Монголд шинэ үеийн кино урлаг нэгэн үеэ бодвол хүчээ авч, кино театр үзэгч дүүрэн байх болжээ.
Сонирхол татахуйц кино ертөнцийн талаар ярилцахаар “Аравт“, ”Үхэж үл болно - Чингис хаан”, “Янаг дурлалын дууль”, “Нэгэн шөнийн явдал” зэрэг кино болон “Сэргээш 1, 2, 3” зэрэг бүтээлээрээ олонд танигдсан найруулагч Д.Золбаяртай уулзсан юм.
Түүнийг “Учиртай гурван толгой” зохиолоос сэдэвчилсэн кинон дээр ажиллаж байгааг үзэгчид, кино сонирхогчид аль хэдийнэ мэдээд буй. Энэхүү шинэ киноны тухай хэсгийг та ярилцлагын төгсгөлөөс унших боломжтой.
Ингээд Монголын кино ертөнцийн тухай сонирхолтой ярилцлагыг “GoGo cafe” булангийн уншигч та бүхэндээ хүргэж байна.
-Сайхан намаржиж байна уу, та?
-Сайхан, сайхан намаржиж байна уу.
-Зав муутай байгаа бололтой. Ажил их байна гэдэг сайхан шүү.
-Тийм ээ.
-Таны сүүлд хийж байгаа уран бүтээлүүдийг чинь хараад байхад түүхэн кино руу нэлээд орж ажиллаж байх шиг байна. Ер нь түүхэн кино манайд нэлээд үгүйлэгдэж байгаа харагддаг.
-Бүх л найруулагч түүхэн кино хийхийг хүсдэг. Миний хувьд ийм аз завшаан хэд хэд тохиосон. 2006 онд Л.Эрдэнэбулган гуай Чингис хаан кино хийхдээ манай баг бүрэлдэхүүнийг ажиллахыг урьсан. Миний хувьд энэ кинонд ажиллана гэдэг аз завшаантай хэрэг байсан. Ард түмнээс хандив цуглуулж хийсэн кино болохоор гайгүй сайн бүтээл болгочих юмсан гэж бодож хийсэн. Л.Эрдэнэбулган гуайд их баярлаж явдаг. Энэ кинонд ажилласны дараагаар дараа дараагийн түүхэн кино хийх боломж нээгдсэн. “Үхэж үл болно –Чингис хаан” киноны номыг бид хийсэн. Энэ номыг би өөрөө редакторлуулаад Хөх хотод хэвлүүлэхээр ажлаар явж байгаад тэдний хүмүүстэй танилцахад “Хөх хотод ирээд юу үзмээр байна. Яамаар байна” гэхээр киноны хүмүүстэй уулзах сонирхолтой байгаагаа хэлсэн.
Азаар тэр хэвлэлийн компанийн хүн киноны хоёр ч хүн таньдаг байсан. Тэр нь Өвөр Монголын алдартай жүжигчин Баян-Ерөөл, нөгөөх нь мөн л алдартай баримтат киноны найруулагч, продюссер Шагдарсүрэн гэж хоёр хүнтэй танилцсан. Миний нэг бодол -Монгол туургатныхаа хэмжээнд бүтээл хийх юм. Ялангуяа Монгол туургатан дотор хамгийн их монголжуу байгаа ард түмэн бол Өвөр Монголчууд. Тиймээс Өвөр Монголчуудтай хамтарч ажиллах сонирхол надад байсан. Дээрээс нь хэлний ямар ч саад бэрхшээл байхгүй нь давуу талтай. Бидний бодож байсан зүйл нэг байсан болохоор Өвөр Монголчуудтай их амархан ойлголцож чадсан. Ямар ч байсан нэг кино хамтарч хийе гэж тохиролцоод манай “Монголфильм” студийн төлөвлөсөн кинонуудын жагсаалт байдгаас “Аравт” гэж кино байсан. Харьцангуй хөрөнгө мөнгөний хувьд бага мөнгө шаардах кино байсан болохоор тэрийг эхний ээлжинд сонгож хийсэн. Ер нь би өөрийн студиэ “Монголфильм” гэж нэрлэсэн нь миний өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн болов уу гэж боддог. Би Монголд кино хийж байгаа болохоор Монгол ахуйг л харуулах ёстой гэж боддог. Тэрнээс би мафийн тухай кино хийгээд амжилт олохгүй. Сүүлийн үед тэнгэр ивээж хийж байгаа кинонууд маань дандаа түүхэн сэдэвтэй болж таарч байна.
