gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     6
  • Зурхай
     10.22
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 6
Зурхай
 10.22
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 6
Зурхай
 10.22
Валютын ханш
$ 3591₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сэтгүүлч Б.Ганчимэг: Одоо энэ элдэв сонин, телевиз, сайтын холбоодоо задлаач ээ!

О.Ариунбилэг
GoGo Cafe
2014-05-05
3
Twitter logo

Бадамдоржийн Ганчимэгийг Монголын сэтгүүл зүйн ярилцлагын “мастер” гэдэг. Түүний уншигчид нь Д.Дагвадорж аваргатай хийсэн ярилцлагыг нь уншин уйлж, уянгын өгүүллэгт нь уярч, улстөрчтэй хийсэн ярилцлаганд нь уурлаж суудаг ч уншсаар л байдаг. Хэлэх гэснээ хэлж, бичих гэснээ бичиж л орхидог Б.Ганчимэг сэтгүүлчтэй хийсэн ярилцлагаа олныг нуршилгүй хүргэе.

-Та твиттер хуудаснаа “Open door” гэх шинэ сонинг эрхлэн гаргах гэж байгаа талаараа зарласан. Яагаад гэнэт сонин гаргах болов?

-Би өдөр тутмын сонины гал тогоонд 20-иод жил болж байгаа хүн. Дандаа хүний сонинд, хүний хонь хариулж явсаар энэ хүрлээ. Гэрээ хийх, сонины бодлогонд оролцох, сонин төлөөлөх ямар ч эрхгүйгээр зүгээр л сэтгүүлчийнхээ ажлыг хийж амьдарлаа. Одоо хүн байна даа, өөрийнхөө амьдралд шинэ үе эхлүүлж, амьдарч ирсэн хэв маягаа өөрчилье. Эрх чөлөөтэй бичье гэж л энэ шийдвэрийг гаргасан. Гэтэл миний хийж чадах юм юу вэ. Би ер нь тийм ч их түргэн хүн биш л дээ. Удаан боддог. Элдэв хөдөлгөөн хийгээд л, энд тэнд орж гараад, тогтож суудаггүй хүн байдаг даа. Итгэх гэхээр нэг л гулсаж гүйсэн, тэгсэн хэрнээ бөөн бөөн санал тавьсан, амлалт өгсөн улсууд ер нь их олширсон ш дээ. Би зуун айлын тэр шар байшинд 24 тэй ирээд өнөөдрийг хүртэл суулаа. Алхдаг зам, жим, бүх зүйлээс одоо залхсан. Гэхдээ би цоо шинэ салбар луу хөрвөөд явчихаж бас чадахгүй. Би бол ерөөсөө л сонины хүн. Тэрийгээ л хийе. Тэгээд судалгаа хийж үзлээ. Манай хэвлэлийн зах зээл дээр шар гэж нэрлэгддэг хэвлэлийн ид үе дуусч, цөөн хэд нь л дөнгөж данган амьдарч байна. Яахав, зарим нь “Соронз”-оо аваад гэртээ орох нь орог, “Тойм”-ыг аваад орох нь орог. Дундуур нь тулхтай юм уншихыг хүсдэг, тийм төрлийн нийтлэл зүй сонирхдог хэсэг нь “ Open door” сониныг эднээс хамаагүй хямд үнээр авч ороод уншиг. Долоо хоног тутмын хэвлэл мэдээллийн чөлөөт орон зайд яг бидний хийж эхлүүлж байгаа шиг ийм сонин монголд байхгүй. Оросод бол энэ төрлийн “Собеседник”, “Аргументы  факты” гээд бий л дээ.  

-Б.Ганчимэг сэтгүүлч ямар баг бүрдүүлсэн нь их сонин байна?

-Амьдралын урсгал дундаас хүн бүх талаараа шоо эвлэх шиг таардаг тийм хүмүүсийг олж учирна гэдэг ховор. Хэрэв олсон бол тэр нь хувь заяаны том бэлэг. “Үндэсний шуудан”-д ирээд Би Бямбын Ерэнтэй гэж гайхалтай нийтлэлчийг өөртөө “нээсэн”. Тавилангаар учирсан, миний хамгийн ойр дотны ах. Маш ухаалаг, маш хөдөлгөөнтэй бичдэг. Хайнжамцын Бүрэнтогтох  байна. Уншигчдын эртний танил автор. Маш боловсролтой, содон нийтлэлч. О.Содномпил гээд Монголын уран зохиолын ертөнцөд бол өвөрмөц цензур. Олон сонин байгуулалцаж, олон жил сонинд амьдралаа өгсөн хүн. Д.Сайнбаяр гэж манай Ц.Балдорж эрхлэгчийн торгон цэрэг, бас л галтай гаажтай нийтлэлч эгч бий. За, тэгээд хоёр, гурван залуу сэтгүүлч бий. Ингээд хэдүүлээ баг болоод ажиллая гэж ярилцаад шинэ сонины үүд хаалгыг нээж байна. Би эднийг гуйсан, урьсан. Тэд миний саналыг  хүндэтгэлтэй хүлээж авсан. Ингээд л пижигнүүлж байна даа.

Би яагаад дундаж насны, ажил амьдралын арвин туршлагатай хүмүүстэй хамтрахаар шийдсэн бэ гэвэл надад нэг сонин дүр зураг харагддаг. Манай сэтгүүл зүйд эмэгтэйчүүд их олширсон байна. Тэрнээс болоод эмэгтэй хүний байгалийн шинжийг  дагасан хов жив, атаа жөтөөн дээр суурилсан нэг тиймэрхүү  сэтгүүл зүй болсон байна. Эрчүүд нь ч сүрхий  эмшиж. Залуучууд бас их орж ирсэн байна. Яг тавилангаа болгож энэ мэргэжлийг сонгоогүй. Зүгээр л сайхан амьдрах юм байна, орлоготой байх юм байна гэсэн “сонин” хэмжүүрээр ороод ирчихсэн. Ийм  хүүхдүүд юу дуртайгаа хийж байна. Үр дүнд нь монголын сэтгүүл зүй хар зах болж хувирсан.

Ийм годгоносон, увайгүй, үнэт зүйлгүй сэтгүүлзүй болчихын даваан дээр л байна шүү дээ. Ийм нөхцөлд арай өөр тулхтай контент үйлдвэрлэгчид хэрэгтэй байна.

