“Оюу толгойд гүний уурхайн төсөл эхэлж байна, манайд ажиллахыг урьж байна гэхэд нь Монголдоо бүтээн байгуулалтад оролцоно гэхээс догдлон, тун чиг баяртай ирж байлаа.”
Оюу толгойн гүний уурхайд үргэлжлэх бүтээн байгуулалтыг газар доор хот байгуулахтай адил гэх нь бий.
Энэхүү аварга бүтээн байгуулалтад “Siemens, Red Path, FLS, Bubenzer, Ampcontrol, ABB, Belle Banne, Energy International, Ворлей Инженеринг, Тийсс Хишиг Арвин Жейви, Монаделфус Монголиа, SGT, BV, FLSmidth, ABB, Tаван орд, Эм Си Эс Пропертис, NCCS, Барилга гэх мэт үндэсний болон олон улсын тэргүүлэх компаниудын туршлага шингэсэн.
Эдгээр компаниудын нэг болох “Тийсс Хишиг Арвин Жейви” (ТХАЖВ) нь 1,300 метрийн гүн дэх хүдрийг газрын гадарга руу гаргахад амин чухал байгууламж болох хос туннелийг байгуулсан аж.
90 гаруй жилийн түүхтэй, Австралийн уул уурхайн гүйцэтгэгч “Тийсс” компани, Монголын үндэсний уул уурхайн томоохон гүйцэтгэгч компанийн нэг болох “Хишиг арвин индустриал”-ийн хамтралыг амжилтад хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан инженертэй бид ярилцлаа. Тэр бол тус компанийн Уурхай хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Тамир юм.
Тамир насанд хүрснээс хойших амьдралынхаа талыг нь газрын гүнд өнгөрөөжээ. Ингэж хэлэхийн учир нь тэрээр Оюу толгойд ажиллахаасаа өмнө гаднын улсын хоёр ч туннелийн бүтээн байгуулалтад ажиллаж байв. Хонконг, Энэтхэгт ажиллаж байхдаа Оюу толгойн 14/14 ростероос хавьгүй өндөр ачаалалтай ажилладаг байж.
Гэсэн ч инженер болох нь түүний мөрөөдөл байсангүй. Дархан хотод төрж өсөөд сургуульд орох жилээ Улаанбаатарт шилжин ирсэн тэрээр Монгол Оросын хамтарсан 3-р сургуулийг төгсөхдөө бүр 10 хичээлээр Элсэлтийн ерөнхий шалгалт өгчээ. Хамаатныхаа ахтай ярихад “Хамгийн ирээдүйтэй нь уул уурхай шүү” гэж зөвлөсөн аж. Үнэхээр ч уул уурхай түүнийг аялал, адал явдалд хөтөлж, ирээдүйн ханьтай нь уулзуулжээ. Тамирын гэргий мөн уул уурхайн компанид ажилладаг.
Тэрээр Шинжлэх ухаан технологийн их сургуулийг уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр төгссөнөөсөө хойш энэ салбарт тууштай ажилласаар өдийг хүрчээ. “Манай ээж эгч бид хоёрыг ганцаараа өсгөсөн. Эгч бид хоёрыг үргэлж тууштай дэмждэг ээж маань “Чи яагаад ингэв, яах гэж байна гэж асууж шалгаалгүйгээр шийдвэрийн минь ард бат зогсдог.”
III дамжаанд байхдаа одоогийн ажиллаж буй Тийсс компанийнхаа оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч тун удалгүй Тийсс (тухайн үед Лэйтон ХХК нэртэй байсан) компанийн нүүрсний ил уурхайн төсөлд дадлагажигч инженерээр ажилд оров. Удалгүй шинэхэн ажилтан Тамир сонирхолтой боломжийн үзүүрээс атгаж, Хонконгт Лэйтоны 9,5км урт авто замын туннелийн төсөлд ажиллах ярилцлагад тэнцсэнээр Азийн бар улсыг зорилоо.
Хонконгт нэг жил орчим хотдоо байрлан, ажлын энгийн хуваариар ажилладаг байсан бол Энэтхэгт төслийн талбай руугаа нислэгээр ирж очин, зургаан долоо хоног ажиллаад хоёр долоо хоног амардаг ростертой болов. Нислэгийн цагийн талыг ажилласанд, талыг нь амарсанд тооцдог байсан учраас амралт нь ердөө 9,10 хоног л байсан хэрэг. Халуун газар дасаагүй тул Энэтхэгийн халуунд олон цагаар ажиллахад их ядардаг учраас менежерээсээ асууж байгаад бүтэн ростер буюу 40 орчим хоног дан шөнөөр ч ажиллаж үзжээ.
