Хагас сая хүн амтай хотын хэрэгцээнд анх зориулан төлөвлөсөн нийслэлийн зохион байгуулалт өнөөдөр шат шатандаа алдагдаж, засаж залруулах боломж улам бүр хумигдсаар.
Бурхан болоочоо зохих ёсоор нь хадгалж чадахгүй байна
Парламентын ордноосоо хэдхэн метрийн зайд, Гадаад хэргийн яамныхаа хаяанд бурхан болоочдоо хадгалдаг улс манайхаас өөр байхгүй биз. Муугаар бодоход нийслэлийн А бүсэд байрласан цогцос хадгалах төвөөс гоц халдварт нян, вирус тархах аюул бий. Гамшиг гарах эрсдэл харагдаж байгаа биз. Уг нь нийслэл хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд Улаанбаатарыг арай л гоц халдварт өвчний төв “болгоно” гээгүй байлтай. Гэтэл ийм аюулын ирмэгээс нэгхэн алхмын наана нийслэлчүүд аж төрсөөр.
ҮНДЭСЛЭЛ-1
Шүүх эмнэлгийн цогцос хадгалах барилгыг 1972 онд Бүгд Найрамдах Социалист Чехословак Улсын тусламжаар барьжээ. Хэдийгээр тухайн үедээ хамгийн дэвшилтэт технологиор барьсан ч барилгын ажлыг дуусгаагүй гэнэ. Цогцос шатаах тусдаа зуух, яндантай боловч нэг ч удаа ашиглаж байгаагүй аж. Насжилт нь дуусах дөхсөн энэ барилга өдгөө үүргээ биелүүлж чадахаа больжээ. Товчхондоо, Монгол Улс бурхан болоочоо олон улсын стандартад нийцүүлэн хадгалж чадахгүй байна гэсэн үг.
Барилгын чанар, орчны нөхцөл байдал стандартад нийцэж буй эсэхийг шалгаж, шинжлэх үүрэгтэй мэргэжлийн хяналтынхан ч хэзээ хамгийн сүүлд шалгалт оруулснаа мэдэхгүй, санахгүй байна. Шалгаж байгаагүй ч байж мэдэх. Харин 2013 онд хөдөлмөрийн орчин нөхцөлийг тогтоож хэвийн бус, хортой гэсэн дүгнэлт гаргасан гэдгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Санхүү төлөвлөлт, хангамжийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батмягмар хэлсэн юм.
Анхны зураг төсөлд хоёр давхар байхаар тусгаж, тэр дагуу барьсан тул өргөтгөх аргагүй аж. Мөн засвар хийгээд нэмэргүй болсныг Шүүх эмнэлгийн дарга А.Амгаланболд ярилаа. Тэрбээр “Хана нь чийгэнд идэгдсэн тул будаг, эмульс гээд юу ч тавьсан буцаж ховхорч унаад байгаа” гэв.
Тэрчлэн тус байгууламжийн дотоод агаарын бохирдол өнөөдөр хотын төвд шууд гадагшилж байна. Угтаа бол зориулалтын агаар шүүгч, саармагжуулагч байх ёстой. Гэтэл биологийн гаралтай хаягдал тэр чигтээ агаарт дэгдэж, гадагшилж байна. Ном зохиолд бичсэнээр хүний биеэс 120 гаруй төрлийн хорт бодис амьсгал хураасных нь дараа ялгардаг байна. Энэ нь нэгээс нөгөө төлөвт шилжиж байдаг бодисын солилцоо гэнэт зогссонтой холбоотой. Нөгөө төлөвтөө шилжиж амжаагүй завсрын олон биологийн бүтээгдэхүүн хүний биед сөрөг нөлөө үзүүлэх нь шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл.
2015 онд Нью-Йоркийн Кларксоны их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар биологийн бохирдол, мөөгөнцрийн улмаас эрүүл хүн байнгын түгшүүр, сэтгэл гутралд нэрвэгддэг талаар судалж тогтоожээ.
