Монгол Улсын оюуны спортын салбараас тодорсон шинэхэн гавьяат Батхуягийн Мөнгөнтуулыг “Хоймор”-тоо урилаа. Иргэний үнэмлэх дээрх нас нь ердөө 28 боловч тэрбээр монголчуудын эрхэм хүндтэй нэгнээ хүндэтгэн залдаг хоймрын суудалд залраад, аль хэдийнэ арав гаруй жил өнгөрсөн билээ.
Таван настайдаа шатрын нүүдэл сурсан энэ эгэл, даруухан бүсгүй манай шатрын спортод олон зүйлээр анхдагч. 12-хон насандаа Монгол Улсын спортын мастер, дараа жил нь эмэгтэйчүүдийн олон улсын мастер цолыг хамгийн залуудаа хүртсэн бол 15-тайдаа Монголын анхны эмэгтэй их мастер болж, улмаар эрэгтэйчүүдийн олон улсын мастер цолыг бүсгүйчүүдээс анхлан хүртээд буй. Түүнчлэн өсвөрийн ДАШТ-ий анхны хүрэл, мөнгөн медалийг эх орондоо авчирч, 2008 онд насанд хүрэгчдийн ДАШТ-д эх орноо төлөөлөн анх удаа оролцсон.
Өнгөрсөн онд Норвегийн Тромсо хотноо зохиогдсон дэлхийн шатрын олимпиадад 180 орны шилдэг шатарчид оюун ухаанаа сорьсноос Б.Мөнгөнтуул IV байр эзэлсэн. Улс болгоны нэгдүгээр ширээнд хамгийн шилдэг тамирчин өрсөлддөг дүрэм ёсоор Мөнгөнтуул 10 өргөөс найм хожиж, хоёр тэнцсэнээр Гүржийн их мастер эрэгтэй Н.Дзагнидзе, БНХАУ-ын Хоу Ифань (дэлхийн аварга), Шведийн их мастер П.Крамлинг нарын араас удаалсан юм.
Учир мэдэхгүй жаахан охин байхаасаа эхлээд энэ спорттой амьдралаа холбосон тэрбээр сонгосон замынхаа даваа, нугачаа бүхнийг шатрын нүүдэл шигээ мэдэхийн хувиар илэн далангүй ярилаа.
-Монголын шатарчдаас анхны эмэгтэй гавьяат тамирчин болсон танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.
-Баярлалаа. Оюуны спорт манайд эрчимтэй хөгжиж байгааг төр засгаас мэдэрч, үнэлж, цаашид энэ замаар явах олон залууст урам зориг өглөө гэж бодож байна.
-Эрэгтэйчүүдийн их мастер цол хүртэхээр зорьж байгаа гэсэн. Үүнд хүрэхийн тулд чамгүй өндөр шалгуур давах ёстой байх даа. Та ойрын үед ямар тэмцээнд оролцохоор бэлтгэж байна вэ?
-Энэ сарын сүүлчээр Москвад зохиогдох нээлттэй тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд оролцоно. Жил бүр уламжлал болгон зохиогддог олон улсын нэр хүндтэй, том тэмцээн. Шатрын спортын хамгийн дээд цол нь эрэгтэйчүүдийн их мастер. Одоогоор дэлхийд 30 эмэгтэй шатарчин эрэгтэйчүүдийн их мастер болсон юм билээ.
Энэ цолыг авахын тулд эрэгтэй их мастеруудтай тоглох ёстой. Өндөр зэрэглэлийн тэмцээнд 11 өрөг тоглохдоо доод тал нь найм хожиж байж нэг балл авна. Нийтдээ гурван балл авч, дээрээс нь рейтингээрээ 2500-гаас дээш гарвал эрэгтэй их мастерын болзол хангах учиртай. Одоо миний рейтинг 2430 орчим байгаа.
