Өнөөгийн
мөрдөж буй Нийгмийн даатгалын тухай хуулиар аж ахуйн нэгж байгууллагууд ажилтнуудынхаа
даатгалын шимтгэлийг 19, ажиллагсад өөрсдөө цалингаасаа 10 хувийг нь төлж
байгаа. Энэхүү хууль манай улсад нийгмийн даатгалын тогтолцоо жинхэнэ утгаар
үүссэн 1995 оноос хойш мөрдөгдөж байгаа юм. Гэтэл өнгөрсөн 12 жилийн хугацаанд
аж ахуйн нэгж, байгууллагуудаас шимтгэлийн хувь хэмжээг өндөр байна, үүнтэй
холбогдон олон хүндрэлтэй асуудал гарах болсон талаар багагүй шүүмжилсэн.
Ажил олгогчдын зүгээс 19 хувиар шимтгэл төлөхөөр цалин нэмж, ажлын байр нэмэгдүүлж
болохгүй байна гэдэг. Нийгмийн даатгалын шимтгэлийн энэ дарамтаас зугатахын
тулд компаниуд хоёр тайлан, хоёр төрлийн цалингийн цэс гаргадаг, өөрөөр хэлбэл,
ажилчдын цалинг үнэн зөвөөр тодорхойлдоггүй зөрчлүүд байнга илэрч иржээ.
Мөн байгууллагынхаа нэрийг өөрчилж, зориудаар татан буулгах явдал ч элбэг
тохиолддог болов. Түүнчлэн зарим нь ажилтнуудтайгаа хөдөлмөрийн гэрээ
хийх ёстой байтал иргэний гэрээ байгуулж, даатгалаас зугатдаг.
Овсгоо самбаатай хуулийн зөвлөхтэй компаниуд ямар нэг аргаар шүүхийн шийдвэр
гаргуулж аваад ихэнх ажилтантайгаа даатгал төлөхгүй байх үүднээс иргэний гэрээ байгуулж
харин энэхүү хууль бус үйлдлээс олсон ашгийг мөнөөх зөвлөх нь хүртдэг
явдал ихэсч. Иймэрхүү амьдралд буухгүй, компани, иргэдийг хохироосон нийгмийн
даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 12 жилийн өмнө УИХ-ын гишүүд санаанаасаа
зохиогоод баталлаа гэж үү.
Нийгмийн даатгалын мэргэжилтнүүдийн ярьснаар тухайн үед ижил төстэй улс
орнуудын даатгалын системийг олон улсын байгууллагуудын оролцоотойгоор судалж, тооцсоны
үндсэн дээр аж ахуйн нэгжүүд 19 хувиар шимтгэл төлөх тогтоол баталжээ. Харин
энэ нь хувийн хэвшлийнхнийг хөгжин цэцэглэхэд том дарамт, хаалт болж
байна гэсэн шалтгаанаар УИХ-ын зарим гишүүн аж ахуйн нэгжүүдийн нийгмийн
даатгалын хувь хэмжээг 10 хувь хүртэл буулгах төслийг УИХ-д оруулж хэлэлцүүлээд
санасандаа хүрлээ. Улс орон, эдийн засаг, хувийн хэвшлийнхэнд ач
холбогдолтой хэмээн хуулийн төслийг МАХН, АН-ынхан тохиролцон зөвшөөрч.
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс уг хууль хэрэгжиж эхэлнэ.
Шимтгэл буурахын эерэг ба сөрөг тал
Сайн тал нь гэвэл дээр дурьдсан олон зөрчил устаж алга болох гэнэ. Аж ахуйн
нэгжүүд хүмүүсийнхээ цалинг зоригтой нэмж, ажлын байр ч олширч, техник
технологийн шинэчлэл хийх бүрэн боломжтой болно. Мөн ажилтнуудынхаа цалингийн
хэмжээг үнэн зөвөөр тодорхойлж, хоёр тайлан гаргадаг явдал бүрэн зогсоно гэсэн
тайлбарыг хууль санаачлагчид хийжээ. Харин нийгмийн даатгалын
мэргэжилтнүүд дээрх зөрчлүүд арилна гэдэгт эргэлзэж байна. Тэд шимтгэлийг 10
хувь болгосноор иргэдийн амьдралын баталгаа сайжирч, хувийн хэвшлийнхэн хуулиа
хатуу чанд мөрдөнө гэж баталгаатай хэлж чадахгүй байна.
