Хөгжмийн зохиолч, төрийн хошой шагналт Н..Жанцанноровыг энэ удаагийн дугаартаа урьлаа.
-Сайн байна уу та. За сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна вэ?
-Ямар ч уран бүтээл хийгээгүй. /инээв/
-Яагаад?
-Энэ жил хийсэн юм гэвэл “Монголын хөгжмийн сэтгэлгээ”-ний асуудлаар докторын зэрэг хамгаалсан.
-Докторын зэрэг хамгаалах нь уран бүтээлээс тань тийм чухал байв уу?
-1979 оноос хойш Монголын хөгжим, урлагийн асуудлыг судалсан, харсан, ажигласан, өөрөө туршсан 30 жилийн ажлаа цаасан дээр буулгаж үзье гэж бодлоо. Бас нэг зорилго нь би Монголын хөгжмийн зохиолчдын холбооны даргаар 1983-1990 он хүртэл ажиллаж байсны хувьд ажиглагдсан нэг асуудал бол Монголын хөгжим судлалын асуудал байсан. Яг энэ чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин тааруу. Тухайн үед хөгжим судлал гэдэг нь социалист интернационализмын онолын үүднээс хийж байсан болохоор үндэсний соёлын асуудал агуулгынхаа түвшинд арын эгнээнд орхигдсон байсан.
Уртын дуу, хөөмий судлал, үлгэр туульс судлал өнгөцхөн материал цуглуулсан, магтах сайшаахаас хэтрээгүй иймэрхүү маягаар явж ирсэн байв. 1960-аад оны үед Ташкентад Даш гэж хүн хөгжим судлалын чиглэлээр сурч байсан, хөгжмийн зохиолч Энхбазар Хятадад, Свердловскт төгссөн. Оюунцэцэг гэж эмэгтэй хөгжим судлалаар төгссөн боловч нөхрөө дагаад гадаад явчихсан. Хөгжмийн талаар мэргэжлийн түвшинд бичдэг Батсүрэн гэж "Хөгжмийн суутан" гэж ном бичсэн дээ. Бадраа гуай хөгжмийн мэргэжлийн судлаач гэхээс илүү этнографийн чиглэлийн язгуур урлагийн цуглуулагч, түүн дээр судалгаа шинжилгээ хийдэг, дуучин Цоодол гуай дууны урлагийн талаар санал онолоо бичдэг. Ингээд ерөнхийдөө Монголын хөгжим судлалын үндэсний мэргэжилтэн гэхээр боловсон хүчин байхгүй. Оросын хэдэн судлаачдын монголын хөгжмийн урлагийн талаар хийсэн бүтээлээс өөр зүйл байхгүй байлаа. Тэгээд ХБК-ийн төгөлдөр хуурч, морин хуурч, хуучирч, шударга гээд янз бүрийн мэргэжлийн хорь гаруй хүүхдийг Орос Улсад хөгжим судлалаар сургуульд явуулсан. Түүний үр дүнд хэдэн мэргэжлийн хөгжим судлаач гарсан даа.
-Хөгжим судлаач, урлаг судлаачдын дорвитой шүүмж бичлэг ердөө гардаггүй шүү дээ?