“Эргээд харахад, тэр үедээ гэр бүлгүй, ганц бие байсан тулдаа болоод байсан юм уу даа. Одоо бол тэгж явна гэвэл ёстой худлаа байх” хэмээлээ. 2014 онд эхнэр нь бие давхар болсноор Энэтхэг дэх ажлаа орхин, эх орондоо ажиллахаар ирэв. Ирсэн даруйдаа “Терра Энержи” компанийн нүүрсний ил уурхайд ажиллаж байв. 2016 оны зун Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлж, “Тийсс Хишиг Арвин Жейви” компани гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийн гүйцэтгэгчээр шалгаран Өмнөговь аймгийн Ханбогд сумыг зорьсон. Гүний уурхайн мэдлэг, туршлагатай монгол мэргэжилтэн олон байгаагүй үед тус компани Тамирт санал тавьсан аж. Ингээд Оюу толгойн уурхай Тамир гэдэг ахлах инженертэй боллоо.

Өмнөх төслүүд нь шаваа тавиад, ухалтын ажлаа эхлүүлчихсэн газрууд байсан учраас үйл ажиллагаа нь бүрэн жигдэрчихсэн багууд байв. Хүндрэл бэрхшээл гарах нь ховор. Гэтэл гүний уурхайн налуу амын нэвтрэлтийг буюу газар доош ухалтыг ч эхлээгүй байсан болохоор юу ч байхгүй ногоон талбай угтав. “1,400 метр хүртэл нэвтэрнэ гээд төсөөлөхөд мөн ч их ажил байна даа л гэж бодож байлаа.”
Энэ бүтээн байгуулалт бүх монгол ажилчдад шинэ туршлага болов. Голдуу ил уурхайд ажиллаж байсан хүмүүс иржээ. Иймээс нэвтрэлтийн ихэнх машиныг дан гадаад мэргэжилтнүүд барьдаг байв. Гэтэл хоёрхон жилийн дараа гэхэд бараг тал нь монголчууд болж, ихэнх гадаад мэргэжилтэн нь нутаг буцаж, зарим нь зөвхөн сургагч хийдэг болжээ. Дахиад нэг жилийн дараа харахад ганц ч гадаад оператор үлдээгүй, бүх сургалтыг монголчууд өөрсдөө удирдан явуулж, бүх машин техникээ өөрсдөө барьдаг болсон байв. “Гүний уурхайн бүтээн байгуулалтын туршлагагүйгээр богинохон хугацаанд тийм хэмжээнд сурч, өндөр ур чадвартай болохыг нь хараад үнэхээр бахархаж байсан.”
“Тийсс Хишиг Арвин Жейви” компани гүний уурхайд ийм хэмжээний налуу ам байгуулах төслийг Монголд анх удаа хэрэгжүүлсэн хамт олон. Хөдөлгөөнт тоног төхөөрөмж, уурхайн ажилтнуудыг нэвтрүүлэх, газрын гүнээс гадарга руу хүдэр зөөвөрлөх зориулалттай хос туннель байгуулагдсан нь Оюу толгойн уурхайн хувьд томоохон амжилт. Учир нь Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжсэнээр өдөртөө олборлох 120 мянган тонн хүдрийн 95 мянгыг нь налуу амын туузан дамжуургаар зөөх юм. 11 градусын налуу тус хонгилуудаар далд уурхайн тусгай машин техникүүд л явдаг аж. Ийм огцом өндөр туннель дэлхийд хоёр гуравхан л бий. Уг төслийн баг аюулгүй ажиллагааг маш сайн хангаж, хөдөлмөрийн чадвар түр алдах тохиолдол гаргалгүй, бүтээн байгуулалтаа амжилттай дуусгасан байна.
