Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө сумын нутагт Экологийн цагдаагийн алба хаагчид хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр гурван өдрийн гэнэтийн шалгалт хийлээ. Наймдугаар сарын 10-ны өдрөөс 13-ны хооронд бичил уурхай эрхлэгчдийг илрүүлэн шалгасан тус ажиллагааг GoGo.mn хамтран сурвалжилсныг хүргэж байна.
Арван хүний бүрэлдэхүүнтэй шалгах болон сурвалжлах баг шавар шавхай бартаат замаар Ерөө сумын нутагт ирж наймдугаар сарын 11-ны өглөө шалгалтын ажил эхэллээ. Гэнэтийн шалгалт хийх газраа нууцлан ирсэн бидний ирэхийг алт олборлогчид аль хэдийн мэдсэн гэлтэй байсан бөгөөд ихэнх нь техник төхөөрөмжөө нуун, эд хэрэгслээ орхин зугтжээ.
Ерөө сумын нутаг Харганат ам гэх энэ газарт хаашаа л харна ухаж, сэндийчсэн уулын бэл, голын эрэг, овоолсон шороо байх агаад алт олборлох ажиллагааны улмаас голын ус бохирдон өнгө оржээ. "Хэдхэн сарын өмнө ногоо байсан газар ингээд шороогоор эргэлдэх гэж" хэмээн хамт явсан Экологийн цагдаагийн алба хаагчид ярина.
Бичил уурхай эрхлэгч, түүний ажилчид хотгор гүдгэр болгосон шорооныхоо дэргэд жижиг майхан, гэр эсвэл модоор багана хийж юмаар хучсан оромжид амьдардаг аж.
Бичил уурхай эрхлэх гэдэг нь зөвхөн үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй болсон орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд түгээмэл тархацтайгаас бусад төрлийн ашигт малтмал олборлохыг хэлнэ.
Гэтэл эрүүл байсан газрыг ухаж байгаль орчныг бохирдуулж байгаа нь хууль зөрчсөн хэрэг бөгөөд эрүүгийн хуулийн дагуу хариуцлага ногдуулдаг.
Биднийг очиход Ерөө сумын 17 газарт бичил уурхай эрхлэгч 84 нөхөрлөл ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж 1277,6 га газар эвдрэлд оруулсан байв.
Иргэний хуулийн 35.1 зүйлд зааснаар "гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ уг эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээдийг нөхөрлөл" гэнэ.
Хууль бусаар алт олборлож буй этгээдүүдийг олж илрүүлэн ухсан газрыг нь заалгаж, нуусан техникийг нь олохын тулд илүү их хүн хүч хэрэг болсон тул Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас нэмэлт хүч дуудлаа.
Тийнхүү үд дунд ирсэн Сэлэнгэ аймгийн цагдаа нартай хамтран урдаас хойш чиглэсэн хөндийгөөр тархан байрлах бичил уурхай эрхлэгчдийг шалгаж, үзлэг хийж эхэлсэн юм.
Аль нэг уурхайг эрхлэгч этгээд буюу эзэн холбогдогч нь эзгүй ч ажилчид нь байсан тул нуусан техникүүдийг ил гаргууллаа. Тэдний хэлснээр өөр олон экскаватор уул руу орсон гэнэ.
Цагдаа нар дрон нисгэж хөндийн аль нэг хотгор, ухсан нүхэнд нуусан экскаватор, алт угаах төхөөрөмжийг /усан буу/ олж байсан ч ууланд орж модонд нуусан техникийг ийм аргаар олох боломж байсангүй. Иймээс уул руу орсон экскаваторын гинжний мөрийг даган авто машин явах боломжгүй ам бэл, хөвч ой дундуур явган алхаж байв.
Мөр дагасны эцэст нуусан техникийг олж, зургийг нь даран баталгаажуулж байсан ч бүхий л өдрийг зарцуулсан ажил боллоо. Үдэш болоход уурхай эрхлэгчдийн нэр, утасны дугаарыг мэдэж аваад маргааш өглөө Харганатын хөндийд бэлэн байхыг шаардсан юм.
Наймдугаар сарын 12-ны өглөө дуудсан этгээдүүдийн тал нь л ирсэн бөгөөд байцаалт авч ухсан талбай, эвдрэлд оруулсан газрыг заалгалаа.
