Уул, уурхайн компаниудын удирдлагын “бослого” тэмцлийн үр дүнд уурхайнуудын нүүрсний үнийг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж тэдгээрийн санхүүжилтэд зориулан Засгийн газраас 7.6 тэрбум төгрөг өгөх болсон тухай болон нүүрсний үнийг нэмэгдүүлэх нь дулааны үнэд нөлөөлөхгүй, харин цахилгааны үнийг “бага зэрэг хөдөлгөхөд” хүргэж, аравдугаар сарын 1-ээс нэг квтц цахилгааны үнийг хоёр төгрөг 25 мөнгөөр нэмэхээр шийдвэрлэснийг Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат наймдугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн билээ. Салбар хариуцсан сайд цахилгааны үнэ нэмэх нь ард түмэнд хүнд тусна гэдгийг мэдэрч, нүүрсний үнийг 3000-4500 төгрөгөөр нэмэгдүүлэх асуудлыг энэ удаа хойшлуулж чадлаа.
Эрчим хүчний үнэ, тарифын бодлогыг зохицуулдаг Засгийн газрын байгууллага бол Эрчим хүчний зохицуулах газар /ЭХЗГ/. Гэтэл энэ байгууллага нь дулаан, цахилгаан станцуудад нийлүүлэх нүүрсний үнийг нэмэгдүүлэх асуудлыг сайдад тавьсан нь огт ойлгомжгүй байна. Ойлгомжгүй байгаагийн учир нь цахилгааны үнийн дотор дулааны өөрийнх нь борлуулалтын орлогоос давж гарсан дулааны зардлын татаас болох жил тутамд 20 гаруй тэрбум төгрөгийн зардал сууж байгаа нөхцөлд тэртээ тэргүй орлого багатай хэрэглэгчдийг цахилгаанаа худалдан авах чадваргүй болгох хоёрдугаарт, зах зээлийн өрсөлдөөний орчинд дулааны хэрэглэгчдийн өмнөөс цахилгааны хэрэглэгчид нь дулааны төлбөр хийнэ гэсэн ойлголт хэзээ ч байж болохгүй тул цахилгаан хэрэглэгчид нь төлбөрөө хийхээс татгалзахад хүргэнэ гэдгийг мэдсээр байж ЭХЗГ нэмэх саналыг сайдад өгсөн байна. Хэрэв дээрх хоёр шалтгаанаар цахилгаан хэрэглэгчид төлбөрөө хийхээс татгалзсан тохиолдолд “хэргийн эзэн” ЭХЗГ уснаас хуурай гарч, харин цахилгааны үнийг нэмэх тухай шийдвэр гаргасан сайд буруутан болж таарах нь.
Уг нь ЭХЗГ дулааны зардлын 20 гаруй тэрбум төгрөгийн татаастай цахилгааны үнийг нэмэгдүүлэхийн оронд, юуны өмнө дулааны татаасыг бүрмөсөн арилгаж болдоггүй юм аа гэхэд ядаж “нимэглэх”-д үйл ажиллагаагаа хандуулах нь зүйтэй байсан болов уу.
Өнөөдөр төмсний цардуулаар хийсэн 30 граммын жинтэй хөөсөнцөр чипсийг 200 төгрөгөөр борлуулж байхад орон сууцанд амьдарч байгаа иргэд нэг ам.метр талбайн халаалтын хөлсөнд 191-192-хон төгрөг төлж байна. Зөвхөн орон сууцны халаалтын хөлсийг бага шиг нэмэх нөхцөлд дулааны татаасыг хэр зэрэг “нимэглэж” болохыг жишээн дээр харуулья.
Хэрвээ 2007 онд цахилгаан түгээлт өнгөрсөн оны түвшинд байдаг юмаа гэж үзвэл цахилгааны үнийг хоёр төгрөг 20 мөнгөөр өсгөхөд борлуулалт 6154.28 сая төгрөгөөр нэмэгдэх бөгөөд түүнийгээ орон сууцны халаалтын нэг ам. метр дулааны үнэд шилжүүлж тооцвол одоогийн мөрдөж байгаа үнэ 30 төгрөгөөр нэмэгдэж 221 төгрөг хүрэх болж байна. Орос ах нарын барьсан есөн давхар орон сууцны тусдаа гал тогоотой, гурван өрөөтэй нэг айлын ашигтай талбай /гал зуух, коридорын талбайг оролцуулаад/ нь 46 ам.метр бол 191 төгрөгний үнээр сардаа 9664 төгрөг, нэмэгдүүлсэн 221 төгрөгийн үнээр бол 11182 төгрөг буюу нэмж 1518 төлөхөөр байна.