Ийм годгоносон, увайгүй, үнэт зүйлгүй сэтгүүлзүй болчихын даваан дээр л байна шүү дээ. Ийм нөхцөлд арай өөр тулхтай контент үйлдвэрлэгчид хэрэгтэй байна. Ер нь хүний сонинд ажиллаж байгаа хүн өөрийнхөө бололцоог 100 хувь гаргадаггүй юм шиг байгаа юм. Ямар цалин өгч байна түүнд нь тохируулж ажилладаг. Би өөрийгөө тэгж амьдарсан гэж хэлэхгүй ээ. Надтай ажиллаж байсан Ж.Мягмарсүрэн, Б.Ганболд эрхлэгч нар ч хэлэх байх. Би чин сэтгэлээсээ ажиллаж, залуу насаа өгсөн. Үүний хариуд алдар нэр, нэр төр, энэ олон мянган  уншигчид надад ирсэн. Би хамгийн алдартай сэтгүүлч мөн үү гэвэл мөн.  Гэхдээ шударгаар хэлье. Би амьдралдаа хэзээ ч ажиллаж байсан сониноосоо хувьцаа эзэмшиж үзээгүй.Ер нь бидний хэн маань ч үзээгүй.

-Сэтгүүлчид?

-Тийм. Бид бүгдээрээ хямдхан ажиллах хүч л байж ирсэн. Тиймээс бид тал талаас байгаа юмнуудаа цуглуулаад сониноо босгох гэж зүтгэж байна. Бүгдээрээ хувьцаа эзэмших тийм тогтолцоог бүрдүүлж ажиллаж байгаа. Тийм учраас бидэнд ухрах зам байхгүй. Өөрсдийн зорилго, үнэт зүйлээ хайрлаж, ирээдүйдээ итгэж, аз жаргалтай ажиллахын цаад үндсэн хөшүүрэг хувьцаа юм байна. Сэтгүүл зүйд ажилласан энэ бүх хугацаанд юу миний сэтгэлийг их өвтгөж байсан, одоо ч залуу сэтгүүлчдийг зовоож байгаа юм бол ерөөсөө амьдралын баталгаагүй байдал. Даатгал нь ч хамгийн багаар, хулгай аргаар бөглөгддөг. Гэнэт өвдөхөөс эхлээд хүний амьдралд юу  эс тохиолдохов. Нөгөө даатгал нь бөглөгдөөгүй. Авсан цалин энэ тэр нь хамгийн доод хэмжээгээр бөглөгдөнө. Би сонин хэвлэлийн удирдлагууд, эздийн хийдэг зохисгүй бүх цоорхойг нөхөж ажиллах гэж хичээнэ.  

Би 500 мянган төгрөгний цалинтайгаар таван жил, нэг жилд нь 600 мянган төгрөгийн цалинтай ажилласан. Би тэр цалингаа жаахан нэмье, ямар нэгэн дарга, дарамтлагч байхгүйгээр дуртай ажлаа хийе л гэсэн юм. Орчин үеийн уншигчид өндөр боловсролтой болсон байна, тэдний эрэлт хүсэлт  хязгааргүй болсон байна. Үүнийг дагаж өөрсдөө хөгжье. Ингэж л зорьж байна. Би твиттерээр “Реклам нийлүүлэгчид ээ, манай сонинд реклам нийлүүлээч, манай сонин ийм баг бүрэлдэхүүнтэй, ийм зорилготой ажлаа эхлүүлж байна” гэж нээлттэй зарлаад байгаа юм. Ингэж зарлаж байсан тохиолдол өмнө нь байгаагүй болохоор хүмүүс гайхаад байх шиг байна. Манай сонины бүх үйл ажиллагаа нээлттэй явна. Тийм ч учраас бид  “Нээлттэй хаалга” буюу “ Open door” гэж нэр өгсөн юм.

ТВИТТЕРЭЭР НЭГ ХҮНИЙГ АВСЛАХААРАА ДЭНДҮҮ АЙМААР ЮМ

-Реклам нийлүүлэгчдэд тэгж нээлттэй хандсан тань үнэхээр сонин санагдсан. Сонины эрхлэгч нь Б.Ганчимэг сэтгүүлч байгаа тохиолдолд бүр ч олон хүний сонирхлыг татсан байх. Гол нь твиттерт тэгж нээлттэй хандсаных нь үр дүн гарсан уу?

-Би жиргээчдийг үнэхээр онцолмоор байна. Би энэ ертөнцийг огт мэддэггүй байсан. Ороод ч удаагүй байна. Олон шинэ хүнтэй танилцаж байна. Хүний хорвоо үнэхээр баян юм. Надад жиргээчид их туслаж байна. Огт танихгүй жиргээч хоёр залуу надад нэг, нэг компьютер бэлэглэсэн. Нэг нь бүр аваад ирсэн энд байна, нөгөөх нь одоо авчирч байгаа гэсэн. Би бүр гайхаж байна. Огт танихгүй залуус шүү дээ. Хоёр жиргээч эмэгтэй утасдаад тал, тал нүүрийн реклам өгье гэсэн. Энэ бол манай шинэ нийгмийн гайхалтай  давуу тал. Хүмүүс мэдээллийг маш хурдтай хүлээж авч байна. Шинэ шинэ боломжуудыг хурдан мэдэрч байна. Харилцаа илүү ил тод болж байна. Дээр нь твиттер надад сэтгэл зүйн их  сонирхолтой  засал болж байна. Миний зан чанарт нэлээн таарч байгаа. Би юмыг пал хийтэл нь хэлчихдэг зантай. Хумсаа нуугаад аргалж хүнтэй харьцаж чаддаггүй. Зарим хүний харилцаанд байдаг барьерийг твиттер задалчихаж байгаа юм. Юугаа ч ярьдаг. Зарим нь орж ирж доромжилж, алиалж байвч надтай адилхан ганцаардсан, сэтгэлээ хуваалцах гэсэн хүмүүс тааралддаг. Ойлголцдог, бие биенээ мэдэрдэг.

Твиттерт нэг баатрыг төрүүлвэл аймаар төрүүлэх юм. Тэр нь дандаа хөөс, романтик, цуу мэдээ, эсвэл мэдрэмжин дээр суурилж явах юм.

-Твиттерийн жиргээг мэдээ болгож ашиглах тохиолдол цөөнгүй. Гэвч энэ яг сэтгүүл зүйн салбарт байр сууриа эзлэх зүйл мөн үү?

-Эх сурвалжийн хувьд хариуцлагагүй талбар мөн үү гэвэл мөн. Одоо сонин, телевизүүд твиттерт зай талбайгаа өгөөд, авч нийтлээд байгаа нь контентын хомсдолд орсоны л илрэл. Энд хүмүүс санал бодлоо хуваалцаж байгааг бид харж байна. Би бол нэлээн өндөр түвшний мэдээлэлтэй байдаг хүн. Твиттерт нэг баатрыг төрүүлвэл аймаар төрүүлэх юм. Тэр нь дандаа хөөс, романтик, цуу мэдээ, эсвэл мэдрэмжин дээр суурилж явах юм. Мэдрэмж гэдэг бол гайхалтай баялаг. Гэхдээ факт гэдэг бол сэтгүүл зүйн хамгийн хатуу баялаг.