-Олимпийн бус төрлүүд, тэр дундаа оюуны спортын үнэлэмж манайд тун тааруу гэдэгтэй та санал нийлэх байх. Бусад спорт шиг тоглолтын явцыг телевизээр шууд дамжуулах боломжгүй учраас жирийн үзэгчид хүртэл та бүхний амжилт, ялалтын үнэ цэнийг бодитоор мэдэрч чаддаггүй байж мэдэх. Шатрыг олимпийн төрөлд оруулахгүй юм болов уу?
-Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов энэ спортыг олимпийн төрөлд багтаах гэж их хөөцөлдсөн. Зуны олимпийн наадмын төрөлд багтаах боломжгүй гэдэг нь тодорхой болонгуут “Сочи-2014”-т оруулах гээд дийлээгүй юм билээ. Яагаад гэхээр өвлийн олимпийн төрлүүдийн тоглолт заавал цас, юм уу мөсөн дээр зохиогдох ёстой гэсэн дүрэмтэй учраас бүтээгүй гэсэн. Гэхдээ бид хоёр жил тутамд зохиогддог шатрын олимптой л доо.
Энд маш олон орны тамирчид өрсөлддөг. Харамсалтай нь манайхан олимпийн бус спортын төрлүүдийг гадуурхах хандлагатай. Жишээ нь, Ерөнхийлөгчийн нэрэмжит цалин, Засгийн газрын тэтгэлэгт зөвхөн олимпийн төрлүүдэд амжилт гаргасан тамирчид хамрагддаг. Гэтэл дэлхий дээр тэрбум гаруй хүн шатар тоглодгоос ердөө 1400-гаад нь л их мастер цолтой. Манай Монголд гэхэд л найман хүн их мастер цол хүртсэн байдаг. Их мастерын болзол хангах нь тив, дэлхийн аварга болохын дайтай зүйл. Тиймээс ядаж их мастеруудаа тэр зарлигт хамруулах талаар манай холбооныхон хөөцөлдөнө гэсэн яриа байсан.
Бид нэг тэмцээнд оролцохдоо 9-11 өрөг тоглодог. Өдөр бүр нэг өрөг тоглоход дунджаар 7-8 цаг зарцуулна. Дээрээс нь өргөө бэлтгэх гэж нэлээд юм болно. Энэ мэтчилэн арваад өдрийн турш их ачаалалтай байдаг. Олон улсын тэмцээнд тогтмол 100-200 гаруй орны тамирчид өрсөлддөг. Тэдэн дундаас гурав нь л медаль хүртэнэ. Тиймээс ялалт, ялагдал ээлжлэх үе байна. Хамгийн гол нь шатрын тэмцээн олон цаг үргэлжилдэг учраас шууд дамжуулах нь үзэгчдэд тийм ч сонирхолтой биш гэдэг. Тэгэхээр манайхан тэмцээний явцыг сайн мэдэхгүй байх.
-Олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцсон урлаг, спортынхонд сайдын тушаалаар мөнгөн урамшуулал олгодог журам бий. Та тэр журмаар урамшуулал авч байсан уу?
-Тэр урамшууллыг ч бас олимпийн, олимпийн бус төрөл гэдгээр нь ангилдаг юм шиг байна лээ. Өнгөрсөн жил би шатрын олимпиадад оролцоод ирснийхээ дараа оюутны дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн. Тэгэхэд лав урамшуулал энэ тэр гэж яригдаагүй.
-Анх ямар хүнийг хожоод жигтэйхэн их баярласнаа санадаг уу. Магадгүй танд шатар заасан аавыгаа хожиход уу?
-Ес, арван настайдаа насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд орж эхэлсэн болохоор яг сайн санахгүй байна. Ямартай ч Монгол Улсын спортын мастер нэг эгчийг хожиход их баярласан юм даг. Сүүлд ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцох үед сүүлийн өрөгтөө алдарт Костенюктай таарч хожоод, 1-3 дугаар байрыг хувааж эзлэхэд сайхан санагдаж, том урам авсан. Учир нь тэр шатарчин тухайн үедээ улсынхаа эмэгтэйчүүдээс нэг номерт ордог байсан. Хожим дэлхийн аварга болсон шилдэг тамирчин.