Хэрвээ шинэ оны эхнээс хүмүүсийн маань цалин пүнлүү нэмэгдэж, ажлын байр
олноор бий болбол сайн л байна. Харин байдал бахь байдгаараа цааш үргэлжилбэл
хэн хожиж, хэн хохирох бол. Энэ асуултыг нийгмийн даатгалын мэргэжилтнүүдэд
тавилаа.
Тэд аж ахуйн нэгжүүд хожиж, иргэд хохирно гэсэн богинохон бөгөөд тов тодорхой
хариу хэлэв. Тухайлбал, Доржийн ажилладаг компани түүнд сард 100000 төгрөгийн
цалин өгдөг. Тухайн компани Доржийн нийгмийн даатгалын шимтгэлд өнөөдөр 19000
төгрөг төлж буй бол ирэх оноос 10 мянган төгрөг зориулах нь. Харин 9000 төгрөг
нь компанийн ашиг. Танай компанийн, таны цалингаасаа нийгмийн даатгалд
төлж буй мөнгө ирээдүйд авах тэтгэврийн хэмжээг тодорхойлдог гэдгийг хүмүүс сайтар
ухаардаггүй гэмтэй гэнэ. Иргэдтэй уулзаад даатгалын шимтгэлийн тухай асуухад ч
олонх нь улс оронд ашигтай байх гэсэн зүйл ярьсан.
Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах шийдвэр таны тэтгэврийн мөнгөнөөс
хумсалж буй хэрэг биш үү гэхээр тэдний нүд томорч, гайхсан харц шидэлнэ.
Иргэдийн ийм сэтгэхүй дээр бизнес сэтгэлгээтэй эрхэм гишүүд тоглож, уг хуулийг баталчихаа
юу даа гэж догдлоо. Хэрвээ энэ хуулийн гол зорилго амьдралд хэрэгжихгүй
тохиолдолд үнэндээ иргэдийнхээ тэтгэврийн хэдээс хумсалсан хэрэг болох
дүр зураг харагдаж буйг мэргэжлийн хүмүүс толгой сэгсрэн ярилаа. Ялангуяа 1960
оноос хойш төрөгсдөд шинэхэн мэндэлсэн хууль сөргөөр нөлөөлөх магадлалтай
байна. Энэ хүмүүс нэрийн дансанд хуримтлагдсан мөнгөнөөсөө тэтгэврээ тогтоолгох
ёстой. Тэгвэл нэрийн дансандаа хэдий чинээ их мөнгө төлнө, өвгөн эмгэн болохын
цагт төдий чинээ их цалин авна гэсэн хялбар ойлголтыг хүмүүс одооноос
мэдрээсэй хэмээн даатгалынхан ярив.
Энгийн жишээ татъя. Өнөөгийн мөрдөж яваа хуулиар та сард 70 мянган төгрөгийн
тэтгэвэр тогтоолгох боломжтой гэж бодъё. Тэгвэл танай компани таны
нийгмийн даатгалд 10 хувийн шимтгэл төлснөөр та 40 мянган төгрөгийн тэтгэвэр
өвөртлөх нь ээ гэсэн үг. Гэхдээ ирэх жилээс аж ахуйн нэгж, байгууллагууд
цалингаа үнэхээр нэмбэл байдал дүндээ дүн байх юм.
Нөгөө талаар, шимтгэлийг есөн хувиар бууруулснаар нийгмийн даатгалын сангийн
орлогын бүрдүүлэлтийг хэрхэх вэ гэсэн том асуудал гарч ирнэ. Улсын нийгмийн
даатгалын ерөнхий газраас даатгалд хамрагдагсдын хүрээг өргөжүүлэхэд
чиглэсэн арга хэмжээнүүд авах шаардлагатай тулгарчээ. Үүний тулд эрх зүйн
орчныг бүрдүүлж, өнөөдрийн хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа гэнэ.
