын салбарт ямар шинэ чиг хандлага давамгайлах төлөвтэй байна вэ?
-Чиг хандлага гэхээсээ илүүтэйгээр гоо сайхны мэс засал улам боловсронгуй болсоор байна. Анх гоо сайхны мэс заслыг олон хүмүүс, тэр дундаа эмч нар хүлээн зөвшөөрдөггүй байсан бол одоо алдаан дээрээ суралцаж хэрхэн үйлчлүүлэгчдэд аюулгүй бөгөөд үр дүнтэй мэс засал хийх талаар долоо хоног тутам шинэ судалгаанууд гарч байна. Олон хүн сонирхохын хэрээр гоо сайхны мэс заслыг үгүйсгэх, хориглох нь утгагүй болсон. Монгол улсад ч эрчимтэй хөгжиж байгаа салбар. Харин үйлчлүүлэгчид илүү төрөлхийн мэт, жижиг өөрчлөлтийг илүүд үзэх болсон талаар олон мэс засалчаас сонсож байв. Энэ нь гоо сайхны мэс засалчаас улам их ур чадвар, мэдрэмж шаардана. Гэхдээ огцом өөрчлөлт хүсдэг үйлчлүүлэгчид ч бий. Энэ бол тухайн хүний сонголт.
- Та Харвардын Их сургуулийг төгссөн гоо сайхны мэс засалчаар нүүрний бүх төрлийн гоо сайхны мэс засал, ажиллавруудын талаар заалгаж дадлагажсан гэсэн байсан. Энэ талаар хуваалцаач? Ямар шинэ ойлголт, мэдлэгийг өөртөө суулгав?
-Би профессороороо дамжуулж Харвардын Анагаах ухааны сургуулийг төгссөн, Майамигийн шилдэг гоо сайхны мэс засалчдын нэгтэй хамтран ажиллаж, түүнээс суралцах завшаан тохиосон. Хэдийгээр нүдний зовхи ба ухархайн эмгэгийг илрүүлэх, эмчлэх нь миний зорилго байсан ч косметик мэс засал бол миний мэргэжлийн салшгүй нэг хэсэг. Тухайн эмч ч гэсэн нүдний нөхөн сэргээх чиглэлийн эмч. Мэс засал хийхээс гадна олон улсын хуралд явж илтгэл тавьдаг, бусад залуу эмч нарт гоо сайхны мэс засал заадаг туршлагатай мундаг эмч. Би түүний эмнэлэгт яг хажууд нь, мэс заслын нэгдүгээр туслах эмчээр сүүлийн нэг жил туслах эмчээр өөрийн боломжтой цагаар ажилласан. Асар том аз завшаан байв.
Эмч нар мэргэжлийнхээ холбогдолтой шинэ судалгаа бүрийг уншиж өөрийн арга техникийг шинэчилж байх хэрэгтэй.
-Та АНУ-д байх хугацаандаа хэд хэдэн судалгааны ажилд оролцсон гэсэн. Энэ талаараа мэдээлэл өгөөч?
-Би зөвхөн клиник судалгаануудад оролцсон. Судалгаа хийх нь өөрийн баримталж буй эмчилгээг бусад эмч нар болон сонирхсон хүн бүртэй хуваалцах нь хүн үзэж мэс засал хийхээс дутахгүй ач холбогдолтой гэдгийг ойлгосон. Оролцсон судалгаануудаас дурдвал:
Бид сошиал медиа хүмүүсийг гоо сайхны мэс засал хийлгэх шийдвэр гаргахад нөлөөлж байгаа эсэхийг судалсан. Цар тахлын үед хүмүүс ихэвчлэн зүүмээр ажилласан. Зүүм харилцааны үед хүмүүс дэлгэцэд өөрийгөө нарийн ажиглаж хардаг. Цар тахлын үед гоо сайхны хагалгаа маш их идэвхэжсэн. Тиймээс сошиал медиа хүмүүсийн гоо сайхны хагалгаа хийлгэх шийдвэрт нөлөөлж байгаа эсэхийг судалсан. Тус судалгааны хариу сөрөг утгатай гарсан. Энэ нь сошиал медиагийн нөлөөтэй хамааралгүй гэсэн үг юм. Гэхдээ энэ нь зөвхөн University of Miami-гийн нүдний тасагт гоо сайхны ажилбар хийлгэхээр ирсэн хүмүүсээс л авсан судалгаа гэдгийг онцолъё.
