Төв номын сангийн эсрэг талын Business Center-т байрлах Монголын сонгодог дартсын холбооны байраар зочиллоо. Өрөө нь жижгэвтэр хэдий ч аятайхан тохижуулжээ. Нэг хананд нь байрлуулсан дартсын дөрвөн самбар дээр залуус хичээллэж байна. Ирэх амралтын өдрүүдэд болох нийслэлийн ойн нэрэмжит тэмцээний бэлтгэлээ хийж байгаа гэнэ. Сонирхогч, мэргэжлийнхэн холилдон нэг баг болж оролцох нэлээд том тэмцээн бололтой. Тус клуб өмнө нь өөр газар байрладаг байсан ч хүмүүс ирэхэд амрыг бодож хотын төвд төвхнөжээ.
Эднийх Монголдоо л томд тооцогдох клуб. Тиймээс идэвхтэй хичээллэдэг, албан ёсны 50 гаруй гишүүнтэй. Харин сонирхон хичээллэгчийн тоог нэмбэл 120 болох аж.
“Клубийнхээ байрыг тохижуулах гэж бүгд л эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн. “Тэргүүн дизайн” компани биднийг ивээн тэтгэж, загварыг нь гаргаж өгсөн. Харин дотоод засал чимэглэлийг клубийн гишүүд бүгд нийлж хийлээ. Дагалдах хэрэгсэл, тавилгуудыг өөрсдөө хийх зэргээр байж болох хамгийн бага зардлаар эхний ээлжийн тохижилтоо хийхийг бодсон. Гэхдээ л таван сая гаруй төгрөгийн зардал гарсан шүү. Одоо зарим зүйл дутуу л байна. Яваандаа гүйцээнэ дээ” хэмээн Монголын сонгодог дартсын холбоог үүсгэн байгуулагчдын нэг Л.Шинэцэцэг ярив.
Гадаадын шилдэг тамирчидтай өрсөлдөх хэрээр ур чадвар нь ахих болжээ
Түүний хэлснээс үзвэл сүүлийн үед дартсаар хичээллэх сонирхолтой залуусын тоо нэмэгдсээр байгаа аж. Зүгээр нэг зав чөлөөгөөрөө тоглох бус, байнгын бэлтгэл хийж, өндөр түвшинд өрсөлдөх зорилго тавьсан хүн ихэссэн нь тэдний хувьд сайн мэдээ юм.
Дартс бол бидний сайн мэдэх спорт. Дартсын сум барьж, самбар руу шидэж үзээгүй хүн цөөхөн болов уу. Гэхдээ мэргэжлийн түвшинд хичээллэж байгаа тамирчныг тоолж үзвэл тун ч бага тоо гарна. Нийт 200- 300 орчим хүн идэвхтэй тоглодог аж.
Уг нь энэ спорт 1993 оноос хойш Монголд эрчтэй хөгжсөн юм билээ. Тэр жил Монголын дартсын холбоо байгуулагдаж, тэмцээн зохиож эхэлсний ачаар сонирхон хичээллэгсдийн тодорхой хүрээлэл бий болсон. Харин холбоог үүсгэн байгуулагч нь нар барснаар 1990-ээд оны сүүлээс унтаа байдалд оржээ.
Англид сурч байсан нэгэн залуу 2009 онд нутагтаа ирсний дараа дартсаар хичээллэх гээд сураглатал тийм газар байсангүй. Тиймээс санаа нийлсэн хүмүүстэй ярилцаж байгаад 2010 онд холбоог эргэн сэргээсэн байна. Үүнээс хойш дартс Монголд эрчтэй дэлгэрэх болжээ.
Харин Монголын сонгодог дартсын холбооны тухайд 2013 онд байгуулагдсан. “Намайг 2011 онд анх дартсаар хичээллэж эхэлж байхад зааж сургах багш ховор байв. Бүгд сайн дураараа, сонирхогчийн зарчмаар явдаг байсан. Өөрсдөө сурсан арга барилаараа л шиднэ. Эндээ тоглож болоод байсан ч гадагшаа тэмцээнд явахад яах аргагүй хоцрогдоод байлаа.
Дартс бол техникт суурилж байж ахиц гаргадаг онцлогтой спорт. Харин манайд зөв техникээр шиддэг хүн бараг байгаагүй. Тиймээс бид мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлага дор нэгдсэн зохион байгуулалттай бэлтгэл хийж, өөрсдийгөө сайжруулахын тулд клуб байгуулахаар шийдсэн юм. Санаа нийлсэн залуус өөр өөрийн хөрөнгөө нийлүүлээд анх клубээ байгуулж байлаа” хэмээн Л.Шинэцэцэг сонирхууллаа.
