Монголоос манай сонины, манай компанийн санхүүгийн менежер маань гашуудлын мэдээ дуулгав. Энэ чинь одоо зүүд үү, юу вэ гэхээр юм болж. "Монгол ньюс" группийн тэргүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Цэрэндоржийн Балдорж эрхлэгч маань зуурдаар таалал төгсчээ. Яагаад Монголын хамгийн сор хүмүүс нь ингээд цаг бусаар, дэндүү эрт яваад байна даа.
Түүнийг хүмүүс дэндүү сайн мэднэ. Элдвээр ч их хэлнэ. "Хэвлэлийн магнат", "Н.Багабанди Ерөнхийлөгч, Ш.Отгонбилэг захирал энэ гурав үй зайгүй найзууд гэнэ" энэ тэр гээд л. Сайнаар ч ярих нь бий, саараар бодох нь ч бас байдаг л байх. Юу гэж бодох нь хувь хүмүүсийн л хэрэг. Харин монгол жудгийн дагуу өнгөрсөн нэгнийгээ сайнаар л дурсаасай гэсэндээ, талийгаачийн араас бага ч болов буян болох болов уу гэж бодоод энэ дурсамжийг тэрлэж сууна даа.
Ц.Балдорж хэмээх эрхэм хүнтэй 1990-ээд оны дунд үед анх нүүр тулан уулзаж, "Ардын эрх", "Таван цагариг" сонинд ажиллах цэрэг нь болж билээ. Одоо ч түүний удирдсан группт данстай л явна. Их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан, "нусгай амьтан"-ыг тухайн үедээ Монголын хамгийн нэр хүндтэй, хамгийн том, хамгийн шилдэг сонин нь байсан "Ардын эрх"-д тоож авсан нь одоо болтол надад бахархалтай санагддаг юм. "Ардын эрх" бол сэтгүүл зүйн аварга том сургууль байлаа.
Өдгөөгийн Монголын өдөр тутмын сонинуудын редакцид ажиллаж байгаа сэтгүүлчдийн олонх нь "Ардын эрх"-ийн тогоонд чанагдаж, Балдорж эрхлэгчээр "балбуулж" байж өдий зэрэгт хүрснийг хэн ч хэлээд өгнө.
Талийгаачийг бүгд л "Бал эрхлэгч" гэж дуудна. Хожим сониныхоо ажилд нэг их оролцохоо болиод, "Монгол ньюс" компанийн захирал, группийн тэргүүн болсон ч тэр үеийнхэн бол "Эрхлэгч ээ" л гэж дууддагсан.
Манай "Таван цагариг"-ийг спортын төрөлжсөн сонины орон зай дутагдаж байгааг олж хараад, Олимпийн хорооныхонтой ярьж тохироод л "эх барьж" авсан. Зөвхөн манайхыг ч биш, бас хүүхдийн "Би Би Би", амралт чөлөөт цагийн "Ням гариг" гээд хэдэн мянган захиалагчтай олон олон сонин төрүүлсэн хүн.
Байгаа юмыг нь бүрэн дүүрэн гаргатал нь "шахаж", ажиллуулж чаддаг байсан нь түүний удирдах гол ур чадвар байсан гэж би боддог. Юмыг бусдаас түрүүн олж харах, шинээр сэтгэх, голыг нь олж хэлэх гээд сэтгүүлч хүний эрхэм чанарууд түүнд байдаг байлаа. Эрхлэгчийн хувьд хатуудаа бол тун хатуу. Ёстой л "толгой авах" шахна. Гэхдээ эрхлүүлэхдээ бас эрхлүүлсэн шиг эрхлүүлнээ. Намайг хоёрдугаар курст байхад "Таван цагариг"-ийг удирдах хүндтэй боловч хариуцлагатай үүрэг өглөө. Манай өмнөх эрхлэгч дэвшээд явчихсан үе л дээ. Би ч энэ том айлыг авч явахаас эмээгээд "Эрхлэгч ээ, би зүгээр сурвалжлагчаа л хийгээд явж байя" гэхэд "За, чи олон юм ярилгүй наад сониноо аваад яв" гэж билээ. Ер нь өөрийнхөөрөө хүн л дээ. Хүнийг ажилд авахдаа сонин шалгуураар авна. Нэг залуу ажилд орохоор Бал эрхлэгчтэй уулзаж л дээ. Тэгтэл "Архи уудаг уу" гээд л шууд асуусан байгаа юм. Нөгөөх нь сандраад "Амсдаг ч үгүй" гэж. Тэгтэл "Ийм байж чи яаж хүнээс үг салгах юм бэ?" гээд гаргачихсан гэлцдэг юм. Жаахан балгачихдаг боловч ажилдаа сайн манай нэг сэтгүүлч байсан юм. Мань хүн түүнийг хайрлаад "халж" чадахгүй, бас "эрхлүүлээд" дуугүй яваад байж болохгүй болохоор "25 дугаар суваг" телевизээр өдөр бүр эфирт гарах нэвтрүүлэг хөтлөх үүрэг өгчихсөн гэдэг. Зурагтаар байнга гарах хүн яаж "үнэртүүлээд" байх вэ дээ. Иймэрхүү л "нарийн" аргаар хүнтэй ажилладаг, эрхлэгч дээ. Хүнийг өнгөн дээрээ тоохгүй яваад байгаа юм шиг мөртлөө цаагуураа анхааралдаа авчихсан л байна. Намайг ажлынхаа хажуугаар хичээлдээ гүйгээд байгааг мэддэггүй л юм шиг байх мөртлөө нэг өдөр өрөөндөө дуудаад "Чи сургалтын төлбөрөө өгөөгүй байгаа биз дээ? Энэ жил яахав компаниас даачихья, ирэх жил чи өөрөө тэр Олимпийн хороогоороо даалгаарай" гэнэ. Тэгэхээр цэргүүдийнхээ ар талыг бол сайн мэддэг гэсэн үг.
