-Др. Л.Мөнх-Эрдэнэийн нийтлэлийг Уншигчийн захидал булангаар хүргэж байна-
“ГУРВАН МӨРДИЙН ТЭРГҮҮНЭЭ ХЭН БЭЭР БҮҮ БУУЛГАГТУН” гэж Монгол улсаа, өөрийн толгойгоо, эрх, эрх чөлөөгөө өөр этгээдэд бүү мэдүүл л гэсэн үг!
Туулын хурдны замын асуудалд хутгалдах, эсвэл хэн нэгэнтэй, ялангуяа өөрийн дотно хамтран ажилладаг эрхмүүдтэй ам мурийх сонирхол алга. Гэвч,
- Өөрийн эрдэм шинжилгээний ажил,
- Өөрийн нэр нүүр,
- Шинжлэх ухааны үзэл санаа, мөн чанар, академик судлаачийн үүргийн улмаас үүнийг бичихээс өөр аргагүй байдалд хүрлээ. Найз нөхөд ч асууж, шалгааж байх.
Учир нь “Хатан Туулаа хамгаалъя” хөдөлгөөний “гол зохион байгуулагчдын нэг”, Оксфордын Их Сургуулийн докторант Г.Мөнх Эрдэнэ, мөн түүний “захиалагч гэж эчнээ ял авсан” Кэмбрижийн Их Сургуулийн доктор Д.Бум-Очир хоёр хоёул миний Монголд суурьшуулах гэж оролдсон нийгэм-соёлын антропологийн ухааны үзэг нэгтнүүд, “антропологичид,” мөн миний МУИС-д байгуулсан Нийгэм-Соёлын Антропологийн тэнхимийн багш нар. Хэрвээ өөр хэн нэгэн байсан бол үл анзааран, анзаарсан ч үл ойшоон өнгөрүүлж болох.
Үүнийг бичихэд хүргэсэн нь Д.Бум-Очирын хэлсэн үгэн дэх хоёр зүйл. Хэлэхдээ “Би түүх, соёлтой холбоотой, өв соёлтой холбоотой зүйлийг судалдаг, анхаардаг тийм мэргэжлийн хүн”, “би антропологич” гэж эрдмийн ухааны, тэр тусмаа, антропологийн ухааны хүн гэж эрдмийн, эрдэмтний нэр төр барин мэдэгдсэн явдал (Улс төрчийн хувьд мэдэгдсэн бол би бултах орон зай, шалтаглах боломж хайхыг үгүйсгэхгүй.).
Жич, “Монгол өв соёлоо, үнэт зүйлээ хамгаалах”, “Монголоо алдсан байна”, “Монголоо алдаж болохгүй гэдэг зарчмын байр суурийг би үеийн үед баримтлах болно, бид бүгдээрээ баримтлах болно” гэсэн зүйлд нь ч хэлэх зүйл бий боловч энэ удаа орхив.
ЗҮЙЛ НЭГ
“Туул гол бол Чингис хааны зарлигаар хамгаалагдсан голоо! Энэ би зохиож хэлж байгаа юм биш … Монголын Нууц Товчооны 179-р зүйлд ‘Гурван мөрний эхэнд хэнийг ч бүү буулга’ гээд Чингис хаан хэлчихсэн юм.
Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр Монголчуудын уламжлалт уулыг бэлээс нь, усыг эхээс нь [хамгаалах?] гэдэг энэ үзэл санаа явж байгаа юм. Эхээс нь аваад Туул голоо [хамгаалах ёстой юм?]. Гурван мөрөн гэдэгт нь Хэрлэн, Онон, Туул гурав байгаа юм. Хан Хэнтий уулын Бурхан Халдун уулаас эх авдаг ийм тунгалаг урсгалт Туул гэж бид нар ярьдаг, Хатан Туул гэж өргөмжилдөг. Ийм учиртай.”
Монголын түүх, соёл, түүний дотор Монголын улс төрийн түүх, улс төрийн сэтгэлгээ, улс төрийн соёл миний судалгааны хэсэг. 1997 онд тухайн үед Чингис Хаан судлалын олон улсын хүрээлэнгийн захирал байсан Ч.Энхтайвангийн (Цагаан Шонхор) хүсэлтээр Нью Жерсид болдог Чингис хааны тахилгын хуралд зориулж “Гурван мөрдийн тэргүүнээ хэн бээр бүү буулгагтун” нэртэй илтгэл бэлдэж, дараа нь МУИС-ийн нэг сэтгүүлд хэвлүүлж байв.
Хожим 2018 онд “The Rise of the Chinggisid Dynasty: The Pre-Modern Eurasian Political Order and Culture at a Glance” нэртэй ажлыг International Journal of Asian Studies-д хэвлүүлсэн бөгөөд уг ажилд дээрх асуудлыг дэлгэрэнгүй авч үзсэн болно. Уг ажлыг эрдэмтэд нааштайгаар хүлээж авч, одоогоор 20 гаран удаа, түүний дотор, Монголоос энэ хөдөлгөөний “гол зохион байгуулагчдын нэг” болох Г.Мөнх Эрдэнэ хүртэл эшлэсэн харагдсан.
