-Та ажлаа аваад хамгийн түрүүнд ГЕГ-ын ажилтны тоог 90 болгож цөөлсөн.
Ингээд үр дүн гарч байна уу?
Д.Цэвээнжав: Аливаа байгууллагын үйл ажиллагааны цөм нь боловсон хүчин
байдаг. Манай байгууллагад өнөөдөр 1200 орчим хүн ажиллаж байна. Монгол Улсын
агентлагуудын эрх зүйн хуулиар төрийн байгууллага орон тооны дээд хязгаар,
бүтцээ батлуулж ажиллах ёстой. Мөрдөж буй хууль эрх зүйн хүрээнд ажиллах ёстой
гэдэг үүднээс би байгууллагынхаа бүтцийг зөв тогтоохоос ажлаа эхэлсэн. ГЕГ 20
гаруй нэгжтэй, ерөнхий газартаа гаалийн улсын байцаагч 117, үйлчилгээний
ажилтнуудтайгаа нийлээд 160-аад хүнтэй байсан.
Орон тоо, бүтцийн хувьд ерөнхий газрын дарга, дэд дарга нар хэлтэс, албад,
албад нь дотроо ахлах байцаагчтай гээд олон шат дамжлагатай байгууллага байсан
юм. Энэ аппаратыг цомхон, шууд удирдлагын зарчимтай байхаар бүтцээ өөрчилж, дэд
дарга нарыг газар удирддаг болгосон. ГЕГ-ыг дарга, гурван үндсэн газартайгаар
зохион байгуулж, газрыг ГЕГ-ын хоёр дэд дарга, газрын нэг дарга шууд удирддаг
болгосноор ерөнхий газрын даргад төвлөрч байсан эрх мэдлийг тараан байршуулж,
дэд дарга, газрын дарга нар асуудлаа шууд шийддэг эрх хэмжээтэй болголоо.
Ингэснээр удирдлагын түвшинд асуудал шийдэх хурд дөрөв дахин нэмэгдсэн. Газрууд
тус бүр хоёр хэлтэстэй ажиллаж байгаа.
Энэ бүтэцтэй уялдуулаад харьяа газруудын шат дамжлагыг цөөлсөн. Гааль бол
хяналтын байгууллага. Гэсэн хэрнээ дотроо бас хяналтын тогтолцоотой,
зорчигчдоос гадна байцаагч нараа хянадаг байсан. Үүнийг халж, гаальчид нэг л
зорилгоор хамтран ажилладаг болгосон. Үүний үр дүнд хүн бүрийн ажил үүрэг
тодорхой боллоо. Одоо гаалийн бүх ажилтан хяналтын нэгдмэл тогтолцоонд орсон.
ГЕГ-ын байцаагч нарыг нэгж рүү шилжүүлж, түр боомтод ажилладаг байцаагч нарыг
ачаалал ихтэй боомт руу татсанаар гаалийн үйлчилгээ эрс сайжирсан.
-ГЕГ-ын даргаар томилогдсон хүмүүст дээрээс хэн нэгнийг санал болгох, гаальд
хүнээ шургуулах явдал их байсан. Таныг ажил авснаас хойш ийм зүйл хэр олон
тохиолдов?
-Өмнөх дарга нарын үед багаа бүрдүүлэх зорилгоор гаальд ажиллаж байгаагүй
хүмүүсийг олноор, ялангуяа удирдах албан тушаалд томилсон тохиолдол байсан юм
билээ. Би ажлаа аваад гаднаас хоёр дэд даргаа томилсон. Нэг нь гаальд өмнө нь
10-аад жил ажилласан хүн.
-Цэнд даргын үед ГЕГ Орос хэлний багшийн дээд сургуулийн багш нараар дүүрсэн
байсан гэсэн?
-Х.Баатар даргын үед Говь-Алтайн 17 дарга томилогдлоо гэх мэтийн яриа байдаг.
Миний хувьд, гаалийнхан дотор сайн хүн байгаа гэж үзээд удирдах ажилд дотроос
нь түлхүү томилсон. Энэ нь гаальчид бидэнд итгэх, хамт олон бүрдэх талаасаа ач
холбогдолтой боллоо. Дээрээс утасдах, гадна дотноос хүн томилуулъя гэх нь эрс
багаслаа. Гааль дотроосоо, энэ чиглэлийн сургалтад хамрагдсан хүн л гаальд
ажиллана гэсэн нэг л зарчим би барьсан.
-Гаальд ажиллаж буй хүмүүсийн олонх нь эмэгтэйчүүд. Тэд ачаатай машин дээр
гарч шалгахад хэцүү байдаг юм байна. Гаалийн боомтод хяналт шалгалт хийх гэдэг
эмэгтэйчүүдэд ахадсан ажил юм. Эрчүүдийг хяналт шалгалтын ажилд томилох
боломжгүй хэрэг үү?
