Монгол Улсын Засгийн газар “Төрийн энтерпрайз архитектур” гэсэн төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн талаар манай сурвалжлагчийн “Интерактив” ХХК-ний захирал, төслийн Бизнес архитектор Б.Ууганбаяртай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Танай компани гүйцэтгэгчээр нь ажиллаж байгаа энэ төсөл ямар зорилготой, хэзээ эхэлсэн төсөл вэ? Гэдгээс яриагаа эхлэх үү?
Зөвлөх үйлчилгээний энэ төсөл бол Дэлхийн банкны санхүүжилтээр ЗГХЭГ дээр 2015 оноос хэрэгжиж байгаа “Ухаалаг засаг” төслийн нэг хэсэг юм. Төсөл 2019 оны хавар эхэлсэн, одоо дуусах шатандаа явна. Төслийг Герман Улсын “Акт”, Монголын “Интерактив”, “Интек” компаниудын консорциум хамтран гүйцэтгэж байна. Төслийг Энтерпрайз архитектурын талаар дэлхийд танигдсан эксперт, Акт компанийн захирал Клаус Нейман гэдэг хүн ахлан ажилласан. Миний хувьд бол дэд ахлагч бөгөөд бизнес архитектораар ажиллалаа. Тиймээс энэ удаад илүү бодлого, стратеги, төлөвлөлт талаас нь энэ төслийн ач холбогдлыг яривал зүгээр болов уу гэж бодож байна. Манай төсөл дээр боловсролын салбарын зарим судлаачид мэдээллийн систем, технологийн архитектур тал дээр оролцож байна.
Энтерпрайз архитектур гэдэг хүмүүст тэр бүр танил биш ойлголт байх. Үүнийг энгийнээр яаж ойлговол зохих вэ?
Томоохон барилга байгууламж, хотыг архитектурын нэгдсэн зураг төсөл, төлөвлөлтгүй хөгжүүлэх хэцүү. Үүний тод жишээ бол өнөөдрийн Улаанбаатар болоод байна. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар, түүний харьяа яам, агентлаг бүхэлдээ нэг байгууллага буюу энтерпрайз юм. Төрийн энтерпрайз архитектур гэхээр Засгийн газрын хөгжлийн бодлого, зорилтууд, хөгжлийн стратеги, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, төрийн байгууллагууд, төрийн үйлчилгээ, ашиглаж буй программ хангамж, өгөгдөл, мэдээллийн дэд бүтэц, аюулгүй байдал, үйл ажиллагааны дүрэм журам, стандарт зэрэг бүхий л асуудлыг хоорондоо уялдаа холбоо бүхий мэдээллийн загварт оруулж, хөгжлийн одоогийн түвшнээс ирээдүйн зорилтот түвшинд хүрэх төлөвлөлтийн үйл ажиллагаанд ашиглах тогтолцоо гэж ойлгож болно. Нөгөө талаар ТЭА-ыг хөгжүүлж, нэвтрүүлнэ гэдэг нь нэг удаагийн ажил биш, тасралтгүй үргэлжлэх процесс, байгууллагын үйл ажиллагааны соёл, тогтолцоо юм. Манай төсөл үүний эхлэлийг төсөлд хамрагдсан 3 байгууллага болох ЗГХЭГ, ЗТХЯ, УБЕГ-ын хэмжээнд тавиад байна.
Таны ярианаас харахад Засгийн газрын үйл ажиллагааг бүхэл нь загварчлалд оруулна гэхээр их төвөгтэй төсөл болж таараад байна. Энтерпрайз архитектурыг бусад оронд яаж хөгжүүлж байна. Энэ туршлагыг та нар төсөлдөө яаж тусгаж байна?
Энтерпрайз архитектур гэдэг ойлголт гараад олон арван жил болж байна. Түүнийг бизнесийн болон төрийн байгууллагад хөгжүүлэх асуудал улам бүр газар авч байна. Бид төслийг гүйцэтгэх явцдаа ТЭА-ыг хөгжүүлж байгаа АНУ, Герман, Австрали, Шинэ зеланд, Непал гээд олон орны туршлагыг судалсан. Олон улсад архитектур хөгжүүлэхдээ олон янзын нийтлэг аргазүй – тогтолцооноос сонгож ашигладаг. Тэдний дотроос хамгийн өргөн тархсан нь “Open Group” байгууллагын ТОГАФ тогтолцоо юм. Бид ТОГАФ-ыг ашиглахад илүү хялбар болгож, архитектурын төлөвлөлт, удирдлагыг нутагшуулах үүднээс Германы Акт Консалтинг компанийн хөгжүүлсэн тогтолцоог ашигласан.