Далайлт нь хатуу ч буух нь зөөлхөн хүн дээ, манай эрхлэгч. Ажлаас болоод ам мурийх, хэдэн сурвалжлагчаа өмөөрөөд тунирхахыг алийг тэр гэхэв. "Чамаар манай сонин дутахгүй, яв" л гэнэ. Намайг бол хэд хэдэн удаа ажлаас "халсан". Би занг нь мэдэх болохоор далимдуулаад ажилдаа ирэхгүй хэд хононо. Тэгээд "тойрохоо авах" гээд ирэхээр "Явж ажлаа хийхгүй юу гээд байгаа юм бэ!" гээд л юу ч бодохгүй хэлнэ дээ.
1996 онд Ардчилсан хүчин сонгуульд ялж, "Ардын эрх"-ээс Бал эрхлэгчийг "хуслаа". Мань эр бүх ажилчдаа цуглуулаад яриа хийлээ. "Хамтран ажиллаж байсан та нартаа баярлалаа. Хатуу ширүүн загнаж байсан бол уучлаарай. Би одоо хувийн шинэ компани байгуулаад сонин гаргана аа. Та нарыг намайг дагаад "Ардын эрх"-ээс гар гэж албадахгүй ээ. "АЭ" бол хөл дээрээ бат зогссон сонин шүү" гэж хэлж байсан санагдана. Тэгээд үлдэх нь үлдэж, Балдоржийг "дагасан" цөөн хэдэн хүн түрээсээр авсан шинэ байр руу нь нүүсэн. Манай "Таван цагариг"-ийнхан ч бүгдээрээ Бал эрхлэгчээ дагаад очсон. "Өнөөдөр" гэж сонины анхны дугаарыг сар гаруйхны дараа гаргаад, ширээ сандал ч байхгүй том өрөөнд сонин дэвсэж, газар суугаад л "нэг юм задлаад" анхны дугаараа мялааж, дарга цэрэггүй хуваагаад хүргэж, “Монгол ньюс” гэдэг айл өрхөө татаж байсан сан. Түүнээс хойш арав гаруй жил өнгөрч. Бал эрхлэгч маань энэ айлыг айлын дайтай айл болгож, олон арван "хүүхдүүдээ" хөлийг дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсээн. Одоо бол манай "Монгол ньюс"-ийнхэн өөрийн тохилог оффистой, орон сууцтай, өдөр тутмын сонинууд дундаа нэр хүндтэй болсон. Үүний л төлөө тэр нойр хоолоо умартаж, хэдэн "хүүхдүүдтэйгээ" хэрэлдэхдээ хэрэлдээд, хэлцэхдээ хэлцээд, хамт дунд нь бужигнаад л зүтгэсэн.
Хэрэв улс төр хөөгөөд, хар амиа бодоод явчихсан бол тэрбээр өлхөөн чадах байсан юм. Тэр зэргийн зангараг, нэр хүнд, танил тал, татаа түлхээ бол мань хүнд байсаан. Гэвч тэр улс төрийн заваан тогоонд орохыг хүсээгүй юм. Учир нь тэр зүй бус юмыг "идээ бээрийг" нь шахаж, нийгмийг цэвэршүүлж, зөв голдрилд оруулахыг мөрөөдөж байсан билээ. Тиймээс ч улстөрчид түүнээс эмээдэг, УИХ-ын зарим гишүүн түүний хажууд жулдаж байсан болов уу?
Бал эрхлэгчийн бас нэг онцлог нь өөрийн "цэргүүддээ" үзэл бодлоо тулгаад байдаггүй, эрхлэгч, захирал гээд юм болгонд оролцдоггүй байлаа. Өглөөний яриа гэж айхтар юм хийнэ. "Өнөөдөр"-ийнхөн тэнд суухдаа хүн бүр шинэ мэдээ хэлэх үүрэгтэй. Шинэ юм олж сонсоогүй, дуулаагүй сурвалжлагч бол шууд л торгууль хүлээдэг байсан. Харин манай "Таван цагариг"-ийнхан тэр ярианд нь суухгүй ээ. Манай сониныхонд ч Бал эрхлэгч юм хэлэхгүй. "Таван цагариг"-ийнхныг Бал эрхлэгч их давруулах юм гэсэн яриа бас гараад, түүний чихэнд хүрч л дээ. Тэгээд "Эднийх шиг ажлаа, спортоо мэдэх хүн та нарын дунд байхгүй, би ч өөрөө мэдэхгүй. Тэгэхээр юу хэлдэг юм" гэсэн удаатай.