ҮНДЭСЛЭЛ-2
Нийслэлийн хэмжээнд жилд 6-7 мянган хүн нас бардгаас 2700 нь ямар нэг байдлаар Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөр дамждаг гэдгийг албаныхан хэллээ. Эдгээрийн 2000 нь гэмт хэргийн улмаас амь насаа алдсан иргэд. Гэтэл хотын хүн ам өсөхийн хэрээр гэмт хэргийн гаралт ихсэж, эндэхийн үйл ажиллагаанд ачаалал нэмж байна. Үүнийг нотлох нэг жишээ бол өнгөрсөн жил эднийх хар тамхи, мансууруулах бодисын төрлөөр 100 гаруй шинжилгээ хийсэн. Гэтэл зөвхөн энэ оны I улирлын байдлаар 300 гаруй шинжилгээ хийчихээд байгааг холбогдох албан тушаалтан хэлсэн юм.
- Насжилт нь дуусах дөхсөн энэ барилга өдгөө үүргээ биелүүлж чадахаа больжээ.
- Барилгын чанар, орчны нөхцөл байдал стандартад нийцэж буй эсэхийг шалгаж, шинжлэх үүрэгтэй мэргэжлийн хяналтынхан ч хэзээ хамгийн сүүлд шалгалт оруулснаа мэдэхгүй, санахгүй байна.
- Харин хаана, хэзээ, хэдий хэмжээний өртгөөр, ямар байгууламж барих, эсэх нь тодорхойгүй.
“Өдөрт дунджаар цагдаагийн 7-8 дуудлага ирдэг. Бүх нийтийн баярын өдрүүдэд эрс ихсэж, 20 хүрдэг. Хөлдөөгчнүүд байнгын дүүргэлттэй. Үүнээс гадна хэн болох нь тодорхойгүй, ар гэр нь хүлээн авч, оршуулах боломжгүй цогцос улиралд 20- 30 ирдэг” хэмээн Б.Батмягмар ярилаа.
Ачаалал жил ирэх бүр ихсэж байхад хүчин чадлаа нэмэгдүүлэхгүй гээд яах билээ. Гэвч байж болох зай завсар бүрт хөргөгч байрлуулаад ч багтахгүй болсон гэнэ. Багтаамжаа одоогийнхоос гурав дахин нэмэгдүүлж байж 1.4 сая оршин суугчтай хотын хэрэгцээг хангах хэмжээнд хүрэх аж.
Үнэндээ цогцсыг зориулалтын хөргөгчинд хадгалдаг газар гэвэл эднийхээс гадна ганц хоёр томоохон эмнэлэг л бий аж. Шүүх эмнэлгийн цогцос хадгалах төвөөр Клиникийн төв эмнэлгээс гадна Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг болон хувийн цөөхөн эмнэлэг албан ёсоор үйлчлүүлдэг байна.
ҮНДЭСЛЭЛ-3
Энэ жижигхэн байшин салах ёс гүйцэтгэх таван хаалгатай. 05.40-07.40 цагт буюу хоёр цагийн хугацаанд дунджаар 20 гаруй бурхан болоочийг хөдөөлүүлэх цуваа гардаг. Ачаалал ихтэй үед 30 хүрдэг. Нэг айлын цуваа дунджаар 10 машинтай гэж тооцвол 250-300 автомашин долоо хоногийн нямаас бусад сондгой тоотой гарагуудад замын хөдөлгөөнд шууд ачаалал үүсгэдэг. Гэтэл нэг цуваанд 30-40 машин ч явах үе бий.
Зам болоод зогсоолын хүрэлцээ дутмаг байдаг нь айлууд хоорондоо ам зөрөх, автомашинаараа шүргэлцэх гээд олон хүндрэл үүсэх нэг нөхцөл болж байна. Уг нь бид чинь бурхан болоочоо сүүлчийн замд нь үдэхдээ муу үгээр бусдыг дайрах нь бүү хэл чанга ч ярьдаггүй ард түмэн. Цогцос хадгалах төвийн шөнийн ээлжийн дөрвөн ажилтан, манаач нь замын цагдаатай хүч хавсарч байж хөдөлгөөнийг зохицуулдаг. Гэсэн ч ажил, сургуульдаа явж буй жирийн хүмүүст учруулах хүндрэл багасахгүй л байна. Иргэндээ үзүүлж буй төрийн сүүлчийн үйлчилгээний чанар ийм байх ч гэж дээ.