Ер нь манай улсад ТЭА-ыг хөгжүүлэх санаачилга нэлээд хэдэн жилийн өмнө гарч, тодорхой туршлага хуримтлагдсан байдаг. Энэ чиглэлээр 2006 онд Солонгосын КОЙКА байгууллага ХХМТГазар дээр төсөл хэрэгжүүлсэн. Мөн 2013 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар дээр жижиг төсөл хэрэгжүүлсэн байдаг.
Өмнө нь хэрэгжсэн төслүүдийн үр дүн тайлан, зөвлөмж байдлаар гарсан бол энэ удаагийнх тайлангаас гадна ТЭА-ийн тогтолцооны арга зүй, сургалтын материал, гарын авлага, архитектурын хөгжлийн үйл ажиллагааг дэмжих платформыг нэмэлтээр хөгжүүлж, хүлээлгэн өгч байгаагаараа онцлогтой. Энэ программ хангамж нь архитектурын мэдээллийн загварын дагуу өгөгдөл цуглуулж баримтжуулан одоогийн архитектурыг гарган авах, түүн дээр дүн шинжилгээ хийх, эрэлт хэрэгцээ, шаардлага, боломжит шийдлээр хөгжлийн зорилтот архитектурын төлөвлөлт, замын зураглал гаргах зэргээр архитектурын удирдлагыг дэмжин ажиллах боломжуудтай. Үүнийг ч мөн олон улсын туршлагад суурилж хөгжүүлсэн. Ийм программ хангамжийг худалдаж авна гэвэл сая доллароор хэмжигддэг.
Төсөлд 3 байгууллага хамрагдсан гэсэн. Тэд ямар ашиг тусыг хүртэж эхэлсэн бэ, цаашдаа ямар боломжууд бий болох талаар товч тайлбарлаж өгөх үү?
Өнгөрсөн хугацаанд эдгээр байгууллагын мэдээллийн технологийн болон бусад газар хэлтсийн олон тооны төрийн алба хаагчид хэд хэдэн удаагийн сургалт, семинарт архитектурын зорилго, зорилтууд, мэдээллийн загвар гаргах хэлэлцүүлэгт хамрагдаж, өгөгдөл мэдээлэл цуглуулах, түүнийг платформд оруулах зэрэг ажилд бидэнтэй нягт хамтран ажилласан.
Анх манай төслийг мэдээллийн технологийн төсөл гэж харж байсан. Тэгээд ТЭА-ын мөн чанар, ач холбогдлыг ойлгоод мэдээллийн технологийн гэхээсээ илүү бодлого төлөвлөлтийн талын төсөл байна гээд улам идэвхтэй хамтран ажиллах болсон.
Үр шимийн тухайд гэвэл, архитектур төлөвлөлтийг арга зүйн дагуу хийснээр Засгийн газрын өнөөгийн үйл ажиллагаа, нөхцөл байдлын талаарх бүрэн хэмжээний зурагтай болно. Тулгарч байгаа асуудлууд, тэдгээрийн шалтгаан, шийдвэрлэх арга замууд, бодлогын хувилбаруудыг үнэлэх замаар хамгийн сайн төлөвлөлтийг хийх боломжтой. Төсвийн хөрөнгө оруулалтыг улс орны өмнө тулгамдаж буй амин чухал хэрэгцээ шаардлагын эрэмбэ дээр суурилан, хамгийн үр ашигтай байдлаар хийхэд энэ тогтолцоо маань илүү дэмжлэг үзүүлнэ. Энэ тогтолцоог дэмжсэн дижитал платформыг бий болгосон учраас Засгийн газрын ой санамж бий болж, тогтвортой хөгжлийн төлөвлөлт хийх суурь тавигдана гэж үзэж байна.
Энэ нь Засгийн газрын одоогийн хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай хэрхэн уялдаж байгаа вэ?
