Өвөл, намрын зааг өнөтэй сайхан өдрийн мэндийг нэгэн гэгээхэн ярилцлагын хамт хүргэж байна. Удахгүй жавар тачигнаж, урин цагийг хүлээх үед өнөөдрийнх шиг өдөр юутай дулаан сайхан байсныг ойлгох биз ээ. "Canon café" энэ удаад гэрэл зураг сонирхогч Ш.Бэжидтэй ярилцлаа.
www.facebook.com/CanonMGL хуудсаас зарладаг шилдэг зургийн уралдаанд байнга идэвхтэй бас амжилттай оролцдог энэ бүсгүйн зураг бусдад тайвшрал өгч, харин өөртөө бол үргэлж инээмсэглэх шалтгаан болдог байна.
-Юуны өмнө 80 жилийн түүхтэй гэрэл зургийн салбарт ажиллаж басхүү хувь нэмрээ оруулж яваа Танд ойн баярын мэнд хүргэе.
-Баярлалаа, та бүхэнд мөн баярын мэнд хүргэе. Залуусыг дэмжиж байнга уралдаан зохион байгуулж, урам өгч байдаг танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
-Анх яагаад чухам гэрэл зургийг хоббигоо болгосон юм бэ. Бүсгүй хүний хувьд оёж хатгах, урлах, хоол хийх, урлаг уран сайхан сонирхох гээд өөр олон салбарт татагдаж болох ч гэрэл зургийг сонгосон нь сонирхолтой санагдаж байна. Таны үндсэн мэргэжил юу вэ?
-Би санхүү, нягтлан бодогч мэргэжилтэй. Гэрэл зураг бол миний сонирхол. Хүүхэд байхын байгалийн сайханд их татагддаг, аялах дуртай байлаа. Зуны амралтаараа хөдөө малчин ахындаа очих, гэрээрээ хөдөө гарч зусланд буух зэргээр байгалийн сайханд ойрхон өссөн болохоор хүүхэд нас минь үлгэрийн юм шиг сайхан дурсамж ихтэй. Аав маань тээврийн жолооч, хааяа аавтайгаа машинд нь сууж хөдөө гадаа адал явдал дүүрэн замд их явна.
Энэ бүгд намайг байгальд хайртай, адал явдалд дуртай, монгол ахуйдаа хайртай хүн болоход нөлөөлсөн байх. Сайхан байгалийг хараад энэ дүр төрхийг энэ чигээр нь хүссэн үедээ харах юмсан гэж боддог байсан. Хожим сошиал ертөнц газар авч мундаг зурагчдын сайхан зурагнуудыг хараад сэтгэл маань гэрэл зурагт маш их татагдсан. Бид олон хүн холхисон хотын чимээ шуугианаас тэр бүр холдож чаддаггүй. Энэ үед сайхан зураг үзэхэд тэр байгальд очоод ирсэн юм шиг мэдрэмж төрдөг.
Мөн зураг авахаар найзуудаараа явахад адал явдалтай, үнэхээр сонирхолтойгоос гадна байгаль дэлхийгээс эрч хүч авч, зураг авалт бүр дээр шинэ зүйлийг сурч мэддэг. Мэдээж бүсгүй хүн шөнийн зураг авах, хүнд камер хэрэгсэл үүрээд байгалийн янз бүрийн нөхцөлд, өвлийн хүйтэн, зуны халуунд гадаа хэдэн цагаар зогсож зураг авах амаргүй ч өөрөө сонирхолтой болохоор энэ бүхнийг ойшоодоггүй, сайхан зурагтай л болчихвол бөөн кайф шүү дээ.
-Таны зургуудыг сонирхож байхад тайван аядуу мэдрэмж их төрөх юм. Зургийн нэр нь ч зөөлөн эвлэг санагдлаа. Тайвшрал, аниргүй, зүгээр л бүхнийг хайрла ч гэдэг юм уу сэдэвтэй зураг олон байна. Бас байгаль, адууны зураг их байх шиг санагдсан.
-Бид чинь Монгол ахуйд өсч торнисон болохоор ийм сайхан байгалийг, тийм амгалан ахуйг хайрлахгүй байхын аргагүй. Цэнхэртэн униартах уулс, хөхрөн урсах горхи, зах нь үл харагдаж тэнгэрийн хаяатай нийлсэн үзэсгэлэнт Хяргас нуур. Ийм сайхан нутагт өссөн болохоор сэтгэл минь амгалан, уужуу тайван мэдрэмжийг илүү чухалчилдаг. Мөн өнөөгийн нийгэмд хүмүүс их бухимдалтай болсон.
