Нар буцахуйн энэ өдрүүдэд Монгол орны өнгө төрх ямархан байна вэ? Зун урьдынхаас оройтож, зуншлага тааруухан, мал тарга тэвээрэг сайнгүй, малчид бухимдуухан, цагийн байдал зутруухан байна. Өдийд нийт нутгаар ногоорч, дэлхий дэлэгнэж, хаа сайгүй газрын өнгө, малын зүс зурсан юм шиг ялгарч дэлгэр сайхан цагийн амгалан тавлаг өдрүүд ивээн байдагсан. Тэгж нэг л чадсангүй. Тэгэх ч боломж олгосонгүй. Халтай салхи, шуурганы улмаас олон зуун мянган мал осгож, үрэгдэж, мал дагасан олон хүний амь эрсдэж, Монгол Улсад сүүлийн арваад жил болоогүй гамшигт, эмгэнэлт явдлын ул мөр арилаагүй л байна.
Ган тайлж бороо хур орсон ч гай түйтгэр дагуулах юм. Гамшигт өртсөн Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Төв аймгийн нутагт усархаг борооны балаг бас л дайраад байна. Зөвхөн Сүхбаатар аймгийн Баянхангай суманд хоёрхон хоногийн хүйтэн бороонд 350 гаруй мал осгосон байна. Нэн ялангуяа үс ноосыг нь хяргаад удаагүй хонь, хурга, ямаа голцуу мал өртсөн нь тодорхой. Улстөржсөн сонгуулийн уршгаар "үнэгүйжих" дөхсөн ноос, ноолуурын холбиромтгой ханшнаас болж, малчид малынхаа "үс"-ийг үнэ хүргэх гэж зуны зуднаас илүү зовцгоов.
Одоо хөдөө орон нутагт саналын хуудас тоолох гэхээс бус хорогдож, өвчилж байгаа малаа тоолох ч сөхөө алга. Ойрын хоногуудад амралтын болоод бүрхэг бүүдэнгэ өдрүүд таараад ХХААЯ-ны холбогдох газраас "тоотой хуудас" авах гээд чадсангүй. Ямартаа ч сүйрэлд өртөөд гэргүй, малгүй болсон олон сумын иргэдэд хандив тусламжийн бараа хүргэх ажил үргэлжилж , хөдөө рүү өвс, бараа зөөсөн цуваа хөдөлж байна. Зуны цагт өвс тээж яваа нь энэ жилийн зуншлага хэр буйг хэлээд өгнө.
Говийн аймагт нэр дэвшиж яваа нөхдийг дагалдсан улсын яриагаар бол бэлчээргүй, хуурайшилт ихэссэнээс малчид зунд бөөгнөрдөг хэдхэн сумын нутаг улам талхлагдаж, малчид ганц нэгхэн бүрдээ булаалдаж, худаг асгар дээрээ бүлгэрхэж, жижигхэн "дажин" болдог болсон аж. Үүнийг гаднаас нь хараад сонгуулийн "хачир" оруулж хоосон улстөржүүлээд, мөн төрхийг нь нуугаад өнгөрөөдөг болж. Говийн болон хөдөөгийн ганг ийнхүү сонгуулийн "цөл" илт дарснаас сүүлийн жилүүдийн зуншлагыг үнэнээр нь хэлэх хүн үгүй болжээ. Алтыг нь авах гэж ухаад, гол мөрнүүдийнх нь хоолойг огтлон тасдаад орхисноос хойш Монголын хаана ч "босоо улаан түйрэн" буюу хуй салхи хуйлран эргэлдэж, хүн, мал тогтохын аргагүй болгоод буйг олоод харах, олж харсан ч "онцлоод" хэлэхгүй өнгөрөөх нь ихэсчээ. Тэр тухай ярьж болохгүй, яривал буруудна. Ялангуяа сонгуулийн санал хураах үед энэ тухай тас нуухаас аргагүй. "Эх орончдын" хэлж болохгүй, хөөргөж болохгүй "элгэн хайр" энэ. Үүнийг баалах мэт байгаль эх уйлан бачуурахдаа үе үе харамлан байсан хураа зад татаж, барьж чадахгүй нулимсаараа балаг тарихаа дөхнө. Хэд хоногийн халуурал, хуурайшлыг дарах гэж мөндөрлөсөн, цахилсан бороогоор цутгаадахтал цаг бишдэв.
