Билгийн тооллын XV дугаар жарны Их хэнгэрэг хэмээн Усан нохой жилийн намрын дунд сарын 10-нд Нийслэл Хүрээний зүүнтээх, Манжийн үеэс уламжлагдсан цаазын газарт Ардын засаг мандсаны дараах хамгийн анхны цаазаар авах ажиллагаа болжээ.
Тухайн үеийн хууль эрхийн актаар хүлээн зөвшөөрөгдсөн эрүү шүүлтийг өргөн дэлгэр ашигласны дүнд бараг Бодоогоос бусад хүмүүст улс төрийн хилс хэрэг хүлээлгэж, 1922 оны наймдугаар сарын 30-нд хуралдсан Засгийн газрын 38 дугаар хурлаас цаазын ял оноож, 24 цагийн дотор гүйцэтгэхээр тогтоосон нь тэр байв.
Ардын Засгийн газрын эл тогтоолд:
“Бүх цэргийн зөвлөлийн газраас шилжүүлэн хүргэж ирсэн, мөнөөх тусгай томилон гаргасан комиссын сайд түшмэдээс гадаадын харгис дайсны этгээдтэй сүлбээлдэн нийлж, Ардын засгийг устгаж эзэрхэг засгийг босгохоор зөвлөлдөн явсан ба нуун дарсан муу ялт лам Бодоогийн зэрэг арван таван хүнийг үгслээр урвасан ба нуун дарсан цаазын бичгийн ёсоор цавчин алах ба хөвчдөн алах ял оноож, хувьсган тогтоосон дүрмийн ёсоор цөм буудан алах ба тэдний эм ба хөвгүүд охидыг гавьяат сайдуудын гэрт өгч боол болгон гэр барааг цөм албанд оруулах ба Лувсантунсаг, Ойдов нар архи ууж зүй бус үг хэлж явсан ба цаазалсныг зөрчин буу зэвсэг нуун дарснаас өөр холбогдолгүй тул хууль ёсоор мал торгох ба гянданд хорих, бас цахар Фэншэнгаа, хүүхэн Хандсүрэн, банди Мижид нарт огт холбогдолгүй тул цөм хэлэлцэхийг хэрэгсэхгүй болгох ба сайд гүн Ламжав болбоос гүн Тогтоход үг хатган хэлсэн хэмээвч нуун дарсангүй тул хэлэлцэхийг хэрэгсэхгүй болгосугай хэмээн төлөвлөж тогтоон шийтгэхийг эрж өргөснийг хэлэлцээд, харьяат комиссын сайд түшмэдийн хянан төлөвлөсөн нь тогтоосон хууль ба хэргийн зүйлд тавтайяа нийлэлцсэн тул цөм ёсоор болгон баталж, Шүүх, Цэрэг хоёр яамнаас түшмэл цэргүүдийг томилон гаргаж, харьяат муу ялт нарыг 24 цагийн дотор даруй буудан алж олонд цээрлэл үзүүлэхээс гадна тэдний эм ба хөвгүүд охидыг гавьяат сайдуудын гэрт өгч боол болгох ба гэр барааг цөмийг албанд оруулахыг бүрнээ уучлан хэлтрүүлж, хуулиас ангид нигүүлсэн өршөөхийг үзүүлэн Шүүх явдлын яамнаас сонсгон айлтгаж, нийтээр зарлах ба бас ч тусгайлан ухуулах бичиг гаргаж нийтээр зарлан ухуулахаар тогтсугай” гэсэн байна.