Эвдрэлд орсон буюу ухаж сэндийлсэн газрыг нөхөн сэргээх үүргийг бичил уурхай эрхлэгчид хүлээдэг ч биелүүлдэг нь цөөн. "Уг нь Сэлэнгийн нутагт ухсан нүхээ бөглөчхөд л байгаль өөрөө сэргээд сайхан болчихно. Говь байсан бол хэцүү. Хүмүүс сэтгэлгүй юм даа" хэмээн нутгийн цагдаа ярина.
Экологийн цагдаагийн алба, Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газартай хамтран Харганат, Мягмарын ам гэх газруудад хууль бусаар ашигт малтмал олборлож байсан нэг аж ахуйн нэгж, нэг нөхөрлөл, 18 иргэний гэмт хэргийн шинжтэй 8, зөрчлийн шинжтэй 1 үйлдлийг илрүүлсэн юм.
Шалгалтын үеэр Харганатын амд бичил уурхай эрхэлдэг нэгэн этгээд өөрийн дүүгээ уурхайд ажиллуулж байсан ба дүү нь 16 настай гэв. Гэвч бичил уурхай эрхлэгч этгээд нь 18-аас дээш насны иргэнийг уурхайд ажиллуулах ёстой хэмээн Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” журамд заасан бий.
Уурхайн ажилчдын амьдарч буй орчин нь бохир, ариун цэврийн ойлголтгүй гэмээр байснаас гадна дуртай газраа бие засаж, хогоо хаяж байлаа.
Харганатын амнаас салаалан Зүүн зүгт Мягмарын ам гэх газарт өмнө нь ашигт малтмал олборлож байгаагүй аж. Гэтэл бичил уурхай эрхлэгчид тус аманд шинээр газар ухаж, уул өгсөн олборлолт хийж байсныг илрүүлсэн юм.
Энэ нь мөн л хориотой үйлдэл бөгөөд Ерөө сумын 2-р багт оршин суудаг иргэн У, Ө, М, Ч нар нь бусадтай бүлэглэн хууль бусаар ашигт малтмал олборлосон үйлдлийг илрүүлэн 6 экскаватор, 5 зил-131 автомашин, 4 алт угаах төхөөрөмжийг битүүмжлэв.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг 2019 оны наймдугаар сарын 21-ний өдрөөс есдүгээр сарын 05-ны өдрийн хооронд Ерөө сумын нутаг дэвсгэрт гэнэтийн шалгалт хийж байсан. Тухайн үед 62 нөхөрлөл, 295 иргэний үйл ажиллагааг зогсоож, 119 экскаватор, 47 ковш, 8 бульдозер, 97 ачааны машин, 71 усан буу, 203 монгол гэрийг албадан буулгаж, талбайг нь чөлөөлж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газраас арваннэгдүгээр сар хүртэл хамгаалалтад авч байв.
Үүнтэй адил хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дахин 5 цэгт хяналтын пост ажиллуулах шаардлагатай байгааг цагдаа нар хэлж байлаа.
Харганат, Мягмарын амын шалгалтаар ойролцоогоор 230 грамм алт, Экскаваторын 1 ширхэг компьютерыг эд мөрийн баримтаар хураан авч, ашиглаж байсан 16 экскаватор, 5 зил-131 автомашин, 5 ковш, 4 монгол гэр, 6 майхан, 15 алт угаах төхөөрөмжийг битүүмжлэн шалгасан юм.
Ерөө сумын Засаг дарга М.Ганбаатарыг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа бөгөөд түүний 2019 онд 92 бичил уурхай эрхлэгч нөхөрлөлтэй ашигт малтмал олборлох гэрээ байгуулан 165,6 га талбайг олгосон нь байгаль экологид хохирол учруулж газрын хэвлийн их хэмжээгээр эвдэгдэх шалтгаан болсон гэж цагдаагийн албанаас үзэж буй.
Бичил уурхай эрхлэгчид гэрээ, журмыг зөрчин ногдол талбайгаа хэтрүүлсэн нь давхар хараа хяналт сул байгаагийн илрэл мэт. Экологийн цагдаагийн албанаас зохион байгуулсан гэнэтийн шалгалттай ижил үйл ажиллагааг олон давтамжтайгаар чанартай хийвэл газрын хэвлийг эвдэрсний дараа бус эвдрэхээс өмнө урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэх биз ээ.
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нэгж талбайн хэмжээ 5 га-аас ихгүй байх ба тухайн жилд нэг сум, дүүргийн нутаг дэвсгэрт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбайн тоо 10-аас илүүгүй байх ёстой.