-“Аравт” киноны тухай сураг дуулдаад удаж байна. Хэзээ гарах вэ?
-“Аравт” бол 13 дугаар зууны үеийн Чингис хааны цэргийн нэгжийн хамгийн бага болох аравт буюу 10 цэргийн тухай кино. Орчин үеийнхээр бол цэргийн нэг салаа гэсэн үг. Манай түүхэн кино гэхээр дандаа нэг хаан, хатны тухай байдаг. Тэгвэл яагаад жирийн цэргүүдийн тухай сонирхолтой кино хийж болохгүй гэж бодоод энэ киног хийсэн. Нээлтийн хувьд өдрөө товлоогүй байна. Одоо Бээжинд дуу, өнгөө янзлах нарийн ажлуудыг хийж байгаа. Тэр хэзээ дуусах нь вэ гэдгийг харж байгаад нээлт хийх өдрөө товлоно. Ер нь киног үзэгчид хүлээж авахдаа удаан эсвэл богино хугацаанд, хэдэн төгрөгөөр хийсэн нь нэг их сонин биш. Гол нь бэлэн болсон кино сайн уу, муу юу гэдэгт л байдаг. Тэгэхээр өнөөдөр нээсэн, маргааш нээсэн тийм сонин биш ээ.
-Таны намтар түүхийг сонирхож байхад хуульч, цэргийн мэргэжлээр сургууль төгссөн гэсэн байсан. Хууль, цэргийн хүн яагаад кино урлаг руу хөл хальтрав?
-Намайг аравдугаар ангиа төгсч байхад Монголд кино урлагийн чиглэлийн сургууль байдаггүй байсан. Манай гэр бүлд ч урлагийн хүн байхгүй учир кино үйлдвэрт ажиллах, гадаад руу киноны чиглэлээр сургуульд явахад хүндрэлтэй байсан. Тийм болохоор ямар ч байсан дээд боловсролтой байх ёстой гэж үзээд цэргийн сургуульд орж суралцсан. Энэ сургуулиа төгсөх үед хэд хэдэн урлагийн сургууль байгуулагдсан байсан л даа. Тиймээс өөрийн дуртай зүйл болох кино урлаг руу хөл тавьж “Харцага” дээд сургуульд орсон. Хүмүүс гайхаж л байсан л даа. Надад диплом нь биш. Гол нь мэргэжил нь хэрэгтэй байсан. “Харцага” дээд сургуульд ороод хоёрдугаар курсдээ анхны киногоо хийж байлаа. Тухайн үед манай мундаг сайн найруулагч, киноны хүмүүсийг амьд сэрүүн байхад нь үгийг нь сонсч чадсандаа баяртай байдаг.
-Найруулагч гэхээр нэг л их ууртай хүмүүс шиг санагддаг. Та ер нь хэр ууртай найруулагч вэ?
-Мэдээж ажил бүтэхгүй, урагшлахгүй байвал уурлаж, бухимдах үе гарна. Найруулагч гэхээр заавал тийм малгай өмсч, тэгж янжуур зуусан хүн байх ёстой гэсэн хүмүүсийн дунд ойлголт байдаг. Гэтэл энэ бол асуудлын гол биш. Эцсийн дүнд хийсэн уран бүтээл нь чанартай байх нь чухал. Түүнээс өөрөө амьдрал дээрээ найруулагчийн дүрд тоглоод явдаг хүн дэмий. Миний хувьд хэлбэр тийм чухал биш.
-Ер нь сүүлийн үеийн кинонуудыг “клип шиг кино” гэж ярьдаг болоод байгаа. Театруудад үзэгчид хангалттай байгаа ч үзэгчдийн хүсэн хүлээсэн урлагийн сайн бүтээлүүд гарч чадахгүй байх шиг.