Ажиллах боломжийг ч бас хангалттай өгдөг, "ардчилсан" үзэлтэй удирдагч байж. "Ардын эрх"-д байх үеддээ, нэг удаа "За та нар ширээн дээрээ нэг лааз шар айраг тавьчихаад, айж эмээхгүй, нууж хаалгүй чөлөөтэй уугаад юмаа бичиж бай" гээд л эрхлүүллээ, биднийг. Манай "Ардын эрх"-ийн хэд хайрыг нь даалгүй давраад, "нормын" нэг пивоо уучихаад лаазанд нь "цагаан юм" хийчихээд татаж суухгүй юу. Тэгтэл Бал эрхлэгч орж ирээд "хандыг" авалгүй яахав дээ. "Ам цангаад байна, алив наад пивоноос чинь нэг балгаадахъя" гээд л бариад авсан гэдэг. Тэгээд "нормын нэг" ч байхгүй болж, хуурай хууль үйлчилсэн дээ.
Жилдээ биднийгээ хэд хэдэн удаа баярлуулчихнаа. Тэрэлж рүү, "UB-2" руу салхинд хамтдаа хэд хоночихно. Шинэ жилээр бол өөрөө ч "настр" ороод "Улаанбаатар"-т шөнөжин баярлаж хонодогсон.
Эр хүний хувьд ч бас элдэв шан пангүй ээ. Уралдаан тэмцээн болохоор яг яс үзэж, хожигдохоороо нэлээд шар нь хөдлөөд, шүүгчтэй хэрэлдээд, хэн нэгэнтэй нудралцаад ч авч байдаг хээгүй. Хааяа нэг "зуу татчихсан" тууж явна, тоохгүй ээ. Гэлээ гээд ажлаа хийсэн шиг хийгээд, ажиллагсдаа ажиллуулсан шиг ажиллуулж байсныг нь Монголын сэтгүүл зүйд түүний эзэлсэн орон зай бэлхнээ хэлээд өгнөө.
...Ирээд буцдаг энэ хорвоогийн жам хэдий ч дэндүү эрт зуурдаар буцаж буй хүмүүс даанч харамсмаар юм даа. Ид хийж бүтээх насан дээрээ, эх орны маань сор нь болсон сайхан сайхан хүмүүс минь биднийгээ орхин одохоор сэтгэл зүрх минь урагдаж, хий дэмий л харамсах юм даа. Яалтай ч билээ дээ, энэ хорвоог.
Хөгшин буурайдаа жаал хүү нь, хайрт гэргийдээ халамжит хань нь, хөөрхөн үрдээ ачит эцэг нь, хамт олондоо хуурай аав нь болсон, эх орондоо дуурсах нэртэй нэгэн дотны маань хүн бас л бурхны орон руу явчихлаа даа. Тэнд, бурхны оронд, манай энд байдаг шиг атаа жөтөө, адын шунал, албан тушаалын дон, алив муу муухай зүйл байдаггүй, өнгө, мөнгийг тоохгүй, худал хуурмаг, хов жив үйлчилдэггүй болохоор Та нар минь тийшээ яардаг ч байж мэдэх юм даа.
Амгалан энхийн орондоо тайван нойрс доо!
Ум ма ни бад ми хум!
Ц.Энхтүвшин (АНУ)
“Алтайн хөх харчуул” цувралын хоёрдугаар дэвтэрт эрхлэгчийнхээ тухай оруулахаар зэхсэн эхийг “Өнөөдөр” сониндоо нийтлүүлэх зүрх хүрэлгүй шууд л номондоо хэвлүүлээд өнгөрч билээ. Ц.Балдорж минь өөрийнхөө зураг хөргийг сониндоо гаргахад дурамжхан. Ажил төрөл, үйл явдлын хамааралтай ганц нэг кадр гарчихсан тохиолдолд,
-Та нар миний зургийг малтийлгаад яах нь вэ. Зарим хүн буруу ойлгоно. Найзуудаа, юмыг тал талаас нь бодож бай л даа гэдэгсэн. Тэр бичлэгийг “Өнөөдөр”-т хэвлүүлбэл мэдээж,
-Чуяа яаж байна аа, надаас өөр наад сонин дээр чинь бичмээр хүн танд олдмоор юм гэх л байсан. Ном хэвлэлтэд шилжсэний дараахан эрхлэгч минь Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор 2005 оны нэгдүгээр сард шагнуулан бид бүхнийг баярлуулж билээ. Түүнээс хойших олон гэгээн үйлс нь бүдгэрэх яагаа ч үгүй байгаагаас олныг нуршилтгүй.
Толгой манарч бодол үймэрсэн хүнд өдөр редакц хамт олны шийдвэрлэснээр хэдэн жилийн өмнө бичсэн тэмдэглэлийг “Алтайн хөх харчуул”-аас сугалан “Өнөөдөр”-т анх удаа нийтлүүлэхээр шийдэв.
“Алтайн хөх харчуул”-аас бурхан тэнгэр улиран буй онд хайр найргүй сугачих байсныг яаж ч мэдэх билээ. Төрмөл, таримал ухаан, цалгисан их авьяас, халгисан сайхан сэтгэл, эрийн жудаг, нөхрийн түшигт тань хагас жарны хугацаанд л би нөмөрдөх хувьтай байснаа байгалийн хуулиас мэдрэв.