Даатгалд хамрагддаггүй дархан эрхтэй хүмүүст малчид, газар тариаланчид,
хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гадаадын иргэд орно. Харьд амьдарч буй монголчууд
тухайн улсынхаа хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бол
манайд ажилладаг гадаадын хөрөнгө оруулалттай компани, байгууллагын
гадаад болон монгол ажилчид нийгмийн даатгалд хамрагддаггүй байна. Эдгээр
иргэний даатгалын шимтгэл төлөх асуудлыг хуулийн хүрээнд нарийн зохицуулах,
өрөө төлдөггүй, шимтгэл төлөхөөс зугатдаг байгууллагуудын удирдлага, санхүүгийн
хүмүүст хүлээлгэх шийтгэлийг чангатгаж өгөх хэрэгтэй байгаа аж. Энэ бүх
санааг тусгасан Нийгмийн даатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслийг УИХ-д оруулжээ. Уг төслийг гишүүд яаралтай хэлэлцэж оноос өмнө баталж
өгөөсэй хэмээн мэргэжилтнүүд хүсэн хүлээж сууна.
Харин 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон иргэдийн мөнгийг төрөөс даах
ёстой. Төр, засгаас тэтгэмж авах хүмүүсийн тоо 12 жилийн өмнөх балансаар
270-аад мянга байсан бол өдгөө 100 мянга болон буурчээ. Тухайн үед нийгмийн
даатгалын тогтолцоо манайд хөгжөөгүй байсан учраас төр, засгаас 1995 оноос өмнө
тэтгэврээ тогтоолгосон иргэдийн мөнгийг нийгмийн даатгалын санд олгох ёстой аж.
Тус санд төвлөрүүлэх төрийн өр 250 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ асуудалд төрөөс
хойрго хандаж байгаа тул дээрх хөрөнгөний баталгааг Засгийн газраар гаргуулж
нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах шаардлагатай гэнэ. Улсын
нийгмийн даатгалын ерөнхий газар 50 саяас дээш өртэй байгууллагуудын нэрийг
олон нийтэд удахгүй зарлахаар зэхэж байна.
2006 оны тайлангаар 18 мянган аж ахуйн нэгж, байгууллага нийгмийн даатгалын
шимтгэл төлдөг статистик мэдээ бий. Одоогоор манайд заавал болон сайн дурын
даатгалын систем үйлчилдэг. Цаашид заавал төлөх үүрэгтэй даатгалын системийг мөрдөх
нь ихээхэн ач холбогдолтой гэж нийгмийн даатгалынхан үзлээ. Хэзээний
назгай монголчууд сайн дурын даатгалд хамрагдахдаа хойрго хандаж, нийгмийн
халамжийн гадна үлдээд байгаа. Хэрвээ Монгол Улсын иргэн заавал даатгал
төлөх ёстой гээд хуульчлаад өгвөл даатгалд хамрагдагсдын хүрээ
өргөсөж, нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлтэд ч сайнаар нөлөөлнө.
Иргэд маань ч тэтгэвэрт гарахдаа хангалттай цалин авах нөхцөл бүрдэж, төрийн
дарамт багасна. Өнөөгийн нийгэмд элбэг үзэгдэж буй жишээгээр улсад дорвитой ажиллаж,
бас сайн дурын даатгалд хамрагдаагүй мөртлөө төрөөр тэтгүүлэх ухамсартай хөгшид
голлох байр суурийг эзэлдэг хүндрэлтэй асуудал үүсчээ. Тиймээс Нийгмийн
даатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд заавал даатгалын
хүрээг өргөжүүлэх, харин сайн дурын системийг хумих заалтуудыг оруулжээ. Эрхэм
гишүүдийн хэрхэн хэлэлцэж, хэдийд дээрх хуулийн төслийг батлахаас ихээхэн зүйл
хамаарах юм байна. Уг нь нийгмийн даатгал бол улстөрждөггүй мэргэжлийн
салбаруудын нэг байх ёстой. Гэтэл сүүлийн үед тус салбарт улстөрчдийн бохир гар
оролцож, аливаа асуудал бизнесийн ашиг сонирхол руу хэлбийгээд байгаа юм биш
биз.