-Анхаарал татаж буй чухал асуудал хөндөж байна. Гаалийн ажилтнуудын 57 хувь нь
эмэгтэй. Өндөр ачаатай машин шалгах, машин руу авирах гээд эмэгтэйчүүдэд
ахадсан ажил цөөнгүй. Тиймээс рентген төхөөрөмжгүй боомтуудад эрчүүдийг түлхүү
ажиллуулах бодлого барьж байгаа. “Өглөөний сонин”-д “Нас ахисан, махлаг
гаальчид үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа юм биш үү” гэж нэг эмэгтэй сэтгүүлч
бичжээ. Өөрөө эмэгтэй хүн хэрнээ төрийн албан хаагчийг бие бялдраар нь
доромжилж байгаа тэр бүсгүй өөрөө ямар биетэй хүн бэ гэдгийг би мэднэ. Зарим
хүмүүсийг өөр ажилд шилжүүлэх шаардлага бий. Гаалийн сургууль төгссөн,
сургалтад хамрагдсан өөр ажил мэргэжлийн 123 залуугаас шалгаруулж, 60-аад
хүнийг энэ долоо хоногийн дундуур ажилд авна. Гаалийн байгууллагыг залуусаар
сэлбэх зорилготой энэ нь нийцэж байгаа.
-Гаалийн даргын төрсөн өдрийг тэмдэглэсэн тухай онигоог Та бүгд мэддэг
байлгүй. Хамгийн их авлигатай, асуудалтай газар гааль байлаа. Гаальд орохын
тулд хүмүүс асар их мөнгө өгөөд, ажилд орсон хойноо тэрийгээ эргүүлж олж авах
гэж авлига авдаг гэдэг. Гаальчдын цалин одоо хэд байгаа вэ?
-Гаальчдын цалин төрөөс тогтоосон сүлжээний дагуу байгаа. Үндсэн цалин дээр
ажилласан хугацааны, зэрэг цолны гэхчилэн нэмэгдэл тооцоход нэг хүн 35-60 хувь
нэмэгдэл авдаг. Дундаж цалин 450-600 мянган төгрөг. Энэ нь амьжиргааны хэрэгцээ
хангах уу гэвэл эргэлзээтэй. Гаальчид ханаж цадсан, олон машин унасан уу гэвэл
тийм юм алга. Орон сууцгүй хүн 483 байна. Цалингаа хоёр, гурван талд хувааж
амьдардаг хүн олон. Гаалийн боомтод хуваарилагдахад үр хүүхэд, хань ижил нь
дагаад явах аргагүй. Дагаж очоод тэнд нь ажил байхгүй. Гэр нь Улаанбаатарт,
өөрөө Дорнодын Бичигтэд ажиллаж байх жишээтэй. Гаальчдын цалин хүрэлцэхгүй
байгаа нь үнэн. Тэглээ гээд авлига авах ёсгүй. Гаалийн ажилтнуудын таваас
илүүгүй хувьд хууль бус зүйл ажиглагдаж байна. Би ажил авснаасаа хойш хууль бус
зүйл хийсэн 10 гаруй хүнийг халлаа. Таны ярьсан онигоотой уялдуулаад хэлэхэд,
тийм орлого олох боломж байдгийг үгүйсгэхгүй. Цаана нь авлига өгдөг хүн бас
байна аа даа.
Тэдэнд “Гаалийн ажилтан хүнд суртал гаргаж, авлига нэхвэл бидэнд хэлээч. 1281
гэсэн утсаар мэдэгдэж болно” гэж анхааруулж байгаа. Асуудлаа шийдүүлэхийн тулд
авлига өгөх шаардлагагүй. Авлига өгч байсан хүн байгаа бол “Та өгөх
шаардлагагүй боллоо” гэж хэлье. Гаальчдадаа бас “Та өргөсөн тангаргаасаа няцвал
хариуцлага хүлээнэ. Үүнийгээ мэдэрч ажиллаарай” гэж зөвлөж байгаа. Хууль
зөрчсөн, хүнд суртал гаргасан тохиолдолд ажлаас нь шууд халж байгаа. Энэ нь
гаальчдад дохио болох байх.
Бид бизнес эрхлэгчидтэй салбар салбараар нь уулзаж байна. Тэдний дутагдлыг ч
өөрсдөд нь хэлдэг. Зөрчил гаргасан байцаагчийн талаар мэдээлээч, гаальчдын
зөрчил дутагдлыг хамтарч арилгая гэж хүсч байна.
-Замын-Үүдийг цэгцэлсэн ч бусад боомтод гаальтай машин байгаа юм биш үү.
Бургастайн боомтод гаальтай машин байна гэж цагдаагийн ажилтнууд нэг бус удаа
мэдэгдлээ. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Ерөнхий сайд нэгдүгээр сарын 24-нд Замын-Үүдэд ажиллаад гаальтай машин гээчийг
таслан зогсоо гэсний дагуу арга хэмжээ авсан. Гаальтай машин гэдэг нь хэсэг хүн
өөртөө ачаа олж авах, ашиг унагах зорилгоор хилийн цаана гараад “Би гаальтай
машинтай, хилээр хурдан гаргана” гэж зорчигчдын ачааг авдаг байсан. Тэдний
ачааг машиндаа ачаад гаалиар орж ирэхдээ зорчигчдоос авсан мөнгөнийхөө өчүүхэн
хэсгийг төлж, өөртөө ашиг унагадаг. Гаалийн байцаагч нартай хуйвалддаг зүйл ч
байсан.
Замын-Үүдэд гэхэд суудлын 370 гаальтай машин байсан. Гэтэл үүний 120 нь л
Замын-Үүдийнх, бусад нь Улаанбаатар, Хөвсгөл, баруун аймгийнх байсан. Энэ
хүмүүсийн дотор зохион байгуулалттай 10-аад хэсэг байжээ. Үүний нэг болох
“Говийн хөгжил” төрийн бус байгууллагынхан “Бид хуулийн хүрээнд ажиллая” гэсэн.