За, нэг хүнийг нүдэхээрээ урсах цус, уйлах нүдтэй, эцэг эх, амраг ханьтай, үр хүүхэдтэй хүн гэдгийг нь мартаад л аймшигтайгаар дэвслэх юмаа. Ийм аймаар хоёр туйл руу хагалж шидээд байгаа нь надад таалагддаггүй. Зүгээр мэтгэлцсээр байгаад нэг юмны үзүүрт хүрдэг нь, шинэ шинэ мэдээллийг дамжуулдаг солилцдог нь таалагддаг. Твиттерээс би монгол хүний үнэт чанаруудыг олж мэдэрдэг. Тэд бол бүгдээрээ эх орондоо  хайртай хүмүүс.

-Твиттерчид анхаармаар зүйл үнэхээр байдаг, зарим тохиолдолд. Та түүнийг олж харжээ. Өөр анзаарсан зүйл бий юу?

-Манай монголчуудын хардах чадвар үнэхээр сайн хөгжжээ. Өчигдөр твиттерт би реклам нийлүүлэгч, үндэсний үйлдвэрлэгчиддээ хандаад сурталчилгаа байрлуулаач гээд бичихгүй юу. Тэгсэн УИХ-ын дарга З.Энхболд миний жиргээг RT хийсэн чинь “Өө танайх З.Энхболдын сонин юм байна ш дээ” гэх жишээтэй. Ийм аймаар дарамтанд бид улстөрчид, хувь хүмүүсийг хийж болохгүй. Твиттерчид энийг маш сайн бодох ёстой. Үндэсний нэг брэнд босгох гээд эсвэл нэг бүтээн байгуулалтыг тал талаас нь бичиж сурталчилж байгаа бол болно. Алдаа оноотой хувь хүн дээр бол хэт аймаар шуурч болдоггүй юм шүү. Судалгаа та нарт байгаа юм уу, жиргээчид минь гэж заримдаа хэлмээр л санагдах юм. Тэгээд хэлэх юм бол “чи хэний хүн бэ” гээд л эхлэх байх л даа.

ХОЛБООД БОЛ ХААЛТТАЙ ГЭРЭЭНИЙ ХАМГИЙН ТОМ “ЭЗЭД”

-Та “хаалтын гэрээ”-г илчилнэ, ер нь л болж бүтэхгүй бүхнийг илчилнэ гэсэн байсан?

-Би энэ сэтгүүлзүйд бугшсан бүх болохгүй бүтэхгүйтэй тэмцэнэ. Миний алдар нэр алдарчих байх гэж айхгүй байна. Би гинжтэй байсан. Тэр гинжнээсээ одоо салчихсан. Би шудрага, нээлттэй,тулхтай, ноён нуруутай л байвал бидний контент тийм л байна. Өдий 43 хүрсэн хүн хувьсаж өөрчлөгдөөд шалихгүй байлгүй дээ, тийм үү. Өнөөдөр “Хаалтын гэрээ” гэж зүйл Монголын сэтгүүл зүйн нэр хүндийг үнэхээр шаварт хутгаж байна. Энийг одоо болиочээ. Одоогоор над руу хэн ч, ямар ч эзэн утасдаж чадахгүй байна л даа. Ганчимэг ээ, чи юу яриад, бидний эсрэг дугараад байгаа юм бэ гэж. Яагаад гэвэл би хэнтэй ч, хэзээ ч хаалтын гэрээ хийж үзээгүй. Тийм эрх мэдэл бүхий эзэн, эрхлэгч байгаагүй. Тэгэхээр тэдэнд надтай ярих бололцоо байхгүй.

-Шантаажны сэтгүүл зүй гэж зүйл байна. Жишээ нь хэн ч мэдэхгүй нэг жижиг сайт нээчихээд л аль нэгэн компанийг өдөр бүр муулж бичсээр эцэст нь “манайд мөнгө өг” гэж нэхдэг гэнэ. Танд энэ зүйлийн талаар дуулсан юм бий юу?

-Чи бид хоёр хоёулаа сэтгүүлч хүн. Энд баримт л ярья. Саяхан би нэг хүнтэй уулзтал 50 шахам сайтын нэр жагсаачихсан шантаажийн бичиг ирсэн байна лээ. Би бүр огт нэрийг нь ч хараагүй “ийм сайтууд бас байдаг юм уу” гэж гайхсан. “Та тэгээд яах гэж байна” гэсэн “мэдэхгүй ийм бичиг ирчихлээ” гээд. Бас нэг сайд байсан хүнд “эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо байна” ч гэнэ үү нэг мессэж ирээд “одоо гурван сая төгрөг ийм данс руу хийхгүй бол баримтыг чинь дэлгэнэ” гэсэн байсан. Жилийн өмнө л дөө. Дэлгэнэ гээд байгаа юмыг нь үзэхээр нөгөө л хэвлэлүүдээр бичигдэж байсан юмнууд. Тэрийг бүгдийг нь нийлүүлээд л мөнгө нэхдэг юм байна л даа.  “Танай сэтгүүл зүй ийм байна, энийг хар даа” гээд надад мессежийг нь үзүүлсэн. Би тухайн үед ичээд л өнгөрсөн. Үнэхээр хэлэх үг байхгүй байсан.

Бас нэг сайд байсан хүнд “эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо байна” ч гэнэ үү нэг мессэж ирээд “одоо гурван сая төгрөг ийм данс руу хийхгүй бол баримтыг чинь дэлгэнэ” гэсэн байсан.

Би цалин орлого багатай мөртлөө цалгиж халгисан хүсэл тэмүүлэлтэй, мөрөөдөлтэй, нэг квотын байранд орчих юмсан гээд сайхан амьдрал мөрөөдөөд явж байгаа залуучуудыг хараад хайрладаг. Тийм залуу сэтгүүлчидтэй уулзаж ярилцья гэж бодож байгаа. Их сургуулиудын оюутнуудтай уулзана. Олон арван шавь нар бэлтгэнэ. Давхар сургалтын төв ажиллуулна. Манай ”Open door” сонинд бүх үеийн нийтлэлчид байна.

-Хэвлэл мэдээллийн холбоод байгуулагдаад энэ салбарын нэр хүнд унаад байгаагийн эсрэг та тэмцэж эхлэх гэж байгаа юм байна. Гэхдээ энэ их хэцүү шүү дээ.