-Кино урлагийн онцлогийг энд дурьдах хэрэгтэй байгаа. Кино бол мөнгөнөөс шууд хамааралтай. Тиймээс сайн кино хийе гэвэл их л мөнгө хэрэгтэй. Гэтэл их мөнгө зарцуулаад хийхэд Монголын зах зээлээс тэр мөнгөө эргүүлж олж авна гэдэг хэцүү шүү дээ. Манайх чинь их цөөхөн хүн амтай. Дээрээс нь тал нь хөдөө орон нутагт маш хол хол тархаад суурьшсан. Тиймээс бид шинэ кино хийгээд хоёр, гуравхан кино театраараа л гаргаад сайн мөнгө олно гэж байхгүй. Түүнээс гадна манай улсад оюуны өмчийн ямар ч хамгаалалт байхгүй нөхцөлд кино нэг шугамаар алдагдахад л бидний орлого байхгүй болж байна. Гадаадынх шиг телевизүүд нь мөнгө төлж кино авдаг ойлголт байхгүй. Хүмүүс нь онлайнаар кино худалдаж авч үздэггүй үед киноноос их орлого, ашиг олно гэж байхгүй. Ийм нөхцөлд хүмүүсийг мөнгөний кино хийлээ гэж шүүмжлэх хэцүү. Мөнгөний төлөө кино хийж байгаа хүмүүс бийг үгүйсгэхгүй л дээ.
Ер нь киног мөнгөний болон урлагийн кино гэж хоёр ангилдаг. Холливүдэд бол энэ хоёрыг хослуулж хийдэг. Сайн кино хийж, сайн маркетинг хийгээд, их хүнд үзүүлж их мөнгө олох зорилготой гэсэн үг. Манай Монголын дотоодын нөхцөлд хэцүү. Тэгэхээр бид сайн кино хийж гадаадын зах зээл рүү гарах хэрэгтэй байна. Гадаад зах зээл рүү гарна гэхээр бид нэгдүгээрт ур чадвартай, хоёрдугаарт, сайн техник технологитой байх ёстой. Жишээ нь, киногоо плёнкоор хийх ёстой гэх мэт. Гэтэл өнөөдрийг хүртэл плёнкоор кино хийх ямар ч боломжгүй. Адаглаад л плёнкоор зураг авах камер байхгүй. Лаборатори нь байхгүй. Тийм болохоор одоо байгаа бололцоогоороо ажиллах хэрэгтэй байна.
-Холливүдэд нэг киног 50, 100 сая ам.доллараар хийдэг гэж ярьдаг. Харин Монголд ийм жишиг бий юу?
-Тогтсон жишиг Монголд байхгүй. Ер нь бага, дунд, нүсэр төсөвтэй кино гэж гурав ангилдаг. Нүсэр төсөвтэй нь бидний үзээд байдаг холливүдийн кино. Гэхдээ кино их, бага төсөвтэй байхынхаа хэрээр сайн, муу болно гэж туйлширч болохгүй л дээ. Маш бага төсөвтэй хэрнээ сайн кино зөндөө байдаг. Жишээ нь, Хятадын Жан Мун гэж алдартай найруулагч “Баатар” киног хийхдээ 30 сая ам.доллар зарцуулсан байдаг. Жет Лигийн тоглосон кино байдаг даа. Жан Мун энэ киноноос өмнөх кинонуудаа маш бага зардлаар хийдэг байсан хэрнээ тэр олон сая доллар зарж хийсэн кино нь өмнөхөө гүйцдэггүй. Тэр кинонуудыг нь үзээд би атаархдаг. Би заавал их мөнгө хэрэгтэй гэж бодоод сууж байхад энэ хүн мөнгөгүйгээр кино хийгээд Каннаас, Берлиний кино наадмаас шагнал авчихсан байх жишээтэй. Тийм учраас бүх зүйлийг мөнгөтэй холбож ойлгож болохгүй л дээ. Та бүхэн үзсэн бол мэдэх байх даа. “Нэг ч дутах ёсгүй” гэж Жан Муны сайн кино бий.
-Манайх гадаадын зах зээл рүү гарахад гол нь ямар саад, бэрхшээл байдаг юм бэ?
-Нэгдүгээрт сэдэв. Бид сэдвээ зөв олох ёстой. Дээр нь гүйцэтгэл. Зүгээр нэг сэтгэл хөдлөлөөрөө хийсэн зүйлээ аваад явж болохгүй л дээ.
“Ингэн нулимс” киноны тухай ярихад дөнгөж хар монтаж нь гараад дуусахад би анхны үзэгч нь болж байлаа. Д.Бямбасүрэн манай доод ангид сурдаг байсан. Анх надад үзүүлээд санал, бодол байвал хэлээч гэж байсан. Би ганц нэг л засвар хэлсэн. Түүнээс биш маш сайн кино болсон байсан. Тэгээд бид ярилцаж байсан л даа. Монгол улсын кино урлагийг гаргах гарц сэдэв бол монгол ахуй юм байна гэж. “Ингэн нулимс” бол түүхэн кино биш орчин үеийн амьдралыг харуулдаг. Гэхдээ энэ кино Монгол хүн гэж хэн юм бэ, мөн чанар нь юу юм бэ, байгаль, эх дэлхийтэйгээ, мал, амьтантайгаа хэрхэн харьцаж байгааг харуулж чаддаг. Тиймээс ч энэ кино багагүй амжилт олсон. Үүнээс бид дүгнээд гадаад зах зээл Монгол хүнийг, орчин нөхцлийг маш их сонирхож байгааг мэдэрсэн.