-Тэгэхээр хөгжим судлал явахгүй байдгийн хэд хэдэн үндсэн шалтгаан бий. Шүүмжилнэ гэдгийг манайхан муу хэлнэ гэдэгтэй дүйлгэж ойлгоод байдаг. Нөгөө талаар шүүмжлэл гараад ирэхээр хэн нэгэн нам, хэн нэгэн хэсэг бүлэг хүмүүс түүний нэр хүндийг унагах, хүчин чадлыг сааруулах үйлдэл хийлээ гэж ойлгож байсан үе. Жинхэнэ урлаг, соёлын бодитой мэтгэлцээн рүү орж өгдөггүй байсан л даа. Нөгөө нэг шалтгаан нь Монголын шинэ цагийн хөгжмийн урлаг Бөмбөгөр ногоонд эхлэхдээ орос сургагчтай байсан. Манайхан европын болон дэлхий дахины хөгжмийн боловсролыг цэвэр орос хэлээр дамжуулж авсан байдаг. Яахав Оюун гуай эд нар орчуулагч байсан ч хөгжмийн нэр томьёо, тодорхойлолт, ойлгот бүгд оросоор байдаг. Хөгжмийн дээд сургуульд хүмүүс явж сурсан ч нөгөө орос тавилтай тэгээд оросд сураад ирдэг. Анхны мэргэжилтэн нь Гончигсумлаа гуай шүү дээ. 1950 онд Оросд хөгжмийн дээд сургууль төгссөн. Яг хөгжмийн онол, мэргэжлийн бүх үг хэллэгийг оросоор ярьдаг. Мэргэжлийн холбогдолтой юм бичих гэхээр тэр өгүүлбэрт нь монгол үг орох боломжгүй. Жишээ нь тухайн үед гарч байсан нэг мэргэжлийн шүүмжийг уншиж байсанаа санаж байна. "Энэ симфонийн экспозицийн разработок нь хоёр эпизод гурван период"-той гэж бичсэн байгаа юм. Дагавар нь монгол болчихсон байгаа биз дээ. Одоо хүртэл өндөр мэргэжлийн хөгжим судлаачид энэ хэлний бэрхшээлээс гарч чадахгүй байгаагаас хөгжим судлалын дорвитой бүтээл гарч чадахгүй байгаа юм.
-Өөрийн тань судалгааны ажлын яг гол нь юу байв?
-Миний судалгааны гол нь Монгол хөгжмийг европын аргаар судалж болохгүй нь гэдэг асуудлыг гаргаж тавьсан. Яагаад гэдгийг тайлбарласан. Нөгөө талаар европт 300-аад жил хөгжсөн хөгжмийн онолын сэтгэлгээг бүрэн сайн мэдрэхгүйгээр өнгөц мэдлэгтэйгээр монголын хөгжмийг судалж болохгүй юм байна гэсэн санаа дэвшүүлсэн. Өрнө дахины мэргэжлийн хөгжим Бах гээд томчууд байна. Эд чинь христийн сүмийн хөгжимчид шүү дээ. Христийн шашны үзэл суртал хөгжмийн зарчимд шингэсэн байдаг. Тэгэхээр Бах-ын хөгжим гайхамшигтай сонгодог боловч христийн үзэл баримтлал, итгэл үнэмшил нэвт шингэсэн байдаг. Агуулгаараа биш ч эгшиглэгээний зарчимд нь нэвт шингэсэн байдаг. Манайх бөөгийн, буддын шашинтай улс ямар зарчмаар дууны эгшигийн логик бүрэлдэх вэ, ижил, ондооших зүйл юу байна вэ, зарчмын ялгаатай зүйл нь юу байна вэ гэдгийг хөндөж тавьсан. Орчин цагийн Монголын хөгжмийн онолын сэтгэлгээ, хөгжим судлалын бичлэгийн сэтгэлгээний өнөө хүрсэн хөгжил дээр тулгуурлаад ерөнхий загвар гаргачихлаа. Манай хөгжим судлал, урлагийн төрөлд дэндүү гадны хэлтэй яваад байхаар нь 1996 онд "Хөгжмийн онолын нэр томьёоны хураангуй тайлбар толь" хийсэн. Тэр тольноос хойш хөгжим судлал, урлагийн практик түвшинд монгол үг хэллэгээр бичиж хэвшиж байгаа гэдэгтэй мэргэжлийн хүмүүс санал нийлэх байхаа. Би нэлээд хөгжим бичлээ, улс төржлөө. Одоо нас суудаг цаг руугаа орж байх шив. Ийм учраас хөгжмийн шинжлэх ухааны асуудлыг ултай, суурьтай судалж