Монгол
нутгийн хоймор, голомт болсон Хэнтий Хан уулын араас Давааны гол, Өвөр
Өнгөлжийн гол хэмээх хоёр багахаан гол Бурхан Халдуны ард Ботохон Бооржи хэмээх
майхан хэлбэрт бэсрэгхэн уулын хоёр талаар урсан ирж нийлээд Онон хэмээх нэрийг
аван үзэсгэлэн төгс ой тайгат өндөр уулсыг ороон, цэцэг жимст өргөн нуга талыг
эмжин, том жижиг олон гол, горхийг өөртөө нийлүүлэн хүч нэмсээр их мөрөн болж,
алс зүүн умардад Ингэдэй мөрөнтэй эгч дүүс болон хослон урссаар Монгол
нутгаасаа цуглуулсан ариухан тунгалаг усаа Шилк мөрөнд юүлэх ажгуу. Шилк мөрөн
цаашаа олон хот, тосгодыг дайран, Транссибирийн төмөр замыг дагуулан алсыг
зорьсоор монгол түмэнтэй эрт цагийн домог түүхийн холбоотой Эргүнэ мөрөнтэй
нийлэн Амар мөрөн хэмээн дуудагдаж улам их сүр хүч, үзэсгэлэн төгөлдрийг гайхуулдаг Амар мөрөн хоёр их гүрэн Орос, Хятадын торгон хилийн дээс болж өргөн их тайга
дундуур олон хот, тосгодыг усаараа тэжээн урссаар манай дэлхийн амьдралын
хамгийн том усны эх булаг болсон Номхон дөлгөөн далайд арвин их усаа юүлэх
бөлгөө. Эрт дээр цагаас энэ их мөрнийг монголчууд бид Хар мөрөн гэж, хятадууд
Хейлун буюу Хар луу гэж нэрлэдэг байлаа.
Ийнхүү Хэнтий Ханы арын Өнгөлжийн гол, Давааны голын бэлчрээс гадаад далай хүртэл нарийхан горхиноос таван км дундаж өргөнтэй агуу том мөрөн болж, 4444 км урт замыг туулахдаа ямар нэгэн хаалт далангүй чөлөөтэй урсаж байгаа дэлхийн таван том мөрний нэг болох Амарын эх нь Онон гол гэдгийг дэлхийн хэмжээнд нэг мөр тогтсон юм. Амар мөрөн далайд цутгах цэгээс өгссөөр Өнгөлжийн гол, Давааны голын бэлчир хүртэлх энэ 4444 км зай бол Амарын бусад бүх цутгалуудын эх хүрэхээс хамгийн хол зай юм. Хэрвээ Эргүнээс Далай нуураар дамжин өгсөөд Хэрлэнгийн эх хүрэх аваас бүүр хол буюу даруй 5000 гаруй км урттай усан зам болох билээ. Ийнхүү ой тайгад нь Сибирийн бар, Уссурийн леопард байдаг, гол мөрөнд нь таван метр урттай аварга том калуга загас, хилэм, тул амьдардаг байгалийн асар их баялаг, экосистемийн дахин давтагдашгүй гайхамшиг бүхий Азийн төдийгүй дэлхийн агуу том мөрний нэг Амарыг хамгаалах асуудал Онон голын ай савыг хамгаалах ажлаас эхлэх учиртай юм. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн АНУ-ын үндэсний хөтөлбөрийн газраас зайлшгүй хамгаалах ёстой дэлхийн 20 том ай сав газар, эко-бүс нутгийг зарласан. Үүнд Амазонкийн, Конгийн ай сав, Хөх мөрөн, Меконгийн ай сав зэрэг орж байгаа агаад Амарын ай сав эдгээрийн нэг нь юм. Ийнхүү ОХУ, Хятад, Монгол, АНУ, Герман, Голланд улсууд дахь WWF-ийн салбар байгууллагууд хамтран Амарын ай савыг хамгаалах нэгдсэн том "Амарын ай сав газрын эко-бүс нутаг" хөтөлбөрийг эхлүүлээд ажиллаж байна. Энэхүү хөтөлбөр нь үндсэндээ ОХУ, Хятад, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжинэ. WWF өнгөрсөн оноос Монгол орны дорнод хэсэг Онон голын ай сав, Дагуурийн хээрийн эко-бүс нутагт байгаль хамгааллын хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлээд байна.
