ШИЛ, ШИЛЭН ЭДЛЭЛИЙН ИМПОРТ ДАГАН БАГАГҮЙ ХЭМЖЭЭНИЙ ВАЛЮТ ХИЛИЙН ЧАНАД РУУ УРСАЖ БАЙНА
Таны ундааг нь уугаад хаясан лонх ам.долларын ханшийг өсгөдөг. Итгэмээргүй бас инээд хүрмээр сонсогдож болох ч энэ бол бодит үнэн. Учир нь хүн амын хэрэглээнд жин дардаг шил, шилэн эдлэлийн дотоодын зах зээлд импортын түүхий эд, бүтээгдэхүүн ноёлсоор байгаа юм. Нийслэлийн төвд сүндэрлэж буй гял цал, гоёмсог байшингийн фасадаас эхлээд барилгын цонх, аяга шаазан, нүдний шил, гэрлийн чийдэн, ус ундааны лонх гээд монголчуудын шилний хэрэглээ жилээс жилд нэмэгдсээр байна.
Өмнө нь голдуу ахуйн хэрэглээнд эрэлттэй байсан энэ төрлийн бүтээгдэхүүн эдүгээ барилга, бүтээн байгуулалтын гол түүхий эдийн нэг болж, бидний хэрэглээ улам төрөлжжээ. Гэхдээ энэ өсөлт, өөрчлөлтийг даган Монголоос гарах валютын урсгал урам эрчимжсээр байгаа юм.
Бидний тэр бүр анзаардаггүй ч амьдралын олон талт хэрэглээ болсон шилний зах зээлд эргэлдэх мөнгө тогтвортой өссөөр байна.
Гаалийн ерөнхий газрын мэдээллээр Монгол Улс энэ төрлийн бүтээгдэхүүнийг хилийн чанадаас худалдан авахад ойролцоогоор 150 орчим тэрбум төгрөг зарцуулдаг байна. Хэрэглээ нь солонго адил олон салбарт салаалдаг шил, шилэн эдлэлийн импорт даган ийнхүү багагүй хэмжээний валют хилийн чанад руу гадагшилж, Монгол Улсын урсгал тэнцэл уруудах, ам.долларын ханш өсөх нэг шалтгаан болж буйг банкны салбарынхан хэлдэг юм.
Шил авахаар урсгаж буй нийт валютын талаас илүүг нь ахуйн хэрэглээний буюу лонх, сав, вааранд зарцуулдаг байна. 2018 оны байдлаар Монгол Улс 118 сая ширхэг шилэн лонх, сав, ваарыг нийт 33 сая ам.доллараар худалдан авчээ. Үүн дээр нэмээд барилга, бүтээн байгуулалтын зориулалт бүхий шилний эрэлт сүүлийн үед эрчтэй өссөн. Шилээр хот сүндэрлүүлэх дэлхийн барилгын шинэ хандлага Монгол Улсыг ч дайрч, томоохон хотуудын төвд хаашаа л харна шил толь болсон өндөр цамхгууд нүд гялбах болсон.
Монгол Улс энэ төрлийн барилгын материалын түүхий эдэд ойролцоогоор 12 сая ам.доллар зарцуулдаг аж. Ингээд зогсохгүй гоёл чимэглэл, дохиоллын шилэн зүйлс, чийдэнгийн шил гээд бидний амьдралын салшгүй хэрэглээ болсон шилэн зүйлс мундахгүй. Наанадаж л зун, хаврын энэ хавсаргатай өдрүүдийг нүдний шилгүйгээр туулах улам амаргүй болж буй.
Бидний тэр бүр анзаардаггүй ч амьдралын олон талт хэрэглээ болсон шилний зах зээлд эргэлдэх мөнгө тогтвортой өссөөр байна. Сүүлийн жилүүдэд шилэн фасадны эрэлт өссөнөөр дотоодын хэд хэдэн үйлдвэр энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Тухайлбал, орон сууцны цонх, шилэн фасад, шилэн хийцүүдийг хийж байгаа “Шилэн хийц”, “Макс шил”, “Шилмэл шил” зэрэг 10 гаруй компани үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ гол түүхий эд болох шилээ бүгд гадаадаас импортоор авч, эх орондоо боловсруулж буй. Учир нь энэ төрлийн үйлдвэрлэл хүний амь нас, эрүүл мэндтэй нягт холбоотой тул чанар, аюулгүй байдал нэн тэргүүнд тавигддаг. Тиймээс өндөр стандартын шаардлага хангасан түүхий эдийг үйлдвэрлэлдээ ашиглахыг илүүд үздэгээ дотоодын компаниуд учирладаг.
• Шил авахаар урсгаж буй нийт валютын талаас илүүг нь ахуйн хэрэглээний буюу лонх, сав, домбо, вааранд зарцуулдаг байна.
• 2018 оны байдлаар Монгол Улс 118 сая ширхэг шилэн лонх, сав, домбо, ваарыг нийт 33 сая ам.доллараар худалдан авдаг байна.
• Сүүлийн жилүүдэд шилэн фасад эрэлт өссөнөөр дотоодын хэд хэдэн үйлдвэр энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ.
Харин лонхны үйлдвэр тун ховор байна. Уг нь социализмын үед Налайхад шилний үйлдвэр ажилладаг байлаа. Хэдийгээр уг үйлдвэрийн бүтээгдэхүүн, үзэмж, чанараар өндөр байгаагүй ч дотоодын шилэн сав суулганыхаа хэрэгцээний тодорхой хувийг хангадаг байв. Харамсалтай нь цор ганц байсан тус үйлдвэр зах зээлийн шуурганаар үүд хаалгаа барьсан билээ. Гэсэн ч бид шилэн лонхны хэрэглээгээ хилийн чанадаас сая саяар импортолсоор байна.