Гэтэл үзэг нэгтэн, хамтран зүтгэгч Д.Бум-Очир маань миний судалгааны үр дүнгээс тэс хөндлөн төдийгүй, хэрэг дээрээ, үнэнд үл нийцэх төдийгүй, олон нийтийг илт төөрөгдүүлсэн мэдэгдэл хийгээд байдаг. Чимээгүй өнгөрөх худлыг үнэн болгосон, олон нийтийг шинжлэх ухааны, эрдэмтний нэрээр илт төөрөлдүүлэхийг дэмжсэн хэрэг болох төдийгүй өөрийн судалгааны ажлаа үгүйсгэсэн, өөрийн нэр нүүрээ хаясан хэрэг болох гээд байдаг.
Үнэн шинжлэх ухааны орших утга учир бөгөөд, үнэнийг юуны ч, хэний ч өмнө, эрх мэдлийн ч, эрдэмтэн багшийн ч, элгэн садны ч, эрхэм нөхдийн ч өмнө хэлэх нь академик судлаачийн үүрэг. Эл учир үнэнийг хэлэх ёстой юм.
ҮНЭН НЬ:
1. Монголын Нууц Товчооны 179-р зүйлд Гурван мөрдийн тэргүүнээ хэн бээр бүү буулгагтун” (qurban müred-un teri’ün ken-e ber bu bawúlutqun) гэж бий.
1) “Энэ юу гэсэн үг вэ гэхлээр” Монгол улсаа, эзэн эрхээ өөр этгээдэд бүү мэдүүл гэсэн л үг. Тодруулбал, Монголын ханлигаа өөр хэн нэгэнд, бүр тухайлбал, Онг хан, Сэнгүм, Жамухад бүү мэдүүл гэсэн үг.
Улстөрийн зүйр хэлц, метафор. “Дээлтэй төрсөн хүү нь би ажгуу, нүцгэн төрсөн хүү нь чи ажгуу” гэж Онг ханы хүү Сэнгүмд Чингис хаан 181-р зүйлд хэлсэнтэй ижил зүйл. “Дээлтэй төрсөн хүү нь” гэдгээр Онг хан, Тэмүжин хоёр 164-р зүйлд “эцэг хүү хэлэлдэх” нэрээр
“Олон дайсанд дайлбал хамт нэгнээ дайлъя,
Орой гөрөөсөнд авлавал нэгнээ хамт авлая” гэсэн гэрээг Чингис хан хэлж байгаа юм. Харин Д.Бум-Очир “Чингис хаан бол Онг ханы хүү нь мөөн! Дээлтэй төрдөг хүүхэд ч байдаг!” гэж зүтгээд байгаа юм. Учрал Хүрэлсүхийн хүү бишийг хүн бүр мэдэх шиг, Тэмүжин Онг ханы хүү бишийг хүн бүр мэдэх. Дээлтэй төрдөг хүүхэд ч гэж юу байх вэ. Гол, ус, Хэрлэн, Онон, Туулыг, тэдгээрийн тэргүүнийг хамгаалах санаа огтхон ч биш.
2) “Гурван мөрдийн тэргүүнээ хэн бээр бүү буулгагтун” гэдэг зарлиг биш. Архай Хасар, Сүгэгэй Жэгүн хоёроор Алтан, Хучар хоёрт бариулсан дуу буюу амаар дамжуулсан үг. Ханы хувьд Чингис хааны илгээсэн үг ч биш. Харин чаутхури (ca’ut-quri) Тэмүжиний дайлгасан үг. Албатдаа тушаасныг зарлиг гэх. Атаатан дайсан тушаал авдаггүй, атаатан дайсанд тушаал өгдөггүй юм.
Хэзээ, хаана, ямар нөхцөлд хэлэх болов? 1203 онд Хар Халзан Элээтэд (Qalaqaljit Elet) Хэрэйдийн Онг хан, Сэнгүм, Монголын Жамуха, Алтан, Хучар нарт Чингис хаан бут цохигдсон юм. Улсаа, газар нутгаа алдаж, 2,600-уулаа Халх гол руу “дайжин гарч морин унаатан, модон нөмөртөн” буюу орох оронгүй, оочих шааргүй болсон үедээ Түнгэ Горхиноос хэлүүлсэн юм.
Юуны тулд, ямар учир, Алтан, Хучар хоёрт хэлэв? Алтан, Хучар хоёрт хэлүүлсэн энэ үг тэдэнд илгээсэн үгсийн төгсгөлийн үг. Алтан, Хучар хоёрт илгээсэн үгс нь Онг Хан, Жамуха, Алтан, Хучар, Тоорил, Сэнгүм нарт яг энэ дарааллаар 177–181-р зүйлд Тэмүжиний хэлүүлсэн бүлэг үгсийн нэг хэсэг. Өөрийг нь бут цохиж улс, газар нутгийг нь булаан авсан дайснуудынхаа хооронд улсаа, газар нутгаа булаацалдах яс болгон хаяж, тэднийг өөр хооронд нь дайтуулахын тулд тэдгээр бүлэг үгсийг хэлүүлсэн байдаг.