-Би холбоодын эсрэг байдаг. Телевизүүдийн холбоо, өдөр тутмын сонины холбоо, эздийн холбоо, зүгээр сонины холбоо, сайтын холбоо гээд л. Бүгд хоорондоо өрсөлдөж, контентийн онцлог, шинэ технологи, ур чадвараар тэмцэлдэж үзэгчдээ өсгөх ёстой нөхдүүд нийлээд холбоо байгуулчихдаг гэнээ. Яагаад холбоо болчихож байгаа юм бэ. Тэгвэл эд одоо юугаараа ялгарах юм. Сүүлийн үеийн үйл явдал дээр жишээ авъя. Бүгдээрээ нийлээд Х.Тэмүүжинг хамгаалаад л байх юм. Би Х.Тэмүүжингийн дайсан биш. Би сайн танина. Гэхдээ сэтгүүлчид бүгд ингэж хайрцаглагдаж, холбоодын хэдэн хүний гар хөл болж болохгүй. Тэрэнд нь миний зэвүүцэл төрж байна. Ингэж дээр нь сууж яваа завиа живүүлэхээ болиоч. Тэгж ярьвал энэ чинь мэргэжлийн ур чадвар дээр суурилсан өрсөлдөөний хатуу талбар. Би бодож байна, дуучин Ариунаа Сараа дээр очоод “би ийм фонограм бичүүлж байгаа, ийм дуу хийж байгаа” гэж яриад явдаггүй байх. Тэгсэн атлаа тэднийг тэврэлдэхгүй байна гэж бид байнга шүүмжилдэг. Дайсагналцах ёстой гэж ерөөсөө хэлээгүй шүү. Тэнд цаана нь өрсөлдөөний өөрийнх нь заяагдсан хууль л үйлчилж байна шүү дээ. Тэгсэн манай бүх сонин, телевизүүд найз болчихож. Сэтгүүлчид нь тийм биш шүү дээ. Нөгөө холбоод л тарчиг ядуу сэтгүүлчдээ наймаалцаад л, толгой дээр нь бараг сэтгүүл зүйд хамаагүй хөндлөнгийн менежерийн баг гарч ирээд суучихсан. “Танай Б.Ганчимэгтэй ярих шаардлагагүй. Эзэнтэй нь л ярьчихсан, эрхлэгчтэй нь тохирсон” гээд л явж байдаг.

Нөгөө холбоод л тарчиг ядуу сэтгүүлчдээ наймаалцаад л, толгой дээр нь бараг сэтгүүл зүйд хамаагүй хөндлөнгийн менежерийн баг гарч ирээд суучихсан.

Энэ миний уур хилэнг үнэхээр бадраадаг. Сэтгэл зүрхийг минь шархлуулдаг. Би бараг монголын бүх сумдаар явж үзсэн сэтгүүлч байх . Би монголын хамгийн зах хязгаар нутаг болох Толбот, Дэлүүнд яваад очиход тэр ард түмэн намайг хачин сайхнаар хүлээн авч, дайлж цайлж, бичиж байсан юмнуудыг минь асууж сурж бөөн юм болдог. Хаана ч миний уншигчид гүйгээд л ирдэг. Би энэ олон түмэнд тэгж хүрсэн, танигдсан, хүндэтгэгдсэн сэтгүүлч байхгүй юу. Гэтэл миний  энэ амьдралыг хэдэн менежер  хүүхэн, ганц нэг бохир залуучууд гарч ирээд нэг холбоо байгуулаад баллаад таллаад байж болох уу. Би үүний эсрэг явна. Би энэ холбоодыг задлахын төлөө явна. Мэдээж эд нар намайг үзэн ядна л даа. Гэхдээ би эдний хэнээс нь ч айхгүй. Сэтгүүлч мэргэжилтэй юм бол надтай суугаад бич, илүү бай. Тэгвэл би чамайг сонсьё, хүндэтгэе. Сэтгүүл зүйд нас зүс гэж айхтар зиндаа байдаггүй юм. Илүүгийнхээ өмнө дуугүй л байна. Манай өдөр тутмын сонингууд бол бүр хагас цэрэгжилтийн шахуу зохион байгуулалттай газрууд байсан юм ш дээ. Бид харанхуй шөнө хүртэл сонингоо хийгээд, хэвлэлтээс дөнгөж гарсан сонинуудаа нэг эргүүлж үзээд, үнэртээд л гэртээ харьдаг байлаа. Шөнө очоод халаасан хоол идэж унтчихаад өглөө нь ажил дээрээ бэлэн байдаг.

-Өдөр тутмын сонинуудын холбооны тэргүүлэгчдийн нэг нь таны ажиллаж байсан сонины эрхлэгч Б.Ганболд гэж хүн байсан шүү дээ?

-Би Ж.Мягмарсүрэн, Б.Ганболд эрхлэгч нартай уулзья гэж бодож байгаа. Энэ хүмүүс бол сэтгүүл зүйн үнэхээр багана. Ж.Мягмарсүрэн эрхлэгч Монголд байхгүй, Б.Ганболд эрхлэгч бол байгаа. Уулзаад би “Та энэ холбоодоо задлаач ээ, хариуцлагатай байгаач, Та сэтгүүл зүйн төлөө амьдарч шалиагүй, хоронгоо сэргэлэнгээрээ нуусан ийм юмнуудын манлай нь болж энэ холбоодод явахаа болиоч ээ” гэж хэлнэ.

-Та яагаад твиттерт ил гарсан, яагаад хаалтын гэрээг ил болгоно гээд байсныхаа учигийг хэлэхгүй юм уу?

-Би яагаад твиттерт гарч ирээд үйлдвэрлэгчдэд хандсан юм бэ гэхээр манай сонинуудын тогтсон соёл нь эхлээд тухайн компанийг муулж бичдэг юм байна. Муулах шалтгаан монголд мундахгүй. Тэгээд цахим орон зайн харгис тоглогчдод хаяж өгч баахан дэвсүүлээд,  тэгэнгүүтээ ар худрагаар нь очиж гэрээ хийж, реклам авдаг юм байна. Тэгээд мөнгийг нь холбоод нь “дээгүүрээ” хуваагаад авчихдаг. Доор байгаа 10 мянган сэтгүүлчдэд нэг цент ч очдоггүй. Ийм л юм байна. Би шинэ ажиллана. Шинэ л байна.

-Тэгсэн атлаа сэтгүүлчдийн нэр хүнд л  унаад байдаг?

-Хэдэн жилийн өмнө гаалийн байцаагч нар өөрийгөө “гаалийн байцаагч” хэлдэггүй байсан. Формтойгоо гарахаас жийрхдэг болчихсон. Тийм айдастай байсан. Одоо сэтгүүлчид тийм болох нь.

-Таныг ийм ширүүн шүүмжлэлтэй хандсанд тэд гомдох л байх даа. Та юу гэж бодож байна?

-Одоо яахав дээ. Тэр балай шагнал магналаасаа л хасч гүйнэ биз. Энд тэндэхийн том дарга нарт орж муучилна биз. Битгий дэмж гэнэ биз. Би гарцаагүй хөдөлмөрөөрөө л оны шилдэг болдог байсан. Надад шилдэг байхын тулд арын хаалга хэрэг болж байгаагүй. Танил тал шаардагдаж байгаагүй.

-Та нээрээ ямар шагналууд авч байсан юм бэ?