Амьд ахуйд тань тэрлэсэн энэ бичлэг бидний нөхөрлөлийн будаггүй гэрч, миний сэтгэлийн зул, таны олон талт ажил үйлсийн зарим хэсгийн илэрхийлэл болж үлдэг ээ.
«Үнэн» сонины өнөр бүлд Эрхүүгийн их сургуулийг
сэтгүүлчийн мэргэжлээр дүүргэсэн цагаан залуу 1977 онд орж ирж билээ. Төдхөн
хамт олны дунд байр сууриа олж авсан санагдана. Тухайн үеийн боловсон хүчний гол
шалгуур орос хэлийг сайн сурсан байсан нь түүний нэр хүнд төдийгүй ажил
төрөлдөө өсөж дэвших тулгуур болсон нь лавтай. «Ардын эрх» сониныг 1990 онд
гаргаж эхлэх болсноос үүдээд «Үнэн» сонины хэсэг ажилтан төрийн төв хэвлэлийг
эх барьж авахаар өрх тусгаарлахад шинэ сонины нэгдүгээр орлогч эрхлэгчээр тэр
томилогдсон түүхтэй. Иймээс «Үнэн» сонинд ажиллаж байсан үеийнх нь тухай хоёр
баримт бичье.
Москвагийн олимпийн сурвалжлагч
Зуны олимпийн XXII их наадам Москвад болж Монголын дөрвөн бөх Ж.Даваажав, Ц.Дамдин, Р.Даваадалай, Д.Оюунболд нар
хүчтэний медаль авчирч байсныг хүмүүс дурсан ярих
дуртай байдаг даа. Тэдгээр алдартнуудын барилдааныг үзэж, баярласан сэтгэлийн
догдлолоо дарж гүйцэлгүйгээр «Үнэн» сониндоо, чухам нарийндаа бол эх орондоо
мэдээлж явсан азтай, гавшгай сурвалжлагч бол Цэрэндоржийн Балдорж.
Тэр жил олимпийн наадам сурвалжилсан Монголын сэтгүүлчдийн багийн (Д.Базарваань, Ц.Балдорж, Б.Дорж, Ц.Нина, Б.Сугаржав, Ц.Мишигдорж, Ж.Шагдар) гишүүдийн ажлын хуваарийн дагуу «Үнэн» сонины хоёр гэгдэх Ц.Балдорж, Ц.Мишигдорж нар бөхийн барилдааныг сурвалжилж байсан болохоор ард нь үлдсэн бид нөхдийнхөө илгээсэн мэдээ, сурвалжлагыг хамгийн түрүүн хүлээн авч сониндоо нийтэлж байсандаа одоо ч баяртай явдаг. Зөвлөлтийн армийн спортын төв клубт болсон бөхийн чөлөөт барилдааны 74 кг-ын жингийнхнээс дөрөвт үлдсэн хүчитнүүдийн тулааны тухай «Россия» буудлаас утсаар өгч байсан сурвалжлагаас энд хэсэгчлэн сийрүүлмээр санагдав.
«... Дөрвөн бөх дэвжээнд бараг зэрэг гарч ирэв. В.Райчев, П.Пинигин нарын барилдаан эхлээд хоёр минут өнгөрч байхад ЗХУ-ын бөх, Монреалийн олимпийн аварга Павел Пинигин Болгарын залуу бөхийн гарцаагүй мэхэнд орж дал шороодлоо. Зэрэгцээ дэвжээн дээр нь манай Ж.Даваажав, Чехословакийн Дан Карабин хоёрын барилдаан бүтэн гурван үеийн турш маш ширүүн өрсөлдөөнтэй үргэлжлэв. Эхний үед Ж.Даваажав идэвхгүй барилдсан учир дараалан хоёр торгуулчихлаа. Дараа нь мэхээ дутуу хийж ардаа гаргаад оноо 0:3 болов. Хоёр дахь ээлжинд манай тамирчин өрсөлдөгчийнхөө хөлд орж хоёр оноо авав. Карабиныг нэг торгуулж, Даваажав хөлдөө оруулав. Чехословакийн бөх нэг оноо илүүтэй байхад завсарлав. Шийдвэрлэх үеийн барилдаан эхлэнгүүт Даваажав өрсөлдөгчийнхөө ард тойрч гарах, мэхийг нь хариулах зэргээр нэг, нэгээр оноо авсаар 6:5 дүнгээр хожлоо» гэхчлэн бичиж байсан нь «Үнэн» сонины хуудсанд түүх болон үлдсэн бий.
Дээр өгүүлсэн «Россия» буудалд хориод хоног аж төрж, Москвагийн олимпийн наадмын тухай олон сайхан мэдээ сурвалжлага бичсэн сэтгүүлчийг тийшээ явахад нь гомдоочихов уу даа, залуу хүнийг гэсэн бодолтой үдэж байж билээ, би. Аливаа юмны учир нарийн шүү дээ.