дорвитой бүтээл хийхийг оролдож сууна. Монголын хөгжмийн нэвтэрхий гэнэ үү, цоорхой гэнэ үү ямар ч байсан толь хийж дуусгахаар шамдаж ажиллаж байгаа. Толь хийх болсон шалтгаан нь ерөөсөө өдөрт надруу хорь, гуч утасдана. Жанцанноров гуай Мөрдорж гуай хэдэн онд төрсөн вэ, "Алтан намар" гэдэг дууг хэн зохиолоо, Гончигсумлаа гуай хэдэн онд нас барсан бэ, Нансалмаа гуай ардын жүжигчин билүү гавьяат билүү гээд утасдаад амраахгүй. Өдөржин утасны лавлах болчихдог. Бүр залхаж байгаа юм чинь. Би их мэддэгтээ биш, ерөөсөө энэ бүгдийг нэг дор цуглуулахгүй бол болохгүй нь гэж бодсон. Саяхан нэг телевизээр Мөрдоржийн хөгжим "Хэнтий өндөр ууланд" гээд явж байгаа харагдсан. Уг нь 1937 онд анхны хийл хөгжимд зориулсан Б.Дамдинсүрэнгийн бүтээл шүү дээ. Одоогоор 123 хөгжмийн зохиолчдын материалыг уран бүтээлтэй нь оруулахаар цуглуулчихлаа. Бас дээрээс нь хөгжмийн бүтээлүүд, нэр томьёо, хөгжимчид, уран бүтээлчид, дуучид, хөгжмийн сургууль, урлагийн байгууллагууд, аймгийн бүх Хөгжимт драмын театрууд хэдэн онд байгуулагдсан, хэн үндэс суурийг нь тавьсан гээд бүгд багтах юм.
-Таны хамгийн их юм хийж бүтээсэн оргил үе тань хэзээ байв, Уран бүтээлч хүнд юм хийж бүтээж дууслаа одоо ханалаа гэх үе байдаг болов уу?
-Миний хувьд яг уран бүтээл тоон хэмжигдэхүүнээрээ оргил цаг нь өнгөрчээ. Өөрөөр хэлбэл жилд 30 дуу гэдэг юмуу, таван уран сайхны кино хийж байсан үе бий. 1980-аад оны дунд 1990-ээд оны эхэн үе бол миний уран бүтээлийн оргил үе. 1985 онд "Би чамд хайртай" киноны дуу хийсэн. Түүнээс хойш хичнээн ч кино хийв. "Мандухай", "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Догшин хутагтын сахиус" зэрэг нэлээд олон киноны хөгжим бичсэн. Тухайн үед хийж бүтээх хүч чадал ч байж, хийх шаардлагыг мэргэжлийн хөгжмийн зохиолчийн хувьд миний нуруун дээр үүрүүлсэн гэж ойлгодог.
Одоо хуучин бүтээлүүдээсээ муу уран бүтээл хийх байх гэж бодохгүй байна. Зөвхөн тоон хэмжигдэхүүний хувьд их юм хийж чадахгүй. Сайн бодож боловсруулаад томхон бүтээл хийвэл харин ч нэлээд дорвитой бүтээл хийх бололцоо надад бий. Ер нь хүн гэдэг амьтан чинь нэг л юм болохоор Чайковскийн бүжгийн жүжиг, дуурийг сонсоход хоорондоо адил юм шиг санагдаад байдаг. Адилхан байхаас ч өөр аргагүй. Нэг хүн л хийж байгаа юм чинь. Зарим нь Жанцанноров өөрийгөө давтаад гэж ярьдаг л даа. Өөрийгөө давтахгүй бол өөр хэнийг давтах юм бэ.
-Нэг хөгжмийн зохиолчоос баахан ижил аялгуу гараад байвал бас хэцүү биз дээ. Өөрийнхөө хэв маяг, стилийг зоригтой өөрчилж болохгүй гэж үү?
-Ерөнхий хөгжмийн амь өөрчлөгдөнө гэж байдаггүй юм. Явуухулан, Лхагвасүрэнгийн социализмын үед бичиж байсан шүлэг, яруу найргийг уншиж л байлаа. Одоо зах зээлийн энэ үед өөрийгөө өөрчилж бичсэн байна гэж хэзээ ч харахгүй л байна. Лхагвасүрэнгийн нөгөө адаар шүлэг хэвээрээ байгаа биз дээ. Миний уран бүтээлийн онцлог монгол байгаль, хүн хоёрыг холбосон санаа байдаг. Тэр хоёр алга болоод нэг их өөрчлөгдөнө үгүй байхаа.
