Газар орнуудаар аялна гэдэг шинэ соёл, хүмүүстэй танилцаж, адал явдал, сонин юмс үзэгдлийг тольдохын нэр. Гэхдээ нөгөө талаар өөрийгөө, эх нутгийнхаа тухай илүү ойлгохын нэр мэт.
Төгөлдөр хуурч Тулуйхан Угурлу жилийн гуравны нэгийг аялан тоглолтын замд өнгөрүүлдэг. Энэ хэрээр Турк орныхоо тухай ихийг мэдэж, улам ихээр нандигнадаг шиг. “Турк бол миний бүх юм” хэмээн тэр хэлж байна.
Харин үүнийгээ илэрхийлэх хэл нь төгөлдөр хуур. Тэрбээр Турк улсын соёлын өдрүүдийн хүрээнд “Анатолий, Нарны орон” тоглолтоо пүрэв гарагт ДБЭТ-т толилуулсан бөгөөд зөвхөн манай сонинд ярилцлага өгсөн юм.
-Таныг дөрвөн настайгаасаа төгөлдөр хуур тоглож, таван настайдаа Истанбулын консерваторид элссэн тухай сонссон. Энэ хэний шийдвэр байсан бол?
-Ээж маань төгөлдөр хуурч байсан учраас ухаан орсон цагаасаа л энэ хөгжмийн аялгууг сонсож өссөн. Тэгэхээр миний ой тоонд төгөлдөр хуурч болж, том танхимд тоглохоос өөр төсөөлөл, мөрөөдөл бараг үгүй байв.
Ээж урлагт чин зүрхнээсээ хайртай байсан нь надад нөлөөлж, урам зоригийг минь өдөөсөн юм.
Аав бас яруу найрагч байсан учраас урлагийн хүн болж төлөвшихөд гүн нөлөө үзүүлсэн нь илэрхий. Тэд маань хэдийнэ тэнгэрт хальсан. Гэхдээ биеийг минь бүтээгээд зогсохгүй урлагийн замналд хөтөлж, надад буй бүхний үүтгэл болжээ.
-Австрийн Венийн хөгжмийн академид боловсрол эзэмшсэн нь танд хөгжимчний мэдлэг, ур чадвараас гадна юу өгсөн бэ?
-Би 16 настайдаа Венийн академид шалгалт өгч, тэнцсэн юм. Дөнгөж амьдралд хөл тавьж байгаа хүүхдэд гадаад ертөнц, тэр дундаа дэлхийн сонгодог урлагийн төв болсон Вена хот гайхмаар сонирхолтой, баялаг байсан нь мэдээж.
Манай академийн сургалт, дэг ч нарийн тул оюутнууд биеэ тултал нь дайчлах хэрэг гарна. Энэ нь уран бүтээлчийн үүднээс төдийгүй хувь хүний талаас сайтар хүмүүжүүлсэн болов уу. Хэдийгээр хичээл, бэлтгэлийн хуваарь шахуу ч манай сургууль маш чөлөөтэй сонголт, боломж олгодог нь давуу тал юм.
Тухайлбал, элссэнийхээ дараа жилээс өөрийн хүсэлтээр хөгжмийн зохиолчийн ангид давхар суралцах болсон. Найрал хөгжмийн удирдаачийн ангийг ч сонирхож, хичээлд нь суусан. Үнэндээ хоёр мэргэжлээр зэрэг суралцана гэдэг хэрээс хэтэрсэн хэрэг байв.
-Сонгодог хөгжимчид маш багаасаа суралцаж, өдрийн ихэнхийг зөвхөн хөгжмөө л давтаж өнгөрүүлдэг. Бага залуудаа тэр бүхнээс шантармаар санагдах, эргэлзэх үе ч гарсан байх. Тэгвэл зайлшгүй урлагийн хүн болохоо бүрэн ухамсарлаж, өөрийгөө зориулах болсон үе тань хэзээ вэ?