Цаашлаад бид 30 сая ам.доллараар худалдан авдаг архи ундааны шилийг нэг удаагийн цаасан аяга шиг шууд л хаячихдаг. Бид шилээ боловсруулах үйлдвэргүй тул импортын шилнүүдээ эцэст нь дотоодын хог хаягдал болгож буй нь байгаль орчны салбарынхны толгой өвчин боллоо.
Монгол Улс цахиурын агууламжтай элсний нөөцтэй гэдгийг эрдэмтэд хэлдэг. Гэхдээ хавтгай шилний үйлдвэрлэлийн үндсэн шаардлагыг хангасан түүхий эдийн олдоц бага байдаг аж. Хэдийгээр Монгол орны томоохон голын ай сав газруудад энэ төрлийн түүхий эдийн нөөцтэйг судлаачид тэмдэглэсэн ч 99 хувийн цахиурын агууламжтай элсний нөөцийг албан ёсоор тогтоосон дорвитой судалгаа ховор байна. Учир нь энэ чиглэлээр судалгаа хийх лаборатори, техник тоног төхөөрөмж сул юм.
Иймд гудамжинд хөглөрч, хогийн цэгүүдэд төвлөрдөг лонх болон бусад шилэн эдлэлүүдийг дахин боловсруулах нь хамгийн боломжит гарц аж. Хаягдал шилийг буталж элс болгоод, шохойн чулуутай хольж, тусгай барьцалдуулагчаар бэхжүүлэн, импорт орлох хиймэл чулуун тавцан хийсэн туршлага, технологи, тоног төхөөрөмжийг иргэд, аж ахуйн нэгжүүд оруулж иржээ. Гэвч түүхий эдээ татан төвлөрүүлэх тогтолцоо бүрдээгүй зэрэг шалтгааны улмаас үйлдвэрлэл нь зогсонги байна.
Монгол Улс шил, шилэн эдлэлийн импортод ₮150 орчим тэрбумыг зарцуулдаг
Харин өнгөрсөн оны сүүлчээр “Наран туул трейд” компани итали, германы компанитай хамтран хоногт 90 тонн шил хайлуулах хүчин чадалтай, шилэн лонхны цогц үйлдвэр ашиглалтад оруулахаар зорьж байгаа аж. Төлөвлөгөөний дагуу уг үйлдвэр 2020 он гэхэд анхны бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхийг тус компани мэдээлсэн. Нэг хүнд ногдох согтууруулах ундааны үйлдвэрлэл, хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг Монгол Улсад ахуйн хэрэглээний шил, шилэн эдлэл боловсруулах үйлдвэр тул шаардлагатай.
Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд зэс боловсруулах, нефть нэрэх зэрэг том том үйлдвэр мөрөөдсөөр ирсэн атлаа эх орны эдийн засаг болон иргэдийн амьдралд нэн чухал үүрэгтэй шил, барилгын материалын үйлдвэрлэлийг тэр бүр чухалд тооцож, төрийн бодлогоор дэмжиж байсангүй. Биднийг том том төслүүд ярьж, хоосон мөрөөдсөөр суух зуур энэ чиглэлийн үйлдвэрлэл, зах зээл мартагдаж, бизнесийн утгаар урагшилж чадахгүй болох нь.
Хэдийгээр шил, шилэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зах зээлийн хэмжээ, хөрөнгө оруулалтаар хүнд үйлдвэрлэлтэй харьцуулахад бага боловч Монголын эдийн засаг, гадаад худалдаанд үзүүлж буй нөлөө нь чамлахааргүй юм. Бидний хог болгоод хаячихдаг шил, шилэн бүтээгдэхүүний цаана өндөр өсөлт, бизнесийн таатай боломж нуугдаж байна.
Дэлхий даяар хүн амын эрүүл мэнд, экологийн тэнцвэрт нэн халтай хуванцраас татгалзах хандлага газар авч буй энэ үед шилэн эдлэлийн хэрэгцээ ирээдүйд өсөх нь ойлгомжтой. Тиймээс ахуйн хэрэглээний шилний үйлдвэрийг сэргээх шаардлага тулгарсаар байна. Нөгөө талд, зуу хүрэхтэй үгүйтэй жилийн хугацаанд суурин иргэншилд шилжиж буй монголчуудын хотжилт энэ зуунд үргэлжилж, энэ хэрээр барилга, бүтээн байгуулалтын түүхий эдийн эрэлт өсөх нь ойлгомжтой. Энэ нь ирэх жилүүдэд ч барилгын салбарт ашиглах гадна, дотор фасад болон цонхны шилний эрэлтийг өндөр хэвээр хадгалах нь ойлгомжтой.
Үүнээс үзэхэд ахуйн болон бусад шил, шилэн эдлэлийн эрэлт өсөх нь тодорхой. Энэ салбарыг татварын болон бусад бодлогоор дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг хөл дээр нь зогсоох болон шилэн эдлэлийн түүхий эдийн хайгуул, судалгааг эрчимжүүлэх шаардлага байна. Ингэснээр Монгол Улсад импорт орлох дотоодын үйлдвэрлэлийг цогцлоож, ажлын байрыг нэмэгдүүлэх сайн талтай. Цаашлаад жил бүр хилийн чанад руу сая саяар нь шилжүүлдэг валютын урсгалыг дотооддоо нь тогтоож, ам.долларын ханшийн өсөлтөд хаалт тавих юм.
Г.Байгал