Ингээд шалгалт шүүлгээ хатуу болгож, гааль дээр шалгуулахгүй гардаг байсан
машины ачааг буулгаж шалган, зохих татварыг нь аваад ирэхэд татварын хэмжээ
гурав дахин нэмэгдсэн. Ингэснээр хууль бус зүйл хийж байсан 250 жолооч нутаг
буцсан. Одоо “Говийн хөгжил”-ийн 120 машин байгаа. Бидний мэдэж байгаагаар
гаальтай машин алга болсон. Үүний зэрэгцээ, хилийн цаана гарчихаад “Би гаальтай
шүү” гэж бусдыг луйварддаг хүмүүс байгааг тогтоолоо. Тэдэнтэй тэмцэж байна. Нэг
жишээ хэлье. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд Эрээнд очоод тандалт судалгаа
хийж байтал барилгын төрөл бүрийн материал авсан 17 хүний барааг нэгэн этгээд
“Гаальтай машинаар барааг чинь татваргүй, шуурхай гаргаж өгнө“ гээд 10 сая
төгрөг авсан хэрэг гарлаа.
Чихэр Туяа хочит тэр эмэгтэй тэдгээр 17 хүний барааг хилийн цаана 20-иод хоног
саатуулжээ. Гарах аргаа хайсан юм шиг байгаа юм. Энэ хооронд нөгөө хүмүүс ачаа
бараагаа хайж эхэлсэн. Тэдний ачааг хилээр оруулж ирээд шалгахад 1.6 сая
төгрөгийн татвар төлөх тооцоо гарсан байтал Туяа “Дахиад 800 мянган төгрөг өг.
Тэгвэл ачааг чинь гаргалаа” гэж нөгөө хүмүүсээс дахин мөнгө нэхэж байгаад
баригдсан. Түүнийг хуулийн байгууллагад өглөө. Ийм зальтай хүмүүс байсаар
байна. Үүнтэй адил гаалийн татвар өндөр боллоо гэж цуурхал тарааж байгаа хэсэг
хүн бас байна. Сая шалгалт хийх явцад “1000 ном хил гаргаад өгөөч” гэсэн зар
тараасан юм. Ингэхэд нэг хүн “3000 юань өгчих” гэсэн. Энэ номын татварт 1240
юань төлөх юм. Тээврийн зардал 500 юань гэхэд тэр хүн 1260 юань цэвэр хожих нь.
Гадаад худалдаа эрхлэх чадвар хомс, гаалийн талаар мэдлэггүй хүмүүсийг ийм
байдлаар ашигладаг этгээдүүд байсаар байна.
Тэд гаальтай машин байгаа шүү гэсэн цуу тарааж, хууль бус наймаагаа
үргэлжлүүлэхийг санаархдаг. “Зарим боомтод гаальтай машин алга болоогүй” гэж
сануулаад байгаа хүмүүс хууль бус наймаачдыг өөгшүүлж байна гэж хатуухан хэлье.
Ховдын Байтаг, Ярантын боомтод бас л тийм хүмүүс хууль бус зүйл хийх зорилгоор
ийм зүйл цухалзуулж байгаа шүү.
-Гаалийн талаар мэдлэггүй, хууль журам мэддэггүйгээс болоод хүмүүс
залилуулаад байгаа юм биш үү. Гаалийн тухай хууль журмыг сурталчлах нь танай
байгууллагын үүрэг байх, тийм үү?
Д.Оюунчимэг: Гаалийн талаар зөв мэдээлэл түгээх нь их чухал. Энэ талаар авч
байгаа арга хэмжээний нэг нь гаалийн лавлах 1281 дугаарын утас ажиллуулах.
Лавлах утас ажиллуулах бэлтгэлээ хангасан. Одоо суурилуулахаар техникийн ажил
хийж байна. Бэлэн болмогц зарлана. Энэ утсаар иргэд, аж ахуйн нэгжид
шаардлагатай мэдээллийг нь өгч, иргэдийн санал хүсэлтийг хүлээж авна. Гаалийн
байгууллагаас өгч буй мэдээллийг үнэн зөв байлгах үүднээс 1281 утсанд ирсэн
дуудлага, яриаг бичиж авна.
Д.Цэвээнжав: Гол гол газар, хороодод мэдээллийн электрон самбар
байрлуулж байна. Улаанбаатар хотын гаальд ийм самбар ажиллуулж эхэлсэн. Одоо
Замын-Үүдэд суурилуулна. Уг самбараас хүн хүссэн мэдээллээ товчлуур дараад авах
юм. Хятадын талд тухайн бараа ямар үнэтэй байгааг хилээр гарахын өмнө мэдээд
гардаг болно. Монголын гаальчид уг барааны үнийг мэдэж байгаа учраас тухайн хүн
худал мэдүүлэх хэрэггүй гэдгийг ойлгох байх.
-Ийм бараа авбал татварт төдөн төгрөг төлнө гэдгээ уг самбараас мэдэж болох
уу?
-Болно. Гаалиар гарахад зуучилна гэж хүн хуурч байгаа хүмүүсээс болоод бизнес
эрхлэгчид алдагдлаа нөхөх зорилгоор юмны үнэ өсгөх, хөөрөгдөх шалтаг болж
байна. Зохих ёсоор татвараа төлөөд явбал үнэ буурах үндэстэй. Гааль, НӨАТ-ын хэмжээ
10 гаруй хувиар буурсан шүү.