-Бүх шагналыг авсан. Хамгийн том шагнал нь редакцын онц шилдэг бичлэгийн шагнал байдаг юм шүү дээ. Би монголын хамгийн том сониныг босголцсон. “Ардын эрх”-д байж байгаад Өдрийн сонин болсон. Тэр сонинг би босголцсон. Энэ түүхийг маань хэн ч үгүйсгэхгүй. Би тэр сонины туг нь байсан. “Үндэсний шуудан” сонинд ч миний захиалагч нар байгаа л байх. 2007 оны хагасаас эхлээд тэнд би ажиллалаа. Би “Балдорж шагнал”-ын анхны гранпригийн эзэн. Энэ миний том бахархлын нэг.  

МИНИЙ СЭТГҮҮЛ ЗҮЙД ОЛЖ АВСАН АЛДАР НЭРИЙГ “ЗАХИАЛГАТ СЭТГҮҮЛ ЗҮЙ”, “ХААЛТЫН ГЭРЭЭ” ГЭХ МЭТЭЭР БААЛАХЫГ ОРОЛДОХ НЬ НАДАД ҮНЭХЭЭР УЙЛМААР БАЙНА

-Та дээр сэтгүүлчид хувьцаатай болох ёстой гэж хэлсэн. Гэхдээ сэтгүүлч бүрт тийм гавьяа байхгүй болов уу. Ямар гавьяатай, ямар сэтгүүлчид энэ боломж олдох ёстой юм?

-Энэ маш хэцүү. Манай Ж.Мягмарсүрэн эрхлэгч Өдрийн сониныг байгуулагдсаны дараахан надаас асууж байсныг би санадаг. “Чи өөрийгөө энэ сонины хувьцаа эзэмшигч болсноо мэдсэн үү” гэж.  “Мэдээгүй эрхлэгчээ” гээд л өнгөрч байсан. Тэр үед хувьцаа гэж үг анх сонсож байгаа юм. Нөгөө ягаан ногоон хувьцаагаа ч мэдэхгүй хаячихсан хүн шүү дээ. Монгол хүнд угаасаа өмчийн тухай суурь соёл, ойлголт байдаггүй юм шиг байна. Би “Үндэсний шуудан”-аас гараад явахад манай Б.Ганболд эрхлэгч надад Битлз-ийн зурагтай марк өгч байна лээ. Энэ бол маш гоё бэлэг. “Өдрийн сонин”-оос гарч явахад манай Гангаа надад Сүхбаатарын талбайн маш том гоё фото бэлэглэж байсан. Ийм хоёр бэлэгтэй хоёр том сониноос явж үзэж байна, амьдралдаа. Мягаа эрхлэгч маань намайг байртай болгож байлаа. Сайхан дурсамж зөндөө зөндөө.

“Өдрийн сонин”-ы хамт олон бол миний түүх, дурсамж, залуу нас...Үндэсний шуудан руу би өөрөө гүн орж чадаагүй байх. Гэхдээ тэндээс би хэдэн сайхан дүү нартай болсон. Би ажиллаж амьдарсан хоёр сониндоо нэг ширхэг ч хувьцаа эзэмшиж үзээгүй. Шинэ сэтгүүл зүй хөгжиж эхэлснээс хойш хичнээн том мод болон ургаж батажсан ч түүнээсээ ургаж буй салаа мөчрүүдээ тэд хайрлаагүй . Хамгийн гоё цэцэглэсэн салаа мөчир нь би байж магадгүй. Хүн харахад сэтгэл татагдаад байх юмгүй энэ эмэгтэй. Гэхдээ бас байгалиас багахан юм аваад төрчихсөн энэ эмэгтэй. Одоо би зарим залуу сэтгүүлчдийг харахаар өөрийнхөө хятад хилэн өмд, хар шаахайнаас өөр солих хувцасгүй охин “Ардын эрх”-д гүйж явсан үеэ боддог. Бүх хүн ажлаа тараад явахад би сониныхоо байранд хонодог байсан. Тийм л байсан. Тийм учраас би сэтгүүл зүйн эрүүл саруул оршихуйн төлөө тэмцэнэ. Өнөөдөр миний хүрсэн жижигхэн довцог, олж авсан энэ жаахан алдар нэрийг “захиалгат сэтгүүл зүй”, “хаалтын гэрээ” гэх мэттэй хутгаж баалахыг оролдох нь надад үнэхээр уйлмаар байна /сурв: уйлав/

Би бүх сэтгүүлчид тэрэнд оролцоогүй шүү гэдгийг ойлгуулахын төлөө явна. Тэгж байж энэ хаалтын гэрээ гэх зүйл байхгүй болно.

Тийм учраас би үүний эсрэг явна. Би бүх сэтгүүлчид тэрэнд оролцоогүй шүү гэдгийг ойлгуулахын төлөө явна. Тэгж байж энэ хаалтын гэрээ гэх зүйл байхгүй болно. Энийг хэн ч ойлгохгүй. “Чи төлбөртэй бичдэг биз дээ, Чи” л гээд байх юм. Би илүү нэр хүндтэй, илүү чадвартай учраас илүү үнэтэй байна гэж би хэлж сураагүй байна. Тэгж бардамнах бололцоогүй болтол энэ салбарын нэр хүндийг нөхдүүд унагаж байна. Сэтгүүл зүйд маш олон эмэгтэй сэтгүүлч гэр бүлгүй, өрх толгойлсон, орон сууцгүй хүнд нөхцөлд ажилладаг. Өглөө гараад шөнө л гэртээ ордог. Дандаа халаасан хоол идэж, дандаа хоёр хөлөөрөө явж хоолоо олж иддэг. Бид ингэж л амьдарч ирсэн. Гэхдээ энэ цаг өөрчлөгдөнө. Өөрчлөхийн төлөө ч явна. Нэг их зовсон юм шиг энэ эмэгтэй хамгийн том эталон нь байж хуцаж байгаа юм шүү гэж бодож байгаа байх зарим нь. Энэ бодлын хар сэрд нь ч  нь үнэхээр ой гутаж байна. Бодлоо л тулгаж байдаг. Бид бол баримт, хөдөлмөр зарсан судалгаа, түүн дээр суурилсан зүйлээр л нийгэмтэй харьцдаг. Бодол бол хариуцлага хүлээлгэх бололцоогүй ойлголт. Тийм ойлголтоор мэдэхгүй хүн рүүгээ дайрч давшилж болохгүй.   

-Нээрээ л таны хэлдгээр заримдаа сэтгүүлч гэж хэлэхээс айдаг шүү.

