Монгол эр хүн, монгол адууны тэсвэр хатуужил, туулах чадварыг сорих, эх орон, түүх, соёлоороо бахархан хайрлахын үлгэр дууриалал болсон “Морьтон Монгол” аяллын залуус өнөөдөр МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийв.
МУБИС-ийн Газар зүй, аялал жуулчлалын гуравдугаар ангийн оюутнууд болох М.Батчулуун, Ц.Даваахүү, Н.Ганзориг, гэрэл зурагчин Ч.Ганболд, ETV-ийн зураглаач Д.Нацагдоо нар “Морьтон Монгол” төслийн хүрээнд мориор эх орноо бүтэн тойрон аялахдаа улсынхаа хил дагуу шинэ маршрут нээх, эх нутаг, өв соёлоороо бахархах сэтгэлгээг түгээн төлөвшүүлэх, морин аяллыг сурталчлах, зарим үзмэрийг хаягжуулах, морийг эдэлж хэрэглэх уламжлалт ухааныг таниулах зорилгоо амжилттай биелүүллээ.
Тэдний аялал 2014 оны 5 дугаар сарын 09-нд Өмнөговь аймгийн Овоотын отрядаас эхэлж 188 хоног үргэлжлэв. Морьтон залуусын аяллыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Ганбатын санаачлагаар “Морьтон залуу” ТББ байгуулж, “Морьтон Монгол” төслийг хэрэгжүүлэхэд УИХ-ын гишүүн, МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга санхүүгийн дэмжлэг үзүүлснээр энэхүү аялал гарааг эхэлжээ. Мөн монгол туургатны “Гайхамшигт Монгол морь” спортын холбоо, Монголын оюутны холбоо зэрэг байгууллага дэмжин ажиллав. Морьтон залуус 10394 км газрыг туулахдаа 15 аймгийн 89 сумаар зорчин өнгөрч, 88 морь сэлгэн унасан байна. Харин энэ 88 морьдоос “Монгол буурал” хэмээх морь нь залуусын хамт Монгол орноо бүтэн тойрч, эх нутгаа хүлгийн туурайгаараа тамгалсан амжилт тогтоожээ.
Энэхүү хэвлэлийн бага хурал дээр аялагч морьтон залуус, бидний аяллын турш тусалж дэмжсэн ХХЕГ-ын харъяа анги нэгтгэлүүд, хилчид, орон нутгийн зон олон, удирдагчид, уяачид, малчдад чин сэтгэлийн талархал илэрхийлж байгаагаа онцлон хэлсэн юм.
Аялагч таван залуугийн нэг М.Батчулуун “Бидний очсон газар бүрт нутгийн зон олон маш хүндэтгэлтэй хүлээн авч байлаа. Зарим нь бүр бидэнд зориулж дуу хуур, урлагийн тоглолт сонирхуулсан. Өргөн уудам, үзэсгэлэнт эх орныхоо нутгаар мориор аялах хугацаанд нэг хоёр хоног зөвхөн ус уугаад явах ч үе тохиож байлаа. Аяллын урт замд бидний үзэж харсан зүйлийг энд тоочоод баршгүй дээ. Түүх, өв соёлын дурсгалт газруудаас эхлээд нутаг нутгийн ардын зан заншил, урлаг соёлын гайхамшгийг нүдээр үзэж гайхаж, биширч, бахархаж, омогшиж байлаа” хэмээн ярьсан юм.
“Монгол Морьтон” залуус энэхүү түүхт аяллынхаа тухай хүүхэд залууст төдийгүй дотоод, гадаадынханд зориулсан нэн сонирхолтой баримтат кино, гэрэл зураг бүхий ном гаргахаар төлөвлөсөн байна.
Д.Өлзий