Аав маань анх эгчид, дараа нь ахад шатар заасан. Ахад шатар заах үед би хажуугаас нь харсаар байгаад нүүдэл сурсан. Бид хоёр насны зөрүүтэй. Хоёулаа Хүүхдийн ордны шатрын дугуйланд хамт явна. Тиймээс аавтай гэхээсээ илүү эгч, ахтайгаа шатар их тоглодог байсан. Эгч намайг голоод, “Чамтай тоглохгүй” гэнэ. Аав болохоор “Дүүтэйгээ шатар тогло” гэж их шахна.
-Гологддог байсан эгчийгээ тэгээд хэзээнээс хождог болсон бэ. Хамгийн сүүлд хэзээ эгчийгээ “тулаанд” дуудав?
-Сайн санахгүй байна. Эгч маань тэгсхийгээд шатраа орхичихсон. Би ч сүүлдээ тэмцээн уралдаан, бэлтгэл гээд гэрийнхэнтэйгээ тоглохоо больсон.
-Бусад спорт шиг бэлтгэл сургуулилалт хийх өрөө тасалгаа, техник хэрэгсэл, янз бүрийн эм бэлдмэл шаардахгүй ч шатар өөрийн гэсэн онцлогтой байх. Манай шатарчдад тулгардаг хамгийн том асуудал юу вэ?
-Манай шатарчид олон улсын тэмцээнд явах зардлаа өөрсдөө олдог. Шатарчдаас аль нэг компанитай гэрээ хийсэн хүн бараг байдаггүй. Уг нь манай монголчууд шатар сайн мэддэг, тоглох дуртай хэрнээ яг ивээн тэтгээд өгөөч, олон улсын тэмцээний зардал гаргаадахаач гээд компаниудыг зориод очихоор нааш гэх хүн тун ховор. Тэгсэн хэрнээ үндэсний бөх гэхээр бүгд уухайн тас хүлээж авдаг.
Хоёр жилийн өмнө Шатрын үндэсний шигшээ баг байгуулагдсанаар миний хувьд байдал арай дээрдсэн. Шигшээ багийн дөрвөн тамирчин, нэг дасгалжуулагчийн тухайд гадаадын гурван тэмцээнд явах зардлыг улсаас даадаг юм. Гэхдээ л гадаадад бараг хоёр сар тутамд заавал нэг олон улсын тэмцээн зохиогдож байна. Тэдгээрт боломжийнхоо хэрээр оролцохыг хичээдэг. Тэгж байж оноо цуглуулна. Энэ бол дан ганц миний асуудал биш.
Шигшээ багт харьяалагддаггүй тамирчид, энэ спортоор хичээллэж эхэлж байгаа өсвөрийнхний хувьд хүссэн тэмцээн болгондоо оролцоод байх санхүүгийн боломж хомс байдаг. Бас нэг чухал асуудал бол манайханд өндөр зэрэглэлийн дасгалжуулагч хэрэгтэй. Олон улсын тавцанд өрсөлдөхийн тулд тамирчид орчин үеийн шинэ арга, техникүүдээс суралцах шаардлагатай. Гэтэл гадаадын чадвартай, сайн дасгалжуулагчид цөм төлбөрөө цагаар тооцож авдаг. Тэр үнийг дийлэхгүй учраас өдий хүртэл намайг аав маань л дасгалжуулдаг.
-Аль ч олимп хөтөлбөртөө багтаадаггүй “шоовдор” спортын амаргүй замыг сонгосондоо эргэлзэж, харамсах үе байсан уу?