Д.Довчинсүрэн: Манай үнэ, үнэлгээний асуудал хариуцсан Ганхуяг гэдэг
залуу гаалийн үнэлгээний талаар ном гаргасан. Энэ номноос сонирхсон асуултдаа
хариулт авч болно.
-Саяхан Хятадаас хуучин трактор оруулж ирэхэд Замын-Үүдийн гаальчид шинэ
тракторын үнээр татвар авсан. Би авсан үнээрээ татвар төлмөөр байсан ч
болоогүй. Миний санаснаас хоёр сая төгрөгийн татвар илүү авсан. Жишиг үнэ
тогтоохдоо хуучин юмны үнийг харгалзаж үзэж байгаач ээ гэж Баянгол дүүргийн
иргэн П.Халтар асуужээ?
Д.Довчинсүрэн: Худалдаа аж үйлдвэрийн танхимынхан, манайхантай Эрээнд очиж
судалгаа хийгээд ийм бараа ийм үнэтэй байна гээд жишиг үнэ тогтоосон. Та бүхэн
мэдээлэлтэй байвал алдахгүй.
Д.Доёддорж: ГЕГ Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтраад бизнес
эрхлэгчидтэй долоо хоног бүр уулзалт зохион байгуулдаг. Томоохон бизнес
эрхлэгчид юунд ямар татвар төлөхөө сайн мэдэж байгаа. Үүргийн худалдаа
эрхэлдэг, гадаад худалдаанд хааяа оролцдог хүмүүс энэ талаар сайн мэдэхгүй байж
магадгүй. Татвар төлөхтэй холбоотой асуудлууд ГЕГ-ын www.еcostoms.mn вэб сайтад
байгаа. Ямар бараанаас хэдий хэмжээний татвар авахыг харж болно.
Л.Дэлгэрбаяр: Гаалийн үнэ тогтоох аргачлалыг Гаалийн тарифийн тухай
хуульд тодорхой заасан. Үнэ тогтоох зургаан арга бий. 1997 онд манайх Дэлхийн
худалдааны байгууллагад элсэхдээ гаалийн үнэлгээний тариф хэрэгжүүлэх үүрэг
амлалт авсан. Олон улсын энэхүү хэлэлцээрийн дагуу гаалийн байгууллага үнэлгээ
тогтоодог. Түүний нэгдүгээр арга нь хэлцлийн арга буюу тухайн хүний худалдаж
авсан гэрээний үнээр тодорхойлох ёстой. Гэхдээ тухайн импортлогч худалдаж авсан
үнээ бичиг баримтаар гаалийн байгууллагад нотлох ёстой. Үнийн нэхэмжлэх,
барааны жагсаалт, банкны хуулга гэх мэт. Эрээнд хуурамч бичиг баримт
гаргадаг хүн олширсон. Энэ бүхнээс болоод гааль тухайн хүний мэдүүлсэн үнийг
хүлээж авах үндэслэлгүй болчихдог юм. Импортлогчид бичиг баримтаа үнэн зөв
бүрдүүлж өгвөл ийм асуудал гарахгүй. Тэгэхээр энэ маань эргээд авлига газар
авах нөхцөлийг бүрдүүлдэг. Гаалийн хууль тогтоомжийг мэдэхгүйгээс хууль зөрчих
нэг нөхцөл үүсгэж болзошгүй байна.
-Замын-Үүдэд бөөгнөрөл үүсч иргэд олон хоног саатан бухимдах болсоор
удлаа. Ачааллыг багасгах ямар боломж байна вэ?
-Д.Цэвээнжав: Ер нь гаалийн байгууллагын ажил тухайн хил залгаа хоёр
орны үйл ажиллагаатай шууд уялдаж явдаг. Замын-Үүд цогцолборын хувьд Эрээний
боомттой шууд уялдаатай. Өнөөдөр дамжин өнгөрүүлэх хүчин чадлын хувьд бид
Хятадын талаас гурав дахин доогуур. Тиймээс Замын-Үүдийн нэвтрүүлэх хүчин
чадлыг нэмэгдүүлэх талаар анхаарал тавьж байна. Нэгдүгээрт, шалган нэвтрүүлэх
цогцолбороо өргөтгөх ажлыг энэ онд эхлүүлнэ. Тэнд рентген тоног төхөөрөмжийн
хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Ганц төхөөрөмжөө хоёр болгоно. Нэг
рентген төхөөрөмж дөрвөн тэрбум төгрөгийн үнэтэй. Гуравдугаарт, нэг урсгалтай
замаа хоёр урсгалтай болгох ажил хийж байна. Үүний хажуугаар Замын-Үүдийн төмөр
замын “өртөө 2”-ыг өргөтгөж, энд олон улсын шаардлага хангасан логистик
терминал байгуулахаар шуурхайлан ажиллаж байна. Манай дэд дарга энэ ажлаар
Замын-Үүдэд явж байгаа. Бид 200 га газар авч тэнд логистик терминал байгуулна.
Ийм терминалыг ашиглалтад оруулснаар гааль дээр шалгадаг, уддаг, хүлээгддэг
хүндрэл үгүй болно.