Монгол орны нутаг дахь Амар мөрний ай савд Онон, Улз, Хэрлэн, Халх гол болон тэдгээрт цутгадаг 400 гаруй гол горхи багтана. Эдгээрээс байнгын урсгалтай голуудын нийт урт нь 2000 орчим км юм. Хэнтийн нуруунаас Номхон далай хүртэл дэлхийд хосгүй, олон гайхамшигтай экосистемүүд Амарын ай савд байдаг билээ. Онон голын нийт ай савын талбай нь 96 000 кв км. Монгол Улсын нутгаар 298 км урсана. Монгол оронд Ононгийн нийт сав газрын 30,3 хувь болох 29070 кв км газар нутаг оршино. Онон голын ус эрдэсжилт багатай, бохирдолгүй, маш зөөлөн чанартай. Энэ голын усны жилийн дундаж урсац Биндэр сумын орчимд 52,6, Дадал сумын орчимд 59,6, хилийн чанадад Битэв тосгоны орчимд 102 шоо метр/сек байдгаас харахад урсацын алдагдалгүй аж.
Онон-Балжийн сав нутаг нь Чингэс хааны түүхтэй салшгүй холбоотой Их Монгол Улс байгуулагдсан түүхэн газар нутаг бөгөөд Чингэс хаан "Гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуултугай" гэж үеийн үедээ захиж хэлсэн нь чухамхүү энэ нутаг билээ. Онон гол Бурхан Халдун (Хэнтий Хан) уулнаас эх аваад Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Хужир нуга хүртэл битүү шилмүүст ой хөвчтэй, далайн түвшнээс дээш 2000 гаруй метр өндөр уулсын дундуур маш өтгөн ургасан торлог шугуй бүхий намгархаг хөндийгөөр урсана. Энэ хэсэг бол Онон голын үндсэн төрх бүрдэх ус цуглуулах талбай юм. Эндээс цааш Хэнтий аймгийн Биндэр сумын төв хүртэл ой мод ихтэй 1500-2000 метр өндөр уулсын дундуур өтгөн ургасан бургасан шугуйтай нарийн хөндийгөөр урсдаг. Энэ хэсэгтээ уулын голын шинжтэй. Биндэр сумын төвөөс Баян-Адарга сумын нутаг Шуусын голын адаг хүртэл намхан уулстай ойт хээрийн дундуур урсана. Энэ хэсэгт хөндий өргөсч, тал хээрийн голын шинжтэй болдог. Шуусын голын адгаас улсын хил хүртэл дахин ой хөвчит уулсын дундуур нарийн хөндийгөөр урсаж уулын голын шинжтэй болдог.
Онон голын эхэнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт далайн түвшнээс дээш 1450 метр Ононгийн халуун рашаан байдаг. Энэ рашаан нь гидрокарбонат натри, магни, хүхрийн найрлагатай, цельсийн 80 хүртэл градусын халуунтай олон төрлийн өвчнийг анагааж эмчлэх чадвартай. Мөн Ононгийн сав нутгаар Тарсын, Улаалзарганын, Цагаанчулуутын, Гурван нуурын, Хажуу булгийн зэрэг эмчилгээний сайн чанартай рашаанууд бий. Дадал сумын нутагт байдаг Хүрхрээ, Өмнөдэлгэр суманд байдаг Хангалын нуур нь гадагш урсгалтай цэнгэг нуурууд юм. Хүрхрээ нууранд хойд талаас нь гурван Яамнайн голууд цутгаж, өмнөд талаас нь нуурын хоолойгоор гадагш горхи урсан гарч Хирхоны голд нийлнэ. Энэ нууранд Амарын цурхай, мөнгөлөг хэлтэг зэрэг загас элбэг. Дадал сумын Галттайн голын хөндийд Их цагаан, Бага цагаан, Наадмын, Онон Балж голуудын хооронд Дэлүүн болдогийн гурван нуур, Агваан хөндийн гурван нуур, Биндэр сумын Хурхын хөндийд Булангийн, Биндэрийн, Цагаан, Цэгээн, Батширээт сумын Эгийн хөндийд Цэгээн хоолойн нуур, Баян-Адаргын Хүйтний хөндийн зэрэг давсархаг нуурууд, ус намгархаг газрууд олон бий. Эдгээр нуурууд нь олон зүйлийн усны шувуудын өндөглөн зусдаг нутаг билээ.