Дартс бол гэрийнхээ хананд самбар зоочихоод бэлтгэлээ хийж болдог амар спорт. Гэртээ ингэж байнга бэлтгэл хийгээд байвал хурдан сайжирч, гаднынхантай үзэлцэж болмоор санагдана. Гэхдээ бэлтгэл, тэмцээн хоёр тэс өөр байдгийг мэргэжлийн тамирчид хэлж байна. Бэлтгэл дээр хэдий сайн байсан ч яг тэмцээнд ороход биеэ барьж, сандарснаас болоод үндсэн тоглолтоо гаргаж чадахгүй байх тохиолдол их гэнэ. Товчхондоо бол тэмцээнд байнга орж, сайн өрсөлдөгчийн эсрэг халз тулж байж тамирчин сайжирна. Тэр ч утгаараа манайхан хилийн дээс алхаж, олон улсын тэмцээнд оролцохыг эрмэлзэх болжээ.
Хүүхдийг багаас нь бэлдвэл амжилт гаргах магадлалтай
Эхэндээ бараг л өрсөлдөгч бүртээ хожигддог байсан нь мэдээж. Гэхдээ гаднын сайн дасгалжуулагчийн удирдлагад системтэй бэлтгэл хийж, гадаадын шилдэг тамирчидтай өрсөлдөх хэрээр ур чадвар ахих болжээ. Улмаар 2013 онд Монголын тамирчин электрон дартсын төрлөөр Дэлхийн цомын аварга болж байв. Мөн Азийн зохиогддог томоохон гранпри тэмцээнээс манайхан алт шүүрэх нь энгийн үзэгдэл болжээ.
Түүнчлэн Монголын тамирчид энэ жил анх удаа ДАШТ-д тоосоо өргөөд хэдхэн хоногийн өмнө ирсэн юм. 2015 онд Дэлхийн дартсын холбоонд манайх гишүүнээр элссэн нь дэлхийн аваргад өрсөлдөх эрх олгосон байна. Дэлхийн холбоонд эдүгээ 71 улс гишүүнчлэлтэй байдаг аж. Тус холбоо ирээдүйд дартсын спортыг олимпийн хөтөлбөрт оруулах том амбийцтай.
Монголд үйл ажиллагаа явуулдаг дартсын клубүүд сонирхогчдын хүрээг тэлэхийн тулд албан байгууллагуудтай нягт хамтран ажилладаг. Мөн ерөнхий боловсролын сургуульд тусгай секц хичээллүүлж туршсан нь тун амжилттай болжээ. Тодруулбал, Багануурын 125 дугаар сургуульд ийм секц хичээллэдэг. Одоогоор 20 гаруй хүүхэд хамрагдаад байгаа гэнэ. Хичээллэж эхлээд хагас жил хүрэхгүй хугацаа өнгөрсөн ч тус сургуулийн хүүхдүүд өсвөрийн төрөлд хүчтэй өрсөлдөгчид тооцогдох болжээ. Зардал бага, зай талбай шаардаад байхгүй болохоор сургууль дээр хичээллүүлэх санаа амжилтад хүрсэн нь энэ.
Ер нь хүүхдийг багаас нь бэлдвэл ахиж сайжрах магадлал тэр хэрээр нэмэгддэг. Анхнаасаа зөв техникээр шидэж, мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлагад хичээллэсэн залуус хоёрхон жилийн дотор мэргэжлийнхнийг хождог болоод байгаа гэнэ. Зөв техник дартсын спортод ямар чухал нөлөөтэй нь эндээс харагдах болов уу. Ер нь дартс өртөг багатай спорт. Эхлэн суралцагчдад бол самбар, сум байхад л болоод явчихна. Харин мэргэжлийн түвшинд хичээллэхээр шийдсэн бол бүх хэрэглэл материалын үнэ нийлээд 300 мянгад багтчихна. Үүнд 5-6 жилийн сумны хэрэглээ, хоёр жилийн самбарын хэрэглээнээс гадна хананы хамгаалалт, гэрэл гээд хэрэгтэй бүхэн багтсан юм. Аль ч насныхан хичээллэх боломжтой, хэрэглэл материал бага шаарддаг, зардал багатай учраас хичээллэх сонирхолтой хүний тоо нэмэгдсээр байгаа гэдгийг холбооныхон хэлж байлаа.
“Монголд дартсын хоёр, гурван холбоо үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ бид энэ спортыг эх орондоо хөгжүүлэх нэг л зорилготой. Магадгүй өөр холбоо байгуулагдаж, үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн нь өрсөлдөөнийг илүү нэмэгдүүлсэн байх. Өрсөлдөөн байх нь бидэнд л хэрэгтэй шүү дээ” хэмээн Шинэцэцэг хэлсэн юм.
Г.Баярсайхан