Учир нь Тэмүжинийг хаанд өргөмжилсөн Алтан, Хучар хоёр урваж Жамуха, Тоорил нартай нийлэн Сэнгүмтэй “Өүлэн эхийн хөвүүний ахыг нь алж, дүүг нь тэвчиж өгсүгэй” гэж эвссэн юм.
Тэдний зорилго Тэмүжинээс Монголын ханлигийг авах байв. Алтан, Хучар хоёр хоёул Тэмүжинээс ахмад төдийгүй, ханы суурийг залгах эрэмбэ дээгүүр байсан юм. Мөн, Алтан, Хучар хоёртой эвлэж Тэмүжинийг ханд өргөмжилсөн Сача Бэхи, Тайчу хоёрыг Тэмүжин цаазалсан учир удахгүй өөрсдийнх нь ээлж ирнэ гэдгийг ч Алтан, Хучар нар мэдэж байсан юм.
Нөгөө талд, илт хүчирхэгжиж, өөрийг нь “юу бээр үл болгон, Хурчахус-Буйруг хан эцгийнх нь зовон хураасан улсыг” нь авах нь илт болсон Тэмүжинийг устгах нь Онг ханы хийх ёстой зүйл. Өөрийнхөө залгамжлах ёстой хан ширээгээ хамгаалах төдийгүй, Тэмүжинийг устгаж, улсыг нь ч булааж авъя гэх нь Сэнгүмийн боддог бодол.
Тийм ч учир Тэмүжиний албат асан Тоорил “Тэмүжиний улсыг авъя, улсаа автваас, улсгүй болбоос юу хийнэ тэд” гэж Сэнгүмд өгүүлдэг. Чухам эл учир Хар Халзан Элээтэд Тэмүжинийг бут цохисны дараа Хэрэйдийн Ачиг Ширүүн “Монголын олонх нь Жамуха лугаа, Алтан, Хучар лугаа бидэнд буй. Тэмүжин лүгээ дайжиж гарсан Монгол хаа одох. Тэд морин унаатан, модон нөмөртөн болов. Тэд эс ирвээс одож морины хомуул мэт хормойлж авчрамз бид” ч гэдэг.
Тэдний нийтийн дайсан нь Тэмүжин байсан бөгөөд тэд ч эвсэж Тэмүжинийг гэнэдүүлэн алах гэсэн авч Бадай, Хишилиг хоёр Тэмүжинд мэдэгдсэнээр Тэмүжин сэргийлэн байлдсан ч бут цохигдсон юм. Гэвч хоёр тал хоёул Тэмүжиний улс Монголын ханлигийг авах зорилготой байсан юм. Тиймээс тэдний хэрүүлийн гол алим Монголын ханлиг байв.
Чухам эл учир Алтан, Хучар хоёрт “Гурван мөрдийн тэргүүнээ хэн бээр бүү буулгагтун” буюу Монголын ханлигийн эрх мэдлийг Онг Хан, Сэнгүм, Жамухад бүү өг гэсэн юм. Чухам тийм ч учир Тоорилд чи миний улсыг “хэний улсад өгье гэж зусардан явнам.
Миний улсыг Алтан, Хучар хоёр хэнээр ч үл мэдүүлэх” гэж зэвүүцсэн юм. Тэмүжиний “гурван голын тэргүүн” нь Монголын ханлигийг мэдэх эрх мэдэл, хан суурь бөгөөд, улсынхаа нутгийн гал голомт болсон газар нутгаар зүйрлэж хэлсэн нь энэ юм.
Мөн Тэмүжин зөвхөн Алтан, Хучар хоёрт өөрийгөө чаутхури хэмээн нэрлэж, ханы сууриа тэдэнд шилжүүлж буйгаа ч илэрхийлсэн мэт байдаг. Гэхдээ эхлээд “Хучар чамайг Нэгүн тайшийн хүү гэж биднээс хан бол гэсэн” гээд, удаад нь, “Алтаныг чамайг Хотула хан лугаа хамт мэдэн явлаа. Эцэг юүгээн мэдэн агсаар [чи мэдэлцэж байсан юм чинь] чи хан бол гэсэн” гэж хэлүүлдэг.
Зүй нь Алтан Хотула ханы хүү, хан эцэгтэйгээ хамтран эрх барьж байснаараа Хучараас эрэмбэ өндөртэй ч, Тэмүжин а) Алтан, Хучар хоёрт дээрх үгийг хэлснээрээ ч, б) Хучарыг хан бол гэсэн гэж эхэлж өгүүлснээрээ ч түүнийг Алтаны эсрэг тавих гэсэн мэт байдаг.
Тэмүжиний сэтгэл зүйн дайн нөлөөлсөн эсэхийг магадлах боломжгүй ч удалгүй Хэрэйд Монголыг дайлж, Алтан, Хучар, Жамуха нар Найманд зугтаж, Онг Хан Монголын ханлигийг авсан байдаг.
Авснаа тэмдэглэж Алтан тэрэм босгоод найрлаж байхад нь Тэмүжин шөнө гэнэдүүлэн дайрч Хэрэйдийн хан ширээг булаан авсан юм. Харин Монголын Нууц Товчоо энэ бүхнийг тоочин бичсэнээрээ Тэмүжиний сэтгэл зүйн дайн үр дүнтэй болсон гэж өгүүлж байгаа бөгөөд бидэнд үүнийг худал гэж няцаах өөр баримт одоогоор алга.