-Ийм болгочихлоо. Нэг л аймаар хулгай зэлгийч нөхдүүд, хаалтын гэрээ хийдэг, далдуур мөнгө авдаг, авлигач болоод явчихлаа. Яагаад ийм болгож байгаа юм. Ийм болгосон хүмүүс нь дандаа хөндлөнгийн шимэгчид шүү дээ, уг нь. Сэтгүүл зүйн нэр хүндийг шороотой хутгаж байгаа хүмүүсийн тодорхой төлөөлөгчид бол яг үнэндээ миний үеийнхэн л байгаа юм. Өнөөдөр Засгийн газрын ордонд хор найруулаад гүйгээд байгаа хүүхнүүдийг монголын ард түмэн хэнийг нь ч танихгүй. Харин сэтгүүлч Б.Ганчимэгийг бол танина. Надтай бол хариуцлага ярина. Над руу бүх зүйлээ хэлж, агсам тавьж, бүгдэд очих үгээ нисгэж  болдог. Тийм учраас би энэ алхмыг хийж, энэ зэргийг ярих нэр нүүртэй сууж байгаа юм. Түүнээс “Эд намайг ганцаардууллаа, надтай мөнгөө хуваасангүй” гэсэн арчаагүй гоморхол би ярихгүй. Яагаад гэвэл би сонин төлөөлж элдэв юманд оролцох эрхтэй эрхлэгч байгаагүй учраас тэдэнд гомдох ч эрх байхгүй. Харин тэмцэх эрх маань үлдсэн. Залуу сэтгүүлчид их л сайхан мөрөөдөлтэй нэг сонинд очдог. Тэгээд 300 мянган төгрөгний цалинтай юм бичээд л, бичээд л. Би жишээ нь сард үнэхээр сайн бичээд, Санжийн Баяр, Ц.Элбэгдорж гэх мэт ховор хүмүүсээс ярилцлага аваад 4-5 метариал нийтлүүллээ гэхэд миний бичлэгийн шагнал 140-170 мянган төгрөг л  болдог байсан.

-Арай ч дээ. Тэр хүмүүсээс чинь зүгээр л очоод ярилцлага авчихгүй шүү дээ?

-Энэ чинь нэр төрийн асуудал. Тэр хүмүүс“Б.Ганчимэгийн ярилцлаганд орьё” гэж сонголтоо хийж байна. Энэ мэргэжлийн нэр хүнд, энэ гүйцэтгэл үнэтэй байх ёстой. Дээр нь чи мэднэ, ярилцлагын үргэлжлэх дундаж хугацаа гурван цаг, энийг буулгахад 10 цаг болдог шүү бараг. Энийг хэзээ ч эзэн мэдэхгүй. Эрхлэгч бол хөлсний хүүхэлдэй. Тэд хэнийг ч хайрлахгүй. Зүгээр л өөрөө ахиу цалин авья, эзнийхээ хажуугаар гүйж байгаад хэдэн төгрөг ольё л гэсэн хүмүүс байгаа. Хүмүүс энэ Б.Ганчимэг өдөр тутмын сонингоос гарчихаад эргээд муулж байна гэх байх. Үнэхээр сэтгүүл зүйг цэвэрлэх ёстой л байгаа юм бол би өөрөөрөө дэнчин тавья л даа. Гэхдээ би эзэн биш, юунд ч оролцоогүй учраас илүү зоригтой байгаа байх л даа. Хүний бардамнах чадвар чинь бас бодит юман дээр суурилана шүү дээ.

УЛСТӨР: СЭТГҮҮЛ ЗҮЙ НӨМӨР НӨӨЛӨГГҮЙ, ӨНЧИН ГАНЦААРАА ЦӨӨНХИЙН ТАЛД Л ЯВАХ ЁСТОЙ

-Үүсээд байгаа улстөрийн нөхцөл байдлын талаар тань шиг хүнтэй уулзчихаад асуухгүй өнгөрвөл би лав тэнэг хүн болж таарах байх?

-Янз бүрийн л Засгийн газар байлаа. Хэцүү нь ч зөндөө байсан. Одоо бас нэг хэцүү л Засгийн газрын үе. Монгол орны төлөө үүрэг хариуцлага хүлээх бололцоогүй, цагаач маягийн, зувчуул хэсэгтэй Ардчилсан нам гэр бариад явчихсан л даа, үнэндээ. Сайн ажиллаж байгаа сайд нар байгаа. Х.Баттулга, Л.Болд, Л.Гантөмөрийг би муу ажиллаж байна гэж хэлэхгүй. Нөгөө талдаа унагаж байгаа сайдууд байна. Тэгж л ерөнхийлөгч шаардлага тавьсан юм байна лээ л дээ, уг нь. Энэ  “Уул уурхайн сайд, Хөгжлийн сайд хоёр чинь болохгүй байнаа” гэж. Тэгэхээр засгийн газрын тэргүүн нь гөжиж суучихаад  байгаа юм билээ л дээ. За, яах вэ энэ бол улс төрд болдог л дайн.

Түрүүн би Р.Бурмаа гишүүний тухай ярьсан. Намын гишүүн нь намын бүлгийнхэнтэйгээ санал зөрөлдөөд, намын бүлэг гэдэг хайрцганд орохгүйгээр кноп дарна гэдэг нь өөрөө энэ парламентад хадгалагдаж байгаа багахан ч гэсэн шударга ёс, ардчилалын тусгал байхгүй юу. Энийг уг нь сэтгүүл зүй хайрлаж явах ёстой. Ер нь сэтгүүл зүй нөмөр нөөлөггүй, өнчин ганцаараа цөөнхийн талд л явах ёстой. Далд сэтгэлээрээ бол. Дуу хоолой нь боомилогдсон, хавчигдсан, гадуурхагдсан, гүтгэгдсэн нэгний талд л байх ёстой. Ганцхан улс төр дээр биш шүү. Бүх зүйл дээр. Өнөөдрийн МАН бол нэг их хайрлагдахаар цөөнх байж чадахгүй байна. Хийж байгаа акцууд нь нэг л хачин тэнэгдүү болчихсон. Орон гэр нь эль хуль. Ялагдлын дараа бүгд дайжчихсан. Стратеги хийдэг систем, тэрийг удирддаг тархинууд уг нь бий шүү дээ.

-Та ерөнхий сайдад нэг нэр өгсөн...

-Тэгсэн, би “задгай цагаан” гэдэг нэрийг Ерөнхий сайдад өгсөн. “Задгай цагаан” нэрийг сэтгүүлчид их хэрэглэх болж. Энэ нэрийг ашиглаж байгаагийнхаа мөнгийг надад төлөх ёстой юм шүү, уг нь.(инээв) Ер нь байна ш дээ, нэршил тогтоож, эргэлтэд тэрийгээ оруулна гэдгийг чинь онцгой сэтгүүлчид хийдэг юм. МАНАН гэдэг нэрийг Л.Мөнхбаясгалан өгсөн. “Буурал мянгуужин” гэдэг нэрийг ерээд онд Х.Бүрэнтогтох өгсөн. Баабар  өгсөн нэршил бол үнэхээр олон. Тэрэн шиг “Задгай цагаан” гэдэг энэ нэрийг би гаргаж ирсэн. Гомдсон бол уучлана биз.   

