- Титэм үг -
Хүмүүс ээ. Даруухан байцгаая. Энгсэг тос, үс зүс нүүр царайг чимдэг бол даруу
зан бүх биеийг чимдэг юм. “Аугаа их хүмүүс бүгд даруухан байсан”. Даруухан
байсан тулдаа тэд аугаа их хүмүүс болж чаджээ. Өчүүхэн амжилтдаа эрдэн сагсуурч
эхэлбэл өндрийн оргилд хэзээ ч дөхөж очихгүй. Бэл хормой хавиар бэдрэн гэлдэрч
явсаар насыг элээнэ.
Авьяас төгөлдөр, ухаан саруул олон сайхан хүн архинд донтон живж өөрийгөө
балласны адилаар билэг оюун төгс, бие ухааны чадавхитай ихийг бүтээж, томыг
туурвиж, хол явж чадах олон сайхан хүн даруу бус зангаасаа болж амжилтдаа саган
живж өөрийгөө балласан халагламаар намтар цадиг түүх шаштирт цөөнгүй
тэмдэглэгдэн үлджээ. Түүхийн сургамж эцгийн сургаал мэт үнэтэй. Эгэл даруухан
байж, ололтдоо омтгойрон улмаар саган живчихгүй явбал амжилтаа ахиулах зам
мөрөө засч байна гэж бод.
Хүн бүрт хэр хэмжээндээ таарсан бардам зан заяасан. Хэрээс хэтэрч, хальж
дэврэхгүй бол бардам зан тийм ч муу юм биш. Хэмжээнээс хэтэрсэн бүхэн хор
болдог. Ус дөлийг унтраадаг шиг даруу зан бардамналыг дардаг. Зуудаг нохойг
уядагтай адил хэрээс хэтрэх бардамналыг дарж, барьдаг уяж хүлдэг хүч нь даруу
зан байдаг билээ. Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг сонсож сурах хэрэгтэй. Зэмлэж
хэлсэн үг ямагт үнэнд ойр байна. “Давс шорвог ч идээний амтанд тустай.
Үнэн үг хатуу ч хэтийн явдалд тустай” учир шорвог ч гэсэн хатуу үгийг сонсож,
тусган авч сурах нь чамд өлзийгөө өгнө. Хийсэн сайн үйлийнхээ төлөө магтаал
сонсох сайхан. Харин ханаж бялууртлаа магтуулах нь хүсмээр сайн зүйл биш. Үнэн
сэтгэлээсээ хэлсэн магтаалын зэрэгцээ үгээр тоглох бялдуучдын хор цацагдаж
байдаг тул магтаалд ажрахгүй байхын хамт анхааралтай хандаж, авах гээхийн
ухаанаар тусгах нь л чухал. Магтуулахын тулд сайн үйл бүтээх, хуурмагаар
магтуулахын аль аль нь хөгийн бөгөөд хөөрхийлөлтэй. Ер нь “магтаалд ажирдаггүй
хүн бус, харин зэмлэлд анхааралтай ханддаг хүн даруу байдаг” юм.
Амьдралынхаа бүхий л асуудалд ухаантай ханд. Ухааныг даруу зан дагалдах нь
тугал эхээ дагахтай адил. Даруу зан дутагдах нь ихэвчлэн ухаан дутуугийнх.
“Даруу зан хүний эрхэм нандин чанарыг нэмэгдүүлж, хэр тааруухан байдлыг
уучилна”. Зан авир, ааш аяг, янз байдал болон бусад бүх зүйл дэх хамгийн сайхан
нь энгийн даруу зан байдгийг залуу хүн бүр ухаан санаандаа бат тогтоож аваг.
“Гагцхүү маш гайхамшигтай хүмүүс л гайхалтай бөгөөд туйлын хиймэл биш даруу
зантай байдаг”.
Гайхамшгийг бүтээсэн хүмүүс ихэвчлэн энгийн даруухан амьдардаг байжээ. Их
эрдэмтэн А.Эйнштейн харьцангуйн онолын нээлтээ хийхээс өмнө байнга өмсдөг нэгэн
ноосон цамцнаасаа салдаггүй байсан гэдэг. Та наадах цамцаа солих нь яадаг юм
бэ, хүмүүс харвал эвгүй биш үү гэхэд, суут эрдэмтэн “Намайг таньж мэдэх хэн
байх юм бэ?” гэж хариулсан гэнэ. Нээлтээ хийж, суу алдар нь мандсан хойно
мөнөөх л цамцнаасаа салахгүй өмсдөг байжээ. Та наадах цамцаа солих болоогүй юу
гэхэд “Одоо намайг таньж мэдэхгүй хэн байх билээ” гэж энгийн даруу байдлаа хадгалсан
хэвээр хариулсан гэх дурсамж бий. Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн гэх үг
үнэн ажээ. Даруу байлаа гээд чамд учрах хор хохирол нэг их байхгүй гэдэгт
эргэлзэх хэрэггүй. Аргал, хомоолыг дээш хаявч доошоо унана.