-Манайхаас гадагшаа гарсан цөөхөн хэдэн киног хараад байхад Монголын дандаа хар бараан, ядуу, зүдүү байдлыг харуулсан кинонууд байгаад байх шиг байдаг. Энэ хэрээрээ ч Монголын тухай гадаадынхан төсөөлөхдөө нэг л их морио унаад л давхиад байдаг хүмүүс эсвэл бүгдээрээ гудамжинд гараад гуйлгачин болчихсон ойлголттой байгаа юм шиг санагддаг.
-Тийм л дээ. Ер нь Монголыг гадаад эх дэлхий маш их сонирхож байна. Д.Бямбасүрэн “Ингэн нулимс”-ийг Оскарт нэр дэвшчихээд дараахан нь ирээд уулзахдаа “За Золоо минь, Монгол моодонд орж байна шүү” гэж хэлж байсан. Тэр үнэн л дээ. Зөвхөн “Ингэн нулимс” гэхгүй гадаадад явж байхад манай орны жинхэнэ түүхийг мэдэх хүн маш ховор. Хятадын Монгол уу, Оросын Монгол уу гэж асуудаг. Гэтэл гадныхан энд ирээд зураг аваад нутагтаа очоод үзүүлэхээр тэр нь тэндээ маш их сонирхол татаж байна. Монголд яах вэ, хог ухдаг, гудамжинд амьдардаг амьдрал гадныхны нүдэнд өртөөд байдаг. Гэтэл сайн, сайхан зүйл байхад яагаад тэрийг хийхгүй байна вэ гэж манайхан хараадаг. Тэрийг бид өөрсдөө л хийх хэрэгтэй. “Би их царайлаг хүн ш дээ” гээд уурлаад суугаад байж болохгүй. Тэр царайлгаа бусдад өөрөө л харуулах ёстой. Манайхны зарим хүн тэгж ярьдаг даа. “Муу сайн Солонгосчууд юу юм бэ. Ямар ч түүхгүй орон байж ямар юмаараа түүхэн кино хийдэг юм бэ” гэж хэт эх оронч зарим Монгол ярих юм. Ийм хүмүүст ямар хариу өгөх вэ гэхээр Монгол их түүхтэй байж болно гэтэл бидний хийж байгаа нь хаана байгаа юм бэ. Солонгос өөрийн төрийн бодлогоороо тийм их кино хийж эх орноо сурталчилж байна шүү дээ. Тиймээс бидний л арчаагүйнх л юм. Тэгэхэд манайд бол түүхэн кино хийе гэвэл сэдэв дуусахгүй их байна. Ганцхан Чингис хааны тухай тал талаас нь хийхэд л хэчнээн уран бүтээл гарч ирэх вэ. Барагдаж, шавхагдахгүй их сэдэв бий.
-Гадаадын зах зээл рүү гарахын тулд “Монголфильм” студи жишээ нь яаж ажиллаж байна вэ?