Ерөөсөө шууд агуулахаас агуулахад бараа буулгаад тэндээ мэргэжлийн хяналт нь ч,
гааль ч шалгадаг болох юм. Энэ ажлыг ондоо багтаан эхлүүлэхийн тулд Засгийн
газарт асуудал оруулсан. Эхний ээлжинд 2.5 тэрбум төгрөгийг өргөтгөлийн ажилд
зориулж шийдэж өглөө. БНХАУ-аас Монгол Улсад буцалтгүй тусламжаар олгосон 300
сая юанийн 50 саяыг нь Замын-Үүдийн боомтыг өргөтгөхөд зарцуулахаар Засгийн
газар шийдлээ. Энэ мэтчилэн хөрөнгө оруулалт хийж байна. Гадаад худалдаа
эрхлэгчид маань Монгол Улсын хуулийг хүндэтгэх хэрэгтэй. Цаанаа тодорхой, үнэн
зөв гэрээ байгуулаад, барилгын материал, тоног төхөөрөмж авсан бол тэр
гэрээнийх нь дагуу татвар тооцдог системд орно. Гэтэл гэрээ байхгүй, ямар
хэмжээний мөнгө төлсөн нь мэдэгддэггүй. Бид хилийн цаана ямар бүтээгдэхүүн ямар
үнэтэйг судалчихаад байхад хүмүүс худлаа мэдүүлэг өгч ажил саатуулдаг.
-Тэгэхээр зорчин явагч, гадаад худалдаа эрхлэгчдэд шударга байхыг сануулмаар
юм байна. Гаалийнхан Хятадад бараа бүтээгдэхүүн машин, техник, тоног төхөөрөмж
ямар үнэтэй байгааг судалсан шүү гээд?
-Шударга байгаач ээ, бид та бүхэнд аль болох хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчилье
гэсэн зарчмаар ажиллаж байна.
Б.Лхагвадорж: Замын-Үүдэд яагаад бөөгнөрөл үүсээд байна гэвэл Монгол
Улсын гаальд стандарт нэвтрээгүйтэй холбоотой. Зөвхөн гаальд биш, ер нь гадаад
худалдаанд стандарт нэвтрээгүй. Гаалийн байгууллага Дэлхийн гаалийн
байгууллагаас гаргасан багц стандартыг хэрэгжүүлэхээр олон талт ажил хийж
байна. Үүн дотор улс хоорондын авто тээврийн хэрэгсэлд тавих стандартыг
Стандарчилал хэмжил зүйн улсын төвөөр саяхан батлууллаа.
-Энэ нь ямар стандарт юм бэ?
-Битүүмжлэлтэй, лац ломботой техник хэрэгслээр улс хооронд тээвэр хийлгэнэ. Энэ
бол нарийн стандарт л даа. Нэгдсэн терминал бариад шалган нэвтрүүлэх цогцолборт
гаалийн хяналт хийхгүй. Тэр нь хяналт хийх биш, зөвхөн нэвтрүүлэх обьект гэж
үзэж байгаа. Тэгэхээр терминал дээр хяналт хийнэ. Шалган нэвтрүүлэх цогцолбор,
терминал хоёр 4-5 км-ийн зайтай. Энэ зайд битүүмжлэлтэй тээврийн хэрэгсэлд
хяналт тавиад, бараа нь терминалаар дамжаад агуулахад орсон хойно шалгадаг
болгохоор төлөвлөсөн.
Агуулахад шалгахдаа нэгдүгээрт, бүртгэлээр, хоёрдугаарт, бүртгэлд орсон машины
бараа таваарыг шалгахад амар хялбар болно. Тоо хэмжээг нь тогтоохоос эхлээд
чанарт тавих шаардлага ч өндөрсөнө. Манайд улс хоорондын авто тээврийн стандарт
нэвтрээгүйгээс 30 тн-ын даацтай машинд 100 гаруй тн бараа аччихдаг, түүндээ 100
заримдаа 200 гаруй төрлийн бараа багтааж байгаа. Түүнийг гаалийн байцаагч
шалгаад бүгдийг нэр төрлөөр ангилж, татвар тогтоогоод барагдуулна гэдэг амьдрал
дээр хүнд. Энэ бол хөрөнгө мөнгө нэлээд шаардах ажил л даа. Гэхдээ манай тээвэр
зуучийн компаниуд хөрөнгөтэй болж, гадна, дотны хөрөнгө оруулагчид ч энэ
асуудлыг сонирхож байгаа. Тиймээс богино хугацаанд шийдэгдэх боломжтой. Хэд
хэдэн стандарт бий.
Бид цаг хугацааны стандарт гаргасан. Тэр нь хил дээр хэдэн цаг зогсох вэ, бичиг
баримтын бүрдүүлэлт хийхэд ямар хугацаа орох вэ, машиныг ямар хугацаанд шалгах
вэ гэх мэтээр нарийвчилсан. Баталгаат агуулах, гаалийн хяналтын терминалд тавих
стандарт байгаа. Монгол Улсад хяналтын олон улсын стандарт хангасан терминал
байхгүй. Жишээ нь, Улаанбаатарт 14 терминал байдаг. Эдний дунд шаардлага хангасан
терминал нэг ч алга. Тэнд хоосон чингэлгийг хадгалах талбайгүй. Энэ мэт
зүйлүүдийг цэгцлэх шаардлагатай. Гаалийн байгууллагын үйл ажиллагааг орчин
үеийн хэлбэрт шилжүүлэхэд нэлээд дорвитой, бодлогын шинжтэй арга хэмжээ
авах хэрэгтэй.