Бид энэхүү тогтолцоог Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болон бусад холбогдох хууль, дүрэм журмууд, төрийн байгууллагын өнөөгийн үйл ажиллагаатай нийцтэй байх, тэдгээрийг дэмжих чиглэлд байнга анхаарч, нутагшуулахыг зорьж ажиллаа. Энэ тогтолцоо нь стратеги төлөвлөлтийг үйл ажиллагааны төлөвлөлттэй уялдуулан ажиллах боломжийг олгох ба нэг талдаа бодлого, стратеги нөгөө талдаа хэрэгжилтийг хангах үйл ажиллагаа, техник технологи, өгөгдөл, дэд бүтэц гэсэн өргөн хүрээг хамардаг тул Засгийн газрын хувьд төлөвлөлтийн чиглэлээр томоохон ахиц гарна гэж харж байгаа.
Жишээ нь гэхэд л, ЗГХЭГ дээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050” болон бусад хөгжлийн бичиг баримтуудыг Тогтвортой хөгжлийн зорилт-2030” баримт бичгийн зорилтуудын уялдааг архитектурын платформд оруулж, шинжлэх, үр дүнг дундаа ашиглах ажлыг эхлүүлээд явж байна.
ЗТХЯ-ны хувьд ТЭА-ын төсөлд ач холбогдол өгч, архитектурын мэдээллийн загварыг салбарын өгөгдлөөр сайн хангаж, одоогийн архитектурыг гарган авсны зэрэгцээ зорилтот архитектурыг гарган авах, салбар хоорондын уялдаагүй байдал, өгөгдөл солилцоо, замын түгжрэл гэх мэт олон төрлийн хүндрэлтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэх олон хувилбарт төлөвлөлтийн процесст архитектурыг яаж ашиглах вэ? гэдгийг туршиж, энэ оноос Зам тээврийн салбарын архитектурыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.
Манай Улсын хувьд энэ тогтолцоог цаашдаа тогтвортой нутагшуулж, үр дүнг нь илүү өгөөжтэй болгохын тулд юу хийх шаардлагатай гэж танай төслийн баг үзэж байгаа вэ?
ТЭА-ыг Засгийн газрын хэмжээнд бүхэлд нь хэрэгжүүлэхэд юу хийх шаардлагатайг зөвлөмж байдлаар гаргаж өгсөн. Үүнд, юуны түрүүнд архитектурын удирдлагыг авч явах эрхзүйн чадамжтай удирдлага, зохион байгуулалтын бүтцийг бий болгох хэрэгтэй. Санал болгож байгаагаар энэ бүтэц нь Засгийн газрын болон Яам, агентлагийн гэсэн 2 түвшинтэй байна. Засгийн газрын түвшинд ТЭА-ын удирдах зөвлөл, архитекторуудын зөвлөл, ерөнхий архитектор, архитектурын ажлын алба ажиллаж бодлогын чанартай шийдвэр гаргах бол яам, агентлагийн түвшинд архитектурын хэвийн үйл ажиллагааг авч явах, үр шимийг нь хүртэх архитектурын нэгж байвал зохимжтой. Эдгээр нэгжийг 100% шинэ орон тоо гэж үзэж болохгүй. Дийлэнх нь орон тооны бус, эсвэл ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэгт өөрчлөлт оруулах замаар шийдэж болно. Үүнийг ЗТХЯ дээр хэрэгжүүлээд ажиллаж байна.
Дараачийн нэг чухал асуудал бол хүний хөгжлийн асуудал байна. Төсөлд хамрагдсан 3 байгууллагын хувьд тодорхой тооны төрийн алба хаагчид бэлтгэгдсэн. Төслийн баг Энтерпрайз архитектурын сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, 20 гаруй хүнийг бэлтгэсэн. Энэ сургалтад Удирдлагын академи түлхүү оролцсон. Энэ Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар “И-Монгол академи” ТӨҮГ байгуулагдсан байна. Цаашдаа эдгээр байгууллагууд ТЭА-ын судалгаа, хөгжүүлэлт, хэрэгжүүлэлт, хүний хөгжлийн асуудалд голлох үүрэгтэй ажиллах байх гэж бодож байна. Их дээд сургуулиудын хөтөлбөрт ч тусгалаа олно гэж найдаж байна.
Та нар маш хэрэгтэй, үлдэцтэй төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Төслийн үр дүнг манай төрийн бүх байгууллагад хэрэгжүүлж, ашиг тусыг нь хүртээсэй. Амжилт хүсье.
Баярлалаа.