УЧИР НЬ:
Д.Бум-Очир энэ үеийг судалдаггүй учир миний энэ ажлыг үзээгүй байж болно. Гэвч Монголын Нууц Товчоог бүрэн уншсан гэж итгэж байна. Хэсэг хугацааны өмнө Монголын Нууц Товчооны албан ёсны орчуулга гэгчийг У.Хүрэлсүхийн санаачилгаар хийсэн гэдэг зүйлд оролцоод явж байхыг нь мэдээгээр харсан санагдаж байна.
Монголын эрдэмтэд, олон нийт миний ажлыг олж хараагүй байж болно (Зүй нь, Монголын мөн үеийн түүхээр судалгаа хийдэг түүхчид уншсан байх ёстой.). Гэвч Монголын Нууц Товчоог уншсан Д.Бум-Очир ч, Г.Мөнх-Эрдэнэ ч, түүхч хэнбугай ч миний хэлснийг өөрсдөө олоод харчихуйц зүйл. Үнэндээ, “Гурван мөрдийн тэргүүнээ хэн бээр бүү буулгагтун”-ний утга санааг ойлгоход айхтар эрдэм ч хэрэггүй.
Болбол Монголын Нууц Товчоог бүхэлд нь, ядвал 164–181-р зүйлийг уншихад хангалттай. Ц.Дамдинсүрэнгийн хөрвүүлгээр ч, “Гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуултугай” гэж уншсан ч ойлгож ядах зүйл үнэндээ үгүй. Тиймээс Д.Бум-Очирыг өөрийн оюун ухаан, эрдэм чадал, итгэл үнэмшлээр энэ мэдэгдлийг хийсэн гэж итгэх хүн ховор байх.
Хүчинд автаж, хөөрөлд орж, хүний даалгавар биелүүлж үлгэр зохиоход хүрсэн гэвэл үнэнд нийцэх болов уу. Тиймээс “Гурван мөрний эхэнд хэнийг ч бүү буулга” гэдгийг гол, ус хамгаалах уриа, лоозон болгон тарааж байгаа бүхэн нэгэн адилаар үнэнийг баллаж, өрөөлийг ч, өөрсдийгөө ч хууран мэхлэж, ховсдож (hypnosis), хөөрөлд автуулж, ширэнгийн сүрэг болгох гэж оролдож буй хэрэг.
Бурханчлан тахин шүтээд буй Чингис хааныгаа ч, Монголын Нууц Товчоогоо ч гутаан доромжилж, ялааны алуур, гахайны шилбүүр болгож буйтай адил зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хэрвээ “Гурван мөрдийн тэргүүнээ хэн бээр бүү буулгагтун” гэдэг үгнээс ямар нэг түүхэн сургамж гаргах ёстой бол тэр нь аливаа хүн, аливаа этгээд, түүний дотор төрийн байгууллага, албан хаагч, төр улс ч тэр дор бүрнээ өөр өөрийн эрх, үүрэг, эрх мэдэлдээ эзэн суух ёстой юм байна, хөндлөнгийн этгээдэд, хэнд ч, юунд ч өөрийн хэргийн эрхээ үл мэдүүлэх ёстой юм байна гэсэн зүйл л байж болох.
Энэ нь үндсэндээ эзэн эрхийн зарчим. Энэ нь мөн хөндлөнгийн аливаа этгээд бусдын эрх, эрх мэдэл, хэрэгт халдах ёсгүй л гэсэн үг.
Тиймээс Их Хурлын гишүүн Д.Бум-Очир Их Хурлынхаа эрх мэдлийг хамгаалах ёстой гэсэн үг. Их Хурлын эд, эс байж Их Хурлыг нь устгах гэсэн хөндлөнгийн этгээдэд хүчин зүтгэх нь эд, эс бус нян, вирус болохтой адил зүйл. Учрыг үл мэдэх бол Парламентын эзэн эрхт ёс ба парламентын халдашгүй дархан байдал (https://gogo.mn/r/ml0n5x) нийтлэлийг хараарай.
Мөн улсын хурлын төлөөлөгч байж Улаанбаатарын хурлын хэрэгт хутгалдах ёсгүй л гэсэн үг. Улаанбаатарын хурлын хэрэгт хутгалдах Улсын хурлын төлөөлөгч хэн ч нян, вирус гэсэн л үг. Харин үнэнийг юуны ч, хэний ч өмнө, эрх мэдлийн ч, эрдэмтэн багшийн ч, элгэн садны ч, эрхэм нөхдийн ч өмнө хэлэх нь эрдэмтэн, судлаачийн ёс.
ЗҮЙЛ ХОЁР
“Өнөөдрийн бидэнд, үе үеийн Монголчуудад Чингис хааны сургаал, зарлиг захиас гэдэг бол өнөөдөр ч үйлчлэх учиртай ийм үзэл санаа байгаа юм” гэх мэдэгдэл.