-Тэр бол Венийн академийн хөгжмийн зохиолчийн ангид тэнцсэн үе юм. Зөвхөн өрнийн мастеруудын зохиол бүтээлээс тоглоход суралцсан би өөрийн бодол, мэдрэмжээр шинийг туурвиж, тэрийгээ өөрөө тоглож, бусдад түгээхээр бат шийдсэн. Ингэж ухамсартайгаар шийдсэнээр хийж бүтээх, бэрхшээл зовлонг давж гарах итгэл ч бий болсон юм.
Өөрийн зохиолуудыг тайзнаа тоглоно гэдэг Ф.Лист, Ф.Шопен, эсвэл Л.Бетховений бүтээлийг тоглохоос тэс өөр бөгөөд илүү хүнд гэж болно. Учир нь цоо шинэ зүйлийг үзэгчдэд хүргэж, хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг тийм ч амар биш. Өнөөдөр бидний сонгодог хэмээн нэрлэж, тааламжтайяа сонсдог В.А.Моцартын зохиолуудын дийлэнхийг хүмүүс анх огт ойлгохгүй, хүлээж авдаггүй байсан түүх бий. Иймэрхүү жишээ олон шүү дээ.
Ер нь өөрийн доторх хөгжмийг гаргаж, хүмүүст зориулна гэдэг сэтгэл хөдлөм сайхан ч бага зэрэг аймаар, хариуцлагатай ажил. Танхимд хэдэн зуун хүн сууна. Харин чи тайзан дээр төгөлдөр хуурынхаа урд гав ганцаар. Тэгээд цаг гучин минутын турш тасралтгүй тоглоно.
-Ингэж бүхнээ дайчлан тоглосныхоо дараа та юу мэдэрдэг вэ?
-Үзэгчдийн нижигнэсэн алга ташилт намайг баярлуулж, сэтгэл өргөх нь илэрхий. Энэ бол хамгийн аз жаргалтай мөч ч байж магад. Гэвч тэр бүхний дараа зочид буудал руугаа явах замдаа, эсвэл өрөөндөө ганцаар үлдэхдээ ганцаардлыг гүн гүнзгий мэдэрдэг. Дараа нь тухайн өдрийн тоглолтоо тунгааж, өөрийгөө дүгнэнэ. Би жилд дунджаар 100 гаруй тоглолттой байдаг. Тэгэхээр гурав хоногт нэг удаа өөрийнхөө шүүлтэнд орно гэсэн үг (инээв).
Өөрт төрөх баяр хөөр, ганцаардал гунигаас үл хамааран би ажлаа маш ариун нандин хэмээн хүлээн авдаг. Хүн төрөлхтний бүтээж буй соёл иргэншил, түүхийг хана барихтай зүйрлэвэл надаас төрсөн бүтээлүүд нэг, хоёр тоосго нь болж буйд бахархдаг.
-Төгөлдөр хуур бол өрнийн хөгжим. Энэ зэмсгээр дамжуулан Туркийн тухай бүтээл туурвих ямар байдаг вэ?
-Хөгжим бүр өөрийн иргэншилтэй. Найрал хөгжимд бүгд нийлж нэг зохиолыг эгшиглүүлдэг. Тэр нөхцөлд энэ нь франц гаралтай, тэр нь турк, эсвэл ази хөгжмийн зэмсэг гэх арга байдаггүй шүү дээ. Тухайн хөгжмийн зэмсгийн үүсэл гарлаас үл шалтгаалан юун дээр ч ямар ч төрлийн хөгжмийг тоглох бүрэн боломжтой.
Тэр дундаа Ойрхи Дорнод, Ази нутгийн аялгууг төгөлдөр хуураар тоглоход маш зохицолтой байдгийг онцлууштай. Энэ үүднээс үзвэл ардчилал хийгээд даяарчлалын энэ эринийг ч илэрхийлдэг хөгжим. Тиймээс би өөрийгөө төгөлдөр хуурчийн хувьд маш азтай уран бүтээлч гэж боддог. Магад өөр хөгжим тоглож эхэлсэн бол одоогийн замналдаа хүрч чадахгүй байсан ч юм бил үү.
-Та ганцхан жилд 100 гаруй тоглолт бүхий шахуу хуваарьтай юм. Энэ нөхцөлд хэзээ нь хөгжмөө бичдэг вэ. Аялан тоглож буй орнуудын уур амьсгал, хүмүүс санаа сэдэл өгдөг үү?