-Дэлхийн зах зээл рүү гарах тийм амар зүйл биш. Дэлхий дээр кино хийдэг олон сая хүн байгаа. Түүний дотор авъяас чадвартай нь ч зөндөө их. Тэгэхээр олон улсад гарч ирэхийн тулд тэр тогтолцоо, сүлжээ рүү нь орох ёстой. “Ингэн нулимс”-ын хувьд анх Берлиний кино наадмын үеэр нээлтээ хийчихээд, дарсаар байгаад Канадын Торонтогийн кино наадамд оролцуулсан. Киноны продюссер бидэнтэй холбогдоод ““Ингэн нулимс” энд шуугиулж байна аа. Холливүдийн продюссерүүд өөрсдөө ирж баяр хүргэж, нэрийн хуудсаа өгч байна. Оскарт нэр дэвшүүлэх хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгээд Оскарт нэр дэвшүүлэхийн тулд Монгол улсын нэрээр орвол хүмүүс илүү хүлээж авах болов уу гээд Монголын киногоор нэр дэвшүүлсэн. Үнэндээ Монголд зураг авсан, монгол жүжигчин тоглосон, монгол найруулагч ажилласанаас бусад бүх зүйлийг Герман, Итали хүмүүс хийсэн. Монголоос нэг ч төгрөг гараагүй. Гэтэл Германы Мюнхений их сургуулийн профессорууд тооцоо бодоод “хэрвээ энэ кино Германы кино гэж орвол нэг их хүн тоохгүй. Харин Монгол кино гэвэл хүмүүс сонирхоно” гээд бид нар Монголоос нэр дэвшүүлэх ажлыг хөөцөлдөж байсан. Тэгэхээр энэ мэт маш тооцоотой нарийн сүлжээнд орж байж бид гадаад зах зээл рүү гарч болох байх. Яг нэг жүжигчин, найруулагч нь гадаадын зах зээл рүү гараад байр сууриа олчихоороо өөрийнхөө хүмүүсийг татаж эхэлдэг. Жишээ нь, Антонио Бандерас гээд бидний сайн мэдэх жүжигчин Испаниас Холливүдэд гарч ирэхдээ араасаа нутгийнхаа олон хүнийг дагуулж гаргаж ирж од болгож байсан. Ийм жишээнүүд олон л доо. Энэтхэг байна. Энэ мэт сүлжээ бий болгох хэрэгтэй. Гэхдээ түүнээс өмнө бид өөрсдөө маш сайн кино хийх ёстой. Одоо Иран гэхэд маш сайн сайн кинонуудаараа гараад ирлээ.
-Жүжигчдийн хувьд та юу хэлэх вэ. Алтан үеийнхнийг эс тооцвол 1990 оноос хойш манайд кино од гэж бараг төрөөгүй байх аа?
-Алтан үеийнхний тухайд тэр хүмүүс өөрсдөө амьдралд нухлагдаад Монгол хүний зан байдал бүх зүйлийг өөрийн амьдрал дээрээ бүтээчихсэн хүмүүс учраас тэдний бүтээсэн дүр инээж, ханиах нь хүртэл яг бодит юм шиг байдаг. Орчин үеийн жүжигчдийн хувьд тэд маш залхуу. Сонин, телевизээр ярилцлага өгснийг нь уншихад “маш их ядарч, зүдэрч байж энэ киног хийлээ” гэж ярьсан байдаг. Тэгж ярьсныг нь уншихаар бүр инээд хүрээд байдаг юм. Гэтэл манай алтан үеийнхний хөдөлмөр зүтгэл бол маш их байсан. Орчин үеийн жүжигчдийн энэ байдал нөгөө талаасаа кино хийж байгаа хүмүүстэй ч холбоотой. Өөрөөр хэлбэл кино хийж байгаа хүмүүс маань өөрсдөө гэнэт нэг дүр хэрэгтэй болохоор нэг хүн рүү залгаад л “наад дүрээ бүтээгээдэх” гэдэг. Энэ нь жүжигчин өөрөө өөрийгөө хөгжүүлэхэд нэлээд саад болж байгаа юм.
-Шүүмжлэх зүйл их байгаа ч нэг үеэ бодвол энэ урлаг манайд хөгжиж байна. Театрууд үзэгчид дүүрэн байна. Одоо Монголд хэчнээн киночин байна вэ?
-Яг албан ёсны тоо байхгүй байна. Гэхдээ бид судалж үзээд Улаанбаатарт гэхэд ойролцоогоор 500 гаруй видео студи байна гэсэн тоо гарсан. Гэхдээ ойролцоо тоо шүү дээ. Энэ бол зөвхөн кино хийдэг биш нийт видео студийн тоо. Телевизийн нэвтрүүлэг, реклам, клип хийдэг студиуд гэсэн үг ч бүгдээрээ л кино хийх мөрөөдөлтэй хүмүүс байгаа. Тэгэхээр энэ хүчийг ямар нэгэн байдлаар зөв ашигламаар байна. Одоо Улаанбаатараас ямар нэгэн студигүй байшин олоход хэцүү шүү. Эндээс юу харж болох вэ гэхээр бид маш их хөрөнгө тарамдаж байна. Студи болгон дор хаяж нэг камер, компьютертэй. Хэчнээн их хөрөнгө зарж байгаа билээ. Гэтэл гадны оронд студиуд өөрсдөө техник хэрэгсэл хөөцөлддөггүй. Би бизнесмэнүүдэд хэлээд л байгаа юм. Киноны техник хэрэгсэл оруулж ирж түрээслүүл гэж.