Үндсэн Хуулийнхаа 1.1-д “Монгол улс бол … Бүгд найрамдах улс”, 1.2-т “ардчилсан ёс … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим”, 3.1-т “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, 3.2-т “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно”, 20-д “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн хуульчилсан улс орны парламентын гишүүн, хууль тогтоогч хааны сургаал, зарлиг, захиас өнөөдөр ч үйлчлэх учиртай хэмээн олон нийтэд номлох.
Д.Бум-Очирын номлол монархизм буюу хаант засгийг дэмжих суртлын хэсэг, хэлбэр, харин Үндсэн хууль дээрх бүх заалтаараа хаант засгийг илт хориглон хуульчилсан. Нэг хүний буюу хааны засаглалыг, аливаа хэлбэрээр номлох суртлыг монархизм гэх бөгөөд хааны зарлиг, сургаал, захиасыг хүчин төгөлдөр үйлчлэх ёстой гэх нь монархизмын илрэл, хэлбэр төдийгүй абсолют монархизм буюу хэмжээгүй эрхт хаант засаглалын номлол, ингэж номлогч нээлттэй монархист.
Яг үүн шиг нэг хүнийг буюу хааныг тахин шүтэх (Cult of Personality), бурханчлах (deification, apotheosis) нь монархизмын хурц хэлбэр. “Бидний агуу шүтээн бол эзэн Чингис хаан, бидний оройн дээд шүтээн, бол эзэн хаан, Чингис хаан.
Бид эзэн Чингис хаанаа бурхан шиг л шүтэх ёстой, Монголын ард түмэн”, “Цагаан сарын шинийн нэгний бэлгэт сайн өдөр Их хаандаа сүслэн мөргөж, хүндэтгэл үзүүлдэг байх учиртай” гэх У.Хүрэлсүх нүцгэн монархист, монархист дотроо түүний хамгийн хурц хэлбэр болох бурханлаг эрхийн абсолютист (Divine Right absolutist), үзэл номлол нь бурханлаг эрхийн абсолютизм (Divine Right absolutism).
“Хаадын хаан Их эзэн Чингис хааны сүр сүлдийг оршоосон Алтан хөшөө, Их шүтээн цагаан туг, Төрийн хасбуу тамгыг Их хааны өргөөнд дээдлэн залах ёслол” гэгчийг үйлдэж “монголчууд бидний эрхэм дээд шүтээн Их эзэн Чингис хааны алтан биеийг бүтээж, Их шүтээн цагаан туг, Төрийн хасбуу тамгын хамт хүндэтгэн залсан Их хааны өргөөг ийнхүү ёслол төгөлдөр нээх түүхэн үйл хэрэг тохиож байна” гэх Ерөнхийлөгч нүцгэн монархист, бурханлаг эрхийн абсолютист.
Хааны хөргийг эрхэмлэн дээдэлж Төрийн ордон, төрийн бүх байгууллага, дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагад “залахыг” “зарлигдах”, “хүн, айл өрх бүр” хааны “хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг, “хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж , … үр хойчдоо өвлүүлэхийг уриалах” этгээд нүцгэн монархист, нүцгэн абсолютист, нүцгэн бурханлаг монархист. Үйлдлүүд нь хэрэг дээрээ бүгд найрамдах улс, бүгд найрамдах байгуулал, бүгд найрамдах ёсыг улаан цаймаар халж, монархист ёс тогтоосон хэрэг.
Хааны нэртэй одон, медаль, мөнгө, зоох бий болгох, хааны нэрээр нэрлэж, хаад язгууртнуудад зориулсан музей байгуулах нь бүгд найрамдах ёсонд харш, төдийгүй монархист ёсыг нүцгэнээр магтан дуулж, суртчилж, хэрэг дээрээ Үндсэн хуулийн хууль, бүгд найрамдах байгууллын гадуур монархист байгуулал, монархист ёс тогтоосон хэрэг. Энэ бүхэн бүгд найрамдах ёсонд харш, тиймээс ч бүгд найрамдах улс хориглодог зүйл.
Үнэндээ 1990-ээд оноос эхэлсэн Чингисийг шүтэх чингисманиа хоёр нүүртэй байсан бөгөөд ард нийт Чингисийг эрх баригчдаа сахилгажуулах, хазаарлах хэрэгсэл болгох гэж оролдсон бол эрх баригчид, ялангуяа, Ерөнхийлөгчийн алба хашигчид Чингисийг үргэлж эрх мэдлээ нэмэгдүүлэх, эрх мэдэл булаан авах хэрэгсэл болгон хэрэглэсээр ирсэн (Энэ талаар миний хэвлүүлсэн 2008 онд хэвлүүлсэн “Selling Good Father’s Name: Legitimacy, Pride and Commodity (Commemoration of Chinggis Khan in Modern Mongolia)” өгүүллийг үзэж болно). Чингисийг энэ зорилгод хамгийн их дайчилсан этгээд У.Хүрэлсүх бөгөөд дээрх элдэв монархист ёс, заншил, зуршлаар хэрэг дээрээ Монголын бүгд найрамдах улсыг “соёлын” хувьд хөнөөж байгаа этгээд.