Хэрэв ЭХЗГ-аас цахилгаан станцуудад төлөх дулааны төлбөрийг нэмэгдүүлсэн бол дулааны татаас 6154.28 сая төгрөгөөр буурч, цахилгааны үнийг хоёр төгрөг 20 мөнгөөр бууруулах боломж гарах байлаа. Цахилгааны үнийг нэмэгдүүлж болохгүйн учир шалтгаан үүнд л оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн цахилгаан, дулааны үнийг аль нэг тал дээр нь нэмж хөөрөгдүүлэхгүйгээр төлбөрийн чадварыг тэнцвэртэй байлгах гэсэн санаа билээ.
Ер нь хүн бүр яагаад тэр их олон сая төгрөгөөр үнэлэгддэг орон сууцанд орох гэж тэмүүлээд байдаг юм бэ гэсэн асуултад хариулт авахын тулд орон сууцанд амьдарч байгаа айлын зөвхөн дулаан /халаалт, халуун усны хэрэглээ/ гэхэд л хэдэн төгрөгний зардал гаргаж байгааг, мөн гэрт сууж байгаа айлын дулааны хэрэглээнд хэдэн төгрөг зарцуулж байгаатай харьцуулан үзэцгээе. Дээр дурдсан 46ам.метр талбайтай айлын жишгээр бол халаалтын улирлын бүтэн найман сард орон байрныхаа халаалтад 89456 /НӨАТ-тай/ төгрөг төлөх болж байна. Эднийх зургаан ам бүлтэй гэвэл өрхийн халуун усны хэрэглээнд нэг хүн сард 682 /НӨАТ-тай/ төгрөг төлдөг. Тухайн өрхийн халуун усны хэрэглээний зардалд жилдээ 49104 төгрөг, халаалтын зардалтайгаа нийлээд бүгд 138560 төгрөг төлөх болно.
Тэгвэл таван ханатай гэрт суудаг нэг айл зөвхөн халаалтынхаа хэрэгцээнд зориулж есдүгээр сарын 15-аас тавдугаар сарын 15-нд дунджаар таван тонн нүүрсийг 160000 төгрөгөөр, нүүрсний асалтыг тэтгэх зориулалтаар хоёр шоо метр модыг 70000 төгрөгөөр худалдан авч хэрэглэдэг гэвэл гэрийн халаалтын нийт зардал нь 230000 төгрөг болно. Иймэрхүү байдал, тухайлбал, орон сууцанд оршин сууж байгаа айлын дулааны зардал нь гэрт амьдарч байгаа айлын зардлаас 3.74 дахин үнэтэй халуун усны задгай зарцуулалт, бүх үйлчилгээний бэлэн зэлэн байдал зэрэг нь хүн бүрийг орон сууц гэгч “бэлэн” юм руу тэмүүлэхэд хүргэж байна.
Цахилгаан станцуудад 7540-10700 төгрөгийн өөрийн өртгөөр үйлдвэрлэсэн нэг Гкал дулааныг орон сууцны нэг ам.метр талбайн халаалтад 191 төгрөгөөр, орон сууцны хороололд амьдарч байгаа иргэн бүр бүтэн сарын туршид хэрэглэх ахуйн хэрэгцээний халуун усыг 620 төгрөгөөр буюу бараг “хагас литр” шар айрагны үнээр өгч байгаа нь даанч яав даа гэсэн хэтэрхий бага үнэ, цахилгаан станцуудын ажиллагсдын хөдөмөрийг үгүйсгэсэн үнэлгээ гэж үзэх ёстой.
Тийм ч учраас ЭХЗГ-ын эрхэм зохицуулагчид маань эрчим хүчний үнэ тарифдаа яаралтай өөрчлөлт оруулж, ялангуяа, дулааныхаа үнийг өдий хүртэл ийм доод түвшинд “барьж байх” гэсэн арга барилаасаа салмаар байна. Орон сууцанд оршин сууж байгаа айлын дулааны хөлсийг нэмэгдүүлэх замаар цахилгааны үнэд суулгасан дулааны татаасыг аль болохоор багасгаж, улмаар цахилгааны үнийг дулааны татаасаас чөлөөлөх асуудлыг ЭХЗГ-аас эрчим хүчний салбар, түүний дотор цахилгаан станцуудыг зах зээлийн өрсөлдөөнд орохоос өмнө шийдэх хэрэгтэй. Хэрэв цахилгааны үнэд суулгаж өгсөн дулааны зардлын татаасыг “тэглэж” өгөхгүй л бол Монгол Улсад эрчим хүчний хэрэглээний зах зээл гэгч юм хэзээ ч хөгжихгүй. Энэ бүхэн нь орон сууцны хорооллын байруудад амьдарч буй айл өрхийн дулааны төлбөрийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүргэж байна.
Э.Цэгмид /эдийн засгийн ухааны доктор/