“Монголфильм” анх Монголд байхгүй киноны хамгийн сүүлийн үеийн чанартай камерууд оруулж ирдэг байсан. Одоо бол би камер тоохоо больсон. Эцсийн эцэст би кино хийхдээ хаа нэг газраас түрээслэж аваад л хэрэглэдэг байх ёстой. Би энэ жил нэг камер авлаа гэхэд тэр нь дараа жил хоцрогдох магадлалтай болчихсон. Тэгэхээр би арай хийж олсон мөнгөөрөө тэгж олон зүйл авч байснаас бизнесмэнүүд тэрийг нь бөөн бөөнөөр оруулж ирээд түрээслэдэг байх хэрэгтэй. Ингэвэл киноны чанар ч сайжирна. Тэгэхгүй манай Монгол хүний бодол байна л даа. Бүгд нэг студитэй болчихоод бүх юмтай болох гээд зүтгээд байдаг. Тэгтэл тэр 500 студи 500-уулаа Холливүдийн нэг студи шиг болохыг мөрөөддөг. Энэ байдлаараа хэзээ ч тийм болж чадахгүй шүү дээ.
-Холливүдэд техник, хэрэгслээ түрээслээд сайхан мөнгө олдог бизнес байна гэх юм билээ.
-Одоо ихэнх орнууд ийм болж байна. Манай урд хөрш ч ийм болсон.
-Монгол кино болоод жүжигчдийн талаар ярилаа. Харин одоо Монгол үзэгчдийн онцлогийг юу гэж боддог вэ. Манайхныг сэтгэл хөдлөл их багатай гэдэг дээ.
-Манайх хүн амын тоо бага ч кино үзэх сонирхолтой хүн нь нийт хүн амтайгаа харьцуулвал дэлхийд нэлээд дээгүүрт орно доо. Монгол хүн кино үзэх маш их дуртай. Монголчуудыг сэтгэл хөдлөл муутай, хөлдүү гэдэг. Энэ бол худлаа. Сэтгэлийг нь хөдөлгөж чадвал Монгол хүн хэнээс ч илүү инээдэг, уйлдаг, уурладаг.
-Манайхан ер нь ямар сэдэвтэй кино илүү их үздэг вэ. Google-ийн нэг судалгаагаар эротик кино хайгч орнуудын жагсаалтад Монголчууд их дээгүүрт орж байгаа харагдсан.
-Манай үзэгчдийг “Тэнгис” болон “Тэнгис”-ээс өмнөх үе гэж ангилж болно. “Тэнгис” кино театр байгуулагдахаас өмнө манай үзэгчид голдуу хөдөөнөөс ирсэн, гэр хорооллын хүмүүс байсан. Энэ үед мелодрам буюу уйлуулдаг кино маш их амжилт олж байсан. “Тэнгис”-ийн үзэгчдийг ажиглаад байхад харьцангуй залуужиж ирсэн. Хотын залуучууд их болсон. Өөрөөр хэлбэл, залуучуудын соёл өөрчлөгдөж байна. Энэ хүмүүс ямар кино их үзэж байна вэ гэхээр мөнхийн сэдэв болох хайр сэтгэлийн тухай кино их үзэж байна. Тиймээс ч энэ чиглэлийн кино их гарч байгаа. Мөн гадныхны хийж байгаа кинонуудыг ч их үзэж байна.
-Манай улсад Солонгосын олон ангит кино их гарч байгаа болохоор жишээ авч байгааг ойлгоно уу. Солонгос гэхэд төрийн бодлогоор кино урлагаа дэмждэг гэх юм билээ. Жишээ нь залуучуудыгаа хайр сэтгэл, гэр бүлдээ үнэнч байлгах үүднээс дандаа үнэнч, ариун хайр дурлалын тухай кино хийдэг. Түүх, ёс заншлаа мэддэг, эх орноороо бахархдаг байх үүднээс түүхэн кино хийдэг гэлцдэг. Харин Монголын төр кино урлагт яаж анхаарч байна вэ?
-Хамгийн түрүүнд зохиогчийн эрхийг л зохицуулах шаардлагатай байна. Дээрээс нь бүх уран бүтээлчдэд тулгамдаж буй оюуны өмчийн асуудлыг цэгцлэх л хэрэгтэй байна.