УЧИР НЬ:
Европт 17-р зуунаас эхлээд 19-р зуун гэхэд монархист байгуулал, ёсыг бидний хөрөнгөтний гэж нэрэлдэг хувьсгалууд устгаж, цаазлан хориглосон юм. Үлдсэн хэдэн монарх нь билэгдэлийн (symbolic) шинжтэй, ёслолын (ceremonial) үүрэгтэй. Монгол улс монарх байгуулал, ёсыг 100 гаран жилийн өмнө халан устгаж, Үндсэн хуулиар засаглах ёсыг төдийгүй, бүгд найрамдах улс байгуулсан.
Тиймээс ч хаант засгийн харгис, бурангуй ёсыг халсны яруу алдарт түүхэн ой гэж жил бүр бахдан баярлан тэмдэглэдэг. МАН өөрийгөө гавьяатан нь гэж гайхуулан, магтан дуулдаг. Хэрэг дээрээ эзэн нь улаантны Зөвлөлт засаг.
Бүгд найрамдах улсын ёсоор ч “Монголын ард түмэн бид” 1992 онд Үндсэн хууль шинээр батлан тунхагласан. Үндсэн хууль ёсоор Ерөнхийлөгч зөвхөн “төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч” буюу цэвэр билэгдэлийн шинжтэй, ёслолын алба.
Чухам төрийн тэргүүн учир, чухам ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч учир Монгол улсын Ерөнхийлөгч нь Англи, Бельги, Дани, Голланд, Испани, Норвеги, Швед, Японы хаадын нэгэн адил, эсвэл Герман, Итали, Австри, Финланд, Португали, Ирланд, Исланд, Чех, Тайваны ерөнхийлөгч нарын нэгэн адил Монгол улсад орших цорын ганц улстөрийн бус этгээд, улстөрийн “тайган” байх ёстой юм.
Чухам төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийн илэрхийлэл учир Европын бүх хаад, тэдний гэр бүлийн гишүүд улстөрийн үг өгүүлбэр амнаасаа үл унагах, улстөрийн намд үл оролцох, улстөрийн сонгуульд үл оролцох, санал үл өгөх. Тухайлбал, Англи, Бельги, Голланд, Испанийн хаад болон хааны гэр бүлийн гишүүд бүгд ингэдэг уламжлалтай.
Дани, Норвеги, Шведийн хаад, тэдний гэр бүлийн гишүүд бүгд ийм төдийгүй хуулиар хориглосон байх. Японы эзэн хаан ба түүний гэр бүл мөн ийм. Тэд бүгд төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийн илэрхийлэл, чухам тийм учир тэд бүгд улстөрийн бус.
Чухам энэ ёсноос уламжлан парламентын засаглалтай орны ерөнхийлөгч нар, хэнээс сонгогдсоноосоо үл хамааран, бүгд улс төрийн бус. Тэд нам бус, улстөрийн мэдэгдэл үл хийх, улстөрийн үйл ажиллагаа үл явуулах, сонгуулийн үйл ажиллагаа, сонгуулийн суртчилгаанд үл оролцох. Чухам улстөрийн бус учир Монголын нэг адил ард түмнээс сонгогдог Австри, Португали, Финланд, Чех, Ирланд, Исланд, Тайваны ерөнхийлөгч нар улстөрийн бус, нам бус, улстөрийн үйл ажиллагаа үл явуулах. Чухам энэ учир ч Монгол улсын Ерөнхийлөгч нам бус. Тэд бүгд тухай улстөрийн “тайган”, тэдний ижил Монгол улсын Ерөнхийлөгч мөн улстөрийн “тайган”.
ҮНЭН НЬ:
Чухам төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч учир Үндсэн хууль Ерөнхийлөгчид билэгдлийн болон ёслолын бүрэн эрх л олгосон. Тэдгээрийг Үндсэн Хуулийн 33-р зүйлд нэг бүрчлэн тоочсон. Монголын Үндсэн хууль боловсронгуй биш. Засаж залруулах зүйл олон бий. Зүй нь улс төрийн бус этгээд хууль санаачлах ёсгүй. Тиймээс Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид хууль санаачлах эрх олгосон нь алдаа.
Гэвч Үндсэн хуулийн 26.1 уг “эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэсэн бол 33.4 “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж хуульчилсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Ерөнхийлөгчийн бүрэн эрх зөвхөн 33-р зүйлд тоочсон бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, тодорхой бүрэн эрхийг олгох болбол мөн зөвхөн 33-р зүйд тоочсон бүрэн эрхийн хүрээнд л УИХ хууль гарган өгч болно гэсэн үг.
Тиймээс Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаар зөвхөн 33-р зүйлээр олгосон бүрэн эрхийн хэмжээнд гэсэн үг. Чухам энэ учир З.Энхболд гишүүдийг татах хууль өргөн барьснаараа л У.Хүрэлсүх Үндсэн хууль зөрчиж, огцрох нөхцөлөө хангасан гэж мэдэгдсэн юм.
33-р зүйлд тоочсон улс төрийн шинжтэй цорын ганц бүрэн эрх нь хориг тавих. Бусад бүрэн эрх нь бүгд билэгдэлийн болон ёслолын шинжтэй. Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах, Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах, бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах; Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх зэрэг нь билэгдлийн шинжтэй бүрэн эрх.