Онон голын дээд хэсэг буюу Биндэр сум хүртэл далайн түвшнээс дээш 1500-2200 метр өндөртэй хуш, хар мод, жодоо зэрэг шилмүүст ойгоор битүү бүрхэгдсэн Бурхан Халдун, Дуут ян, Алаг ян, Тарсын тэгсгэр, Ноён уул, Улаан байц уул, Жарангуут, Их Сүүхлэг ян, Зэлээнд, Турагтхаан, Төөрдгийн шил зэрэг уулс, тэдгээрийн хоорондын битүү торлог ойтой нарийн хөндийнүүд байх агаад тэнд амьтан, ургамлын олон зүйл оршин амьдарна. Эндээс доош Онон-Балж голуудын сав нутаг нь нарс, хар мод, хус голлон ургасан холимог ой бүхий далайн түвшнээс дээш 1300-1500 метр өндөртэй Хэнтийн нурууны зүүн салбар уулсууд болох Хэцүүгийн шил, Тэхрүү уул, Хавтгайн хяр, Шувуутын шил, Халзан Бүргэдтэйн нуруу, Баянхааны нуруу, Цахын өндөр, Цагаантэнгэр, Эрээн давааны нуруунууд орших ба тэдгээрийн хөндийгөөр олон гол, горхи урсан, байгалийн үзэмжийг төгс бүрдүүлжээ.
Ононгийн ай сав нутгаар Монгол орны ойн, ойт хээрийн, хээрийн амьтад элбэг тархсан байдаг. Онон, Балж болон тэдгээрийн цутгал голуудад Амар мөрний сав нь олон зүйл загастай. Тул, Амарын цурхай, зэвэг, мөнгөлөг хэлтэг, алтлаг хэлтэг, булуу цагаан, Амарын сугас, хадран, цулбуурт, гутаарь зэрэг загас элбэг тохиолдоно. Мөн зөвхөн Ононд байдаг цэнгэг усны хясааны хоёр зүйл энд бий.
Өнгөрөгч арваннэгдүгээр сард ОХУ-ын Чита хотод Орос, Монгол, Хятад гурван улсын хил дамнасан байгаль хамгаалах асуудлаар олон улсын зөвлөлгөөн болж, Чита мужийн амбан захирагчийн алба, хил орчмын ТХГН-ын удирдлагууд, WWF-ийн ажилтнууд, эрдэмтэд оролцов. Энэ зөвлөлгөөнд хэлэлцсэн гол асуудлын нэг нь Амарын ай савыг хамтарч хамгаалах асуудал байлаа. Амарын савд буй Тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)-гийн хамгаалалтыг сайжруулах, ялангуяа хил дамнасан хамтарсан ТХГН байгуулах нь энэ сав газрыг хамгаалахад хамгийн үр ашигтай ажил юм.
Одоогоор Ононгийн савд Орос, монголын ТХГН хэд хэд байдаг. ОХУ-ын Сохондын заповедник (ТХГН) нь 1973 онд байгуулагдсан, өмнөд талаас нь Ононгийн хамгийн том цутгалууд болох Балж, Хирхон, Бөххөн, Галттай, Агац, Хэрийн голууд эх авдаг, хойд талаас нь Ингэдээ мөрөн эх авдаг агаад таг цармын бүсээс уулын тайга, ойт хээр хүртэлх бүх бүс бүслүүрүүд байдаг ажээ. Оросууд Сохондыг үнэхээр сайн хамгаалж чадаж байна. Бид Хан Хэнтийн Дархан цаазат газар, Онон-Балжийн байгалийн цогцолборт газрууд, тэдгээрийн орчны бүс нутгийг түүнээс дутуугүй хамгаалан, ургамал амьтан, уул усаа унаган төрхөөр нь байлгаж Сохондынхонтой хамтарч "Амарын эх" хэмээх олон улсын хамгаалалттай газар болговол бүс нутгийн байгаль хамгаалалд нэгэн том хувь нэмэр оруулах билээ.
WWF-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Ононгийн сав газрыг хариуцсан ажилтан Б.Ганхуяг gankhuyag@wwf.mn