-Гааль дээр гарсан хэрэг зөрчлийг танайхан илрүүлээд хууль хяналтын
байгууллагад шилжүүлдэг. Энэ хэргийг шийдэхэд хуулийн байгууллагатай ямар
холбоотой ажиллаж байна вэ?
-Д.Довчинсүрэн: 2002 оны есдүгээр сард Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулснаар гаалийн байгууллага хэрэг бүртгэх эрхгүй болсон. Тэгэхээр
хуульд өөрчлөлт оруулах хүртэл гаалийн байгууллага хэрэг бүртгэх эрхтэй байхдаа
улсын хилээр бараа таваар нэвтрүүлэхтэй холбоотой эрүүгийн 440 орчим хэргийг
бүртгэж, хуулийн байгууллагад шилжүүлсэн байдаг. Бүртгэгдсэн хэргийн 86 хувь нь
ял шийтгэл авч байсан статистик бий.
-Тэгвэл хуульд өөрчлөлт орсноос хойш энэ тоонд ямар өөрчлөлт оров?
-2002 оны есдүгээр сараас 2006 оны эхэн хүртэлх статистик мэдээг авч үзэхэд
тухайн үед илрүүлээд хуулийн байгууллагад шилжүүлсэн 500 орчим хэргийн дөнгөж
16 хувийг шүүхээр шийдвэрлүүлсэн дүн гарлаа. Үүнээс хойш хэргүүдийн араас
хяналт тавих ажлыг идэвхжүүлэхэд шат дараатай арга хэмжээ авч байна. Хуулийн
байгууллагатай хамтын ажиллагаагаа эрчимжүүлсэн. Эхний үед хүндрэлтэй байсан,
2007 байдлаар энэ тоо 44 хувьтай боллоо. Гаальд гарч байгаа хэргүүдийн ихэнх нь
мөнгө төгрөгтэй холбоотой. Ийм хэргүүд цагдаа, прокурор, мөрдөн байцаалтын
шатанд очоод хэрэгсэхгүй болсон тохиолдол цөөнгүй. Бид энэ тал дээр улсын
ерөнхий прокурорт асуудлаа тавьсан. Доод шатны албан тушаалтнуудтай хамтарч
ажиллаж байгаа. Эрүүгийн хуулийн үндсэн зарчим байдаг л даа, шийтгэхдээ гол нь
биш.
Нэгдүгээрт, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг арилгах хэрэгтэй.
Хоёрдугаарт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг түлхүү авах нь чухал. Энэ
зарчмаасаа ухарчихаад байгаа л даа. Нэгжид ажиллаж байгаа мөрдөн байцаагчтай
ярилцаж байхад дээрээс нь л аль болох олон хүнийг барьж шийтгээд хэрэгт
холбогдуулбал тэр хүний ажлын үзүүлэлт дээшилдэг юм шиг байна. Олон
л хэрэг илрүүлсэн байвал сайн ажилтан болдог бололтой. Хэрэг гарах шалтгаан
нөхцөлийг арилгах боломжийг бид урьдчилан гаргаж өгч байгаа. “Ийм ачаа хил дээр
байна. Хууль бус үйлдэл гаргах гээд хүмүүс яваад байх шиг байна” гэх мэтээр
хуулийнханд тодорхой мэдээллийг өгдөг. Тэгж байхад шийдэхгүй явсаар жишээ нь,
Ховдын боомтод дөрвөн байцаагчийг хэрэгт холбогдуулчихлаа. Жил тойрон хилийн
боомтод байсан 70-80 тн самрыг яаж ийгээд гаргахыг бодно шүү дээ. Тэгээд ийм
хэрэгт тагнуул, цагдаа, орон нутгийн засаг захиргааны удирдлага ч оролцсон л
байдаг. Гэтэл эцсийн хариуцлагыг гаалийн байцаагч хүлээх жишээтэй.
-Гаалиар ийм барааг гаргах гээд байна шүү гэсэн мэдээллийг танайхан
хангалттай авч чаддаг уу?
-Хангалттай гэж хэлж чадахгүй. Манайх гүйцэтгэх ажил явуулах эрхгүй. Иргэдээс
тодорхой мэдээлэл авдаг. Манай үйл ажиллагаа зөвхөн боомтын хашаагаар
хязгаарлагдаад байна. Хашааны гадаа ирчихээд “Чи гаргаад өгөөч” гээд гаалийн
хэн нэг ажилтныг шахаж байгааг бид мэдэхгүй. Ачааг хураах эрх бидэнд байхгүй,
бид нар тухайн хүнтэй эрхзүйн харилцаанд ороогүй байдаг учраас. Энэ талаар
Эрүүгийн цагдаагийн газартай хамтраад Улсын ерөнхий прокурорт тодорхой саналууд
тавиад байгаа. Хуульд өөрчлөлт оруулах, эсвэл хуулийг тодорхой хэмжээгээр
тайлбарлах талаар Дээд шүүхэд асуудал тавьсан. Өнгөрсөн намар тавьсан энэ
асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй.