Хүчин чадлыг нь гурав дахин нэмэгдүүлвэл нийслэлийн хэрэгцээг хангана
Үндсэндээ дээр дурдсан өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал хамгийн их бөгөөд эрт эхэлдэг цэг нь энэ хэсэг. Энэ талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Энхбат “Оршуулгын цуваа нэг хөдөлсөн бол зогсохгүй явах ёстой гэсэн ёсыг бид хүндэтгэн бусад хэсгийн хөдөлгөөнийг хааж байгаад цувааг таслалгүй явуулдаг. Уг нь ажил цуглах цаг гэдэг бидний хувьд ажлын оргил үе. Гэвч даваа, лхагва, баасан гарагт бид энэ хэсэгт 1-2 замын цагдаа нэмж ажиллуулдаг. Хүчээ үүнээс илүү нэмэгдүүлэх, өөр аргаар ачааллыг бууруулах боломж алга. Энэ асуудалд зөвхөн манай байгууллага гэлтгүй тухайн эмнэлэг, нийслэлийн удирдлага ч анхаарч, шийдвэрлэх цаг нь хэдийнэ болчихсон. Үүнийг шийдвэрлэх эрх бүхий хүмүүс ч энэ эмнэлгээр үйлчлүүлж, нөхцөл байдлыг харж л байгаа шүү дээ” гэв.
Уг нь цогцос хадгалах төвийн буурийг сэлгэх талаар таван жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Гэвч шинэ байгууламж бүү хэл хаана барих нь нэг мөр тодорхой болоогүй байна. Тодорхой болсон мэдээ гэвэл, олон улсын стандартад нийцсэн шинэ байгууламж барих талаар Засгийн газрын 2018 оны Үндэсний хөгжлийн чиглэлд тусгуулахаар ажиллаж байгаа. Харин хаана, хэзээ, хэдий хэмжээний өртгөөр, ямар байгууламж барих, эсэх нь тодорхойгүй байна. Яахав, замын хөдөлгөөний ачаалал, аюулгүй байдлыг нь харгалзан нийслэлийн захад байгуулах нь зөв гэж төлөвлөсөн байсан. Гэвч нийслэлээс алс хаана гэж ойлгох нь эргэлзээтэй. Нийслэлийн зах гээд хаа байсан Багануур дүүрэгт, эсвэл Гачуурт, Хонхор, Эмээлтэд байгуулахаар болвол хотын төвд байснаасаа их хүндрэл иргэдэд учирна.
Талийгаачаа сүүлчийн замд нь үдэх хүртэл шүүх эмнэлгийг дунджаар 3-4 удаа зүглэх зайлшгүй шаардлага тулгардаг. Мөн оршуулгын зардал, улсын бүртгэлд бүртгүүлэх гээд төрөөс авч буй сүүлчийн үйлчилгээнд нь ар гэр нь багагүй цаг хугацаа зарцуулдаг. Үүнээс гадна сүүлийн үед заавал газар дээр нь гэлтгүй эмнэлгийн салах ёс гүйцэтгэх байранд сүүлчийн замд нь үдэх хандлага ихсэж буй.
Энэ мэт хууль журмаас гадна монгол хүний сүсэг бишрэл, орчин үеийн амьдралын хэмнэлтэй холбоотой нарийн ширийн олон зүйлийг харгалзан цогцос хадгалах төвийг орчин үеийн шаардлагад нийцсэн байгууламж болгож, буурийг нь сэлгэх нь хойшлуулшгүй тулгамдсан ажил болоод байна.
З.Цэлмэг