Мөн олдмол зовхи унжих эмгэг буюу птозын эмчилгээ нь зөвхөн мэс засал байсан бол одоо зовхи өргөх булчинг агшаах үйлчилгээтэй дусаалга зах зээлд нэвтрээд байна. Үүн дээр бид нар клиник судалгаа хийсэн. Үр дүн маш амжилттай байсан бөгөөд одоогоор АНУ-д худалдаалж байна.
Түүнчлэн Orbital exenteration гэх хагалгаа байдаг. Нүдний зовхины арьс болон ухархайд үүссэн хорт хавдар эмчилгээгүй болсон үед өвчтөний амь насанд халтай болсон тохиолдолд нүд, нүдний зовхи түүний дайвар эрхтнүүдийг бүхэлд нь авах мэс заслыг хэлдэг. Уг хагалгааны дата мэдээлэлд дүн шинжилгээ хийн тойм судалгаа гаргасан. Нийт 200 орчим тохиолдолд хавдрын ангилал, хийгдэж байсан эмчилгээ, мэс заслын техник гэх мэт дата дээр ангилал хийсэн гэсэн үг.
Сүүлд хийсэн судалгааны талаар мэдээлэл өгөх хараахан болоогүй байна. Би энд байх хугацаандаа тус судалгааны дата дээр ажиллах боломжтой.
-Та гоо сайхны мэс заслын салбарын “домгууд” хэмээгддэг эрхмүүдтэй уулзсан тухайгаа цахим хуудсандаа хуваалцсан байсан. Тэднээс суралцах ёстой хамгийн чухал зүйлийг юу гэж анзаарсан бол?
-Тэд хэдий мундаг мэс засалч нар ч гэсэн уулзалтын үеэр мэргэжлийн сэдэв биш энгийн яриаг өрнүүлж байв. Миний хувьд АНУ-д сурч байх хугацаанд хамгийн их ойлгосон зүйл бол эмч хүн заавал өөрөө судалгааг хийгээд олон улсын нэр хүндтэй сэтгүүл дээр хэвлүүлэх албагүй ч гэсэн өөрийн мэргэжлийн шинэ судалгаа бүрийг уншиж өөрийн арга техникийг шинэчилж байх хэрэгтэй. Түрүүн хэлсэнчлэн, мэс заслыг арга техникүүд хурдтайгаар шинэчлэгдэж буй.
-Хүний гоо сайханд өөрчлөлт оруулна гэдэг бол асар том хариуцлагатай ажил. Тиймээс зарим үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун бус, зарим нь хохирсон тохиолдлууд ч байдаг.
-Тийм ээ. Гоо сайхны ажиллаврууд төгс биш, үйлчлүүлэгчид хэзээ ч 100 хувь сэтгэл ханадаггүй салбар. Судалгаанаас харахад ихэвчлэн 85 хувь нь сэтгэл ханамжтай байхад, 15 хувь нь сэтгэл дундуур үлдсэн байдаг. Бид нарын хувьд ядаж аль хэдийн олон улсад судлагдаад баталсан эмчилгээг сураад хэрэгжүүлэх нь чухал болж байна. Ямар ч мундаг эмчийн үйлчлүүлэгчид дунд сэтгэл ханамжгүй хүмүүс байдаг.
Монголд боломжийн үнээр гоо сайхны хагалгааг сайн хийж буй эмч нар байгаа. Асуудал үүссэн хагалгааг сэрэмжлүүлэх үүднээс олон нийтэд мэдээлэх нь олонтоо. Гэхдээ үүний сацуу төрөлхийн мэт гоо сайхны хагалгаа хийлгээд сэтгэл хангалуун болсон олон хүн бий шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.