-Үгүй үгүй. Төр засаг, пүүс компаниуд биднийг ойлгож, дэмжихгүй байна гээд “Өөр спорт сонгодог байж уу” гэсэн бодол огт төрж байгаагүй. Миний төлөө олон зүйлээ золиослон, үргэлж намайг дэмжиж ирсэн аав, ээж, гэр бүлийнхэн байна. Өнгөрсөн хугацаанд намайг сэтгэл зүрхээрээ дэмжиж байсан маш олон хүн бий. Өмнөө тавьсан зорилгынхоо төлөө хичээгээд, амжилт гаргаад явж байхад бүх зүйл болно гэж боддог. Эцэст нь энэ бол Монгол Улсад хэрэгтэй л гэж боддог ш дээ (инээв).
-Долоон настайдаа анх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон гэхээр энэ олон жилийн турш чамгүй зардал мөнгө хувиасаа гаргасан байж таарна. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарыг анх гадаад руу тэмцээнд явахад аав нь ачааны машинаа зараад зардлыг нь өгч байсан гэдэг шиг танд иймэрхүү дурсамж байдаг уу?
-Шатар тэр чигээрээ сэтгэл зүйн спорт учраас ч тэр юм уу, аав, ээж маань иймэрхүү зүйлийг надад мэдэгдэхгүй байхыг хичээдэг. Намайг “Миний охин юунд ч санаа зоволгүй бэлтгэлээ л сайн хий” гэнэ. Гэхдээ гэрийнхэнд маань амаргүй байсныг би гадарладаг.
Аав маань олон газрын үүд сахиж “Ийм хүүхэд байгаа юм, ивээн тэтгээд өгөөч” гээд явдаг байсныг мэднэ. Аав маань ШУТИС-д багшилж байгаад 2000 онд тэнхимийн эрхлэгч болсныхоо дараахан “Би энд байх цаг заваа охиндоо зарцуулмаар байна” гээд татгалзсан гэдэг.
Бас хүмүүс биднийг Москвад олон жил сайхан амьдарсан гэж төсөөлдөг юм шиг байна лээ. Оросын суурь боловсрол нь ч, шатрын сургалт нь ч маш сайн учраас аав, ээж маань боломж гарангуут эндэх бүх зүйлээ орхиод тийшээ нүүсэн. Үнэн хэрэгтээ аав маань тэндхийн Эрдэм шинжилгээний хүрээлэнд цалингүй ажилладаг байсан. Ажлаас нь байр гаргаж өгсөн ч Москвад түрээс нь маш өндөр. Үндсэндээ аав тэнд байрны түрээс төлөх гэж л ажил хийдэг байсан. Бусад зардлаа ээж эндэх ажлаараа болгодог.
Б.МӨНГӨНТУУЛ: ААВ БИД ХОЁР ЗОРИЛГО НЭГТЭЙ ХАМТРАГЧИД
Ээж маань хувиараа бизнес эрхэлдэг учраас хавар, зун, намар нь Монголд, өвөлдөө бидэн дээр очдог байсан. Тэнд арван жил амьдрахдаа би Монголынхоо улсын аварга шалгаруулах тэмцээнд ганц, хоёр удаа л ирж оролцсон. Нааш, цааш яваад байх санхүүгийн боломж хомс учраас үүнээсээ болоод өсвөрийн дэлхийн аваргад оролгүй хэдэн жил өнжсөн. Учир нь улсын аваргад орж, түрүүлээгүй бол ДАШТ-д байр, хоолны мөнгийг нь даадаггүй.
Тэгээд 18 настайдаа яаж ийгээд сүүлчийн удаа өсвөрийн ДАШТ-д оролцохыг хүссэн учраас аав, бид хоёр өөрсдөө байр, хоол, унааны мөнгөө гаргаад Москвагаас очиж, мөнгөн медаль хүртсэн. Өсвөрийн дэлхийн аваргад би таван удаа оролцож, хоёр медаль хүртсэн юм байна. Москвад байхдаа ихэвчлэн тэндхийн насанд хүрэгчдийн тэмцээнд оролцдог байсан. Хуучин ЗХУ байхаас нь эхлээд тогтсон Оросын школ маш сайн. Тэндээс их зүйл сурсан.