Сайхан зураг үз. Утсаараа ч гэсэн зураг ав. Салхинд гар, сайхан бүхнээр өөрийгөө цэнэглэ. Байгаль өөрөө хүнд тайвшралыг өгнө би гэж боддог. Бид суурьшмал амьдралд шилжээд нэг хэвийн хайрцганд орчихсон юм шиг санагддаг. Би монгол ахуйн зураг авах дуртай ч тэр бүр хөдөө явж амждаггүй. Адуу гэдэг хийморьлог амьтны зургийг авах дуртай. Давхиж байгаа нь үнэхээр омогшмоор. Магадгүй энэ зан монгол хүн бүрийн цусанд байдаг байх.
-Маш сайхан зураг авсны дараах мэдрэмжээсээ хуваалцаач.
-Сэтгэл баяраар бялхаж, нүүрэнд инээмсэглэл тодроод зургаа хэд үзсэн ч уйдахгүй, нэг тийм сэтгэл хангалуун үнэхээр гайхалтай мэдрэмж төрдөг. Хүн бүр ийм мэдрэмжийг мэдрээсэй гэж боддог. Мөн сайн авсан зургаа дэлгэц дээрээ тавиад ажлаа хийхэд зураг авч байх үеийн сайхан мэдрэмж төрөөд ажлын их эрч хүч авдаг.
-Зураг авна гэдэг маш том хөдөлмөр шингэдгийг энэ салбарт ажилладаг хүмүүс л мэддэг байх. Таны хамгийн их сэтгэлээ шингээж, хүчин чармайлт гаргаж байж авсан зураг аль нь вэ?
-Зураг авалт бүхэн түүхтэй бас адал явдалтай байдаг. Адал явдалтай зураг их шүү. Энэ зун Богд уулын энгэрт ширүүн аадар борооноор авсан цахилгааны зургийг хэлмээр байна. Уг нь нар шингэхийг Богд уулнаас буулгах гээд замын түгжрээнд явсаар байгаад гэрлэн дохион дээр нар маань шингэчихсэн. Ингээд шөнийн зураг авахаар уулын энгэрт очтол аадар борооны үүл хот талаасаа нөмрөөд ирсэн.
Нэгэнтээ зураг авах гэж гарсан болохоор уулын энгэрт гараад зургаа авч эхэлтэл бороо зүгээр л хувингаар асгасан юм шиг асгарч билээ. Би бэлтгэлгүй явсан тул аянгын зураг авах гэж камер дээрээ тонгойж, норгохгүйн тулд биеэрээ халхалж зогсож байгаад нилээн олон кадр дарснаас нэг аянганы зураг буулгасан. Цахилгааны зургийг нэг дарахдаа 20-30 секунд уншуулж авсан ба цахилгаан хэзээ цахилахыг таашгүй тул хөдлөх, камераа норгох эрхгүй.
Заримдаа зурагны тохиргоо хийж байтал цахилгаан цахилаад дуусчихна. Зурагаа аваад буцаж машиндаа очих гэж уулын үерт унаж тусан, усан хулгана болтлоо норж нилээд адал явдалтай явсан. Ер нь гэрэл зурагчид усанд урсвал өөрийгөө биш миний камерыг аваарай гэж мэдэх л хүмүүс шүү.
-Та бол манай Canon MGL хуудаснаас зарладаг уралдаанд маш идэвхтэй оролцож, өөрийгөө байнга сорьдог гэрэл зурагчдын маань нэг. Уралдааны талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач.
-Canon брэндээс зарладаг уралдаан нь тогтмол зохион байгуулагддаг, бас мэргэжлийн шүүгчид шүүдгээрээ давуу талтай. Мөн залууст маш их урам зориг өгч, шинийг хийх санааг төрүүлдэг. Уралдаан бүрийн эхэнд тухайн сэдвийн зургийг хэрхэн авах, анхаарах зүйлс зэрэг зөвлөмжийг бэлдэж тавьдаг Н.Гансүх ахад нийт гэрэл зураг сонирхогч залуусынхаа өмнөөс талархаж явдгаа илэрхийлье. Би энэ уралдаанд мундаг зурагчид ордог байх гэж бодож байсан.
Анх “Монгол ахуй” сэдвээр зарлагдсан уралдаанд шинээр камер аваад Төв аймаг явж дарсан гүү сааж буй эзэгтэйн зураг маань шилдэг 30-д ороход маш их баярлаж байж билээ. Түүнээс хойш энэ уралдаанд байнга оролцож байна. 2014 онд “Өвөл” сэдвээр зарлагдсан уралдаанд шилдэг 4-т орж, Canon брэндээс зохион байгуулсан “Гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэн”-д оролцох эрхээр шагнагдаж, бүр их урам авсан. Энэ жил “Шандаст хүлэг” сэдвийн уралдаанд зураг маань 3-р байранд шалгарсан. Мөн шилдэг 30 зурагт олон зураг маань орсонд баяртай байдаг.
-Ярилцсанд маш их баярлалаа. Таны цаашдын ажил, уран бүтээлд тань өндөр амжилт хүсье.
Canon cafe