Баруун аймгийг дайрсан бороо төвийн нутгаас дайжин өнгөрч, зүүн, өмнөд нутаг руу усаа шавхуурдаж эхэллээ. Борооны "тус"-аар бус усаар түймрийн голомт овоо дарагдаж, Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд гарсан ойн түмрийг унтраагаагаад байгаа мэдээг ОБЕГ-аас авлаа. Өнгөрсөн шуурганаас хорогдсон малын сэг зэмийг булж устгах ажлыг Дорнод , Хэнтий аймагт дуусгасан бөгөөд Сүхбаатар аймагт 43 хувьтай, нэлээд удаашралтай байгаа аж. Малын болон байгалийн халдварт онц өвчин гараагүй байна. Нууцаар тарвага агнаснаас үүдэх тахлын дохио ганц нэг газар дуулдаж байгаа. Энэ бол байгалиас бус хүнээс их хамаатайг хэлэх юун. Гай дээр гай гэгчээр химийн хорт бодист бохирдсон газар нутгийг улсын хэмжээнд саармагжуулах ажил үндсэндээ шувтраад байгаа ч элдэв муу мэдээ бас тасрахгүй байна. Улаанбаатарын лобариторид авчирсан мөнгөн усны нөлөөнд нэг дор хориод хүн өртөж улс орныг шуугиулаад авлаа. Дорнод аймагт Чойбалсан хотын цэвэр усны байгууламж руу хоёр хорлон сүйтгэгч этгээд халдаж, золтой л санаатай "террор" хийчихсэнгүй. Гэмт этгээдүүд баригдаагүй нь харамсалтай. Харин Төв аймгийн Жаргалант суманд хийсэн ЭМЯ-ны хордлого, арьс, мэдрэлийн эмч нарын болоод ОБЕГ-ын мэргэжилтэн, Химийн үндэсний зөвлөлийн ажлын албаны мэдээгээр мөнгөн усны хордлогод хордсон хүн байхгүй байна. Холионтой мэдээний дунд үүнийг тоох ч хүн гарахгүй дээ. Улс орныг тойрсон цаг, цаг бусын байдал иймэрхүү.
Гэвч одоохондоо чимээгүй хэдий ч их "чимээ" хүлээсэн долоо хоног нэн догдлонгуй байна. Төв, хөдөөгүй сонгуулийн тойрог руугаа хошуурч, саналын дүн рүүгээ чих тавих болохоор яг л толгой дээр "тэнгэр ойчиж", улан дор "газар цуурах"-гүй бол аг чиг байх бололтой. Улаан цайм нүүр түлэгдэж, нүд бөлтрөхгүй бол юу ч болсон яамай шинжтэй. Байгалийн жамаар нар буцлаа, зун биднээс хагацах нь ээ. Наран тойрог нүүдлээ эхлүүллээ. Наран-Цагийн энэ тойргийг бид даган нүүхээс аргагүй. Гэвч мэнгэ давхцсан мэт сонгуулийн "тойрог"-ийг орхих аргагүй. Дөрвөн жилд ганц тохиож байгаа сонгуулийн "ТОЙРОГ"-тоо шатаж нэг, унтарч нэг үзээд цагийн гольдрол руугаа орохоос яахав. Зуны "зудыг" арилгасан, тэнгэрийн "зад"-ыг авчирсан "29" -нд олон хүн азтай, цөөн хүн эзтэй байгаасай. Тэгвэл буцаж буй нар эргэж ойртон ирж, хагацаж буй зун "уртсаж" юуны магад вэ. Хуурайшиж буй цаг чийгсэж, цөлжиж буй нутаг "өлжиж", дулааны цаг дуниартаж, дуншсан мал сэргэж, ядарсан олон түмэн амсхийж, зүдэрсэн эх орон алжаалаа тайлах ч цаг бас байна санж.
Ж.Батсайхан.