-Эцэг, эхчүүд өөрсдийнхөө хүрч чадаагүй оргилд хүүхдээ хүрээсэй гэж хүсдэг юм гэсэн. Магадгүй тийм учраас аав тань гурван хүүхдэдээ шатар заахад хоёр том нь тэгсхийгээд орхичихоор урам нь хугарсан байх даа. Эцсийн найдлага тан дээр ирж, та ч итгэлийг нь алдаагүй учраас аавын ганц бахархал болов уу. Багадаа “Хэт яараад буруу нүүлээ”, “Анхаарлаа төвлөрүүлсэнгүй, чи энд тэндхийн хүүхэд харах гэж ирсэн үү, шатар тоглох гэж ирсэн үү” хэмээн зэмлэж байсан ааваасаа магтаал ер нь сонссон уу?
-Аав минь өөрөө шатраар их хожуу хичээллэсэн юм билээ. Их сургуулиа төгсөж, багш болсныхоо дараа шатар сураад, нэг хэсэг бүр амтанд нь орж, ээжийг хүртэл гомдоож байсан гэдэг. Шатарт тэгтлээ дурласан аав минь надад ямар их итгэж найдаж байсныг би хожим мэдсэн.
Нэг дэвтэр дээр зорилгоо бичээд, намайг “12 настайдаа олон улсын эмэгтэй мастер, 15-тайдаа их мастер болно” гэчихсэн байсан. Тэр зорилгыг нь уншаад, аавынхаа итгэлийг алдаагүйдээ өөртөө их баярласан. Аав өөрөө нэлээд хожим “Чи бусдаасаа арай өөр байсан” гэж хэлсэн. Аав бол миний хувьд зөвхөн аав бус, багш, дасгалжуулагч, найз. Бас бид хоёр зорилго нэгтэй хамтрагчид.
-Шатарчид өдөр бүр доод тал нь зургаан цаг бэлтгэл хийдэг гэсэн. Одоо бодоход танд эрх дураараа дэггүйтэж гүйдэг хүүхэд нас гэж байсангүй дээ гэж бодогддог уу?
-Өдөр бүр тогтмол бэлтгэл хийх ёстой. Тэмцээн дөхсөн үед бол өдөрт арван цаг бэлтгэл хийх нь ч бий. Бага байхад бол гадаа хүссэнээрээ тоглох юмсан гэж боддог л байсан. Гэхдээ аав маань тийм ч айхтар хориг тавьдаггүй байсан шүү.
Нөгөө талаас нь бодвол би үеийнхэнтэйгээ харьцуулахад багаасаа олон сайхан газар орон үзсэн. Ялангуяа тэр үед өсвөрийн ДАШТ Испани, Франц, Швейцарь, Унгар гээд далайтай, үзэсгэлэнт оронд зохиогддог байсан нь их гоё санагддаг байж билээ.
-Шатрын бодоор өөрийгөө зүйрлүүлвэл та юу нь вэ?
-Өөрийгөө зүйрлүүлнэ гэхээр хаашаа ч юм. Хүмүүс ер нь тэмээнд илүү дуртай байдаг юм билээ. Миний хувьд моринд дуртай. Мориороо ноён руу нь давшиж тоглох дуртай.
-Тэмцээн, уралдаан, бэлтгэл гэсээр та гэрийн ажилд гар хүрдэггүй хүүхэд байсан байх аа, тийм үү?
-Тийм ээ. Ээж маань намайг гэрийн ажилд бараг гар хүргэдэггүй байсан.
-Одоо сүйт залуутай болсон гэсэн. Хэзээ тусдаа гарах вэ. Гэрийн сайн эзэгтэй болох бэлтгэл хийж байна уу?
-Эгч маань интернэтээс шинэ жор хараад, гурван хүүхдэдээ төрөл бүрийн хоол хийж өгдөг. Би одооноос эгчээсээ суралцаж байгаа. Хааяа нарийн боов энэ тэр хийдэг. Гэхдээ эгч шиг үнэхээр дурлаж хийдэггүй. Сонирхох маягаар л.