Ц.Балдоржийг төгсөж ирэхэд би «Үнэн» сонинд спорт голлон бичдэг, бас зураг авдаг үүрэгтэй байж. Москвад олимпийн наадам эхлэхээс хагас жилийн өмнө намайг гэрэл зургийн тасгийн дарга болгочихлоо. Фотогийн талын ажлаа хариуцаж, сонирхолтойн эрхээр спортын сэдвээр зарим нэг зүйл бичсээр явсан үе. Москвагийн олимпийн наадам эхлэх цаг туллаа. Хүн биеэ голох биш. Бөхөө ч гадарлана, зургаа ч татна, бас бичнэ. Олимпийн наадам сурвалжилна гэсэн цанхаатай явтал таагүй мэдээ чих дэлслээ.
Москвад суугаа «Үнэн» сонины сурвалжлагч маань хэл ус
сайтайгаар нь Ц.Балдоржийг олимпийн наадамд ирүүлээч гэсэн гэж дуулдах нь тэр. Юутай
ч тэр залуу олимпийн наадамд мордох болов.
Москва явахынхаа өмнө надад нэг хүсэлт тавилаа, тэр.
-Чуяа, та барьж байгаа фото аппаратаа надад өгч явуулаач,
би болбол хэдэн зураг дарахыг бодъё гэв.
-Шийдвэр
гаргаад өөрийнхөө нэр дээр болгоод аваад явбал яв гэж муухай аашлаад би
түүнийг гар хоосон явуулсан удаатай.
Фото аппаратаа өгөөгүйдээ гэмшин, түүнийгээ цайруулах санаатай олимпийнхныг Буянт-Ухаагаас үдэхдээ жүдогийн Ц.Дамдинг дуудаж сурвалжлагчтайгаа хамт зогсоогоод зургийг нь авч үлдэж байлаа. Ц.Дамдин ч сайхан барилдсаар мөнгөн медальтай ирснийг уншигч та мэдэх биз. Ц.Балдорж ч сайн сурвалжилж бид бүхнийг баярлуулсан.
Жүдоч, сэтгүүлч хоёрын фотог 2001 онд «Олимпийн медальт монголчууд» номдоо оруулж хорин жилийн дараа «борлуулж» олонд толилуулсан. Москвагаас ирэхдээ Ц.Балдорж ЖЗЛ цувралаар гарсан «Советские олимпийцы» ном, олимпийн таван цагариг бүхий хээтэй зангиа, нэг лонх юм авчирч надад өгөхдөө:
-Үнэндээ, тэр бөхчүүл чинь «орос хэл дээр» барилдахгүй юм байна шүү гээд инээж байсан нь бас учиртай. Аппаратаа өгөөгүйд минь тэр огт гомдоогүй юм билээ. Орос хэл дээр барилдах гэдэг үг анх миний амнаас унасан удаатай. Намайг олимпийн наадам сурвалжилж магадгүй хэмээн тааварлаж байсан хүмүүсээс ганц нэг нь:
-Чи
яагаад явсангүй вэ? хэмээн асууж байж л дээ, тэр өдрүүдэд.
-Тэнд бөх нь орос хэл дээр барилдах юм байлгүй дээ хэмээн би гоншигносон байхгүй
юу. Тэр үг дорхноо тарчихна биз дээ. Тухайн үед Балдорж бид хоёр адил зиндааны
хоёр ажилтан байж. Түүний хувьд олимпийн наадам сурвалжилсан нь редакцийн
даалгавар л биелүүлсэн хэрэг. Өөрөө санаачлаад хөөцөлдөөд нисээд явсан юм
байхгүй л дээ.
Олимпийн сурвалжлагчийн нь тухайд бид хоёрын мэдэх баримт энэ.
Академийн
содон төгсөгч
Олон улсын
сэтгүүлчдийн орос хэлний мэргэшил дээшлүүлэх курс 1987 оны тав, зургадугаар
сарын заагаар Москвад болж таарав. Тэр курст монголоос долоон сэтгүүлч очсоны
хоёр нь «Үнэн» сонины төлөөлөл болж Д.Бодьгэрэл бид хоёр багтсан байлаа. Бодио
маань Германд сэтгүүлчийн мэргэжил эзэшсэн залуу хүн болохоор орос хэлэндээ
сүрхий. Надад дэм түшиг болно. Тэр үед Москвад монгол хүн олон очдог байж,
одоогийнхоос.
ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирант, дэд докторын зэрэг хамгаалж буй нөхрийнхөө урилгаар манай «Үнэн» сонины гадаад харилцааны хэлстийн сурвалжлагч Н.Шүр, Москвагийн Түүх-архивийн дээд сургуулийг төгсөж буй охиныхоо урилгаар миний эгч Р.Лхам хоёр Улаанбаатараас тэнд нэг өдөр бууж байх жишээтэй.