-“За, өнөөдөр нэг хөгжим бичье” гээд л ширээндээ суух тохиолдол бараг үгүй. Аялан тоглолтын зам, тухайн орны цаг агаар, тэр өдрийн байдал, гудамжинд алхаад явж байхад төрсөн сэтгэгдэл, зөрөн өнгөрөх хүмүүс, тэдний харц, танхимын эхний эгнээнд суусан үзэгчийн царай төрхөөс эхлээд олон зүйл мэдрэмжид нөлөөлж, шинэ санаа төрүүлнэ.
Үүнээс үүдэн дотор нэг ая орж ирнэ. Гэхдээ шинэ бүтээл төрөх үйл явцыг яг ийм, тийм хэмээн шууд хэлэх боломжгүй л дээ.
-Улаанбаатарт анх буухад ямар ая орж ирсэн бол?
-Би Монголд анх удаа ирж байна. Улаанбаатарт анх хөл тавихад маш тайван, тогтуун мэдрэмж төрсөн. Хүмүүс, ялангуяа бүсгүйчүүд үл мэдэг хөнгөн инээмсэглэл тодруулан явдаг юм билээ. Тэр нь их сайхан. Хаанаас ч харагдах уул, газар шорооны өнгө их таалагдсан. Интернэтээс зургийг нь харсанчлан Марс гарагийн шорооны өнгөтэй төстэй санагдсан шүү. Анх хотыг ажиглан явахад надад нэг ая орж ирсэн. Эхлэл хэсгийг нь буудалдаа очмогцоо бичсэн байгаа.
-Та Улаанбаатарыг тайван, чимээ аниргүй хэмээн дүрсэлж байгаа нь сонирхолтой юм.
-Би Истанбулд амьдардаг. Турк улс 80 сая орчим хүн амтай. Истанбулд бараг 20 сая хүн амьдардаг. Хөрш зэргэлдээ улсуудад дайн байлдаан, зөрчил мөргөлдөөн тасардаггүй. Энэ нь хөршүүдийн маань буруу биш гэдгийг онцлох хэрэгтэй. Хэн ч эх орондоо дайн байлдаан хүсэхгүй шүү дээ.
Хүсээгүй нөхцөл байдлууд, эсрэг тэсрэг хүчнүүдийн үр дүн.
Хэдийгээр Туркт дайны утаа үгүй ч хаяа залган оршиж буй хөршүүдийн байдал тавгүй байдаг нь туркчүүдийн сэтгэл санаанд ч сөргөөр нөлөөлдөг. Үүн дээр тэр олон сая хүний чимээ, асуудал бэрхшээлийг нэмвэл ямархуу уур амьсгалтай байх төсөөлөл танд бий болно. Түм түжигнэж, бум бужигнасан тийм газраас шууд Улаанбаатарт ирэхэд ялгаа нь тод мэдрэгдэж, хэчнээн тайван амгалан амьдардаг нь гүн сэтгэгдэл төрүүлсэн хэрэг.
-Орчин үед урлаг нь бүтээгчийнхээ сэтгэл зүрх, мэдрэмжийг тээхээс гадна үзэл бодлоо илэрхийлэх, бусдад нөлөөлөх чухал арга хэрэгсэл болжээ. Жишээлбэл, та бүтээлээрээ хүмүүст юуг ойлгуулахыг зорьдог вэ?
-Миний бүтээл бүхэн эрх чөлөө, энх тайвны тухай дуу. Бас Турк нутгийнхаа түүх соёлыг хүмүүст ойлгуулж, мэдүүлэхийг хичээдэг. Гадаад дахь тоглолтын үеэр тайзнаа дэлгэц, проектор бэлдүүлж, Туркийн тухай зургууд, энэ нутгаас олдсон үнэт дурсгал тэргүүтнийг хөгжмийнхөө аянд үзүүлдэг нь түүхийг ойлгуулах гэснийх.