-Таны амьдралдаа хийсэн хамгийн зөв нүүдэл юу вэ?
-Шууд тэр гэж толгойд буухгүй байна. Ямартай ч ээж маань “Хүнд хар буруу санахгүй, сайхан сэтгэлтэй байхад бүх зүйл болно” гэдэг. Үнэхээр ч хүн зөв бодолтой явахад ажил үйлс, амьдрал аяндаа тэгшрээд, болчихдог юм шиг санагддаг.
-Хайртай хүнээ олж сонгоод, насан туршдаа хамт амьдрахаар сүй тавьсан нь нэг талаар нүүдэл мөн биз дээ?
-Мэдэхгүй л дээ (инээв). Манай найз залуу цахилгааны инженер. Дөрөвдүгээр цахилгаан станцад ажилладаг. Бид танилцаад зургаан жил болж байгаа. Сүйт залуутайгаа нэг л өдөр тусдаа гарах байх даа.
-Таныг анзаараад байхад сэтгэл хөдлөлөө их барьдаг, тайван, хүлээцтэй, үг, үйлдэл болгоноо сайтар бодож хөдөлдөг хүн шиг санагддаг. Шатарчид бүгд ийм юм болов уу гэхээр А.Энхтуул их мастер тийм биш. Тэр нэлээд нүүрэмгий. Орост 10 жил сураад, тэндхийн “галзуу” охидтой найзлаад ч таны зан чанар өөрчлөгдөөгүй юү?
-А.Энхтуул маань үнэхээр надаас тэс өөр шүү. Хувь хүний онцлог байх л даа. Би 12-тойдоо Орост очсон. Манай ойр орчинд монголчууд байдаггүй байсан. Тиймээс хичээл, бэлтгэлээ тараад л шууд гэртээ ирдэг. Гэртээ ном уншаад л суудаг байлаа. Дэндүү бүрэг, зожиг надад гурав, дөрвөн жилийн турш ямар ч орос найз байгаагүй. Сүүлд төгсөх дөхөөд ирэхийн алдад ангийн охидтойгоо гайгүй найзалж эхэлсэн.
Энэ мэтээр орчин бас хүний зан төлөвшилд нөлөөлдөг байх. Харин би өөрийгөө “Хүн хар багаасаа удаан хугацаагаар нэг л юм ширтээд суугаад байхаар сүүлдээ хэмнэлээ дагаад дэндүү тайван, лазан, залхуу болдог” гэж зөвтгөдөг юм. Тэгсээр хөдөлгөөний хомсдолд орчихгүй л бол (инээв).
Манай шигшээ багийнхан өнгөрсөн жил чөлөөтийнхөнтэй хамт “Говь ресорт” жуулчны баазад бэлтгэлд гарсан юм. Манай хоёр эрэгтэй тэдэнтэй хамт хөлбөмбөг тоглосон чинь жаахан гүйгээд л бахардчихсан. Дараа нь хоёр эмэгтэй нь мөн л жаахан тоглоод бууж өгсөн. Гэтэл тэд олон цаг хөлбөмбөг тоглочихоод, дараа нь шууд гар дээр суниагаад эхэлсэн. Бидэнд хөдөлгөөн дутагдаж байгааг тэгэхэд илүүтэй анзаарч, эвгүй байдалд орж билээ. Гэхдээ тэд ч бас биднийг яаж тийм олон цагаар нэг зүйл дээр ухаанаа төвлөрүүлэн сууж чаддаг байна гэж гайхаж байсан.
-Өнөөдөр таны үеийн олон шилдэг залуус нийгмийг урагшлуулахын тулд хүсэж, зорьж, түүнийхээ төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж байна. Харамсалтай нь үүнээс цөөнгүй залуус мөн л нийгмийг хойш нь чангааж, өөрийнхөө амьдралыг ч олигтой аваад явчихаж чадахгүй, өрөөлд найдаж сууна. Таныхаар амжилт, аз, боломж хичээсэн бүгдэд ирдэг юм уу, эсвэл манайхны хэлдгээр цаанаасаа төрчихсөн, хувь заяатай хэсэгт нь л олддог эд үү?