Энэхүү тогтоолд Ерөнхий сайд Дамдинбазар, жинхэнэ орлогч, Гадаад яамны сайд Цэрэндорж, зөвлөх түшмэл Элбэгдорж, Дотоод яамны орлосон тэргүүн сайд Жамъян-Очир, Гадаад яамны дэд сайд Жигмэддорж, Цэргийн яамны тэргүүн сайд Сүхбаатар, дэд сайд Магсаржав (Хатанбаатар), Сангийн яамны тэргүүн сайд Данзан (“Анхны долоо”-гийн нэг), дэд сайд Нямжав, Шүүх яамны тэргүүн сайд Магсаржав (Магсар хурц), дэд сайд Сономдорж, Төв Хорооны дарга Данзан (“япон” хэмээх) нар гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Чингээд тогтоол ёсоор Д.Бодоо нарыг 1922 оны наймдугаар сарын 31-нд гүйцэтгэхээр Бүх цэргийн тэргүүлэгч Элбэгдорж Ринчино, Сайд жанжин Сүхбаатар, штабын дарга Хува нар гарын үсэг зуран шийдэж, “Улсын засгийг устгахыг зөвлөн явсан ба нуун дарагдуулсан” хэрэгт шийтгэгдсэн нэр бүхий 15 хүнийг Шүүх яамнаас түшмэл, Цэргийн яамнаас 15 цэрэг гаргаж, билгийн улирлын долдугаар сарын шинийн 9-ний луу цагт Нийслэл Хүрээний зүүн хойд зах Шар хад хэмээх газрын энгэрт буудаж цаазаар хороосон байна.
Луу цаг нь 07.40-09.40 цагт тохионо. Тэгэхээр Бодоо нарын 15 хүнийг аргын 1922 оны наймдугаар сарын 31-ний өдрийн өглөө мандах нарнаар цаазлан хороосон гэж болохоор байна.
Гэтэл, цаазын ялыг гүйцэтгэсний дараа Дотоодыг хамгаалах газрын нууц туршуулуудаас ирүүлсэн мэдээнд “Бодоо нарын талын эзэрхэг хүмүүсийн хэлэлцэх үг нь, “Манай монгол үүний урьд аливаа алах хүнийг урьдаар бичиг зарлаж, олноор үзэж байсан. Эдүгээ яагаад нууцаар шөнө олонд мэдэгдэхгүй алсан буй” хэмээх мэтээр муутган хэлж байсан.
Дараагаар Ардын намд дуртай хүмүүсийн хэлэлцэх нь, “Эдний хэдэн хүмүүсийг өдөр шөнө алсны ялгаваргүй хэмээмүй. Гагцхүү Бодоо нарын тал харгис хүмүүс олон байгаад эднийг өдөр алах тухайд хувьсгал гаргах болуужин хэмээснээс ийнхүү шөнө алсан буй за” хэмээн хэлэлцэж амуй” гэж онцолсон нь хэрэг дээрээ Бодоо нарыг шөнийн цагаар цаазалсныг нотолж байна.
Харин албан баримтад билгийн тооллын луу цаг буюу аргын 8-9 цагт цаазалсан мэтээр тэмдэглэсэн нь бусармаг ажлаа цайруулах гэснийх буй за.
Бодоог цаазалсан даруйд Шүүх таслах яам ухуулах бичиг хэвлэн нийтлүүлэх ажлыг яаравчлан зохион байгуулжээ. Шүүх яамнаас Ардын Намын Төв Хороонд 1922 оны наймдугаар сарын 31-ний өдөр 151 тоотоор явуулсан хуудас дагуулж хүргүүлсэн бичигт, “Эдүгээ манай яамнаас Ардын засгийг устган эзэрхэг засгийг босгохоор зөвлөлдөн явсан ялт Бодоо нарыг цаазаар аваачсан учир тусгайлан олонд ухуулах бичгийн эхэд хуудас дагуулан хүргүүлсэн. Үүнийг АНТХ-нд явуулаад байцаан үзэж, эл хэрэг болбоос чухал яаралтай бөгөөд алгуурлан удаашруулж үл болохын тул одоо хэвлэлийн хорооноо хэвлүүлэн буй бичгүүдийг түдгэлзүүлж, урьдаар 500-г дармал даруулж ирүүлэх ажаамуу” гэсэн байна.