-Ер нь хөгжмийн зохиолчид урьд өмнөх үеийнхээ томчуудаас бас бие биенийхээ уран бүтээлээс туугаад жаахан өөрчлөөд биччихдэг гэдэг яриатай та санал нийлэхүү?
-Байна байна. Байхдаа хоёр талтай. Хөгжмийн зохиолчдын онцгой нэг чанар байдаг. Өөрөөр хэлбэл хөгжим бичих гээд төгөлдөр хуур дээр суухад миний бүх урд талын мэдлэг, туршлага компьютерээр бол олон программ зэрэг ороод ирж байгаа юм шиг болдог. Товчлуураа дарахад аан энэ чинь 18-р зууны үед Чайковскийн хэрэглэж байсан арга, энэ чинь Бахынх, Шостаковичийнх, Гончигсумлаа, Мөрдорж гуайнх гээд бүгд зэрэг буудаг. Энэ болгоноос аль болохоор зайлсхийхийг хичээдэг. Хичээхгүй бол тэднийхийг "хусна". Хичээнэ гэдэг нь өөрөө боловсорно, өөрийгөө эрж олно гэсэн үг. Тэгж байж ондоо бүтээл гарна. Түүнээс биш миний хөгжимд Бетховены хөгжим, Гончигсумлаа гуайн хөгжим нөлөөлөхгүй гэж хэлэх ямар ч арга байхгүй. Сурсан мэдсэн суурь маань тэднийх. Миний бүтээл тэднийхээс хуулаагүй юм шиг сонсогдож, жинхэнэ Жанцанноровынх гэж хүмүүст мэдрэгдэж чадсан бол нэгдүгээрт мэргэшсэн, боловсорчээ. Хоёрдугаарт өөрийгөө эрж олжээ. Тэгж чадаагүй хүнээс бусдын бүтээл үнэртдэг. Гэхдээ бас нэг зүйл бий. Их том уран бүтээлч нийгмийн том давалгаатай таарсан нөхцөлд бүтэн зууны арга барилыг тодорхойлчихдог. Түүнийг давж гарах хүн байдаггүй 60, 70-н жил эзэгнэдэг тал бий. 1943 онд Шостакович "Ленинградын симфони" гэж долдугаар симфони бичсэн. Ленинградын хамгаалалтын тухай. Тэр бол агуу гайхамшигтай бүтээл. Түүнээс нийгмийн зөрчил, дайн дажинг нүдэнд харагдтал илэрхийлсэн. Түүнээс хойш ХХ зуунд нийгмийг хөндөх, эвдэх гэсэн бүх хөгжмийн зохиолчдын бүтээлээс ерөөсөө нөгөө Шостаковичийн тэр урсгалаас гарч чадахгүй байсан үе бий. Энэ эзэгнээд байгаа урсгалыг эвдэж чадвал тэр шинэчлэл болдог. Миний уран бүтээлд хуучнаар ЗХУ-д гарсан "Өөрчлөн байгуулалт" хүчтэй нөлөөлсөн. Бид чинь монголоороо хөгжих ёстой, монгол хүн шүү гэдгийг "Өөрчлөн байгуулалт" илүү мэдрүүлсэн. 1990 оны ардчилал гээд гайхуулаад байгаа болохоос биш. Үнэн чанартаа Горбачевын өөрчлөн байгуулалт уран бүтээлчдийг сумласан гэж боддог. Яг тэр үед "Мандухай сэцэн хатан" киноны хөгжмийг хийсэн. Улс төрийн товчоо байж л байсан. Нэг намын систем, утга зохиолын хянах газар бүгд байлаа. Одоо хүртэл Монголын тухай түүхэн хөгжим, морин хуурт зориулсан хөгжим бичсэн уран бүтээлчдийн бүтээлээс "Мандухай" киноны хөгжмийн аяз хэнийхээс нь ч үнэртээд байдаг. Миний уран бүтээлийн тэр дэлбэрэлт өөрөө бүхэл бүтэн 30, 40 жилээр нь барьж байгаа юм. Одоо залуучууд түүнийг хүлээн зөвшөөрөхийн хажуугаар түүнээс өөрийг эрж хайх шаардлага гарч байгаа юм. Томоохон дуунууд байна. Шаравын "Аав, ээж хоёр", Нацагдоржийн "Нутгийн чулуу" гээд дуунууд чинь дараагийн хөгжмийн зохиолчдыг барьчихдаг. Ийм тохиолдол байдаг.
