Өвлийн урт улиралд цөөвтөр шувуу л ажиглах боломжтой учраас сонирхогчид шувуу олноороо ирэх урин дулаан хаврыг их хүлээдэг билээ. Өнгөрсөн хаврын эхээр цас хайлмагтсан сайхан цэлмэг нэгэн өглөө тэссэнгүй, бидний хэдэн найз шувуу харахаар Төв аймгийг зорьлоо. Дэлхийн шувуудад нэг чухал бүс нутагт зүй ёсоор ордог манай оронд ийм 38 газар байдгийн нэг нь ханан байц хад ихтэй Эрдэнэсантын үзэсгэлэнт уулс бөгөөд энд нас бие гүйцсэн зарим махчин шувууд суурин амьдрардаг юм.
Уулын урдуур тойроод явж байтал нэг Нөмрөс тас (Aegypius monachus) харлаа.
Өөр нэг нь үүрээ сэлбэхээр мөчир зөөгөөд тун завгүй байгааг хараад урин улирал ойртож, удахгүй нүүдлийн шувуу харах нь хэмээн сэтгэл баяслаа.
Түр саатан ажиглавал таснууд элгэн хадны энгэрт үүрээ зассан харагдана.
Удалгүй нэг Шилийн сар (Buteo hemilasius) нисч өнгөрлөө. Харин зураг авахад хол зайтай байх бөгөөд бид ч өөр шувуу харчих санаатай тул цааш явлаа. Нутгийн айлын залуутай таарч, учраа хэлэн сураглатал ашгүй сүүлийн хэд хоногт бидний хайсан шувууг харсан гэж өгүүлээд нэг чиг зааж өглөө.
Ханан байц уулын бараан дэвсгэрт алсаас нэг шувуу олж хараад дурандвал тэр нь бидний хайсан шувуу мөн байлаа. Түүнийг алгуурхан дагасаар эгц өндөр, цавчим хясааны хөмөгт үүрээ зассан газрыг нь олсон юм. Өндөр элгэн хадны хөмөгт зассан тэр үүр рүү ойртох дөхөх ямар ч аргагүй. Харин зэргэлдээ орших өндөр ханан уулын дээр авирч гарч чадвал үүрний хажууг нэлээд зайнаас хэдий ч ажиглаж болох санаа гарч ярилцлаа. Миний хувьд ийм өндөр уул хад руу авирахаас айгаад татгалзах бодолтой байвч залуу нөхөд маань шахснаар өндөр элгэн хавцал өөд гарахаар болов. Авирч мацахад маш хэцүү байвч мөлхсөөр нэг юм дээш гарлаа.
Уулын оройн хадны завсраар хэвтсэн бидний дээгүүр нэлмийсэн том сүүдэр нөмрөн өнгөрлөө. Тэрбээр толгойгоо үл ялиг хазайлган, тод улаан шар өнгийн нүдээр биднийг цоргих мэт ширтээд дээгүүр өнгөрнө.
Ойрхон харсан болоод ч тэр үү, үнэхээр том шувуу юм аа. Эсгий мэт зузаан ширэлдсэн өдтэй, ухаа шаргал цээж, хэвлийн доошоо хар хумстай савраа базаад жийсэн нь нүдэнд тод тусна. Айхгүй ч гэсэн аягүй гэдэг шиг дээш харж хэвтээд зураг дарахын зуур тээр доор байгаа бид ч ишиг хурганаас томгүй юм түүнд харагдаж байгаа даа гэсэн бодол толгойнд зурсхийх аж. Энэ бол өндөр уулын эзэн Ооч ёл (Gypaetus barbatus).
Ёлын биеийн урт 1000-1300 мм, 4500-7000 грамм жинтэй, том биетэй, далавчаа дэлгэхэд 2.3–2.8 m метр урт гэж шувуу судлаач эрдэмтэн Н.Цэвээнмядаг, Б.Нямбаяр нарын “Монгол орны түгээмэл шувуудыг таних ном” зэрэг ном бүтээлдээ дурьдсан байдаг.
Ёлыг ойроос харахад үнэхээр үзэсгэлэн төгөлдөр юм билээ. Урт зэвэн сүүл, нарийхан далавчтай учраас өөд чиглэсэн агаарын дулаан урсгалд хавцал дундуур халин нисэхдээ гарамгай гэнэ. Нисч байгаа ёл шувууны зургийг оршин амьдарч буй тэр халдашгүй өндөр, ханан хавцлын дэвсгэр дээр авах санаатай явсан маань бүтэж, бидний дээгүүр нэлээд хэд эргээд хавцал руу доошлох үед ёлын зургийг дарж амжаад сэтгэл баяслаа.
Ийм сүрлэг том шувуу мөртлөө бас их сониуч бололтой бидний дээгүүр хэдэнтээ тойроод үүрэндээ суулаа. Тэр урт сүүл нь удаан цогнойж зогсоход тээртэй байдаг гэнэ.
Өндөр уулсынхаа эзэн маань ташаагаа тулаад зогсож байгаа эр мэт санагдлаа. Энэ шувуу дүн өвөл үржилд орж, хоёр өндөг гаргаад хоёр сар орчим дарах ба хавар эрт ангаахай нь гардаг ажээ. Үүрэнд нь ангаахай харагдсангүй тул энэ шувууг өндгөө дарах ажлаас нь удаан хөндийрүүлэхээс болгоомжлоод бид ч буцлаа.
Энэ явдлаас хойш хоёр долоо хоногийн дараа дөрөвдүгээр сарын дундуур өнөөх үүрээ харахаар очлоо.
Үүрэнд нэг ангаахай хөдлөөд хоол нэхээд байгаа бололтой харагдана. Ёл нэгээс хоёр өндөг дарах бөгөөд нэг л ангаахай өсч ториноно. Эх, эцэг нь ангаахайдаа гурав, дөрвөн сарын туршид хоол идэш авчран хооллодог ажээ.
Дурангийн зай сайн хүрэхгүй тул нэмэлт уртасгагч залгаж байж муухан хэдэн зураг авсан билээ.
Хуучин танил хос ёл маань бидний дээгүүр дурамжхан эргэх нь үр хүүхдээ өсгөж ядаж байхад нь тээр болоод байгааг илэрхийлэх мэт. Тийм ч учраас бид удсангүй уулнаас буулаа.
Өрнөдийнхөн энэ шувууг хурга ишиг, балчир хүүхэд шүүрдэг, Ламмергейер буюу хурганы ангууч хэмээн нэгэн үе ташаарч, ихэд зэвүүцэн устгаж дуусгасан бол одоо нөхөж сууришуулж хамгаалж байгаа гэнэ. Гэтэл энэ шувуу сэг зэм, ясаар хооллох боловч хааяа сул дорой жижиг хөхтөн амьтан барьж иддэг ажээ. Том булуу ясыг өндөрт өргөж нисээд доошоо хад чулуун дээр хаяж хагалаад эн түрүүнд чөмгийг иддэг сонин дадал зуршилтай шувуу юм.
Ёл шувууг эрүүний дор харагдах ооч сахлаар нь монголчууд ийн нэрийджээ.
Хаврын аяллын дараахан шувуу сонирхогч анд Х.Түмэндэлгэрийн маань хичээл зүтгэлээр, Монгол орны ховор шувуудын нэг болсон Ооч ёлыг Өмнөговь аймгийн бахархалт шувуугаар батлан зарласан сайхан мэдээ сонсож билээ.
Жич: Та бүхэн Л.Жаргалсайханы фликр цомогт нэвтрэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу.