-Хэл анхдагч, бичиг хоёрдогч л байдаг юм сан-
Бичиг үсгийн тухай асуудал гэдэг хэдийбээр дэлхий дахинаа маш энгийн зүйл боловч зарим тохиолд, ялангуяа Монголд маш эмзэг, хөндүүр сэдэв болчихоод байгаа нь хэд хэдэн учир шалтгаантай мэт. Энэ талаар би өмнө нь цөөнгүй удаа бичиж байсан авч энд бас л зарим тайлбар хийх шаардлагатай болчихоод байна.
Энд юун түрүүн марксистуудын үздэгээр ахуй анхдагч, ухамсар хоёрдогч гэдэг шигээр хэл анхдагч, бичиг үсэг гэдэг хоёрдогч асуудал болой. Өөрөөр хэлбэл хэл анх бий болоод түүнийгээ тэмдэглэх бичиг үсэг зохиож гаргадаг нь хоёрдогч асуудал юм. Үүнтэй маргах аргагүй биз ээ гэж бодном. Түүнээс биш эхлээд бичиг үсгээ зохиож гаргачихаад тэр бичиг үсэгтээ тохирсон хэлийг гаргадаггүй байх. Иймээс л бичиг үсэг бол хоёрдогч, шалихгүй жижигхэн асуудал бүлгээ. Үүний тодорхой жишээ бол монголчууд хятад, самгарьд, төвд үсэг хэрэглэж байсан гэцгээдэг. Тэгээд уйгуржин, дөрвөлжин, хэвтээ дөрвөлжин, тод, вагиндра, латин, кирилл үсэг бичгийг хэрэглэж байсныг бүгд хүлээн зөвшөөрдөг.
Үүн дээр нэмж өгүүлэхэд хэлэнд болоод үсэг бичигт ангийн чанаргүй гэдэг үзэл байдгийг бид нийтийн жишгээр дагах л хэрэгтэй баймаар. Энэ асуудлаар 1950-иад оны үед ЗХУ-д өргөн маргаан дэгдэж И.Сталин “хэлний шинжлэлтэн” болж “Хэлний шинжлэлд марксизмын холбогдох нь” товхимол хэвлүүлж эрдэмтэн Я.Маррын хэл ангийн чанартай гэсэн онолыг шүүмжилсэн нь зөв л байсан билээ.
“УЙГУРЖИН БИЧИГ”-ИЙН ТАЛААР ХЭДЭН ҮГ
Энэ бичгийг манайхан өнөөдрийг хүртэл уйгуржин бичиг, уйгуржин-монгол бичиг, худам монгол бичиг, монгол бичиг, хуучин бичиг гэх мэтчилэнгээр янз янзаар нэрлэж ирсэн бөгөөд хуучин цагийн төгсгөлөөр төрийн толгойд гарч, шинэ цагийн эхэн үед ч суудалтайгаа зууралдсаар төрийн толгойд долоон жил заларсан Пунсалмаагийн Очирбат “ Монгол бичиг” хэмээн нэрлэж байх зарлиг гаргасан боловч, өнөөдөр ч түүнийг нь дагахгүй янз янзаар нэрлэсээр л байна. Гэхдээ арай илүү оновчтой нэр байж болмоор нэг хувилбар бий. Энэ бол “уйгур-монголжин бичиг” гэж болно. Уйгурууд Согдоос авч өөрийн бичиг үсэгтэй болсон. Бид Уйгураас тэр бичгийг нь зээлдэн авч бичигтэй болсон боловч энэхүү уйгур бичгийг хятадууд ч монгол бичиг гэж үздэггүй байсан.
Хятадын хэд хэдэн баримт бичигт монголчууд өөрийн гэсэн бичиг үсэггүй учир гоачиний \уйгурын\ бичгийг зээлдэн авч хэрэглэсэн гэдгийн манай “Монгол бичгийн талыхан” мэддэг л биз. Гэвч мэддэггүй дүр эсгэдэг нь уламжилсаар л баймуй. Хубилай хаан ч уйгур бичгийг монгол бичиг гэж үздэггүй байсан бөгөөд эзэнт гүрнийхээ нийтийн бичиг хэмээн дөрвөлжин бичгийг зохиолгосон боловч юуны түрүүнд монгол үгийг бичихэд зориулсан байдаг. Тэгээд ч монгол үгээ өөрийн үсгээр бичнэ гээд дөрвөлжин үсгийг зохиолгосон баримтыг Орос үсэг гэгчийг үзэн яддаг Г.Буянтогтох хүртэл хүлээн зөвшөөр ч өөрийн өгүүлэлдээ дурдсан нь бий.
Иймээс кирилл үсэгт дургүйгээ илэрхийлэн “орос үсэг”, “кирил үсэг”, “крилл үсэг” гэхчлэн нэрлэдгээ больж “кирилл-монголжин бичиг” гэж нэрлэвэл цаад утгаа илүү үнэн илэрхийлэх юм биш Хүн төрөлхөтний түүхэнд анхны бичиг үсгийг хоёр мөрөн буюу Тигр Евфрат мөрний хөндийд суудаг байсан шүүмэрүүд \Манай зарим , элдвийг сонирхогчид Сүмэр гэхчлэнгээр нэрлэдэг болсон төдийгүй Шүүмэрүүд бол Монголоос нүүж очсон монгол цусны улс гэж бичдэг болсон байна лээ\. анхны шаантаг үсгийг нойтон шавар дээр “зурчихаад” түүнийгээ шатааж олон мянган хуудас ном бүтээж байсан нь өнөө үед ч хүрч ирсэн бий.
Харин Христээс хоёр мянган жилийн өмнө Финик хэмээх худалдаа эрхэлдэг улс анх 22 дүрс бүхий авианы үсэг зохиож гаргасан нь анхны авианы үсгийн цагаан толгой болж, финикийн энэ үсэг зүг зүгтээ худалдаачдаар дамжин тархсан бөгөөд грекүүд уг үсгийг авч, тэндээс зүүн хойш тархаж славян \Слав\ үндэстнүүд бичиг үсэгтэй болсон бол грекээс баруун тийш тархаж Ромын эзэнт улс хуучин грек цагаан толгойг авч улмаар латин үсгийг бий богосон нь өнөөдөр дэлхийн зуу гаруй улсад хэрэглэгдсээр байна. Финикийн авианы үсэг зүүн тийш Сирид хүрч Сириэс Согдууд, Согдоос Уйгурууд, Уйгураас Монголчууд, Монголоос Манж нар авч бичиг үсэгтэй болсон гэдэг юм билээ.
Харин монголчууд уйгураас хэдий үед авсан нь тодорхойгүй. Зарим хүмүүс Х зууны үед Согдоос Уйгуртай нэгэн зэрэг авч хэрэглэсэн гэж үздэг боллоо. Гэвч миний бодоход бид Уйгуртай нэгэн зэрэг Согдоос аваагүй, харин Уйгураас авсан бололтой гэж үздэг Яагаад гэвэл бид өнөөдөр ч уйгуржин үсэг хэмээн нэрлэсээр байгаа нь үүний баталгаа юм. Хэрэв Согдоос Уйгуртай нэгэн зэрэг авсан юм бол “Уйгуржин бичиг” гэсэн нэрийг хэрэглэх биш , “Согд бичиг” гэж нэрлэх байсан биз ээ. Даанч одоо болтол бидний нэрлэдэг уйгуржин бичгийг согд бичиг гэж нэрлэсэнтэй тааралдалгүй явсаар өдий хүрлээ дээ.
Бас нэг зүйл гэвэл уйгур-монголжин бичгийг хэдийгээр уйгураас авсан боловч бид хөгжүүлэн үндэсний бичиг болгосон юм хэмээлдэг хэдэн хүн бий. Латин үсгийг өөрийн хэлэндээ зохицуулан хэрэглэж буй дэлхийн зуу гаруй улс “бид латин үсгийг өөрийн хэлэндээ тохируулан авсан учир латин үсэг бол манай үндэсний бичиг үсэг” гэж хэзээ ч маргаан дэгдээж байгаагүй. Гэтэл монголчууд бид л уйгураас авч хөгжүүлсэн бичгийг “манай үндэсний бичиг” хэмээн хөөрцөглөдөг нь инээдэмтэй ч юм. Эмгэнэлтэй ч юм даа.
МОНГОЛЧУУД “УЙГУР-МОНГОЛЖИН БИЧИГ”-ИЙГ ХАЛСАН ТҮҮХЭЭС
Монголчууд уйгур-монголжин бичгээ халсан учир шалтгаан нь улстөрийн бодлогоос үүдэлтэй гэдэг нь хэнд ч ил байдаг. Гэхдээ ийнхүү халах солих ажил ил далд хэлбэрээр багагүй эсэргүүцэлтэй тулгарч ойролцоогоор 15 жилийн хугацаанд багтсан түүхтэй.
Хамгийн анхлаад уйгур-монголжин бичгийг солих асуудлыг 1925 онд хуралдсан МАХН-ын IҮ их хурлаас баталсан намын мөрийн хөтөлбөрт “Монгол үсэг бичгийг засамжлан шинэтгэх замаар дөхөм болгох ба олон ард түмнийг сурч боловсроход тустай болгох, суруулийн хүүхдийн үзэх шинэ хувьсгалын ёсонд зохилдсон дэвтрүүдийг бэлтгэн хэвлэж тараах”-аар заажээ. Гэвч монголын бичгийн мэргэд үсгээ солих асуудлыг хүлээж авахгүй эсэргүүцэж байжээ. Үүнд Ж.Цэвээн, С.Жамъян буюу Онхуд Жамъян, С.Шагж нар монгол бичгээ хэрхэвч сольж болохгүй, харин олны суралцахад дөхөмтэй болгох, гадаад үгийг тэмдэглэх үсэг нэмэх зэргээр засамжлах саналтай байв. .
Энэ үед буюу 1920-иод оны үеэс ЗХУ-ын бүрэлдүүнд багтан орсон олон БНУ-д араб зэрэг орноос зээлдэн хэрэглэж байсан үсэг бичгийг хэрэглэхээ больж, латин үсэгт шилжих оролдлого газар авч байлаа. Гагцхүү Гүрж хэмээн манайхан бичдэг Грузинүүд л өөрийнхөө бичгийг “Сталины арын хаалга”-аар авч үлдэж чадсан билээ. Ийнхүү латин үсэгт шилжигсэдийн тоонд Буриад-Монгол ч , халимагууд ч багтаж байсан юм.
“ЦАГААН ТОЛГОЙ”-Г “УЛААН ТОЛГОЙ”-ГООР СОЛЬЖ БАЙЖЭЭ
Монголчууд ч буриадуудыг дуурайн латин үсэгт шилжихээр завдаж эхэлсэн ажгуу. Гэвч бид л болсон хойно ужгирсан өвчнөө дахин сэдрээж, яаж латинчлах талаар хоёр хуваагдан үзэж таржуу.
Буриад латинчлалыг яг хуулбарлан хэрэглэхийг Б.Ишдорж, Б.Дугаржав, Хаянхярваа зэрэг хүмүүс идэвхитэй дэмжиж байв. Хаянхярваа гэхэд л Буриадад болсон латинчлалын хуралд хоёр удаа юм уу оролцсон бололтой байдаг бөгөөд тэдний дүрмийг хуулбарлан авахаар махран зүтгэж байжээ.
Б.Дугаржав гэгч хэт зүүний үзэл баримталдаг нэгэн байсан бөгөөд тухайн цагтаа тэрбээр “Улаан толгой Дугаржав” хэмээх хоч-нэртэй байсан нь, “Цагаан толгой” гэдэг бол цагаантаны үзлийг илэрхийлж байна. Бид хувьсгалчид учраас хувьсгалын үзэл санаагаар анхлан сурах бичгийг “Улаан толгой” хэмээн нэрлэж “Цагаан толгой” гэдгээс татгалзах хэрэгтэй гээд өөрийн бичсэн монгол хэлний сурах бичгээ “Улаан толгой” гэж нэрлээд улаан үсгээр хэвлүүлсэн байсан билээ. Тэгээд л “Улаан толгой Дугаржав” нэр хүртсэн түүх бий.
ЛАТИНЧЛАХЫГ МОСКВАД ШИЙДСЭН Ч ГЭЛЭЭ БИД ӨӨРСДӨӨ Л БУРУУТАЙ
Зөвлөлтүүд 1931 оны 10-р сарын 17-д Москвад бичиг үсгийг латинчлах асуудлаар тусгай зөвлөлгөөн зохион байгуулахад Буриад Монгол, Халимаг ба БНМАУ-ын төлөөлөгчид оролцжээ.Уг зөвлөлгөөн уйгур- монголжин бичгийн асуудалд ч хуруу дүрж, хушуу нэмэрлэн “Монгол бичиг бол эдүгээ үед нэгэнт цагийн хөгжлөөс хоцрогдсон” хэмээн тодорхойлоод олон улс аймаг нийтээр хэрэглэж буй интернационалын чанар бүхий латин үсгийг хэрэглэх шийдвэр гаргасан нь үнэхээр өнөөдөр бидний санаанд багтамгүй явдал ч гэлээ, 1930-аад оны үед энэ нь хэн ч гайхаад байхааргүй жирийн явдал болчихсон байв аа. Гэхдээ зөвлөлтүүд \советы\ ийм шийдвэр гаргасан нь зөвхөн тэд өөрсдөө шийдсэн ч хэрэг биш. Ийм шийдвэр гаргуулахыг манайхан өөрсдөө л хийсэн нүглээ бусдад үүрүүлж, өнөөдөр “хүчинд автсан” дүр эсгээд хэрэггүй л юм сан.
ЛАТИНЧЛАЛД ШИЛЖИХИЙГ ЛАНТУУДАЖ ЭХЛҮҮЛЖЭЭ
Уйгур-монголжин бичгийг орхиж латин үсэгт шилжих шийдвэр хэдийгээр Москвад 1931 онд албан ёсоор гарсан боловч тийм шийдвэр бидний хувьд “гэнэтийн бэлэг” биш, урьдаас бидний өөрсдийн төлөвлөсөн ажиллагааны үр дагавар билээ.
1925 оноос намын баримт бичгүүдэд уйгур-монголжин бичгийг солихыг анх дэвшүүлэн тавьсаныг бид өмнө дурдсан. Түүнчлэн 1930 онд хуралдсан МАХН-ын ҮШ их хурал, Улсын ҮI их хурлын шийдвэрт ч латин үсэг дээр үндэслэсэн шинэ үсэг зохион хэрэглэх тухай заалт оруулсан. Тэр цагаас хойш латин үсэгт шилжих ажил алхам алхмаар урагшилж, төр засаг ч зохих шийдвэрээ гаргасаар байсан юм.
Тухайлбал Москвагийн хурал сураг ч үгүй байхад Монголын засгийн газар дээрхи хоёр хурлын шийдвэрийн дагуу 1930 оны 10-р сарын 17-нд 66-р тогтоолоо гаргаж долоо хоног бүрийн Бямба гаригт ажлын бус цагаар латин үсгийн хичээлийг хоёр цаг явуулж байхаар болж, Улаанбаатар хотоос эхлэн хэрэгжүүлж эхэлжээ.
1930-аад оны эхэн үеийн тэр цагт латин үсгээр ном хэвлэх, сонинуудад латин үсгийн булан гаргах явдал нэлээд дэлгэрч байлаа. Жишээлэхэд Б.Ишдорж “Өөrөө Suraad busadiig surga. ( bijede kyregsediig surgaka yseg) Latin yseg kabsarsan 4- dakI keblel Aradiig Gegeeryylk jaabanii keblel” 1931 гэсэн ном гаргасан байдаг..
Энэ номны дотуур нүүрт “Биед \насанд хүрэгчдийн гэсэн утгаар хэрэглэжээ С.Л\ хүрэгсэдийн бичиг сурах цагаан толгой “ гэж уйгур-монголжин бичгээр бичсэн байна Харин 55-62 дугаар талыг дуустал латин үсгийн зүйлс оржээ.
Мөн “Gazar .byriin froletari –negedegtun! Мongoliin burkangyizuudiin eblel №3 Eneky setgyyliig mongoliin burkangyizuudiin tөb zөblөlөs sara dutum negen udaa keblen niitelne” гэж бичсэн “Бурхангүйчүүдийн эвлэл” сэтгүүлд бичсэн байдаг боловч чухам хэдэн онд гарч буйг нь бичилгүй орхижээ.
Ардыг гэгээрүүлэх яамны дэргэд байгуулагдсан “Латин монгол үсгийн зөвлөл” гэдэг байгууллага латинчлах ажлыг хариуцаж байсан бөгөөд дээрхи жишээнүүд болон латинчлалтай холбогдсон бусад ажлууд ч энэ зөвлөлийн үйл ажиллагааны нэгэн хэлбэр нь байжээ. Энэхүү зөвлөл латин үсгээр монгол хэлний авиаг тэмдэглэх цагаан толгойн үсэг 26 байхаар төлөвлөн боловсруулж Засгийн газарт оруулан батлуулжээ.
Мөн Засгийн газрын тогтоолоор 1931 оноос эхлэн бага, дунд сургууль, техникумд латин үсгээр бичүүлэхэд түр сургууль, бичиг үсгийн дугуйлан зэрэгт монгол бичгийг таниулах төдийгөөр хязгаарлаж, латин үсгийг гол болгон сургах, сонин сэтгүүлд латин үсгийн булан бий болгох, латин үсгийн хэвлэлийн машин, үсэг өрөгч, хянагч нарыг бэлтгэх, албан газар, дэлгүүр хоршооны хаяг, албан бичгийн загвар, нүүр, ном, зохиолын нэр, тамга тэмдэгийн үсгийг 1931 оны 11-р сар хүртэлх хугацаанд латин үсгээр өөрчлөх, нам улс, аж ахуйн ажилтан ажилчдыг 1932 оны Ү сарын 1- хүртэл хугацаанд латин үсэг бичигт албан журмаар сургах, 1933 оны Ү сарын 1-ээс бүх албан бичиг хэргийг латин үсгээр хөтлөх шийдвэр гарган тархаажээ.
Энэ бүхэн бол латин үсэгт шилжих ажил, түүний бэлтгэлийг манайд аль хэдийн эхэлж сөхөөд, бүүр шийдчихсэн байсныг л Москва, монголчууд бидний амаар ярьж олон нийтэд цацжээ гэсэн үг. Ийнхүү латин үсгийг хэрэглэх ажлыг манайхан өөрсдөө лантуудан тулгачихаад өөрсдөө Москвагийн нөмөрт хоргодхыг оролдсон ажуу. Гэвч энэхүү лантуудалт удаан үргэлжилж чадаагүй. 1931-1932 оны дунд үе хүртэл ноёрхоод унасан юм.
1932 онд Зүүнтэн гэгчдийн алдаа завхарлыг засч залруулах ажил өргөн далайцтай өрнөж, Намын Төв хороо, Хянан шалгах комисс гэгчийн ч байна уу, хамтарсан хурлаар зүүнтэн гэгчдийн асуудлыг авч хэлэлцээд “Шинэ эргэлтийн бодлого” гэдгийг явуулж эхэлснээр 1932 оны 7-р сард латин үсгийн зөвлөлийг татан буулгаснаар уйгур-монголжин бичгийг латинаар солих гэсэн анхны оролдлого, хүчээр сүрдүүлсэн лантуудалт хэсэг хугацаанд намжижээ. Латинчлалд шилжих гэсэн анхны оролдлого зөрчил тэмцэл дунд өрнөсөн түүхтэй тул зарим нэгэн баримтаар жишээлэх нь хэрэгтэй гэж бодлоо.
“ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН НЭГДМЭЛ ЦАГААН ТОЛГОЙ” Ч АВРАЛ БОЛЖ ЧАДСАНГҮЙ
Шинэ эргэлтийн бодлого эхлэхийн өмнөхөн А.Амар 1932 оны IҮ сарын 13-нд Латин үсгийн зөвлөлд ШУХ-ийн нэрийн өмнөөс албан бичиг явуулжээ. Түүнд “...буриад аялгуунд тохируулан зохиосон зөв бичих дүрмийг Б.Ишдорж хүчээр халх аялгуунд тохируулан хэрэглэсэн нь“ нийлэмжгүй байгааг шүүмжлээд “шинэ үсгийн дүрмийг чухамхүү ардын хэл аялгуу ба зохистой бичилтэд нийлүүлэн явуулахыг “ санал болгон, энэ хэрэгт “эрдэмтэн мэргэд, бичигтэн олны идэвхи хичээлийг гарган туршил, магадлал, санал шүүмжлэлийг явуулахад хязгаарлан боогдуулахгүй байж, тус улсын дээд байгууллага ШУХ-нд шинэ бичгийн туршлагын дүрмийг халх аялгуунд ойртуулан зохиох ажлыг хариуцуулах” саналыг МАХН-ын ТХ-нд оруулан шийдүүлж өгөхийг хүсчээ.
Зөвхөн эндээс харахад их л ширүүн тэмцэл болж байжуй. Үүнийг батлах нэгэн баримт бол бүх нийтийг бичиг үсэгт богино хугацаанд сургаж, соёл боловсролын талаар шат ахиулах гэсэн үзэл баримтлал 1932 онд Латин үсгийн зөвлөлийг татан буулгаснаар зогсчихсон юм биш ээ. ШУХ, АГЯ хамтран янз бүрийн цаг үед янз бүрийн хүмүүсийн зохиосон монгол бичгийн олон янзын цагаан толгой, зөв бичгийн дүрмийг бүртгэн боловсруулж үсгийн тоо, дарааллыг жигдэлж, гадаад үг тэмдэглэх галиг үсгийг нэг мөр болгож, “Үндэсний бичиг үсгийн нэгдмэл цагаан толгой”-г 29 үсэгтэйгээр боловсруулжээ.
Энэхүү нэгдсэн цагаан толгойг 1936 оны II сарын 1-нд МАХН-ын ТХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн сайшааж Ардын Сайд нарын зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлэн батлуулахаар тогтжээ. Мөн цагаан толгойг хэвлүүлэхэд шаардлагатай 24 мянган төгрөгийг ч зохих газруудаас гаргуулах шийд гарсан аж.
Ардын Сайд нарын зөвлөл энэ асуудлыг 1936 оны ҮШ сарын 14-нд хэлэлцээд нэгдмэл цагаан толгойг баталж, нийтэд дагаж шийтгүүлэхээр тогтсон нь том амжилт юм. Энэхүү “Үндэсний бичиг үсгийн нэгдмэл цагаан толгой”-г бий болгох гэж оролдсон нь А.Амар тэргүүтэй манай их дээдсийн зүгээс уйгур-монголжин бичгийг хадгалан үлдэх гэсэн эцсийн арга байсан бололтой.
Хэдийгээр холбогдох шийдвэр гарсан ч гэлээ “нэгдмэл цагаан толгой” төсөл \ одоогийн хэллэгээр шүү!\ хэрэгжээгүй нь энэ бичгийг солих гэсэн хүчин их л хүчирхэг, дээрээсээ дэмжлэгтэй байсантай холбоотой биз ээ. Нөгөөтэйгүүр 1937 оноос эхэлсэн их хэлмэгдүүлэлт, залгаад Халхын голын дайн зэрэг нийгэм, улстөрийн тодорхой хүчин зүйлүүд ч нөлөөлсөн биз ээ.
ИХ НАЦАГДОРЖ БА ЛАТИНЧЛАЛ
Монголын бичиг үсгийн асуудал 13 дугаар зууны хоёрдугаар хагасын үеэс хямралд орж өнөө хүртэл үргэлжилсээр буй нь хэн хүний нүднээ ил байгаа юм. Үүнийг хааш нь ч нууж хаахын арга байхгүй.
Нацагдорж латинчлалыг дэмжигчдийн нэгэн байсан нь тэрбээр ШУХ-нд ажиллахаасаа өмнө, бүр тодруулбал “латинчлалын салхи” шуурч эхлэх үеэр латин үсгийг монгол хэлэнд хэрхэн тэмдэглэж хэрэглэх талаар өөрийн концепцийг хэдийн боловсруулчихсан байсан юм. Тэрбээр 1930 онд “Залуучуудын үнэн” сонинд ажиллаж байхдаа латин үсгийн монгол цагаан толгой зохиочихоод латин үсгийг монгол хэлэнд хэрхэн хэрэглэх талаар <<“Монгол хэлний ба латинчлалын дүрэм “ ( грамматика)>> гэсэн дүрэм боловсруулчихаад байжээ. Үүнийгээ уг өгүүлэлдээ
“Бидний зохиосон тусгай дэлгэрэнгүй цагаан толгой буй тул түүнийг хэвлүүлэн энэхүү шинэ цагаан толгой лугаа \ Энд Хаянхярваагийн латинчлалыг хэлжээ. С.Л\ бээн \толгойтойгоо\ зэрэгцүүлэн, чухам алин нь зохистой болох саналыг хурааж болно” гэж бичсэнээс нь харагдмуй. Тэгээд Буддарийн нэрийг хавсарган “Соёлын хувьсгалыг шулуун замаар хөгжүүлье, нөхдүүдээ!” гэсэн өгүүллээ хэвлүүлсэн нь өнөөдөр үнэлж баршгүй чухал баримт болон үлджээ. Энэ өгүүлэл бол түүний боловсруулсан латин үсгийн дүрмийн нэгээхэн л хэсэг нь болой. Д.Нацагдоржийн “грамматика” нь өнөө үед хүрч ирээгүй болохоор “Залуучуудын үнэн” сонинд нийтлэгдсэн өгүүлэл нь улам ч үнэ цэнтэй болж байгаа буюу.
Д.Нацагдорж өөрөө онцлон бичсэн “грамматика” гэсэн үгнээс нь харвал энэ бол чухамхүү хэлзүйн дүрэм байсан юм. Д.Нацагдорж ШУХ-д ирснийхээ дараа 1932 онд “Шинжлэлийн мэдээлэл” сэтгүүл гаргах төлөвлөгөөг боловсруулж түүндээ нийтлэх зүйлсийн жагсаалт, хэнээр юу бичүүлэхээ, өөрөө юу бичихээ ч төлөвлөж байсан нь өнөө үед хүрч ирсэн бүлгээ.
Уг сэтгүүлийнхээ “”Шинжлэх ухааны бүлэг”-т “Бичиг үсэг хэрхэн дэлгэрсний түүх” гэдэг өгүүлэл бичхээр төлөвлөжээ. Энэ өгүүлэл зүй ёсоор анхаарал татдаг. Түүндээ “Тагна Тува, Буриад Монгол, манай Монголд хүртэл латинчлах явдлыг үүсгэн оролдож буй” гэжээ. Бас авиан зүйн үсэг нь өнөөдөр харагдах талаасаа өөр өөр мэт боловч уг чанартаа гарал үүсэл нэгтэй гэдгийг батлан өгүүлж байсан нь өнөөдрийн шинэчлэгчдэд ч сургамжтай санагдмуй.
Тэрбээр өмнө нэгэнт биччихээд байсан монгол хэлний ба латинчлалын гурван бүлэг, жар гаруй зүйлтэй дүрмээ бага сага засч боловсруулаад хэвлүүлэхэд бэлэн болгосноо 1932 оны 3-р сарын 16-нд хийсэн ажлынхаа тайланд дурдсан байдаг.
Мөн “Латин хэлний гарвалын тухай” өгүүлэл бичсэнээ тэр тайландаа дурдсан байдаг боловч харамсалтай нь уг өгүүлэл одоогоор олдоогүй байна. Тэр мөн уран зохиолын ба хэлбичгийн тухай нэр томъёо мянга гаруйг латин, грек, орос, монгол хэлээр хийж дуусч байгаагаа дурдаж, бас Сталины “Ленин ба ленинизм” зохиолыг латинчлан хэвлэлд бэлтгэж, урьд бичсэн “Шинжлэх ухаан гэгч юу болох буй” дэвтрээ монгол латинаар хэвлүүлэхэд бэлтгэж буйгаа дурдсан буй.
Нацагдорж латинчлалын талаар хийж байсан бүх ажил нь 1932 оны 3, 4, 5-р сарыг хүртэлх үеийг багтааж буй бөгөөд 1932 оны тавдугаар сарын дунд үеэр баривчлагдаж, мөн оны 7-р сард Нацагдоржийг шоронд байсан цагт латин үсгийн зөвлөлийг татан буулгаснаар түүний латинчилсан бүтээлүүд хэвлэгдээгүй үрэгдэн алга болсон юм.
Гэвч Нацагдорж 19З2 оноос хойш ч латинчлалын асуудлаархи өөрийн үзэл бодлоо өөрчлөлгүй, энэ талаархи үзэл баримтлалаа уран бүтээлдээ тусгасаар байв. Энэ нь түүний “Өндөр Дамбий, өнөөх Дамбий, хөх Дамбий, халтар Дамбий” хэмээх тодорхой нэг эзэнтэй зохиолын гар бичвэрээс бэлээхнээ харагддаг.
“Ууж идэхийг яарахдаа УРТ хөлөө гуравдугаар араандаа залгаж ууцаа үүрч, элгээн тэвэрч УРД хороо руу жирийлгэв” гэж бичихдээ уламжилалт уйгур-монголжин бичигт “Урд”, “Урт” гэдэг үгийг ижил бичдэгт шүүмжлэлтэй хандаж “Урт” гэдэг үгийн “Т” үсгийн ард латины “t” үсгийг , “Урд” гэдгийн “Д” үсгийн ар талд латины “:d” үсгийг бичсэн байдаг. Түүнчлэн “Амазонка” өгүүллэгийнхээ “гүвээн” гэдэг үгийн ард ч латинаар тодотгосон бий. Мөн “Цагаан сар ба хар нулимс” өгүүллэгийнхээ “хөлрөн сууж, гөлрөн ширтэж” гэдэг үгийн “хөлрөн” гэдгийн “Х”-гийн ард латины “k” үсгийг, “гөлрөн” гэдгийн ард латины “g” үсэг бичсэн нь тохиолдлын хэрэг яавчиг биш ээ. Нацагдорж монгол бичиг гэдгийн дутагдалтай талд шүүмжлэлтэй ханддаг байсныг илтгэмүй.. Манайхан түүний энэхүү онцгойлсон тэмдэглэлийг олж анхааралгүй инээдэмтэй зүйл болгосныг үл өгүүлье.
Нацагдорж Буриадын латинчлалын дүрэм, түүнийг дагалдсан Хаянхярваагийн боловсруулсан дүрмийг ч хүлээн зөвшөөрөхгүй байжуу. Буриадууд ч анхлан боловсруулсан дүрмээ бас л өөрчилсөн байдаг. Хаянхярваа тэргүүтэн ч буриадуудыг аялдан дагалдаж, буриадуудын латинчлалын шинэ дүрмийг хуулбарлан авахаар зүтгэж байсан ажгуу. Нацагдорж энэ өгүүлэлдээ тэдэнтэй санал нийлэхгүй байгаагаа “Тус улсад латин үсгийг хэрэглэвээс тустай сайн болохыг мэдэж, уг хэргийг нэгэнт үүсгэн явуулсан бөгөөд үүнд ухуулах явдал нь баахан бүрэг бараг үзэгдэнэ. Юун хэмээвээс үсгийн төлөвлөгөөн дээр хэд хэдэн зүйлээр урваж, хувирсаар иржээ. Үүнд анх Буриад Монгол улсад буруу зөв харсан үсэгтэй нэгэн төлөвлөгөө ба мөн тус улсад \БНМАУ-д гэсэн үг. С.Л\ Хаянхярваагийн Га Ха хэмээн хэмээн ялгаварласан ба тэмдэгтэй үсэг олонтойгоор төлөвлөж агсан зүйлүүд үл зохилдох ...” гэхчлэнгээр санал зөрж байсан тул өөрийн төслийг боловсруулсан байна.
Тэгээд “у” үсгийг “v” хэмээх гийгүүлэгч үсгээр орлуулсан, “ж” үсгийг “zn” хэмээн тэмдэглэж “g” үсгийг хэрэглэхгүй орхисон ба гурван янзын “и” бий болсон ба “ш”, “ч” үсгүүдийг “s”. “с” үсгүүдийн дээр тэмдэг тавьж хэрэглэх болсныг “заримдаг латин” хэмээн тун ч онож нэрлэн шүүмжилсэн юм. Ингээд Нацагдорж энэ мэтчилэн олон дутагдлуудыг нь шүүмжлээд дараахь саналыг дэвшүүлжээ.
1. Ш, Ч үсгүүдийг дэлхий дээр дадлыг олсон байдлыг даган хэл бичгийн соёл нь хөгжиж бүхүй их улсуудын бичдэг ёсоор sh , ch гэж бичих,
2.Х,Ж үсгийг мөн дээрхи адилаар kh dj гэж бичих нь зөв боловч эдгээр үсэг монгол хэлэнд элбэг тохиолддог тул 2 үсгийг давхарлан бичихийг k, j үсгээр тэмдэглэх,
3.О, Ө үсэг угаас латинд байхгүй тул “О”-г “О”, “Ө”-г “U” гэж тэмдэглэж байх,
4. W, V хэмээх хоёр үсэг нь тус тус ялгавартай байвал зохих учраас W нь монгол хэлний “ван” хэмээсний “в” , английн “w”-гийн аялгуутай байваас зохино.Жишээлбэл watt- их хөндий. Харин v нь оросын “в”-тэй адил нийт гадаад улсад дууддаг ёсоор байвал зохино. Жишээлбэл volt
5. “у “ хэмээх үсгийг эгшгийн өмнө авбаас гийгүүлэгч, “yaman” \яаман\ , эгшиг үсгийн хойно орвоос эгшиг чанартай хийсгэвэр “и” \nokay\ хэмээн хэрэглэнэ.
6.Урт эгшгийг давхар үсгээр тэмдэглэхийн оронд хоёрдугаар үсгийг нь “h “-ээр тэмдэглэх Жишээ нь “ulahn“ , гээд гадаад үгийг хэрхэн бичихийг цагаан толгойдоо тусгасан гэж бичжээ. Эндээс харахад Нацагдорж урт эгшгийг тэмдэглэхээс бусад дээр онож байсан нь харагднам.
БИЧИГ, ХЭЛ, ХИЛ ГЭДЭГ ТУСГААР ТОГТНОЛ БИЛИГ ТЭМДЭГ ҮҮ?
Бие даасан тусгаар тогтносон улс гэдэг өөрийн газар нутгаа бусдаас заагласан хилтэй, бусдаас ялгарах өөрийн хэлтэй, тэр хэл яриагаа тэмдэглэдэг үндэсний гэсэн бичигтэй байдаг гэсэн нэг ойлголт өргөн тархсан байдаг
Өнөөдөр энэ гурван шалгуур нь тухайн улсын тусгаар тогтнолын билиг тэмдэг байхаа больжээ. Хил гэдэг л өнөөдөр ач холбогдлоо алдах зүгрүү явж байна. Хэл, бичгийн тухайд урьд өмнө ч энэ хоёр зүйл тухайн улсын тусгаар тогтнолын билиг тэмдэг болдоггүй байсан юм. Энэ талаар би өөр зүйлсдээ нэг биш удаа бичиж байсан т ул энд гол санаагаа батласан хэдхэн зүйлээр жишээлье.
“ҮНДЭСНИЙ ХЭЛ” ГЭГЧ ШАЛГУУР ҮНДЭСЛЭЛГҮЙ АЖУУ
Үндэсний хэл гэдэг шалгуураар тусгаар тогтнолыг хэмжих нь дэлхий дээрхи тусгаар тогтносон олон улс, ард түмнийг доромжилсон хэрэг болж байгаа юм. Жишээлэхэд өндөр хөгжилт, өнийн түүхт Австри, Лихтинштейн улс герман хэлийг, Бельги улс франц, голланд хэлийг, жижигхэн Монако франц, итали хэлийг, алга дарамхан Люксембург франц, герман хэлийг, өндөр хөгжил, улс төрийн тогтвортой, төвийг сахисан бодлогоороо алдаршсан Швейцарь герман, франц, итали гурван хэлийг, Канад Камерун хоёр англи франц хэлийг, Кипр улс грек, түрк хэлийг, “Азийн бар” гэгддэг Сингапур малай, хятад, англи, тамиль гэсэн 4 хэлийг эрх тэгш хэрэглэж байна.
Төв ба латин америкийн Гондарус, Доминиканы бүгд найрамдах улс, Колумб, Коста-Рика, Куба, Мексик, Никарагуа, Панам, Парагвай, Перүү, Сальвадор, Уругвай болон арлын зарим жижг орнууд испани хэлийг улсынхаа хэл болгон хэрэглэдэг.
Африкийн Ангол, Зимбабве, Малави, Ботсван, Кени, Нигери, Гамби, Лесото, Свазиленд, Гана, Либери, Сьерра- Леон, Замби, Маврикий, Танзани, Уганда англи хэлийг, Бенин, Бүрүнди, Дээд Вольт, Габон, Гвиней, Жибути, Заир, Канарын арал, Конго, Мавритан, Мадагскар, Мали, Нигер, Руанда, Сенегал, Того, Төв Африкийн БН улс, Чад улс франц хэлийг албан ёсны юм уу, төрийн хэл болгон хэрэглэдэг.
Америк тивд АНУ, Антигуа, Багамын арлууд, Виргиний арлууд, Гайна, Гренада, Домника зэрэг нэлээд улс, арлууд англи хэлийг, Өмнөд америкийн хамгийн том, хүчирхэг Бразил улс португаль хэлийг хэрэглэж байхад, Эртний их соёлт Энэтхэг улс хинди, англи хэлийг албан ёсны хэл гэж тооцож байхад, Энэтхэгээс тасарсан Пакистан урду хэлийг төрийн, англи хэлийг албан ёсны хэл болгосоор байна.
Ингээд харахлаар тухайн улс тусгаар тогтносон бие даасан улс гэж тооцогдоход заавал өөрийн үндэсний хэлтэй байна гэдэг манайхны шалгуур худал зүйл болж таарч байна. Дээрхи улсуудыг үндэсний хэлгүй учир бие даасан, тусгаар тогтносон улс биш гэж хэлэх зоригтон Монголоос өөр газраас олдоно гэж үү???
“ҮНДЭСНИЙ БИЧИГ” ГЭГЧ ШАЛГУУР, ШАЛДАН БАЙГААГ МААНЬ Л ХАРУУЛЛАА
Үндэсний бичигтэй байх ёстой гэдэг шалгуур ч мөн л ямарч шүүмжлэлийн пян даадаггүй юм. Арабын хэдэн орон, азийн хятад, солонгос, япон , зүүн болон дорнод европийн Югослав /таван улс болж задраад ч хэвээрээ л байгаа\, Болгар, Зөвлөлт их гүрний мэдэлд байсан, одоо өөрсдийгөө Төв азийн орнууд хэмээн цоллодог болсон дундад азийн хэдэн “стан”-ууд, бас Монголоос бусад Англи, Америкаар ахлуулаад бараг бүх орон латин үсгийг өөр өөрийн хувилбараар хэрэглэж байна. Тэр ч байтугай эртний руни бичгээрээ алдаршсан түркүүд нэг үе араб үсэг хэрэглэж байснаа 1920-иод оны үеэс латин үсэгт, азийн Вьетнам ч мөн л ХХ зуунд латин үсэг хэрэглэсээр өнөөдөртэй золгож байна.
Латин үсэг хэрэглэж буй энэ зуу давсан улс орнуудыг үндэсний бичиг үсэггүй учир тусгаар тогтнож, бие даасан улс биш. Харин Ромын эзэнт улс эртний Грекийн хуучин үсэг дээр суурилан бий болгосон латин үсгийн эх орон болсон тул Ромын эзэнт улсын залгамжлагч өнөөгийн Итали улс л үндэсний бичиг үсэгтэй учир дэлхий дээр бараг л ганцаархнаа бие даасан тусгаар тогтносон улс гэж тооцогдох ёстой юм гэж үү?
Ийм логикийг дагавал латин үсэг хэрэглэж буй бүх улс орнууд тусгаар тогтносон, бие даасан улс биш болж таарах нь ээ дээ! Ийнхүү бичиг үсгийн шалгуур гэгч бидний шалдан байгааг л харуулаад байх юм даа!!!
“ХИЛ” ГЭДЭГ “ХИЛ ХЯЗГААРГҮЙ ЭМЧ НАР” ШИГ БОЛЖ БАЙНАМ
Хил хязгаарын асуудал гэхэд Европийн холбооны одоогийн 25 улс үндсэндээ хилийн зааггүй болж, хил дээр саатахгүйгээр бие биесдээ чөлөөтэй нэвтэрч, нэгдмэл мөнгөн тэмдэгттэй болоод байгаа нь яваандаа хил гэж улсуудыг зааглан хуваадаг байсан цаг нэгэнт үеэ өнгөрөөж буйн эхлэл бололтой. ОХУ, Беларус, Казахстан гурав “Евразын эдийн засгийн холбоо”-ч билүү нэг юм байгуулчихаад бас л хил хязгаарын хаалтаа бараг үгүй хийж, ард иргэд нь дуртай улсдаа саадгүй нэвтэрч тэндээ ажиллаж амьдарч эхэллээ
Ер нь хил хязгаар гэдэг үргэлж харьцангуй ойлголт байсан. Урьд цагийн дайн байлдааны цагт эзэлсэн газар нутгаар хилийн асуудлыг өнөөдөр сөхөх нь архаизм болдог юм аа гэхэд шив шинэхэн жишээгээр гэхэд л 1974 онд Европийн 35 улс алдарт “Хельсинкийн зөвлөлгөөн” гэгчийг хийж дэлхийн II дайны дараа тогтсон хил хязгаарыг өөрчлөхгүй гээд тогтсон боловч эхлээд БНАГУ, тэгээд Чехословак, Югославт хил хязгаарын өөрчлөлт 1990-ээд оноос гарч хоёр Герман нэгдэж, Чех, Словак гэсэн хоёр улс Чехословакийн буурин дээр үүсч Югослав маань Серб, Черногор, Хорват, Словени, Македон гэсэн 5 улс болон задарч, Сербийн нутаг дээр албаничууд бас нэгэн тоглоомын улс байгуулчихлаа.
Грузинээс Өмнөд Осетин, Абхаз гэсэн бас л тоглоомын улсууд салан гарав. Тэр ч байтугай их ЗХУ-ч задарч тусгаар тогтносон 16 улс бий болов. Ингээд 1974 оны Хельсинкийн хэлэлцээрээр тогтсон журам будаа болон бутарч үнэ цэнээ алдлаа. 1970-аад оны үед Пакистанаас Бангладеш тусгаарлаж бие даасан улс болсон. Африкийн олон оронд шинэ улсууд бий болж, хуучин улсууд нь тасарч хуваагдах явц өнөөдөр ч үргэлжилж л байна. Косово, Абхаз, Өмнөд Осетин гээд ганц хоёр улсаас хальж хүлээн зөвшөөрөгдөөгүй “одой” улсууд өнөө цагт бий болсоор л байна.
Иймээс хил заагласан шугамаар тусгаар тогтнолыг хэмжих нь ч бас л утгагүй болж байх мэт. Ийнхүү монголчууд бидний бий болгосон тусгаар тогтнолын тухай “гурван шалгуур” маань утгагүй зүйл байсан нь эхнээсээ тодорхой байсан бөгөөд “ардчилалд халуурхсан” бид нар л тогоон дотроо тонгочсон өрөвдмөөр олон явдлын ичивтэртэй хуудсыг л зузаалснаас өөр юу ч биш болой.
БНМАУ 1961 онд НҮБ-ийн гишүүн болсноор олон улсын хэмжээнд манай тусгаар тогтнол хүлээн зөвшөөрөгдлөө хэмээн хийрхэгчид бас л байдаг даа. НҮБ-ийн гишүүн болж байгаа нь нэг талаар олон улсын хэмжээнд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж байгаа мэт харагдавч энэ бол ердийн л нэгэн явцаас хальж гараад сүйд болоод гуяа алгадан гүйж баярлаад байх явдал биш юм.
Учир юун хэмээвээс 1944 оны үеэс НҮБ гэгч байгууллагыг байгуулах гэрээ хэлэлцээр болж байх үеэс тэр үеийн ЗСБНХУ-ын бүрэлдүүнд багтаж байсан 16 БН улсаас Украин, Белорусс хоёр НҮБ-ийг санаачлан байгуулсан анхны улсуудын тоонд багтаж НҮБ-ийн гишүүн болоод зогсохгүй аль аль нь нэг биш удаа Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдож байсан ч гэлээ энэ хоёр улс тусгаар тогтносон бие даасан улсын статусгүй, ЗСБНХУ- гэдэг эзэнт гүрний бүрэлдүүнд багтсан бүгд найрамдах улсын зэрэглэлтэй СССР-ийн харъяат улс л байсан. Тэгэхлээр НҮБ-ийн гишүүн болсноор, бүр аюулгүйн зөвлөлд сонгогдсоноор тусгаар тогтносон бие даасан улс болчихдог юм биш гэдгийн тодорхой жишээ болж байсныг санаж байхад бидэнд илүүдэхгүй мэт. “Улсын хил” гэдэг ойлголт өнөөдрийн “хил хязгааргүй эмч нар” гэдэг байгууллага шиг болох явц эхэлж буй бололтой. Даяаршиж буй дэлхий дахинд бид данхалзаад данхалзаад хаа ч хүрч чадах билээ дээ! Хил хязгаар гэгч ёстой л өнөө цагийн “хил хязгааргүй эмч нар” гэдэг шиг л болж буй явц хэдийн эхэлчихжээ.
БИЧИГ ҮСЭГ БА МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ
Үндэсний бичиг үсэг тусгаар тогтнолын билиг тэмдэг гэгч чалчаа үг байдаг нь ул үндэсгүйг батлахыг оролдсон минь энэ. Анхны экс П.О “Монгол бичиг... монгол түмэн үндэстнийхээ хувьд туурга тусгаар оршин тогтнох нэгэн гол баталгаа болж ирсэн” гэсэн бол Ж.Баатар гэгч “Үндэсний тусгаар тогтнолынхоо нэгэн баталгаа болсон бичиг үсгээ дээдэлж...” гэсэн бол Д.Маам “Монгол бичгээ тусгаар тогтнолын тулгуур хэмээн үзэж” гэж айлдсан бол З.Ганболд гэдэг хүн “Тусгаар тогтнолын бэлэг тэмдэг монгол бичиг” гэхчлэнгээр аль олонтаа бичсэн бий. Энэ хэд бол зөвхөн хэдэн сонин сөхөхөд л гарч ирж буй захын жишээ билээ.
“Ардчилалд халуурхагчид” энэ уриагаа зүгээр л нэг гаргаад ирээгүй, цаанаа улстөрийн тодорхой зорилго агуулж, түүнийгээ “үндэсний бичиг үсэг” гэдгийг бамбай болгон нуугдмал санаагаа цацсан гэж үзэж байна. Үндэсний гэгддэг уйгур-монголжин бичгийг хэрэглэдэг өвөрлөгчид, тод үсгийг хэрэглэдэг байсан ойрадууд яагаад тусгаар тогтноогүй юм бэ? гэдэг асуултыг тэднээс асуумаар байна. Тэд чинь одоо ч БНХАУ-ын нэгэн автономит эрхтэй мужирхуу статустай байгаа биз дээ?
Хятадууд манж-чингийн үеэс таван үндэстний \хятад, монгол, төвд, манж, уйгур\ нэгдмэл Дундад улс гэгч бодлогыг барьж ирсэн бөгөөд гоминдан намыг тэргүүлж байсан Сүн Ятсен, милитарист Чан Кайши нар ч “таван үндэстний нэгдсэн их Дундад улс” гэдэг номлолыг дагаж мөрдөж байсан учраас 1945 он хүртэл манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй байсан юм. Гоминдан нам таван үндэстэний асуудлыг хариуцсан таван хэлтэстэй байсан бөгөөд тус бүрийг нь таван хошуугаар төлөөлүүлдэг байсан юм. Маогийн коммунист нам ч өмнөх уламжлалаа “хөгжүүлэн” улсынхаа далбаан дээр Хятадаа том таван хошуугаар, Монгол, Төвд, Уйгур, Манж үндэстнийг дөрвөн жижиг таван хошуугаар төлөөлүүлэн байрлуулсан бөгөөд эл бага үндэстнүүд том хятадаа тойрон хүрээлэн “эргэлдэж” байгааг дүрсэлжээ. Энэ баримтаас хаашаа ч зугатах арга байхгүй.
Гэтэл одоо ч империалист хэвээрээ байгаа АНУ гэхэд 50 муж улсаа 50 ижилхэн таван хошуугаар төлөөлүүлсэн бий. Европийн холбооны далбаа нь анхны 10 орноо төлөөлсөн ижил хэмжээтэй 10 таван хошуугаар төлөөлүүлсэн байсан ч, одоо гишүүд нь 30 дөхөж буй тул 30 таван хошуу зуралтай биш гээд 10 байна уу, 15 байна уу, түүнээс үл хамааран таван хошуугаа нэмэхгүй бүгдийг нь ижил төлөөлүүлнэ гэсэн шийдэлд хүрч 10 таван хошуугаа нэмэлгүй одоо хэрэглэсээр л баймуй.
Үндэсний бичиг үсэг бол тусгаар тогтнолын билиг тэмдэг гээд анхны экс ерөнхийлөгч П.Очирбатаас эхлээд тунхаглаад байгаа хүмүүс Монголд ямар “тусгаар тогтнол” бэлэглэх гээд байгааг нь асуумаар байна. Тэд Монгол улсыг өвөрлөгчид, шинжааны ойрадуудын зиндаанд л аваачих “бэлэг” бэлдэж байгаа нь илт байгаа юм биш үү? Хятадын эл хоёр автономит муж чинь “үндэсний бичиг үсгээ” өнгөн дээрээ албан ёсоор хэрэглэсээр л байгаа. Тэгэхлээр “үндэсний бичгиг”-ийн талыхан Хятадын төрийн далбаанд тавдахь, зургаадахь жижигхэн таван хошуу нэмэх гээд байгаа юм уу, эсвэл өвөрлөгчдийн жижиг таван хошуунд нь Монгол улсыг уусган шингээх гээд байгаа юм уу???
Хятадууд ч “ монгол бичгийн хөзөр” тоглож байгаагаа нуухаа больсон байна лээ. Хятадын батлан хамгаалах яамнаас англи хэлээр гаргадаг “Цэргийн ажиглалт” сэтгүүл, мөн л хятадын htt:forum. Mil. Sina.com. cn хэмээх вэбсайт, Тайваны өдөр тутмын, хятад хэлээр гардаг United Daily News-д гарсан өгүүллүүдээс зарим нэгэн жишээгээр гэрч татах хэрэгтэй болж байна. УИХ-ын гишүүд 1995-2004 онд 43 удаа хятадтай нэгдэх санал гаргасан гэнэ. 2014 оны 10-р сард бас дахиад л УИХ-ын гишүүд олон удаа Хятадтай нэгдэх санал гаргаж байна гээд л шуугиад өнгөрлөө.
Хятадууд “Ар, Өвөр Монголыг нэгтгэх ажлыг хийж болно, ярьж болохгүй” гэсэн тактик баримталж байгаа гэнэ. Ингэхийн тулд 1-рт, Боловсролын солилцоог ихэсгэх, 2-рт, Садан төрлийн холбоо тогтоох нь маш үр дүнтэй уламжлалт арга, 3-рт, Эдийн засгийн харилцаа, тусламж дэмжлэгийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэнэ.
Хятадууд Монгол улсыг залгих бодлогодоо бичиг үсэг, соёлыг өргөн ашиглахаар төлөвлөжээ. Үүнд юуны түрүүн хятадад “Монгол их сургууль” гэгчийг байгуулж “Ар Монголын оюутнуудыг шалгалтгүй элсүүлж, үнэгүй сургах”, мөн “зууч хүч” \хятад-монголын эрлийзүүдийг хэлсэн бололтой\ -ийг идэвхитэй ашиглах, “эв найртай байгсадыг хөхиүлэн урамшуулах” өөрөөр хэлбэл хятадад урвагчдад мөнгө өгөхийг ч хэрхэн мартах билээ. Мөн “Монголыг буцаан авах талаар Оросуудтай ярьж болохгүй. Орос, Монголыг Хятадаас холдуулах бодлого баримтлах гээд байдаг юм” гэжээ. Өвөр Монголын амьдралыг дээшлүүлбэл гадаад монголыхон өвөрлөгчид шиг амьдрахаар хятадтай нэгдэх бодлогыг дэмжинэ гэжээ. “Хятад иргэд Ар Монголд аль болох олноор суурьших хэрэгтэй” гэнэ.
Хамгийн ноцтой зүйл нь “Сүүлийн жилүүдэд \ хятадын засгийн газар монгол бичгийг хамгаалж, үндэсний \монгол бичиг үздэг гэсэн үг биз.С.Л\ сургуулиудыг олноор байгуулж байгаа нь монголчуудыг татаж байна. “ гэж онцолжээ.
Ингиж л хятадууд уйгуржин- монгол бичиг гэгч “үндэсний бичиг”-ээр бамбай хийн Монголыг өөртөө нэгтгэх бодлого явуулж буйг дэмжигчид хятадуудын үгээр дугараад “үндэсний бичиг үсэг “ гэдэг захиалгат уриалал” дэвшүүлээд байгаагаас зайлахгүй дэг гэж бодогдох юм. Би эндүүрсэн л байгаасай.
ХОЁРДАХЬ ЛАНТУУДАЛТААРАА ЛАТИНЧЛАЛЫГ УСТГАВ
Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг онч үгийн үнэнийг Монголд латинчлалыг хэрэглэх гэсэн хоёр удаагийн оролдлого баталдаг. Эхлээд латинчлалд шилжихийг төрийн төмөр нүүр болсон лантуудалтаар далайлган эхлүүлсэн бол хоёрдахь удаадаа латинчлалыг болиулахыг нөгөөх л төрийн төмөр нүүр болсон лантуудалтаараа сүрдүүлэн болиулсан түүхтэй. Түүх давтагдахаараа фарс болдог гэдэг л энэ байх даа!
1940 онд хуралдсан МАХН-ын Х, Улсын ҮШ их хурал ч бичиг үсгийн асуудалд анхаарлаа хандуулж авч үзсэн байдаг. Үүнд “таван жилийн дотор латин үсгийг сургахаас гадна араб тоог хэрэглэх журмыг дэлгэрүүлэн явуулах” гэж заажээ. Тийнхүү ШУХ 1930-1931 онд зохиосон 26 үсэг бүхий латин цагаан толгойг сэргээн хэрэглэх бодлогоо барьсан ажгуу.
1940 оны тавдугаар сарын 3-нд МАХН-ын ТХ-ны тэргүүлэгчдийн хурлаар ШУХ-ээс боловсруулсан латинчилсан шинэ үсгийн \латин\ дүрмийг хэлэлцээд “Монголын шинэ үсгийг \латин\ хэрэглэх тухай асуудлыг боловсруулан бэлтгэх тухай Засгийн газрын комиссыг байгуулахыг Ардын сайд нарын зөвлөлд даалгаж, шинэ үсгийн төлөвлөгөөг олон нийтийн хурал зөвлөлгөөн, хэвлэлүүдээр дамжуулан шүүмжлэн хэлэлцүүлэх, шинэ үсгийг \латин\ хэрэглэх тухай төлөвлөгөөг боловсруулж хугацааг энэ \1940 оны\ оны IХ сарын 1- ний наана тогтоосугай” гэж шийджээ.
Бичиг үсгээ өөрчлөх болсон шалтгааныг үндэслэн ШУХ-гээс боловсруулсан илтгэлд: “Эдүгээ манай хэрэглэж буй хуучин монгол бичиг бол манай ардын соёл боловсрол, эдийн засаг хоцрогдсоны харгайгаар эдүгээгийн дэлхий дахины тэргүүний боловсон аймаг, улсуудын боловсон бичиг үсгээс маш их хол хоцорсон.,..анх авч хэрэглэхэд ямар байсан хол урагш явж чадсангүй. Гэтэл манай улсын хөгжил хүн төрөлхөтний хамгийн сүүлчийн дээд зэргийн хөгжлийн улс төр, эдийн засаг, соёл боловсролын үе шатанд дэвшин дэвшсээр бүхий энэ цагт хуучин монгол бичиг бол манай шинэ боловсролын бүхий л анхаарал, хүслийг хангаж чадах соёлын хурц зэвсэг болж чадахгүй, элдэвт дутагдаж мөхөсдөх газар олонтаа тохиолдоод харин саад болж буй” гэхчлэнгээр тайлбарласан байдаг.
1940 оны зургадугаар сарын 16-нд ШУХ-ийн тэргүүлэгчдийн хурлаар ШУХ, Ардын гэгээрлийн яам, хэвлэлийн газраас хамтран боловсруулсан шинэ бичигт \латин\ шилжин орох төлөвлөгөөг хэлэлцжээ.
Тэрхүү төлөвлөгөөгөөр 1941 оны тавдугаар сарын 15-аас эхлэн 1944 оны нэгдүгээр сар хүртэл бүх хүмүүсийг үе шаттайгаар латин үсэгт сургаж, хэвлэлийг латин үсгээр гүйцэтгэсний үндсэн дээр 1944 оны нэгдүгээр сараас эхлэн хуучин монгол бичгээ хэрэглэхийг зогсоохоор заасан байна. Энэхүү төлөвлөгөөг 1940 оны долдугаар сарын 26-нд Ардын сайд нарын зөвлөлөөр хэлэлцээд үндсэнд нь баталжээ.
“Шинэ монгол бичгийг зохион хэрэглэх явдал бол улс төрийн талаар маш их утга, чанартай хэрэг бөгөөд бага бус амжилт тул комисс томилох нь зүйтэй” гэж үзээд комиссын даргад Ю.Цэдэнбал, орлогчид Т.Машлай, нарийн бичгийн даргад Х.Далхжав гишүүдэд Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, Б.Банзрагч, Д.Цэвэгмид, С.Тамжид, Б.Гонгоржав, Д.Сүрмаажав, Минжүүр, Б.Доржсүрэн нарын 17 хүнийг томилжээ.
Ингээд 1941 оны хоёрдугаар сарын сарын 21-нд МАХН-ын ТХ-ны тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн хамтарсан хуралдаанаар шинээр боловсруулсан латин үсгийн төлөвлөгөөний тухай тус комиссын дарга Ю.Цэдэнбал илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Хурлаас гаргасан тогтоолд латины 29 үсэг нь манай авиаг тэмдэглэхэд хүрэлцээтэй гэж үзсэн аж. Харин урт ба балархай эгшгийг хэрхэн тэмдэглэх асуудлыг гүйцээн боловсруулах, зөв бичих дүрмийг бүрэн шийдэх хүртэл 1941 оны гуравдугаар сарын 20-ны өмнө зөв бичих түр дүрэм боловсруулж гаргахыг ШУХ-д даалгажээ. Энэхүү тогтоолд Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан нар гарын үсэг зурсан байна.
Ийнхүү латин үсгийг хэрэглэх тухай тогтоол гаргаж хугацаа заан мөрдөж байснаа гэнэтхэн 360 гардус эргэж ганцхан сарын дараа буюу 1941 оны гуравдугаар сарын 25-нд Намын ТХ, Засгийн газрын хамтарсан 25\18 дугаартай хуралдаанд Ю.Цэдэнбал илтгэл тавьж, латин үсэг хэрэглэхээ больж кирилл үсэг хэрэглэх шийдвэр гарчээ. Бичиг үсгийн талаар баримталж байсан төрийн бодлого ганцхан сарын дотор өөрчлөгдсөн нь энэ. Энэ хурлын тогтоолд
“Монгол үсгийг латинчлахад мөнхүү латин үсэгт монгол хэлэнд хэрэглэх тэмдэг дутагдалтай \өмнөхөн нь латины 29 үсэг монгол авиаг тэмдэгэхэд хангалттай гэж үзэж байснаа “мартсан” бололтой\ ба мөн хэвлэлийн талын бэрхшээл тохиолдож байна.
Мөн тус орны соёл боловсролын цаашдын хөгжил нь гагцхүү ЗХУ-ын ард түмэнтэй ах дүүгийн холбоог байгуулж, түүний бэлхэн соёлыг эзэмших замаар явах болно” гэх мэтчилэнгээр советчилах бодлогоо тодорхойлжээ..
Бичиг үсгийн талаархи бодлогоо ганцхан сарын дотор өөрчилсөн нь мэдээж улс төрийн шалтгаантай. Үүнийгээ ч тогтоолын оршилдоо тодорхой дурджээ. Ер нь латин үсэг хэрэглэх тухай хуралд засгийн газрын зөвлөх Н.В.Цапкин, төлөвлөгөө тоо бүртгэл, хянан шалгах газрын зөвлөх А.М.Печников нараас гадна Шүүх, Эрүүлийг хамгаалах, Гэгээрүүлэх, Мал тариалангийн яамны орос зөвлөхүүд, Уран сайхны хүрээлэн, Улсын хэвлэлийн газар, Монгол тээх зэрэг албан газрын орос зөвлөхүүд ч оролцдог байсан нь зүгээр нэг хэрэг биш байх. Эдгээр зөвлөхүүд кирилл бичиг хэрэглэх болсон явдалд өөр өөрийнхөө түвшинд чадах чинээгээрээ хүчин зүтгэсэж байсан нь ч нууц зүйл биш биз.
Энэ хурлаас латин үсэг заахыг зогсоож, нэг сарын дотор орос үсэг дээр үндэслэсэн монгол шинэ бичгийн эцсийн төлөвлөгөөг боловсруулж, Төв Хороо Засгийн газарт оруулж ирэхийг Цэдэнбал даргатай комисст үүрэг болгожээ. Мөн шинэ үсэгт шилжин орох хугацаа, үүний тулд авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахыг ШУХ-д даалгасан аж.
Тийн 1941 оны зургадугаар сарын 25-ны хамтарсан хурлын тогтоолоор шинэ бичгийн багш нарыг яаравчлан бэлтгэх түр сургуулиудыг байгуулахаар болжээ. Шинэ үсгийн цагаан толгойг 35 үсэгтэй байхаар тогтож зөв бичих дүрмийг 7 хоногийн дотор боловсруулах болов. 1941-1942 оны хичээлийн жилд бага сургуулийн 1,2-р ангид бүх хичээлийг шинэ үсгээр \кирилл\ явуулах, улс даяар албан хэргийг шинэ үсгээр хөтлөх хугацааг 1 сарын дотор багтаан боловсруулахыг ШУХ, Ардын гэгээрлийн яаманд даалгасан байдаг. Энэ тогтоолд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Ингиж л хоёрдахь лантуудалтаар латин үсгийг бүрмөсөн дарж авчээ. Ингээд 1941 оны тавдугаар сард “Шинэ үсгээр үг холбох тухай” анхны түр дүрэм нийтлэгдэж 1941 оны арваннэгдүгээр сарын 19-нд шинэ үсгийн дүрмийг боловсруулж Төв Хороо, Засгийн газарт оруулж батлуулахаар шийдсэн юм. Улмаар 1945 оны аравдугаар сарын 1-ээс эхлэн албан хэргийг шинэ үсгээр явуулахаар болжээ. Гэвч энэ нь биелэхгүй байсан бололтой. Тиймээс 1950 оны долдугаар сарын 1-ээс бүх хэргийг заавал шинэ үсгээр явуулахыг бүх байгууллагад үүрэг болгов. Эндээс харахад шинэ үсэгт шилжих ажил удааширалтай, саад бэрхшээлтэй тулгарч байсан бололтой. Энэ нь
“Бид үндэсний үзэлтэн, бут цохигдсон феодал лам нарын үлдэгдлийн зүгээс шинэ бичгийг авч хэрэглэх явдлыг үндэсний бие даасан байдлаас ухарч, Монгол орныг оросчлох гэсэн оролдлогын илрэл гэж үзэж, аливаа оролдлогод шийдвэртэй няцаалт өгөх учиртай” гэж улс төрийн ноцтой хэрэг болгон айлган сүрдүүлэх аргаар няцааж байжээ гэсэн С.Идшиноров, Г.Цэрэндорж нарын саналыг ор үндэстэй зүйл гэж үзэхээс өөр арга алга.
Үсгийн дүрмийн зөв бичих анхны томоохон толийг 1951 онд хэвлэн гаргасан байдаг.
Ц.ДАМДИНСҮРЭН МОНГОЛ БИЧГИЙГ “УСТГАСАН” УУ?
Энэ асуултанд хариулахад маш хялбархан юм. Үгүй ээ, устгаагүй гэсэн ганцхан хариулт өгч болно. Яагаад гэвэл кирилл бичгийг авч хэрэглэсэн нь Дамдинсүрэн академичаас огтхон ч хамааралгүй, улстөрийн бодлогоор хийгдсэн зүйл. Шинэ үсгийг хэрэглэх комиссын дарга нь Ю.Цэдэнбал, орлогч дарга нь Т.Машлай, нарийн бичгийн дарга нь Х.Далхжав багш байсныг өмнө дурдсан. Дамдинсүрэн энэ комиссын бүрэлдүүнд орсон 17 “сул гишүүн”-ий нэг л байсан. Бас нэг дурдах ёстой зүйл бол ТХ, Засгийн газрын олон удаагийн тогтоолыг гаргаж байсан хүмүүсийн бүрэлдүүнд тэрбээр багтан орж байгаагүй. Өөр бусад эвэртэн туурайтнууд л байсан. Бас нэг зүйл гэвэл кирилл үсгийг монгол хэлэнд тохируулан авч хэрэглэх төсөл ч гэх юм уу, уралдаан зарласан байдаг. Энэ уралдаанд тэр цагтаа хэлбичгийн мэрэгшилтэн бараг бүх хүмүүс оролцож өөр өөрсдийн төслийг өргөн барьсан боловч Дамдинсүрэнгийн төсөл л шалгарсан бололтой байдаг. Уралдаанд ороод ялагдсан зарим хүний төсөл потор “Ж” үсгийг гэхэд л “ДЖ” гэх мэтээр тэмдэглэхээр тусгасан байсныг би хожим мэдсэн билээ. Ер нь Их эрдэмтэн маань латинчлалыг дэмжиж байсан бөгөөд А.С.Пүүшкиний “Олег цэцний дуулал” зохиолыг өмнө нь хэвлүүлсэн байсныгаа 1940 онд жижигхэн товхимол болгон 500 хувь хэвлүүлэхдээ монгол бичиг латин үсэг хоёрыг зэрэгцүүлэн бичсэн байдаг.
Кирилл бичиг хэрэглэх асуудал төр засгийн дээд түвшинд л яригдаж шийдвэрлэгдсэн улс төрийн тодорхой зорилготой асуудал байсан бөгөөд үүнийг шийдвэрлэхэд Дамдинсүрэн гуайн оролцоо юу ч байгаагүй. Түүнд тийм эрх мэдэл, өндөр албан тушаал ч байгаагүй. Гагцхүү манай урдаа барьдаг эрдэмтэний хувьд дарга нарын тушаалаар л кирилл үсэг хэрэглэх ажилд бусдын адил оролцож, дарга нарын л өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж кирилл үсгийн зөв бичих дүрмийн төсөл, толь зэргийг хийж байсан гэдгийг олон хүн мэддэг хэрнээ тэрбээр өөрөө л сайн дураараа кирилл үсэг авах санаачлага гаргаад хэрэгжүүлчихсэн мэтээр муулдаг нь даанч шударга биш зүйл бүлгээ.
Дээд дарга нарын л сэдсэн, хийсэн улс төртэй хутгалдсан ажил гэдгийг би энэ хэсэгтээ хангалттай баримтаар оруулсан гэж бодож байна. Бодит үнэн ийм байхад зориудаар түүнийг үгүйсгэж бүх нүглийг түүнд үүрүүлэх гэж олон жил хоолойгоо сөөтөл хашгирч, “эх оронч”-ийн дүрд тоглодгоо болимоор юм даа.
Аливаа улсын бие даасан байдал, тусгаар тогтнол гэдэг бол ямар хэлээр ярьж буйгаас ч, ямар үсгээр бичиж байгаагаас үл хамаардаг өвөрмөц зүй тогтолтой, жишигтэй байдгийг олон улсын амьдрал, практик харуулаад байхад бид урсгал сөрж, газар газраар дамжиж ирсэн бичгийг манай юм, бид нар хүн төрөлхөтний соёлд оруулсан гайхамшигт хувь нэмэр хэмээн өөрсөддөө цаасан малгай өмсгөж, биесээ дөгөөдөг зангаасаа салах болоогүй л бололтой. Бид жалга дотроо ийнхүү дураараа бурж байхад дэлхий дахинд огт өөр үзэл баримтлал хэдийн тогтчихоод байна шүү дээ! Нэр нь даяаршил болой.
С.Лочин