-Зарим уран бүтээлчид би сайн уран бүтээл хийсэн. Хэн нэгэнд зориулаагүй. Олон жилийн дараа намайг ойлгох болно гээд л ярьдаг. Хэрэв хүмүүс сонсож таалахгүй юм бол уран бүтээл хийх хэрэг байна уу?
-Би өөртөө нэг ч бүтээл зориулаагүй. "Цагаан суварга" бүтээлийг би сонсох гэж хийгээгүй. Бас чамд юмуу хэн нэгэн даргад, хэн нэгэн хүнд зориулаагүй. Би ер нь хүн сонсоосой гэж уран бүтээл хийдэггүй. Миний уран бүтээл бол өөрийнхөө үзэл бодлоо, дотоод сэтгэлгээгээ эзэмшсэн мэргэжлээрээ илэрхийлж байгаа хэрэг. Сэтгэлийн дуудлагаар ихэнх бүтээлээ хийсэн. Би 123 хөгжмийн зохиолчийн материал цуглуулсан гэж түрүүн хэлж байсан шүү дээ. Зарим нь өрөвдмөөр, уур хүрмээр, инээд ч хүрмээр санагдаж байлаа. 1962 онд нөгөөх л "Тусгаар тогтнол", "Чингис" гээд бичиж байсан зохиолч маань том хөгжмийн зохиолчдын МАХН-ын тухай магт дуу, Лениний тухай 20, 30 шүлэг хийсэн байна лээ шүү дээ. Тэгэхээр нийгэм бол уран бүтээлчийг хөглөж, хөтөлж барьж, хашиж байдаг.
-Ер нь хөгжим бичихэд хэцүү юу, аль эсвэл онгод нь орохоор хөврөөд явчихдаг юмуу?
-Хүний сэтгэлд хүрэх аялгуу бичнэ гэдэг үнэхээр хэцүү. Ёстой махаа зулгааж бичнэ. /инээв/ Нэг ая бичих гэхэд түмэн ая миний өмнө гараад ирнэ. Долоон нотыг хаана тавих нь чухал биш. Тэр аялгуунд ялангуяа Жанцанноровын гэсэн логикийг гаргана гэдэг хамгийн хүнд. Түмэн хүн хийчихсэн юман дотроос би өөрийгөө олж гаргах. Хүний сэтгэлд хүрэх ганц аялгуу зохионо гэдэг ертөнц дээр байхгүй аялгуу зохионо гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй бол Чайковский, Гончигсумлаа гуайг дуурайчихвал хэн ч сонсохгүй хүмүүс мэдэж байгаа юм чинь. Шинэ логик эрж олно гэдэг ёстой махаа байтугай ясаа зулгаана шүү.
-Таны уран бүтээлийг сонсч байхад гүнзгий дотоод сэтгэлгээний орон зай мэдрэгддэг?