-Бурхан бүх зүйлийг цаанаа зурчихсан, хүнд ямар ч сонголт өгдөггүй гэж бодохгүй байна. Зорилготой хүнд боломж хэзээд байдаг. Тэр дундаас сонголтоо л зөв хийх хэрэгтэй байх. Гэхдээ амьдрал юм чинь буруу сонголт хийж болно шүү дээ. Гол нь түүнийгээ мэдсэн даруйдаа засаад, дараагийн зөв сонголтыг хийвэл амжилт, үр дүн нь нэгэн цагт гарч л таарна.
Миний анзаарч байгаагаар бидэнд чанартай сайн боловсролын хажуугаар монгол түмний амьдралын хар ухаан үгүйлэгдээд байх шиг. Залуу гэр бүлүүд хүүхдэдээ гэрийн хүмүүжил олгодог байгаасай гэж боддог. Би нийгмийн сурган хүмүүжүүлэгч мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллаагүй болохоор туршлага бага л даа. Гэхдээ жаахан хүүхдүүдийн хүмүүжилд хөдөлмөр эергээр нөлөөлдөг гэж манай сургуульд заадаг байсан.
Нүүдэлчин монголчуудын үр хүүхдээ багаас нь ажил хөдөлмөрт сургадаг байсан эртний уламжлал одоо ч үнэ цэнэтэй хэвээр байгаа юм билээ. Хүүхдүүд ойр зуурын гэрийн ажилд тусалснаараа ядарч зүдрээд сүйд болчихгүй. Дээрээс нь шатар сурчихад илүүдэхгүй.
-Та хамгийн аз жаргалтай эмэгтэй гэдгээ ямар үед мэдэрдэг вэ?
-Би гэр амьтай хүн. Олон хоног тэмцээнд яваад ирсний дараа гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа байхдаа л би жаргалтай байгаагаа илүү мэдэрдэг. Юунд ч санаа зовохгүй, ямар нэгэн зүйлд харамсалгүй, сэтгэл тайван байх чинь их жаргал шүү дээ. Хүн хэт олон зүйл хүсэх тусмаа дунд нь төөрчихдөг юм шиг ээ. Маргаашдаа итгэлтэй хүн сэтгэл тайван байж чаддаг гэж боддог.
-Энэ нийгмийн эд эс нь болохын хувьд та Монголынхоо юугаар бахархаж, юунд нь эмзэглэж явдаг вэ?
-Манай монголчууд маш оюунлаг ард түмэн. Тиймээс зөвхөн биеийн хүч сорьсон спортын төрлүүдээр бус оюуны бядаараа дэлхийн дэвжээнд гайхуулах цаг ирсэн. Ойрын хэдэн жилдээ би өөрөө тоглож байгаад, дараа нь өсвөрийн шатарчдыг дасгалжуулж, бэлтгэх зорилготой. Манай өсвөрийн шатарчид өөрсдийнхөө бор зүрхээр яваад дэлхийд өндөр амжилт гаргаж байна.
Тиймээс тэдэнд олон талын дэмжлэг чухал. Цаашлаад оюуны спортыг олон улсын жишгээр хөгжүүлэхийн тулд бид өөрсдөө Монголын шатрын холбоонд орж ажиллах шаардлага тулгарах байх. Нэгэн цаг үед тоглож байгаа залуус бидний нүдээр харахад холбоонд маань өөрчлөх, шинэчлэх зүйл чамгүй байгаа нь анзаарагддаг.
-Ирээдүйд улс төрд орох юм биш биз дээ?
-Үгүй ээ. Хүн бүр мэдэх зүйлээ л хийх хэрэгтэй шүү дээ. Миний хамгийн сайн мэдэх зүйл бол шатар.
Л.Ганчимэг