Ц.Балдоржийн цол хамгаалах хуралд хичээлээ таслан, хэрэгт дурлаад очиж суулаа. Эх орондоо байхдаа ч Эрдмийн зөвлөлийн хуралд цөөхөн сууж явсан болохоор сонирхсон хэрэг. Үнэнийг хэлэхэд бөхийн барилдаан, хөлбөмбөгийн тэмцээнийг Москвад хааяа үзэж, дэлхийн аварга А.Карповоос бэлтгэсэн хэдэн асуултдаа хариу авч орос хэлтэй хүн болж явсан надад Эрдмийн зөвлөлийн тэр хурал огт өөр ертөнцөд очсон мэт санагдаж байсныг нуух юун. Москвад миний туслах хэлмэрч байсан Д.Бодьгэрэл шинэ эрдэмтэнд цэцэг гардуулчихаад байр руугаа буцах замдаа миний хагас хугас ойлгосон зүйлүүдийг нэмэн тайлбарлаж өгсөнд тулгуурлаад тэмдэглэлийн дэвтэртээ хэдэн зүйл бичсэнээ дахин «орчуулж» хоёр зүйлийг энд тодотгоё.
Түүний
эрдэм шинжилгээний ажлын удирдагч:
-Өнөөдөр эрдэмтэн болсон залуудаа баяр хүргэе.
Манай энд эрдэмтэд төрж байдаг нь бараг жирийн үзэгдэл. Харин энэ өдөр
нэгэн содон эрдэмтэн тодорлоо. Манай академид хэлний бэлтгэл сайтай хүмүүс
ирдэг. Тааруу зарим нь ирээд хичээж, хэлний мэдлэгээ сайжруулдаг. Сая түүхийн
шинжлэх ухааны дэд доктор болсон нөхөр Цэрэндоржийн Балдорж орос хэлийг маш
сайн сурсан эрдэмтэн. Манай (ЗХУ-ын гэсэн санаа) зарим сонсогчдоос орос хэлийг
илүү мэддэг байснаараа нэг онцлогтой. Би нэг гэдгийг зориуд хэлж байна. Хоёр
дахь онцлог нь бүр содон. Нийгмийн ухааны академийг түүхчид, философичид,
социологчид л төгсөж эрдмийн зэрэг хамгаалж байдагт бид бүр дасчээ. Тэгвэл
өнөөдөр манай академийг жүжгийн зохиолч төгсөж байгаа нь сонирхолтой үйл явдал
боллоо хэмээн өгүүлж билээ.
Драматург гэсэн үгийг хэлэхдээ хоёронтоо давтан хэлсэн нь сэтгэлд үлдсэн байх юм. Энд нэмж хэлэхэд Ц.Балдорж 1989 онд болсон кино зохиолын уралдаанд «Цасан хүн»-ээрээ оролцож түрүүлэн «Үнэн» сониныхноо баярлуулж билээ.
Ядарсан
үедээ түүнийг түшсэн минь оносон
Бүтэн хорин он
дамжин «Үнэн» сонинд ажиллаад би буурь арилжихад тулсан юм. «Үнэн»-д байхад
олон сайхан хүн намайг дэмжиж, ажил, амьдрал минь чамлалтгүй явсаан. Энэ тухайд
жичид нь дэлгэрэнгүй бичиж болох биз ээ.
1994 онд хоёр удаа хүндээр өвчилж хөдөлмөрийн чадвар, бүтээмж минь хэвийн болж чадахгүйд хүрэв. Аливаа хүний ажлын цалин хөлс хийж базаасантай нь холбоотой байдаг жамаар цалин минь хэрэглээнд хүрч ядаад ирсэн үед «Ардын эрх» сонины хаалгыг татаж, Ерөнхий эрхлэгчид нь байдлаа ярилаа. Миний яриаг анхааралтай сонссоныхоо дараа Ц.Балдорж:
-Биеэ сайн бодоорой. Та манай Фото албаны дарга болчих. Одоогийн авч байгаа цалинг чинь хоёр дахин нэмээд цалинжуулчихна. Хэдэн залуу бий. Тэд ажлаа хийчихнэ. Та түүнд санаа зоволтгүй, өөрөө зураг хөрөг авна гээд гүйгээд байх хэрэг гарахгүй байх. Гарлаа ч танд бариулмаар өөдтэй аппарат одоохондоо алга. Нэг хэсэгтээ тэр залуучуудад түшиг болоод амаараа ажиллаад, биеэ сайжруул. За тэгээд та юм бичиж бай. Танд гол анхаарах хоёр зүйл бий. Фото материалын зарцуулалт замбараа муутайхан. Түүнийг сайн анхаар. Хальс, хор, цаасыг хамаагүй үрэн таран хийлгэж болохгүй. Үнэ нь талийлаа. Хоёр дахь нь бүр чухал. Харанхуй өрөө гэж нэг өгөр юм бий. Та юу эс андахав. Хашрууд цаадуулыг чинь элэг бариад энд үе үе архидаж байдаг болсон. Зарим нь ууж сурч байж магадгүй. Түүнийг таслан зогсоо. Таны гол ажил энэ шүү. Би шийдвэр гаргачихна. 15-наас ажлаасаа гараад ирж амжих уу.