“Налуу амны төслийг анх эхлэхэд захиалагч “Оюу толгой” компани дизайнаа өгөөд, ийм харьцаатай, ийм малталт ийм бэхэлгээтэй хийнэ, үүнээс зөрж болохгүй гэдэг зааварчилгаа өгдөг байсан юм. Харин бид өөрсдөө төлөвлөгөөгөө гаргадаг байсан. Надтай хамт Хонконг, Энэтхэгт ажилладаг байсан Золбообаяр гэдэг инженер бид хоёр ээлжилж бүх ажлаа төлөвлөж, агааржуулалт, тэсэлгээндээ гар бие оролцоно.” Тамир энэ бүх ажлаа хариуцахын сацуу маркшейдерийн багийг ахалдаг байжээ. “Маркшейдер гэдэг нь үндсэндээ газрын зөв чиглэлийг гаргадаг хүмүүс юм” хэмээн тэрээр тайлбарлав.
“Бид 6.9 км налуу ухаад нэг цэгт очиж гүний уурхайд нийлэхэд буюу газрын гүнд хоёр талаас туннель уулзахад зөрүү нь ердөө 10 см байсан. Багийнхан маань супер ажилласан шүү.”
Барих явцад Ковид-19 цар тахал дэгдэж, хил хорьсноор гадаад операторууд ирж чадахгүй болов. Иймээс хүмүүсээ богино хугацаанд сургах, уурхай дээр удаан хугацаанд ажиллах шаардлага тулгарчээ. Нэг удаа бүр 78 хоногийг уурхайд өнгөрүүлсэн. ‘“Оюу толгой”-гоос цар тахлын үед авч байсан арга хэмжээнүүд ч үнэхээр сайн байсан, уурхайчид маань ч үнэхээр сэтгэлийн хаттай байж, зүрх сэтгэлээ шингээж ажилласан. Үүний хүчинд бидний оролцоотойгоор дэлхийн жишигт хүрсэн бүтээн байгуулалт амжилттай туршигдаж, эх орондоо анх удаа ийм хэмжээний налуу амыг барьж чадсан. Энэ бол бидний хувьд нэр төрийн хэрэг.”
Түүний баг төслийн аюулгүй ажиллагаа, бүтээмжийг сайжруулах хоёр шинэчлэл оруулж иржээ. Нэг нь “Орика” компанийн eDev гэдэг цахим тэслүүр. Зүгээр нэг цахилгаан өгөөд тэсэлчихдэг биш, тэслүүртээ код өгч, цаг төлөвлөх боломж олгодог цахим тэслүүрийг налуу ам дээр анх оруулж ирсэн нь уурхайн орчныг илүү аюулгүй болгов. Хоёрдугаарт, гүний уурхайн урт хугацааны бэхэлгээг өөрчилжээ. Троссон бэхэлгээг ихэвчлэн цемент зуурч хийдэг байсныг түргэн хатдаг цавуугаар хийдэг болгосон нь тэр. Урьд нь цемент хатахыг хүлээн 12-18 цаг мөргөцөг рүү орж болдоггүй, тэсэлж болдоггүй байсан бол цавуу хэрэглэснээр 7 минутын дараагаас шууд тэсэлгээ хийх боломжтой болжээ. 2022 онд налуу амны төсөл дууссанаар түүний баг налуу ам дээрээ барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаад өнгөрсөн намраас үндсэн бэхэлгээ болон замын төсөл дээр ажиллаж байгаа аж.
Монголд барууны механикжуулсан аргачлалаар гүний уурхайн бүтээн байгуулалт яваад удаагүй. Цаашлаад туршлагатай уурхайчид тэр болгон ажил горилж ирдэггүй тул сүүлийн хэдэн жилд шинэ хүмүүстэй ажиллаж, гүний уурхайчин болгох шаардлага тулгарчээ. Ингээд хүний нөөц гэдэг том сорилтыг шийдэж, шинээр баг бүрдүүлж, сургах нь түүний ажлын томоохон хэсэг болов.