Аргал, хомоолын галыг доош даравч дээшээ бадарна. Түүний нэгэн адил хийсэн
бүтээсэн сайн үйл бүхэн чинь даравч дардайна гэдэг шиг хэчнээн даруу байлаа ч
бүхнээ ил, дээш гэрэлтэн бадрах болно. Даруу хүн бусдын хүндлэлийг ч хүлээнэ,
дэмжлэгийг ч авна. Бүтээлч хүмүүс даруухан. Тэд хэлж ярихаасаа хийж бүтээхийг
чухалчилдаг. “Энгийн даруу байдал. Энэ чанар бол би бусад зүйлээс илүү ихээр
олж авахыг хүсдэг тэр зүйл юм” гэж их зохиолч Л.Н.Толстойн хэлсэн үг бий.
Энгийн даруу байдлыг хуурамч даруу багнаас ялгаж салгаж харахыг их зохиолч
сургамжлан захиж хэлсэн бас нэг үг байна. “Энгийн байж харагдахыг хүсдэг хүмүүс
тийм ч их энгийн даруу байдаггүй. Зориудын энгийн даруу байдал хамгийн том,
таагүй, хуурамч чанар мөн шүү” гэж сэрэмжлүүлсэн байна. Тийм болохоор жинхэнэ
даруу занг хуурамч даруу дүрээс ялгаж салгаж сурах хэрэгтэй. Жинхэнэ даруу зан
хүнд байх хамгаас сайн шинж чанаруудын нэг яах аргагүй мөн тул түүнийг
эзэмшихийг эрхэмлэн хичээцгээ.
Жинхэнэ даруу зан ямар ч үед хувирч өөрчлөгддөггүй юм. Онгироо сагсуу, ичгүүр
сонжуургүй, хэтэрхий бардам зан авир нь залуу хүн бүрийн үл тэвчих шинж чанар
тул түүнээс хол байхыг хичээ. Даруу хүн ичгүүр сонжуургүй байж чаддаггүй юм.
Гэхдээ бүх зүйл дээр даруу байдлаа эгнэгт хадгал гэж би зөвлөхгүй ээ. Яагаад
гэвэл “Бүх зүйлд, түүний дотор даруу занд ч хэмжээ хэрэгтэй”. “Даруу бус
байдлын хувьд даруу байх нь сэтгэлийн хамгийн ноцтой даруу биш зан мөн” гэж
нэгэн их сэтгэгч хэлсэн байна. Би даруухан хүн гэж өөрийнхөө тухай ярьж
бодсоноос хүмүүс чиний даруу занг мэддэг, хүндэлдэг байх нь хавьгүй дээр. “Хүн
өөрийнхөө сайн чанарыг хэдий чинээ бага боддог юмуу бага мэддэг бол тэрбээр
бидэнд төдий чинээ их таалагддаг” гэж хэлсэн нэгэн гүн ухаантны үгийг үе үе
санаж байхад илүүдэхгүй.
Даруу занг шийдвэр муутай, үлбэгэр дорой гэж өнгөн талаас нь харж сонжин
өөнтөглөх хүн цөөнгүй. Гэхдээ хүчтэй хүмүүс ямагт энгийн даруу байдаг нь маргах
аргагүй үнэн билээ. Хуурмаг даруу зан хэнд ч хэрэггүй. Хуурмаг даруу зан
ихэрхэг зан шиг жигшүүр төрүүлдэг тул тийм дүрд богино хугацаагаар ч болов
хувирахыг хүсээд байх юм биш. Жинхэнэ даруу зан ямагт агуу их үйлсийн эх
ундарга байсаар ирсэн. Хүн төрөлхтний түүхэнд нэрээ алтан үсгээр бичин
мөнхөлсөн аугаа их эрдэмтэн И.Ньютоны хэлсэн, даруу зангийн тод жишээ болон
цуурайтсан нэгэн үгийг хүүхэд, залууст өмнө нь дамжуулан хэлж байснаа давтая.
“Нүдний минь өмнө үнэний онгон их баялаг далай мэт цалиглаж байвч би түүний
эрэг хавийн дунг түүж цуглуулснаас хэтэрсэнгүй” гэж маш даруухнаар өгүүлжээ.
Эрдэмт хүн даруу.