-Д.Цэвээнжав: Гаалийнхан төрийн нэрийн өмнөөс Монгол Улсынхаа үндэсний
аюулгүй байдлын төлөө хил дээр зогсож байгаа хариуцлагатай ажилтнууд. Тийм ч
учраас эрх үүрэг, үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд явагддаг. Гаальчдыг хэн
загнаж, харааж байна вэ гэвэл гаалиар үйлчлүүлдэг иргэд, бизнес эрхлэгч,
зорчигчид. Бүх үйлчлүүлэгчид биш шүү. Түүн дотор хууль бус үйлдэл хийх гэснийг
нь гаальчид илрүүлээд таслан зогсоогоод өөрийнх эрх ашигт хөндөлсөж байгаа тэр
хүмүүс гаальчдыг харааж зүхдэг. Үүнийг бид заагтай ялгаж, салгадаг. Энэ
хүмүүсийн тоо цөөрсөөр байхгүй болно гэдэг итгэлтэй байгаа. Гаальчдын эрх
ашгийг хуулиар хамгаалж байгаа ч амьдрал дээр энэ ажил дулимаг. Гадаад худалдаа
эрхэлж байгаа нэг этгээд гаалийн байцаагчийн тавьсан шаардлагад дургүйцэж,
зодож гэмтээсэн, хувцсыг нь урж танхайрсан тохиолдол гарлаа. Хамгийн сүүлчийн
жишээ Замын-Үүдийн гаальтай машиныг хориглолоо гэж манай байцаагчийг хутгалсан,
машинаараа дайрах гэж хөөсөн тохиолдол бий. Гаальчдын ёс зүйтэй холбоотой, эрх
ашгийг нь хамгаалахтай холбоотой асуудлаар хуульд тодорхой зүйлийг оруулах нь
зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.
-Гаалийн ерөнхий газар дэргэдээ хамгаалалтын албатай байсан байх аа?
-Тийм алба байгаад сүүлийн гурван жилд алга болсон. Уг нь ийм алба байх ёстой.
Гаальчид ч гэсэн бие хамгаалах урлагт суралцсан байх учиртай. Энэ албыг сэргээх
шаардлага бий.
-Гадаад худалдаагаа өргөжүүлэхийн тулд аль нэг алслагдсан аймагт хилийн
боомт нээх хэрэгтэй л байдаг байх. Тухайлбал, Өмнөговь аймагт боомт нээе гэдэг.
Гэтэл тэнд байр сууц байхгүй, хяналтын төхөөрөмжгүй газарт боомт нээх шаардлага
байдаг юм болов уу. Ийм боомтоор химийн хорт бодис, чанаргүй бараа бүтээгдэхүүн
нэвтэрч байгаа шүү дээ?
-Монгол Улсад байнгын болоод түр 30-аад боомт ажиллаж байна. Үүний найм нь түр
боомт. Түр боомтыг орон нутаг, хилийн цаад талаас тавьж байгаа хүсэлттэй
холбогдуулаад тодорхой хугацаа заасан нөхцөлөөр жилд 4-8 удаа нээдэг. Замын
холоос шалтгаалаад харалдаа харалдаа нь боомт нээх сонирхол орон нутгийнханд
бий. Энэ бол зөвшөөрөөд байх зүйл биш. Боомтод тавигдах олон шаардлага байдаг.
Шалган нэвтрүүлэх иж бүрэн цогцолбор, хяналтын системтэй байж боомт ажиллах
ёстой. Гэтэл тийм нөхцөл боломж бүрдээгүй боомт нээгээд зөвхөн тэнд ажиллаж
байгаа гаалийн байцаагчид химийн бодис гэх мэт хууль бус барааг илрүүлнэ гэж
найдахад хүнд. Тэгэхээр нөхцөл хангаагүй түр боомтыг цөөлж, эсвэл орчин үеийн
шаардлагыг хангуулж байж нээдэг болгох шаардлагатай.
-Улаанбаатар хотын гаалийн хэсэг байцаагч холбоо байгуулж цалин бага байгаа
учир гаальчид авлига авдаг. Цалин нэмбэл авлига авахгүй гэж мэдэгдсэн.
Ажилтнуудынхаа нийгмийн хангамжийг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?
-Өнгөрсөн нэгдүгээр сард Улаанбаатарын гаалийн таван байцаагч хэвлэлийн бага
хурал хийж, УИХ-ын зарим гишүүнд захидал бичсэн. Түүндээ дээрх саналаа тусгасан
байна лээ. Бид энэ асуудлыг Мэргэжлийн зөвлөлийн хурлаараа авч хэлэлцээд, энэ
байцаагчид төрийн тусгай албан хаагчийн хувьд ийм мэдэгдэл хийх ёсгүй гэж
дүгнэсэн. Үүнийг өөрсдөд нь ойлгуулсан. Цалин бага байна, бид илүү цагаар
ажилладаг гэсэн шаардлагуудыг анхааралтай судалж байна. Бид Сангийн яаманд
асуудал тавьсан. Гаалийн улсын байцаагчид илүү цагаар ажилладаг, баяр ёслолоор
ч ажиллаж л байдаг. Ийм тохиолдолд илүү цагийн хөлс олгохгүй байгаа. Үүнийг олгуулдаг
болох тухай саналаа тавилаа. Энэ талаар нарийвчилсан тооцоо судалгаа гаргасан.
Хэрэв илүү цагийн хөлс олгоно гэвэл жилд дунджаар 150 орчим сая төгрөг нэмж
төсөвлөх хэрэгтэй. Гаалийн байцаагчийн хэлсэн зүйлүүдийг судалж авлига авах
нөхцөл боломжийг хаах талаар ажил зохиож байна. Байцаагчдынхаа нийгмийн асуудал
ялангуяа орон сууцны хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа. Жилд дунджаар 30
орчим байцаагчийг орон сууцаар хангадаг уламжлалтай. Энэ онд 50-иас доошгүй
байцаагчийг орон сууцтай болгохоор ажлаа эхэлсэн.