Удирдахдаа баримталдаг зарчмыг нь асуухад “хүмүүсээ сонсох” гэж хариулсан. Нэг үеийнхэнтэй нэг арга барилаар, өөр үеийнхэнтэй бол арай өөрөөр ажиллана. “Тодорхой хэмжээгээр өөрсдийн сурсан мэдлэгээ хамгаалж чаддаг хүмүүс ажлын байран дээр гарч ирж байна. Мэдсэн сурсан зүйлээ, өөрийгөө харуулахыг ихэд хичээдэг, тэрийг нь үнэлбэл маш сайн ажилладаг хүмүүс.” Аливаа хүнийг ажиллуулахдаа аль болох анхаарч сонсож, төслийн менежер, удирдах ажилтан гэдгээрээ өөрийнхөө арга барилыг хүмүүст тулгах биш, ажиллаж байгаа хүмүүсийнхээ арга барилтай тохируулж ажиллахыг эрмэлзэх нь удирдлагын гоё арга барил гэж тэрээр үздэг. Өөрөө ч дандаа яг л тийм удирдагчдын манлайлал дор ажиллаж байжээ. “Би азтай л байх л даа. Намайг удирдаж байсан менежерүүд дандаа инженер, техникийн ажилчид, удирдаж буй албан тушаалтнуудаа маш сайн сонсдог хүмүүс байсан. Миний зөв, би ингэж бодож байгаа учраас бүгдээрээ ингэж явна гэж тулгадаг, удирдлагын тиймэрхүү арга барилтай компанид ажиллаж байгаагүй.
Хөшөөтийн уурхай дээр миний анхны захирлаар Жулиан Лоуренс гэж хүн ажилладаг байлаа. Хүмүүстэйгээ хэзээд шударга харилцдаг, хүнийг онож олж хараад сайжрах талаас нь зөвлөж чаддаг хүн. Одоо байгаа төслийн менежер маань ч биднээс цаг үргэлж мэдээлэл авдаг, “Та нар өөр өөрсдийн ажлаа хий, би та нарын гаргасан шийдвэрийн ард бат зогсоно” гэж хэлдэг хүн байдаг.”
Өдгөө Оюу толгойн уурхай дахь төсөлд ажиллаж буй хамт олон нь үүрэг даалгавраа цаг тухайд нь биелүүлж чадаж байгаа эсэхийг тодорхойлж, чадахгүй байгаа тохиолдолд дүн шинжилгээ хийн, хариу арга хэмжээ авах нь түүний ажил. “Тийсс Хишиг Арвин Жейви” компани өнгөрсөн аравдугаар сард гүний уурхай дээр үргэлжлүүлэн гурван жил ажиллах гэрээ байгуулжээ. Тус компанийн 300 гаруй ажилтан дахиад лав хоёр жил гаруй Оюу толгойн уурхайд ажиллаж, гүний уурхайн хөрc, чулуулгийн бэхэлгээ хийнэ, Тамир тэднийг удирдана. Их л завгүй байх нь.
-Энэтхэг, Хонконгийн гүний бүтээн байгуулалтын онцлог юу байв, Оюу толгойн уурхайд ажиллахаас хэр ялгаатай вэ?
-Хэр ялгаатай нь ямар уурхай вэ гэдгээс шалтгаална. Цар хүрээ, газрын онцлог, бэхэлгээний чанар гэх зэргээр өөр зүйлс зөндөө. Жишээ дурдвал, намайг Хонконгийн туннельд ажиллаж байхад бэхэлгээ хийхдээ заавал бетон хэрэглэхгүйгээр зөвхөн метр тутамд 3-4 боолт хийгээд цааш нэвтэрдэг байсан. Геологи болон геотехникийн мэргэжилтнүүдийн гаргасан чулуулгийн мэдээлэлд үндэслээд уурхай бүр өөрөөр нэвтэрнэ. Юунд зориулагдсан бэ, хэр удаан явах гэж байгаа уурхай вэ, чулуу нь хэр бат бэх вэ гэдгээс шалтгаалж байгаа хэрэг л дээ. Өмнөх ажил маань Гималайн нуруу дагуух хоёр хотын хооронд (Ченани-Нашри) машин замын туннель барих, улсын том бүтээн байгуулалтын ажил байсан юм. Энэтхэгийн онцлог гэвэл маш их хүн хүчээр ажлаа явуулдаг. Аль болох зогсоохгүйгээр, нэг нь дуусахад нөгөө нь шууд залгадаг онцлогтой. Харин “Оюу толгой” дээр тэр ажлуудыг аль болох механикжуулсан нь эргээд аюулгүй байдалд том давуу талтай. “Оюу толгой” өнөөдөр ажилдаа өндөр туршлагатай хүмүүсээр хүрээлэгдсэн ажлын байр болсон байна. Аюулгүй байдлыг бол үнэхээр чандлан мөрдөж чадаж байна. Аль ч газартай харьцуулахад Оюу толгойн уурхай маш өндөр түвшинд ажилладаг.