Ийн ярилцсаны дагуу би 1995 оны аравдугаар сард «Ардын
эрх» сонинд түүнийг бараадан ирсэн түүхтэй. «Ардын эрх»-ийг шинэ засгийнхан
1996 онд арилгаж, өдгөө «Өнөөдөр», «Өдрийн сонин» хоёрт «АЭ»-ийнхэн хуваагдан ажиллаж явна. Шинэ зам сонгож, ажлаа хөнгөлж, цалингаа нэмсний ачаар
сэтгэл амарч өвчин илааршин нэг мэдэхэд Балыг бараадснаас хойш арваад он улиран
одож. Хэдэн жилийн өмнө жар хүрэхэд минь хадаг барьж, мөнгөн аяга гардуулахад
нь баярлаад:
-Ах нь одоо гэртээ суусан ч болно шүү гэлээ, би. Тэгтэл зүгээр ажлаа л хийж
бай. Би мэдэж байна гэснээс хойш бас хэдэн жил өнгөрлөө. Ядарсан үедээ зөв
хүнээ түшиж хэмээн би ойр дотныхондоо ярьж суудаг минь ийм учиртай.
Номыг нь 10000 дахин өндөр үнээр худалдсан нүгэлтэн би
“Монголын
уран зохиолын дээжис” 108 ботийн 86 дугаарт нь зохиолч Ц.Балдоржийн
бүтээлийг оруулахаар шийд гарсан юм билээ. 2001 оны сүүлээр энэ тухайгаа
зохиолч минь надад дуулгаж, миний «Хурал үргэлжилж байна» ном танд бий билүү
гэж асуулаа. Байлгүй яахав гэсэн чинь
-Та номоо
надад өгөөч. Өөрт ганц ч хувь үлдээгүй байх юм. Тэр л их хэрэг болж байна гэв.
Би:
-Ховор юм үнэтэй шүү дээ. Бас дурсгалтай, гарын үсэгтэй ном. Тухайн үеийн
нь үнийг 10 мянгаар үржүүлээд өгчихвөл зарчихна аа гэж нохойтлоо. Үнэнийг хэлэхэд
хоёр төгрөг 30 мөнгөний үнэтэй номыг арав гаруй жилийн дараа эзэнд нь тэгж
зарах тохиол гарсан юм. Хэрвээ номын зохиогч өрөөндөө юм уу, гадаа
хонгилд надтай уулзаад тэр номоо сурагласан бол би маргааш нь зүгээр авчраад
өгчих байсан, үнэ өртөггүй. Хэргийн учир нь сонины хэд хэдэн уран бүтээлч
залуусын дэргэд номоо надаас сураглаж яриа өрнүүлсэнтэй тэр үнэ холбоотой.
Олонх сэтгүүлч сонинд нийтлүүлсэн мэдээ, материалаа цуглуулж хадгалахгүй мартаж орхидог. Сүүлдээ тэр бүхнийгээ эрж сурж цаг заваа үрдэг. Хэвлүүлсэн номоосоо хэдэн хувийг авч хадгалж сураагүй нь сонин санагддаг.
Тэгээд тэдэнд санаа өгөх үүднээс 10 мянга дахин өндөр үнэ хэлэхэд Эрхлэгч миний санааг ч ойлгоо биз. Бас намайг нэг удаа ч гэлээ бяцхан тэтгэх гээ юү тэр залуусын дэргэд мөнгөө тоолж өгсөн удаатай. Балдоржийн жүжиг, тууж, киног мэдэх хүмүүс Монголд төдийгүй хилийн чанадад байдгийг дээр тодотгосон.
Түмний
мэдэх олон баримтаас цөөнийг түүвэрлэхүй
Зөвхөн бид
хоёрын мэдэх хэдэн баримтыг дээр өгүүлсэн. Энэ хэсэгт олны мэдэх
зүйлүүдийг
товчхон ч гэлээ бичье. «Монголын уран зохиолын дээжис» 108 ботийн 86
дахийг гоё улаан хавтсанд баринтаглажээ. Эхний хуудсыг нээхэд л
Ц.Балдоржийн инээсэн зураг нүдэнд тусна. «Зулцэцэг» туужаар нь эл боть
эхэлж байна. Энд түүний бүх зохиолыг багтаагаагүй нь мэдээж. Ц.Балдоржийн
бичсэн «Өв залгамжлагч», «Батлан даалт», «Эмс», «Хэрээ», «Зэрэглээ» жүжгийг 1980
оны эхнээс хот, хөдөөгийн теарт тавьж эхэлсэн. Тэдгээр жүжиг зарим хүнийг
бухимдуулж, бас нөгөөд нь юм юм бодуулж байсныг гадарлана.
Тэдгээр нь жүжгийн зохиолууд бас нэг уншууртай ном болж чадах нь лавтай. Орос хэлнээс Ц.Балдорж «Г.Панжикизегийн «Нар хиртсэн жил» роман, «Ах дүү Гриммийн үлгэр», Мариэтта Шагиняны зохиол болон өөр бусад номыг орчуулж уншигчдын хүртээл болгосоор явааг энд хэлэх нь зохилтой санагдав. Төрийн шагналт яруу найрагч Дөнгөтийн Цоодол 86 дугаар ботийн өмнөтгөлд бичихдээ,
«Зохиол бүтээл гэдэг бол янз бүрийн хувцас, нас, хүйс, заяанд хувилсан зохиолч өөрөө» гэсэн үнэн үг байдаг. Энэ нь Балдоржийн зохиолуудыг уншихад бүүр ч тодорхой мэдрэгдэнэ. «Түрлэг хүрээгүй дуу» туужийн сэтгүүлч Саруул зохиолчтой өөртэй нь яагаад ч юм бэ тун төстэй. Тэр төвийн том сонинд ажиллаж, будилж, төөрсөн амьдралаа сэргээн төвхнүүлж их нийслэлд жарган сууж болох л байлаа. Гэвч тэгсэнгүй. Хөдөөгийн бөглүү алс руу явах гэснээрээ явсан. Зорьсондоо хүрэх тэмүүлэл, эрч хүч нь эл дол болсон хотоос их аяны дөрөөнд дуудан мордуулав» гэхчлэн бичсэн нь бий.