-Энэ засгийн газрын тэргүүнийг та ер нь ямар хүн гэж хардаг вэ?

-Н.Алтанхуяг гэдэг улстөрч хэлэлцээрийн мастер мөн үү, мөн. Доогуураа хөлтэй улстөрч. Зүгээр л нэг партизаных нь гэрт зовлон тохиоход ороод гардаг л дарга гэсэн. Хүмүүсийнхээ хайрыг тэгж цуглуулсан. Хамгийн зузаан гудсыг доороо дэвсчихсэн л хүн шүү дээ. Энэ бол улстөрд баргийн хүний хүсээд олдохгүй зүйл. Гэхдээ хэт задгай амлаж, төрийн зүтгэлтний хэв шинжийг унагаж болохгүй. Ингэж стандартгүй болгож болохгүй гэж би хардаг. Гадны улс орнуудад хуваарьт тусгагдсан хөтөлбөрөө зөрчөөд өөр газар гольф тоглоод явж байсныхаа төлөө л огцордог. Гэтэл манайд охин нь тэрбум төгрөгийн хэрэгт орчихоод шалгуулж байхад л огцрохгүй байна. Засгийн газар хэвлэлийн амыг зад барьчихаад байна. Энэ бол маш муу соёл.

-Х.Тэмүүжин сайдын талаар та жиргэсэн байсан?

-Надад түүнд тавих асуултууд байна гэж би хэлж байгаа юм.  

 -Засгийн газар, Хууль зүйн сайд огцрох юм болов уу. Та юу гэж бодож байна?

Засаг бол огцрохгүй, Х.Тэмүүжин ч огцрохгүй. Гэхдээ хүмүүс цаашаа харж нэг, наашаа харж нэг тоглолт хийж байна л даа

-Засаг бол огцрохгүй, Х.Тэмүүжин ч огцрохгүй. Гэхдээ хүмүүс цаашаа харж нэг, наашаа харж нэг тоглолт хийж байна л даа. Хууль зүйн сайдын асуудал дээр асар олон факт байгаа. Би ч гаргахгүй. Хуулиараа болохгүй. Хүчний байгууллагынхан ч дарамтанд байгаа. Хууль зүйн сайдыг шалгана гэдэг тэдний хувьд хувь заяатай тэнцсэн шахуу ойлголт. Зүгээр л байхгүй болгож, арчиж болно шүү дээ. Тийм учраас цагдаа, прокурор, тагнуулын зарим зүтгэлтнүүдийн хувьд хувь заяагаараа дэнчин тавьж л оролцох асуудал. Түүнээс Тэмүүжингийн зурагтай футболк өмсөж, нэг газар очиж пиво уугаад л. Цорын ганц энэ цагийн баатар болгоод л. Энэ бол агуу их дэмийрэл. Үүний оронд харин Оюутолгой, Таван толгой гэсэн малгай өмсөөд, Эгийн голын төслийг тайлбарлаад давалгаалаад явж байвал болж байна. Р.Бурмаа дээр яагаад давалгаалахгүй байгаа юм.

Энэ хүүхнүүд ерөөсөө байгалийн авираасаа салахгүй байсаар дуусдаг юм шиг байнаа. Х.Тэмүүжин дээр л уухираад байгаа юм. Энэ хэрэг явдлын юуг ч нарийн мэдэхгүй байж шүү дээ. Бурмааг яагаад дэмжихгүй байгаа юм. Бурмаа бол тойргоос хөлсөө урсгаж гарч ирсэн улстөрч бишээ. Үнэн ш дээ. Дээр нь олон эмэгтэй зүтгэлтгүүдийн урдуур гишгилж квотод орох дархан эрхтэй ч улстөрч ч биш. Б.Дэлгэрмаа, Х.Хулан нар шиг. Тэр Нарангэрэл, Энхтуяа, Отгонбаяр, М.Тунгалаг энэ тэр шиг түүхээрээ хайрлагдах юу хийсэн юм. Хамгийн сүүлд гарч ирсэн Уянгаа шиг сайн муу, чөтгөр шуламсаараа дуудуулан байж зүтгэсэн юм уу. Зүгээр л ямбалж яваад гарч ирсэн нь бол үнэн. Улс төрийн замнал талаас нь хэлж байна шүү. Бусдаар бол Бурмаа энэ холион хутгаан эрчүүд шиг авилгач биш. Тэр үнэт зүйлтэй хүн. Гол нь өнөөдөр түүнийг бид хамгаалах ёстой. Намын бүлгийнхээ эсрэг кноп дарсныхаа төлөө л ийм байдалд орж байна гэдэг бол арай дэндүү хэрэг. Ер нь ардчилсан нам гарч ирснээсээ хойш хураана, хаана, бооно, хөөнө л гэдэг болж.

-Х.Тэмүүжин гээд ярихаар л нөгөө О.Баасанхүү гээд л...

-Энэ О.Баасанхүү гэж нэг үзэгдэл байна аа. Гэхдээ энэ гоё. Х.Тэмүүжингийн хажуугаар ингэж явахад нь монголын ард түмэн О.Баасанхүү гэж улстөрчийг төлөвшүүлж, хүмүүжүүлж авбал сайн. Гэхдээ тэр хүнийг би  сайн мэдэхгүй юм. Төрийн зүтгэлтэн болж чадах юм уу, үгүй юу. Хүний төлөвшил ер нь их удаан байдаг юм байна. О.Баасанхүүгийн гартаа барьж орж ирсэн үндэслэлүүдийг нь үзсэн. Сэтгүүлчид бид бол мэднэ. Гэхдээ бусад хүн мэдэхгүй байна. О.Баасанхүү гэж хүнд давж болохгүй хил хязгаар гэж бий. Байнгын хорооны хуралдааны бичлэгийг жишээ нь гаргаад тавих уу. Тэгж нийгмээ самрах уу? Би О.Баасанхүүтэй ярилцлага хийсэн. Хэд хоногийн дараа гарна. Би гүйцэд сайн таниагүй. Эхний түвшний л ярилцлага боллоо.

Тагнуулын дэд дарга С.Эрдэнэ гэж хүн саяхан хэвлэлд ярилцлага өгсөн гэнэ. Ингэж галзуурахаа болиоч ээ. Асуудал байгаа юм бол төрийнхөө хар хайрцагны дэргэд очиж яриач. Юу гэж энэ үймсэн, самуурсан, хариуцлагагүй ард түмнийг үймүүлээд байгаа юм. Бүх юм замбараагүй байна. Тагнуулынхан ийм задгай амтай байж болдог юм уу. Бас энэ УИХ-ын гишүүд ч гэж шалчиганасан юмнууд л болж дээ. Өөрөөр хэлбэл “угаагдаагүй” хүмүүс л гарч ирээд байна. Тийм учраас улс төрд ирэх насны хязгаар гэдгийг бодохоор л юм. Гэхдээ залуу насаар  адлана гэдэг аймаар шүү. Надаас илүү хөгшин л бол тулхтай юм хийнэ гэдэг тэр үеийг би халж гарч ирсэн юм. Бид хоёр хатуу туйл руу л хэт савлаж болохгүй.