Ер нь түүхийг харахад Ленин коммунизмийг байгуулах гээд явж байхдаа киног маш их ашигласан. Лениний зорилтот кинонууд их үр дүнд хүрсэн. Гитлерийн ч ийм жишээнүүд бий. Тэгэхээр кино бол яг үзэл суртлын гол зэвсэг. Манай төр үүнийг яаж ашиглахыг би мэдэхгүй байна. Ер нь төрийн нэгдсэн бодлогоор энэ хэцүү үед Монгол хүний мөн чанар, хүнлэг энэрэнгүй занг чанарыг яагаад үзүүлж болохгүй гэж. Монгол түүхийг мөн сурталчлах хэрэгтэй.
МОНГОЛД Ч БАС ИЙМ СОНГОДОГ ЗОХИОЛ БИЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
-Таны хийж буй хамгийн сүүлийн үеийн уран бүтээл болох “Учиртай гурван толгой” зохиолоос сэдэвчилсэн кинон дээр ажиллаж байгааг үзэгчид аль хэдийнэ мэдсэн байх. Энэ бүтээл кино сонирхогчдын анхаарлыг багагүй татаж байх шиг байна. Учир нь хоёр өөр цаг хугацааны амьдралыг хослуулж хийж байгаа нь сонирхолтой санагдаж байна. Та киноныхоо тухай танилцуулахгүй юу?
-Ийм байдлаар хийсэн киног Монголд анх удаа хийлээ, хийж байна гэж хэлэхгүй. Ганц нэг ийм кино байдаг. “Учиртай гурван толгой” зохиолоор хийсэн “Үйлийн гурван толгой” гэж балет ч бий. Мөн би “X-ТҮЦ”–тэй хамтарч 2002 онд хошин мюзикл хийж л байсан. Ер нь яагаад болохгүй гэж. Одоо бидний хийж байгаа “Учиртай гурван толгой” бол 2011 онд хийсэн. Арай өөр өнцгөөс бодож хийж байгаа бүтээл. Гэхдээ бид учиргүй эвдэж хийгээгүй. Ерөнхий зохиолоо барьсан. Магадгүй манай кино гарсны дараа зарим хүн хараах л байх. Зарим нь сайн болсон ч гэж хэлж магадгүй. Гэхдээ ямар ч байсан өнөөдөр ардчилсан оронд байгаа юм чинь өөрсдийн бодсон санаснаараа хийхэд буруудах зүйлгүй. Ямартай ч бид энэ сонгодог зохиолыг доромжлоод, утга санааг нь алдуулсан зүйлгүй. Бидний зорилго бол энэ сонгодог зохиолыг залуучуудад ойлгуулахын тулд арай өөр хэлбэрээр хүргэж байгаа нь энэ. Гадаадад бол Ромео, Жульеттаг гэхэд дээр үеийнх болон орчин үеийн гээд хэд хэдэн янзаар хийчихсэн байдаг. Харин Монголд ч бас ийм сонгодог зохиол бий шүү гэдгийг харуулчихвал яасан юм гэж бодсон.
-Киноны ажил хэдэн хувьтай явж байна вэ?
-Зураг авалт 90 хувьтай. Намрыг хүлээгээд жаахан зургууд авахаар үлдээсэн байгаа. Эхний ээлжинд хар монтажаа хийж байна даа.
-Түүхэн цаг үеийг харуулсан хэсгийн зураг авалтыг Архангай аймагт хийсэн гэсэн. Тухайн үеийн амьдралыг бий болгохын тулд багагүй хүч хөдөлмөр, эд хөрөнгө шаардсан байх.
-Түүхэн кино хийе гээд л хэн дуртай нь кино үйлдвэр дээр очоод л хувцас хунар авъя гэхэд л бүгд байж байх ёстой. Хамгийн харамсалтай нь манай кино үйлдвэрт үндсэндээ юу ч байхгүй байна.
-Одоо кино үйлдвэр ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Тэрийг би ч мэдэхгүй байна. Байдал ийм байгаа болохоор бидэнд маш их хүндрэл учирсан. Аяганы уут, хөөрөгний дайлангаас эхлээд ноён дээл, малгай, Монгол хатны гоёл гээд бүгдийг нь хийлгэлээ. Яг манай эртний эд зүйлс бүгд дэлгүүрүүдээр тарчихаж. Тэрийг нь бид хэд худалдаж авна гэвэл дийлдэхгүй учир бүгдийг шинээр хийлээ. Түүхэн кино хийгдэхгүй байна гэдэг гол шалтгааны нэг энэ л дээ. Зураач, үйлдвэрлэлийн тал дээр маш их ажил, хөрөнгө мөнгө ордог учир хийхэд хэцүү байна. Бид бүх зүйлийг цоо шинээр эхэлж байна гэсэн үг.