-Хос налуу амын бүтээн байгуулалт бол маш том ажил шүү дээ. Ийм ажил хийхэд таны хувь хүний ямар зан чанар, онцлог илүү сайнаар нөлөөлсөн бэ?
-Гүний уурхай, ер нь уурхайн ажил багаар бүтээгддэг ажил. Ганц хүнээс шалтгаалаад уурхай бүтчихгүй. Тиймээс би л ингэчихлээ гэсэн бодол огт төрдөггүй. Дандаа л багийн хичээл зүтгэл шүү дээ. Юу ч байхгүй зэрлэг талаас энэ болтол бүтээн байгуулалцсан багийнхнаараа бахархдаг. Манай багийнхан энэ явцад сайн төлөвшиж хөгжиж чадсан байна гэж хардаг.
-Багаар амжилттай ажиллахын нууц нь таны бодлоор юу вэ?
-Нэг зорилготой, багийн гишүүн бүрийн үүрэг оролцоог үнэлдэг, мэдээллээ ил тод, шуурхай солилцдог байж гэмээнэ ажил уялдаа холбоотой, урагштай явдаг. Миний ажил дуусчихлаа, чиний ажил үлдлээ гэх маягаар биш, энэ ажил бол угаас багийн ажил гэж харах нь чухал юм болов уу. Ямар ч нөхцөлд бие биеэ дэмждэг, нээлттэй, эерэг уур амьсгал бүрдүүлэх нь хүчтэй багийн үндэс гэж боддог.
-Бид “манай монголчууд уян хатан, сийрэг толгойтой” гэхчлэн ярьдаг. Олон улсын хүрээлэлд ажиллаад явж байхад монголчууд маань үнэхээр тийм байж чаддаг уу?
-Тийм шүү. Энэ юунаас харагддаг вэ гэхээр манайхан хаа ч очсон хүнд хэзээ ч гологддоггүй. Тухайлбал, олон хүн Австралид мэргэжлээрээ ажиллаж байна. Тэд маань багийнхаа нэр хүндтэй гишүүн болчихсон ажиллаж байгаа харагддаг. Ийм ч болоод тэр үү хүмүүс монголчуудыг ажиллуулах их дуртай бололтой байдаг. Намайг Хонконг, Энэтхэгт ажиллаж байхад ч бас чи арай ингээд явчихгүй биз дээ, эндээ үлдэнэ биз дээ гээд л асуудаг байлаа. Арабын улс орнууд, Африкийн уурхайд очиж ажиллаж байгаа монголчууд ч бий.
-Оюу толгойгоос гадна яг ийм газар ажиллаж үзмээр байна, ийм юм хийж үзмээр байна гэсэн хүсэл байдаг уу?
-Ажлын шугамаар бол тийм хүсэл байхгүй ээ. Буцаад ил уурхайн ажилд ороод, мартаж байгаа зүйлсээ санавал зүгээр гэж санагддаг. Ер нь л яг мэргэшсэн чиглэлээрээ илүү сайжраад явахыг боддог доо.
-Хувьдаа хийхийг хүсэж яваа зүйл юу вэ?
-Бага багаар нь биелүүлээд л явж байна. Хамгийн үзмээр байсан зүйл бол Хөл бөмбөгийн дэлхийн аварга. Орост болсон ДАШТ-ийг очиж үзсэн. Одоо аваргуудын лиг үзнэ ээ л гэчихсэн яваа.
Английн шигшээ баг, “Ливерпүүл”-ийн дэмжигч ийм нэгэн залуу мэргэжилтэн Монголынхоо уул уурхайд мөрөө үлдээж явна. Түүний баг хамт олон чадварлаг инженер, техникийн ажилтнууд, уурхайн болон барилга угсралтын мэргэжилтнүүд налуу амын төслийг амжилттай гүйцэтгэж дуусгасан, одоо ч Оюу толгойн гүний уурхайн олон чухал ажлыг хариуцан гүйцэтгэсээр байгаа юм. Уул уурхайн монгол мэргэжилтнүүдийн чадвар геометр прогрессоор өсөж, аюулгүй ажиллагааны соёл хэвшил болсоор байгаа нь талархууштай.