Эдгээр асуудлаар эцсийн шийдвэр гаргах бүрэн эрх нь УИХ д хадгалагдахын дээр, Ерөнхий сайд ч Ерөнхийлөгчийн эдгээр бүрэн эрхийг блоклох эрх мэдэлтэй. Тиймээс эдгээр нь билэгдлийн бүрэн эрх. Жуух, цол, одон медаль, уучлал, зэвсэгт хүчний командлагч зэрэг нь цэвэр ёслолын үүрэг.
33.3-т заасан “Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргах” гэдгийг зүй нь шинэ жил, цагаан сар, наадам баяр ёслолын мэндчилгээ гэж ойлгох ёстой. Улстөрийн мэдэгдэл байх ёстүй. Мөн “чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно” гэсний “чуулганд өөрийн тааллаар оролцох, санал оруулах” байх ёсгүй зүйл.
Европын болон Японы хаад, парламентын засаглалтай улсын ерөнхийлөгч нар улстөр бус учир, мөн АНУ-ын Ерөнхийлөгч эрх мэдлийг салгах зарчмын учир парламентын чуулганд оролцох ёсгүй.
Улс төрийн бус хаад, ерөнхийлөгч нар ард түмэн санал оруулах ёсгүй. Тэд ёслолын үеээр, улстөрийн бус үг хэлдэг. АНУ-ын Ерөнхийлөгчийн конгрессийн чуулганд жилд нэг удаа хийдэг холбооны байдлын (State of Union) тухай үг нь мэдээллийн чанартай юм.
Монгол улсын Ерөнхийлөгчийн бие даан хэрэгжүүлэх улстөрийн цорын ганц бүрэн эрх нь хориг тавих. Бусад бүх бүрэн эрх УИХ, Ерөнхий сайдын бүрэн эрхэд орших. УИХ санал нийлэхгүй, дэмжихгүй, зөвшөөрөхгүй бол Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй, Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргасан ч Ерөнхий сайд гарын үсэг зурахгүй бол зарлиг нь хүчингүй. Онц болон дайны байдал зарлах нь зөвхөн Үндсэн хуулийн 25.2, 25.3-т заасан нөхцөлд, УИХ-ын чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд хэрэгжүүлэх эрх. УИХ 7 хоногийн дотор хүчингүй болгох, эсвэл УИХ шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.
33.1.3 ёсоор Ерөнхийлөгч “өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.” Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ч Ерөнхий сайдын зөвшөөрөл, дэмжлэгийг авах ёстой.
Ерөнхий сайд гарын үсэг зурахгүй бол Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд зарлиг гаргасан ч хүчин төгөлдөр биш. Хэрэг дээрээ, хориг тавихаас бусад бүх бүрэн эрх нь зөвхөн Ерөнхий сайдын гарын үсгээр л хүчин төгөлдөр болох хуультай. Ерөнхий сайд гарын үсэг зурахгүй бол онц байдал зарлах, дайчилгаа явуулах эрхгүй гэсэн үг.
Улмаар Ерөнхийлөгчийн зарлигт Ерөнхий сайд гарын үсэг зурсан ч, хуульд нийцээгүй бол Үндсэн Хуулийн 34.2-т зааснаар УИХ хүчингүй болгоно.
Ерөнхийлөгчийн бүрэн эрх УИХ ба Ерөнхий сайдын зөвшөөрөл, дэмжлэг дор орших төдийгүй 35.1-ийн дагуу “Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна”, 35.2-ын дагуу “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулна”.
Мөн Үндсэн хуулийн 25.5-ын дагуу УИХ “Ерөнхийлөгчийг сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах, чөлөөлөх, огцруулах” бүрэн эрхтэй. 25.5-ын чөлөөлөх, огцруулах бүрэн эрхийг 35.2 болон 37.2-ын “Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ” гэсэн заалтуудтай холбосон үг, өгүүлбэр Үндсэн хуульд байхгүй. Мөн 35.1-ийн “Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна” гэсэн заалтаар УИХ Ерөнхийлөгчийг бүрэн эрхээ хангалтгүй хэрэгжүүлж байна, хариуцлагагүй байна гэж үзвэл чөлөөлөх, огцруулах эсэх нь тодорхойгүй.
Үндсэн хууль ёсоор УИХ ба УИХ-ын гишүүдийн ёс зүй, сахилга бат, хариуцлага, Монголын төрийг цэвэрлэх, засах асуудал Ерөнхийлөгчид огт холбогдолгүй. Үндсэн хууль эдгээр асуудлаар Ерөнхийлөгчид ямар ч бүрэн эрх олгоогүй. Угаас олгох ёсгүй. Мөн Үндсэн хууль УИХ, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, төрийн албан хаагч, ер нь хэн нэгэн иргэнийг загнах, зандрах, сүрдүүлэх эрх олгоогүй.
Ер нь ийм эрхийг Үндсэн хууль ч, бусад хууль ч хэнд ч, юунд ч олгоогүй, олгох ёсгүй. Харин эсрэгээр Үндсэн хуулийн Хүний эрх, эрх чөлөөний бүлэг эдгээр үйлдлийг бүгдийг нь Үндсэн хууль бус, хууль бус болгосон. Тиймээс эдгээр нь бүгд хуульгүй (lawless) үйлдэл.