Нөгөө талаар, миний бүтээлүүдэд газар газрын үндэстний хөгжмийн онцлог тусдаг учраас үзсэн хүн бүрт хүртээмжтэй байж болох юм. Ингэснээр хүмүүс нэг нэгнийхээ соёл, зан заншил, ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандах учиртайг ч давхар сануулдаг.
-Сонгодог хөгжмийг элит урлаг, цөөнхөд зориулсан гэх зэргээр тодотгох нь заримдаа хана босгодог шиг санагддаг. Тэр ханыг нураах хэрэгтэй юү. Ер нь сонгодог урлагийг хүмүүст илүү хүртээмжтэй болгохын тулд хөгжимчид, хөгжмийн зохиолчид юу хийж чадах вэ?
-Би үүнтэй санал нэг байдаг. Сонгодог урлаг цөөхөн хүний хүрээнд эргэлддэг. Ний нуугүй хэлэхэд, сонгодог урлаг таашаадаг мэтээр харагдах гэсэн хүмүүс ч цөөнгүй бий. Хэрвээ би гагц сонгодог хөгжим л тоглодог хөгжимчин байсан бол тэр жижигхэн хүрээнд эргэлдэх төдий байсан байж магадгүй.
Харин үүнээс хэдийнэ татгалзаж, турк хөгжимд үндэслэн олон үндэстний соёл, уур амьсгалыг өөрийн мэдрэмжид тулгуурлан бүтээсэн хөгжим тоглодог болсон. Тиймдээ ч үзэгч, сонсогчидтойгоо илүү ойр, тэдний цар хүрээ ч маш өргөн байдаг нь талархмаар, бас бахархмаар.
Энэ ч үүднээс Туркт залуу хөгжимчид, оюутнууд, дунд сургуулийн сурагчдад зориулсан хичээл, мастер классыг байнга явуулж, тэдэнд тоглолтоо үнэ төлбөргүй үзүүлдэг. Ингэснээр тэд багаасаа сонгодог урлагийг ойлгож, зөвөөр хүлээн авч сурахаас гадна, хамгийн чухал нь өөрсдөдөө итгэлтэй болж чадна.
Ингэж хэлэхийн учир нь, сонгодогт хүлээн зөвшөөрөгддөг ихэнх уран бүтээлч бараг бүгд Европоос гаралтай байдаг. Бидний өнөөдөр хэрэглэж буй зүйлс, залуусын сонсож, үзэж байгаагийн ихэнх мөн л баруунаас гаралтай.
Соёлын үйлдвэрлэлийн нөлөөгөөр барууны соёл дэлхийг тэр чигт нь удирдаж байгаа нь тийм ч сайн зүйл биш. Үүнээс болж зөвхөн баруунаас гаралтай зүйлс л хүлээн зөвшөөрөгдөж, түүнийг нь хэрэглэж буй үндэстнүүд, залуучууд тэнд л сайн сайхан бүхэн байдаг мэтээр буруу төсөөлөлтэй болох нь бий.
Тэгвэл турк хүн, монгол хүн, ойрхи дорнод, эсвэл ази хүмүүс ч гайхалтай бүтээл туурвиж, сайн, чанартай зүйлс бүтээж, үйлдвэрлэж чадна шүү дээ. Гол нь тэрийг ойлгуулж, итгэл төрүүлж, урам зориг өгөх нь тун чухал эхлэл юм. Тиймээс үүнд өөрийн чадах чинээгээр хувь нэмэр оруулахыг боддог.
Би л гэхэд бага залуудаа мөн л өрнийг хэт шүтэж, дагадаг л байсан. Харин Венийн их сургуульд суралцах явцдаа өөрийн зохиол бүтээлийг, турк хүний үүднээс хорвоог тольдсон бүтээлүүдийг туурвих учиртай, түүнд өөрийгөө бүрэн зориулж чадахыг ухамсарласан. Үүнийг ч хойч үеийнхэндээ ойлгуулж, түгээхийг зорьдог.
-Турк бол таны бүтээлийн гол сэдэв. Таны хувьд турк орон, турк хүн юуг илэрхийлдэг вэ?
-Турк бол миний бүх юм.
Б.Эгшиглэн