Энэ өдрийн асуулт:
Шимтгэлийг бууруулах нь тэтгэвэрт нөлөөлнө
-УИХ-аас аж ахуйн нэгж, байгууллагуудын нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулж,
10 хувь болгож баталсан билээ. Энэ хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс
эхлэн мөрдөнө.
Ажил олгогчдын зүгээс нийгмийн даатгалд төлдөг шимтгэлийн хувь хэмжээ буурснаар
иргэн танд ямар ач холбогдолтой вэ?
Ж.Батзориг: /өмгөөлөгч/
-Ач холбогдолтой. Өнөөдөр аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтнуудынхаа нийгмийн
даатгалд 19 хувийн шимтгэл төлж байна. Ийм өндөр хувиар шимтгэл төлөхөөр
хүмүүсийн цалин пүнлүү болон ажлын байр шинээр нэмэгдэхгүй байгаа юм. Тиймээс
тухайн байгууллагууд шимтгэлээс зугатах төрөл бүрийн арга сэддэг. Харин шимтгэл
буурснаар ажилтнуудын цалин нэмэгдэх, өөрөөр хэлбэл, ажлын байрны баталгаа
сайжрах эрх зүйн орчин бүрдэж байгаа хэрэг.
Б.Жаргалсайхан: /дунд сургуулийн багш/
-Шимтгэл буурах нь сайн байх л даа. Гэхдээ чухам ямар ач холбогдолтойг мэдэхгүй
байна. Улс орны эдийн засагт хэрэгтэй болоод ийм шийдвэр гаргасан болов уу.
Миний хувьд сард 180 мянган төгрөгийн цалинтай. Байгууллагаас 30 гаруй мянган
төгрөгийг нийгмийн даатгалд төлдөг бол одоо18000-ийг л шимтгэлд төлөх нь.
Гэхдээ энэ чинь алсдаа тэтгэвэрт нөлөөлөх юм биш үү. Уг нь бид нийгмийн
даатгалд их л мөнгө төлөөд явбал тэтгэвэрт гарахдаа өндөр цалин авна шүү дээ.
Т.Сонинбилэг: /хувиараа хөдөлмөр эрхлэгч/
-Би сайн дураараа даатгал төлдөг. Шимтгэлийн хувь хэмжээ буурах нь улс оронд,
гэр бүл, хүүхдийн мөнгө өгөхөд их ач холбогдолтой байх л даа. Ах нь сайн
мэдэхгүй байна. Ер нь даатгалаа төлөөд явах нь зөв л гэж боддог.
Ц.Очирхуяг: /“Витсамо фрут жүүс” компанийн захирал/
-Инфляц, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч буй энэ үед ажилтнуудыхаа
цалинг зайлшгүй нэмэх шаардлагатай. Гэтэл цалин нэмэгдэхийн хэрээр нийгмийн
даатгалын шимтгэл өсдөг нь ажил олгогчдод үнэхээр хүнд тусдаг. Тэгэхээр
шимтгэлийн хувийг бууруулах нь чухал нөлөөтэй. Тухайлбал, ажилчдын цалинг нэмж,
ажлын байр шинээр бий болгох гэм мэт ач холбогдолтой.
Т.Гантөмөр: /”Очир ундраа” группийн захирал/
-Нийгмийн даатгалын шимтгэлээс болоод бидэнд нэлээд асуудал үүсдэг. Орон тоогоо
нэмж, цалингаа дорвитой өсгөж чаддаггүй. Тэгвэл шимтгэл буурснаар бид цалингаа
нэмж, орон тоогоо өргөжүүлэх боломжтой. Энэ хэрээр ажилгүйчүүдийн тоо багасна,
ажилчдын амьдрал ахуй дээшилнэ. Мөн компаниуд янз бүрийн татвараас зугатахгүй,
хуулийн хүрээнд шимтгэлээ төлөөд явна. Ер нь ажил олгогчдын ачааг нэлээд
хөнгөлнө шүү.