-МАХН-ын өөрөөр хэлбэл Н.Энхбаярын бодлого л явагдаад байна гэж хараад байгаа. Таны хувьд?

-Намын гишүүнийхээ хувьд МАХН-ынхаа бодлогыг л тээгч шүү дээ. Ил байгаа баримт нь энэ. Гэхдээ гаргаж тавьж байгаа асуудлынх нь мөн чанарыг нотлох ёстой. Хүүхэд өргөж авсан асуудал нь яг хүүхэд өргүүлэх асуудал юм уу. Хүүхний асуудал нь зөвхөн хайр дурлалын асуудал юм уу . Авлигын асуудал энэ сайд дээр байгаа юу. Үүнийг нь задалж гаргаж тавьж болох хэмжээнд нь тавих л ёстой.

-Ер нь засгийн талаарх нийтлэлүүд, зоригтой шүүмжүүд гарахгүй байх шиг харагдаад байна тийм үү?

-Засгийн газрын талаар бичиж байгаа тойм гэж байгаа нь таамаглал л болж. Нөгөө хаалтын гэрээтэй нь л холбоотой байх. Засгийн газраас бүх сонинтой гэрээ хийсэн байна лээ. Улстөрчид өөрсдөө эр зориг гаргаад гэрээлэхээс татгалзах хэрэгтэй. Одоо ерөнхий сайд ганцаараа л ярих юм. Бусад сайд нь хаалттай. Бид төрийн зүтгэлтний хувьд тэр хүмүүсийг олонд нээх ёстой. Гэтэл энэ боломжийг ерөнхий сайд хаагаад байна. Тэнд нь сэтгүүлчид очдог юм уу, ер нь. Арга буюу цагаа дүүргэх гээд телевизүүд ирдэг байх.

ХООЛ ИДЭХ ШИГ УНШИХ ХЭРЭГЦЭЭ БАЙВАЛ, ТЭР НЬ СОНИНЫ ӨГӨГДӨЛТЭЙ Л БАЙВАЛ БИД ӨӨРСДИЙГӨӨ САНАЛ БОЛГОНО

-Таны сонин гуйлгаар эхэлнэ гэж та ярьж байна. Үүнээс цааш таны нэр хүнд, танай багийн ур чадвар хэсэгтээ авч явах байх. Гэвч хэзээ нэгэн цагт зогсох боллоо гэхэд танд өөр ямар төлөвлөгөө байгаа вэ?

-Ер нь хамгийн сайн зөв суурь бол захиалга. Уншигчид манай бүтээгдэхүүнийг захиалдаг байх ёстой. Бид тэр хүмүүсийн эрэлт таашаалд нийцсэн контентыг явуулдаг байх ёстой. Бид энэ шударга тогтолцоог бий болгохын төлөө л ажиллана. Мэдээж бид “найзгүй” учраас хаагдаж боогдох зүйл гарах л байх. Гэхдээ зөндөө олон шинэ байгууллагууд үүд хаалгаа нээж байна. Бид бүгдтэй нь очиж найзлана. Гэхдээ одоогийн энэ уламжлалт соёлоор биш шинэ соёлоор. Хэвлэлээс сайн бүтээл уншихыг хүсдэг л юм бол бид тэр бүхнийг мэргэжлийн дээд түвшинд хийнэ. Зүгээр нэг үлбэгэр ярилцлага унших уу, эсвэл тухайн хүн рүү “орж гарсан, нээсэн, юм амтагдсан, тэмтрэгдсэн” ярилцлага унших уу. Ямар нэгэн хэрэггүй зүйл унших уу эсвэл хэрэгтэй зүйл унших уу. Хоол идэх шиг унших хэрэгцээ л байвал, тэр нь сонины өгөгдөлтэй л байвал бид өөрсдийгөө санал болгоно.

-Гэхдээ одоо сонингоор яах юм бэ. Бүх зүйл цахим болчихлоо ш дээ?

-Уучлаарай, цаасан хэвлэл гэдэг ойлголт, цаасан хэвлэлийн эзлэх орон зай, цаасан хэвлэлээс авах таашаал дэлхий нийтэд байсаар байсан, байх ч болно. Цахим ертөнц мэргэжлийн хүний нүдээр харахад боловсруулалт багатай, түргэн гоомой гүйцэтгэлүүдийн урсгал харагддаг. Дээр нь оюуны өмчийн ойлголтын хувьд маш замбараагүй. Би бол баабар.мн сайтаас өөр цахимтай огт холилддоггүй, чи өөрөө мэдэж байгаа.  

-Таны сонин эхний дугаараасаа л шуугиан тарих болов уу? Ер нь сониныг чинь хаанаас худалдан авч байх вэ?

-Зургаадугаар сарын 1-нээс захиалганд орно. Одоогоор үүргийн худалдаагаар л борлуулна. Сонин зардаг бүх цэгээр өөрсдөө явж тараана. Засгийн газрын ордны гадаа очоод сонингоо хүмүүст таниулна, сурталчилна гэж бодож байна. Тэгэхгүй бол надад реклам сурталчилгаанд зарах мөнгө алга.

-Долоо хоног тутмын сонингууд сайн ч, муу ч өөрийн байр сууриа танд тийм ч амар алдахыг хүсэхгүй л болов уу. Ядаж л таны заруулна гэж бодож байгаа үүргийн худалдаачдыг бүгдийг нь аль хэдийнээ эрхэндээ оруулчихсан шүү дээ?

-Тэр чинь бүр сүлжээтэй гэнээ.

-Тийм ш дээ. Таныг очиход чинь “сонингий чинь зарахгүй ээ” гэж хэлнэ. Тэгэхээр та яах вэ?

-Би одоо бүр гайхаад л байна. Шинэ цэг байгуулья гэхээр надад мөнгө алга. Ямар ч байсан сонин зарсны шимтгэл гэж байгаа тэрийг нь өгье, тэгээд тэр хүмүүсийг гуйя л гэж бодож байна. Дахиад л шинэ хэсэгтэй учрах гэж байна. Халуун хүйтэнд гудамжинд зогсдог тэр хүмүүстэй. Нэг газрын үүдний өрөөнд хэдэн сонин дэлгээд суудаг тэр хүмүүстэй танилцах гэж байна.

-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Мөн танай “Open door” сонины хамт олонд өндөр амжилт хүсье.

-Хамгийн эхний ярилцлагаа чамд өгсөндөө баяртай байна. Хэдэн жилийн өмнө чи бид хоёр ярилцаж байсныг санаж байна. Та бүхний ажилд амжилт хүсье.

-Баярлалаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан