…Малчин залуу чонын хоёр бэлтрэгийг ээлжлэн өшиглөн унагалаа. Нялх амьтан
нүдээ нээгээд хэдхэн хонож байгаа аж. Бэлтрэгүүд зүрх зүсмээр гунигтайгаар
гаслан гийнаж, айн чичирч байв. “Энэ муусайн чононуудыг бүгдийг ална аа. Хамаг
хонь бариад дуусгаж байна” хэмээн залуу өширхөн өгүүлнэ. Том хар бакаалиараа
дахиад л эвхэртэл нь өшиглөөд авав. Би удаан харж тэссэнгүй. “Амьтныг зовоож байхаар
шууд буудчихаач, ямар муухай зэрлэг юм бэ” хэмээн өмөөрч орхилоо.
Тэнд байсан малчид мөнөөх амьтныг өрөвдөх шинж огт байсангүй. Харин ч дайсныг
нь өмөөрсөн над руу сүрхий том харцгааж билээ. Архангай аймгийн нутгаар хоёр
жилийн өмнө явж байхдаа таарсан энэ явдал санаанаас огт гардаггүй юм. Тэр үед
нутгийн малчид чоно устгах “их аян” өрнүүлж, үүрнээс нь бүх бэлтрэгийг
хулгайлан алж байсан нь энэ аж. Угаасаа сүүлийн үед чоно мал руу дайрах, үүр
шөнөөр хот руу нь үргэлж довтлох явдал байнга гарах болсон. Судлаачдын
тайлбарлаж буйгаар энэ нь чонын тоо толгой өссөндөө биш, зэрлэг ан амьтан
ховордож, барьж идэх амьтангүй болсонтой холбоотой аж.
Монголд саарал чоныг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнаж болдог. Харин
дэлхий дахинд энэ амьтан CITES-ийн хоёрдугаар хавсралтад багтжээ. Тухайн улсаас
гадагш гарах тохиолдолд заавал экспортын зөвшөөрөл олгох байдлаар хяналт тавьж
байна. Өнгөрсөн зуунд дэлхийн олон орон чоныг барих, хордуулах, олноор нь
устгасныг шагнах зэрэг их ангийн аян зарладаг байжээ. Ингэснээр олон газар
нутагт чоно бүрмөсөн устахад хүрсэн түүх бий. Ихэнхдээ баруун Европын улсууд,
АНУ, Япон чонынхоо нийт тархацыг сүүлийн жилүүдэд 30 хувиар бууруулсан байна.
Гэхдээ дэлхийн олон орон сүүлийн 20 гаруй жил чоныг сэргээн нутагшуулах
хөтөлбөр хэрэгжүүлснээр тоо толгойн ховордол багасч эргээд суурьшиж эхэлжээ.
Харамсалтай нь Монголын чонын тоо толгойг судлаачид зөвхөн таамаглах төдийгөөр
мэдэж байна. Энэ амьтны нягтшил, тархац, сүргийн хэмжээ, байршдаг газар нутгийг
тодорхойлох зэрэг судалгаа урд нь огт хийгдээгүй юм байна. Монголын биологич
нар 1970-аад оны үед нийт улсын нутаг дэвсгэрийг хамарсан тархацын газрын зураг
хийсэн удаатай. Гэвч энэ зурагт тухайн газар нутгийн нягтшил болон тоо толгойн
хэмжээг оруулаагүй. Саарал чонын амьдрах орчин ихэвчлэн тодорхой газар нутгийг
эзэлдэг бөгөөд хөрш сүргийн газар нутагтай давхацна гэсэн ойлголт байхгүй гэнэ.
Уг нь Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Олон улсын тахь групп хамтран саарал
чононд радио дохиололтой хүзүүвч зүүж хөдөлгөөнийг нь судалж байгаа ч одоогоор
үр дүн гараагүй байна.
Оросын судлаачид Дэлхийн II дайны дараа тус улсад нийт 150-200 мянган саарал
чоно байна хэмээн тэмдэглэжээ. Үүнээс хойш 15 жилийн турш жил бүр 40-50 мянган
чоныг Засгийн газрын хөтөлбөрөөр устгасан байна. Бүх нийтийг хамарсан энэ
устгал үр дүнгээ өгч 1962 он гэхэд ердөө 15 мянга орчим чоно үлджээ. Үүнээс
хойш устгалыг түр зогсоосноор 1999 онд 44 мянга болж өссөн байна.
Монголын төдийгүй олон улсын мэргэжилтнүүд манай оронд сүүлийн жилүүдэд өрнөсөн
их хэмжээний агналт, устгалаас чонын тоо толгойд нэлээд өөрчлөлт орсныг хүлээн
зөвшөөрч байгаа. Барин тавин хэлчих тодорхой судалгаа байхгүй ч тоо толгой нь
хэт цөөрсөн хэмээн судлаачид санал нэгтэй дүгнэлт гаргалаа. Манай саарал чоныг
хамгийн их нягтшилтай нутгийн хэмжээгээр тооцлоо гэхэд 157 мянгаас илүү гарах
ямар ч боломжгүй гэнэ. Хэрвээ Алясктай адил 100 ам.км газарт 3-5 толгой байна
гэж үзвэл Монголын чонын тоо 62 мянгаас хэтрэхгүй аж.
Ерээд оноос өмнө Монгол Улс оросуудын зааварчилгаагаар чоноо агнаж, арьсыг нь
экспортолдог байв. 1926-1985 оны хооронд 530-аад мянган толгойг устгасан талаар
судалгаа бий. 1933 онд хамгийн их буюу 18 мянгыг алж байжээ. Гэхдээ энэ зөвхөн
албан ёсоор тэмдэглэсэн судалгааны баримт юм. Бусад анчин, малчид жилд хэдийг
хороож байсан нь тодорхойгүй хэвээр. Ийнхүү монголчууд жил бүр их хэмжээгээр
агнаж байсантай холбоотойгоор 1970 он гэхэд чонын тоо толгой эрс цөөрсөн ч
зохион байгуулалттай агнуурыг бүрэн зогсоож байсан удаа байхгүй ээ.
Монголчууд уг нь саарал чоныг тэнгэрлэг амьтан хэмээн бахархаж, шүтсээр ирсэн
уламжлалтай. Гэвч одоогийн хэв маягаар, энэ эрчээрээ агнасаар байвал чоно тун
удахгүй сөнөх аюулд өртөнө хэмээн эрдэмтэд анхааруулж байна. Өнөөдөр малчид энэ
амьтныг үндэсний дайсан хэмээн нэрлэх болов. Үнэндээ саарал чонын экологи,
байгалийн тэнцвэрт байдлыг хангахад ямар чухал үүрэг гүйцэтгэдэг талаар бид
ямар ч ойлголтгүй зөвхөн алж устгах зорилго өвөрлөсөөр өдий хүрлээ. Тиймдээ ч
агнуурын ямар нэг хориг, хязгаарлалтгүй ганц зүйл амьтан бол саарал чоно болоод
байна. Үүнээс гадна монголчууд чоныг маш их хүчирхэг амьтан гэсэн
ойлголтод бүрэн итгэдэг. Түүний бүх эд эрхтэнийг уламжлалт анагаах эмнэлгийн
зориулалтаар бүгд ашиглах боллоо. Гэхдээ социолизмын устгалын үед чонын үүрэнд
1-2 бэлтрэг заавал үлдээдэг байжээ. Энэ нь монголчууд эрт дээр үеэс энэ амьтныг
шүтэн биширч ирсэнтэй, мөн байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй гэсэн
ухамсартай нь холбоотой байв. Ингэснээр бүрмөсөн устахаас сэргийлж чаджээ.
Харин одоо чоныг хүмүүс зоосны нүхээр шагайн авлах болоод удлаа. Үүрэнд нь нэг
ч бэлтрэг үлдээлгүй суйлдаг хүйтэн сэтгэлтнүүд дэндүү олширчээ. Арьсыг нь
худалдаж, махыг идэж, ясыг нь буцалгах зэргээр уламжлалт эмчилгээнд хэрэглэх
болов. Зах зээлд өнөөдөр чонын арьс чанар, том жижгээс хамаарч 50-150
ам.долларын үнэтэй байна. Махыг нь амьсгалын замын бүх өвчинд нэлээд өргөн
хэрэглэх болсон нь түүнийг үнэд хүрэх бас нэг шалтаг болж байна. Хар зах дээр
нэг кг мах 5-7 ам.долларт хүрч байгаа. Яс, хэл, бөөр, дэлүү зэрэг дотор эрхтэн
нийлээд 50-60 ам.долларын ханштай байна. Арай л өтгөн шингэнийг нь хусаж
идэх нь холгүй болов. Ингээд нэг саарал чоныг зах дээр зарахад 300-350
ам.долларын ашиг олдог гэсэн судалгааг Дэлхийн банкны Зүүн Ази Номхон далайн
бүсийн байгаль орчны секторын судлаачид тэмдэглэжээ.
Саарал чонын гадаад худалдаа ерөнхийдөө Хятад улсыг чиглэж байна. Монгол,
Хятадын хилийн дагуух 15 хотын дэлгүүрээр хийсэн судалгаанд саарал чонын сайн
чанарын арьс 250, муу нь 35 ам.долларын үнэтэй байжээ. Нэг ширхэг соёо нь 2-3,
шагай нь 3-10, толгой нь 5-6 ам.доллар. Түүнчлэн араг яс нь 50 гаруй ам.доллар
хүрч байна. Харин чихмэл нь 380 орчим ам.доллараар үнэлэгджээ. Угтаа бол Монгол
дахь зэрлэг ан амьтны агнуураас саарал чонын агналтын хэмжээ хоёрдугаарт ордог
юм байна. Хэрвээ жилд дунджаар 20-30 мянган чоно агнаж борлуулсан гэж үзвэл
доод тал нь долоон сая ам.долларын худалдаа хийдэг хэмээн Дэлхийн банкны
судлаачид тооцжээ.
Ийнхүү байгаль орчны доройтол, хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж
зэрлэг ан амьтны тоо толгой цөөрсөөр байна. Зарим судлаачдын тэмдэглэснээс
үзвэл сүүлийн үед зүүн хязгаарын болон говийн бүсийн хэсэгт чоно ор мөргүй алга
болж байгаа гэнэ. Малчид малаа чононоос хамгаалахын тулд боломжтой бүх
хэлбэрээр агнах болсныг буруутгах арга байхгүй. Насанд хүрээгүй хүүхэд, айлын
эзэгтэй хотондоо чоно агнах явдал бараг энгийн үзэгдэл болов. Өлсөхийн эрхэнд
хүнд ойртож, хоттой хонь руу нь дайрах болсон чоныг яалтай ч билээ.
Угтаа бол хүчирхэг амьтад өөрөө гүйн очиж ийн алагдах болсон нь чонын хувьд
“Ижил тэнгэртэйдээ харагдаж, илүү хийморьтойд нь алагддаг” гэсэн үг бүр ч утгаа
алдлаа. Гэтэл саарал чоныг агнах улирлыг тогтоох, тоо хэмжээнд нь хязгаарлалт
хийх, экспортод хяналт тавих зэрэг олон асуудалд төр, засгаас ямар нэг шийдвэр
гаргалгүй өнөөдрийг хүрчихлээ.
Ц.Цэвээнхэрлэн