Ухуулах бичгийг хэдхэн хоногт хэвлэж, 1922 оны есдүгээр сарын 5-нд 140 тоотоор нийтэд зарласан бөгөөд Түшээт хан аймагт 35, Сэцэн ханд 47, Засагт ханд 37, Сайнноён ханд 46, Дөрвөдийн хоёр аймагт 52, Цэрэг, Сангийн Яаманд тус бүр 30, Цагдан сэргийлэхэд 70-ыг түгээж, бүгд 479 ухуулах бичиг гаргаж орон даяар тараажээ.
Ухуулах хуудас гаргаад олон түмний үзэл санааг туршин мэдээлэх ажлыг тусгай тагнуулууд гүйцэтгэсэн байна. Бүх цэргийн зөвлөлийн Тагнуулын хэлтсээс Засгийн газарт ирүүлсэн бололтой, огноо дугааргүй нууц мэдээнд, “Нийслэл Хүрээнд сууж бүхүй олон түмний санаа нь, мөнөөхөн хувьсгал гаргах хэмээсэн хэргийн Бодоо нарын хэргийн тухай зүйлүүдийг ил хэлэлцэх зогссон хэмээмүй. Бас Хүрээний доорд ардууд ба Гандан хүрээний номтой лам нар буюу албан яамны зарим түшмэд бичээч нар болбоос хувьсгал гаргах хэмээсэн хэргийн Бодоо нарыг алахаар тогтсонд дотроо дуртай боловч илтгэж хэлэхгүй дэмий айгаад буй мэт байдалтай. Гагцхүү хэлэлцэх нь, энэ хэргийн хүмүүс үнэн хэрэг хийсэн ажгуу. Барон буюу гэмин мэтийн гадаадын дайсныг дуудсан хэрэг байх ахуй хэмээн их л айж байна. Бас манай Дотоодыг хамгаалах газрын хашааг үзэхийг их хүсэж хэдэн өдөрт эргэцүүлэн байсан... Сүүлд захын газраар хэсэгч ард нар дэмий сонин нь буурч зогссон ажгуу. Бас Бодоо, Цэвээн тэргүүн нарт хүрээ олноор лам нарын хэлэлцэх үг, “Хэрэггүй хэрэгт орсон ажгуу” хэмээх мэт хэлэлцмүй.
Ийнхүү төдийлэн үг хэлэлцэхгүй болсон учрыг өгүүлбээс олны хэлэлцэх байдал болбол Ардын намд нэгэн зуугаад тагнуулын хөвгүүд буй. Тэдгээр үг хэлэлцэж болох хэмээхээр хэлэлцээд огт зөвлөлдөхгүй, бас Ардын намд дуртай хүмүүс буй боловч дэмий зөвлөлдөх нь зогсов хэмээмүй. Үүнийг бодвоос манай тагнуулын хөвгүүд юм дуулахгүй явдаг нь тэр буй за. Удаандаа дотор нь орвоос үг авч болох болов уу хэмээлтэй” хэмээн бичжээ.
Бодоо нарын хэргийг хэрхэн шийдвэрлэснийг олон улсад мэдээлэх үүргийг Гадаад яам хариуцаж, Олноо өргөгдсөний арванхоёрдугаар он долдугаар сарын 20 (1922.09.11)-нд явуулсан 45 тоот цахилгаан мэдээгээр, “Сайд Бодоо, “Цэцэг” Чагдар, гүн Тогтох, Шадар сайд, Да лам Пунцагдорж, гүн Дэндэв, Цэвээн тэргүүний зэрэг 15 хүн Дамбийжанцан ба цагаан орос лугаа сүлбээлдэн нийлж, Ардын засгийг унагаж, эзэрхэг засгийг дахин босгомуй хэмээн зөвлөлдөн тогтсон учир энэ сарын шинийн 9-нд цөм буудан албай” хэмээн Москвад суугаа Монголын Элчин сайд Даваад мэдэгджээ.