-Архангай нутгийн ард түмэн их тусалсан гэсэн. Манайхан түүхэн цаг үеийн кино их хүлээж байгаа хэрэг байх.
-Ер нь кино хийж байхад би нэг зүйлд маш их эмзэглэсэн. Монгол хөдөөний малчин айлынд оччихоод жинхэнэ Монгол хувцас авчраад жүжигчдэдээ өгөхөд манайхан тэр хувцас хэрэглэлийг яаж өмсдгийг мэдэхгүй байна. Бүр гайхаад, гадаад хүн шиг. Нударгатай монгол дээл харчихаад “хөөх, ханцуй нь ямар урт юм” гэж байх шиг. Энэ бол зуугаад жилийн өмнө л Монголчуудын өмсч хэрэглэж байсан зүйлс. Гэтэл бид Монгол ахуйгаасаа бүр тасарчихсан байна. Бас нэгэн сонирхолтой юм нь хөдөөнөө ч Монгол ахуйтай зүйл ховор болчихсон. Яг Монгол нохой гээд л хайхад олдохгүй. Хотоос Монгол банхар аваачихад хөдөөнийхөн өөрсдөө гайхаж байх жишээтэй. Энэ мэт зүйлс байна. Түүнээс хүмүүсийн сэтгэл санаа бол сайхан байгаа. Нутгийн олон сэтгэлээрээ их сайхан тусалсан. Бүгд л “би одоо гарна даа” гээд хүлээгээд сууж байгаа байх. Тэр олон хүний царайг яаж гаргана даа гэж бас толгой өвтгөсөн асуудал байна даа /инээв/
-Гол дүрийн жүжигчдийн сонголт ямар байгаа бол?
-Гол дүрийн хоёр жүжигчин нь мэргэжлийн хүмүүс байгаа. Энэ хоёр бол нэг нь “X-ТҮЦ”-ийн жүжигчин Д.Баттөмөр буюу Батаа байна. Нөгөөх жүжигчний мэргэжлээр төгссөн З.Онон гэж жүжигчин эмэгтэй байгаа. Харин нөгөө хоёр гол дүр нь мэргэжлийн бус авъяаслаг хоёр хүн бий.
-Кино яг хэзээ нээлтээ хийх билээ?
-Ирэх аравдугаар сард өгчих бодол байна. Гэхдээ үүнийг яг баттай хэлэх болоогүй байна.
-Энэ киноны зураг авахад хамгийн хэцүү хэсгүүд нь юу байсан бэ?
-Хамгийн хэцүү нь эмгэнэлтэй үеийн зураг авалтууд. Ийм үед л жинхэнэ уурлах, бухимдах үе гарна даа. Мөн би энэ кинондоо Д.Жигжид гуайн хийдэг дүүрэн планыг тавих гэж оролдсон. Энэ бол хэцүү байсан. Ямар болсныг үзэгчид л шүүх байх даа.
-Ер нь нэгэн шинэ дэвшилтийг кино урлагт авчирч байгаа гэж хэлж болох уу?
-Гайгүй юм хийчих санаатай үзээд л байна. Гол зорилго нь Монгол ахуй, монгол хүний сонголт гэдгийг орчин үеийн залууст харуулахыг хүссэн. Дан “Учиртай гурван толгой” зохиолоор хийсэн бол тийм сонин биш болчихож магадгүй гэж бид хоёр өөр цаг үеийг харуулсан.
-Таны дараагийн уран бүтээл юу байх бол?
-Одоо яг манай кино урлагт дутагдаж байгаа зүйл бол хүүхдийн, үлгэрийн кино болчихоод байна. Яг үзье гэхээр Монгол агуулгатай хүүхдийн шинэ кино, бүтээл тун ховор байна. Манай хүүхдүүд “Харри Потер”, “Наруто”, Спайдермэн л үзэж байна. Энэ бол үзэх л зүйл. Гэхдээ Монгол гэсэн зүйл алга шүү дээ. Тэгэхээр хөрөнгө мөнгө шийдэгдвэл бид энэ сэдэв рүү орох бодолтой байна.
Ярилцсан: Ч.Болортуяа bolortuya.ch@gogo.mn