УИХ-д, УИХ-ын гишүүдэд ёс зүй, сахилга, хариуцлага тооцох, төрийг цэвэрлэх, засах эрх нь төрийн эзэн ард түмэнд, сонгогчдод байдаг юм. Хариуцлага тооцох, цэвэрлэх, засах ёс, механизмыг нь сонгууль гэдэг юм. Сонгууль нь Үндсэн хуультай, хуультай юм.
Хэн нэгний загнаж, зандарч, сүрдүүлснээр хууль баталдаг хууль тогтоогч, төрийн эрх баригч гэж хорвоод үгүй. Байх ёсгүй төдийгүй байх боломжгүй зүйл. Хууль тогтоох үзэл санаа, хууль тогтоогчийн орших утга учирт харш, эсрэг.
Ийм үйлдэл нь хууль тогтоогчийн, төрийн эрх баригчийн эзэн эрх, бүрэн эрхэнд балмадаар халдсан халдлага. Энэ эзэн эрх, бүрэн эрхийг ард түмэн зөвхөн УИХ-д шилжүүлсэн, шилжүүлдэг юм. Үүнийг парламентын эзэн эрхт ёс гэдэг юм. Төрийн тэргүүн гэгч парламентын дор, парламентын тогтоосон хуулийн дор оршдог алба.
Үндсэн хууль ёсоор Ерөнхийлөгч ямар нэг асуудлыг ард түмнээр хэлэлцүүлэх эрх байхгүй, байх ёсгүй. Эрх нь зөвхөн УИХ-д байдаг юм. Үндсэн хууль ёсоор Ерөнхийлөгч Монголын иргэдийг төлөөлөх, тэдний өмнөөс улстөрийн мэдэгдэл хийх эрх байхгүй, байх ч ёсгүй. Эрх нь УИХ-д, УИХ-ын гишүүдэд байдаг юм.
Улс төрийн мэдэгдэл мөн чанараараа ард түмний эв нэгдэлд харш, түүний эсрэг бөгөөд төрийн тэргүүнийг шууд улстөрийн нэг тал болгон хувиргаж, ард түмний эв нэгдлийг хагалж, төрийн тэргүүнийг төрийн тэргүүн бус улстөрийн нэг талын этгээд болгох.
Тиймээс, “Монгол улсад Монголын 3.5 сая иргэнээ төлөөлдөг ганц субъект байдаг, энэ бол Монгол улсын Ерөнхийлөгч!”, “Монголын 3.5 сая иргэнийг төлөөлж ярих эрх ганцхан төрийн тэргүүнд оршдог юм!”, “Төрийн тэргүүн нийт ард түмнийхээ үзэл санааг илэрхийлэх, дотоод, гадаад илэрхийлэх эрх нь Үндсэн Хуулиар олгогдсон байдаг юм!”, “Төрийн тэргүүний хуулийг парламент батлах ёстой!”, “Төрийн тэргүүн энэ хуулийг хэзээ батлах хүртэл нь энэ хуулийг өргөн барьж ажиллана. Ард түмнээрээ хэлэлцүүлнэ.
Олон аргууд байгаа … Нэгийг бодож хоёрыг тунгаагаарай! Энэ бол тоглоом биш шүү! Ард түмний хүсэмжлэл гэдэг бол тоглоом биш шүү! Энийг би бас хариуцлагатайгаар хэлье!” “Төрийн эрх барих дээд байгууллага УИХ бол бас төрийн тэргүүн гэж албан тушаал байдаг юм шүү дээ” гэсэн мэдэгдлүүд бүгд хуульгүй, хуулийн гадуур үйлдэл.
Хуульгүй эрх мэдэл хэрэгжүүлэхийг дарангуйлал, тиран (tyranny), хуулийн гадуур эрх мэдэл хэрэгжүүлэхийг оролдогчийг дарангуйлагч, тирант (tyrant) гэдэг юм.
“Хаадын хаан” гээд байгаа Чингис хаан ч хуульгүй тирант байгаагүй харин ч хэмжээт эрхт буюу үндсэн хуулийн монарх байсан юм. Их засаг хэмээх хуулийн тухай ярьдаг, бичдэгийг бүгд мэдэх. Энэ асуудлаар "The Mongol Empire, In Accordance with the Great Törö, 1200–1783" гэсэн өгүүлэл маань The Cambridge History of International Law-гийн 2-р ботид мөдхөн хэвлэгдэх болно.
Тиран, тирант нь “Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхагласан” “Монголын ард түмэн бидэнд” ч, “Монголын ард түмэн бидний” Үндсэн Хуулиараа байгуулсан бүгд найрамдах улсад ч, ардчилсан дэглэмд ч, парламентын засаглалд ч, бидний төдийгүй хүний эрх, эрх чөлөөнд ч харш, язгуурын дайсан (archenemy), өшит дайсан (nemesis) нь. Тиймээс Д.Бум-Очир, Г.Мөнх-Эрдэнэ хоёрыг өөрсдийн итгэл үнэмшлээр эрх, эрх чөлөөнийхөө эсрэг ийм суртал номлоод явна гэж огтхон ч итгэхгүй байна. Та бүхэн тунгаана уу!