Бас Дотоодыг хамгаалах газраас Бодоо нарын зэрэг хүнд ялтай 15 хүнийг цаазаар аваачихад буудан хороосон цэргүүдийг тус бүр арваад төгрөгөөр шагнахаар Цэргийн зөвлөлөөс төлөвлөснийг Олноо өргөгдсөний 12 дугаар оны наймдугаар сарын шинийн 1 (1922.09.22)- нд хуралдсан Засгийн газрын 42 дугаар хурлын долдугаар зүйлд хэлэлцээд ёсоор болгон баталсан гашуун түүх бий.
Цээрлэл болгон үзүүлэхээр олны нүдэн дээр гэгээн өдрөөр гүйцэтгэж ирсэн цаазын уламжлалыг тийнхүү эвдэж, Бодоо нарыг нууцаар цаазлан хороосон нь учиртай байлаа.
Ардын Засгийн газраас 1922 оны хоёрдугаар сард Д.Чагдаржав нарыг тушаалаас түр түдгэлзүүлэхдээ Богд хааны зарлигийг хүлээж байсан атлаа Бодоо нарын цаазлах тогтоолд Богдын зарлигийг хүлээсэнгүй шууд гүйцэтгэж, Шүүх явдлын яамнаас 1922 оны наймдугаар сарын 31-ний 140 тоотоор Бодоо нарыг цаазалсан тухай айлтган мэдэгдээд, эл хэргийн тухайд ухуулах хуудас гарган зарлах талаар зарлиг гуйж, улсын эзэн хаанаа тохуурхжээ.
Угтаа тухайн үеийн Монгол Улсын хууль, эрхийн харилцааны дагууд Засгийн газрын 38 дугаар хурлын тогтоолыг Богд хаанд айлтган батлуулж хүчин төгөлдөр болгох ёстой байсан боловч тийнхүү хаанд айлтгасангүй, тогтоолыг шууд гүйцэтгэсэн нь хууль бус явдал байлаа.
Олноо өргөгдсөний 11 дүгээр оны аравдугаар сарын 2 (1921.11.01)-ний өдөр Ардын Засгийн газрын 21 дүгээр хуралд хэлэлцэн тогтоосон “Богд хаан ба Засгийн газрын хооронд мөрдөх дүрэм хэмжээ”-ний гуравдугаар зүйлд, “Ардын Засгийн газраас Богд хаан танаа сонсгон айлтгалгүйгээр шинэ хууль дүрэм тогтоон явуулж үл болохоос гадна тушаан явуулсан чухал зүйлүүдийг удаа дараагаар Богд хаан танаа айлтгаад сонсговоос зохимой”, тавдугаар зүйлд “Аливаа шинэ хууль дүрэм ба Засгийн газрын чухал тушаалыг улсын Ерөнхий сайд гагцаар буюу эсэхүл бусад яамны сайд лугаа хамтатган Богд хаан танаа нүүрээр бараалхан айлтгаж байваас зохимой” гэж заасны дагуу Засгийн газрын тогтоолыг Богд хаанд айлтган батлуулснаар хүчинтэй болох журамтай байлаа.
Харин мөн гэрээний зургадугаар зүйлд “Хэрэв дотоодын самуун үүсэх ба тус улс самуурахад хүрвээс зүйг үзэж, Засгийн газраас энх цагийн дүрэм хэмжээний ёсоор урьдаар Богд хаан танаа айлтгахыг үл хэрэгсэн чухал хууль, тушаал явуулж боломуй” гэж заасан ёсоор улс оронд дайны цагийн байдал тохиолдвол Засгийн газар хаанд айлтгалгүйгээр бие даан хууль, шийдвэр гаргах эрхтэй юм.
“Бодоогийн хэрэг” нь дайн самууны байдалд хамаарахгүй, энх цагийн шүүн таслах ажиллагаа тул Засгийн газрын тогтоолыг гэрээний дагууд заавал Богд хаанаар батлуулах хуультай байсан билээ. Тийнхүү Бодоо нарыг Богд хааны зөвшөөрөлгүйгээр нууцаар цаазалсан нь тухайн цагийн хууль журмыг зөрсөн бусармаг үйл явдал байжээ.
Түүхч Х.Мөнхбаяр