-Миний уран бүтээл миний бодлыг надаас илүү хэлж өгнө. Ганц жишээ хэлье "Сэтгэлд шингэсэн говь"-ийг Балтийн тэнгисийн эрэг дээр хийсэн. 1988 онд Олон улсын хөгжмийн наадамд Шарав бид хоёр оролцсон. Үнэхээр аймаар тэнгис харагдаж байлаа. Тэгээд надад нэг ийм бодол төрсөн л дөө. "Бидэн шиг усгүй газрын улс энэ тэнгис рүү хоёр алхаад л дуусах юм байна. Энэ их устай газрын хоёр хүнийг говьд аваачаад хаячихвал дороо төөрнө" дөө гэж. Ингэж бодож суутал сайхан аялгуу буусан. Ер нь дөрвөлжин байшин дотор эргэлдээд байдаг уран бүтээлчээс олигтой юм гарахгүй. Адуу манаж хоноод үүр цайх тэр агшин. Шөнийн тэнгэрийн оддыг, өргөн тал нутгийг морьтой хөндлөн гулд давхиагүй хүнээс Монголын тухай сайхан аялгуу гарах боловуу. Одоо сүүлийн залуус хоёрхон сэдэвтэй болсон. Хайр, ээж. Аргагүй шүү дээ. Хамгийн ойр байгаа юмаараа л бүтээл хийж байгаа юм.
-Таны уран бүтээлд хүүхдийн тухай дуу байдгийг мэдэхгүй юм?
-Би хүүхдэд хайртай хүн. Тэгсэн хэрнээ хүүхдэд зориулсан дуу, уран бүтээл надад байдаггүй. Ганц удаа Монголын пионерийн байгууллагын захиалгаар "Зад угаагч" гэдэг дуу хийсэн. Тэр нь өөдтэй юм болоогүй. Түүнээс хойш нэг ч хүүхдийн дуу зохиогоогүй. Хүүхдэд зориулсан бүтээл хийх гэхээр ерөөсөө чаддаггүй. Би өөрөө хүүхэд байгаагүй хүн л дээ.
-Хүүхэд насыг дайраагүй хүн гэж байддаггүй биз дээ?
-Биологийн хувьд хүүхэд байсан. Дөнгөж дөрвөн настай байхад аав маань шоронд орсон. Бүх эд хөрөнгийг маань хураагаад авчихсан. Ах, ээжтэйгээ гурвуулаа. Ёстой ядуугийн туйл. Айлын хурга, ишиг хариулж, үнэн чанартаа дөрвөн настай хөдөлмөр хийж эхэлсэн хүн шүү. Зовлон, жаргал, өлсөх, цангах бүгдийг үзсэн. Өвөл, зунгүй ганц үстэй дээлтэй, нэг нэхий өмдтэй. Бороо орсон ч нөгөө үстэй дээлтэйгээ. Ганц нэхий өмд нь шээсэнд түлэгдээд урд тал нь цоорчихсон. Айлын хурга хариулаад, өгсөн хярамцагтай хоолыг нь идээд шөнө орондоо, өмдөндөө шингэнээ гаргачихна. Хүүхэд юм чинь. Хэн өглөө тэрийг маань арилгаж өгөх вэ дээ. Ээж маань айлд орхиод аавыг эргэнэ гээд яваад өгдөг байлаа. Тэгээд л өмдөө цэвэрлэх ажлыг өөрөө сэтгэж олно биз дээ. Араг шээзгийн дээр нөгөө ялгадастай өмдөө дээш нь харуулж нөмөргөчихөөд айлын нохой дуудаад долоолгож цэвэрлүүлээд өмсөөд явчихдаг. Хүүхдийн уран бүтээл хийж чаддаггүй маань бага насаа хүүхэд шиг аав, ээждээ эрхэлж, идэх уухаар элбэг дэлбэг байсангүйтэй холбоотой байх. Нэг л зовлон туулсан том хүн шиг өнгөрөөсөн. Найман настай сургуульд яваад 20 жил сургуулийн дотуур байр, айлаар дамжиж өөрийгөө авч явлаа. Манай аав багший сургуулийн хоёрдугаар курст ороход нэг удаа бугуйн цаг л авч өгснийг санадаг юм.
-Та аль нутгийн хүн бэ?
-Өвөрхангайн Өлзийт сумынх. Эхээсээ 13-уулаа одоо хоёулахнаа үлдээд байна даа.
-Танд баярлалаа.
Д.Догсмаа