-Гаалийн улсын байцаагчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар юу хийж байна
вэ. Гаальчид журмаа мөрддөггүй болохоор авлига аваад байна уу?
-Гаалийн байцаагч нарын ёс зүйн дүрэм бий. Энэ дүрмээ гаалийн байцаагч өргөсөн
тангарагтайгаа нэг адил мөрдөх ёстой. Дүрмээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт
тавьдаг сахилгын хороотой. Сахилгын хороо бүх нэгжид хяналт тавьж зөрчил
гаргасан тохиолдолд хурлаараа хэлэлцдэг. Энэ ажлыг хүлээж аваад баримталж
байгаа нэг зарчим бол “Хууль зөрчсөн бол үл тэвчих”. Энэ зарчмыг баримталснаар
гаалийн хууль дүрмийг бүдүүлгээр зөрчсөн, өргөсөн тангаргаасаа няцсан
байцаагчийг өмнө нь гааль дотроо шалгагчийн хэмжээнд тушаал бууруулж
ажиллуулдаг байсан бол одоо шууд халдаг болсон. Ийм зарчмыг хэрэгжүүлснээр
манай нийт байцаагчдад тодорхой хэмжээгээр мэдрэгдэж гаальчдын сахилга
хариуцлага өндөржиж байна. Нэг ээлжинд гарч байгаа 4-5 хүнийг удирдаж ахлахууд
ажилладаг. Ахлахуудын хариуцлагыг өндөржүүлж, ёс зүйн дүрмээ хэрхэн сахиж
байгааг хянах боломж бүрдсэн. Ойрын үед бид гаалийн улсын ахлах байцаагчаар
ажиллах хүмүүсийг сонгон шалгаруулна. Хамт олныхоо дунд шалгарсан, мэдлэг
чадвартай хүн ахлах байцаагч, мөн удирдах албан тушаалд дэвшин ажиллах
боломжийг нээлттэй, ил тод болгож өгнө.]
-Д.Оюунчимэг: Сахилгын хороог би ахалдаг. Бидний баримталж байгаа нэг
зарчим бол гаалийн байцаагч хяналт шалгалтын ажилдаа алдаа дутагдал гаргавал
шат шатны удирдлагад нь давхар арга хэмжээ авдаг механизм тогтоосон. Тэгж байж
сахилга батыг дээшлүүлэх асуудлаа шийдвэрлэж байна.
-Гаалийн хяналтын тоног төхөөрөмж сайн байх ёстой. Үүний хажуугаар гаалийн
байцаагчийн мэргэжлийн ур чадвар чухал. Хилээр бараа гаргах гэж байгаа хүнийг
хараад энэ хүний ийм ийм барааг шалга гэдэг ч юм уу. Манай гаальчдын ур чадвар
энэ тал дээр ямар вэ?
-Д.Довчинсүрэн: Манайхан энэ тал дээр хэнээс ч дутахгүй. Хяналтын тоног
төхөөрөмж хангалтгүй байгаа газруудад байцаагч мэдрэмжиндээ тулгуурлаж
ажилладаг. Нэг боомтод ажиллаж байхад байнга зорчдог иргэдээ мэддэг болчихдог
юм. Тэр хүн ямар бизнес эрхэлдэг, ямар зөрчил гаргах хандлагатай вэ гэх мэтийн
төсөөлөл байцаагч бүрт аяндаа бий болдог. Дэлхийн гаалийн байгууллагаас
эрсдэлийн менежмэнттэй холбоотой зөвлөмж гаргасан. Жишээ нь, хар тамхи биедээ
нуусан хүний гадаад төрхөнд нь ийм шинж илэрнэ гэх мэтийн шалгуур
үзүүлэлтүүд байгаа. Үүнийг бид ажилдаа ашиглаж ирлээ. Мэндлэхээс эхлээд л
нүдний харц, гар, хөл чичрэхээс авахуулаад асуудал эхэлнэ.
-Д.Цэвээнжав: Хууль бус үйл ажиллагааны эсрэг гаалийн авч буй арга
хэмжээ тодорхой нэг өрх гэрийн эрх ашгийг хөндөж байгаа. Хууль зөрчөөд ажлаас
халагдсан хүмүүсийн хорслоо тайлах гэсэн санаархалд хэвлэлийнхнийг битгий
автаач ээ гэж хэлмээр байна. Нийтийн эрх ашгийн үүднээс хандаж байгаа бол
бидэнтэй уулзаж хариу авч болно. Гаалийн байгууллагатай холбоотой хэн нэгний
хатгаасаар нийтэлсэн сонин интэрнэтийн мэдээллүүдийг албан ёсоор няцааж байна.
Цэвээнжав миний нэр төрд бүдүүлгээр халдаж гүтгэсэн материалийг мөн адил няцааж
байна. Сэтгүүлчид маань аливаа нэг мэдээлэлд сэтгэл хөдлөл, танил талаараа
хандахаа больж гагцхүү бодит баримтад тулгуурлан бичиж байхыг хүсье.
Тэмдэглэсэн Х.Болормаа, Э.Энхмаа