Ц.Балдоржийг нам төвт тогтолцоонд зангилаатай байсан Монголын сонин хэвлэлийн хуучин хэвшлийг халж, төрийн болон чөлөөт хэвлэл үүсэн бүрэлдэх үйлсийг санаачлан, хошуучлагчдын нэг хэмээн сэтгүүлчийн армийнхан хүлээн зөвшөөрдөг болсоор удлаа. Тэр 1990 онд Монгол Улсын төрийн төв хэвлэл «Ардын эрх» сониныг, 1996 онд анхны бие даасан өдөр тутмын чөлөөт хэвлэл «Өнөөдөр» сониныг үүсгэн байгуулсан сэтгүүлч.
«Ардын эрх» сонины боловсон хүчин, материаллаг баазыг бэхжүүлж чадсан төдийгүй, тухайн үед «АЭ» сонин бодлого, төлөвлөлт, бичлэгийн арга хэлбэр, менежментээрээ сонины шилдэг загвар болж байлаа. «Өнөөдөр» сонин нь өдөр тутмын бие даасан, чөлөөт хэвлэлийн анхны шанг татсан бол бас түүний үүсгэн байгуулсан хэвлэл мэдээллийн хэд хэдэн байгууллагыг нэгтгэсэн ууган сүлжээ нь «Монгол ньюс» компани юм. Тэр сүлжээ өдгөө спортын мэдээллийн «Таван цагариг», амралт чөлөөт цагийн «Ням гариг», хүүхдэд зориулсан танин мэдэхүйн «Би, Би, Би», англи хэлээр гардаг «UB POST» сонин, «MN-25 дугаар суваг» телевизээр түмний танил болсонд эргэлзэх юм алга.
Сэтгүүлч мэргэжилтэн бэлтгэх «Оюуны өргөө» дээд сургууль байгуулж, «Монгол ньюс» компанийн сэтгүүлзүйн материаллаг баазыг түшиглэн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн нь үр дүнгээ өгч эхэллээ. Монголд хариуцлагатай, чөлөөт хэвлэлийг үүсгэн төлөвшүүлэх үйлсэд оруулсан хөдөлмөрийг нь үнэлж Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын менежментийн холбооноос 2002 оны «Шилдэг менежер», Монголын сэтгүүлчдийн нэгдсэн холбоо 2003 онд «Сонины шилдэг менежер» цол өргөмжлөлөө «Өнөөдөр» сонины Ерөнхий эрхлэгч Ц.Балдоржид олгоод байгаа билээ. «Өнөөдөр» сонин 2000, 2002, 2004 онд Монголын «Шилдэг сонин»-оор, 2003 онд «Олон нийтийн шилдэг брэнд»-ээр шалгарсан нь бас Эрхлэгчийнх нь ажил үйлс, амжилт ололтын илэрхийлэл болох нь лавтай.
Өдөр тутмын сонинуудаас анхлан өнгөт хэвлэлийн үйлдвэртэй болж, найман давхар шинэ байртай болсон «Өнөөдөр»-ийг 2004 оны амжилтаар нь Монголын шилдэг сониноор шалгаруулсан учрыг «Мэдээллийн тэнцвэртэй, хүртээмжтэй, өгөөжтэй байх зарчмыг үйл ажиллагаандаа сахиж, загвар, дизайн, редакцийн бүтэц зохион байгуулалт, менежментийн шинэлэг арга барилаараа өдөр тутмын хэвлэлийн загвар, стандартыг бий болгосон тул уншигч, судлаач, мэргэжлийн байгууллагын саналд тулгуурлан 2004 оны Монголын өдөр тутмын шилдэг сониноор шалгаруулж, өргөмжлөв» хэмээн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл тодотгожээ. Энэчлэн түмний мэдэх баримтуудаас үргэлжлүүлэн өгүүлж болмоор байна.
Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул сэтгүүлч, зохиолчийн уран бүтээлийн зах зухад тулгуурлаж, ийнхүү цөөн зүйлийг өгүүллээ. Монгол Улсын анхын ардчилсан парламентад гишүүнээр сонгогдож, шинэ Үндсэн хууль батлалцан, Байгаль орчны байнгын комиссыг толгойлж явсан хийгээд, 1990-1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны даргаар ажиллаж явсан, өдгөө Монголын өдөр тутмын хэвлэл эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч, Монгол, Солонгосын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Монгол Солонгосын форумын Монголын талын тэргүүн, Монгол, Туркийн бизнесийн зөвлөлийн дарга, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч гэхчлэн сонгууль, томилолтоор хийсэн, хийж буй олон талт ажлыг энд багтаан дэлгэрэнгүй өгүүлэх зорилт тавьсангүй ээ.
Р.Чулуун